Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 101/ШШ2023/02330

 

 

 

 

 

 

 

 

2023 05 10 101/ШШ2023/02330

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Ц.Т-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: О ХХК -д холбогдох,

 

Худалдах-худалдан авах гэрээг цуцалж, 800,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Батзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О ХХК-ийн зар сурталчилгааг үзэж, захирал Б.Чтай нь 22222222 утсаар холбогдон тайлбарлуулж, зөвлөгөө авсны үндсэн дээр дөрөө худалдан авахаар болж 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Б.Чын Хаан банк дахь 4444444 тоот дансанд өөрийн эзэмшлийн 333333333 тоот данснаас 800,000 төгрөгийг шилжүүлсэн.

Гэтэл үе дамжин эдлэгдэж, өвлөгдөх О нь ижил биш өнгөтэй, дөрөөний хадаас ижил биш тавилгатай, дөрөөний сэнж, нүхтэй хэсгүүдийн өнгөлгөө эрс өөр, өрөөсөн дөрөө нь нэлээд сайн гацаатай байсан. Энэ байдлыг захирал Б.Чт хэлж буцаахаар тохиролцсон. Наадмын дараа мөнгө өгнө гэсэн. Гэвч наадмын дараа 10 хоногийн дараа өгье гэж хугацаа сунгасан ба 10 хоногийн дараа 7 дугаар сарын 27-ны өдөр мөнгө буцааж өгөх хугацааг дахин сунгаж, 9 дүгээр сарын 01-ний өдөрт багтааж 800,000 төгрөгийг өгнө гэж өөрийн гараар бичиж, О ХХК-ийн тэмдэг дарж өгсөн.

Өнөөдрийг хүртэл 800,000 төгрөгийг эргүүлж өгөөгүй, утсаа авахгүй, авсан тохиолдолд өөрийн зоргоор ярьж загнаж, утсаа тасална. Мөнгө өгнө гэж тохирсон өдрөө алга болно, хуулиараа яваад аваарай гэж ихэрхдэг.

Иймд О ХХК-д алдсан 800,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд хариу тайлбар гаргаагүй.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтууд: нэхэмжлэгчийн нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Ц.Тын иргэний үнэмлэхийн хуулбар, Ц.Тын эзэмшдэг Хаан банк дахь 333333333 данснаас 4444444 дансанд 2022.08.07 өдөр 800,000 төгрөг шилжүүлсэн тухай депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Дархан хотын иргэн Т гэдэг хүнээс зарагдсан О буцаан авч, төлбөрийг буцаан олгохоор болов. 800,000 төгрөг буцаан олгоно. Олгох хугацаа 9 сарын 01-нд Ч хэмээн гараар бичиж, О ХХК-ийн тамга дарагдсан 2022.07.27 огноотой баримт, Оний фото зураг, О ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тус компанийн гүйцэтгэх захирал Б.Чын иргэний үнэмлэхийн хуулбар;

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ц.Т нь хариуцагч О ХХК-д холбогдуулан, худалдах-худалдан авах гэрээг цуцалж, 800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

2. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын талаар хариу тайлбар гаргаагүй ба хэргийг хэлэлцэх шүүх хуралдааны товыг мэдсэн боловч шүүхэд хүндэтгэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг хэлэлцэв.

3. Шүүх, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

4. Талууд 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдөр хэлцэл хийж, Ц.Т нь О ХХК-иас 800,000 төгрөгөөр дөрөө худалдан авч, дөрөөний үнэ 800,000 төгрөгийг худалдагч талд төлсөн ба худалдан авагч нь дөрөөг буцааж, худалдагч тал 800,000 төгрөгийг худалдан авагчид буцаан өгөхөөр тохиролцсон болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан Ц.Тын эзэмшдэг Хаан банк дахь 333333333 дансны хуулга, Дархан хотын иргэн Т гэдэг хүнээс зарагдсан О буцаан авч, төлбөрийг буцаан олгохоор болов. 800,000 төгрөг буцаан олгоно. Олгох хугацаа 9 сарын 01-нд Ч хэмээн гараар бичиж, О ХХК-ийн тамга дарагдсан 2022.07.27 огноотой баримт зэргээр тогтоогдлоо.

5. Дөрөө худалдах-худалдан авахаар талуудын хооронд хийгдсэн хэлцэл нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. гэж заасантай нийцсэн байна.

6. Ц.Тын худалдан авсан дөрөө нь ижил биш өнгөтэй, дөрөөний хадаас ижил биш тавилгатай, дөрөөний сэнж, нүхтэй хэсгүүдийн өнгөлгөө эрс өөр, өрөөсөн дөрөө нь гацаатай байсны улмаас дөрөөг буцаахаар тохиролцсон гэх нэхэмжлэгчийн тайлбарыг үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүй, дөрөөг буцаан авч 800,000 төгрөгийг буцаан өгөхөөр тохиролцсон үйл баримт тогтоогдож байх тул Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1.-д Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй. гэж зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.

7. Нэхэмжлэгч нь 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан худалдах-худалдан авах хэлцлийн талаар 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр тус шүүхэд хандсан нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6.-д Худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй. гэж заасантай нийцсэн.

8. Дээр дурьдсан, шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон үйл баримтыг дүгнэхэд, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1.-д Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй., 205 дугаар зүйлийн 205.1.-д Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй. гэж заасныг баримтлан, хариуцагчаас 800,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.-д Зохигчийн шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн байна., 42.4.-т Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно., мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.3.-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ. гэж заасан.

9.1. Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасны дагуу шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, татгалзал, тайлбараа өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүйг дурьдах нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.     Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1-д тус тус заасныг баримтлан, хариуцагч О ХХК-иас 800,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Тад олгосугай.

2.     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 23,800 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч О ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 23,800 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Тад олгосугай.

3.     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА