Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 280

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга Н.Жавхлан,

Улсын яллагч М.Мөнхцэцэг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Баярбаясгалан,

Шүүгдэгч Р.Энхмөнх нарыг оролцуулж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дэлгийнхэн овогт Рэнчинлхагвагын Энхмөнхөд холбогдох эрүүгийн 201726020582 дугаартай хэргийг 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1989 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш дасгалжуулагч мэргэжилтэй, “Спийд фит” ХХК-д дасгалжуулагч ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо автозамчдын 56-б байрны 2 тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй гэх, Дэлгийнхэн овогт Рэнчинлхагвагын Энхмөнх /РД:ЙБ89042415/.

 

Үйлдсэн хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичсэнээр/:

Шүүгдэгч Р.Энхмөнх нь 2017 оны 02 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 90 дүгээр байрны 505 тоотод бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин Б.Бат-Оргилыг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Р.Энхмөнх мэдүүлэхдээ: “2017 оны 02 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Үүрцайхын гэрт Гантулга, Цацрал, Мөнхбат, Батбаяр бид нар сагсны тэмцээнд оролцоод медалынхаа баярыг тэмдэглэж байсан. Үүрцайхын найз Бат-Оргил гэж залуу гаднаас согтуу орж ирсэн. Тэгээд бид нар ярилцаж байхад Оргил Алматад байсан талаараа ярьсан ба би Кубад сурч байсан талаараа яриад аялах боломжтой талаар хэлэхэд Оргил чадах уу гөлөгөө агаарын юм ярьлаа гээд хэл амаар доромжилсон ба маргаан гаргахгүй гээд тагтан дээр гарч тамхи татаад буцаж орж ирэхэд эвгүй байдалтай хандаад байсан. Тэгэхээр нь би өөр өрөөнд орсон. Тэгтэл араас Үүрээ Оргил хоёр орж ирээд уучлаарай гээд гар барьснаа нөгөө гараараа нүүр лүү цохихоор нь би эргүүлээд хоёр удаа цохьсон. Тэгэх үед Үүрээ Мөнхбат нар биднийг салгасан ба Оргил над руу ална гээд дайраад байсан. Нөгөөдөр нь би Оргилоос уучлалт гуйсан. Хохирогч Бат-Оргилд 2.800.000 төгрөгийн хохирол барагдуулсан” гэв.

 

Мөрдөн байцаалтанд хохирогч Б.Бат-Оргил мэдүүлэхдээ: “...2017 оны 02 дугаар сарын 12-ны өдөр гадуур явж байтал Үүрээ гэх манай найзын найз надруу яриад хаагуур байна хөгшөөн би тэмцээнд ороод найзуудтайгаа хамт байж байна манайд хүрээд ирэх үү архи ууж байна гэхээр нь би өөрөө бага зэрэг халамцуу байсан учраас мөн ажил төрөл Үүрээтэй ярихаар байсан тул гэрт нь яваад очсон.Тэдний гэрт ороход Үүрээгээс гадна 3 залуу нэг хүүхэн байхаар нь тэд нартай танилцсан Үүрээгээс бусад нь танихгүй залуучууд байсан. Намайг ороход тэд нар архи ууцгааж байсан надад хийж өгсөн тэгээд Үүрээ дэлгүүрээс гарч нэг шил архи авчираад бүгдээрээ хувааж ууцгааж байсан. Тэгээд ууж сууцгаагаад хоорондоо танилцаад шивээстэй байсан Энхмөнх гэх залуутай ярилцаж байгаад Үүрээтэй ярьж байгаад би өөрөө Казакстан улс руу явах ажилтай байсан тул Үүрээ хоёулаа хятадад уулзъя тэндээс том машинаа оруулж ирье гээд ярилцаж байхад Энхмөнх дундуур орж ирээд Куба улс руу явъя гээд дундуур орж ирээд аялъя зугаалъя гэхээр нь би наадах чинь бол худлаа хөгшөөн гээд маргалдаж эхэлсэн.Тэгээд тагт руу би хэнтэй нь билээ Үүрээ эд нартай бүгдээрээ гараад тамхи татсан ба татаж байхдаа ямар нэгэн маргаан муудалцаан болоогүй.Буцаж орж ирээд архиа ууцгааж байгаад Кубын талаар Энхмөнх яриад эхэлсэн тэгэхээр нь би Куба улс руу явна гэдэг угаасаа худлаа гөлөгөө тийм агаарын юм байхгүй гэж хэлсэн.Гэтэл хажуу талаас нь дунд зэргийн нуруутай жижигхэн залуу миний нүүрлүү цохисон. Тэгтэл Энхмөнх босч ирээд миний нүүрлүү мөн цохиж байсан.Ингээд 2 залуу нийлээд намайг цохиод байсан би болиулах гэтэл дийлэхгүй ганцаараа байсан. Би доошоо тонгойгоод хананд шахагдсан байж байхад дээрээс цохиод байсан хэн нь яаж цохиж байгаа нь сайн харагдахгүй байсан.Тэгтэл Үүрцайх ирж салгаад арай гайгүй болсон. Тэр Энхмөнхөөс гадна намайг цохисон залууг би сайн харвал одоо танина. Тэр залуу нь Энхмөнхтэй нийлж намайг цохисон байгаа.Үүрээг салгах үед би өөрөө шүд унасан гэдгээ мэдсэн байгаа.Үүрээ бол намайг цохиогүй байгаа ганц нэг удаа боль гээд алагадаж байсан.Тэгээд салцгаагаад таксинд суугаад намайг Үүрээ явуулсан. Намайг гэртээ харих шөнийн 02 цаг орчим болж байсан байхаа.

Шивээстэй залуу гэж Энхмөнхийг хэлээд байгаа юм. Харин нөгөөх залууг нь харвал танина. Ерөнхийдөө бүгд нэг жигд нуруутай залуучууд байсан...”гэжээ. /хх 14-15 хуудас/

 

Гэрч Х.Үүрцайх мэдүүлэхдээ: “....2017 оны 02 дугаар сарын 12-ны өдөр манай сургуулийн сагсны тэмцээнд медаль аваад манай гэр болох Баянгол дүүргийн 4 дүгээр хороо 90 дүгээр байрны манай гэрт манай сургуулийн найзууд болох Энхмөнх, Мөнхбат, Гантулга, Цацрал, Батбаяр нарын хамт баяраа тэмдэглээд архи уусан. Тэгэж байтал Бат-Оргил гэх манай найз надруу яриад ажил хэрэг байнаа хятадаас том оврын машин оруулж ирэх гэж байгаа талаар хэлсэн. Би гэртээ байна найзуудтайгаа байна чи маргааш болох уу яах уу гэхэд би жоохон юм уучихсан байна яваад ирье гэхээр нь би гэрийнхээ хаягыг зааж өгсөн. Бат-Оргилыг орж ирэхэд би нэг шил архи задлаад найзуудтайгаа танилцуулсан. Ярилцаж байхдаа Бат-Оргил хоёулаа Алматагаас Хөх хот руу шууд нисье тэндээс машинаа авъя гэхэд би хоёулаа ажил төрлөө маргааш яръя гэсэн. Тэгэхэд Энхмөнх ярилцан Бат-Оргил буюу Оргилыг чи Алматад байсан юм уу хэр удаан амьдарсан юм бэ гэхэд Оргил би бол Алматад бол нилээн удсан тэнд их нөлөөтэй гэсэн утгатай зүйл хэлэхээр нь Энхмөнх би бас Куба улсад их удаан амьдарсан байгаа юм аа. Тэнд та нарыг очвол зуучлаад газар үзүүлээд аваад явж чаднаа гэхэд Оргил чи яг чадах уу, Кубад чи хэр юм бэ амжих уу гэсэн зүйл хэлсэн. Энхмөнх би Кубад бол удсаан та нарыг аваад явж чадна гэж хэлсэн. Хэсэг маргалдаж байгаад Энхмөнх, Бат-Оргил нар тагтан дээр гарч тамхи татаад буцаж орж ирээд удалгүй Оргил гар баръя хөгшөөн гээд Энхмөнхийг араас нь дуудаад гар барингуутаа нөгөө гараараа Энхмөнхийн нүүрлүү цохисон. Энхмөнх буцаагаад нэгээс хоёр цохисон. Тэгэхээр нь Мөнхбат бид 2 очиж салгасан. Тэр 2 жижиг өрөөнд байсан.Тэр өрөөнөөс гараад том өрөөнд орж ирээд дахиад Энхмөнх, Оргил 2 маргалдаад Энхмөнх чи намайг гар бариад цохиж байгаа юм уу гээд хэлж байсан. Тэгтэл Оргил руу харахад үүдэн дээд нэг шүд нь хөдөлсөн уруул амнаас цус гарсан байсан. Гэтэл Оргил шүдээ хөдөлгөхөд уначихсан ба Оргил бүүр орилоод дахиад Энхмөнх рүү дайраад болиулах гэж байсан Гантулга, Батбаяр нарыг нэг нэг цохисон намайг бол мөн цохиж байсан. Үүрээ чи ямар гөлөгнүүд аваад ирсэн юм бэ гээд байсан. Тэгээд би Оргилыг ганцааранг нь дагуулж гараад Оргилыг таксинд суулгаж явуулсан. …Оргилыг Энхмөнхөөс өөр хүн цохиж зодоогүй ээ...”гэжээ. /хх 17-18 хуудас/

 

Гэрч Б.Цацрал мэдүүлэхдээ: “...2017 оны 02 дугаар сард байсан өдрийг нь сайн санахгүй байна би ангийнхаа залуучуудтай тэмцээнд ороод медаль авсан. Тэгээд Үүрцайхын гэр болох Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны панасониктой байр болох тэнүүн апартмент гэх байранд оройн 20 цагийн орчим очсон. Тэдний гэрт очихдоо нэг шил архи аваад очсон байсан. Тэгээд ууж байтал Үүрцайх манай нэг найз ирэхээр болчихлоо ирье гэнээ гэхээр нь бид нар танай гэр юм чинь бид нар юу хэлэх вэ гэсэн. …Оргил гэх залуу … Орж ирэхдээ бага зэрэг халамцуу архи уусан юм болов уу гэж харагдаж байсан. Бид нар ярилцаж байхдаа ажлынхаа талаар ярилцаж байгаад бие биенийхээ ажлын талаар ярилцаж байгаад би жижиг өрөөнд ганцаараа ороод унтсан. Намайг унтаж байхад том өрөө жижиг өрөөний голын кордиорт хүмүүс түжигнэх чимээ гарахаар нь босч очоод өрөөнөөс гараад очтол Оргилын амнаас цус гарчихсан байсан. Энхмөнх Мөнхбат нар болохоор жижиг өрөөнд ороод зогсчихсон Мөнхбат Энхмөнхийг салгасан юм боловуу гэмээр харин Үүрцайх Оргилыг бариад зогсч байсан. Оргил миний шүдийг цохичихлоо гэж байсан өөр юу ярьсныг нь сайн санахгүй байна. Буйлнаас нь цус гарч байхаар нь дагуулаад нойлын өрөө рүү оруулаад цусыг нь угаалгаад яагаад ийм зодоон болсон юм бэ, эвлэрчих битгий маргалдаа гэхэд заза гэж байсан. Өөр онцын зүйл яриагүй. Хэсэг хугацааны дараа тайвширчих шиг болохоор нь нойлын өрөөнөөс авч гараад Оргил эвлэрье гэж байснаа үүдэн шүдээ хөдөлгөөд байсан тэгэхээр нь би битгий хөдөлгөөд бай оролдохоо болиоч ээ гэсэн. Энхмөнх өрөөнөөс гарч ирээд тэр 2 эвлэрье гээд Оргил Энхмөнхийг хараад уурлаад байсан.Чи миний шүдийг цохидог хэн бэ гээд байсан тэгснээ гар барьснаа Энхмөнхийг Оргил шанаа хэсэг рүү нь цохичихсон. Чи болиоч ээ яаж байгаа юм бэ гэхэд Оргил заза одоо ингээд тэнцчихлээ гээд дахиад гар баръя эвлэрье гэхээр нь би цохичихно гэж бодоод гар бариулаагүй ээ. Энхмөнх гэрээс Батбаяр, Мөнхбат нартай хамт гараад явсан хэсэг хугацааны дараа Үүрцайх Оргилыг аваад явсан...” гэжээ. /хх 19-20/

 

Гэрч Э.Мөнхбат мэдүүлэхдээ: “...2017 оны 02 дугаар сарын 12-13-нд шилжих шөнө Үүрцайхын гэрт ангийнхнаараа бид нар очсон юм. Тухайн үед бид нар тэмцээнд түрүүлсэн гээд нийлцгээсэн байсан. Тэр өдөр Цацрал, Гантулга, Үүрцайх, Батбаяр нар байсан. …Оргил гэх залуу Үүрцайх руу оройн 21 цагийн орчим яриад ирсэн байсан. …Оргил орж ирээд бид нартай танилцсан. …Сууцгааж байгаад Энхмөнх, Оргил, Үүрээ нар тагтан дээр гарч орж тамхилаад байсан хэзээ нь тэр улс орнуудын талаар ярилцсаныг нь сайн сонсоогүй. Миний мэдэхийн тэнд сурч байсан тэнд амьдарч байсан гэж улс орны талаар л ярьж байсан. Энхмөнх өөрөө куба улсад сурч байсан та нарыг очих юм бол алзахгүй нутгийг нь үзүүлж болноо гэхэд Оргил чи чадах уу гээд л маргаан эхэлсэн. Энхмөнх, Оргил нар муудалцаж байгаад болиод гар баръя гээд нэг удаа гар бариад 2 дэх удаа дээр нь гарыг нь барингаа Энхмөнхийг Оргил цохисон. Энхмөнх урдаас нь уурлаад Оргил дайрсан. Би тэгэхээр нь зодоон болж байна гээд салгах Энхмөнхийн урдаас нь цээжээр нь тэврэхэд зөрүүлээд миний араар цохисон юм шиг байгаа Оргилын амнаас нь цус гарчихсан байсан. Гэхдээ яг шүд нь уначихсан бол байгаагүй хөдөлсөн байсан. …Нойлын өрөөнөөс Оргил гарч ирээд шүдээ хөдөлгөөд байсан. Гэхдээ яг унасан шүд барьж байхыг нь хараагүй. Оргил буцаж гарч ирээд Үүрээ рүү уурлаад “чи харж байна уу, миний шүд ийм болчихлоо” гээд Үүрээг цохиж байсан Үүрээ хариу үйлдэл үзүүлээгүй. Та нар эндээс гарч чадна гэсэн зүйл байгүй та нарыг бүгдийг ална гээд Оргил хашгираад байсан. Энхмөнх ерөнхийдөө тэгс хийгээд өөрөө холдсон Оогилыг гаргах гэж байхад намайг ч цохих гэж дайрсан гэхдээ онож цохиогүй. Тэндээсээ би Оргилд хандаж чи одоо болио арай дэндүү байнаа гэхэд чи зэвүүн бацаан байнаа гээд байсан. Тэгсхийгээд байдал намжаад Оргилыг гаргаж явуулсан. Энэ маргаан 20-30 орчим минут болсон байхаа.

Би Энхмөнхийг тэвэрсэн байхад 2 удаа цохих шиг болсон тэгэхэд гэмтсэн гэж бодсон. Бид нар дундаас биеэр намхан залуу нь Батбаяр байгаа юм. Би өөрөө 182 см өндөртэй хамгийн өндөр нь байсан...” гэжээ. /хх 21 хуудас/

 

Гэрч О.Гантулга мэдүүлэхдээ: “...2017 оны 02 дугаар сард байсан санаж байна манай сургуулийн тэмцээн болоод манай ангийн залуучууд болох Үүрцайх, Энхмөнх, Цацрал, Мөнхбат, Батбаяр нарын хамт медаль авсан гээд би баяр хүргэхээр өдөр цугларсан.Тэгээд баяраа тэмдэглээд би нэг шил архи бариад очсон юм аа тэгээд замаасаа ууж идэх хоол ундны зүйл авч орсон. Намайг ороход нэг шил архи задалчихсан эхэлчихсэн гээд сууцгааж байсан. Үүрцайхын найз нь гэх залуу нилээн орой болсон байхад ганцаараа ирсэн байсан. Тэр залуу гаднаас ирэхдээ нилээн согтуу байдалтай байсан ба би ч гэсэн өөрөө согтолттой байсан. Бид нартай танилцаад нэрийг нь бол одоо санахгүй байна өндөр тарган залуу байсан шиг санаж байна. Тэгээд нилээн хоорондоо ажил төрлийн талаар архи уунгаа ярилцаж байхад Энхмөнх, тэр залуу 2 улсуудын талаар ярилцаж байгаад би тэр улсыг мэддэг гээд бие биенийхээ дээр гарах гэсэн зүйл ярьж байсан. Надад бол энэ яриа нь үнэхээр сонирхолтой санагдаагүй ээ тэгээд Энхмөнх ярихдаа би Куба улсад байсан тэнд очвол танилтай та нарыг хэлсэрчлээд явж болноо гээд нилээн удаан юм ярьцгаасан. Би тэгээд тэд нарыг яриаг сонсч байгаад архиндаа согтоод бага зэрэг унтсан байдалтай байсан. Намайг унтахаас өмнө Энхмөнх, тэр залуу 2 гөлөг минь гэсэн зүйл ярьж байсан. Манай хэд яриаг нь болиулах гэж больцгоо гэж байсан. Тэр залуу агсам тавиад байсан юм. Гэтэл би нэг сэргэхэд Энхмөнх тэр залуутай хоорондоо цохилцсон байсан ба намайг харахад тэр залуугийн ам уруул орчим нь цус болчихсон Энхмөнх руу дайраад байсан тэгэхээр нь би очоод больцгоо гэж хэлсэн. Тэр залууг явуулах гэж бид нар оролдсон. Цацрал харин угаалгын өрөө орж цусыг нь угааж өгч байсан ба удалгүй гарч ирээд дахиад Энхмөнхийг цохих гээд дайраад байсан тэгээд тэнд байсан эрчүүдээрээ бид нар тэр залууг явуулах гээд гадаа гарцгаасан ба би бас араас нь гарсан юм. Гараад Үүрээ тэр залууг таксинд суулгаад явуулсан ба Үүрээгээ цохиод байсан Үүрээ харин тэр залууг цохихгүй байсан.Тэгээд бид нар салцгаасан юм аа. Оргил гэх залуу агсараад байхаар нь бид нар салгаж гэж очиход намайг нүүрэн тус газарт цохиж байсан гэхдээ миний биед учирсан гэмтэл байгаагүй яагаачгүй зүгээр байсан.Тухайн үед би эмнэлэгт ч үзүүлээгүй ээ...” гэжээ. /хх 22 хуудас/

 

Гэрч Б.Батбаяр мэдүүлэхдээ: “...2017 оны 02 дугаар сард манай сургуулийн сагсны тэмцээн болоод манай ангийнхан алтан медаль авсан гээд намайг оройн нь дуудсан байсан. Би тэмцээний үеэр очиж амжаагүй байсан.Үүрээгийн гэрт очиход Энхмөнх, Үүрээ, Цацрал, Гантулга нар ирчихсэн нэг шил архи задалчихсан уугаад сууж байсан. Удалгүй Үүрээгийн найз гэх Оргил гэх залуу гаднаас согтуу халамцуу ирсэн ба бүгдтэй нь танилцсан. Хэсэг сууж байгаад тагт руу Энхмөнх ,Үүрээ, Оргил нар тамхилах гээд гарсан. Юм ярьж сууж байгаад Үүрээ Оргил 2 хамт гадагшаа явах ажилтай байсан уу ажлынхаа талаар ярилцаж байгаад Энхмөнх өөрөө Куба улсад суралцаж байсан болохоор Кубад очвол хөгшиндөө хэлээрэй гэж Оргил, Үүрээ нарт хэлсэн. Тэгээд Куба улсын талаар ярилцаж байгаад маргаан нь хоорондоо хэрүүл болоод босоод ирэхээр нь бид нар салгасан. Гантулга Оргилтой танилцчихаад унтчихсан байсан. Тэгтэл Оргил Энхмөнхөөс уучлаарай хөгшөөн гээд гар барих гээд очтол Энхмөнх гар барьсан тэгтэл Оргил шууд Энхмөнхийг цохисон. Энэ үед Энхмөнхийг Мөнхбат хориглож байсан. Тэгтэл Энхмөнх Оргилын нүүрлүү нь шууд цохисон хэдэн удаа цохисныг нь хараагүй. Тэгэхээр нь Мөнхбат Энхмөнхийг цааш нь аваад Оргилыг Үүрээ тайвшир гээд би хажуунаас хөгшөөн боль гэж хэлсэн. Тэгтэл Оргилын шүд нь хөдөлчихсөн санжигнаж байсан тэгэхээр нь Оргил хөдөлгөж байгаад авчихсан. Ариун цэврийн өрөө рүү хэн нь билээ нэг нь авч ороод амыг нь зайлж цусыг нь угаасан. Амнаас нь цус гарчихсан байсан. Оргил гарч ирээд Энхмөнхтэй ална тална гээд маргалдахаар нь би тайвшир хөгшөөн гэхэд та нарыг алнаа гээд намайг миний нүд рүү цохисон. Бас Гантулгыг цохиж байсан Үүрээ Оргилыг цааш нь аваад явж байсан. Тэгээд удалгүй гарцгаагаад явчихсан. Оргил нойлд орчихоод гарч ирэхдээ шүдний сойз барьчихсан ишийг нь харуулсан байсан ба алнаа гээд байсан. Уг сойзыг халааснаасаа гаргаж ирсэн. Маргааш нь миний нүд хөхөрсөн байсан ба Үүрээгийн найз Оргилын шүд унасан учраас хоёрын хооронд гэж бодоод цагдаад ч очоогүй эмнэлэгт ч очоогүй байсан. Би Оргилыг цохиж зодоогүй боль гэж тайвшируулсан...” гэжээ. /хх 23/   

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн №2776 дугаартай дүгнэлтэд: 1. Бат-Ориглын биед тархи доргилт, 2 нүдний доод зовхинд цус хуралт, доод уруулд язрал, дээд үүдэн баруун 1-р шүдний булгарал, дээд уруул, зүүн чамархай, шанааны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Дээд үүдэн баруун 1-р шүдний булгарал гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд 5% нөлөөлнө. /хх 29 хуудас/

 

Зураг таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /хх 10-11/

Хохирлын баримтууд /хх 24-26/

Иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 38,44/ зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу авагдсан байх ба нотлох баримтын шаардлага хангасан болно.

 

Шүүхийн дүгнэлт:

Баянгол дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Р.Энхмөнхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг өөрчилж мөн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар хөнгөрүүлэн зүйлчлэх үндэслэлтэй байна. Учир нь:

 

Гэрч Х.Үүрцайхын: “...Энхмөнх би Куба улсад их удаан амьдарсан байгаа юм аа. Тэнд та нарыг очвол зуучлаад газар үзүүлээд аваад явж чаднаа гэхэд Оргил чи яг чадах уу, Кубад чи хэр юм бэ амжих уу гэсэн зүйл хэлсэн. Энхмөнх би Кубад бол удсаан та нарыг аваад явж чадна гэж хэлсэн. Хэсэг маргалдаж байгаад Энхмөнх, Бат-Оргил нар тагтан дээр гарч тамхи татаад буцаж орж ирээд удалгүй Оргил гар баръя хөгшөөн гээд Энхмөнхийг араас нь дуудаад гар барингуутаа нөгөө гараараа Энхмөнхийн нүүрлүү цохисон. Энхмөнх буцаагаад нэгээс хоёр цохисон...”гэх мэдүүлэг /хх 17-18/

 

Гэрч Б.Цацралын: “...Намайг унтаж байхад том өрөө жижиг өрөөний голын коридорт хүмүүс түжигнэх чимээ гарахаар нь босч очоод өрөөнөөс гараад очтол Оргилын амнаас цус гарчихсан байсан...” гэх мэдүүлэг /хх 19-20/

 

Гэрч Э.Мөнхбат мэдүүлэхдээ: “...Энхмөнх өөрөө куба улсад сурч байсан та нарыг очих юм бол алзахгүй нутгийг нь үзүүлж болноо гэхэд Оргил чи чадах уу гээд л маргаан эхэлсэн. Энхмөнх, Оргил нар муудалцаж байгаад болиод гар баръя гээд нэг удаа гар бариад 2 дэх удаа дээр нь гарыг нь барингаа Энхмөнхийг Оргил цохисон. Энхмөнх урдаас нь уурлаад Оргил дайрсан. Би тэгэхээр нь зодоон болж байна гээд салгах Энхмөнхийн урдаас нь цээжээр нь тэврэхэд зөрүүлээд миний араар цохисон юм шиг байгаа Оргилын амнаас нь цус гарчихсан байсан. …Оргил буцаж гарч ирээд Үүрээ рүү уурлаад “чи харж байна уу, миний шүд ийм болчихлоо” гээд Үүрээг цохиж байсан Үүрээ хариу үйлдэл үзүүлээгүй. Та нар эндээс гарч чадна гэсэн зүйл байгүй та нарыг бүгдийг ална гээд Оргил хашгираад байсан...” гэх мэдүүлэг /хх 21/

 

Гэрч О.Гантулгын: “...Энхмөнх ярихдаа би Куба улсад байсан. Тэнд очвол танилтай та нарыг хэлсэрчлээд явж болноо гээд нилээн удаан юм ярьцгаасан. Би тэгээд тэд нарыг яриаг сонсч байгаад архиндаа согтоод бага зэрэг унтсан байдалтай байсан. Намайг унтахаас өмнө Энхмөнх, тэр залуу 2 гөлөг минь гэсэн зүйл ярьж байсан. Манай хэд яриаг нь болиулах гэж больцгоо гэж байсан. Тэр залуу агсам тавиад байсан юм. Гэтэл би нэг сэргэхэд Энхмөнх тэр залуутай хоорондоо цохилцсон байсан ба намайг харахад тэр залуугийн ам уруул орчим нь цус болчихсон Энхмөнх руу дайраад байсан...” гэх мэдүүлэг /хх 22/

 

Гэрч Б.Батбаярын: “...Энхмөнх өөрөө Куба улсад суралцаж байсан болохоор Кубад очвол хөгшиндөө хэлээрэй гэж Оргил, Үүрээ нарт хэлсэн. Тэгээд Куба улсын талаар ярилцаж байгаад маргаан нь хоорондоо хэрүүл болоод босоод ирэхээр нь бид нар салгасан. …Оргил Энхмөнхөөс уучлаарай хөгшөөн гээд гар барих гээд очтол Энхмөнх гар барьсан. Тэгтэл Оргил шууд Энхмөнхийг цохисон. Энэ үед Энхмөнхийг Мөнхбат хориглож байсан. Тэгтэл Энхмөнх Оргилын нүүрлүү нь шууд цохисон хэдэн удаа цохисныг нь хараагүй...” гэх мэдүүлэг /хх 23/ зэргээр шүүгдэгч Р.Энхмөнхийн догшин авирлаж танхайрсан нь үгүйсгэгдэж байх ба харин хохирогчийн зүй бус харьцаа, хууль бус үйлдлийн улмаас гэмт хэрэг гарсан нь тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл хохирогч Б.Бат-Оргил нь бусадтай зүй бусаар харьцан шүүгдэгч Р.Энхмөнхийг цохиж маргааныг үүсгэсэн байх ба шүүгдэгч Р.Энхмөнх нь хохирогчийн энэхүү хууль бус үйлдлийн улмаас хохирогчийн бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан байх тул шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.  

 

Шүүгдэгч Р.Энхмөнх нь 2017 оны 02 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 90 дүгээр байрны 505 тоотод Б.Бат-Оргилтой маргалдан түүний бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогч Б.Бат-Оргил /хх 14-15/, гэрч Х.Үүрцайх /хх 17-18/, Б.Цацрал /хх 19-20/, Э.Мөнхбат /хх 21/, О.Гантулга /хх 22/, Б.Батбаяр /хх 23/ нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн №2776 дугаартай дүгнэлт /хх 29/, зураг таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /хх 10-11/, хохирлын баримтууд /хх 24-26/, иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 38,44/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдож байна.

           

Иймд шүүгдэгч Р.Энхмөнхийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

            Шүүгдэгч Р.Энхмөнх нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлж барагдуулан гэм хорыг арилгасан, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

 

            Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан  зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид хохирол төлбөр төлж барагдуулсан, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдлаа.

 

      Шүүгдэгч Р.Энхмөнх нь бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд хохирогч Б.Бат-Оргил “…шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн” гэх хүсэлтийг үндэслэн шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.               

 

                        Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2, 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

           

1. Баянгол дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Дэлгийнхэн овогт Рэнчинлхагвагын Энхмөнхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг өөрчилж түүнийг мөн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

2. Шүүгдэгч Дэлгийнхэн овогт Рэнчинлхагвагын Энхмөнх нь бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Дэлгийнхэн овогт Рэнчинлхагвагын Энхмөнхийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид хохирол төлж барагдуулсан, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.Бат-Оргил гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Р.Энхмөнхийн батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг сануулсугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчинтэй болтол шүүгдэгч Р.Энхмөнхөд авсан батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                                   

 

               ДАРГАЛАГЧ

               ШҮҮГЧ                                                                            Г.ЕСӨН-ЭРДЭНЭ