| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бөлтөшийн Раушан |
| Хэргийн индекс | 153/2023/00269/И |
| Дугаар | 153/ШШ2023/00387 |
| Огноо | 2023-06-28 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 06 сарын 28 өдөр
Дугаар 153/ШШ2023/00387
2023 06 28 153/ШШ2023/00387
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Раушан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Ховд аймаг, Жаргалант сум, Магсаржав багийн ******* тоотод оршин суух, ******* овогт *******ий *******ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймаг, Жаргалант сумын Рашаант багийн ******* тоотод оршин суух, ******* овогт *******ын *******т холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: “Зээл 1,000,000 төгрөг, зээлийн хүү 200,000 төгрөг, нийт 1,200,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 153/2023/00269/И индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Ц.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нар оролцов.
(Хариуцагчийн эзгүйд түүний хүсэлтээр хэргийг хянан хэлэлцэв.)
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ц.******* нь 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Н.*******ийг 1 сарын хугацаатай 1,000,000 төгрөг зээлээч эргүүлээд хүүтэй хамт өгнө гэхээр нь түүний данс руу 1,000,000 төгрөг шилжүүлсэн. Ингээд мөнгөө удаа дараа мөнгөө нэхсэн боловч боломж алга одоо хийнэ гэсээр байж өдийг хүрсэн болно. Би сар болгоны хүүгээ нэхээгүй. Мөнгө авснаас хойш өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг өгөөгүй байгаа болно. 1,000,000 төгрөгийг аваад 13 сар болсон тул Н.*******ээс зээлийн хүү 200,000 төгрөгийг нэмж, нийт 1,200,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, дипозит дансны хуулга, иргэний үнэмлэхийн лавлагаа зэргийг гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хэрэгт хуульд заасан журмаар цугларсан нотлох баримтыг үндэслэн нэхэмжлэгч Ц.*******ийн нэхэмжлэлтэй, Н.*******т холбогдох Зээл 1,000,000 төгрөг, хүү 200,000 төгрөг, нийт 1,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж, заримыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.
2.1. Зээлдэгч Н.******* нь 2022 оны 03 сарын 09-ний өдөр 1,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай зээлсэн, хүү 200,000 төгрөг, нийт 1,200,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
3. Хариуцагч нь нэхэмжлэлийн хувийг гардаж авсан боловч шүүхээс тогтоосон хугацаанд хариу тайлбарыг ирүүлээгүй байна.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1. Зээлдэгч Н.******* нь 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Ц.*******ээс 1,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай зээлж авсан байна.
4.2. Хариуцагч нь 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэлийн хувийг шүүхээс гардаж авсан бөгөөд 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан хариу тайлбарыг ирүүлэх үүрэг хүлээсэн боловч хариу тайлбараа ирүүлээгүй байна.
5. Ц.******* нь 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр өөрийн ХААН банк дахь тоот данснаас Н.*******ийн тоот данс руу 1,000,000 төгрөгийг шилжүүлснээр талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ. гэж зааснаар зээлийн гэрээ байгуулагджээ. Ц.******* нь дээрх гэрээний дагуу тохирсон хугацаанд мөнгөө буцаан төлөх үүргийг зээлдэгч Н.*******ээс шаардах эрхтэй байна.
5.1. Нэхэмжлэгч Ц.*******ээс 1,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэй зээлдүүлсэн, 10 хувийн хүүтэй эргүүлж төлнө гэж хариуцагч Н.******* дэвтэрт бичсэн гэх тайлбарыг гаргасан боловч уг баримтыг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгөөгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д нэхэмжлэгч өөрийн шаардлагын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх үүргийг хуульчилжээ. Нэхэмжлэгч 1,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэй зээлсэн гэдгээ нотолж чадаагүй тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т зааснаар хүү шаардах эрхээ алдана.
5.2. Хариуцагч Н.******* нь нэхэмжлэлийн татгалзлын талаархи хариу тайлбараа шүүхэд ирүүлээгүй боловч “...нэхэмжлэгчтэй эвлэрэх боломжтой...” гэх тайлбарыг шүүгчийн туслахад мэдэгдсэн байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3.-т хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ. гэж заажээ. Хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулсан, шүүхээс хариу тайлбар ирүүлэх хугацааг тогтоож, хариу тайлбараа өгөхийг шаардсан, шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд шүүх хуралдаанд оролцох боломжгүй тухай мэдэгдсэн тул дээрх хуулийн зохицуулалт, нэхэмжлэгчтэй эвлэрэх боломжтой гэх хариуцагчийн тайлбар, нэхэмжлэгчийн хариуцагч Н.*******ийн данс руу 1,000,000 төгрөг шилжүүлсэн үйл баримтыг үндэслэн хариуцагч Н.Оюунчимээс 1,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.*******т олгож, зээлийн хүү 200,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
6. Нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж, заримыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьчдилж төлсөн 33,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв. Нэхэмжлэлийн шаардлага хангагдсан үнийн дүн 1,000,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 28,550 төгрөгийг хариуцагч Н.*******ээс гаргуулан, нэхэмжлэгч Ц.*******т олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 119 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3-д зааснаар хариуцагч Н.*******ээс зээлж авсан 1,000,000 (нэг сая) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.*******т олгож, зээлийн хүү 200,000 (хоёр зуун мянга) төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.*******ээс 28,550 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.*******т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.РАУШАН