Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 2021/ДШМ/714

 

 

Б.З, Д.Г нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Эрдэнэчимэг,

шүүгдэгч, хохирогч Б.Згийн өмгөөлөгч О.Санчирбал,

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Дайрийжав даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 2021/ШЦТ/310 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Згийн өмгөөлөгч О.Санчирбалын гаргасан давж заалдах гомдлоор Б.З, Д.Г нарт холбогдох 2005022490139 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. ........................, 19...... оны ............. дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, засал чимэглэлчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 5, эх, дүү, хүүхдүүдийн хамт Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 19 дүгээр гудамжны 747 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:........../;

2. .........................., 19................. оны 6 дугаар сарын 29-ний өдөр Архангай аймгийн Тариат суманд төрсөн, 28 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, “Төгс титэм хаус” ХХК-д менежер ажилтай, ам бүл 4, эх, хүүхдүүдийн хамт Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн 11 дүгээр гудамжны 310 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:.................../;

Б.З нь 2020 оны 7 дугаар сарын 2-ноос 3-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хорооллын 54 дүгээр байрны 4 тоотод хохирогч Д.Ггийн үснээс нь зулгааж, гараараа болон хайруулын тавгаар толгой, нуруу, гуяан тус газар цохиж, биед нь зүүн хацрын нумын хугарал, дагзанд шарх, хүзүү, хоёр мөр, зүүн хацар, хоёр гуя, зүүн шилбэ, нуруу, баруун сарвуунд зулгаралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

Д.Г нь хохирогч Б.Згийн толгой тус газарт хайруулын тавгаар цохиж, баруун гуяан тус газарт хазаж, үснээс нь гараараа зулгааж түүний биед тархи доргилт, зулайн хуйханд няцарсан шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун гуянд шарх, нуруунд цус хуралт бүхийн хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Б.Згийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Д.Ггийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: ...........................г “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт, ........................г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцож, шүүгдэгч Б.Зг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.200.000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Д.Гг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, шүүгдэгч нар нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэж, Б.З, Д.Г нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүйг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Згаас Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар 1.367.600 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Гд олгож, хохирогч нар нь эмчилгээтэй холбогдох болон цаашид гарах бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн иш хэсэг хугархай гаднах өнгө нь шар, дотор өнгө нь хар, иш хэсэг нь хугарсан, ерөнхий байдал нь зууван хэлбэртэй хайруулын таваг нэг ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.З, Д.Г нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Згийн өмгөөлөгч О.Санчирбал давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 310 дугаартай шийтгэх тогтоолоор Б.Зг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, ял оногдуулсныг эс зөвшөөрч байна. Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д “Гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр”-ийг мөрдөн шалгах болон шүүхийн хэлэлцүүлэгт тогтоодог. Хэрэгт авагдсан баримтын хүрээнд Б.З нь Д.Ггийн биед хүндэвтэр хохирол санаатай учруулсан, Д.Ггийн биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэх тус тус гэмт хэргүүдийг ямар шалтгааны улмаас учруулсан эсэхийг мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогоогүй бөгөөд мөн анхан шатны шүүхээс шийтгэх тогтоолдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл, гэм буруугийн хэлбэр”-ийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тусгаагүй. Хэрэгт хохирогч, шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдэгдэх талаар өөр өөрөөр мэдүүлдэг бөгөөд хэрэгт ач холбогдолтой гэрч Зоригоо, Нямаа нарыг мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэг аваагүй нь гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцлийг тодруулж чадаагүй. Эрүүгийн хэрэгт 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс 2021 оны 2 дугаар сарын 17-ны өдөр хүртэл мөрдөн шалгах ажиллагааг явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.12 дугаар зүйлд заасан хугацааны дагуу явуулсан. Харин хавтас хэргийн 80-82, 94-95 дугаар талуудад 2021 оны 2 дугаар сарын 4-ний өдөр Д.Г, Б.З нарт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.13 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт хөнгөн гэмт хэргийн мөрдөн байцаалтыг 14 хоногт явуулахаар заасан. Тэгэхээр 2021 оны 2 дугаар сарын 4-нөөс 14 хоногийг тооцож үзвэл мөрдөн байцаалтын ажиллагаа 2021 оны 2 дугаар сарын 18-ны өдөр дууссан байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь процесс хуульд заасан үндэслэл журмын дагуу нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлэх хууль зүйн зохицуулалттай. Гэтэл мөрдөгч мөрдөн байцаалтын ажиллагааг 2021 оны 3 дугаар сарын 1-ний өдөр дуусгасан байгаа нь 2021 оны 2 дугаар сарын 18-ны өдрөөс 2021 оны 3 дугаар сарын 1-ний өдөр хүртэлх ажиллагаа нь мөрдөн байцаалтын хугацаа сунгасан тогтоолгүйгээр явуулсан нь процесс хуулийг ноцтой зөрчсөн байна. Мөрдөн байцаалтын хугацаа сунгасан тогтоолгүйгээр 2021 оны 2 дугаар сарын 26-ны өдөр яллагдагч Б.Зд эрх, үүрэг танилцуулж мэдүүлэг авсан /хх 85-88/, хэргийн материал танилцуулсан ажиллагаа /хх 194/, яллагдагч нарын хувийн байдлыг тогтоосон зэрэг ажиллагаа нь хууль зөрчиж, нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлсэн нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Хавтас хэргийн 80-82 дугаар талд Б.Зд холбогдуулан прокуророос эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.17 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “прокурор тогтоолын тодорхойлох хэсэгт тухайн хүнийг гэмт хэрэг үйлдсэн болохыг нотлох баримтын жагсаалт, нотлох баримт тус бүрд тусгагдсан мэдээллийн хэр хэмжээг тогтоож тусгана” гэж заасан. Гэтэл прокурор тогтоолдоо “Б.З нь 2020 оны 7 дугаар сарын 2-ноос 3-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 54 дүгээр байрны 4 тоотод хохирогч Д.Ггийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал хэрэгт цугларсан дараах нотлох баримтаар тогтоогдож байна” гэж дүгнэсэн атлаа тогтоолын тогтоох хэсэгтээ яллагдагчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсугай гэсэн нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргүүдийг буруу ойлгож хэрэглэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн зэрэг нөхцөл байдлууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасан хэргийг прокурорт буцаах үндэслэлтэй тул гомдлыг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү.” гэв.

Прокурор Д.Эрдэнэчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Б.Згийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Д.Ггийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Нотолбол зохих байдал нотлогдоогүй гэж шүүгдэгч Б.Згийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо дурдсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар хавтас хэрэгт авагдсан нотлох баримт, гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, энэ хуульд заасан гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцлийг хангасан гэж үзэж байна. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс гэрч нараас мэдүүлэг аваагүй гэж гомдолдоо дурдсан. Гэмт хэрэг гарах үед Б.З, Д.Г нар нь хоёулаа үлдсэн байдаг. Хамт байсан найз залуучуудаасаа болж үл ойлголцож, гэрч нар гарсны дараа гэмт хэрэг гардаг. Хохирогч Б.З “...Д.Ггийн найз залуу болон найз залуугийн найз гэх 2 залуу тэр 3 гэрээс гараад явсан байсан.” гэж мэдүүлсэн байдаг. Д.Г мэдүүлэгтээ “...манай найз залуу болон Зоригоо, Нямаа, Эрхэмжаргал нар гарсан байсан. Гэрт Б.З бид 2 байсан.” гэж мэдүүлсэн. Нэг хэрэгт хохирогч, шүүгдэгчээр явж байгаа боловч хууль сануулсан мэдүүлэгт зөрүүгүй мэдүүлсэн. Хэрэг 2020 оны 7 дугаар сарын 2-ны өдрөөс 3-нд шилжих шөнө болсон. Цагдаа дуудлага хүлээн авмагцаа хэргийн газарт үзлэг хийсэн. Хавтас хэргийн 13-14 дүгээр хуудсанд байгаа. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд гэмт хэрэг гарсан нутаг дэвсгэр, хаяг, дуудлага хүлээн авч, хуульд заасны дагуу хэргийн газрын үзлэг хийж эд мөрийн баримтаар хурааж авсан талаар тодорхой тусгасан. Мөн эд зүйлд үзлэг хийсэн талаар хавтас хэргийн 19-20 дугаар хуудсанд авагдсан. Шинжээч эмчийн 7850 дугаартай дүгнэлт гарсан. Хавтас хэргийн 68-70 дугаар хуудсанд байгаа. Хохирогч Д.Ггийн биед хүндэвтэр гэмтэл учирсан гэж дүгнэлт гарсан. 2020 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 7885 дугаартай шинжээчийн дүгнэлтээр Б.Згийн биед хөнгөн хохирол учирсан гэж дүгнэсэн. Яллагдагчаар татах тогтоолыг хэрэг бүртгэлтийн хэрэг нээснээс анх энэ гэмт хэрэг гарахад хүний биед хөнгөн хохирол учирсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулдаг. Шинжээчийн дүгнэлт гарсны дараа холбогдогч нарт шинжээчийн дүгнэлтийг үндэслэн яллагдагчаар татсан. Шүүгдэгч нарт яллагдагчаар татах тогтоолыг танилцуулснаар мөрдөн байцаалтын ажиллагаа эхэлдэг. Тухайн үед Ковид-19 цар тахал гарсантай холбогдуулан мөрдөн байцаалтын ажиллагааг хэвийн явуулахад хүндэтгэн үзэх шалтгаан нөхцөл гарсан байдаг. Иймд хавтас хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолтой холбогдуулан шүүгдэгч Б.Згийн өмгөөлөгч О.Санчирбалын гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудын хүрээнд тухайн хэргийн бүх ажиллагааг гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Б.З нь 2020 оны 7 дугаар сарын 2-ноос 3-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хорооллын 54 дүгээр байрны 4 тоотод хохирогч Д.Ггийн үснээс нь зулгааж, гараараа болон хайруулын тавгаар толгой, нуруу, гуяан тус газар цохиж, биед нь зүүн хацрын нумын хугарал, дагзанд шарх, хүзүү, хоёр мөр, зүүн хацар, хоёр гуя, зүүн шилбэ, нуруу, баруун сарвуунд зулгаралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

Д.Г нь хохирогч Б.Згийн толгой тус газарт хайруулын тавгаар цохиж, баруун гуяан тус газарт хазаж, үснээс нь гараараа зулгааж түүний биед тархи доргилт, зулайн хуйханд няцарсан шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун гуянд шарх, нуруунд цус хуралт бүхийн хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

Хохирогч Д.Ггийн “...Гэрт Б.З бид хоёр үлдсэн. Би ширээн дээр байсан юмаа цэгцлээд гал тогооны угаалтуурын тэнд юм цэвэрлэж байгаад Золзаяад хандан “миний найз одоо болио” гэсэн. Тэгтэл Б.З “битгий шаа” гэж хэлээд араас юм шидээд миний дагз хэсэгт оносон. Би эргэж хараад Золзаяаг үсдээд доош дарах үед миний толгойноос их хэмжээний цус урсаад толгой битүү цус болсон байсан. Дарж байх үед Б.З “за хөгшөөн болилоо тавьчих” гэж хэлэхээр нь би тавьсан. Б.З тэндээс босоод нойлын өрөөнд орж нэг хүн рүү залгаад “хайраа намайг хүмүүс хүчиндэх гээд байна” гэж яриад утсаа салгаад нойлын өрөөнөөс гарч ирээд “ёо пизда” гэж хэлээд ширээн дээр байсан зүйлүүдийг газраар хөглөрүүлж хайруулын таваг авч миний зүүн шанаа хэсэг рүү цохин гинжээр миний хоолойг боосон. Би хайруулын тавгийг нь түүнээс салган авч хана руу шидсэн. Тэгээд найз залуу Эрхэмжаргал руу залгаж дуудсан. Б.З бид хоёроос өөр хүний байгаагүй. ...Аяга авч миний араас шидэж дагз хэсэг рүү онох үед цус гарсан. Би эмнэлэгт очиж толгой хэсэгт оёдол тавиулсан. Миний зүүн шанаа хэсэг рүү хайруулын тавгаар мөн баруун мөр хэсэг рүү хайруулын тавгаар цохисон. Зүүсэн байсан гинжнээс татаж намайг боосон. ...” /1хх 54-55/ гэсэн мэдүүлэг,

хохирогч Б.Згийн “...Найз залуу нь гарсаны дараа Д.Г надад хандан “чи миний найз залууг хөөдөг хэн юм бэ” гээд миний үснээс зулгаагаад намайг доош нь дарах үед би газар сөхрөөд харилцан өөрийг нь зөрүүлж үсдээд дарсан. Тэгээд бид хоёр газар сөхөрч унаад хоёулаа үснээсээ зулгаалцаж байх үед Д.Г миний баруун гуяны дотор хэсгээс хазсан. Би салгаад гуяа хараад сууж байх үед Д.Г дахин үсдэх үед би нүүрээ гар хэсгээрээ хамгаалан доошоо хараад сууж байх үед хатуу зүйлээр миний толгойн баруун, зүүн хэсэг болон нуруу бөөр рүү цохисон. Цохисон зүйлийг нь сүүлд харахад дунд зэргийн хэмжээтэй бор хүрэн өнгийн хайруулын таваг байсан. Д.Г миний дээрээс хатуу зүйлээр цохиод байхаар нь би хойш нь түлхсэн. Түлхэх үед Д.Г дагзаараа савж унасан. Юун дээр унасан болохыг би хараагүй. Тэгээд унах үед нь би цагдаа дуудах гээд утсаа авахаар гүйх үед барьж байсан хайруулын тавгаа над руу шидсэн. Шидэх үед нь би бултсан. Хайруулын таваг нь хананд савагдаад газар унасан. ...Хайруулын тавгаар миний толгойн баруун болон зүүн, нуруу, бөөр хэсэгт цохисон. Бас миний баруун гуяны дотор талаас хазсан. Д.Г үснээс зулгаах үед би хариу үсэдсэн. Хатуу зүйлээр зодоод байхаар нь би түлхсэн чинь дагз хэсгээрээ саваад унасан. ...” /1хх 61-62/ гэсэн мэдүүлэг,

гэрч Э.Эрхэмжаргалын “...05 цаг 25 минутын үед манай найз охин Д.Г над руу залгаад “Золоо намайг зодоод гэрээр дүүрэн цус болгочихлоо, хүрээд ир” гэсэн. Орж ирэхэд хоёулаа цус болчихсон Гачирмаа согтолт нь гайгүй, Золоо нь согтуу байсан. ...” /1хх 57-58/ гэсэн мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 7885 дугаартай “...Б.Згийн биед тархи доргилт, зулайн хуйханд няцарсан шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун гуянд шарх, зөөлөн эдийн няцрал, нуруунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэгээс дээш удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. ...” /1хх 64-65/ гэх дүгнэлт,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 7850 дугаартай “...Д.Ггийн биед зүүн хацрын нумын хугарал, дагзанд шарх, хүзүү, хоёр мөр, зүүн хацар, хоёр гуя, зүүн шилбэ, нуруу, баруун сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ...” /1хх 70-71/ гэх дүгнэлт,

хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 13-16/, эд зүйлд үзлэг хийсэн /...хэргийн газраас хурааж авсан иш хэсэг нь хугархай 1 ширхэг хайруулын таваг нь гаднах өнгө нь шар, дотор өнгө нь хар , иш хэсэг нь хугарсан, тавагны ерөнхий байдал зууван болсон... гэх/ тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 19-20/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад нотлох баримтад үндэслэн, шүүгдэгч Б.Зг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Д.Гг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Б.З, Д.Г нарын согтуугаар 2020 оны 7 дугаар сарын 2-ноос 3-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хорооллын 54 дүгээр байрны 4 тоотод маргалдан харилцан зодолдож, шүүгдэгч Б.З нь хохирогч Д.Ггийн биед хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Д.Г нь хохирогч Б.Згийн биед хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг, учруулсан хохирол, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл зэргийг харгалзан шүүгдэгч Б.Зд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.200.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Д.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулсан нь тэдний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцжээ.

Шүүгдэгч Б.Згийн өмгөөлөгч О.Санчирбал “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг прокурорт буцааж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Тухайн гэмт хэрэг үйлдэгдэх цаг хугацаанд хохирогч Б.З, Д.Г нараас өөр хүн байгаагүй бөгөөд хохирогч Б.Згийн “...Найз залуу нь гарсаны дараа Д.Г надад хандан “чи миний найз залууг хөөдөг хэн юм бэ” гээд миний үснээс зулгаагаад намайг доош нь дарах үед би газар сөхрөөд харилцан өөрийг нь зөрүүлж үсдээд дарсан...” гэх,

хохирогч Д.Ггийн “...Гэрт Б.З бид хоёр үлдсэн. Би ширээн дээр байсан юмаа цэгцлээд гал тогооны угаалтуурын тэнд юм цэвэрлэж байгаад Золзаяад хандан “миний найз одоо болио” гэсэн. Тэгтэл Б.З “битгий шаа” гэж хэлээд араас юм шидээд миний дагз хэсэгт оносон...” гэх мэдүүлгүүдээр гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцлийг дахин тогтоох шаардлагагүй байна.

Хавтаст хэргээс үзэхэд, мөрдөгчийн хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, нотлох баримтуудыг шинжлэн судлах, бусад нотлох баримтын эх сурвалжтай харьцуулж, шүүгдэгчийн гэм буруу, гэмт хэрэг үйлдэгдсэн газар, цаг хугацаа, арга, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, нөхцөл байдлын талаар хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлтүүд зэрэг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтуудыг бүхэлд нь үнэлж хэргийн бодит байдлыг тогтоосон байх бөгөөд дахин энэ хэрэгт шалгавал зохих байдлууд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах хуулийн үндэслэлгүй байна.

Давж заалдах шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталж, 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчилжээ.

2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт, 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт 2015 оны Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийг 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө тус хуульд тусгайлан зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлэхээр хуульчилсан бөгөөд шүүгдэгч Б.Згийн үйлдсэн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах, шүүгдэгч Д.Ггийн үйлдсэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргүүд нь Өршөөлийн тухай хуулийн үйлчлэлд хамаарч байна.

Гэвч Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “...ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан ...гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна” гэж, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.10-т “...шүүгдэгч гэм буруугийн асуудлаар маргавал шүүх хэргийг хуульд заасан ердийн журмаар хянан хэлэлцэж, гэм буруутай эсэхийг шийдвэрлэсний дараа уг хуулийг хэрэглэнэ” гэж тодорхой шаардлага, нөхцөлийг хуульчилсан байх ба шүүгдэгч Б.З, Д.Г нар нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн баримт хавтас хэрэгт авагдаагүй, дээрх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул шүүгдэгч Б.З, Д.Г нарыг Өршөөл үзүүлэх тухай хуульд тус тус хамааруулах боломжгүй байгааг дурдах нь зүйтэй.

Иймд, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 2021/ШЦТ/310 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Згийн өмгөөлөгч О.Санчирбалын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 2021/ШЦТ/310 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Згийн өмгөөлөгч О.Санчирбалын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                            М.АЛДАР        

ШҮҮГЧ                                                            Т.ӨСӨХБАЯР

                        ШҮҮГЧ                                                            Д.МӨНХӨӨ