Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 114/ШШ2023/0009

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                        Хэргийн индекс: 114/2022/0015/З

   Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунчимэг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Энхболдыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

   Нэхэмжлэгч: “******* ******* *******” Боловсрол Сургалтын Байгууллага

    Хариуцагч: Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдох “Дархан-Уул аймгийн Засаг даргын  захирамжийг хүчингүй  болгуулж, газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай захирамжийн хавсралтын 2 дахь хэсэгт заасан хэсгийг сэргээхийг  даалгуулах” тухай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

   Шүүх хуралдаанд:

   Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.******* /онлайн/

   Хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. нар оролцов.

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

   Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

          1.1. “******* ******* *******” БСБ нь тус шүүхэд хандан  “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” дугаартай захирамжийг хүчингүй  болгуулж, аймгийн Засаг даргын 2017 оны дүгээр захирамжийн хавсралтын 2 дахь хэсэгт заасан хэсгийг сэргээхийг шүүхээр даалгуулах тухай  нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргасан.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар

2.1. Дархан- Уул аймгийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай” дүгээр захирамжийн хавсралтын 2 дахь хэсгээр “******* ******* *******” БСБ-ын нэгж талбарын дугаар бүхий 13500 м.кв газрын газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг 15 жилийн хугацаагаар сунгаж, 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр дугаартай газар  эзэмшүүлэх гэрээ байгуулсан /хх 9-11х/ байна.

2.2. Дархан-Уул аймгийн Засаг дарга 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” дугаартай захирамжийг гаргаж “******* ******* *******” БСБ-ын нэгж талбарын дугаар бүхий 13500 м.кв газрын гэрчилгээг хүчингүй болгохдоо Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэх хуулийн заалтыг үндэслэжээ.

 Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

 3.1. Нэхэмжлэгч “******* ******* *******” боловсрол сургалтын байгууллагын эрхлэгч Ж. шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “******* ******* *******” боловсрол сургалтын байгууллага нь Дархан-Уул аймгийн Засаг даргын 2017 оны дүгээр захирамжаар дугаар бүхий гэрчилгээтэй, нэгж талбарын дугаартай 1,3 га газрыг 15 жилийн хугацаатай Дархан сумын 14 дүгээр баг, 3 дугаар хороололд боловсролын байгууллагын зориулалтаар эзэмшихээр авсан билээ.

Тус боловсрол сургалтын байгууллага орчин үеийн хүүхэд, өсвөр үеийн хэрэгцээ шаардлагыг бүрэн хангасан олон улсын жишигт нийцсэн хими-биологи, физик-математик, япон хэл, англи хэл, монгол хэл-уран зохиолын төрөлжсөн, гүнзгийрүүлсэн сургалттай ерөнхий боловсролын бүрэн дунд сургууль барихаар барилгын зураг, төсөв бусад холбогдох баримт материалыг бүрдүүлэн ажилласан.

Барилгын ажил эхлэх үед нийтийг хамарсан Ковид- 19 цар тахлын улмаас манай үйл ажиллагаа доголдож Япон улсаас ирэх байсан хөрөнгө оруулалт хойшлогдож сургуулийн барилгын ажлыг эхлэх боломжгүй болсон, бараа бүтээгдэхүүний суурь үнийн өсөлтөөс хамаарч эдийн засаг хүндэрсэн үед Дархан-Уул аймгийн Засаг дарга 2022 оны 6 дугаар сарын 7-ны өдөр дугаартай захирамж гаргаж “******* ******* *******” боловсрол сургалтын байгууллагын газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгосон, аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга Д. 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 386 дугаартай албан бичгээр газрын гэрчилгээг хүчингүй болгосон тухай мэдэгдсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Тухайлбал, аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга Д. нь Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасан оролцогчийг сонсох тухай зохицуулсан "Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно" гэсэн заалтыг хэрэгжүүлээгүй болно.

    Аймгийн Засаг дарга захирамж гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг ямар ч хэлбэрээр явуулаагүй, тухайн цаг хугацаанд үүссэн давагдашгүй бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй хүчин зүйлийг тооцож үзэлгүй сүүлийн 2 жилийн хугацаанд ямар нэг үйл ажиллагаа явуулаагүй гэж үзсэн нь хуулиар олгосон аж ахуйн нэгж, байгууллагын эрх ашгийг зөрчиж хууль бус үндэслэлгүй захирамж гаргаж “******* ******* *******” боловсрол сургалтын байгууллагын үйл ажиллагаанд саад учруулж сэтгэл санааны болон эд хөрөнгө, санхүүгийн хохирол хүлээлгэж байна. Иймд “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” дугаартай захирамжийг хүчингүй  болгуулж, аймгийн Засаг даргын 2017 оны дүгээр захирамжийн хавсралтын 2 дахь хэсэгт заасан хэсгийг сэргээхийг шүүхээр даалгаж өгнө үү гэжээ.

 

 3.2.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “ Барилгын ажил Ковид цар тахлын улмаас японоос орж ирэх хөрөнгө оруулалт хойшилсон мөн “******* *******” БСБ-ын эрхлэгч гэдэг хүн эрүүл мэндийн шалтгааны улмаас 2018 оноос хойш элэгний хатуурал гэдэг оноштойгоор байнгын эмчилгээ хийлгэж газраа зориулалтын дагуу ашиглаж чадахгүй одоог хүртэл явсан байгаа гэвч 2015 онд тухайн газар дээр архитектур төлөвлөлтийн даалгавар батлагдчихсан газраа зориулалтын дагуу ашиглаад явж байсан байдаг. Ковид цар тахлын давагдашгүй хүчин зүйлийн улмаас сургуулийн барилгын ажлыг эхлүүлэх боломжгүй болсон байсан мөн бараа бүтээгдэхүүний өсөлт, эдийн засгийн хямралаас бодоод сургуулийн барилгаа эхлүүлээгүй. Дархан-Уул аймгийн Засаг дарга газар эзэмших эрхийг цуцлах тухай 2022 оны 06 дугаар 15-ны өдрийн 386 дугаартай албан бичгээр газрын гэрчилгээг хүчингүй болгосон тухай мэдэгдсэн гэж байгаа нь үндэслэлгүй. Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга Д. нь Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт заасан оролцогчийг сонсох тухай зохицуулсан, захиргааны акт гарах гэж байгаа талаар сонсох ажиллагааг хийгээгүй мэдэгдээгүй.

Мөн хэргийн материалаас харахад 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 666 дугаартай, 2019 оны 12 сарын 03-ны өдрийн 855 дугаартай мэдэгдлүүдийг сонсох ажиллагааг хийх ёстой байсан боловч энэ байдлуудыг нэхэмжлэгчид албан ёсоор хүргүүлсэн талаарх баримт хэрэгт авагдаагүй Захиргааны байгууллага сонсох ажиллагааг гүйцэтгээгүй гэж үзэж байна. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг ямар ч хэлбэрээр явуулаагүй. Давагдашгүй нөхцөл байдал байсан учраас сүүлийн 2 жилийн хугацаанд ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй гэж үзсэн нь бидний эрхийг зөрчөөд байна.

Иймд хууль бус, үндэслэлгүй захирамж гаргаж “******* *******” БСБ-ын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон Засаг даргын 159 дугаартай захирамжийг хүчингүй болгож газар эзэмших эрхийн гэрчилгээг сэргээж өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

 

3.3. Хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “******* *******” БСБ нь 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн ******* дугаартай захирамжаар төсөл сонгон шалгаруулалтаар 2 жилийн хугацаатайгаар 1,3 га газрыг анх олгосон дараа нь 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн ******* гэдэг захирамжаар хүчингүй болгосон байдаг энэ хүчингүй болгосон нь Дархан-Уул аймгийн Засаг дарга нарын томилогдсон томилогдоогүй гэдэг маргаанаас болж тухайн үед хүчингүй болоод. 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн дугаартай захирамжаар дахиж “******* *******” БСБ-д 15 жилийн хугацаатай олгогдсон. Дархан-Уул аймгийн Төрийн аудитын газар Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр нийцлийн аудит хийгдэж энэ өдөр ******* дугаартай албан шаардлагыг манайд ирүүлсэн байдаг. Үүнд Газрын тухай хуулийн 40 дүгээр  зүйлийн 40.1.6 дахь хэсэгт зааснаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй тухай зөрчлийг арилгах арга хэмжээ авах албан шаардлагыг манайд  ирүүлсэн.

Хуучин Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйл 29.2 дахь хэсэг шинэ хуулийн 27 дугаар зүйл заалт байгаа үүний дагуу Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 855 дугаартай, 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 666 тоот сонсох ажиллагааг Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу хийсэн. Энэ нь Монгол улсын засаг, захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг үндэслэн захиргааны шийдвэр гаргах үйл ажиллагаа эхэлсэн байдаг. Энийг авсан аваагүй гэж яриад байна.

Тухайн үед сонсох ажиллагааны тухай утсаар мэдэгдсэн, мөн манай дээр Монгол шуудангаас ирүүлсэн албан бичиг энд байна. Албан бичиг дээр 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр гээд Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт танай байгууллагаас Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 9а байрны 4 тоотод байрлах “******* *******” БСБ-ын хаяг дээр тоот шуудангийн дугаар бүхий албан бичиг илгээснийг 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 16:40 цагт  н. гэдэг хүнд гардуулав, гардуулсан хуудсыг хавсаргав Мөнхзул, Монгол шуудан компани гэсэн ар талд нь хуулбар үнэн гээд хүлээж авсан хүний тэмдэглэгээтэй албан бичиг тухайн үед ирсэн. Сонсох ажиллагааны талаар ямар нэг хариу, тайлбар ирүүлээгүй байж хүчингүй болгосон захирамжийн албан тоотыг хүлээж авсан байтлаа сонсох ажиллагааны тайлбар, хариу ирүүлээч гэхээр хариу ирүүлээгүй. Газар дээр бүтээн байгуулалт байхгүй, ашиглаагүй байгаа учраас тухайн бичиг баримтуудыг бүрдүүлж ирээгүй байна гэж үзэж байгаа. Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны урьдчилсан бэлтгэл ажлууд буюу сонсох ажиллагааны мэдэгдлийг сая ярилаа.

Анх 2015 оноос тооцвол 7 жил, 2017 оноос тооцвол 4 жилийн хугацаанд ямар нэг байдлаар энэ газраа ашиглаагүй байна гэж үзэж байгаа энд Ковид цар тахлаас өмнөх 2 жил нь ч орж байгаа. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1 дэх хэсэгт заасан заасан хуульд үндэслэх гэсэн зарчмыг хөндөөгүй, тус хуулийн 27 дугаар зүйлийн дагуу сонсох ажиллагааг хийж тайлбар болон санал өгөх боломжоор хангасан байдаг. Улсын дээд шүүхийн 2008 оны тайлбарын 1.11, хуулийн 40 дүгээр зүйлд заасан мэдэгдэнэ гэдэг нь Засаг даргын захирамж эсвэл түүний утгыг бүрэн илэрхийлсэн мэдээллийг эрхийн гэрчилгээ эзэмшиж байсан этгээдэд гардуулах, түүний оршин суугаа болон ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар хүргүүлэх, утас,факс, e.mail, цахилгаан зэргээр холбогдох этгээдэд мэдэгдэж түүнийг баталгаажуулсныг хэлнэ гэсний дагуу 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 855 дугаартай сонсох ажиллагааны мэдэгдлийг тухайн байгууллагын улсын бүртгэлийн мэдээлэл дээр байх Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 9А байрны 04 тоот хаягаар хүргүүлсэн, Байгууллагын дотоод утас буюу 70376483 утсаар дугаарт 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 15:40 цагт холбогдож мэдэгдлээ авахыг мэдэгдэхэд ирж аваагүй. Дахин 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 666 тоот мэдэгдлийг шуудангаар тус хаягт дахин хүргүүлж, 2 дахь сонсох ажиллагааны мэдэгдлийг 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр шуудангаас гэдэг хүн авсан ч үүн дээр одоог хүртэл тайлбар ирүүлээгүй байгаа иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож Дархан-Уул аймгийн Засаг даргын захирамжийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

          Шүүх хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц. нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 09 цагт товлогдсон шүүх хуралдаантай давхацсан гэх үндэслэлээр тус шүүхээс 10 цагт товлон зарласан шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг 09 цаг 55 минутад ирүүлсэн боловч тус шүүх хуралдаан дууссаны дараа уг хүсэлтийг ирүүлсэн болох нь шүүгчийн туслахын “утсаар ярьсан тэмдэглэл”-ээр тогтоогдсон тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлт, өмгөөлөгч Б.*******гийн “Ц. шүүх хуралд оролцохгүй, би оролцоод явна” гэж утсаар ярьсан тэмдэглэл зэргийг үндэслэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.ыг оролцуулаагүй шийдвэрлэсэн болно.

 

    Нэг. “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” дугаартай захирамжийг хүчингүй  болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

    1. Анх  “******* ******* *******” БСБ нь  Дархан-Уул аймгийн Засаг даргын 2015 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн А/184 дүгээр захирамжаар зарлагдсан газар эзэмших эрхийн төсөл сонгон шалгаруулалтад орж, 9 дүгээр нэгж талбарт шалгарч, улмаар 2015 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн ******* дугаар захирамжийн хавсралтын 2 дахь хэсгээр маргаан бүхий газрыг сургуулийн зориулалтаар 2 жилийн хугацаагаар эзэмших эрхтэй болж 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 000317719 дугаартай гэрчилгээ авч, гэрээ байгуулсан.

          1.2.Дархан-Уул аймгийн Засаг дарга 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн                          ”Захирамжуудыг хүчингүй болгох тухай” ******* дугаар захирамжаар дээрх ******* дугаартай захирамжийг хүчингүй болгосныг эс зөвшөөрч нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргасныг Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 04 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 199 дүгээр магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 190 дүгээр тогтоолоор хангаж шийдвэрлэсэн байна.

          1.3. Улмаар Дархан-Уул аймгийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн  “Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай” дүгээр захирамжийн хавсралтын 2 дахь хэсгээр маргаан бүхий нэгж талбарын дугаар бүхий газрын газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг 15 жилээр сунгаж, 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр дугаартай гэрчилгээг олгож, ******* дугаартай гэрээг байгуулжээ.

          1.4. Хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг дарга 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн дүгээр захирамжаар “******* ******* *******” БСБ-ын газар эзэмших эрхийн гэрчилгээг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, Газар эзэмших гэрээний 3.1 дэх заалтуудыг үндэслэн хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

          1.5. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д  “Аймаг, нийслэл,сум, дүүргийн Засаг дарга дараах тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно”, 40.1.6-д ”хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил  дараалан ашиглаагүй” гэжээ.

          1.6. Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн "Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай" 15 дугаар тогтоолын 1.10 дахь заалтад "Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан ”... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ..." гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно”, мөн зүйл, хэсэгт заасан "... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй" гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно ” гэж тус тус тайлбарлажээ.

          1.7. Дээрх тайлбараас авч үзвэл аливаа иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтад заасан үндэслэлээр хүчингүй болгоход тухайн газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ашиглаагүй байх, газар эзэмшүүлэх /ашиглуулах/ гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газраа гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй байх урьдчилсан нөхцөл хангагдсан байхыг шаардана.

          1.8. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч “******* ******* *******” БСБ нь аймгийн Газрын харилцаа,барилга хот байгуулалтын газартай 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр  ******* дугаартай гэрээ байгуулсан байх бөгөөд энэхүү өдрөөс хойш хуанлийн бүтэн 2 жилийн хугацааг тоолоход 2019 оны 12 дугаар сарын 28-ны өдөр  дуусахаар байна.

          1.9. Дархан-Уул аймаг дахь Төрийн аудитын газрын 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн “Зөрчил арилгуулах тухай” *******  дугаар албан шаардлагад дурдсан    Газрын тухай хуулийн  40.1.6- д заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй аж ахуйн нэгж байгууллагын дотор “******* ******* *******” БСБ багтсан байна.

          1.10. Хариуцагчаас “Зөрчил арилгуулах тухай” *******  дугаар албан шаардлагыг манайд  ирүүлснийг үндэслэн  маргаан бүхий дугаартай захирамжийг      гаргасан” гэж тайлбарлаж байгаа.  Гэвч дээрх албан шаардлага гарсан 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэгч газрыг гэрээний дагуу эзэмшиж эхэлсэн 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс хойш 2 жил өнгөрөөгүй  байсан болох нь тогтоогдож байна.

          1.11. Хариуцагч Засаг дарга нь эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзээгүй, нэхэмжлэгчийг газраа 2 жил дараалан ашиглаагүй нь “ хүндэтгэн үзэх шалтгаан”-тай байсан  эсэх, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл бүрдсэн эсэхийг шалгаж тогтоолгүй, нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгож, 386 дугаартай албан бичгээр мэдэгдсэн нь Газрын тухай хуулийн 40.2-д “ энэ хуулийн 40.1-д заасан үндэслэл тогтоогдвол аймаг, сум,нийслэл, дүүргийн Засаг дарга эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гаргаж, ... мэдэгдэнэ” гэж заасныг зөрчсөн, бодит нөхцөл байдалд тохироогүй шийдвэр гаргажээ.

          1.12. Газрын тухай хуулийн 40.2-д заасан шийдвэрийг гаргах бүрэн эрх Засаг даргад олгогдсон, уг шийдвэрээ гаргахаас өмнө 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан  үндэслэл байгаа эсэхийг хариуцагч тогтоосны үндсэн дээр шийдвэрээ гаргах үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

    1. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 855, 2021 оны 11дүгээр сарын 3-ны өдрийн 666 дугаартай сонсох ажиллагааны мэдэгдлийг нэхэмжлэгчид албан ёсоор хүргэсэн талаарх баримт хэрэгт авагдаагүй гэх үндэслэл нь хэрэгт нотлох баримтаар авагдсан Монгол шуудан ХК-ийн22/30 дугаартай албан бичиг, нэхэмжлэх, Газрын харилцаа,барилга хот байгуулалтын газрын 592, 90 дугаартай албан бичиг, явуулсан бичгийн бүртгэл,утсаар ярьсан тэмдэглэл хариуцагчийн тайлбар зэргээр үгүйсгэгдэж байгаа болно.
    2. Иймд дээрх үндэслэлүүдээр  “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” дугаартай захирамжийн улмаас нэхэмжлэгчийн газар эзэмших эрх зөрчигдсөн байх тул хүчингүй  болгох үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Хоёр. Дархан -Уул аймгийн Засаг даргын 2017 оны дүгээр захирамжийн хавсралтын 2 дахь хэсэгт заасан хэсгийг сэргээхийг шүүхээр даалгуулах  нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 

2.1. Нэхэмжлэгч “******* ******* *******” БСБ-ын нэхэмжлэлийн шаардлагыг  хангаж “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” дугаартай захирамжийг хүчингүй  болгосноор Дархан-Уул аймгийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн” Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай” дүгээр захирамжийн хавсралтын  “******* ******* *******” БСБ-д холбогдох хэсгийн үйлчлэл сэргэж байгаа тул  уг захирамжийн хавсралтын 2 дахь хэсэгт заасан хэсгийг сэргээхийг шүүхээр даалгуулах  нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.13 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1.Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.6-д заасныг баримтлан  нэхэмжлэгч “******* ******* *******” БСБ-ын нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, Дархан-Уул аймгийн Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” дугаартай захирамжийг хүчингүй  болгож, үлдэх Дархан-Уул аймгийн Засаг даргын 2017 оны дүгээр захирамжийн хавсралтын 2 дахь хэсэгт заасан хэсгийг сэргээхийг шүүхээр даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “******* ******* *******” БСБ-д олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108  дугаар зүйлийн 108.4 дэх хэсэгт заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 108.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авахыг дурдсугай.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4 дэх хэсгүүдэд зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш  14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах,  гомдол гаргах эрхтэй.

 

 

                                                                   ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНЧИМЭГ