Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 101/шш2023/03644

 

 

2023 00 00 101/ШШ2023/00000

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ...ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, ...-д холбогдох

 

Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахыг даалгах, алданги 7,786,800 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б...., Ю...., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б...., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н...., гуравдагч этгээдийн өгөөлөгч Э...., гэрч С.... цахимаар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Батзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: О.... нь 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр ... ХХК-тай Орон сууц захиалгын гэрээ-г байгуулсан. Энэхүү гэрээгээр хариуцагч нь Баянзүрх дүүргийн .. м.кв бүхий орон сууцыг барьж, Захиалагч буюу О....д 2020 оны 3 дугаар сарын 3 дугаар улиралд багтаан ашиглалтад оруулж хүлээлгэн өгөх байсан. Тухайн орон сууц нь гэрээнд заагдсан хугацаанд ашиглалтанд ороогүй.

О.... гэрээний үнэ болох 126,885,000 төгрөгийг гэрээнд заасан хуваарийн дагуу 100 хувь төлж барагдуулсан. Өөрөөр хэлбэл, гэрээгээр хүлээсэн үүргээ зохихжурмын дагуу гүйцэтгэсэн. Гэтэл хариуцагч компани нь барилгыг барьж гүйцэтгээд дууссаны дараа ямар ч үндэслэлгүйгээр зохигчдын хооронд байгуулсан гэрээг цуцалж нэхэмжлэгчийн төлсөн 126,885,000 төгрөгийг нэхэмжлэгчийн зөвшөөрөлгүйгээр дансруу шилжүүлж орон сууцыг хүлээлгэн өгөх, өмчлөх эрхийг олгохоос татгалзсан.

Миний зүгээс гэрээнд заасан үүргийг ямар нэгэн байдлаар зөрчөөгүй бөгөөд хуваарийн дагуу төлөлтийг бүрэн төлж гүйцэтгэсэн. Орон сууц ашиглалтанд ороод түлхүүр гардуулах үйл ажиллагаа болонгуут гэнэт орон сууцны үнэ өссөн гэж хэлээд зөрүүг төлж орон сууцны түлхүүрийг гардан ав гэсэн нь хууль зөрчсөн гэж үзэж байгаа бөгөөд хүлээн зөвшөөрөх боломжгуй юм.

Ингэхдээ Иргэний хуулийн дагуу гэрээг цуцлах, гэрээнээс татгалзах болон гэрээний үнэ нэмэгдүүлсэн тухай ямар ч үндэслэл бүхий мэдэгдпийг бичгээр болон амаар ирүүлээгүй болно.

2020 оны 4 сарын 13-ний өдөр байгуулсан Орон сууцны захиалгын гэрээ-ний дагуу захиалагч О.... нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчөөгүй, гэрээнээс татгалзах үндэслэл бий болоогүй байх тул маргаан бүхий орон сууцны өмчлөгч болохыг тогтоолгож, түлхүүрийг гардуулан өгөх, өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахыг даалгуулж өгнө үү.

Гэрээний үнэ болох нийт 126,885,000 төгрөгөөс 84,000,000 төгрөгийг гэрээний хавсралтанд заасан хуваарийн дагуу төлсөн. Хариуцагч компани нь орон сууцны түлхүүр ав гэж 2021 оны 12 сарын 11-ний өдөр дуудсан ба захиалагчийн төлөөлөгч С.... очиход байрны үнэ нэмэгдсэн тул гэрээгээ шинэчил эсхүл цуцал гэх шаардлага тавьсан. Уг шаардлагыг зөвшөөрөхгүй болохоор гэрээний хувийг урж, дээрэнгүй хандсан.

Гэрээний 8.2-т Гэрээнд талууд харилцан тохиролцож, харилцан тохиролцоог бичгээр үйлдсэнээр нэмэлт, өөрчлөлт оруулж болно гэснийг хариуцагч зөрчсөн. Үүний дараа орон сууцны төлбөрт төлсөн 84,000,000 төгрөгийг буцаан шилжүүлж орон сууц хүлээлгэн өгөхөөс татгалзсан.

Нэхэмжлэгч түүний төлөөлөгч нар хариуцагч компанитай хэд хэдэн удаагийн уулзалт, гуйлт, албан бичиг, төлбөрийг буцаан шилжүүлсэн зэргээр гэрээний харилцааг хэвийн үргэлжпүүлэх хүсэлтээ илэрхийлсэн.

Захиалагчийн зүгээс гэрээнээс татгалзах эсхүл цуцлахаар хэмжээний ноцтой зөрчил гаргаагүй байхад гэрээг цуцлах болсон нь ямар ч үндэслэлгүй байна.

Ингээд 2021 оны 12 сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүхэд хандсан үеэс эхлэн хариуцагч талаас санаатай хугацаа сунган, хэргийг сунжруулсаар байна. өнөөг хүртэл захиалагч талын буруугаас болж байрандаа орж чадаагүй байна.

Иймд гэрээний 5.1.9-т Орон сууцыг товлосон хугацаанаас 60 хоногоор хойшлуулсан тохиолдолд хэтэрсэн хоног тутамд төлсөн үнийн дүнгийн 0.01 хувийн алданги тооцож Захиалагч талд олгоно. гэсний дагуу алданги тооцож авах хүсэлтэй байна.

Орон сууцны төлбөрт 84,000,000 төгрөг төлсөн бөгөөд хугацаа хэтэрсэн хоног тутамд 84,000,000*0.01/100=8,400 төгрөгийн алданги бодогдоно.

2022 оны 4 сарын 13-ны өдөр ... тоот Орон сууц захиалгын гэрээ- ний 4.1-т заасны дагуу ... ХХК нь 2020 оны 3 улиралд Орон сууцыг ашиглалтанд оруулж хүлээлгэн өгөх ёстой.

Мөн гэрээний 5.1.9-т Товлосон хугацаанаас 60 хоног хэтэрсэн тохиолдолд алданги тооцож эхэлнэ гэж заасан тул 2020 оны 12 сарын 01-с 2023 оны 06 сарын 16-нийг хүртэл 927 өдөр байх бөгөөд хугацаа хэтэрсэн нэг хоногийн алданги нь 84,000,000*0.01/100=8,400 төгрөг байх ба нийт алдангийн хэмжээ нь 8.400*927=7.786.800 төгрөг болно.

Иймд уг гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн алданги болох 7.786.800 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж байгаа тул шийдэж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.5-д зааснаар амаар гаргасан санал тэр дор нь зөвшөөрсөн хариу өгсөн бол гэрээ байгуулсанд тооцно гэсэн заалтын дагуу О....эс зөвшөөрөл авсан учраас дөрвөн гэрээг нэг дор байгуулсан гэх зүйлийг гэрч ярьсан. Дээрээс нь хариуцагчийн зүгээс үүргийн зөрчил гаргаагүй өөр байдлаар ёс зүйн үл ойлголцол гарсан. Ийм учраас энэ гэрээг цуцлъя гэсэн асуудал яригдсан гэж тайлбарласан боловч гэрээг цуцлах санал ирүүлсэн баримт нь хэрэгт байхгүй байна. Энэ гэрээнээс татгалзсан нь шүүх энэ хэрэгт цугларсан баримтын хүрээнд шийдвэрлэх ёстой учраас нотлогдохгүй байна. Тийм учраас энэ гэрээ хүчин төгөлдөр эсэх болон гэрээнээс татгалзсан аль нэг тал гэрээнээс татгалзахад түүнтэй холбоотой ажил гүйцэтгэх гэрээ нь зохицуулалтын агуулгатай байгаа. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.3, 344 дүгээр зүйлийн 344.1, 346 дугаар зүйлийн 346.1, 346.2-т заасны дагуу нотлох баримт судлуулсан байгаа. Хариуцагчийн эрх үүргийн талаар Иргэний хуулийн 348 дугаар зүйлийг хариуцагчийн зүгээс зөрчсөн гэж үзэж байгаа. Мөн Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1-т ажил гүйцэтгэгчийн үүрэг нь гэрээнд заасан ажлыг тогтоосон хугацаанд нь гүйцэтгэх ёстой гэх зохицуулалттай. Нэхэмжлэгчийн зүгээс Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.1-д зааснаар гэрээний үүргээ биелүүлсэн. Мөн тус хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.2-д заасан эрхээ эдэлж чадахгүй одоо хүртэл өмчлөх, эзэмших эрх нь зөрчигдсөн байна. Гуравдагч этгээдийн хувьд шударга эзэмшигч буюу эд хөрөнгийг эзэмших эрх бүхий этгээд буюу энэ эрхээ алдсан шударга эзэмшигч нь эрх бүхий этгээдэд буцаан өгөх үүрэгтэй гэж Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-д заасан байгаа учраас гуравдагч этгээдээс эзэмших эрхгүй байна. Энэ асуудлыг хариуцагч талтай тусдаа шийдвэрлэх энэ нэхэмжлэлийн хүрээнд О.... гэдэг хүн шударгаар гэрээг хууль ёсны дагуу байгуулаад төлбөрөө төлөөд хуулийн дагуу өмчлөгчөөр тогтоолгох бүрэн боломжтой байна гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд гэрээнд заасан буюу одооны нэршлээр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо Дэлгэрэх апартмент 99А байрны 2104 тоот 3 өрөө 76,9 м.кв орон сууцны өмчлөгчөөр тогтоож, гэрээний гүйцэтгэлийн үүргийн үнийн дүн болох 7,786,800 төгрөгийн алдангийг хариуцагчаас гаргаж шийдэж өгнө үү гэв.

 

Харицуагч шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: ... ХХК нь нэхэмжлэгч О.... /РД: .../-тэй 2020 оны 4 дүгээр сарын 13-ны ... тоот дугаартай Орон сууцны захиалгын гэрээг байгуулсан. Тус гэрээгээр захиалагч нь 126,885,000 төгрөгийг гэрээний Хавсралт №2-т заасан графикт төлөлтийн дагуу 2023 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр төлж дуусгах, компани Дэлгэрэх апартмент 2 дугаар байрны 13 давхрын ... м.кв орон сууцыг хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцсон. Дэлхий нийтийг хамарсан ковид-19 цар тахлын нөлөөгөөр халдвар хамгааллын дэглэм сахиулахын тулд барилгын талбайд хүний бөөгнөрөл үүсгэхгүй байх шаардлагын дагуу хүний тоо зааж ажиллуулах, Монгол Улсын Засгийн газраас бүх нийтийн бэлэн байдал зарлах, хил хаасантай холбогдуулан захиалсан бараа материал ирэхгүй байх, түүхий эдийн нэмэгдэл, тээвэртэй холбогдуулан барилгын бараа материалын үнэ нэмэгдэх гэх мэт олон шалтгааны улмаас барилгын ажил хойшлогдсон.

Орон сууц ашиглалтад орж орон сууцыг хүлээлгэн өгөх үед нэмэлт гэрээ байгуулахад О.... нь өөрийн ээж С....ээр дамжуулан видео дуудлага хийж ярьсан. Энэ үед О.... нь янз бүрийн хараалын үг хэлж, танайхаас нойлын өрөөний хэлтэрхий ч авахгүй, гэрээгээ цуцлаад ганц ч төгрөг үлдээхгүй төлсөн мөнгөө бүгдийн буцааж авна, ээж бүх мөнгөө буцааж аваарай гэсэн. Энэ үед тус зааланд манай компанийн ерөнхий менежер, нягтлан бодогч, борлуулалтын ажилтан, нэг захиалагч, нэхэмжлэгчийн ээж С.... байсан бөгөөд бүгд сонссон.

Нэхэмжлэгч нь ... тоот гэрээний 7 дугаар зүйлийн 7.2-т заасны дагуу цуцалсан учир хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн гэрээний дагуу төлсөн 84,000,000 төгрөгийг бүрэн буцаан өгсөн.

Нэгэнт О.... нь гэрээгээ цуцалж байна, мөнгөө бүрэн буцаан авна гэсэн тул хариуцагч нь мөнгийг буцаан олгож, ... м.кв орон сууцыг орон сууцыг 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр ....-д нийт 199,940,000 төгрөгөөр худалдан борлуулж, орон сууцыг хүлээлгэн өгсөн.

Нэмэлт гэрээ байгуулах үед 2021 оны 12 дугаар сарын 11-ний өдөр захиалагч О.... утсаар холбогдоход төлсөн бүх төлбөрөө буцааж авах шаардлага хангасан гэрээнээс татгалзах санал гаргасан гэж үзэж байгаа. Төлөөлөгч тайлбартаа тухайн үед зүй бус үг хэллэг хэрэглэсэн. Зан харьцааны буруутай үйлдэл гаргасан. Буруутай үйлдэлдээ уучлалт гуйж байна гээд өмнөөс нь тайлбарлаад байдаг. Тухайн үед талууд видео бичлэгээр ярилцаж байх үед гэрээнээс татгалзсан санал шууд гаргасныг нь хүлээн авч шийдвэр гаргасан байгаа. Энэ үед нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн ярьж байгаа гэрээнээс татгалзах талаар бичгээр байгуулах, мэдэгдэх боломжгүй нөхцөл байдал байсан. Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1-д заасан энэ гэрээ талуудын маргаанаас шалтгаалаад цааш үргэлжлэх боломжгүй болж шууд саналаа гаргаад татгалзчихсан. Тэгэхээр Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.2-д зааснаар талуудын эрх хууль ёсны ашиг сонирхолыг хамгаалах үүднээс гэрээний хугацааг үргэлжлүүлэх, сунгахыг шаардах боломжгүй нөхцөл байдлыг хүндэтгэн үзэх үндэслэл гэж үзэн татгалзаж болно гэж заасан байдаг. Тухайн үед шууд бодит нөхцөл байдалд нийцүүлэн гэрээнээс татгалзаад өгсөн авснаа буцаах харилцаа үүссэн. Нэхэмжлэгчийн хүсэлтээс итгэмжлэл нь араас нь ирнэ гэж ойлгуулаад итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр гэрээг хийсэн. Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3-т төлөөлөгчийн эрх хуулийн дагуу буюу итгэмжлэлийн үндсэн дээр итгэмжлэл үүснэ гэж заасан. Нэхэмжлэгч амаар ээждээ итгэмжлэл олгосон гэж яриад байдаг. Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1-д зааснаар төлөөлөгч болон түүнтэй хэлцэл хийж байгаа гуравдагч этгээдэд төлөөлүүлж байгаагаа амаараа мэдэгдсэнээр төлөөлөгчид бүрэн эрх олгоно гэсэн байгаа. Хариуцагч талд О.... нь амаараа итгэмжлэл олгож байгааг мэдэгдээгүй. Тухайн үед Иргэний хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д зааснаар хожим нь тухайн хийсэн хэлцлээ дэмжиж ирсэн илэрхийлэлээ бидэнд илэрхийлээгүй. О.... нь өмнө хийгдсэн хэлцэл хүчинтэй, тухайн үед олгосон итгэмжлэл хүчинтэй нөхөөд хийнэ гэсэн мэдэгдэл огт хүргүүлж байгаагүй. Тиймээс төлөөлөх эрхгүй этгээдтэй хийгдсэн хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж үзэн хүчин төгөлдөр бус хэлцэлд хамаарч байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн ярьж байгаагаар тухайн байр бусдын өмчлөлд шилжээгүй байна. Гэтэл нотлох баримт шинжлэн судлуулахад Улсын бүртгэлийн эд хөрөнгийн жагсаалтад уг орон сууц захиалагч Б.Мөнхзулын өмчлөлд шилжсэн. Гэрээ байгуулсан үнийн дүн нь бүртгэгдсэн байгаа. Компанийн зүгээс нэгэнт орон сууц захиалгыг хүчингүй болсон гэж үзээд гэрээний 9.2-т заасны дагуу гуравдагч этгээдэд санал болгосон. Ингээд санал болгоход авахаар тохирсон. Тухайн үед байрыг шүүхээс гаргасан шийдвэрийн баталгаажуулалтын арга хэмжээ авсан захирамж гараагүй байсан. Ямар ч хууль бус үйлдэл хийгдээгүй. Нэгэнт захиалагчийн өөр өмчлөл эзэмшилд нь шилжсэн хууль ёсны дагуу эзэмшиж байгаа учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь биелэх боломжгүй. Мөн гэрээг зөрчсөнтэй холбоотой огт маргаагүй. Гэрээний хүчин төгөлдөртэй байдал дээр маргаж байгаа. Гэрч С....ийн мэдүүлэг зөрүүтэй байна. Тухайн үед орон сууц захиалагчийн гэрээг булааж аваад хэрээс татагдсан талаар ярьж байна. Хэрвээ булааж авсан бол шүүх хуралд нотариатаар батлуулж өгөх боломжгүй байлаа. Мөн бусад гэрээтэй холбоотойгоор үнийн шаадлагыг хүлээн зөвшөөрсөн. Нийт 326 айлын 320 нь хүлээн зөвшөөрөөд гэрээ хийгээд цааш үргэлжлүүлээд явсан. Нэхэмжлэгчийн яриад байгаа хурдан зараад үнэтэй байгаа дээр нь дараагийн хүнд үнэтэй заръя гэж ярьж байгаа нь гүтгэж байна.

... тоот Орон сууц захиалгын гэрээний алданги 7,786,800 төгрөг гаргуулах тухай нэмэгдүүлсэн шаардлагыг эс зөвшөөрч байна.

Дээрх нэмэгдүүлсэн шаардлага буюу гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүйн төлөө хүлээх хариуцлага болох алданги шаардах эрх нь талуудын хооронд байгуулсан гэх .. дугаартай Орон сууцны захиалгын гэрээнд үндэслэсэн ба уг гэрээ хүчин төгөлдөр тохиолдолд хэрэгжих боломжтой юм.

Гэтэл талуудын хооронд байгуулсан гэх дээрх орон сууц захиалгын гэрээ нь нэхэмжлэгчийн хүсэлтэд үндэслэн хариуцагчийн гаргасан шийдвэрийн дагуу цуцлагдсан. Түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ... нь төлөөлүүлэгчээс олгосон итгэмжлэлийг авсан, авчирч өгнө гэж орон сууц захиалгын гэрээ хийсэн боловч анхнаасаа ийм итгэмжлэл хийгдээгүй болох нь нэхэмжлэгчийн гаргасан тайлбараар тогтоогдож байх тул 2020 оны 4 сарын 13-ны өдрийн ... дугаартай Орон сууцны захиалгын гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарах юм.

Иймд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй ... дугаартай гэрээ нь хүчин төгөлдөр бус байх тул нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Гуравдагч этгээдийн хувьд хариуцагч компанитай хүчин төгөлдөр орон сууцны гэрээг 100 хувь тухайн компанид төлсөн. Энэ талаар баримт хавтаст хэрэгт авагдсан. Орон сууцны гэрээ Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д зааснаар шударга эзэмшигчээр эзэмшиж байгаа. Гуравдагч этгээдийн хариуцагч компанитай байгуулсан гэрээ хүчин төгөлдөр байгаа талаар хавтаст хэрэгт авагдсан гэв.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтууд: нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ... Отгонтуяа эзэмшдэг Хаан банк дахь ... дугаартай дансны 2020.05.01-2021.12.23 өдрийн дансны хуулга, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю...., Б.... нарын иргэний үнэмлэх, нэхэмжлэгчээс олгосон итгэмжлэл, 2020 оны 4 дүгээр 13-ны өдөр байгуулагдсан ... дугаартай Орон сууц захиалгын гэрээ, хариуцагч ... ХХК-иас ..олгосон 2022.01.13№22/15 дугаартай итгэммжлэл, ... ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2020 оны 4 дүгээр 13-ны өдрийн .. дугаартай Орон сууц захиалгын гэрээ, 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн .. дугаартай Орон сууц захиалгын гэрээ, С....ээс Ю...., Б.... нарт олгосон итгэмжлэл, Ю....аас 2021.12.23 өдөр ... ХХК-д гаргасан өргөдөл, ... ХХК-иас Ю....т өгсөн ..дугаартай хариу албан бичиг, ... ХХК-иас Ю....т хүргүүлсэн 2022.01.03№... дугаартай албан бичиг, .....н эзэмшдэг .. дугаартай данснаас 84,000,000 төгрөгийг 2022.02.08-ны өдөр ... ХХК-д шилжүүлсэн тухай Хаан банкны шилжүүлгийн баримт, ... .. эзэмшдэг ...дугаар дансны хуулга 2022.01.08-2022.02.08, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2021.12.24№.. дүгнэлт, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2022.03.30...албан бичиг, гуравдагч этгээд ...с ... олгосон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах тухай 2022.02.18-ны өдрийн итгэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, 2022.03.14-ний өдрийн №... дугаартай, захиалагч ....болон гүйцэтгэгч ... ХХК-ийн хооронд байгуулагдсан Орон сууц захиалгын гэрээний нэмэлт, 2020.04.14№... дугаартай Орон сууц захиалгын гэрээ, 2020.10.13№..дугаартай Орон сууц захиалгын гэрээ, ... С....т олгосон Баянзүрх дүүрэг дэх ... өрөө байрыг ....овогтой ..тай хамтран эзэмшигчээр худалдаж аваха гэрээ байгуулах, ордер хүлээн авах үйлдэл хийх эрх олгосон 2020.10.09 өдрийн итгэмжлэл, .С.... нары..н иргэний үнэмлэхийн хуулбар, Л...аас С....т олгосон итгэмжлэл, ... ..эзэмшдэг 5400049309 дугаартай дансны хуулга 2021.11.01-2022.09.13, Орон сууц захиалгын нэмэлт гэрээ 2021.12.11№. Орон сууц .захиалгын гэрээ 2020.04.10№.., Үл хөдлөх эд хөрөнгө захиалагчийн нэрсийн жагсаалт, итгэмжлэгдсэн төлөөлөгч А....ас хариуцагч татгалзсан тухай 2022.11.03№..албан бичиг, хариуцагчаас Ц....д олгосон итгэмжлэл 2023.03.14№105, нэхэмжлэгч О....эс Ю...., Б.... нарт олгосон итгэмжлэл 2023.03.16, 2023.04.14, О....ийн тодорхойлолт 2022.09.13, Орон сууц худалдан авах гэрээ байгуулсан талаар гаргасан С...., Ю.... талбайр, гэрч С....ийн тайлбар, иргэний үнэмлэхийн хуулбар, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2023.05.31№... албан бичиг, гуравдагч этгээд Б....аас Б....д олгосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах итгэмжлэл 2023.06.07, .... эзэмшдэг Хаан банк дахь ... дугаар дансны хуулга 2022.02.20-2023.06.12, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт;

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч О.... нь хариуцагч ... ХХК-д холбогдуулан, Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахыг даалгах, алданги 7,786,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч талууд маргаж байна.

2. Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзлээ.

3. Нэхэмжлэгч нь 2020 оны 4 дүгээр 13-ны өдөр байгуулагдсан №... дугаартай Орон сууц захиалгын гэрээ-г үндэслэл болгож нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд уг гэрээгээр ... ХХК нь Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, ...тоот, 13 давхарт байрлах 3 өрөө, ..м.кв бүхий орон сууцыг барьж, Захиалагч буюу О....д 2020 оны 3 дугаар сарын 3 дугаар улиралд багтаан ашиглалтад оруулж хүлээлгэн өгөх, захиалагч О.... нь орон сууц захиалгын үнэ нийт 126,882,000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцжээ.

4. Хариуцагч нь захиалагч О.... гэрээнээс татгалзсан тул гэрээнд заасан орон сууцыг 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр .../-д нийт 199,940,000 төгрөгөөр худалдан борлуулж, орон сууцыг хүлээлгэн өгсөн, 2020 оны 4 дүгээр 13-ны өдөр байгуулагдсан №...дугаартай Орон сууц захиалгын гэрээ- нд захиалагч талыг төлөөлөх эрхгүй этгээд гарын үсэг зурсан тул хүчин төгөлдөр бус хэмээн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан.

5. Хариуцагчийн татгалзлыг үндэслэлгүй гэж дүгнэв.

5.1. Нэхэмжлэгч О.... гэрээнээс татгалзсан гэх хариуцагчийн тайлбар нотлох баримтаар нотлогдоогүй. Гэрээний аль нэг тал гэрээнээс татгалзах эрхтэй бөгөөд татгалзаж буйгаа нөгөө талдаа мэдэгдэх талаар Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1.-д Аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ. гэж тухайлан заасан. Гэвч гэрээний нэг тал татгалзах эрхээ хэрэгжүүлсэн гэж үзэх үйл баримт тогтоогдоогүй.

5.2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8.хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж зохицуулсан.

2020 оны 4 дүгээр 13-ны өдөр байгуулагдсан №... дугаартай Орон сууц захиалгын гэрээ-нд захиалагч О....ийг төлөөлж С.... гарын үсэг зурсан байх ба гүйцэтгэгч ... ХХК тухайн гэрээг байгуулж, орон сууц захиалгын гэрээний үнэ өссөн талаар захиалагч мэдэгдсэний зэрэгцээ захиалагч О.... гэрээнээс татгалзсан гэх үндэслэлийг баримтлан оронн сууцыг бусдад худалдсан хэмээн мэтгэлцсэн.

Нэхэмжлэгч О.... нь 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх заалтын дагуу ... ХХК-тай байгуулсан    дугаартай орон сууц захиалгын гэрээнд өөрийгөө төлөөлүүлэн гарын үсэг зурах эрхийг өөрийн ээж    ын ...т амаар олгосон нь үнэн болохыг тодорхойлж, үүнийгээ Монгол Улсын Элчин сайдын яамны консулын албан тушаалтнаар нотариатын үүрэг гүйцэтгүүлэн гэрчлүүлсэн нотлох баримтыг шүүхэд гаргасан.

Ийнхүү тодорхойлолт гаргасан нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1.Төлөөлүүлэгч нь төлөөлөгч болон түүнтэй хэлцэл хийх гуравдагч этгээдэд төлөөлүүлэх тухайгаа болон төлөөлөгчийн бүрэн эрхийн талаар амаар буюу бичгээр мэдэгдсэнээр төлөөлөгчид бүрэн эрх олгож болно. гэж заасантай нийцэж байна.

2020 оны 4 дүгээр 13-ны өдөр байгуулагдсан №    дугаартай Орон сууц захиалгын гэрээ-нд захиалагч О.Бат-Эрдэнийг төлөөлж С.... гарын үсэг зурж байх тухайн үед захиалагч тал, түүний өмнөөс төлөөлөл хэрэгжүүлж асан этгээдүүдийн хооронд ашиг сонирхлын зөрчилтэй эсэх асуудалд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8.-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл байгуулагдсан эсэх, түүний үр дагаварыг шийдвэрлүүлэхэд ач холбогдолтой.

5. Талуудын хооронд 2020 оны 4 дүгээр 13-ны өдөр байгуулагдсан №    дугаартай Орон сууц захиалгын гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасантай нийцсэн, хүчин төгөлдөр байна.

5.1. Орон сууц захиалгын гэрээ-ний 5.1.9-т Орон сууцыг товлосон хугацаанаас 60 хоногоор хойшлуулсан тохиолдолд хэтэрсэн хоног тутамд төлсөн үнийн дүнгийн 0.01 хувийн алданги тооцож Захиалагч талд олгоно. гэж заасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4.Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй., 232.6.Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги... гэж тус тус заасантай нийцсэн.

6. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж, 208 дугаар зүйлийн 208.1-д Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж заасан. Тодруулбал, гэрээгээр үүрэг хүлээсэн этгээд үүргээ тогтоосон хугацаанд заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд уг хугацаанд үүргээ аливаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ.

7. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж зааснаар, 2020 оны 4 дүгээр 13-ны өдөр байгуулагдсан №    дугаартай Орон сууц захиалгын гэрээ-ний дагуу орон сууцыг захиалагчид хүлээлгэн өгөх үүрэгтэй тул нэхэмжлэгч О.... нь Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасан өмчлөгч мөн байна.

7.1. Нэхэмжлэгч нь гэрээний үнэ 126,885,000 төгрөгийг бүрэн төлсөн гэх тайлбараа нотлох баримтаар нотлоогүй бөгөөд хариуцагч нь нэхэмжлэгчийг гэрээний үнэ 126,885,000 төгрөгийг бүрэн төлөөгүй талаар маргахдаа орон сууц захиалгын гэрээний үнийг ...ын     гэх хүний данснаас нийт 84,000,000 төгрөг төлснийг хүлээн зөвшөөрч, уг 84,000,000 төгрөгийг захиалагчид буцаан шилжүүлсэн, Орон сууц захиалгын гэрээг захиалагч цуцалсан тул үргэлжлүүлэх боломжгүй гэх хариуг захиалагч талд өгчээ.

7.2. Хариуцагч нь Орон сууц захиалгын гэрээг үргэлжлүүлэх боломжгүй гэх хариуг 2022.01.03№    дугаартай албан бичгээр захиалагч талд мэдэгдсэн байх боловч дээр дурьдсанаар захиалагч гэрээнээс татгалзсан гэх үндэслэл нотлогдоогүй, гэрээний үнэ гүйцэд төлөгдөөгүйд нэхэмжлэгчийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

8. 2020 оны 4 дүгээр 13-ны өдөр байгуулагдсан №   дугаартай Орон сууц захиалгын гэрээ-ний 5.1.9 дэх заалтын дагуу алданги 7,786,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлага нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1.-д Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ., 232.4.-т Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. ..., 232.6.-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги... гэж тус тус заасантай нийцсэн байх тул хангах үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус баримтлан, Баянзүрх дүүргийн ...м.кв бүхий орон сууцны зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр О....ийг тогтоож, уг орон сууцны үл хөдлөх хөрөнгийн эрхийн гэрчилгээг авахад шаардагдах баримт бичгийг нэхэмжлэгч О....д гаргаж өгөхийг хариуцагч ... ХХК-д даалгаж, хариуцагч ... ХХК-иас алданги 7,786,800 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч О....д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус заасныг баримтлан, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн төлбөрөөс 1,002,114 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ... ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 1,002,114 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О....д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА