| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярсайханы Ундраа |
| Хэргийн индекс | 101/2023/02586/И |
| Дугаар | 101/шш2023/03709 |
| Огноо | 2023-08-18 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 08 сарын 18 өдөр
Дугаар 101/шш2023/03709
2023 00 00 101/ШШ2023/00000
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ...-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, ....-д холбогдох
396,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Л...., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Батзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... овогтой ... миний бие 2022 оны 8 сарын 08-ны өдөр 3 сарын хугацаатай йогийн хичээлд хамрагдахаар Фэйсбүүкийн пэйж хуудаснаа оруулсан пост зарын дагүу 396000 төгрөгийг хаан банкны ... нэрийн ... тоот дансанд шилжүүлснээр бүртгэлээ баталгаажуулсан бөгөөд 2022 оны 9 сараас хичээл эхлэх хуваарьтай байсан ч хүн дүүрсэн шалтгаанаар 2 долоо хоног хойшилж эхэлсэн. Гэвч сургалт цагтаа тогтмол бүрэн оролгүй цоожтой хаалга мөргөх тохиолдол цөөнгүй байсан ба лавлаж асуухаар гэнэт хөдөө явах ажил гарсан, өвдсөн, хүүхдээ хөдөөнөөс авчрах шаардлагатай болсон түлхүүрээ олоогуй гэх шалтгаануүд хэлж байсан ба 10 сарын дундуур эрүүл мэндийн шалтгаанаар цаашид үргэлжлүүлэн ажиллах боломжгүй болсон 11 сарын 01-нээс үргэлжлүүлэн ажиллах багшийн хичээлд хуучин хуваарийн дагуу ороорой, багш нь хэлээд өгнө гэж зурвас ирүүлсэн. Гэтэл товлосон хугацаа болоход хэнч холбогдоогүй бөгөөд холбогдох утасны дугаарыг нь лавлахад өгөөгүй. 2 удаа цагийн хуваарийн дагуу хичээлийн байрандочсон ч хаалга нь түгжээтэй байсан ба Ш.... багшаас цаашид итгэж хүлээх боломжгүй гэдгээ мөн төлбөрөө буцааж авах талаар зурвас илгээсэн, хариу нь дансны дугаараа явуулаарай гэсэн байхаар нь дахин итгэж хүлээсээр байсан боловч сүүлдээ утас нь ч холбогдохоо больсон ба пэйж хуудсаа устгасныг олж мэдсэн. Тиймээс ... овогтой ...гаас 396000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл эс зөвшөөрсөн хариу тайлбарыг шүүхэд гаргаагүй.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.... нь хариуцагч Ш....д холбогдуулан гэрээнээс татгалзаж 396,000 төгрөг буцаан гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох хэргийн оролцогчийн эрх, үүрэгтэй танилцсан, нэхэмжлэлийн хувийг шүүхээс гардаж авсан боловч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл эс зөвшөөрсөн хариу тайлбарыг шүүхэд гаргаагүй.
Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч нь 2022 оны 8 сарын 08-ны өдөр 3 сарын хугацаатай йогийн хичээлд хамрагдахаар Фэйсбүүкийн пэйж хуудаснаа оруулсан зарын дагүу хариуцагч Ш....тай харилцаж, йогийн хичлээний төлбөр 396,000 төгрөгийг ... эзэмшдэг Хаан банк дахь ... тоот дансанд шилжүүлсэн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Л....гийн эзэмшдэг Голомт банкны ... дугаартай дансны хуулга зэргээр тогтоогдов.
Дээрх хэлцэл нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах хэлцлийн шинжийг агуулж байх бөгөөд хариуцагч нь нэхэмжлэгчид хэлэлцэн тохиролцсон үйлчилгээг үзүүлэх үүрэг хүлээнэ.
Хариуцагчийн тухайд дээрх үүргээ биелүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул гэрээнээс татгалзсан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй., мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй. гэж тус тус зааснаар, гэрээнээс татгалзах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.
Хариуцагч нь шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэх шалтгаангүйгээр шүүхэд хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг хэлэлцэж шийдвэрлэснийг дурьдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1-д тус тус заасныг баримтлан, хариуцагч Ш....гаас 396,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л....д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар, улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 12,960 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш....гаас улсын тэмдэгтийн хураамж 12,960 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л....д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА