Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 221/МА2017/0501

 

Н.Энхцэцэгийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Сайхантуяа, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Атарболд, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Очбаяр, хариуцагч Г.Бямбадорж, хариуцагчийн өмгөөлөгч А.Мөнхтулга нарыг оролцуулан хийж, Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 123/ШШ2017/0009 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Н.Энхцэцэгийн нэхэмжлэлтэй, Төв аймгийн Баянжаргалан сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 123/ШШ2017/0009 дүгээр шийдвэрээр: Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.1, 16.5.7, Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.6, 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Энхцэцэгийн “Баянжаргалан сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Б/04, мөн 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн А/10 дугаартай захирамжуудыг тус тус хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох, 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийх шийдвэр гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж тус тус шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: “Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 123/ШШ2017/0009 дугаартай шийдвэрийг нэхэмжлэгчийн зүгээс эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэлтэй байх шаардлагыг хангахгүй байна. Учир нь Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Одсүрэн шүүх хуралдааныг явуулахдаа нэг талыг хэт барьж шийдвэрийг гарган би миний шударга шүүхээр шүүлгэх эрхийг зөрчсөн.

Нэхэмжлэгч намайг Төв аймгийн Баянжаргалан сумын Засаг даргын Б/04 дүгээр тушаалаар ажлаас халсан байдаг. Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлд ажлаас чөлөөлөх үндэслэлийг тодорхой заасан. Харин нэхэмжлэгч надад ажлаас чөлөөлөх ямар ч үндэслэл үүсээгүй байхад ийнхүү чөлөөлөх нэрийдлээр ажлаас халсан нь хууль зүйн үндэслэлгүй.

Засаг даргын А/10 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3 дахь заалтыг хэрэглэн сахилгын шийтгэлээр халсан нь хууль буруу хэрэглэснийг харуулж байна. Учир нь Төрийн албаны тухай хуулийн “26.1.Энэ хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчид дараахь сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна” гэж заасан. Харин нэхэмжлэгч надад энэ хуулийн 13, 15, 40-д заасан үндэслэл байхгүй.

Нэхэмжлэгч би Төв аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлд Баянжаргалан сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Б/04, мөн 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн А/10 дугаар захирамжуудыг тус тус хүчингүй болгуулах урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлгэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах гомдлыг гаргасан бөгөөд Төрийн албаны салбар зөвлөлөөс гомдлыг хангаж шийдвэрлэсэн байдаг.

Гэтэл анхан шатны шүүх Төрийн албаны зөвлөлийн тогтоолыг нотлох баримтын хэмжээнд үнэлэлгүй, шийдвэртээ дурдахгүй анхаарахгүйгээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь шүүх нотлох баримтыг тал бүрээс нь шинжлэн судлах үүргээ биелүүлээгүй байна.

Анхан шатны шүүх сумын Засаг даргын захирамжид дурдагдсан зөрчлүүдийн шинжид үнэлэлт дүгнэлт өгсөн нь буруу байна. Шүүхийн шийдвэрт “...нэхэмжлэгчид оногдуулсан сахилгын шийтгэл нь түүний гаргасан зөрчилд тохирсон” гэж тогтоосон нь миний эрх ашиг сонирхлыг зөрчиж байна. Сахилгын шийтгэлийн хувьд ямар нэгэн арга хэмжээ авагдах ноцтой зөрчил гаргаагүй, дотоод хяналт шалгалт хийгээгүй болохыг шүүх анзаарсангүй. Түүнчлэн Төрийн албаны салбар зөвлөлөөс Баянжаргалан сумын Засаг даргын захирамж нь хууль зүйн үндэслэлгүй гэж тогтоосоор байтал хэрэгт авагдсан энэ тогтоолыг шүүх огт авч хэлэлцэж үнэлсэнгүй. Засаг дарга Г.Бямбадорж нь төрийн албанд огт ажиллаж байгаагүй болох нь хурлын тэмдэглэлээс тогтоогддог.

Ийнхүү Засаг дарга нь хууль бусаар төрийн албанд ажиллаж байгаа албан хаагчийг намын харьяаллаар өөрийн үзэмжээрээ халж эрх мэдлээ хэтрүүлэн удаа дараа хууль зүйн үндэслэлгүй захирамж гарган ажлаас халсан байхад шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тал бүрээс нь үнэлэлт дүгнэлт өгөөгүйд гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудад тулгуурлан маргаан бүхий актын үндэслэл бүрт дүгнэлт өгч, хэргийг зөв шийдвэрлэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Н.Энхцэцэг нь Төв аймгийн Баянжаргалан сумын Засаг даргад холбогдуулан “Төв аймгийн Баянжаргалан сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Б/04, 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн А/10 дугаар захирамжуудыг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

Хариуцагчаас дээрх маргаан бүхий актуудыг гаргах үндэслэлээ “албан үүргээ хангалтгүй биелүүлж, аудитын зөвлөмжийг хэрэгжүүлээгүй, байгууллагын өмч хөрөнгийн хадгалалт хамгаалалт муу, өмч хөрөнгийн асуудлыг хариуцан шийдвэрлээгүй, шилэн дансанд төсвийн төсөл, хагас жилийн тайлан, төсвийн гүйцэтгэл, 5 сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий орлогын гүйлгээ мэдээлээгүй, батлагдсан орон тоог хэтрүүлж, төсвийн хөрөнгийг үргүй зарцуулж, цалин шатахууны өр үүсгэсэн боловч шатахууны өглөгийн мэдээ тайланд тусгаагүй, өндөр үнээр төрөл садан, ойр дотны хүмүүсээс хонь, ямаа худалдаж авсан, байгууллагын дотоод хяналтын үйл ажиллагааг явуулаагүй, 3-р улирлын санхүүгийн тайланг гаргаагүй, 2016 оны үр дүнгийн гэрээг дүгнүүлээгүй, аймгийн Засаг даргын үзлэгээр дутагдалтай үнэлгээ авсан” гэжээ.

Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтууд, гэрчүүдийн мэдүүлгээс үзэхэд нэхэмжлэгч Н.Энхцэцэг нь Төв аймгийн Аудитын газраас Баянжаргалан суманд өгсөн “байгууллагын өмч хөрөнгийн хадгалалт, хамгаалалт, хөрөнгийн асуудлыг шийдвэрлэх, Шилэн дансны тухай хуулийн хэрэгжүүлэх, санхүүгийн тайлан мэдээг гаргах, дотоод хяналт хийх улирал, жилийн төлөвлөгөөг батлуулах” үүрэг зөвлөмжийг гарын үсэг зурж хүлээн авсан хэдий ч заасан үүрэг даалгаврыг бүрэн хэрэгжүүлж ажиллаагүй болох нь нэгэнт тогтоогдсон байх тул нэхэмжлэгчийг Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.1, 16.5.6, 16.5.7, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасан төсвийн шууд захирагчийн,  Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.6-д заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг бүрэн эрхээ хэрэгжүүлж ажиллаагүй, албан үүргээ биелүүлээгүй гэж үзэх бүрэн үндэслэлтэй.

Харин 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Ёс зүйн хорооны хуралдаанаар Н.Энхцэцэгийн “төрөл садангийн хүмүүсээс мал, мах өндөр үнээр авсан” гэх зөрчлийг хэлэлцээд “арга хэмжээ авах шаардлагагүй” гэж шийдвэрлэсэн байхад энэ үндэслэлээр нэхэмжлэгчийг буруутгасан нь үндэслэлгүй талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

Гомдолд “...надад Төрийн албаны тухай хуулийн 13, 15, 40-д заасан үндэслэл байхгүй” гэх боловч нэхэмжлэгч нь Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.6-д заасныг зөрчсөн, мөн албан үүргээ биелүүлээгүй болох нь дээрх байдлаар тогтоогдсон тул хариуцагч захиргааны байгууллагын шийдвэр Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасантай нийцсэн байна.

Түүнчлэн Төрийн албаны салбар зөвлөлийн тогтоол нь нэхэмжлэгчийн маргаан бүхий Б/04 дүгээр захирамжийг эс зөвшөөрч гаргасан гомдлыг урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар шийдвэрлэсэн шийдвэр тул “шүүх Төрийн албаны салбар зөвлөлийн тогтоолыг нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй” гэх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй байна.

Дээрх байдалд үндэслэн “нэхэмжлэлийг бүхэлд нь хангах тухай” нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 123/ШШ2017/0009 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                       Ц.САЙХАНТУЯА

ШҮҮГЧ                                                                       Б.ТУНГАЛАГСАЙХАН