Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 2025/ШЦТ/533

 

 

 

 

 

 

 

   2025       11         27                                            2025/ШЦТ/533

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Гантуяа,

Улсын яллагч Э.Ууганцэцэг,

Шүүгдэгч О.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч О.Хт холбогдох эрүүгийн 2534000000017 дугаартай хэргийг 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1989 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ганцаараа Улаанбаатар хот, тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Нийслэлийн Багануур дүүргийн шүүхийн 2005 оны  01 дүгээр сарын 21-ний өдрийн 12 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, тогтоол биелүүлэхийг 1 жил 3 сарын хугацаагаар хойшлуулж байсан,

-Нийслэлийн Багануур дүүргийн шүүхийн 2007 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 84 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, 2012 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн шүүгчийн 68 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 1 сар 15 хоногийн хорих ялыг хугацааны өмнө тэсэн сулласан,

-Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 552 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар,

-Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 2020/ШЦТ/31 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 хоёр жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж байсан, ухаан саруул, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай гэх О.Х /РД: /.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч О.Х нь Төв аймгийн Баяндэлгэр сумын Байдлаг 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт машин механизм ашиглан 2024 оны 11 дүгээр сарын 23-с 24-нд шилжих шөнө хохирогч Б.Джийн эзэмшлийн олон тооны буюу хүрнэ үнээ, цагаан толгойтой улаан халзан үнээ зэрэг 2 үхрийг бэлчээр дээрээс нь Ц.Бийн эзэмшлийн хөх өнгийн “Hyundai porter” маркийн “00-00 УАН” улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглан хулгайлж 3.320.000 төгрөгийн хохирол,

Мөн үргэлжилсэн үйлдлээр Төв аймгийн Баяндэлгэр сумын Галуут 2 дугаар багийн нутгаас 2024 оны 12 дугаар сарын 01-с 02-нд шилжих шөнө иргэн Н.Чын тээврийн хэрэгслийг ашиглан хулгайлж, түүнд 5.095.000 төгрөгийн хохирол учруулж, нийт бусдад 8.415.000 төгрөгийн хохирол тус тус учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч О.Х нь: “Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ. Үүнд:

 

Шүүгдэгч О.Х нь Төв аймгийн Баяндэлгэр сумын Байдлаг 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт машин механизм ашиглан 2024 оны 11 дүгээр сарын 23-с 24-нд шилжих шөнө хохирогч Б.Джийн эзэмшлийн олон тооны буюу хүрнэ үнээ, цагаан толгойтой улаан халзан үнээ зэрэг 2 үхрийг бэлчээр дээрээс нь Ц.Бийн эзэмшлийн хөх өнгийн “Hyundai porter” маркийн “00-00 УАН” улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглан хулгайлж 3.320.000 төгрөгийн хохирол,

Мөн үргэлжилсэн үйлдлээр Төв аймгийн Баяндэлгэр сумын Галуут 2 дугаар багийн нутгаас 2024 оны 12 дугаар сарын 01-с 02-нд шилжих шөнө иргэн Н.Чын тээврийн хэрэгслийг ашиглан хулгайлж, түүнд 5.095.000 төгрөгийн хохирол учруулж, нийт бусдад 8.415.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

-Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 4-6 тал/,

-хохирогч Б.Джийн “...Би Баяндэлгэр сумын төв дээр амьдардаг бөгөөд манай үхэр сумын төвд байдаг сумын таваас зүүн зүгт Рашаант гэх газарт бэлчээрлэдэг. 2024 оны 11 дүгээр сарын 23-ны орой 17 цагийн орчим гэрийнхээ гадна хурааж 19 цагийн орчимд гэрээсээ гарч ирэхэд үхэр бүрэн буюу хашааны гадна талд саравчныхаа хажуу талд хэвтэж байсан. Маргааш өглөө нь 08 цагт тугалтай үнээгээ саах гээд гарах үед сувай үхрүүд нь бэлчээд явчихсан байхаар нь үнээгээ саачхаад өдөр 11 цагийн орчимд сувай үхрийнхээ араас яваад ололгүй эргэж ирсэн. Тэгтэл хөрш айлын залуу н.Ө гэх хүнтэй таарахад танай үхэр хар замын наана явж байхаар нь буцаагаад нааш эргүүлсэн, одоо ирж байгаа гэж хэлэхээр нь үхрээ амдаад очиход 21 тооны сувай үхэр явдаг байсан боловч цагаан толгойтой мухар улаан халзан зүсмийн сувай бүдүүн үнээ, бидэртэй хүрэн зүсмийн мөн сувай үнээ зэрэг 2 тооны үхэр дутуу байсан. Тэгээд ойр хавийн газар, сум, баг, тариа гэх газраар нийлээд явсан боловч олоогүй..., Би өөрийн эзэмшлийн хоёр тооны үхрээ нэгийг нь 1.500.000 төгрөгөөр үнэлж байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 9 тал/,

-Иргэний нэхэмжлэгч Ц.Бийн гэрчээр өгсөн “...О.Х миний эзэмшлийн 00-00 УАН улсын дугаартай тээврийн хэрэгслийг надаас гуйсан 2024 оны 11 дүгээр сарын сүүлээр өдрийг нь би сайн санахгүй байна би хүнтэй өөр машинаар өвсөнд явах гээд өглөө гарч байхад О.Х миний хөх өнгийн портер 00-00 УАН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод ганцаараа хоёр тооны үхэр ачсан орж ирж байсан бараан зүсмийн хоёр тооны үхэр байсан зүсийг нь би сайн анзаарч хараагүй. Мөн 2024 оны 12 дугаар сарын эхээр бас нэг удаа надаас гуйж авч явж байсан. Миний машиныг авч явахдаа надад би хөдөө яваад ирье гэж хэлээд авч явж байсан. Би ямар зорилгоор авч явж байгааг нь сайн мэдэхгүй. 2024 оны 12 дугаар сарын эхээр манай хашаанд 3 тооны үхэр ачаад ирсэн байсан. Би 50.000 төгрөгийн хөлсөөр нэг үхрийг нь хийж өгсөн. Үлдсэн 2 үхрийг өөрөө хийгээд үлдсэн. Намайг хүн дуудаад би яваад өгсөн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 14 тал/,

-Иргэний нэхэмжлэгч Т.Бийн “...Би тухайн 00-00 УАН улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2023 оны 01 дүгээр сард хөдөөний хоёр хүн орой ирээд худалдаж авсан. Тухайн үед би машинаа 2.400.000 төгрөгөөр зарсан. Хэд хоногийн дараа ирж нэр шилжүүлж авна гэж хэлээд машины мөнгөө бүрэн өгөөд унаад явсан. Худалдаж авсан хүнд шилжүүлж өгөх гэсэн боловч дахин ирээгүй, саяхан утсаар холбогдоод шилжүүлж авья гэхээр нь 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр гэрээ байгуулан шилжүүлж өгсөн. Надад тухайн тээврийн хэрэгсэлтэй холбоотой нэхэмжлэх зүйл байхгүй, гэрээ хийж авсан Ц.Б гэх залуу нэхэмжлэгчээр оролцох байх...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 17 тал/,

-Иргэний нэхэмжлэгч Ц.Бийн “...Тус тээврийн хэрэгслийг 2024 оны 08 дугаар сард н.Тулга гэдэг хүнээс 2 төгрөгөөр худалдан авсан. Өөр хүний нэр дээр байдаг гэж надад хэлсэн. Би өөрийн нэр дээр шилжүүлж авч чадаагүй байсан. Тухайн тээврийн хэрэгслийн эзэмших нэрийг 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Т.Б гэдэг хүнээс өөрийн нэр дээр шилжүүлж авахаар эрх шилжүүлэх бүртгэлийн 2319 дугаартай итгэмжлэх хийж нотариатаар батлуулсан байгаа. Шилжүүлэх гэсэн боловч Багануур дүүргийн дугаар авах болоод шилжүүлж чадаагүй, итгэмжлэх хийлгэж авсан Т.Б гэдэг хүн надад хэлэхдээ би энэ машины талаар одоо авлага, ямар нэгэн асуудал байхгүй гэж хэлсэн. Би одоо ямар ч байсан тээврийн хэрэгслийн үнэлгээнд заагдсан үнийг авах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 20 тал/,

-“Гарьд гүрү үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн №07/269 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 25-38 тал/,

-“Гарьд гүрү үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн №07/287 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 45-55 тал/,

-Шүүгдэгч О.Хын яллагдагчаар өгсөн “...Би прокурорын тогтоолтой танилцаж асууж тодруулах зүйл байхгүй, прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 64 тал/,

-Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 114-117 тал/,

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 118-128 тал/,

-Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 129-130 тал/,

-хохирогч Н.Чын “...2024 оны 12 дугаар сарын 01-ний өдөр орой 19 цагийн үед хашааны гадаа хураагаад үхрээ бүртгээд үхэр хотлуулаад гэртээ орсон. Маргааш өглөө буюу 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр өглөө 07 цагийн үед үхрээ гарч харахад манай үхэр бүгд байхгүй байсан. Тэгэхээр нь гэгээ оруулаад араас нь явж үхрээ хашаанаас урд зүгт ойролцоогоор 2 км зайнаас олж аваад бүртгэхэд гурван үхэр байхгүй байсан. Тухайн гурван үхэр хөндлөн эвэртэй хар үнээ, эвэртэй хүрэн гунж, сартай мухар үнээ байхгүй байсан. Би ижлээсээ салсан байх гэж бодоод тэр хавиар хайгаад олоогүй. Гэртээ ирээд гэрийн гадаа байдаг камераа шүүх гэсэн боловч ажиллахгүй байсан. Тэгээд Улаанбаатар хотоос хүү н.Амарсайханыг дуудаж камер үзүүлэхэд 2024 оны 12 дугаар сарын 02-ны шөнийн 05 цаг 49 минутад хашааны баруун талд машин ирж зогсоод явган хүн ирээд хашааны гаднаас манай үхрүүдийг бүгдийг нь туугаад явж байгаа бичлэг хадгалагдсан байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 133 тал/,

-Насанд хүрээгүй гэрч Ц.Н “...Би 2024 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн оройны 19 цагийн орчим нэг хашаанд хамт байх ах Ц.Бийн охиных нь төрсөн өдөрт ахын гэрт ороход О.Х гэх хүн ирчихсэн байсан. Тэгээд бид нар ахын хүүхдийнх нь төрсөн өдрийг тэмдэглэж байгаад би 20 цаг өнгөрч байхад амрах гээд ганцаараа гэр лүүгээ орсон. Удалгүй хойноос аав, ээж, дунд ах болох н.М орж ирээд ах н.Мягмардорж ус уучхаад гэр рүүгээ орохоор гарсан. Би аав, ээжийн хамтаар хэвтэж байгаад 23 цагийн орчим амарсан. Аав, ээж хоёр өмнө нь унтаад өгчихсөн байсан. Намайг ах Ц.Бийн гэрээс гарах үед О.Х нь гэрт үлдсэн. Хэзээ явсныг нь сайн мэдэхгүй байна. Ахын төрсөн өдөр нь болж байгаа охинд бэлэг авч өгөхөөр ирсэн гэж байсан. Маргааш нь болох 12 сарын 08-ны өглөө гэртээ унтаж байгаад бие засах гээд гэрээс 10 цагийн орчим гарахад О.Х хар өнгийн приус-30 нь зогсож байхаар нь ирчихсэн байгаа юм байна гэж бодоод бие засчхаад эргээд гэр рүүгээ орсон. Өмнө нь О.Х нь 09 дүгээр сарын сүүлээр намайг гэрт байхад нэг удаа эмээлийн мод авч ирж өгч байсан. Би 2024 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 11 дүгээр сарын 17-ны хооронд Улаанбаатар хотод барилгын туслах хийн хотод байсан..., ...Өмнө нь 2024 оны 11 дүгээр сарын сүүлээр өдрийг нь сайн мэдэхгүй байна. Ц.Бийн ахын тээврийн хэрэгсэл болох бонготой ганцаараа хар халзан, улаан халзан зүстэй 2 тооны үхрийг ачин ирж аав, ах хоёроор хийлгүүлж байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 147-148 тал/,

-Гэрч Ц.М “...Би тухай өдрийн өглөө цагийг нь сайн мэдэхгүй, нар гараад удаагүй байхад Багануур дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг бой хийдэг газрын туслах н.Тулга гэх хүн намайг гэрээс ирж аваад бойны газарт очин малын баас арилгах болон арьс шир зөөдөг ажил хийсэн. Тэгээд өглөөнөөс орой 19 цаг хүртэл ажиллаж байгаад гэр лүүгээ алхан харьж хашаандаа орон аав, ээжийн гэрт ороход аав, ээж, 2 дүү болон ах Ц.Бийн охин байсан. Тэгээд цай хоол идэж байхад гаднаас Ц.Б орж ирээд дэлгүүр рүү яваад тамхи, ундаа аваад ир гэсэн. Би аав, ээжийн гэрээс гараад өөрийн гэртээ орж хувцсаа сольчхоод дэлгүүр ороод тамхи ундааг нь аваад Ц.Бийг гэрт 20 цаг өнгөрч байхад ороход ах болон эхнэр хүүхдүүд нь бас ахын эхнэрийн найзууд хүүхдүүдтэйгээ ирчихсэн байсан. Би хоол цай идээд гэр рүүгээ орон амрах зорилгоор ахын гэрээс гарахад ах Ц.Бийн тээврийн хэрэгсэл болон бонго нь харагдахгүй О.Хын приус-30 нь байсан. Тэгээд би аав, ээжийн гэрээр орчхоод шууд өөрийн гэртээ ороод амарсан. Намайг 19 цагийн үед ажил тарах гэж байхад О.Х нь миний утас руу залгаад намайг үхэрт явах уу гэхээр нь би явахгүй, ажил амжихгүй байна гэж хэлээд утсаа тасалсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 151-152 тал/,

-Гэрч Ц.ЦУын “...Би Багануур дүүргийн 1 дүгээр хороо Гэрэл худалдааны төвийн арын хашаанд эхнэр хүүхдүүдийн хамт оршин суудаг. О.Х гэх залуу 12 дугаар сарын эхээр өдрийг нь сайн санахгүй байна. О.Х 3 үхэр ачаад ирсэн. Нэг үхрийг нь хашаанд байх төмрөөс уячихсан байсан үхрийг нь 50.000 төгрөгөөр хийж өгчхөөд яваад өгсөн. Зүсийг нь сайн санахгүй байна ямар ч байсан эвэргүй мухар үхэр байсан. Дараа нь 2024 оны 12 дугар сарын 08-ны өдөр 3 үхэр ачаад ирсэн байсан. Нэг үхрийг нь өөрөө ачаад гараад явсан. Би хоёр үхрийг тус бүр 50.000 төгрөгөөр хийж өгсөн. Тухайн үхрүүдийг бүгдийг нь хөлсөөр хийж өгсөн..., ...Үхэр ачиж ирэхдээ ганцаараа ирж байсан. Өөр хүн хамт ирж байгаагүй, тухайн үед манай том хүү Ц.Бийн портер маркийн тээврийн хэрэгсэлтэй ачиж ирж байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 154 тал/,

-Гэрч Ц.ЦУын дахин өгсөн “...Надад мэдэх зүйл байхгүй. Хашаанд үхэр ачиж ирээд үхэр хийгээд өгөөч гэж гуйхаар нь 2 үхэр тус бүрийг нь 50.000 төгрөг, нийт 100.000 төгрөгөөр хийж өгсөн. Намайг байхгүй хойгуур манай хашаанд өөрөө үхэр хийсэн гэж байсан. Өөр мэдэх зүйл байхгүй байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 156 тал/,

-Иргэний нэхэмжлэгч Ц.Бийн гэрчээр өгсөн “...Би 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр өөрийн эзэмшлийн үхрээсээ им тамга байхгүй улаан үнээ хийж зараад “хаан банк”-ны малчны зээлд 1.500.000 төгрөг хийсэн. 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр О.Х ирээд надад малын “А” данс байхгүй болохоор малын гарал үүслийн гэрчилгээ гарахгүй байна, чи нэг үхрийн гарал үүслийн гэрчилгээ өөрийн нэр дээрээ гаргаад өгөөч гэж гуйхаар нь малын эмч н.Гэрэлмаа гэх эмчээс малын бичиг гаргуулж өгсөн. Тухайн үхэр нь эвэртэй сартай хар үхэр байсан. Хөдөө ахаасаа авч ирсэн гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 158 тал/,

-Гэрч Ч.Л “...Ц.Ц, Ц.Б нар эрхэлсэн тодорхой ажилгүй, Ц.Б нь аав Ц.Црын хамт Багануур дүүрэг 1 дүгээр хороонд байх хашаандаа өвлийн идэшний цагаар хүмүүсийн малыг хөлсөөр бой хийж амьдардаг. Би 2024 оны 12 дугаар сарын дундуур байх өдрийг нь сайн санахгүй байна, хашаанд нь очиж 5 тооны хонь, 13 тооны ямаа хийлгэн нэг бог малыг 10.000 төгрөг, нийт 180.000 төгрөгийн хөлсөөр хийлгэж авсан. Ц.Ц, Ц.Б нар нь мал бойлох ажил хашаандаа хийж амьдралдаа нэмэр болгож амьдардаг...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 160 тал/,

-Гэрч Д.Эгийн “...О.Хын эзэмшлийн хоёр хар зүсмийн үхэр, гурван улаан зүсмийн нийт 5 тооны үхэр байсан. Тухайн үхрүүд бүгд зөв талын чих нь ухам имтэй үхрүүд байгаа..., ...Тухайн үхрүүд одоо байхгүй, 2024 оны 11 дүгээр сарын сүүлээр өдрийг нь сайн санахгүй байна. Ирж 2 үхрийг нь аваад явсан үлдсэн гурван үхрийг нь 2024 оны 12 дугаар сар гарч байхад ирээд аваад явсан. Тухайн өдрийг нь би санахгүй байна. Одоо О.Хт үхэр үлдээгүй, бүгдийг нь аваад дуусгасан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 162 тал/,

-“Гарьд гүрү үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн №07/270 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 169-182 тал/,

-“Гарьд гүрү үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн №07/273 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 187-202 тал/,

-Шүүгдэгч О.Хын яллагдагчаар өгсөн “...Би прокурорын тогтоолтой танилцсан. Асууж тодруулах зүйл байхгүй. Прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 11-12 тал/,

-Шүүгдэгч О.Хын яллагдагчаар дахин өгсөн “...Би прокурорын тогтоолтой танилцсан. Асууж тодруулах зүйл байхгүй. Прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 52-53тал/ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт:

Шүүгдэгч О.Х нь Төв аймгийн Баяндэлгэр сумын Байдлаг 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт машин механизм ашиглан 2024 оны 11 дүгээр сарын 23-с 24-нд шилжих шөнө хохирогч Б.Джийн эзэмшлийн олон тооны буюу хүрнэ үнээ, цагаан толгойтой улаан халзан үнээ зэрэг 2 үхрийг бэлчээр дээрээс нь Ц.Бийн эзэмшлийн хөх өнгийн “Hyundai porter” маркийн “00-00 УАН” улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглан хулгайлж 3.320.000 төгрөгийн хохирол,

Мөн үргэлжилсэн үйлдлээр Төв аймгийн Баяндэлгэр сумын Галуут 2 дугаар багийн нутгаас 2024 оны 12 дугаар сарын 01-с 02-нд шилжих шөнө иргэн Н.Чын эзэмшлийн 3 тооны үхрийг “00-00 УАН” улсын дугаартай “Hyundai porter” маркийн тээврийн хэрэгслийг ашиглан хулгайлж, түүнд 5.095.000 төгрөгийн хохирол учруулж, нийт бусдад 8.415.000 төгрөгийн хохирол учруулж, хууль бусаар эзэмшилдээ оруулж, өөртөө захиран зарцуулах боломжийг бий болгосноор бусдын малыг хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр , нууцаар авсан гэх хулгайлах гэмт хэрэг нь төгссөн гэж үзнэ.

Шүүгдэгч О.Х нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас үүдэн гарах үр дагаврыг урьдчилан мэдсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн, гэм буруутай байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар санаатай гэдэгт өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэснийг ойлгоно.

Шүүгдэгч О.Х нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас үүдэн гарах үр дагаврыг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.

 

Шүүгдэгч О.Хыг машин механизм ашиглан, бусдын олон тооны буюу хохирогч Б.Джийн өмчлөлийн 2 үхрийг, хохирогч Н.Чын өмчлөлийн 3 үхрийг, нийт 5 тооны үхрийг хулгайлсан үйлдэлд нь Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан... машин механизм ашиглаж, олон тооны мал хулгайлж..., гэх хүндрүүлэх шинжээр нь зүйлчлэн ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, улсын яллагчийн яллах дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирч байна.

 

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлэх бөгөөд хулгайлах гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрөө бусдын эд зүйлийг хулгайлж байгаа идэвхтэй үйлдлээ хэнд ч мэдэгдээгүй гэсэн сэтгэхүйн харилцаагаар тодорхойлогдох бөгөөд энэ гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж” үйлдвэл гэж заасан бөгөөд шүүгдэгч О.Хын дээрх үйлдэл нь энэ гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

Иймд шүүгдэгч О.Хыг машин механизм ашиглан бусдын олон тооны малыг хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзсэн.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч Э.Ууганцэцэг нь: “Шүүгдэгч О.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 4 жилийн хорих ял оногдуулах саналтай ” гэх ялын дүгнэлтийг гаргасан байна.

 

Шүүгдэгч О.Хын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнд гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

Шүүгдэгч О.Х нь гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй ч урьд нь энэ төрлийн гэмт хэрэгт холбогдон эрүүгийн хариуцлага хүлээж байсан атлаа дахин энэ төрлийн гэмт хэргийг үйлдэж, шүүхийн шатанд оргон зайлж шүүн таслах ажиллагаанд санаатай саад учруулсан зэрэг нөхцөл байдлыг үндэслэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн зарчимд нийцүүлэн шүүгдэгч О.Хт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 хэсэгт зааснаар шүүгдэгч О.Хын цагдан хоригдсон 2 /хоёр/ хоногийг эдлэх ялд нь оруулан оруулан тооцож,

Хорих ялыг эдлүүлэхдээ шүүгдэгч О.Хын гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээрээ маргаагүй, хохирогч нарт учирсан хохирлыг төлж барагдуулсанг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон тул нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Хохирол, хор уршиг бусад асуудлаар:

Шүүх хуралдааныг товыг хохирогч Н.Ч, Б.Дж нарт мэдэгдэхэд “хохирлоо барагдуулбал гомдол санал нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй”, иргэний нэхэмжлэгч Т.Бт мэдэгдэхэд “гомдол санал нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” гэсэн, иргэний нэхэмжлэгч Ц.Бид мэдэгдэхэд “машиныг минь хураах юм бол мөнгөө авна, шүүх хуралдаанд оролцохгүй” гэсэн байна.

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч О.Х хохирогч Н.Чулуубаатарын 5.095.000 төгрөг, хохирогч Б.Джийн 3.320.000 төгрөгийг төлж барагдуулсан байна.

Харин шүүгдэгч О.Хын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан иргэний нэхэмжлэгч Т.Бийн нэр дээр бүртгэлтэй, иргэний нэхэмжлэгч Ц.Бийн эзэмшлийн “00-00 УАН” улсын дугаартай “Hyunda porter” маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээ болох 1.528.000 /нэг сая таван зуун хорин найман мянга/ төгрөгийг улсын орлого болгож шийдвэрлэсэнг “ шүүгдэгч О.Х нь иргэний нэхэмжлэгч Ц.Бид төлсөн, улсын орлогод оруулах төлбөрийг төлж барагдуулах” хүсэлт гаргасанг хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар хүсэлт гаргаж шүүх хуралдааныг завсарлуулах тухай” хүсэлт гэж үзэн мөн хуулийн 34.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан хугацаанд завсарлуулж завсарлагын хугацаа дуусаж, шүүх хуралдааныг 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 12 цаг 00 минутад эхлүүлэхэд шүүгдэгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 2025/ШЗ/572 дугаартай шүүгчийн захирамжаар албадан ирүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ өөрчилж, 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 2025/ШЗ/572 дугаартай шүүгчийн захирамжаар шүүгдэгчийг албадан ирүүлэх хүртэлх хугацаагаар хойшлуулж, 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 2025/ШЗ/1284 дугаартай шүүгчийн захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, шүүгдэгчийн эрэн сурвалжилж, түүнийг олж илрүүлсэн талаар цагдаагийн албан хаагчаас 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр олж илрүүлэн Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүлээлгэн өгч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 2025/ШЗ/1479 дугаартай шүүгчийн захирамжаар сэргээж, тухайн өдөр шүүх хуралдааныг үргэлжлүүлэхэд шүүгдэгч О.Х нь “00-00 УАН” улсын дугаартай “Hyunda porter” маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээ болох 1.528.000 /нэг сая таван зуун хорин найман мянга/ төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж, мөн хуулийн 4-д дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж тус тус зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц О.Хын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан иргэний нэхэмжлэгч Т.Бийн нэр дээр бүртгэлтэй, иргэний нэхэмжлэгч Ц.Бийн эзэмшлийн “00-00 УАН” улсын дугаартай “Hyunda porter” маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээ болох 1.528.000 /нэг сая таван зуун хорин найман мянга/ төгрөгийг шүүгдэгч О.Хаас гаргуулж, улсын орлого болгож,

Эрүүгийн 2534000000017 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч О.Хын цагдан хоригдсон 2 / хоёр /  хоногийг эдлэх ялд оруулан тооцож, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4., 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10, 36.13., 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч О.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан ““бусдын олон тооны малыг машин механизм ашиглаж хулгайлсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч О.Хыг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан О.Хт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар оногдуулсан 4 /дөрөв/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Хын цагдан хоригдсон нийт 2 /хоёр/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Хын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан иргэний нэхэмжлэгч Т.Бийн нэр дээр бүртгэлтэй, иргэний нэхэмжлэгч Ц.Бийн эзэмшлийн “00-00 УАН” улсын дугаартай “Hyunda porter” маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээ болох 1.528.000 /нэг сая таван зуун хорин найман мянга/ төгрөгийг шүүгдэгч О.Хаас гаргуулж, улсын орлогод оруулсугай.

 

6. Эрүүгийн 2534000000017 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт болон эд мөрийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Хт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ю.ЭНХМАА