Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Гочоогийн Банзрагч |
Хэргийн индекс | 128/2016/0661/З |
Дугаар | 97 |
Огноо | 2018-03-05 |
Маргааны төрөл | Бусад, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2018 оны 03 сарын 05 өдөр
Дугаар 97
Ж.Б-ийн нэхэмжлэлтэй, Монгол Улсын Ерөнхий сайдад
холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь
Шүүгчид: Д.Мөнхтуяа
П.Соёл-Эрдэнэ
Ч.Тунгалаг
Илтгэгч шүүгч: Г.Банзрагч
Нарийн бичгийн дарга: Г.Гантогтох
Нэхэмжлэлийн шаардлага: “Монгол Улсын Ерөнхий сайдын 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 20 дугаар захирамжийг хүчингүй болгуулах”
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2017/0219 дүгээр шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 221/МА2017/0442 дугаар магадлал,
Шүүх хуралдаанд оролцогч:
Хариуцагч: итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Д,
Гуравдагч этгээд: З.Э, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н нар,
Нэхэмжлэгч Ж.Б-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2017/0219 дүгээр шийдвэрээр: Монгол Улсын Үндсэн хуулийн Жардугаар зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ж.Б-ийн гаргасан “Монгол Улсын Ерөнхий сайдын 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 20 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 221/МА2017/0442 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2017/0219 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Монгол Улсын Үндсэн хуулийн Жардугаар зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасныг...” гэснийг “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3...” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Э-ы гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.
Хяналтын журмаар гаргасан гомдол
3. Монгол Улсын Ерөнхий сайдын 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 20 дугаар захирамж нь Ж.Б-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй талаар анхан шатны шүүхээс үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, төрийн албанд 3-аас доошгүй жил ажилласан байх шаардлагыг З.Э хангаагүй байсан ч иргэдийн хурлаас нэр дэвшсэн тохиолдолд түүнийг аймгийн Засаг даргаар томилох эсэх нь Ерөнхий сайдын эрх хэмжээний асуудал бөгөөд ийнхүү томилсноор бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж буй нэхэмжлэгчийн тухайд энэхүү томилгооноос эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөх үндэслэлгүй гэжээ. Ж.Б нь Сүхбаатар аймгийн Засаг даргаар ажиллаж, бүрэн эрхээ хэрэгжүүлж байхад Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5 дахь хэсэгт заасан шалгуур үзүүлэлт хангаагүй хүнийг аймгийн Засаг даргаар томилж, аймгийн Засаг даргын бүрэн эрхэд халдсан захирамж гарсан.
4. Дээрх хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 дахь хэсэгт зааснаар Ерөнхий сайд томилох эрхтэй ч тус хуулийн 26.5-д заасан болзлыг хангаагүй хүнийг томилохоос татгалзахыг Ерөнхий сайдад хуулиар үүрэг болгосон.
5. Монгол Улсын иргэн, төрийн байгууллага, албан тушаалтан хэн ч өөрийн хэрэгжүүлж буй ажил, албан тушаалд томилогдохдоо хуулийг чанд сахин мөрдөх үүрэгтэй. Түүнээс биш сонгуульд ялсан намын хуулийн шаардлага хангаагүй хэн ч аймгийн Засаг даргаар томилгодох эрхийг Үндсэн хууль болон бусад хуулиар олгоогүй.
6. Монгол Улсын Ерөнхий сайд нь амьгүй албат биш бөгөөд иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нэр дэвшүүлсэн л бол томилох ёстой гэж шүүх дүгнэж буй нь хууль бус юм. Сонгуулийн үр дүнгээр дараагийн Засаг дарга томилогдох хуулийн зохицуулалттай ч хуулийн болзол шаардлга хангасан хүн томилогдох хүртэл бүрэн эрхээ өмнөх аймгийн Засаг дарга хэрэгжүүлэн ажиллах эрхтэй юм.
7. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2017/0129 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 221/МА2017/0442 дугаар магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
8. Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.
9. Монгол Улсын Үндсэн хуулийн Жардугаар зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.12-д зааснаар Засаг дарга нь сонгуулийн үр дүнд байгуулагдсан Хурлаас /баг, хорооны Хурлыг эс тооцвол/ нэрийг нь дэвшүүлсний үндсэн дээр эрх бүхий этгээдээс дөрвөн жилийн хугацаагаар томилогддог улс төрийн албан тушаалтан юм.
10. Засаг даргын бүрэн эрхийн хугацаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн Жардугаар зүйлийн 3, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар дараагийн Засаг даргад нэр дэвшигчийг эрх бүхий этгээд томилох хүртэл, харин томилохоос татгалзвал хуульд заасан журмаар дараагийн хүнийг дахин нэр дэвшүүлж томилтол үргэлжлэхээр байна.
11. Энэхүү маргааны хувьд хариуцагч Монгол Улсын Ерөнхий сайд нь ээлжит сонгуулийн үр дүнд байгуулагдсан Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас нэр дэвшүүлсэн гуравдагч этгээд З.Э-г тус аймгийн Засаг даргаар томилсон, өөрөөр хэлбэл, томилохоос татгалзаагүй тул нэхэмжлэгчийн бүрэн эрхийн хугацаа хуульд заасны дагуу дуусгавар болж, дараагийн Засаг даргын бүрэн эрхийн хугацаа эхэлсэн байна.
12. Гэтэл нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлохдоо “гуравдагч этгээд нь хуульд заасан шаардлагыг хангаагүй тул Ерөнхий сайд томилохоос татгалзах ёстой байсан, хэрэв татгалзсан бол миний бүрэн эрхийн хугацаа үргэлжлэх байсан” гэж байгаа нь үндэслэлгүй. Учир нь, илт хууль бусаас бусад захиргааны акт, үүний дотор хууль бус акт ч гэсэн гарсан цагаасаа хойш эрх зүйн үйлчлэлтэй байдаг /Захиргааны ерөнхий хуулийн 46, 47 дугаар зүйлийн 47.2/. Харин эрх бүхий этгээдээс, тухайлбал дээд шатны захиргааны байгууллагаас, эсхүл шүүхээс тухайн актыг хууль бус гэсэн үндэслэлээр хүчингүй болгосон тохиолдолд эрх зүйн үр дагавар нь цаг хугацааны хувьд арагшаа үйлчлэх буюу эргэж үйлчлэхгүй /үүгээрээ хууль бус актыг хүчингүй болгосны үр дагавар нь илт хууль бус актаас ялгаатай/. Иймд маргаан бүхий актыг хууль бус гэсэн үндэслэлээр ерөнхий сайд өөрөө, эсхүл шүүхээс хүчингүй болгосон байлаа ч түүний үр дагавар нь тухайн хүчингүй болгосон шийдвэр гарснаас хойших цаг хугацаанд үйлчлэх тул нэхэмжлэгчийн бүрэн эрх үргэлжлэх, эсхүл сэргэх тухай ойлголт байхгүй. Иймд маргаан бүхий актыг хууль бус гэсэн үндэслэлээр хүчингүй болгосноор 2 жил орчмын өмнө нь бүрэн эрх нь дуусгавар болсон өмнөх Засаг даргын /нэхэмжлэгчийн/ эрх сэргэхгүй тул “Ж.Б нь Сүхбаатар аймгийн Засаг даргаар ажиллаж, бүрэн эрхээ хэрэгжүүлж байхад Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5 дахь хэсэгт заасан шалгуур үзүүлэлт хангаагүй хүнийг аймгийн Засаг даргаар томилж, аймгийн Засаг даргын бүрэн эрхэд халдсан захирамж гарсан” /энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 3-т/ гэх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй.
13. Ийнхүү маргаан бүхий актыг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн бүрэн эрх сэргэхгүй тул гуравдагч этгээдийг томилсон шийдвэр хууль бус эсэх нь түүнд хамааралгүй юм. Харин нэхэмжлэгч нь ээлжит сонгуулиар байгуулагдсан иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Засаг даргад нэр дэвшсэн байсан бол гуравдагч этгээдийг томилсон шийдвэр хууль ёсны эсэх нь түүнд хамааралтай байх боломжтой. Гэвч хэргийн үйл баримтаас үзвэл нэхэмжлэгчийг аймгийн Хурал дахь нам, эвслийн бүлэг, эсхүл Хурлын төлөөлөгчөөс Засаг даргад нэр дэвшүүлээгүй болох нь тогтоогдсон тул түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй, энэ талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. Иймд уг тогтоолын Тодорхойлох хэсгийн 4, 5, 6-д заасан нэхэмжлэгчийн гомдлыг хангах боломжгүй.
14. Дээрх үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангалгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 221/МА2017/0442 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Г.БАНЗРАГЧ