Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 181/ШШ2023/02671

 

 

 

 

 

2023 09 04

181/ШШ2023/02671

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Билгүүн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.Э-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: О ХХК -д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: "О" ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн №Б 9098 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан Ил уурхайн үйл ажиллагаа - Уурхайн үйл ажиллагааны хэлтэст Тэсэлгээчний албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, түүний өмгөөлөгч Т.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ө, түүний өмгөөлөгч О.Б, Б.Ө нар оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Саранчимэг тэмдэглэл хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч "О" ХХК-д холбогдуулан тус ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн №Б 9098 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан Ил уурхайн үйл ажиллагаа - Уурхайн үйл ажиллагааны хэлтэст Тэсэлгээчний албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

1.1. Нэхэмжлэгчээс: ...миний бие "О" ХХК-д Ил уурхайн үйл ажиллагаа - Уурхайн үйл ажиллагааны хэлтэст Тэсэлгээчин албан тушаалд 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрөөс хөдөлмөрийн гэрээ цуцлагдах хүртэл хугацаанд тууштай ажилласаар ирсэн.

Гэтэл ажил үүргээ гүйцэтгэж байх үед гэнэт 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр хөдөлмөрийн харилцааны зөвлөх Б.Хулан болон албаны хүний хамт намайг Ханбогд сумын Иргэдийн хөгжлийн оффисийн хурлын өрөөнд дуудсан ба тухайн үед 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдөр "О" уурхай талбарын Админ барилгын гадна талаас зогсоолд тавьсан машинаас хайрцагтай засварын багаж алдагдсан гэх мэдээллийн хүрээнд намайг эрх бүхий албан тушаалтанууд дуудаж асуулт асууж мэдүүлэг ярилцлага авсан.

Ярилцлагаар нэг талдаа намайг 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдөр "О" уурхайн талбарын админ барилгын зогсоолд байсан LV5740 машины кабинаас ажлын ком багажийг бусдын хамт зөвшөөрөлгүйгээр авсан, кемпийн дотоод журам, ёс зүйн дүрэм зөрчсөн гэх байдлыг тулган хүлээлгэсэн.

Ярилцлагын явцад надад тулгасан асуултыг тавьж, Т.М гэх компанийн ажилтаны буруутай үйлдлийг намайг хамт үйлдсэн мэтээр хүлээлгэж, надаас хариулт авсан. Т.М гэх ажилтан бусдын ажлын багажийг санаатайгаар авах үед миний зүгээс түүнтэй үгсэн тохиролцож, түүнд заавар зөвөлгөө өгөөгүй, ямар нэг байдлаар нөлөөлөөгүй, багаж байгаа газрыг заагаагүй, бусдын эд хөрөнгийг зөвшөөрөлгүйгээр авчих гэж ятгаж тулгаагүй атал намайг бусдын хамт багаж зөвшөөрөлгүй авсан гэх зүйлд буруутган хөдөлмөрийн гэрээг цуцалсан шийдвэр нь хууль эрх зүйн үндэслэлгүй болно.

Үүнээс хойш надад 2 удаагийн ажлаас түр чөлөөлэх тухай мэдэгдэл өгсөн. Мэдэгдэлд 2022 оны 4 дүгээр сарын 13-наас 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл 14 хоногийн хугацаанд түр чөлөөлөх болсон.

Аливаа албан тушаалтаны шийдвэр тэр дундаа намайг ажлаас 7, 7 хоногоор чөлөөлөх тухай "О" ХХК-ийн гүйцэтгэх захирлын тушаал гаргаагүй атлаа мэдэгдэх хуудас өгсөнд гомдолтой байгаа. Учир нь, миний хувьд ажлаас түр чөлөөлсөн тушаал гардан авах байх гээд хүлээж байтал шууд 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр №Б 9098 дугаартай хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаал гардуулсанд гомдолтой. Тухайн үед би ажлаас түр чөлөөлсөн гүйцэтгэх захирлын тушаалыг гардан аваад өөрийн хууль ёсны эрх ашгаа хамгаалуулах үүднээс холбогдох эрх бүхий байгууллагад гомдол гаргах эрхээ эдлэх хүсэлтэй байсан боловч ажилтан миний эрхийг ажил олгогч давуу байдлаараа хааж, гомдол гаргах эрхийг эдлүүлээгүйд гомдолтой байна.

Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаалын заалтуудаас харахад намайг ажлаас түр чөлөөлсөн тушаал хүчингүй болсон эсэх, хүчинтэй байгаа эсэх нь өнөөдрийг хүртэл тодорхойгүй байна. Би ажлаас түр чөлөөлсөн тушаалаа гардан авч танилцаад гомдол гаргах эрхээ эдлэхийг туйлын их хүсэж байна. Энэхүү асуудлаа шийдвэрлүүлсэний дараагаар хөдөлмөрийн гэрээг цуцлах, цуцлахгүй байх асуудал шийдвэрлэгдэх байсан.

Цаашлаад Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалын тушаах хэсэгт Хөдөлмөрийн хууль болон хэд хэдэн дүрэм журмын заалтыг баримталсан нь хууль эрх зүйн үндэслэлгүй болсон. Үүнд мөн гомдолтой байна.

Тушаах хэсэгт 14 зүйл заалт баримталсан байх ба Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т: ... ажилтан сахилгын зөрчлийг давтан гаргасан эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлсан заасан ноцтой зөрчил гаргасан, Хөдөлмөрийн гэрээний 10 дугаар зүйлийн 10.2.1-д: ... Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг үндэслэн ажил олгогч ба ажилтан нар дор дурьдсан зөрчлүүдийг Ноцтой зөрчилд тооцохоор тохиролцсон бөгөөд ажилтан дараахь зөрчлүүдээс нэг буюу түүнээс дээш зөрчил гаргасан тохиолдолд ажил олгогч энэхүү хөдөлмөрийн гэрээг шууд цуцална. 10.2.1.и-д: ...бусад, Кемпийн дотоод журам, ёс зүйн дүрэм-ийн 9 дүгээр зүйл 9.1.5-т: ... Компанийн эсвэл бусдын өмчлөлийн зүйлийг зөвшөөрөлгүй авах гэх гол заалт болон бусад заалтуудыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул "О" ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн №Б 9098 дугаартай Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаалыг хүчингүй болгуулан, "О" ХХК-ийн Ил уурхайн үйл ажиллагаа - Уурхайн үйл ажиллагааны хэлтэст Тэсэлгээчин албан тушаалд эгүүлэн томилж өгнө үү. гэжээ.

 

1.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс: ...Б.Э нь "О" ХХК-д Ил уурхайн үйл ажиллагаа - Уурхайн үйл ажиллагааны хэлтэст Тэсэлгээчин албан тушаалд 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрөөс хөдөлмөрийн гэрээ цуцлагдах хүртэл хугацаанд тууштай ажилласаар ирсэн байдаг.

Ажил үүргээ гүйцэтгэж байх үед Т.М гэгчийн үйлдэлтэй холбогдуулан Б.Э ийг бусдын эд хөрөнгийг зөвшөөрөлгүйгээр авсан гэж үзээд энэхүү үйлдлийг нь Кемпийн дотоод журам, ёс зүйн дүрэм зөрчсөн гэж 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр №Б 9098 дугаартай хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаал гардуулсан байна. Уг тушаалыг эс зөвшөөрч Б.Э нь шүүхэд нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагаа зөвхөн тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилуулахаар гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, тушаал хүчингүй болгосонтой холбогдуулан Б.Э ийн 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулж, энэ хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгаж өгнө үү гэх байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн. Нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж байна.

Б.Э ийг бусдын өмчлөлийн зүйлийг зөвшөөрөлгүй авсан болохыг тогтоож чадаагүй. Түүний үйлдлийг зөрчлийн шинжтэй гэж, мөн хөдөлмөрлөх явцдаа гаргасан гэж үзэхээргүй байна. Дүрс бичлэгээс үзвэл Т.М нь өөрийн идэвхтэй үйлдлээр тухайн ажлын багажийг авсан байдаг. Т.М энэ үйлдлийнхээ талаар гэрчийн мэдүүлэг өгөхдөө тайлбарласан. Б.Э ийн зөрчлийг шалгасан гэх ажилтнууд ямар албан тушаал эрхэлдэг, ямар чиг үүрэг хэрэгжүүлдэг эсэх нь тодорхойгүй, ийнхүү шалгалт хийх эрх олгогдоогүй байдаг. Түүнчлэн хөдөлмөрийн гэрээг цуцлах тушаалыг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасныг баримталсан. Ингэхдээ тухайн зүйл, хэсэг, заалтад зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж үздэг. Гэвч Хөдөлмөрийн гэрээнд бусдын өмчлөлийн зүйлийг зөвшөөрөлгүй авахыг ноцтой зөрчилд тооцох талаар, тухайлбал 10 дугаар зүйлийн 10.2.1.и-д шууд нэрлэн заагаагүй байна. ... гэжээ.

 

2. Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч, дараах тайлбарыг гаргасан. Үүнд:

...хариуцагч "О" ХХК-ийн зүгээс 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн №Б 9098 дугаартай Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаал нь дараах үндэслэлээр үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Үүнд:

а. Хавтаст хэргийн 9-12 дугаар хуудсанд авагдсан Б.Э ийн "О" ХХК-тай байгуулсан Хөдөлмөрийн гэрээ. Уг хөдөлмөрийн гэрээний 8 дугаар зүйл Ажилтны хүлээх үүргийн б дэх заалтанд ажилтан компанийн аливаа заавар, тушаал, шийдвэр, бодлого, журам, дүрмийг баримтлан ажиллах, дагаж мөрдөх, сахин биелүүлэх, в дэх заалтанд ажилтан компанийн бодлого, журам, дүрмүүдэд заасан ажилтны ёс зүй болон мэргэжлийн зан төлөвийн талаарх хэм хэмжээг сахин ажиллах үүрэгтэй гэж заасан байна.

б. Хавтаст хэргийн 69-80 дугаар хуудсанд авагдсан Кэмпийн дотоод журам, ёс зүйн дүрэм. Уг журмын 9,1.5-д ...Компанийн эсвэл бусдын өмчлөлийн зүйлийг зөвшөөрөлгүй аеах...-ийг ёс зүйн зохисгүй хэм хэмжээ гэж үзэж, уг зөрчил бүхий үйлдлийг журмын 19.3-д заасны дагуу ноцтой зөрчилд тооцохоор заасан.

в. Хавтаст хэргийн 56-68 дугаар хуудсанд авагдсан Сахилгын шийтгэл ногдуулах журам. Уг журмын 17.2, 17.2.7.4-д ...компанийн эсвэл бусдын өмчлөлийн эд хөрөнгө, бараа материалыг зөвшөөрөлгүй авах үйлдлийг ноцтой зөрчилд тооцохоор заасан.

г. Хавтаст хэргийн 9-12 дугаар хуудсанд авагдсан Б.Э ийн "О" ХХК-тай байгуулсан Хөдөлмөрийн гэрээ. Уг гэрээний 10 дугаар зүйлийн 10.2.1.и-д ...компанийн бодлого, дүрэм, журам, стандарт (үүнд: ...Кэмпийн дотоод журам ба ёс зүйн дүрэм, ...ажлын гүйцэтгэлийн менежмент болон сахилгын шийтгэл ногдуулах тухай журам,)-д Ноцтой зөрчил гэж тооцсон, эсхүл ажлаас халах арга хэмжээ авахаар заасан зөрчил гаргасан. гэж заасны дагуу бусдын өмчлөлиин зүйлийг зөвшөөрөлгүй авах нь Кэмпийн дотоод журам, ёс зүйн дүрэм, Сахилгын шийтгэл ногдуулах журамд заасны дагуу ноцтой зөрчилд тооцогдоно.

д. Хавтаст хэргийн 201 дугаар хуудсанд авагдсан Хүлээн авсан нотолгоо ба зөвшөөрсөн тухай баримт. Уг баримтаар Б.Э нь "О" ХХК-ийн Кэмпийн дотоод журам, ёс зүйн дүрэм, холбогдох бусад дүрэм журмуудтай уншиж танилцан, дагаж мөрдөхөө хүлээн зөвшөөрсөн болох нь нотлогдож байна.

е. Хавтаст хэргийн 131-136 дугаар хуудсанд авагдсан Магадлан шалгалтын тайлан. Уг тайланд ... Т.М болон Б.Э нар нь уурхайн талбарын админ оффисын зогсоолд байсан LV5740 машины кабинаас ногоон хайрцагтай ажлын ком багажийг зөвшөөрөлгүй авсан үйлдэл нь админ зогсоолын хяналтын камерын бичлэг болон ярилцлагаар нотлогдож байна. гэж хянан шалгах ажиллагаагаар илэрсэн зүйл, холбогдох баримтуудыг хянан шалгах ажиллагааны тайланд тусган бичсэн. Хариуцагчийн зүгээс холбогдох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасны дагуу гэрч асуулгах, үзлэг хийлгэх тухай хүсэлтүүдийг гарган шүүхийн журмаар бүрдүүлсэн.

ё. Хавтаст хэргийн 110-115 дугаар хуудсанд авагдсан 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Үзлэгийн тэмдэглэл. Уг үзлэгийн тэмдэглэлд ...Т.М : Бид хоёр 219-руу очоод би ч хойд талд гэрэл дохиог шөнийн ээлж болж байгаа юм чинь юу мөргөчихнө, барьчихна хойд гэрлийн хагалчихна гээд тэрийг нь харчихаад эргээд машиндаа суусан чинь Э нөгөө зөв талаар суухдаа энэ машинд багаж байна шдээ авчих гээд тэгсэн. Тэр үед болохоор найзыгаа авчих гэсэн болохоор нь буугаад л шууд хойд хаалгыг нь нээгээд машиных нь хойд хаалганаас аваад жолооч талын хаалгаар өгсөн. гэснээр нотлогддог.

ж. Хавтаст хэргийн 138 дугаар хуудсанд авагдсан М.Б гийн Аюулгүй байдлын албанд бичиж өгсөн тайлбар. Уг тайлбарт: ... 2022 оны 3 дугаар сарын 21-ны өдөр машиндаа (кабин дотор арын суудал хооронд) ногоон өнгийн Ргоххоn ком багаж хийгээд 2022 оны 3 дугаар сарын 28-ны өглөөний 07:30 минутад тээврийн хэрэгсэлдээ үзэхэд байхгүй байсан тул Аюулгүй албанд хүсэлт гаргаж камер шүүж үзэв. гэсэн байна.

з. Хавтаст хэргийн 145-149 дугаар хуудсанд авагдсан гэрч П.У ын мэдүүлэг. Уг мэдүүлэгт: ...товчхондоо гэрээт компанийн ажилтан багажаа алдлаа гэсний дагуу шалгаж байгаад камерийн бичлэг дээрээс багаж авч байгаа хэсэг нь баталгаажсан. Тийм процесс болсон ...ярилцлага авсан. Эхэндээ тухайн өдөр ил уурхай руу унаж явах байсан машиныг Б.Э унаад Мөнхдэлгэр зорчигчийн суудалд яахаар тийм нөхцөл байдалтай байсан. Тэгээд хоёулаа машин дээрээ очоод хажуу талын машины цонхоор өнгийж хараад машин руу орж суучихаад Мөнхдэлгэр гараад машины хойд талын сандал дээрээс багаж авсан процесс болсон байдаг. Тухай үед хүмүүс юу гэж байсан бэ гэхээр Б.Э машин барьж байсан болохоор машины хойд талын тэвшин дээр багаж тавьсан байсан би мэдээгүй гэдэг зүйл ярьж байсан. Шалгалтын явцад камераар баталгаажихад уучлаарай би яалт ч үгүй авсан гэдэг. Тэрийгээ өөрсдөө хүлээн зөвшөөрсөн. Анх мэдүүлж байснаасаа өөр болоод эхэлсэн. Камерын бичлэг үзээд... гэснээр нотлогддог.

и. Хавтаст хэргийн 150-151 дүгээр хуудсанд авагдсан 2023 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн Үзлэгийн тэмдэглэл. Уг тэмдэглэлд: ...Барилгын гадна, авто машины зогсоол руу харсан хяналтын камерт бичигдсэн үйл явдлыг харуулах бөгөөд бичлэгийн ...6 цаг 30 минут 47 секундэд зорчигчийн суудалд сууж байсан эрэгтэй машинаас бууж улмаар машиныхаа хойгуур тойрон яваад, зүүн талд зогсолж байсан машир дээр ирж харж зогсоод, улмаар 06 цаг 31 минут 02 секундэд баруун хойд талын хаалгыг онгойлгон хараад буцааж хаалгыг хаав. 06 цаг 31 минут 12 секундэд дахин баруун хойд хаалгыг онгойлгон дотроос нь ямар нэгэн зүйл аваад өөрийн сууж байсан машины жолоочийн хаалгыг онгойлгон жолоочийн суудалд сууж байсан эрэгтэйд дамжуулан өгөөд буцаад машины хойгуур тойрон өөрийн анх сууж байсан зорчигчийн суудалдаа сууж хамтдаа хөдөлж явав гэснээр нотлогддог.

Нэхэмжлэгч Б.Э нь 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Т.М ийн хамт уурхайн талбарын админ оффисын зогсоолд байсан LV5740 машины кабинаас ногоон хайрцагтай ажлын ком багажийг зөвшөөрөлгүй авсан болох нь дээрх хэрэгт авагдсан баримтуудаар нотлогддог.

Иймд нэхэмжлэгч Б.Эрдэнбилэгийн шүүхэд гаргасан нэхэмжлэл нь үндэслэлгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү. ... гэжээ.

 

 3. Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхлант багийн Засаг даргын 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 219 дугаартай оршин суух хаягийн тодорхойлолт, улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, "О" ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн №Б 9098 дугаартай Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаалын хуулбар, гүйцэтгэх захирлын 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн №HR 4178 дугаартай Ажилд авах тухай тушаалын хуулбар, мөн өдөр "О" ХХК-тай байгуулсан Хөдөлмөрийн гэрээ /хавсралт: Ажлын байрны тодорхойлолтын хамт/-ний хуулбар, Боловсон хүчин бүтэц зохион байгуулалтын хэлтсийн ерөнхий менежерийн 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн №924/HR дугаартай тодорхойлолтын хуулбар, ажилгүйдлийн тэтгэмжтэй холбогдсон асуулт-хариултын хуудас, ажил хүлээлцэх актын хуулбар, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 03/519 дугаартай тодорхойлолт /хавсралт: Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 26 дугаартай тогтоолын хамт/, Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргын Тамгын газрын 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн №03/318 дугаартай тодорхойлолт, 2019-2022 онуудын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, "О" ХХК-ийн Боловсон хүчин, бүтэц зохион байгуулалтын асуудал хариуцсан ерөнхий менежерийн 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн Ажлаас түр чөлөөлөх тухай мэдэгдлийн хувилсан хувь /хх 4-19, 120, 155-161, 175-177, 210-213/ зэргийг шүүхэд гаргаж өгсөн.

 

4. Хариуцагчаас нотлох баримтаар: "О" ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, "О" ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн №HR 4178 дугаартай Ажилд авах тухай тушаалын хуулбар, 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн №Б 9098 дугаартай Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаалын хуулбар, Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн №289 дугаартай "О" ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэгт ажлаас чөлөөлж, гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчийг томилох тухай, 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн №290 дугаартай "О" ХХК-ийн гүйцэтгэх захирлыг томилох тухай тогтоолын хуулбарууд, гүйцэтгэх захирлын 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн №54/21 дугаартай Журам шинэчлэн батлах тухай тушаал, хавсралтаар Сахилгын шийтгэл ногдуулах журмын хуулбар, 2021 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн №15/21 дугаартай Журам шинэчлэн батлах тухай тушаал, хавсралтаар Кэмпийн дотоод журам, ёс зүйн дүрмийн хуулбар, зөрчлийн 20220328 дугаартай Магадлан шалгалтын тайлангийн хуулбар, И.Тулга, М.Б нарын Аюулгүй байдлын албанд бичиж өгсөн тайлбарын хуулбар, худалдан авалтын газрын категорийн менежмент хариуцсан менежерийн 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн №Proc/895 дугаартай Багажны иж бүрдлийн тухай тодорхойлолт /хавсралт: гэрэл зургийн үзүүлэлт/, гүйцэтгэх захирлын 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн №Б 9097 дугаартай Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаалын хуулбар, аюулгүй байдлын шалгалтын репортын хуулбар, Хөнгөн тэрэг ашиглалтын өмнөх үзлэгийн хуудсын хуулбар, Б.Э тэй байгуулсан 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээ /хавсралт: Ажлын байрны тодорхойлолтын хамт/-ний хуулбар, Хүлээн авсан нотолгоо ба зөвшөөрсөн тухай баримтын хуулбар, 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн Т.М тэй хийсэн ярилцлагын тэмдэглэлийн хуулбар, Дэлхийн шилдэг техник ХХК-ийн ирүүлсэн 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн №23/102 дугаартай Багажны иж бүрдлийн талаар тодорхойлолт, гүйцэтгэх захирлын 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн №12/22 дугаартай Хөдөлмөрийн харилцаатай холбоотой асуудлаар шийдвэр гаргах эрх олгох тухай тушаалын хуулбар, 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн №51/20 дугаартай Ажлаас чөлөөлөх, томилох тухай тушаалын хуулбар /хх 39-43, 52-80, 131-138, 180-181, 188-190, 193-208, 249/ зэргийг шүүхэд гаргаж өгсөн.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн гаргасан хүсэлтээр тус шүүхийн шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 181/ШЗ2022/15709 дугаартай захирамжийн дагуу гэрч Т.М ийн мэдүүлгийг,

2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 181/ШЗ2023/06167 дугаартай захирамжийн дагуу Б.Э тэй хийсэн ярилцлагын дуу-дүрсний бичлэг хадгалагдаж байгаа DVD-д үзлэг хийсэн тэмдэглэл /хх 163-169, 225-231/-ийг,

 

- хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтээр тус шүүхийн шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 181/ШЗ2022/15709 дугаартай захирамжийн дагуу Т.М тэй хийсэн ярилцлагын дуу-дүрсний бичлэг хадгалагдаж байгаа DVD-д үзлэг хийсэн тэмдэглэлийг,

2023 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШЗ2023/05010 дугаартай захирамжийн дагуу гэрч П.У ын мэдүүлэг, "О" уурхайн талбарын админ зогсоолын гаднах хяналтын дүрс бичлэг хадгалагдаж байгаа DVD-д үзлэг хийсэн тэмдэглэлийг,

2023 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШЗ2023/10674 дугаартай захирамжийн дагуу гэрч М.Б гийн мэдүүлэг /хх 110-115, 145-149, 150-162, 244-246/-ийг тус тус шүүхийн журмаар нотлох баримтаар бүрдүүлсэн.

 

Зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан, шүүхийн журмаар бүрдүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсгүүдэд заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

6. Нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч "О" ХХК-д холбогдуулан тус ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн №Б 9098 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан Ил уурхайн үйл ажиллагаа - Уурхайн үйл ажиллагааны хэлтэст Тэсэлгээчний албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.

 

Үүнээс үзвэл, ажилтан хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан эсэх, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан үндэслэл хуульд нийцсэн эсэх нь маргааны зүйл болжээ.

 

7. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

7.1. "О" ХХК нь Б.Э тэй байгуулсан 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээг үндэслэн, мөн өдрийн гүйцэтгэх захирлын №HR 4178 дугаартай тушаалаар түүнийг тус ХХК-ийн Ил уурхайн үйл ажиллагаа Уурхайн үйл ажиллагааны хэлтэст Тэсэлгээчин албан тушаалд ажиллуулахаар томилжээ. /хх 52, 193-200/

"О" ХХК-ийн гүйцэтгэх захирал /үүрэг гүйцэтгэгч ЖВТ /-ын 2022 оны 4 дүгээр сарын 25ы өдрийн №Б 9098 дугаартай тушаалаар Б.Э тэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээг ... 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдөр "О" уурхайн талбарын админ барилгын зогсоолд байсан LV5740 машины кабинаас ажлын ком багажийг бусдын хамт зөвшөөрөлгүйгээр авсан хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан ... үндэслэлээр 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөр тасалбар болгон цуцалж, түүний ажилласан хугацаанд ногдох цалин хөлс, ээлжийн амралтын олговрыг зохих журмын дагуу тооцож олгохыг Санхүүгийн хэлтэст зөвшөөрчээ.

Ингэхдээ уг тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 83 дугаар зүйлийн 83.3, 123 дугаар зүйлийн 123.2.5, Нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/191 дүгээр тушаалын хавсралт Ээлжийн амралт олгох, ээлжийн амралтын цалин тооцох журам-ын 2 дугаар зүйлийн 2.8 (1), ажилтан Б.Э тэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 10 дугаар зүйлийн 10.2.1.и, 10.4, Кэмпийн дотоод журам, ёс зүйн дүрэм-ийн 9 дүгээр зүйл Ёс зүйн зохисгүй хэм хэмжээ-ний 9.1.5, 19.1, 19.3, 19.4 дэх заалтууд, Сахилгын шийтгэл ногдуулах журам-ын 13.1.4, 17.1, 17.2.7.4, 17.3 дахь заалтуудыг тус тус үндэслэл болгосон байна. /хх 5, 16-19, 53/

 

"О" ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хавсралт 1/, Төлөөлөн Удирдлах зөвлөлийн 2022 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн №289, 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн №290 дугаартай тогтоолоос үзвэл Гүний уурхайн төслийн захирал ЖВТ нь 2022 оны 2 дугаар сарын 25-наас 2022 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн хугацаанд тус ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэж байжээ. /хх 39-40, 54-55/

Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан дээрх шийдвэрийг эс зөвшөөрч ажилтан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасны дагуу шүүхэд гомдлоо гаргасан байна. /хх 1-3, 175-177/

7.2. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэгт ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж болох үндэслэл буюу урт хугацааны гэрээнээс ажил олгогч татгалзаж болох хүндэтгэн үзэх үндэслэлүүдийг тодорхой зааж өгсний дотор ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэх тохиолдлууд хамаардаг.

Хөдөлмөрийн гэрээний талууд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхийн хүрээнд хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчилд чухам ямар зөрчлүүдийг хамааруулах, ямар тохиолдлыг, ямар үйлдлийг ноцтой зөрчилд тооцохыг харилцан тохиролцож, энэ тухай хөдөлмөрийн гэрээндээ тодорхой заасан байх шаардлагатай бөгөөд ийнхүү хөдөлмөрийн гэрээгээр талуудын тохиролцож, тодорхойлсон нөхцөлүүд нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан ноцтой зөрчилд тооцогдох учиртай.

Талуудын хооронд байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээний 10 дугаар зүйлийн 10.2.1 дэх хэсэгт хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох Ноцтой зөрчлүүдийг тухайлан зааж, тус хэсгийн и.-д Компанийн дотоод журам, Кэмпийн дотоод журам, ёс зүйн дүрэм ...-д ноцтой зөрчил гэж тооцсон ... зөрчил гаргасан даруй ... ажил олгогч хөдөлмөрийн гэрээг шууд цуцлахаар тохиролцжээ.

Сахилгын шийтгэл ногдуулах журмын 17.2.7.4-т компанийн эсвэл бусдын өмчлөл, эзэмшлийн эд хөрөнгө ... зөвшөөрөлгүй авах ... зөрчлийг ноцтой зөрчилд тооцно гэж, мөн дүрмийн 17.3-т журмын 17.2-т заасан ноцтой зөрчлийг гаргасан ажилтанд ажлаас халах буюу ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах сахилгын шийтгэл ногдуулна гэж, /хх 56-68/

Кэмпийн дотоод журам, ёс зүйн дүрмийн 9.1.5-д компанийн эсвэл бусдын өмчлөлийн зүйлийг зөвшөөрөлгүй авах ... үйлдлийг ёс зүйн зохисгүй хэм хэмжээ гэж үзнэ гэж, мөн дүрмийн 19.3-т журмын 9.1.1-9.1.15-д заасан зөрчлүүдийг ноцтой зөрчилд тооцно гэж тус тус заасан байна. /хх 69-79/

Нэхэмжлэгч Б.Э нь Хөдөлмөрийн гэрээний 8 дугаар зүйлийн б, в, г.-д заасан ажилтны хүлээх үүргийн дагуу "О" ХХК-ийн дээрх дүрэм, журам болон холбогдох гарын авлагуудтай танилцсан, тэдгээртэй холбогдуулан гаргасан компанийн аливаа шийдвэрийг цаашид дагаж мөрдөх тухайгаа хүлээн авсан нотолгоо ба зөвшөөрсөн тухай баримтаар баталгаажуулжээ. /хх 201/

7.3. Нэхэмжлэгч Б.Э нь ...ярилцлагын явцад надад тулгасан асуултыг тавьж, Т.М гэх компанийн ажилтаны буруутай үйлдлийг намайг хамт үйлдсэн мэтээр хүлээлгэж, надаас хариулт авсан. Т.М гэх ажилтан бусдын ажлын багажийг санаатайгаар авах үед миний зүгээс түүнтэй үгсэн тохиролцож, түүнд заавар зөвлөгөө өгөөгүй, ямар нэг байдлаар нөлөөлөөгүй, багаж байгаа газрыг заагаагүй, бусдын эд хөрөнгийг зөвшөөрөлгүйгээр авчих гэж ятгаж тулгаагүй... хэмээн өөрийн гэм буруу, үйлдэл оролцоо, тухайн цаг хугацаанд болсон үйл явдал болон түүний дараах нөхцөл байдлын талаар маргаж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй ба хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэлтэй холбоотой; өөр улс, орон нутагт байгаа учраас зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй; түүнчлэн туршилт, үзлэг, таньж олуулах, шинжилгээ хийлгэх, гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлдэг.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, нотолгооны хэрэгсэл болох М.Б гийн Аюулгүй байдлын албанд бичиж өгсөн тайлбар, зөрчлийн 20220328 дугаартай Магадлан шалгалтын тайлан, Б.Э , Т.М нартай хийсэн ярилцлагын дуу-дүрсний бичлэг хадгалагдаж байгаа DVD-д үзлэг хийсэн тэмдэглэл, "О" уурхайн талбарын админ зогсоолын гаднах хяналтын дүрс бичлэг хадгалагдаж байгаа DVD-д үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч П.У , М.Б нарын мэдүүлэг /хх 110-115, 131-136, 138, 145-149, 150-151, 163-169, 244-246/ зэргээр Б.Э ийн 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдөр "О" н уурхайн талбарын админ барилгын гадна зогсоолд байсан Энержи интернэйшнл ХХК-ийн засварын багийн ажилтан М.Б гийн эзэмшиж байсан LV5740 автомашины жолоочийн бүхээг дотроос түүний ашигладаг Proxon загварын, ногоон өнгийн хайрцагтай, ажлын иж бүрдэл багажийг Т.М ийн хамт зөвшөөрөлгүйгээр авсан үйлдэл оролцоо тогтоогдож байна.

 

Харин гэрч Т.М ийн өгсөн ...намайг LV219 машины арын гэрэл, дохиог шалгаж байхад Э кабин дотроо чек лист бөглөөд байж байсан... би LV5740 машины кабинаас багажийг аваад Э ийн сууж байсан жолоочийн хаалгаар өгөөд цааш нь тавьчих гэж хэлсэн. Эргээд машиндаа суухад Э юу юм бэ гэхэд нь чимээгүй яв аа гээд шууд хөдөлсөн... /хх 225-231/ гэх мэдүүлэг нь магадлан шалгалтын явцад түүний өгсөн ...Э машиныхаа үзлэгийг хийчихье, хойгуур гэрэл дохио асаж байна уу бүгдийг нь шалгаадах гэсэн. ... LV5740 машины хойд тэвшин дээр нь багаж байсан. Би багажийг аваад сууж явсан өөрийнхөө LV219 машины тэвшин дээр нь тавьсан. Э т бол өгөөгүй. Миксир 20-ын дотор хаалганд нэг юм салсан байсан, тэгээд тэрийг чангалъя гэж бодож л авсан..., ...хойд гэрлийг нь харчихаад эргээд машиндаа суусан чинь Э нөгөө /зөв/ талаар суухдаа энэ машинд багаж байна шдээ авчих гэсэн. Тэр үед найзыгаа авчих гэсэн болохоор нь буугаад л шууд хойд талын хаалганаас аваад жолооч талын хаалгаар өгсөн... гэх /хх 110-115/ тайлбаруудтай агуулгын хувьд зөрчилдөөнтэй, ийнхүү өөр өөр байдлаар тайлбарлах болсон шалтгаан үндэслэлээ ...миний хувьд туршилтын 3 сар нь болоогүй болохоор ямар нэгэн алдаа гаргах юм бол тэртэй, тэргүй ажилгүй болно. Э бол ОТ болоод 2 жил шахуу болж байгаа юм чинь ... би өөрөө хамаг юмыг даагаад гаръя гэж шийдсэн..., ...миний хувьд шинэ хүн болохоор амархан халагдах байх, Э ийг арай удаан ажилласан болохоор сануулга аваад өнгөрөх болов уу гэж бодоод Э ийг авсан гэж хэлсэн... гэх зэргээр тогтвортой илэрхийлж чадаагүй, гэрчээр өгсөн мэдүүлэг нь хэргийн баримтаар тогтоогдсон үйл баримттай нийцэхгүй буюу давхар нотлогдохгүй байна. /хх 189-190/

 

Магадлан шалгалт, түүнийг эрхлэн явуулсан бүрэлдэхүүний үйл ажиллагааг буруутгах үндэслэл тогтоогдоогүйн сацуу Б.Э , Т.М нарын гаргасан зөрчлийг шалгах явцад тэдэнд аливаа хэлбэрээр хөндлөнгөөс нөлөөлсөн гэх нөхцөл байдал илэрсэнгүй.

Иймд нэхэмжлэгч Б.Э ийн гаргасан бусдын эзэмшиж байсан автомашин дотроос компанийн өмчлөлийн зүйлийг зөвшөөрөлгүй авсан үйлдэл Кэмпийн дотоод журам, ёс зүйн дүрэмд тухайлан заасан ноцтой зөрчилд хамаарч байх тул хариуцагч "О" ХХК түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасантай нийцжээ.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгчээр нөхөн төлүүлэх боловч уг нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасанд хамаарах тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, түүнд олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1, 160.1.2-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан хариуцагч "О" ХХК-д холбогдох тус ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн №Б 9098 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан Ил уурхайн үйл ажиллагаа - Уурхайн үйл ажиллагааны хэлтэст Тэсэлгээчний албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах тухай Б.Э ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч гаргасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсгүүдэд зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БИЛГҮҮН