Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2016/00743

 

“Их эргэлт” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 101/ШШ2016/0565 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 598 дугаар магадлалтай,           

“Их эргэлт” ХХК-ийн нэхэмжлэлтэй

“Мөнхөдбаярт хөхий” ХХК-д холбогдох

25 222 356 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

20 000 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Отгонсүрэн, Г.Баатарсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Сүнжидмаа, хариуцагчийн өмгөөлөгч C.Нэргүй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хүрэлтулга нар оролцов.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Мөнхөдбаярт хөхий” ХХК-тай 2013 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 2013/04 дугаар барилга угсралтын ажлыг гүйцэтгэх гэрээ байгуулсан. Гэрээгээр гүйцэтгэгч буюу хариуцагч нь сэндвичэн барилгын угсралтын ажлыг гүйцэтгэх, гүйцэтгэсэн ажлын үр дүнд 50 000 000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцон. Гэрээгээр хариуцагч ажлыг 2013 оны 09 дүгээр сарын 20-ны өдөрт багтаан гүйцэтгэх, гэрээ байгуулсан өдрөө төлөх ёстой ажлын хөлсний үнийн дүнгийн 40 хувь буюу 20 000 000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн. Тэгтэл хариуцагч буюу гүйцэтгэгч нь урьдчилгаа төлбөрөө авсан, шаардагдах барилгын материалуудыг захиалагч тал нийлүүлсэн байхад ажлаа эхлүүлээгүй байж байгаад шаардаж, сануулж байж 2013 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс л дөнгөж суурь ухах, цутгах ажлаа эхлүүлсэн. Гэвч уг ажлыг 2-3 хүн л хийж гүйцэтгэж байсан бөгөөд барилгын ажил маш удаашралтай явагдаж байсан. Тиймээс манай компани өөрийн ажилчдыг барилгын ажилд туслуулах, шаардлагатай машин техник зуурмагийн машин зэргийг өөрийн зардлаар хөлслөх зэргээр барилгын ажлыг хурдан шуурхай явагдахад туслалцаа дэмжлэг үзүүлсэн. Гэхдээ гэрээгээр ийм үүрэг захиалагч тал хүлээгээгүй ч ажлыг гэрээнд заасан хугацаанд гүйцэтгүүлэх зайлшгүй шаардлагатай байсан тул барилгын ажилд туслахад хүрсэн. Хариуцагч ажлын эхний хэсгээ ч бүрэн гүйцээгээгүй 20 хувь буюу 10 000 000 төгрөгийг өгөхийг шаардаж, ажлаа зогсооно гэж дарамт учруулж байгаад уг мөнгийг авсан. Мөн үүний дараа дахин ийм байдлаар карказын ажлыг дуусгаад авах ёстой үлдэгдэл 10 000 000 төгрөгийг, дараа нь дахиад 2 000 000 төгрөгийг авсан. Гэрээнд заасны дагуу бол эхний ажлаа дуусгасны дараагаар дараачийн төлбөрийг төлөхөөр тохиролцсон. Энэ хугацаанд БНСУ-аас бидний захиалсан тоног төхөөрөмж тохиролцсон хугацаандаа ирсэн ба уг төхөөрөмжийг хаана хадгалах, эд ангийг нь гэмтээхгүй байлгах, тоног төхөөрөмжийг угсрах мэргэжилтнийг хэдий хүртэл хүлээлгэх вэ зэрэг асуудал манай компанид үүссэн. Ингээд гүйцэтгэгч суурийн ажил дууссан, цементэн шал хатсан хэмээн ажлынхаа эхний хэсгийг хүлээлгэн өгсний дагуу бид тоног төхөөрөмжөө суурилуулах ажлыг эхлүүлсэн. Гэтэл гүйцэтгэгчийн хийсэн цементэн шал нь цуурч, хагарсан ба зохих шаардлага хангахгүй хийгдсэн болох нь тогтоогдсон тул 16 тонн тоног төхөөрөмжийг дахин хөдөлгөхөөс өөр аргагүйд хүрч зөөх явцад төхөөрөмжийн ус сорогч хоолой хагарч гэмтсэн. БНСУ-руу захиалж засварласан, энэ талаар хариуцагчид албан тоотоор мэдэгдэл хүргүүлж байсан. Гүйцэтгэгч дээрх ажлаа дахин хийж нэмэлт плита наах шаардлага гарч үүнийг нь манай компани өөрийн зардлаар хийлгэсэн. Барилгын карказ угсралтын ажлыг эхлүүлсэн ч гэрээний хугацаа 1 сар хэтэрч 2013 оны 10 дугаар сарын 24-ний өдөр арай гэж дуусгасан. Хариуцагчид гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж, гэрээ цуцлах тухай сануулга өгч ирсэн. Гүйцэтгэгч угсрах явцдаа сэндвичэн хавтангуудыг нь хугалж, мөн барилгын үзэмж, ашиглалтын хугацааг богиносгосон хариуцлагагүй ажилласан. 2 дугаар давхрын шал цутгалтын ажлыг хийхдээ ганцхан хүн ажиллуулж байсан. Цементийг хатахаас нь өмнө тараан тэгшлээгүйн улмаас шалны гадаргуу тэгш бус болж тус давхарт байрлуулах тоног төхөөрөмжийг угсрах боломжгүй болж дахин цаг хугацаа алдахад хүрсэн. Тиймээс “Панел систем” ХХК-тай 2013 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 13/084 дугаар “Дутуу баригдсан сендвичин барилгыг ашиглалтад оруулах, барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг” байгуулж дахин барилгын ажлыг үргэлжлүүлэн хийлгэж, шаардлагатай хэсгүүдийг нь шинэчлэн засварлуулсан. Мөн “Амно констракшн” ХХК-аар 2 дугаар давхрын шалан дээр дахин өнгөлгөө хийлгэсэн ба өнгөлгөө хийснээр 2 дугаар давхрын даац нь 10 см-ын зузаантай байх ёстой бол 15 см-ын зузаантай болгож хийхээс аргагүйд хүрсэн. Үүний улмаас төлөвлөж байсан хүнд жинтэй тоног төхөөрөмжүүдээ байрлуулах боломжгүй болж дараах хохирол учраад байна. “Мөнхөдбаярт хөхий” ХХК-ийн дутуу хийсэн ажлыг дахин “Панел систем” ХХК-аар хийлгэхэд гарсан зардал 14 537 356 төгрөг, “Мөнхөдбаярт хөхий” ХХК-ийн хийсэн 2 дугаар давхрын шалыг дахин “Амно констракшн” ХХК-р өнгөлгөө хийлгэж засварлуулахад гарсан зардал 5 760 000 төгрөг, нэг давхрын шалыг стандарт хангалгүй цутгасны улмаас нэмж плита наалгахад гарсан 2 000 000 төгрөг, талууд хооронд байгуулсан Барилга угсралтын ажлыг гүйцэтгэх гэрээний 8.1-д заасны дагуу 2013 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 2013 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүртэлх гэрээний хугацааг 35 хоногоор хэтрүүлсний алданги 1 700 000 төгрөг, гэрээний үнийн дүнгийн 0,1 хувь нь 50 000 төгрөг хугацаа хэтрүүлсэн 34 хоног. Гүйцэтгэгч үүргээ зөрчсөний улмаас БНСУ-аас ирсэн мэргэжилтнийг хүлээлгэхэд гарсан түрээсийн байрны зардал 1 225 000 төгрөг, нийт 25 222 356 төгрөг эдгээр хохирол нь бидний хувьд бодиттойгоор учирсан хохирол бөгөөд үүнээс гадна тоног төхөөрөмж суурилуулах ажиллагаа удааширсаны улмаас бид нэг өвлийн хийх ажлаа алдсан. Мөн харилцагч компаниудтайгаа байгуулсан арьс боловсруулах, ханган нийлүүлэх гэрээнүүдээ цуцалж хохирол хүлээсэн ч нэхэмжлэл гаргаагүй. Иймд хариуцагчаас 25 222 356 төгрөгийг гаргуулж, хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд болон өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манайх “Их эргэлт” ХХК-тай 2 давхар сэндвичэн барилга угсрах гэрээг 2013 оны 08 дугаар сарын 16-ны өдөр үйлдэж, 2013 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 09 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл 1 сарын хугацаатай гүйцэтгэхээр тохиролцож 2013 оны 08 дугаар сарын 21-ний өдөр ажилчид гарган ажлаа эхэлсэн. Ингээд гэрээний урьдчилгаа 20 000 000 төгрөг авсан. Бид ажлаа хугацаанд нь хэвийн хийж байсан. Ажлын талбайн хэмжээнээс болж бид 3 хоногийн хугацаа алдсан нь “Их эргэлт” ХХК-ийн хариуцлагын асуудал. Зуурмагны машин гэх мэт зүйлс багаж хэрэгсэлүүд бүгд манай компанийх байсан ба тэдний багаж хэрэгслийг хэрэглэж байсан удаа огт байхгүй. Бид барилгын суурь болон шалыг хийж дуусгахад захиалагч тал гэрээний дагуу өгөх ёстой мөнгөө өгөөгүй. Мөн тэд карказыг 09 дүгээр сарын дундуур авчирсан тул 20-ны өдөр ажлаа дуусгах боломжгүй болсон. Карказ буумагц бид угсралтын ажлаа эхэлж 5 хоногт угсарч дууссан. Тэд гэрээнд заасан 3 дахь удаагийн төлбөр тооцоогоо бас төлөөгүй. Манай компани үргэлжлүүлэн сэндвич хавтангаа угсарч эхэлсэн боловч бас л тооцоогоо өгөхгүй байсан ба ердөө 10 000 000 төгрөг авсан. Бид сэндвич хавтанг угсарч дуусаад, цонх болон хэмжээрүүдээ хийж дууссан, зөвхөн бэлэн болгож хийж бэлдсэн хаалгаа суулгах дутуу байтал захиалагч тал ажлаа зогсоосон. Гэрээнд шалны зузааны хэмжээг заагаагүй, анх ярьж байхдаа угаасаа 2 дугаар давхарт үйлдвэр биш харин контор байрлана гэж байсан. Шал тэгш бус гэж байгааг бид зохих төвшинд янзалж өгсөн. Харин тэр плита болон резинэн будаг нь манай хийх ёстой ажил биш тул зөвшөөрөх боломжгүй. Мөн угсралтын ажлыг гэрээний хугацаа хэтрүүлсэн гэдэгт нэхэмжлэгч нийлүүлэх ёстой байсан материалаа хугацаа хэтрүүлж нийлүүлсэн. Энэ нь хэрэгт байгаа хилээр материал орж ирсэн баримтаар нотлогдоно. Гэрээний хугацаа 09 дүгээр сарын 20-ны өдөр дууссан ч нэхэмжлэгч тал түүнээс хойш карказаа нийлүүлсэн. Мөн нийлүүлсэн карказ нь шаардлага хангахгүй байсан тул хэлэхэд аргалаад хийчих гэсний дагуу бид хийсэн. Харин хаалгыг суурьлуулах гэтэл бид тоног төхөөрөмжөө оруулсны дараа өөрсдөө суулгана гэж хэлээд биднийг явуулсан. Гэрээний дагуу үлдэгдэл 20 000 000 төгрөгийг тухайн үед өгнө гэж байсан ч өгөөгүй. Сэндвич эвдэрсэн нь бидний угсралтын ажилтай огт хамаагүй тэдний өөрсдийн тээвэрлэлтээс болсон асуудал. Нийт 30 000 000 төгрөг авсан ба үлдсэн 20 000 000 төгрөгөө манай компани авч чадаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: 2013 оны 08 дугаар сарын 16-ны өдөр барилга угсралтын ажил гүйцэтгэх 2013/04 тоот гэрээг “Их эргэлт” ХХК-тай байгуулсан ажлын хөлсөнд нийт 50 000 000 төгрөг авах ёстойгоос 30 000 000 төгрөг авсан ба үлдэх 20 000 000 төгрөгийг төлөөгүй удаасаар өдий хүрсэн. Бид ажил хүлээлцэх акт үйлдье гэхэд тухайн үед нь шаардлагагүй бид мөнгийг чинь төлнө гэсээр өдийг хүрсэн. Иймээс 20 000 000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: 2013 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 2013/04 дугаар “Барилга угсралтын ажлыг гүйцэтгэх гэрээ” байгуулж гэрээнийхээ үүргийг бүрэн биелүүлээгүй, ажлаа дутуу орхисон, хийсэн ажил нь чанарын шаардлага хангаагүй учраас дахин хийлгэж нэмэлт зардал гарган хохирол хүлээсэн. Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй атлаа гэрээнд заасан ажлын хөлсийг бүрэн авах эрхтэй гэж нэхэмжлэл гаргаж байгаа нь огт үндэслэлгүй. Тиймээс хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 101/ШШ2016/0565 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2, 352.2.2, 232 дугаар зүйлийн 232.1, 232.4-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагаас 10 530 000 төгрөг, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 7 000 000 төгрөгт холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож, хариуцагчаас 14 692 356 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 13 000 000 төгрөг гаргуулж хариуцагчид тус тус олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2. 60 дугаар зүйлийн 60.1 59 дүгээр зүйлийн 59.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7 1, 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгчийн 284 062 төгрөг, хариуцагчийн 261 000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 231 412 төгрөг гаргаж нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 222 950 төгрөг, Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас 3 050 төгрөг тус тус гаргуулж хариуцагчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 598 дугаар магадлалаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 101/ШШ2016/0565 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.2, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч “Мөнхөдбаярт хөхий” ХХК-аас 14 692 356 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Их эргэлт” ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 10 530 000 төгрөгийг, хариуцагч “Мөнхөдбаярт хөхий” ХХК-ийн 20 000 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгосугай.” гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтаас “...нэхэмжлэгчээс 222 950 төгрөг, Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас 3 050 төгрөг тус тус гаргуулж хариуцагчид...” гэснийг хасаж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4, 59 дүгээр зүйлийн 59.3-д зааснаар давж заалдах гомдол гаргахад хариуцагч “Их эргэлт” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 222 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч хяналтын гомдолдоо: Магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Магадлалын 9 дүгээр талд хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн талаар “Шүүх 13 000 000 төгрөгийн хэмжээнд сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ гүйцэтгэсэн ажилд оногдох ажлын хөлс 45 000 000 төгрөг байснаас нэхэмжлэгчийн төлсөн 32 000 000 төгрөгийг хасаж хариуцагч нь гэрээний дагуу 13 000 000 төгрөг нэхэмжлэх эрхтэй гэсэн нь ямар нотлох баримтыг үндэслэсэн болон гуйцэтгэсэн ажлын хөлсийг хэрхэн тооцож 45 000 000 төгрөг гэж дүгнэсэн нь тодорхойгүй болжээ” гэж дүгнэсэн нь зохигчдын анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг илт үгүйсгэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 болон 42.4-д заасан заалтыг хэрэглэлгүй орхигдууллаа. Мөн шийдвэрийн төгсгөл хэсэгт “Эдгээрийг нэгтгэн тооцвол нэхэмжлэгч нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу хариуцагчид 32 000 000 төгрөг төлжээ. Мөн хариуцагч ажлаа бүрэн хийж гүйцэтгэсэн гэдгээ нотлоогүй, нэхэмжлэгч нь гэрээний 6.2-д зааснаас 6.5 заасан ажлыг хийсэн гэж тайлбарласан тул зохигчдын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэсэн ажилд төлөх ажлын хөлсийг 45 000 000 төгрөг гэж үзэх нь зүйтэй. Үүнээс тооцвол гүйцэтгэсэн ажилд ногдох ажлын хөлс 45 000 000 төгрөгөөс төлсөн 32 000 000 төгрөгийг хасвал хариуцагч нь гэрээний дагуу 13 000 000 төгрөг нэхэмжлэх эрхтэй.” гэж анхан шатны шуух хуралдаан дээр зохигчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т заасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч тал эсэргүүцээгүй, 42.1-д зааснаар Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээний 6.2.5 хүртэлх ажлыг хийж гүйцэтгэсэн гэж үнэн зөв тайлбарласныг шүүх бодитойгоор үнэлж шийдвэрлэсэн байхад давж заалдах шатны шүух уг дүгнэлтийг бүрэн үгүйсгэж орхигдуулж шийдвэрлэснээр хэргийг үнэн зөв шийдвэрлэж чадаагүй. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч “Их эргэлт” ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж үзэж, хариуцагч “Мөнхөдбаярт хөхий” ХХК-аас доголдлыг арилгахтай холбогдон гарсан зардал 22 297 356 төгрөг, алданги 1 700 000 төгрөг, хохирол 1 225 000 төгрөг нийт 25 222 356 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, хаалга суулгахаас бусад гэрээнд заасан ажлыг гүйцэтгэсэн тул ажлын хөлсний дутуу 20 000 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Зохигчдын хооронд байгуулагдсан 2013 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажил гүйцэтгэгч “Мөнхөдбаярт хөхий” ХХК сэндвичэн барилгыг угсарч, 2013 оны 09 дүгээр сарын 20-ны дотор хүлээлгэн өгөх, захиалагч “Их эргэлт” ХХК ажлын хөлсөнд 50 000 000 төгрөг төлөх үүргийг харилцан хүлээжээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл талууд гэрээгээр тохирсон ажлын үр дүнг хүлээлцээгүй байхаас гадна нэхэмжлэгч ажлын хөлсөнд 45 000 000 төгрөг шилжүүлсэн, гүйцэтгэсэн ажил нь доголдолтой, зарим ажлаа дуусгаагүй гэсэн бол хариуцагч 32 000 000 төгрөг хүлээж авч, 2 000 000 төгрөгийг нь материалд зарцуулсан, хаалга суурилуулахаас бусад ажлыг бүрэн биелүүлсэн гэж маргасан байна.

Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1, 350.1.6-д зааснаар ажил гүйцэтгэгч гэрээнд заасан ажлыг тогтоосон хугацаанд гүйцэтгэж, захиалагчийн өмчлөлд доголдолгүй үр дүн шилжүүлэх үүрэгтэй бөгөөд “Мөнхөдбаярт хөхий” ХХК энэ үүргээ зохих ёсоор биелүүлсэн болохоо нотлоогүй байна. Гэрээгээр тохирсон ажлыг гүйцэтгэсэн, ажлын үр дүнг бий болгосон гэдгийг ажил гүйцэтгэгчийн зүгээс нотлох үүрэгтэй.

Анхан шатны шүүх хариуцагчийн тайлбарыг үндэслэн 45 000 000 төгрөгийн ажил гүйцэтгэсэн гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т нийцээгүй байна. Хариуцагчийн тайлбар нотолгооны хэрэгсэл мөн боловч тайлбарт тусгасан үйл баримт бусад баримтаар батлагдсанаар ач холбогдол бүхий баримт болдог.

Шүүх хэргийн оролцогчийн гаргасан баримтад тулгуурлан нэхэмжлэгчийн зүгээс доголдлыг бусдаар дахин гүйцэтгүүлэхэд гарсан зардлын хэмжээг нотлогдсон хэмжээнд тодорхойлж, хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.2-т нийцсэн байна. Хариуцагч гүйцэтгэсэн ажлын төрөл, хэмжээг нотолж чадаагүй байх тул ажлын хөлсний дутуу гаргуулах сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй, давж заалдах шатны шүүх энэ талаар хуулийн үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээхийг хүссэн хариуцагчийн өмгөөлөгч С.Нэргүйн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 598 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч С.Нэргүйн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.4-т зааснаар хариуцагчийн өмгөөлөгч С.Нэргүйн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 261 000 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.                                               

 

             ТАНХИМЫН ТЭРГҮҮН                               Х.СОНИНБАЯР

        ШҮҮГЧ                                                         П.ЗОЛЗАЯА