| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярсайханы Ундраа |
| Хэргийн индекс | 101/2022/06093/И |
| Дугаар | 101/ШШ2023/01869 |
| Огноо | 2023-04-12 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 04 сарын 12 өдөр
Дугаар 101/ШШ2023/01869
2023 04 12 101/ШШ2023/01869
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: С ХХК -ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.Э,
Хариуцагч: Ч.П нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 21,117,960 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Л, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Э нь С ББСБ-тай 2017 оны 5 сарын 11-ний өдөр 6666666 тоот зээлийн гэрээ байгуулан 8,200,000 төгрөгийг 18 сарын хугацаатай 1 сарын 3.8 хувийн хүүтэй зээлсэн.
Б.Э 2017 оны 7 сарын 25-ны өдөр 779,000 төгрөг, 2018 оны 01 сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2018 оны 4 сарын 09-ний өдөр 500,000 төгрөг, 2018 оны 6 сарын 14-ний өдөр 500,000 төгрөг, 2018 оны 7 сарын 23-ны өдөр 500,000, 2018 оны 11 сарын 02-ны өдөр 1,000,000 төгрөг, 2018 оны 12 сарын 07-ны өдөр 1,000,000 төгрөг, 2019 оны 02 сарын 21-ний өдөр 1,200,000 төгрөг, 2019 оны 11 сарын 25-ны өдөр 1,500,000 төгрөгийн нийт 7,479,000 төгрөгийн төлөлт хийсэн байдаг.
Үүнээс хойш ямар нэгэн төлөлт хийгээгүй бөгөөд зээлийн эргэн төлөлтийн хугацаа 2018 оны 11 сарын 11 -ний өдөр дууссан.
Бидний зүгээс удаа дараа гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардаж ирсэн хэдий ч тус шаардлагуудыг хүлээж аваагүй учир 2017 оны 05 сарын 11-ний өдрийн 666666 тоот Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ-ний холбогдох заалтын дагуу 2019 оны 11 сарын 25-ны өдөр зээлийн барьцаа хөрөнгө болох 4444444 УНК улсын дугаартай тоёото приус 20 маркын автомашиньи хураан авч акт үйлдсэн байдаг. Тухайн тээврийн хэрэгсэлд 2020 оны 01 сарын 08-ны өдөр А ХХК-иар автомашины техникийн үнэлгээг хийлгэсэн ба тус үнэлгээгээр 2020 оны 01 сарын 08-ны өдрийн байдлаар 7,500,000 /долоон сая таван зуун мянга/ төгрөгийн зах зээлийн үнэлгээтэй гэж тогтоосон.
Зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.5-т Зээлийн гэрээнд заасан хугацаа дууссан нь хугацаа хэтэрсэн зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй байх үндэслэл болохгүй мөн гэрээнии 2.7-д зээлдэгч энэхүү гэрээнии хавсралт № 1-д заасан эргэн төлөх графрикт хугацаанд зээл зээлийн хүүний төлбөрийг төлж барагдуулаагүй бол зээл төлөгдөх хуваарът өдрийн дараах өдрөөс эхлэн энэхүү гэрээний 2.1.3-д заасан зээлийн хүүг үргэлжлүүлэн төлөхөөс гадна 2.1.3-д заасан үндсэн хүүний 20%-тай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг зээл эргэн төлөлтийг графикт хугацаанд нийлүүлэх хуртэл хугацаанд төлөхөөр талууд харилцан тохиролцов гэж заасны дагуу 2022 оны 09 сарын 15-ны өдрийн байдлаар дараах үндсэн зээл, зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл төлбөртэй байсан. Үндсэн зээлийн үлдэгдэл: 8,200,000 төгрөг; Үндсэн хүүгийн үлдэгдэл: 11,324,901 төгрөг; Нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл: 1,593,059 төгрөг.
Нийт үлдэгдэл-21,117,960 төгрөгөөс авмашины зах зээлийн үнэлгээ болох-7,500,000 төгрөгийг хасаад 13,617,960 төгрөг болж байна.
Зээл, зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт нийт 13,617,960 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байсан.
Тус нэхэмжлэлд авто тээврийн хэрэгсэлийг 4444444УНК улсын дугаартай тоёотой приус 20 маркын тээврийн хэрэгслийг 7,500,000 төгрөгөөр тооцож нэхэмжлэлийн дүнгээс хасан тооцсон нь нэхэмжлэж тооцооллын алдаа гаргасан байна.
Нэхэмжлэгч нь тээврийн хэрэгсэлийг хадгалж, хамгаалж байгаа бөгөөд хариуцагч нь гэрээний үүргээ биелүүлсэн тохиолдолд тээврийн хэрэгслийг буцаан өгөх хүсэлтэй байна.
Иймд үндсэн нэхэмжлэлийн шаардлыг 7,500,000 төгрөгөөр нэмэгдүүлж нийт 21,117,960 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.
Хариуцагч Ч.Пгээс татгалзаж байна гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлийн болон фидуцийн гэрээнд Ч.П гэх хүн ямар ч хамааралгүй этгээд учраас хамтран хариуцагчаар татагдах хууль зүйн үндэслэл байхгүй тул түүнд холбоотой хэсгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Хариуцагч Б.Эын хувьд, нэхэмжлэгч талтай 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр 18 сарын хугацаатай буюу 2018 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийг дуустал зээлийн болон фидуцийн гэрээ байгуулаад тухайн гэрээний зүйл нь 44444444УНК улсын дугаартай авто машин байдаг. Талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээд зээлийн эргэн төлөх графикийн дагуу зээлийн гэрээний хугацаагаар Б.Э нь үндсэн зээл 8,200,000 төгрөг хүүнд 3,648,563 төгрөг нийтдээ 11,848,563 төгрөг төлөхөөр тохирсон байдаг. Гэрээний хугацаанд зээлдэгчийн гэрээтэй холбоотой нийт 7,479,000 төгрөгийг төлсөн. Зээлдэгч нь төлбөрөө зохих ёсоор биелүүлээгүй учраас нэхэмжлэгч талаас фидуцийн гэрээгээр Иргэний хуульд заасны дагуу нэхэмжлэгч талын өмчлөлд шилжсэн. 44444444УНК улсын дугаартай авто машиныг хурааж авсан. Фидуцийн гэрээний 3.1, 3.2 дахь хэсэгт заасны дагуу акт үйлдсэн байдлаар хурааж авсан байдаг. Машиныг 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хурааж авсан. Хурааж авахдаа машиныг чинь хурааж аваад, манай өмчлөл учраас фидуцийн гэрээний дагуу манайх шууд худалдан борлуулаад төлбөртэй тооцож аваад зээлийн харилцаа дуусна. Зээлийн харилцаа дуусахад 1,500,000 төгрөгийн үлдэгдэл үлдэж байна. Үүнийг төлөөд бүх харилцаа дууслаа гэж хэлээд Б.Эаас 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 1,500,000 төлсөн байгаа нь нэхэмжлэгч талаас гаргаж өсгөн тооцоолол авагдсан байгаа. Нэхэмжлэгч тал фидуцийн гэрээний дагуу барьцаа хөрөнгөө хурааж аваад С ХХК-ийн өмчлөлд байгаа гэдэг нь шинээр гаргаж өгсөн баримтаар харагдаж байна. Тэгэхээр өөрийнхөө өмчийг зээлийн гэрээний барьцаанд өглөө. Иймд зээлийн гэрээний үүргийн харилцаа дуусаж байгаа юм. Гэтэл фидуцийн гэрээний 3.1 дэх хэсэгт зааснаар фидуцийн зүйлийг хурааж аваад үүргээ зөрчсөн тохиолдолд зөрчлөө арилгахыг шаардсан албан бичгүүд хүргүүлэх бөгөөд тухайн хугацаанд зөрчлөө арилгаагүй бол банк бус санхүүгийн байгууллага фидуцийн зүйлийг хураан аваад бусад иргэн хуулийн этгээдэд худалдан борлуулж, худалдан борлуулсан нийт үнийн дүнгээс шаардлагаа хангуулна гэж заасан байгаа. Тэгэхээр фидуцийн гэрээний дагуу машиныг хангалттай худалдан борлуулаад энэ хүний зээлийг хаах хэмжээний эрх нь С ХХК-д байсан. 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хурааж аваад нэхэмжлэгч тал унаж ашиглаж байсан гэдэг нь хариуцагчийн тайлбараар нотлогддог. Зун Архангай явж байхад нь банк бус санхүүгийн байгууллагын ажилтнууд унаад явж байсан. С ХХК машиныг хурааж авснаас хойш энэ дугаарын авто машин дээр бүртгэгдсэн байдаг. Нэхэмжлэгч тал энэ машиныг ашиглаад элэгдэл хорогдлыг тулсан хэмжээнд хүргээд, акт үйлдэж хурааж авснаас хойш жилийн дараа 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 7,500,000 төгрөгийн үнэлгээг хэрэгт хавсаргасан байгаа. Тэгэхээр элэгдэл хорогдолтой болтол нь машиныг ашиглаад жилийн дараа 7,500,000 төгрөгөөр үнэлүүлсэн нь барьцаа хөрөнгийн үнэлгээг илтэд бууруулж байгаа юм. Фидуцийн зээлийн гэрээний харилцаа дууссан байхад нэмэгдүүлсэн хүүгээ тооцоод яваад байдаг. Нэхэмжлэл гаргах хугацаанд буюу 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл тооцсон байгаа. Дууссан харилцааг хүүнд тооцоод шаардаад байгаа нь хууль бус асуудал юм. Хоёрдугаарт Иргэний хуульд зааснаар зээлийн гэрээний хүүг зээлийн гэрээний хугацаанд тооцно гэж байгаа. Энэ зээлийн гэрээг сунгасан юм уу, ямар нэг байдлаар үргэлжлүүлсэн харилцаа байхгүй. Тэгэхээр зээлийн гэрээний хугацаа 2018 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр дууссан байхад үүнээс хойш хүүг бодоод байдаг. Энэ нь мөн хууль бус байна. Гэрээний хугацаа 2018 онд дуусаад жилийн дараа дахин хүүгээ бодож яваад 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүүг тооцсон хэмжээг машиныг хурааж аваад машиныг хурааж авснаас хүүг зогсоохгүй дахин дахин хүү нь бодогдоод байдаг. Ийм үндэслэлгүй нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаад хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Хавтас хэрэгт авагдсан байгаа нэхэмжлэгчийн эрх зүйн байдал тодорхой бус байна. Нэхэмжлэгч талын гаргаж өгсөн улсын бүртгэлийн гэрчилгээг харахаар С ХХК нь хуулийн этгээдийн тухай үйл ажиллагаа явуулах хугацааг нь гэрчилгээн дээр заагаад өгсөн байна. Энэ гэрчилгээг харвал хавтас хэргийн 7 дахь талд авагдсан байна. 2012 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс 2015 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл 3 жилийн хугацаатай үйл ажиллагаа явуулах гэрчилгээ харагдаж байна. Ар талд нь сунгалт харагдахгүй. Гэхдээ 2022 оны өөрчлөлтүүд яваад байдаг. Тэгэхээр энэ нь тодорхой бус байна. Одоо 2023 оны 4 сар гарсан байхад үүнийгээ тодруулсан зүйл байхгүй. Монгол Улсын санхүүгийн зохицуулах хорооноос банк бус санхүүгийн байгууллагад зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгосны үндсэн дээр зээлийн үйл ажиллагаа явуулах эрх зээлдэгчид мөнгө олгох, түүнээсээ хүү тооцох гэх мэт цаашдын үр дагавар байдаг. Гэтэл тусгай зөвшөөрлийн гэрчилгээг нь хавсаргаж өгөхийг нь харах юм бол 2012 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн огноотой. Тэгэхээр энэ банк бус санхүүгийн байгууллагыг Б.Э зээл өгөх 2017 он болон өнөөдрийг хүртэл зээлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй хүү нэхэмжилж шаардах эрх байгаа эсэх нь тодорхой бус байна. Тусгай зөвшөөрлийн хамт хавсралт байдаг. Сунгалт байвал сунгасан хавсралт, сунгалт байхгүй бол үйл ажиллагаа эрхлэх хугацааг нь тодорхойлж өгсөн сунгалт байдаг. Тэгэхээр хэрэгт авагдсан тусгай зөвшөөрлийг харахаар ямар нэгэн хавсралт байхгүй байгаа нь 2012 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр нэхэмжлэгч талын зээл олгох үйл ажиллагаа нь тусгай зөвшөөрөл нь цуцлагдсан байна гэж харахаар байна. Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна. Б.Э нь 7,479,000 төгрөг төлсөн байгаа. Гэрээнд зааснаар 11,848,563 төгрөгийг төлөх ёстой. Энэ хоёрын зөрүүг хараад үзэхээр 4,369,563 төгрөгийн зөрүү үлдээд зээлдэгч Б.Э төлөх ёстой. Гэтэл 2019 онд машин хурааж аваад тухайн үеийн үнэлгээ нь 10,000,000 төгрөг байсан. Гэтэл жил гаран ашиглаад жилийн дараа үнэлүүлсэн үнэлгээ нь 7,500,000 төгрөг гэж гарсан. Ингээд бодохоор хариуцагч тал эргээд 3,130,437 төгрөгийг нэхэмжлэгч талаас нэхэмжлэх эрхтэй байна гэж харагдаж байгаа. Үүнийг хариуцагч тал сөрөг нэхэмжлэл гаргаад шийдүүлэх боломжтой гээд ярьж байсан. Гэхдээ өнөөдрийн байдлаар гаргаагүй байна. Тийм учраас нэхэмжлэлийн эрх зүйн байдал тодорхойгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна гэв.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд: нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нэхэмжлэгчээс Б.Мд олгосон 2022.09.23№55555555 дугаартай итгэмжлэл, С ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, С ХХК болон Б.Э нарын хооронд 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр байгуулагдсан 6666666 дугаартай Зээлийн гэрээ болон Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ, зээл төлөлтийн дансны хуулга, Б.Эаас С ХХК-д 2017.05.11, 2018.10.22 өдөр гаргасан өргөдөл, 2018.11.15 өдөр автомашин хүлээлцсэн акт, 555555555УНК улсын дугаартай, хар өнгийн Приус-20 маркийн автомашины фото зураг, Ашид билгүүн ХХК-ийн 2020.01.08- өдрийн Автомашины техникийн үнэлгээний тайлан, хариуцагч Б.Эаас П.Гт олгосон 2022.10.21 өдрийн итгэмжлэл, нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлага, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хамтран хариуцагчаар Ч.Пг оролцуулах тухай нэхэмжлэгчийн хүсэлт, хариуцагч Ч.П нь нэхэмжлэлийн хувийг шүүхээс гардаж авахаас таталзсан, эрх үүрэг танилцуулсан, нөлөөллийн мэдүүлгийн талаар танилцуулсан баримт, хэргийн материал танилцуулсан баримтад гарын үсэг зурахаас татгалзсан тухай шүүгчийн туслахын үйлдсэн тэмдэглэл, хариуцагч Ч.Пгээс П.Гт 2023.04.12 өдөр олгосон итгэмжлэл, 4444444 УНК улсын дугаартай тээврийн хэрэгсийн өмчлөгчийн тухай Автотээврийн үндэсний төвйн лавлагаа, хариуцагч Ч.Пгээс татгалзах тухай нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мгийн хүсэлт;
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч С ХХК нь хариуцагч Б.Э, Ч.П нарт холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт 21,117,960 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд хэргийг хэлэлцэх шүүх хуралдаанд хариуцагч Ч.Пгээс татгалзсан.
2. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.
3. Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.
4. С ХХК болон Б.Э нарын хооронд 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр 6666666 дугаартай Зээлийн гэрээ болон Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээг тус тус байгуулж, 8,200,000 төгрөгийг 6 сарын хугацаатай буюу 2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл хугацаатай, 1 сарын 3.8 хувийн хүүтэй, зээл, хүү хугацаандаа төлөгдөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү төлүүлэхээр зээлдүүлж, зээлдэгч нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 44444444УНК УНК улсын дугаартай тоёота приус маркийн автомашиныг зээлдүүлэгчийн өмчлөлд шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан зээлийн болон фидуцийн гэрээ, тус автомашины өмчлөгчөөр С ХХК бүртгэлтэй тухай Авто тээврийн үндэсний төвийн лавлагаа зэргээр тогтоогдож байна.
5. Зээлдэгч Б.Э дээрх зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс зээлдүүлэгч нь зээлийн гэрээний үүрэгт 21,117,960 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.
6. Талууд дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор Иргэний хуулийн 55555555 зүйлийн 55555555.1-д зааснаар фидуцийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээ нь хуульд нийцсэн, хүчин төгөлдөр байна.
7. Иргэний хуулийн 55555555 дугаар зүйлийн 55555555.1-д зааснаар, үүрэг хүлээсэн этгээд нь мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг хүлээгч үндсэн үүргээ хугацаандаа гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.
8. Дээр дурдсанаар, үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор өмчлөх эрхийг түр зуурын хугацаанд шилжүүлэхдээ талуудын тохиролцсон гэрээний хугацаанд түр шилжүүлнэ. Гэхдээ үүрэг гүйцэтгэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ гэрээнд заасан хугацаанд биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийн баталгаа болж түр шилжүүлэгдсэн эд хөрөнгө нь үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд бүрмөсөн шилжинэ.
9. Хариуцагч Б.Э зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүйгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шилжүүлэгдсэн эд хөрөнгийн өмчлөх эрх нэхэмжлэгч С ХХК-д нэгэнт шилжсэн тул зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөр, хүү, алданги тооцож мөнгө гаргуулахаар шаардах боломжгүй гэж үзнэ.
10. Иймд зээлдэгч Б.Эаас зээлийн гэрээний үүргийг гүйцэтгүүлж, мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
11. Нэхэмжлэгч тал фидуцийн зүйл болох 4444444УНКулсын дугаартай Тоёота приус маркийн автомашиныг зээлийн төлбөрийг барагдуулах хэмжээнд үнэлэгдэхээргүй гэж маргаж байх боловч талууд Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээг байгуулахдаа, тухайн автомашины үнэлгээг 10,300,000 төгрөг байхаар харилцан тохиролцож гэрээнд тусгасан, Иргэний хуулийн 55555555 дугаар зүйлийн 55555555.2-т зааснаар автомашиныг зээлдэгч ашиглах эрхтэй байхаар тохиролцсон, зээлийн гэрээний хугацаанд автомашиныг эзэмшиж байсан зээлдэгч зээлээ төлөөгүйгээс тухайн автомашиныг зээлдүүлэгч өөрийн эзэмшилдээ авсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдож байх тул автомашиныг хүлээн авснаас хойшхи асуудлыг хүлээн авсан тал өмчлөгчийн хувиар, өөрөө хариуцах үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 106 дугаар зүйлийн 106.5, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 55555555 дүгээр зүйлийн 55555555.1-д заасныг баримтлан, хариуцагч Б.Эаас зээлийн гэрээний үүрэгт 21,117,960 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч С ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар, нэхэмжлэгч С ХХК нь хариуцагч Ч.Пгээс татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн төлсөн 360,989 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг танилцуулсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА