Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 2025/ШЦТ/505

 

 

 

 

 

 

 

 

2025          11          04                                                  2025/ШЦТ/505
  

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Б.Болорцэцэг,

улсын яллагч Ж.Мөнхзул,

шүүгдэгч Н.Ү, Ш.А, тэдгээрийн өмгөөлөгч Б.Халиунаа,

шүүгдэгч Ш.Г, түүний өмгөөлөгч Ш.Амарбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Н.Ү, А, Г нарт холбогдох эрүүгийн дугаартай хэргийг 2025 оны 7 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

                                      

 

                                     Холбогдсон хэргийн талаар

                                   /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Н.Ү, Ш.А, Ш.Г нар нь бүлэглэн 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын Чулуут 2 дугаар багт байрлах “Улаан чулуут” гэх газраас 3 кубметр шинэс модыг бэлтгэж байгаль орчинд 1.445.618 төгрөгийн хохирол учруулсан, зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн модоо “Киа бонго-3” маркийн ****улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогджээ

                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт 

Шүүгдэгч Н.Ү:

“...Би н.Тодоо ахтай уулзахад н.Тодоо ах надаас гоожинтой мод байна уу гэж асуусан. Би надад өмнөх жилийн гоожинтой мод байгаа, тэрийг та авах уу гэж хэлсэн. Тэгээд модонд явсан. 2-3 өдрийн өмнө очсон. Тухайн газарт очоод 20 гаруй мод тайрсан. Зарим хэсэг нь ялзарсан байсан. Ялзарсан хэсгийг нь тайрч янзлаад унагаасан модоо 4 метрээр тайрсан. 20 гаруй мод унагаагаад 25-ыг авсан...” гэж,

 

Шүүгдэгч Ш.А:

“...Ш.Г бид хоёр 2-3 хоногийн өмнө Н.Үын гэрт очиж хоносон. Тэгээд 20-ны өдөр Улаан чулуут гэх газраас бэлтгэсэн модыг авъя гэж очсон. Уултай, өндөр газар байсан учраас машинаа доор үлдээгээд модоо очиж үзээд тоолоход мод нь дутуу байсан. Тэгээд хоорондоо ярьж байгаад хүнд дутуу юм аваачиж өгөөд яах вэ гээд нэмж мод унагаасан. Зарим модыг унагаах явцад хорхой идэж өмхийрсөн байсан. Зарим нь хад чулуу дээр унаж хэмжээндээ хүрэхгүй байсан. Тэгээд 4 метртэй мод болгох гээд үзүүр, ёроолоос нь тайрч бэлтгэсэн...” гэж,

 

Шүүгдэгч Ш.Г:

“...Би гоожинтой эрхийн бичигтэй, бэлтгэсэн гэж бодсон. Түүнээс биш тийшээ очиж мод унагаагаад огтлоод ир гэж хэлээгүй. Бэлэн гоожинтой мод байгаа гэхээр нь худалдаж авъя гэсэн. Надад харамсалтай байна...” гэж тус тус мэдүүлдэг.

 

Үйл баримтын талаар:

Эрүүгийн дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас шүүгдэгч Н.Ү, Ш.А, Ш.Г нар нь бүлэглэн 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын Чулуут 2 дугаар багт байрлах “Улаан чулуут” гэх газраас 3 кубметр шинэс модыг бэлтгэж байгаль орчинд 1.445.618 төгрөгийн хохирол учруулсан, зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн модоо “Киа бонго-3” маркийн ****улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн үйл баримтуудыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 1 дүгээр хуудас/,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 4-6 дугаар хуудас/,

модны эзэлхүүн тооцсон дүгнэлт болон гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 7-30 дугаар хуудас/,

шүүгдэгч Н.Үын сэжигтнээр өгсөн “...Би 2025 оны 5 дугаар сарын 14-ний өдөр хөдөө гэрээсээ өөрийн эзэмшлийн Тоёота приүс-20 маркийн 95-85 УБП улсын дугаартай тээврийн  хэрэгслээ сумын төд Авто тээврийн үзлэг оношилгоонд тухайн машинаа оруулах гэж Эрдэнэ сумын төвд ирсэн юм. Ингээд би тээврийн хэрэгслээ үзлэг оношилгоонд нь оруулж дуусгаад Эрдэнэ сумын төвийн байрлах Хаан банкны зогсоол дээр зогсож байх үед Манай сумын иргэн урьд өмнө нь сумын засаг даргын орлогч хийж байсан болох Г буюу Тодоо ах над дээр ирээд дүү чамтай ах нь уулзах уулзаан байна гэж хэлсэн. Ингээд би машинаас бууж Г буюу Тодоо ахын унаж явсан Цагаан өнгийн Портер маркийн тээврийн хэрэгслийн дэргэд нь очиж уулзсан. Тэр үед Г буюу Тодоо ах надад хойно уулнаас 4 метр урттай шургааг мод бэлтгэж ирмээр байна. Адууны хашаа барих гэж байгаа юм Дүү завтай юу гэж хэлсэн. Би тэр үед надад зав бол байна гэхдээ дүүд нь мөнгөний хэрэг байна. 500,000 /таван зуун мянган/ төгрөгийн хэрэг байна гэж хэлсэн. Г буюу Тодоо ах надад дүү дансаа өгчих ах нь одоо 300,000 /гурван зуун мянга/ төгрөг өгье. Модоо авсны дараа үлдэгдэл болох 200,000 /хоёр зуун/ мянган төгрөгийг шилжүүлнэ гэж хэлсэн. Би зөвшөөрч өөрийн ашигладаг Хаан банкны 5747126961 дугаартай дансныг өгч Г буюу Тодоо ах 300,000 төгрөг шилжүүлсэн. Би Г буюу Тодоо ахад ой хаалттай энэ үед гоожин буюу мод бэлтгэх эрхийн бичиг яах юм бэ гэж асуух үед Г ах надад гоожин ямар ч асуудалгүй. Ямар нэгэн хүн таараад чамаас асуувал сум орон нутгийн буюу Засгийн мод байгаа юм гэж хэлээрэй. Чамд туслаад цуг мод бэлтгэх хүн байгаа юм уу? гэж асуусан. Би надад туслах хүн байхгүй ээ. Манай найз нар бүгд ажилд явсан гэж хэлсэн. Тэр үед Г буюу Тодоо ах өөрийн төрсөн дүү болох Амрааг аваад яв гэж хэлсэн. Ингээд би Амраа ахыг аваад хөдөө гэрлүүгээ явсан. Амраа ах бид хоёр манай хөдөө гэрт 3 хоноод 2025 оны 05 дугаар сарын 20 ний өдөр Миний өөрийн эзэмшлийн бензин моторт хөрөөг авч Киа Бонго-3 маркийн ****улсын дугаартай тээврийн хэрэгслийг асааж манай хөдөө гэрээс урд зүгт байрлах "Улаан чулуут" гэх ой мод бүхий газарт очсон юм. Тухайн уулын модон дотроос адууны хашаа барих шургааг модыг сонгон авч босоо байрлалтай 20 ширхэг модыг бензин моторт хөрөөг ашиглан тайрч газарт унагаж түүнийгээ уртын 4 метр ээр тайрч бэлтгэсэн. Би тухайн уулнаас 4 мерт урттай нийт 60 ширхэг шургааг модыг бэлтгэсэн ба өөрийн эзэмшлийн Киа Бонго-3 маркийн ****улсын дугаартай тээврийн хэрэгсэл дээр ээ ачиж орой нар жаргах үед уулнаас бууж Эрдэнэ сумын төв руу явсан юм...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 54-56 дугаар хуудас/,

гэрч Б.Б“...Би Төв аймгийн Эрдэнэ сум Чулуут 2 дугаар баг "Бор булаг" гэх газарт Том хүү Н.Үнэнбат, дунд хүү Н.Ү, бага хүү Н. Үнэнхүү нарын хамтаар мал маллан амьдардаг. Би 2025 оны 05 дугаар сарын 15 ний өглөө 10 цагийн орчимд дунд хүү болох Н.Ү хамтаар Эрдэнэ сумын төвд ирж. Хүүгийн машин болох Тоёота Приүс-20 маркийн тээврийн хэрэгслийг сумын төвд Авто тээврийн үзлэгт нь оруулж дуусгаад хүү Н.Ү хамтаар сумын төвийн Хаан банкны зогсоол дээр очиж зогсоод би бууж дотогш орж АТМ-ээс мөнгө авчаад гарч ирэх үед урьд өмнө нь Эрдэнэ сумын Засаг даргын орлогч байсан гэх Г буюу Тодоо нь Миний хүү Н.Үтой уулзаад явсан байсан. Миний хүү Н.Ү надад хэлэхдээ Г буюу Тодоо ах сая надтай уулзаад явлаа. Чулуут 2 дугаар баг "Замтын даваа" юм уу? "Улаан чулуут" гэх газраас албаны хэрэгцээнд ашиглах мод бэлдээд хийгээд өгөөч гэж байна гэж хэлсэн. Ингээд бид хоёр сумын төвийн Гандан буюу Хийдийн урд явж байх үед Г буюу Тодоотой машинтай таарсан. Энэ үед Тодоо надад Н.Ү оор Чулуут 2 дугаар баг "Замтын" хойноос мод хийлгэх гэсэн юм гэж хэлсэн. Би тэр үед Тодоод мод хэл амтай шүү. "Замтын" хойд хэсэг "Улсын тусгай хамгаалалттай" газар нутаг болохоор тэр газраас хийлгэхгүй. Учир нь тэр газарт мод бэлтгэх эрхийн бичиг буюу Гоожин өгдөггүй. Сумын албаны мод мөн л юм бол зөвшөөрөл олгодог газраасаа хийлгэ гэж хэлсэн. Тэр үед Г буюу Тодоо надад албаны мод тул ямар ч хэл ам асуудал байхгүй. Н.Ү ганцаараа юм бол Миний дүү болох Ш.А г аваад яв гэж хэлсэн. Ингээд хүү бид хоёр орой 18 цагийн орчимд Тодоогийн дүү болох Ш.Аыг аваад хөдөө гэр рүүгээ явсан. Ингээд хэд хонгийн дараа буюу 2025 оны 05 дугаар сарын 20 ний өдөр Миний хүү Н.Ү Ш.А хамтаар КИА Бонго-3 маркийн ****улсын дугаартай тээврийн хэрэгсэл асаагаад явсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 59-60 дугаар хуудас/,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Г“...Төв аймгийн Эрдэнэ сум Чулуут 2 дугаар баг "Улаан чулуут" гэх газраас тус сумын иргэн Н.Ү нь 2025 оны 05 дугаар сарын 20 ний өдөр хууль бусаар зохих зөвшөөрөлгүй шинэс төрлийн мод бэлтгэсэн гэх гэмт хэргийн улмаас байгаль экологид хохирол учирсан байх тул тухайн үнэлгээний байгууллагаас гаргасан экологи эдийн засгийн үнэлгээг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 67-68 дугаар хуудас/,

“Дамно үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн 2025 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн №ТЦ-25-54 дугаартай “...Шинжилгээний объектын 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн зах зээлийн үнэлгээ нийт 18.181.000 /арван найман сая нэг зуун наян нэгэн мянган төгрөг/-өөр үнэлэгдэв...” талаарх дүгнэлт /1-р хх-ийн 75-87 дугаар хуудас/,

Нуман-Алтай ХХК-ийн 2025 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн №13/041 дугаартай “...Хууль бусаар бэлтгэгдсэн гэх моднууд нь 3 м3 хэмжээтэй, шинэс төрлийн хуурай хэрэглээний гуалин мод байсан байна. Дээрх моднууд нь тайрагдан бэлтгэгдэхээс өмнө ургах чадваргүй, хуурай мод байсан байна. Мод бэлтгэсэн гэх газар нь Ойн төлбөрийн гуравдугаар мужлалд хамаарч байна. Дээрх моднуудыг зөвшөөрөлгүй бэлтгэснээр байгаль орчинд 1,445,618 төгрөгийн хохирол учирсан байна. Шинжилгээний явцад хэрэгт ач холбогдол бүхий шинэ нөхцөл байдал илрээгүй...” талаарх дүгнэлт /1-р хх-ийн 100-101 дүгээр хуудас/,

дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 112, 116 дугаар хуудас/,

гэрч М.Б“...Эрдэнэ сумын Чулуут 2 дугаар багын иргэдэд галын түлээний болон хуурай хэрэглээний мод бэлтгэх эрхийн бичиг буюу гоожинг миний бие бичиж иргэдэд өгдөг. Харин 2025 оны 4 сар, 5 сар, 6 дугаар саруудад Чулуут 2 дугаар багт оршин суух хаягтай Насанжаргал овогтой Н.Ү, Шархүү овогтой А, Шархүү овогтой Г нар нь надаас галын түлээний болон хуурай хэрэглээний зориулалттай мод бэлтгэх эрхийн бичиг буюу Гоожин огт аваагүй. Учир нь 2025 оны 03 дугаар сарын 24 ний өдрийн А/55 дугаартай Эрдэнэ сумын Засаг даргын захирамжаар 2025 оны 03 дугаар сарын 25 ний өдрөөс 06 дугаар сарын 10 ний өдөр хүртэлх хугацаанд ойд мод бэлтгэх, тээвэрлэх ойд үйл ажиллагаа явуулахыг түр хугацаагаар хориглосон захирамж гарсан юм. Иймд энэ хугацаанд сумын хэмжээнд иргэдэд ойд мод бэлтгэх эрхийн бичиг буюу гоожин огт олгохгүй байгаа...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 158-159 дүгээр хуудас/,

шүүгдэгч Ш.Аы сэжигтнээр өгсөн “...Би 2025 оны 5 дугаар сарын 15-ны өдөр сумын төвд байрлах гэрийн хашаа доторх хогоо цэвэрлэж портер маркийн тээврийн хэрэгсэл дээр ачиж Өөрийн төрсөн ах болох Ш.Гын хамтаар сумын төвийн хогийн цэг дээр очиж тухайн хогоо буулгаад. Буцаад гэр рүүгээ явж байх үед ээ сумын төвийн хаан банкны урд манай сумын иргэн болох Н.Үтой таарсан. Ах болох Ш.Г, Н.Ү нар нь модны талаар ярилцаж байсан. Би тэр үед хүнтэй утсаар ярьж байсан. Намайг утсаар яриад дуусах үед ах болох Ш.Г нь Н.Үод чамтай цуг яваад ирэх хүн байгаа юм уу? гэж асууж байсан. Тэр үед нь Н.Ү надтай хамт явах хүн байхгүй гэж хариулсан. Ш.Г ах надад хандаж миний дүү Н.Үтой хамт хөдөө яваад ирэх үү? гэж хэлсэн. Би тэр үед нь тэгье гэж хэлсэн. Ингээд Н.Ү за би хөдөө явах үедээ гэрээс чинь очоод авъя гэж хэлсэн. ба Ш.Гэрэл-Од ах бид хоёр гэр рүүгээ явсан. Би явах замдаа Ш.Г ахаас юун мод юм бэ? гэж асуух үед Ш.Г ах надад "Улаан чулуут" гэх газарт хуучин хийгээд орхисон мод байгаа юм. Тэр модыг Н.Үтой хамт яваад ачаад ир гэж хэлж байсан. Ингээд бид хоёр гэртээ ирсэн. Н.Ү нь ирэхгүй удаад байхаар нь Ш.Г ах бид хоёр ахын машинаар гэрээс гараад явж байх үед сумын төвийн гандан буюу хийдийн урд дахин Н.Үтой таарсан. Н.Ү ээжтэйгээ (Батжаргал гэх) хамт явж байсан ба хэзээ явах эсэх талаараа нь асуух үед Н.Ү арай болоогүй байна. Явах үед ээ очоод авна гэж хэлж байсан. Ингээд ах бид хоёр гэрээ ирсэн. Орой 18 цагийн орчимд байх Н.Ү ээжийнхээ хамтаар ирж намайг яваад бид гурав Чулуут 2 дугаар багт байрлах хөдөө гэр рүү нь явсан. Би хөдөө гэрт нь 3 хоноод 2025 оны 05 дугаар сарын 20 ний өдөр Н.Ү хамтаар хөдөө гэрээс нь бензин моторт хөрөө авч Н.Үын эзэмшлийн Киа Бонго-3 маркийн ****улсын дугаартай тээврийн хэрэгслийг асааж бид хоёр Н.Үын гэрээс нь урд зүгт байрлах "Улаан чулуут" гэх ой мод бүхий газарт очсон юм. Н.Ү надад энд миний хуучин бэлдэж орхисон мод байх ёстой юм дутуу байна. Хоёулаа хэдэн мод нэмж унагаад аваад явъя гэж хэлсэн. Ингээд Н.Ү модыг сонгон авч босоо байрлалтай 20 ширхэг модыг бензин моторт хөрөө ашиглан тайрч газарт унагаж түүнийгээ уртын 4 метр ээр тайрч би тухайн тайрч бэлтгэсэн гэх модыг уулнаас чирэн буулгаж Киа Бонго-3 маркийн ****улсын дугаартай тээврийн хэрэгсэл дээр ачиж дуусгаад бид хоёр Эрдэнэ сумын төв рүү явсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 162-163 дугаар хуудас/,

шүүгдэгч Ш.Аы яллагдагчаар өгсөн “...Би Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан дугаартай прокурорын тогтоолыг уншиж танилцсан. Би хэргийн зүйлчлэл болон эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 185 дугаар хуудас/,

шүүгдэгч Н.Үын яллагдагчаар өгсөн “...Би Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан дугаартай прокурорын тогтоолыг уншиж танилцсан. Би хэргийн зүйлчлэл болон эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 198 дугаар хуудас/,

шүүгдэгч Ш.Гын яллагдагчаар өгсөн “...Би Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан дугаартай прокурорын тогтоолыг уншиж танилцсан. Би хэргийн зүйлчлэл болон эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 212 дугаар хуудас/,

шинжээч А.Ц“...Би 2025 оны 06 дугаар сарын 02 ны өдөр Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тогтоолыг хүлээн авч Төв аймгийн Эрдэнэ сумын цагдаагийн тасгийн хашаа дотор байх тус сумын иргэн Н.Үын бэлтгэсэн гэх модонд шилжилгээ хийсэн. Тухайн мод нь 4 метр урттай нийт 60 ширхэг шинэс төрлийн шургааг мод байсан ба 3м³ хэмжээтэй, 2025 оны 05 дугаар сараас өмнө 1-2 сарын дотор тайрагдсан байсан. Нэг жилийн өмнө тайрагдсан байсан мод бол тайрсан хэсгээрээ хар, саарал өнгөтэй болж гандсан байх ёстой. Эдгээр хожуулууд нь холтос нь бор, модны гол хэсэг нь улбар шар өнгөтэй байгаагаас харахад шинэ тайрагдсан мод болох нь харагдаж байна...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 3-4 дүгээр хуудас/ шүүгдэгч нарын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэрэг бусад бичгийн нотлох баримтууд болно.                

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт: 

Шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд:

Улсын яллагч Ж.Мөнхзул:

“...Прокурорын тухай хуулийн 17.19 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7, 35.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан Н.Ү, Ш.А, Ш.Г нарт холбогдох шүүх хуралдаанд улсын яллагчаар төрийн нэрийн өмнөөс оролцож дараах дүгнэлтийг гаргаж байна. Хавтаст хэрэгт авагдсан болон шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Н.Ү, Ш.А, Ш.Г нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлд заасан зөвшөөрөлгүйгээр ой мод бэлтгэж, тээвэрлэж энэ гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл, Ш.Гын хэлсний дагуу Н.Ү нь Ш.Атай хамтран Улаан чулуут гэх газарт очиж 10-12 метрийн урттай 20 ширхэг модыг 4, 4 метрээр тайрч, нийт 60 ширхэг болгон тайрч гүйцэтгэсэн үйл баримт тогтоогддог. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1-т хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэж заасан. Н.Ү, Ш.А нарыг гүйцэтгэгч гэж үзэж байна. Учир нь, Н.Ү, Ш.А нар нь байгаль орчинд хохирол учруулахад гар бие оролцож тухайн модыг тайрсан үйл баримт байгаа. Шүүгдэгч Ш.Гын хувьд Н.Үын хэлсний дагуу өөрийн дүү Ш.Аыг хамт явуулж, энэ  хэрэгт хатгагчаар оролцсон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1-т бусдыг санаатай гэмт хэрэгт татан оруулсан, хөлсөлсөн, гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн хүнийг гэмт хэргийн хатгагч гэнэ гэж заасан. Энэ гэмт хэргийн тухайд заавал байгаль орчинд хохирол хор уршиг учирсан байхыг шаардахгүй. Хэлбэрийн бүрэлдэхүүнтэй, учруулах үйлдэл хийснээрээ төгсдөг. Хавтаст хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт буюу байгаль орчинд экологи, эдийн засгийн үнэлгээ 1,444,000 төгрөг гарсан. Шинжээч нь нийт 60 ширхэг модыг ямар газарт байсан, ямар төрлийн мод зэргээс шалтгаалан тухайн мэдлэгийнхээ хүрээнд дүгнэлт гаргасан. Шүүгдэгч Н.Ү, Ш.Г, Ш.А нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдээгүй, байгаль орчинд хохирол хор уршиг учруулаагүй гэж үзэх ямар нэгэн баримт байхгүй. Цагаатгах нотлох баримт байхгүй байгаа учраас гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна...” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Ш.Гын өмгөөлөгч Ш.Амарбаяр:

“...Ш.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн гэж яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдсэн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ш.Г 1 удаа яллагдагчаар мэдүүлэг өгсөн байдаг. Мөн сэжигтнээр мэдүүлэг өгөхдөө дүүгийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй гэдэг агуулгаар өгсөн. Ш.Г нь өөрийгөө энэ гэмт хэрэгт татагдана гэж бодоогүй. Бодит нөхцөл байдлын тухайд, Ш.Гын хувьд хэрэг шүүх рүү шилжих явцад миний буруу болж байх шиг байна, ийм асуудал өрнөлөө гээд надтай холбогдож, уулзсан. Түүний дүү буюу сэжигтэн Ш.Аы мэдүүлгээс харсан. Н.Ү өмнө жилийн гоожингийн зөвшөөрлөөр авсан мод байсан. Тэр модоо авч ирээд өгье гэсэн байсан. Түүнээс биш тухайн үед хууль бусаар мод бэлтгэх талаар мэдээгүй. Мөн Н.Ү, Ш.А нар нь нэмж мод бэлтгэсэн талаар Ш.Год хэлж мэдэгдээгүй. Ш.Гыг гэмт хэрэгт хатгагчаар, зохион байгуулагчаар оролцсон, мөн гэмт хэргийн санаа сэдэлт байсан гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй байна. Б.Халиунаа өмгөөлөгч болон нэр бүхий шүүгдэгч нар ч хэлсэн. Тухайн модыг унагаахад зарим хэсэг нь ялзарсан байсан. Тэгээд дээд болон доод хэсгээс нь тайрсан. 20 хожуул байсан. 20 хожуул унагаахад заримаас нь 2, заримаас нь 1 гарч өмнө жилийн унагаасан модноос аль боломжтойг авч, ачсан нөхцөл байдал байдаг. Мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэг авахдаа асуултын дагуу хөтлөгдөж явсан. Хэрэгт хамааралтай асуултаас асуугаагүй байж өнөөдөр өөр байдлаар юм ярьсан гэдгийг үндэслэлгүй гэж харж байна. Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд 2 удаа мэдүүлэг өгсөн. Ш.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан энэ гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15-т зааснаар эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ гэж заасны дагуу Ш.Год холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгч Н.Ү, Ш.А нарын өмгөөлөгч Б.Халиунаа:

“...Н.Ү, Ш.А нарын хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээрээ маргахгүй оролцож байгаа. Өөрөөр хэлбэл, зөвшөөрөлгүйгээр тодорхой хэмжээг бэлтгэсэн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэдэн ширхэг модыг зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн талаар ойлгомжгүй. Зөвшөөрөлгүйгээр тодорхой хэмжээнд бэлтгэсэн модоо тээвэрлэсэн үйл баримт хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэг болон талуудын тайлбар мэдүүлгээр нотлогдож байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан үндсэн шинжийг хангаж байгаа хэдий ч гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хувьд эргэлзээ бүхий нөхцөл байдал илэрч байна. 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр шинжээчээс мэдүүлэг авсан тэмдэглэл байгаа. 1 жилийн өмнө тайрагдсан мод тайрсан хар саарал өнгөтэй, гандсан байх ёстой гэж мэдүүлэг өгсөн. Гэтэл Н.Ү, Ш.Г нарын хувьд шүүхийн хэлэлцүүлгийн шатанд мэдүүлсэн мэдүүлгээс үзвэл, 2024 оны 06 дугаар сарын 21-22-ны өдрийн хооронд зохих мод бэлтгэх эрхийн бичгийн дагуу бэлтгээд, тухайн модыг тээвэрлэсэн. Н.Үын хувьд 45 ширхэг модыг хэрэг болсон газарт унагааж үлдээгээд орхисон үйл баримт байдаг. Энэ үйл баримтын талаар хамт мод бэлтгэхээр очсон Ш.А нотолдог. Ш.Г хуучин гоожингийн зөвшөөрөлтэй байсан модыг худалдаж авъя гэх захиалгыг өгсөн. Гэтэл талуудын тайлбар мэдүүлгээр бүрэн дүүрэн хуучин мод байсантай холбоотой маргаж, улсын яллагчийн зүгээс хуучин мод байгаагүй гэдгийг нотолсон нотлох баримт хэрэгт байхгүй. Шинжээчийн гаргасан мэдүүлэгтэй нь холбогдуулан эргэлзээ бүхий нөхцөл байдал үүсэж байна. Өөрөөр хэлбэл, гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирлыг яаж тогтоох юм бэ. Н.Ү, Ш.А нарын хувьд 45 ширхэг модыг бодит хохирлоос хасаж тооцуулах хүсэлт гаргасан. Улсын яллагчийн зүгээс Байгаль орчин хамгаалах тухай хуулийн дагуу 4,336,850 төгрөг гэж тогтоосон. Гэтэл өмнөх оны зөвшөөрөлтэй бэлтгэсэн байсан модноос хасаж тооцуулах боломжтой юу гэвэл боломжтой.  Бодит хохирлоос хэдийг хасаж тооцох талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдааны явцад хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хэдэн төгрөг хасуулах талаар тогтоох боломжгүй. Өөрөөр хэлбэл, шүүх хуралдаанд гаргаж өгч байгаа мэдүүлгээс дурдвал, өмнөх оны ихэнх мод нь ялзарсан байсан, тийм учраас доороос нь 1-2 метр гаруйг тайрч бэлтгэж, тээвэрлэсэн гэх үйл баримт тогтоогдсон. Энэ талаар няцаах баримт байхгүй. Ялзарсан байсан модыг тайрсан тохиолдолд шинэ мод шиг харагдах нь ойлгомжтой. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 14-т нотлох баримтыг шинжлэн судлах явцад хэрэгт ач холбогдолтой, хамааралтай эсэхэд эргэлзэх үндэслэл байвал тухайн нотлох баримтыг шүүх, прокурорын шийдвэрийн үндэслэл болгохгүй гэж заасан. Мөн Монгол Улсын Дээд шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 16 дугаартай тогтоолд дурдагдсан байдаг. Өөрөөр хэлбэл, 06 дугаар сарын 25-ны өдрийн шинжээчээс мэдүүлэг авсан тэмдэглэл байгаа. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бодитоор тогтооход эргэлзээтэй байна. Мөн талуудын тайлбар, мэдүүлгийг авч үзэхэд эргэлзээ бүхий нөхцөл байдал байгаа учраас хохирол, хор уршгийн хувьд миний үйлчлүүлэгч нарын эрх ашигт нийцэхүйц шийдвэрийг шүүхээс гаргаж өгнө үү гэдэг байр суурийг илэрхийлж байна...” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Ш.Г:

“...Би өөрийгөө энэ хэрэгт холбоотой гэж үзэхгүй байна. Тухайн үед манай эхнэр хагалгаанд орох гэж байсан. Тэгээд мөрдөгч надад та төрсөн ах, дүү, хамаатан садныхаа эсрэг мэдүүлэг өгөхгүй байж болно гэж хэлсэн. Тэгэхээр нь би татгалзсан...” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Н.Ү:

“...Сүүлд шинээр унагасан модтой холбогдуулан гэм буруутай гэж үзэж байна...” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Ш.А:

“...Сүүлд унагасан модтой холбогдуулан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцдэг.

 

Улсын яллагчийн гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч Ш.Г, Ш.А, Н.Ү нар болон тэдгээрийн өмгөөлөгчид маргадаг талаараа шүүхийн хэлэлцүүлэгт болон дүгнэлт танилцуулах шатанд мэдүүлдэг.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч нар нь гэм буруугийн талаар маргадаг бөгөөд тэдгээрийн өгсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, мөрдөгчийн эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, мөрдөгчийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолууд, түүнд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлтүүд, Нуман-Алтай ХХК-ийн 2025 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн №13/041 дугаартай шинжээчийн дүгнэлт болон иргэний нэхэмжлэгч, гэрч нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдож байх тул шүүгдэгч Н.Ү, Ш.А нарыг гэм буруутайд тооцох тухай шийтгэх тогтоолын үндэслэл болж байна гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Прокурор хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавьж, шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс улсын яллагчаар оролцоно.” гэж,

мөн хуулийн 4.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Прокурор нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг шүүхийн өмнө нотлох үүрэг хүлээнэ.” гэж хуулиар түүний эрх, үүргийг тодорхойлж өгсөн.

 

Улмаар шүүгдэгч Ш.Гыг  Н.Ү, Ш.А нартай бүлэглэн 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын Чулуут 2 дугаар багт байрлах “Улаан чулуут” гэх газраас 3 кубметр шинэс модыг бэлтгэж байгаль орчинд 1.445.618 төгрөгийн хохирол учруулсан, зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн модоо “Киа бонго-3” маркийн ****улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.

 

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ш.Гыг шүүгдэгч Н.Ү, Ш.А нартай бүлэглэн 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын Чулуут 2 дугаар багт байрлах “Улаан чулуут” гэх газраас 3 кубметр шинэс модыг бэлтгэж байгаль орчинд 1.445.618 төгрөгийн хохирол учруулсан, зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн модоо “Киа бонго-3” маркийн ****улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэх үйлдэл холбогдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэж зааснаар хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэв.

 

Учир нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас “...2024 оны 06 дугаар сарын 20-ноос 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл “Мод бэлтгэх эрхийн бичиг” гэх баримтыг нотлох баримтаас хасуулах тухай саналыг шүүх хүлээн аваагүй.

 

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 2025/ШЗ/1178 дугаартай “Хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг хойшлуулах тухай” шүүгчийн захирамжаар нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр шүүх хуралдааныг 60 хүртэлх хоногийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэсэн.

 

Дээрх шүүгчийн захирамжид заагдсан ажиллагааг Төв аймгийн Прокурорын газраас ирүүлэхдээ 2024 оны 06 дугаар сарын 20-ноос 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл “Мод бэлтгэх эрхийн бичиг” гэх баримтыг үгүйсгэсэн, няцаасан нотлох баримтыг ирүүлээгүй.

 

Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Амарбаярын “...нэмэлт ажиллагааны явцад яллагдагчаар авсан мэдүүлгийг нотлох баримтаас хасуулъя гэсэн...” гэсэн саналыг шүүх хүлээн авч шийдвэрлэсэн.

 

Шүүх хэргийн бодит байдлыг хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн сэргээн тогтоохдоо прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэрэгт хамааралтай бүхий л нөхцөл байдлыг үнэлж, дүгнэдэг бөгөөд нотолгооны ач холбогдолтой, хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг болон бусад нотлох баримтуудтай харьцуулан тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэт, бодит байдлаар нь хянах үүрэгтэй.

 

Шүүх энэ үүргийнхээ хүрээнд хэргийн бодит байдлыг тогтоохдоо хэрэгт цугларсан нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хангалттай болон хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжлэх учиртай.

 

Эцэст нь дүгнэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж, мөн хуулийн 4.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Прокурор нь шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг шүүхийн өмнө нотлох үүрэг хүлээнэ.” гэж зааснаар шүүгдэгч Ш.Гыг гэм буруутайг нотолж чадаагүй.

 

Үүнтэй холбоотойгоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг баримтална.” гэж заасан хэмжээ хязгаарын хүрээнд шүүгдэгч Ш.Гыг эрүүгийн дугаартай хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэж заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэсэн.

 

Харин шүүгдэгч Н.Ү, Ш.А нарын холбогдсон тухайн гэмт хэрэг нь “Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг”-т хамаарах бөгөөд зөвшөөрөлтэй, гарал үүслийн гэрчилгээтэй хүн, хуулийн этгээд ойд мод бэлтгэх, тээвэрлэх ба дээрх зөвшөөрөл, гарал үүслийн гэрчилгээгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн бол хэнийг ч хууль бусаар мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэж үзнэ.

Шүүгдэгч Н.Ү, Ш.А нарын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “бүлэглэж хууль бусаар мод бэлтгэх” гэдэг гэмт хэрэг нь хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй хийснээрээ төгсдөг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

Шүүгдэгч Н.Ү, Ш.А нар нь бүлэглэн 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын Чулуут 2 дугаар багт байрлах “Улаан чулуут” гэх газраас 3 кубметр шинэс модыг бэлтгэж байгаль орчинд 1.445.618 төгрөгийн хохирол учруулсан, зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн модоо “Киа бонго-3” маркийн ****улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэж гэмт хэрэг төгссөн байна гэж үзлээ.

 

Тухайлбал шүүгдэгч Н.Ү, Ш.А нар нь зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэж байгаа энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж түүнийг хүсч хийсэн, дээрх нөхцөл байдалд зориуд хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд хууль бус үйлдэл үр дагавар байгаль орчинд учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч Н.Ү, Ш.А нарыг “бүлэглэж ойд мод бэлтгэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Хохирол, хор уршиг

Шүүгдэгч Н.Ү, Ш.А нарын гэм буруутай үйлдлийн улмаас байгаль орчинд 1.445.618 төгрөгийн шууд хохирол учруулсан бөгөөд Байгаль орчны тухай хуульд заасны дагуу учирсан шууд хохирлыг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 4.336.854 төгрөгийн нөхөн төлбөр тавигдсан байна.

 

Үүнэс шүүгдэгч Н.Ү, Ш.А нар нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд 1.445.618 төгрөгийг төлж барагдуулсан байх тул үлдэх 2.891.236 төгрөгийг шүүгдэгч нараас гаргуулахаар шийдвэрлэсэн.

 

Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 2025 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл” мөрдөгчийн тэмдэглэл,

2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн №02 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоолыг тус тус хүчингүй болгож, шинэс төрлийн 3 кубметр урттай 60 ширхэг шургааг модыг,

          Мөн шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Киа бонго-3” маркийн ****улсын дугаартай тээврийн хэрэгслийг тус тус улсын орлогод оруулж шийдвэрлэв.

Шүүгдэгч Н.Ү, Ш.А нар болон тэдгээрийн өмгөөлөгч нар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар хүсэлт гаргаж шүүх хуралдааныг завсарлуулах тухай” хүсэлт гаргаж мөн хуулийн 34.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан хугацаанд завсарлуулж, шүүх хуралдааныг тогтоосон цагт эхлүүлэхэд шүүгдэгч Н.Ү, Ш.А нар нь хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгч нараас гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага  

Шүүх хуралдааны эрүүгийн хариуцлагын дүгнэлт танилцуулах шатанд:

Улсын яллагч Ж.Мөнхзул:

“...Шүүгдэгч Ш.А, Н.Ү нарыг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирлоо нөхөн төлсөн байдлыг нь харгалзан хохирохоос өөр төрлийн ял буюу тус бүрт нь  1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналыг гаргаж байна. Ялын бүсчлэлийг Төв аймгийн Эрдэнэ сум буюу тухайн шүүгдэгч нарын оршин байгаа газрын хаягаар гаргах саналыг гаргаж байна...” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Халиунаа:

“...Өмгөөлөгчийн зүгээс эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байна гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн 1.2-т гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн. Байгаль орчинд учруулсан нийт хохирол болох 4,446,534 төгрөгийг нөхөн төлж барагдуулсан. Эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар улсын яллагчийн зүгээс санал болгосон зорчих эрхийг хязгаарлах ялыг тэнсэн харгалзах хуулийн үндэслэл тогтоогдож байна гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно гэж заасан. Н.Ү, Ш.А нар нь хуульд заасан шаардлагыг хангаж байх тул 1 жилийн хугацаагаар тэнсэн харгалзах ял оногдуулж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Н.Ү:

“...Мал малладаг учраас зорчих эрхийг хязгаарлах ял хүндрэлтэй байна...” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Ш.А:

“...Би ээжийн хамт Налайх дүүрэгт амьдарч байгаа. Зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулбал ажил төрөл хийх боломжгүй болно...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцдэг.

 

Шүүх шүүгдэгч Н.Ү, Ш.А нарт хуульд заасан эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэлийг оногдуулахдаа хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тус тус тооцож үзэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Шүүх шүүгдэгч Н.Ү, Ш.А нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч  нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугийн талаар маргахгүй байгааг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч нарын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Ш.А, Н.Ү нарт хорих ял оногдуулахгүйгээр тус бүрийг 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв. 

 

Ийнхүү шийдвэрлэсэн нь шүүх хүнлэг энэрэнгүй байх, эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт хохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ

 

Бусад асуудал

Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 2025 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн №2446 дугаартай “Эд мөрийн баримтаар тооцох тухай” мөрдөгчийн тогтоол, 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн №02 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоолыг тус тус хүчингүй болгож, Эрүүгийн дугаартай хэрэгт иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүйг, энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, тэднээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг,

шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бензин моторт хөрөө 1 ширхгийг устгахыг тус шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт устгах комист даалгаж тус тус дурдаж байгаа болно.

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан

  шийдвэрлэх тухай хуулийн 1.15, 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10, 36.13.,

            37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус

                                заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдлэж ирүүлсэн шүүгдэгч Гыг “бүлэглэж хууль бусаар мод бэлтгэх” гэх үйлдэл холбогдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

 

 2. Шүүгдэгч Год урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн хүчингүй болгосугай.

 

3. Шүүгдэгч Н.Ү, А нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т “бүлэглэж хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан шүүгдэгч Н.Ү, А нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээг тус тус авсугай.

 

 5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасныг баримтлан шүүгдэгч Н.Ү, А нарт шүүхээс тэнссэн 3 /гурав/ жилийн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.  

 

 6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.Ү, А нарт хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 3 /гурав/ жилийн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг,

мөн тэнссэн 3 /гурав/ жилийн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд зааснаар ял оногдуулахыг тус тус мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ шүүгдэгч Н.Ү, Ш.А нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Киа бонго-3” маркийн ****улсын дугаартай тээврийн хэрэгслийг, шинэс төрлийн 3 кубметр урттай 60 ширхэг шургааг модыг тус тус улсын орлогод оруулсугай.

 

 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бензин моторт хөрөө 1 ширхгийг устгахыг тус шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт устгах комист даалгасугай.

 

9. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 2025 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн №2446 дугаартай “Эд мөрийн баримтаар тооцох тухай” мөрдөгчийн тогтоол, 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн №02 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоолыг тус тус хүчингүй болгож, Эрүүгийн дугаартай хэрэгт иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүйг, энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, тэднээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

10. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Ү, А нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээсүгэй.

 

11. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

12. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

13. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Н.Ү, А нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Ш.ГАНДАНСҮРЭН