Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 2021/ДШМ/748

 

 

                                                                  А.Бд холбогдох

  эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Т.Отгонтөгс,

            шүүгдэгч А.Б, түүний өмгөөлөгч Ч.Отгонбаатар,

            нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 2021/ШЦТ/518 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.Бгийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2108001550151 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

........................., 19.......................... оны ................... дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, боловсролгүй, сийлбэрчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл нэг, Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 13 дугаар гудамжны 185 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Зүүнбаян Уулын 2 дугаар гудамжны 1в тоотын нийтийн байрны 7 тоотод түр оршин суух хаягтай, /РД:................................/,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2002 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн 634 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг оногдуулсан хорих ялын таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэхийг мөн хугацаагаар хойшлуулсан,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2003 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн 193 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2005 оны 7 дугаар сарын 29-ний өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2007 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 232 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2010 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2010 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 254 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2013 оны 12 дугаар сарын 7-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 1060 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгүүлж, дээрх оногдуулсан хүнд ял дээр хөнгөн ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялыг 4 жилийн хугацаагаар тогтоосон,

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 269 дугаартай захирамжаар 2002 оны Эрүүгийн хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар дээрх биечлэн эдлэх 4 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 6 сар 22 хоногийн хорих ялаас өршөөн хэлтрүүлсэн,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 187 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн,

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 435 дугаартай захирамжаар 2002 оны Эрүүгийн хуулийн зүйл хэсэг заалтыг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт болгон өөрчилж, биечлэн эдлэх хорих ялыг 1 жил 1 сар 10 хоногоор тогтоосон,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 450 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 128 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 1 сар 21 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө тэнсэн суллаж, мөн хугацаагаар хяналт тогтоосон;

А.Б нь үргэлжилсэн үйлдлээр 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 19-45 тоотод оршин суух Д.Даваамөнхийн эзэмшлийн хүн байнга амьдрах орон байранд цонхийг хагалж нэвтрэн орж, хөөрөг, бугуйн цаг, гар дрилл, уурын индүү, зөөврийн хард, бэлэн мөнгө 200.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, нийт 6.379.602 төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Баруунбаян 8-10 тоотод оршин суух Э.Болортуяагийн байнга амьдрах орон байранд нэвтэрч, мөнгөн аяга, ээмэг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж 1.185.000 төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороо, Зээлийн 8-76 тоотод оршин суух О.Амарсайханы байнга амьдрах орон байранд нэвтэрч, 4 ширхэг зурмал бурхан, мөнгөн хазаар, мөнгөн аяга 4 ширхэг, гар утас, савхин куртик, пүүз, цүнх зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж 11.860.000 төгрөгийн буюу 3 удаагийн үйлдлээр нийт 19.424.602 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: А.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч .....................г үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч А.Бг 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 3 жил 5 сарын хорих ял дээр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 450 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 1 сар 21 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх хорих ялыг 4 жил 6 сар 21 хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Лхагвасүрэнд оногдуулсан 4 жил 5 сар 21 хоногийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч А.Бгийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан 117 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялаас хассаж, Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бгээс хураан авсан 2.640.000 төгрөгөөс хохирогч Э.Болортуяад 565.000 төгрөгийг, хохирогч Д.Даваамөнхөд 2.075.000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц олгохыг шүүгчийн туслахад даалгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бгээс 1.459.120 төгрөг гаргуулж, хохирогч Д.Даваамөнхөд олгож, хохирогч Э.Болортуяа нь өөрт учирсан хор уршгийн зардлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар саарал өнгийн, хагас түрийтэй, саарал өнгийн резин ултай, хар үдээстэй 1 хос гутлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгож, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор хохирогч О.Амарсайхан, Э.Болортуяа нарт төлөх төлбөргүй, хэрэгт түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч А.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би хавтас хэрэгт авагдсан 3 удаагийн үйлдлээ зөвшөөрч гэм буруугаа хүлээн гэмшиж байгаагаа илэрхийлж хувь хүнд учруулсан хохирлоо нөхөн төлж барагдуулсан. Миний бие 2021 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр зүүн хөлийн дунд чөмөгний хугарал, мөн зүүн гарын хугарал үүссэн юм. Иймээс миний эрүүл мэндийн байдал, хохирол төлбөрөө төлсөн болон хийсэн хэрэгтээ гэмшиж байгааг минь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж, ялыг хөнгөрүүлж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч А.Бгийн өмгөөлөгч Ч.Отгонбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж оролцож байна.  Анхан шатны шүүхээс хохирогч Д.Даваамөнхөд 1.459.120 төгрөгийг олгуулахаар шийдвэрлэсэн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Д.Даваамөнх нь “хохирлоо нэхэмжлэхгүй” гэсэн мэдүүлгийг 3 удаа өгсөн. Үүнээс харахад хохирогч Д.Даваамөнхөд төлөх төлбөргүй, мөн эрүүл мэндийн байдал болон гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхээс оногдуулсан ялаас багасгаж өгнө үү.” гэв.

Прокурор Т.Отгонтөгс тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч А.Бгийн үйлдсэн гэмт хэрэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож тогтоогдсон. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 4 дэх заалтад шүүгдэгч А.Бгийн нэрийг “Б.Лхагвасүрэн” гэж, мөн 4 жил, 6 сар, 21 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулсан байхад “4 жил, 5 сар, 21 хоног” гэж сарыг буруу бичсэн байна. Үүнийг залруулах шаардлагатай. Ял шийтгэлийн байдал тохирсон. Хаалттай хорих ангид ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Биеийн байдлыг харгалзан үзээд нээлттэй хорих ангид ял эдлүүлэхээр шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолтой холбогдуулан шүүгдэгч А.Бгийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудын хүрээнд тухайн хэргийн бүх ажиллагааг гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

А.Б нь үргэлжилсэн үйлдлээр 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 19-45 тоотод оршин суух Д.Даваамөнхийн эзэмшлийн хүн байнга амьдрах орон байранд цонхийг хагалж нэвтрэн орж, хөөрөг, бугуйн цаг, гар дрилл, уурын индүү, зөөврийн хард, бэлэн мөнгө 200.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 6.379.602 төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Баруунбаян 8-10 тоотод оршин суух Э.Болортуяагийн байнга амьдрах орон байранд нэвтэрч, мөнгөн аяга, ээмэг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 1.185.000 төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороо, Зээлийн 8-76 тоотод оршин суух О.Амарсайханы байнга амьдрах орон байранд нэвтэрч, 4 ширхэг зурмал бурхан, мөнгөн хазаар, мөнгөн аяга 4 ширхэг, гар утас, савхин куртик, пүүз, цүнх зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж 11.860.000 төгрөгийн буюу 3 удаагийн үйлдлээр нийт 19.424.602 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлджээ. Дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн нь;

Хохирогч Д.Даваамөнхийн “...2020 оны 8 дугаар сарын 12-ны өдөр 14 цаг 30 минутын үед гэрээсээ гараад үсээ засуулчихаад буцаад 17 цагийн үед гэртээ ирэхэд манай байшингийн цонх хагарсан, гэрийн эд зүйл эмх замбараагүй болсон байсан. ...Манай гэрээс шургуулгад байсан алтан нуухтай, шүрэн толгойтой хуучин цагийн “Халтар манан” хөөрөг 1 ширхэг, шинэ цагийн дуураймал “Хаш” хөөрөг 1 ширхэг, Дубай хотод аялалаар явж байхдаа авч байсан эрэгтэй хүний бугуйн алтан цаг 1 ширхэг. Тухайн цагны нэрийг сайн мэдэхгүй... ямар ч байсан алтны орц ихтэй. “Seiko” брэндийн эрэгтэй хүний бугуйн цаг 1 ширхэг, ...дунд гарын 3 ширхэг мөнгөн аяга, батарейгаар ажилладаг гар дрилл 1 ширхэг, цахилгаанаар ажилладаг гар дрилл 1 ширхэг, эмэгтэй хүний монетон ээмэг, бөгж, эрэгтэй хүний үсний машин 1 ширхэг, уурын индүү, зөөврийн хард, бэлэн 200.000 төгрөг алдагдсан. ...” /2хх 3-8/ гэсэн мэдүүлэг,

хохирогч Э.Болортуяагийн “...Манай гэрээс дунд гарын мөнгөн аяга 4 ширхэг, бага гарын мөнгөн аяга 1 ширхэг, манай ээжийн “Swarovski” шигтгээтэй ээмэг 1 ширхэг хулгайд алдагдсан. ...мөнгөн аягануудыг нөхөр бид хоёрын хурим дээр бэлэгт өгч байсан. ...дунд гарын мөнгөн аяга дээр “Хайрт хүргэндээ 2017.09.17” гэсэн бичиглэлтэй, бусад аяганыхаа содон шинжийг санахгүй байна. ...” /1хх 171-172/ гэсэн мэдүүлэг,

хохирогч О.Амарсайханы “...гэртээ ирээд хаалга онгойлгож ороод үүдний гэрлээ асаасан чинь манайд хулгайч орсон байсан. ...Манай гэрээс 4 үе дамжиж байгаа мөнгөн жаазтай дотроо судартай, нүүрэн талдаа 4 ширхэг зурмал бурхан, ...шинэ цагийн мөнгөн хазаар, ...4 ширхэг мөнгөн аяга, “Samsung J-5” маркийн плат нь шатсан гар утас, савхин куртик, 1 хос пүүз, хүүхдийн үүрдэг цүнх зэрэг алдагдсан. ...” /1хх 45-46/ гэсэн мэдүүлэг,

гэрч А.Очиржавын “...Намар нэг удаа надтай Дэнжийн мянга орчим машин дотор уулзаж байхдаа 2 ширхэг бугуйн цаг өгч байсан. Нэг цаг нь шар өнгийн шар төмөр оосортой энгийн цаг, нөгөөх нь ширэн оосортой энгийн бугуйн цаг байсан. ...” /2хх 15-16/ гэсэн мэдүүлэг,

гэрч Э.Энхжамцын “...13 цагийн үед гэртээ ирэхэд манай 2 байшингийн завсар хүн байх шиг харагдаад ардаас нь гүйж байгаад алдсан. Тэгээд буцаж ирэхэд манай төрсөн ах Энхбатын байшингийн зүүн тийш харсан цонх онгорхой байхаар нь би түрүүлээд гэрт ороход мөнгөн аяганууд нь алдагдсан байхаар нь дуудлага өгсөн. ...” /1хх 177/ гэсэн мэдүүлэг,

гэрч Х.Цэцэгмаагийн “...Баяраагийн гэрээс мөнгөн аяга, виски, бусад зүйлийг цагдаа бичиж тэмдэглэсэн. ...” /1хх 52-53/ гэсэн мэдүүлэг,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 3-8, 10-15, 153-159, 238-245/, хөрөнгийн үнэлгээний тайлангууд /1хх 71-72, 202-203, 2хх 35-37, 40-41/, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх 167-168, 2хх 42-43/, таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл /1хх 16-21, 163-165, 2хх 44-45/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1хх 28-29, 30-32/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын шинжээчийн 588 дугаартай дүгнэлт /1хх 191-197/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад нотлох баримтад үндэслэн, шүүгдэгч А.Бг үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч А.Бгийн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 3 удаагийн үйлдлээр бусдад нийт 19.424.602 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

             Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, учруулсан хохирол, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч А.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэхээр хуульчилсан бөгөөд анхан шатны шүүх уг зүйл, хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял шийтгэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцжээ.

Шүүгдэгч А.Б “...миний эрүүл мэндийн байдал, хохирол төлбөрөө төлсөн болон хийсэн хэрэгтээ гэмшиж байгааг минь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж, ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Хавтас хэргээс үзэхэд, шүүгдэгч А.Б нь өмнө нь 7 удаа ял шийтгүүлж байсан бөгөөд дахин санаатай энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн, засрал хүмүүжлийг олоогүй түүний хувийн байдалд тохируулан анхан шатны шүүх тухайн зүйлд заасан төрөл хэмжээний дотор хорих ял оногдуулсан нь үндэслэл бүхий болжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно.” гэж, 1.3-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо нөхөн төлсөн бол тухайн зүйл хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж тус тус заажээ.

Энэхүү заалтыг шүүх заавал хэрэглэх хэм хэмжээ биш, харин гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд хэрэглэж болох зохицуулалт бөгөөд шүүх дээрх зүйл хэсгийг хэрэглээгүй явдал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн нөхцөлд хамаарахгүй юм.

Харин давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч А.Бгийн эрүүл мэндийн байдлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялын дэглэмийг хөнгөрүүлэн өөрчилж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Анхан шатны шүүх шүүгдэгч А.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 1 сар 21 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний нийт биечлэн эдлэх хорих ялыг 4 жил 6 сар 21 хоногийн хугацаагаар тогтоосон атлаа шийтгэх тогтоолын 4 дэх заалтад “...шүүгдэгч Б.Лхагвасүрэнд оногдуулсан 4 жил 5 сар 21 хоногийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэж шүүгдэгчийн нэр, түүний эдлэх ялын хэмжээг буруу бичсэн байх тул энэ талаар шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч А.Б нь өмнө нь Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 1060 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, нийт 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр батлагдсан Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж биечлэн эдлэх 4 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 6 сар 22 хоногийн хорих ялаас өршөөн хэлтрүүлсэн байна.

Дээрх байдал нь 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт заасан “Өршөөл үзүүлэх тухай 1991 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хууль, 1996 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн хууль, 2000 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн хууль, 2006 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн хууль, 2009 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хууль, 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу хорих ялаас чөлөөлөгдсөнөөс хойш санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн хүнийг өршөөлд хамааруулахгүй.” гэсэн заалтад хамаарч байх тул шүүгдэгч А.Бг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамааруулах боломжгүй байгааг дурдах нь зүйтэй.

Иймд, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 2021/ШЦТ/518 дугаартай шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж, шүүгдэгч А.Бгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 2021/ШЦТ/518 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

3 дахь заалтын “...2019 оны 450 дугаар...” гэснийг “...2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 450 дугаар...” гэж,

4 дэх заалтын “...шүүгдэгч Б.Лхагвасүрэнд оногдуулсан 4 жил 5 сар 21 хоногийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэснийг “...шүүгдэгч А.Бд оногдуулсан 4 жил 6 сар 21 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Бгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б нийт 79 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                            Б.БАТЗОРИГ        

ШҮҮГЧ                                                            Т.ӨСӨХБАЯР

ШҮҮГЧ                                                            Д.МӨНХӨӨ