Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 182/ШШ2023/01083

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                       

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч И.Амартөгс даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Б.Н-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ОББҮХ-нд холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: “Ажлаас үндэслэлгүйгээр халагдсан болохыг тогтоолгох, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс хойш ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгүүлэхийг даалгах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.  

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Б.Н,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Э,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул.

 

        ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1.Нэхэмжлэгч Б.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хөдөлмөрийн тухай хуульд заасан ажилд буцаан томилох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, хариуцагчаар хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэх үндэслэлээр энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

Б.Н миний бие нь 2022 оны 6 сард Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэд хандсан “Ажилд орохыг хүссэн өргөдөл” гаргасан. Тэрхүү өргөдлийн дагуу намайг ОББҮХнд (цаашид ОББҮХ гэх) орчны бохирдол (хөрс, ус, хог хаягдал) хариуцсан мэргэжилтнээр 2022 оны 6 дугаар сарын 24-нд ажилд авсан.

Ажил үүргээ хариуцлагатайгаар гүйцэтгэж байтал 2022 оны 10 дугаар сарын 03-нд ОББҮХ-н Ажлын албаны дарга бөгөөд нарийн бичгийн дарга Б.Алтанзул намайг “ажлаас халагдах өргөдлөө өг” гэж албан хүчээр шаардсан. Би хариуд нь “Чухам ямар үндэслэлээр ажлаас халж байгаа юм бэ” гэж асуухад “Чи бол угаасаа энэ ажилд тэнцэхгүй, энэ нөхрийн ажлыг яг одоо хүлээж аваад, хөөгөөд гарга” гэж хэлсэн. Ажлаас халах бус харин ажлаас чөлөөлөх тушаалыг 10 дугаар сарын 5-нд өгсөн. Мөн тэр өдөр нь миний бие өөрийн хариуцаж байсан эд хөрөнгө болон, хийж гүйцэтгэж байсан ажлын холбогдолтой бүх файл материалыг товьёг үйлдэн хариуцсан ажилтанд бүхэн бүтэн байдлаар нь хүлээлгэж өгсөн. Ажил хүлээлцэх тэрхэн хоромд хүртэл ОББҮХ-н Ажлын албаны дарга бөгөөд нарийн бичгийн дарга Б.Алтанзул надад хандаж нийт ажилчдын өмнө “ажлаас хүлээлгэж өгсөн бол хурдан зайл, энэ нөхрийг харуулд хэлээд ахиж хэзээ ч битгий оруул” гэж хэлсэн.

Миний бие хариуцсан ажлыг чин сэтгэлээсээ, хариуцлагатайгаар, түргэн шуурхай хийж ирсэн. Яаралтай цаг алдалгүй шийдэх асуудал гарах бүрт цайны цаг, өдөр шөнийг үл ажран шаардлагатай тохиолдолд илүү цагаар ажиллаж байсан. Яаралтай асуудлыг цаг алдалгүй шийдэж, өргөдөл гомдлыг тухай бүрт нь цаг алдалгүй шуурхай хариу арга хэмжээ авч хааж байсан. Ямар нэгэн ноцтой алдаа, зөрчил, дутагдал огт гаргаж байгаагүй.

2022 оны 10-р сарын 14-ний өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т ажлаас үндэслэлгүй халагдсан талаарх маргаанаа урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороог хариуцдаг дүүргийн Хөдөлмөр, Халамжийн Үйлчилгээний Хэлтэст хандсан. Тус хэлтсээс “Одоогоор үндэсний хорооноос хөдөлмөрийн эрхийн маргаан таслах гурван талт хорооны бүрэлдэхүүн томилогдоогүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1-т заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх боломжтой” гэсэн хариуг өгсөн тул хавсаргав.

Миний бие ажлаас чөлөөлсөн тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Уг тушаал нь хууль зүйн үндэслэлгүй, илтэд үндэслэлгүй зүйлээр шалтаглан ажлаас чөлөөлсөн гэж үзэж байгаа тул 2022 оны 10 сарын 03-ны өдрийн Б/33 тоот тушаалыг хүчингүй болгож, өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, мөн хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлөхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа тул хүлээн авч шийдвэрлэж өгнө үү” гэв.

  

2.Хариуцагч ОББҮХны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Амартүвшин шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч нь 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн Б/28 тоот тушаалаар ОББҮХны (цаашид “ОББҮХ” гэх) Ажлын албаны орчны бохирдлын асуудал хариуцсан мэргэжилтнээр томилогдож 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б/33 дугаар тушаалаар чөлөөлөгдсөн байдаг.

Нэхэмжлэгч нь уг ажилд томилогдсон өдрөөс ажлын 3 хоногийн дараа ажлын байран дээрх эхний маргаанаа үүсгэсэн бөгөөд ажиллаж байх хугацаандаа Ажлын албаны нийт 4 эмэгтэй мэргэжилтэнтэй зүй бусаар харьцаж Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан, хөдөлмөрийн гэрээгээр хориглосон ажилчдыг ажлын байрны дарамтад оруулж, хүний эрх, чөлөөнд заналхийлсэн утга агуулгатай ёс зүйгүй үг хэл хэрэглэж байсан ба удаа дараа хамт олныг турхирсан, өдөөн хатгасан үг үйлдэл, ёс зүйгүй авир араншин гаргаж байсан. Мөн нийтээр суудаг оффист байнга чангаар утсаар ярьж /хувийн дуудлага/ хамт олны ажлын бүтээмжийг унагаж, ажиллах хэвийн таатай нөхцөлийг сүйтгэдэг түүнчлэн цайндаа орлоо гээд явахдаа хэдэн цагаар алга болж ажил тарахад орж ирдэг байсан нь хэвийн үзэгдэл байлаа.

Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Төрийн албан хаагчийн нийтлэг үүргийг заасан бөгөөд 37.1.7 дахь хэсэгт төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх үүрэгтэй байдаг. Нэхэмжлэгч нь хамт олны өөрт нь хандан соёлтой байхыг нөхөрсгөөр зөвлөх зүйд нийцсэн шаардлагыг хүлээж авдаггүй ба түүнд зөвлөсөн хүмүүстэй маргаан үүсгэдэг. Шинэ байгууллага, шинэ хамт олон дунд орж ажиллаж зайгаагаа ухамсарлаж наад захын хувь хүний биеэ авч явах соёл, төрийн албаны ёс зүй байгаагүйд Ажлын албаны нийт албан хаагчид сэтгэл дундуур байсан тул Ажлын албаны даргад удаа дараа нэхэмжлэгчтэй холбоотой гомдол, санаг ирж байсан.

Удирдлагад мэдэгдсэн санал, гомдлын дагуу Ажлын албаны дарга Б.Алтанзул нэхэмжлэгч Б.Над удаа дараа хамт олон дунд биеэ зөв авч явах, эвтэй байхыг анхааруулж түүнд боломж олгож байсан.

ОББҮХ нь агаар, хөрс, ус хог хаягдлын бохирдлыг бууруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулах, салбар хоорондын уялдаа холбоог хангах үүрэг бүхий төрийн байгууллага юм. Үүнээс хөрс, ус, хог хаягдлын асуудал цогцоороо багтсан Орчны бохирдлын асуудал хариуцсан хамгийн чухал албан тушаал бол нэхэмжлэгч Б.Нынх байсан. Нэхэмжлэгч Б.Н нь Байгаль орчны багц хуулийг баримталж, хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах, ус, хөрс, хог хаягдлыг бууруулах чиглэлээр бодлого шийдвэр боловсруулах, УИХ, Засгийн газрын холбогдох хурал, чуулганд үндэслэл бүхий тайлан мэдээ бэлтгэн гаргах, орчны бохирдлыг бууруулах асуудлаар бусад төрийн байгууллагатай хамтран ажиллах, санал солилцох, бодлого боловсруулах гэх мэт үндсэн чиг үүрэгтэй, мөн удирдлагаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу ОББҮХ-той гэрээний үндсэн дээр ажил гүйцэтгэж буй аж ахуйн нэгж байгууллагад хяналт тавьж ажилладаг юм. Гэвч нэхэмжлэгч Б.Н нь ажиллаж байх хугацаандаа тушаал шийдвэрээр тогтоосон үндсэн чиг үүргээс нэг хувийн ч гүйцэтгэлгүй буюу үндсэн чиг үүргээ хэрэгжүүлээгүй, зөвхөн галдан авах ажиллагаагаар сонгон шалгарч ажил гүйцэтгэж буй гэрээт компаниудтай л ярих, тэднээс тайлан материал, мэдээлэл нэхэх зэрэг ажил хийж 4 сарыг өнгөрүүлсэн байдаг. Тухайлбал, ОББҮХ-той Гэр хорооллын нүхэн 00-ыг шинэчлэх ажил гүйцэтгэж буй бүхий байгууллагын удирдлагатай утсаар холбогдож танайх яаж тендерт ялсан юм бэ?

Уулзах зав байна уу, уулзаж байгаад ярилцъя л даа гэх зэргээр ажлын бус цагаар ажил үүрэгтэй нь холбоогүйгээр гүйцэтгэгч рүү холбогддог гэх гомдлыг Ажлын албаны дарга болон төсөл хөтөлбөр, худалдан авалт хариуцсан мэргэжилтэнд ирсэн байдаг. Нэхэмжлэгч нь тус байгууллага, албан тушаалд тохирохгүй гэдэг нь нийтэд ил байсан ч Ажлын албаны даргын зүгээс нэхэмжлэгчид сайжрах, өөрийгөө зөвөөр харуулах боломжит хугацааг олгож байсан. Нэхэмжлэгч Б.Н нь ажил үүргээ хангалтгүй биелүүлдэг, ажил албан тушаалдаа тэнцэхгүй, алдаа гаргадаг гэдгээ хүлээн зөвшөөрч хэд хэдэн удаагийн АА-ны даргад бичгээр гаргасан тайлбараар нотлогддог.

Мөн Монгол Улсын Ерөнхий сайдын 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 196 дугаар захирамжаар ОББҮХ-ны Ажлын албаны албан хаагчид нь улс төрийн албан тушаалтан байх ба орон тоо 14 байхаар шийдвэрлэсэн. Шинэчлэгдэж батлагдсан тус захирамжид Ажлын албаны орон тоо, бүтцэд өөрчлөлт орсон бөгөөд нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан албан тушаал “орчны бохирдлыг асуудал хариуцсан мэргэжилтэн” гэх орон тоо байхгүй болсныг дурдах нь зүйтэй байна

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.2 дахь хэсэгт заасан ажилтан мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ “тэнцэхгүй болох нь тогтоогдсон. Энэ тухай ажилтанд өмнө нь анхааруулж, мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлээ сайжруулах боломжит хугацаа олгосон байвал зохино гэх заалтыг үндэслэн шийдвэр гаргасан Ажлын албаны даргын 2022 оны Б 33 дугаар тушаал хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

 

   3.Нэхэмжлэгчээс 2022.10.03-ны өдрийн ОББҮХны нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны даргын Б/33 дугаар тушаал, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн 2022.10.10-ны 1157 дугаартай албан бичиг, 2022.06.24-ний Б/28 дугаартай хөдөлмөрийн гэрээ, 2022.10.05-ны ажил хүлээлцэх акт, ажилчин албан хаагчдын хэрэглэж байгаа эд хөрөнгийн ашиглалтын бүртгэл, Б.Нын иргэний үнэмлэхний хуулбар, нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлж, тодруулах тухай, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт баримт гаргаж өгсөн.

 

4.Хариуцагчаас ОББҮХны 2022.12.07-ны 2022/544 дугаартай итгэмжлэл, хариу тайлбар, ОББҮХны 2022.03.28-ны 22/11 дугаартай тогтоол, хавсралтууд, Б.Нын 2022.10.03-ны өдрийн ОББҮХны нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Б.Алтанзулд гаргасан  тайлбар, Б.Нын 2022.10.03-ны өдрийн ОББҮХны нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Б.Алтанзулд гаргасан тайлбар  гаргаж өгсөн.

 

5.Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүхийн журмаар хариуцагч талаас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021.02.17-ны а/47 дугаартай тушаал, ОББҮХны ажлын албаны дотоод журам, ОББҮХны нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны даргын 2022.06.24-ны б/28 дугаартай тушаал, ОББҮХны даргын 2022.12.1-ны А/44 дугаартай тушаал, хавсралт, үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг баримтуудыг шүүх бүрдүүлсэн байна.

 

                                                                                                                        ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

 

Нэхэмжлэгч Б.Н нь ОББҮХнд холбогдуулан “Ажлаас үндэслэлгүйгээр халагдсан болохыг тогтоолгох, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс хойш ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгүүлэхийг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа “2022 оны 10 сарын 03-ны өдрийн Б/33 тоот тушаалыг хүчингүй болгох” гэж нэмэгдүүлсэн.

 

Нэхэмжлэгч тал дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...ажлын албаны дарга Б.Алтанзул “ажлаас халагдах өргөдлөө өг” гэж албан хүчээр шаардсан. Би хариуд нь “Чухам ямар үндэслэлээр ажлаас халж байгаа юм бэ” гэж асуухад “Чи бол угаасаа энэ ажилд тэнцэхгүй, энэ нөхрийн ажлыг яг одоо хүлээж аваад, хөөгөөд гарга” гэж хэлсэн. Ажлаас халах бус харин ажлаас чөлөөлөх тушаалыг 10 дугаар сарын 5-нд өгсөн.

Миний бие хариуцсан ажлыг чин сэтгэлээсээ, хариуцлагатайгаар, түргэн шуурхай хийж ирсэн. Ямар нэгэн ноцтой алдаа, зөрчил, дутагдал огт гаргаж байгаагүй.

Уг тушаал нь хууль зүйн үндэслэлгүй, илтэд үндэслэлгүй зүйлээр шалтаглан ажлаас чөлөөлсөн гэж тайлбарлажээ.

 

Хариуцагч тал нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн байна. Үүнд: ... ажилтнуудтай зүй бусаар харьцаж ажилчдыг ажлын байрны дарамтад оруулж, хүний эрх, чөлөөнд заналхийлсэн утга агуулгатай ёс зүйгүй үг хэл хэрэглэж байсан ба удаа дараа хамт олныг турхирсан, өдөөн хатгасан үг үйлдэл, ёс зүйгүй авир араншин гаргаж байсан.

Б.Н нь ажиллаж байх хугацаандаа тушаал шийдвэрээр тогтоосон үндсэн чиг үүргээ хэрэгжүүлээгүй, зөвхөн ажил гүйцэтгэж буй байгууллагын удирдлагатай утсаар холбогдож ажлын бус цагаар ажил үүрэгтэй нь холбоогүйгээр гүйцэтгэгч рүү холбогддог гэх гомдлыг ажлын албаны дарга болон төсөл хөтөлбөр, худалдан авалт хариуцсан мэргэжилтэнд ирсэн байдаг.

Нэхэмжлэгч нь тус байгууллага, албан тушаалд тохирохгүй гэдэг нь нийтэд ил байсан ч Ажлын албаны даргын зүгээс нэхэмжлэгчид сайжрах, өөрийгөө зөвөөр харуулах боломжит хугацааг олгож байсан.

Нэхэмжлэгч Б.Н нь ажил үүргээ хангалтгүй биелүүлдэг, ажил албан тушаалдаа тэнцэхгүй, алдаа гаргадаг гэдгээ хүлээн зөвшөөрч хэд хэдэн удаагийн ажлын албаны даргад бичгээр гаргасан тайлбараар нотлогддог.

ОББҮХ-ны Ажлын албаны албан хаагчид нь улс төрийн албан тушаалтан байх ба орон тоо 14 байхаар шийдвэрлэж, ажлын албаны орон тоо, бүтцэд өөрчлөлт орсон бөгөөд “орчны бохирдлыг асуудал хариуцсан мэргэжилтэн” гэх орон тоо байхгүй болсон.

Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.2 дахь хэсэгт заасан ажилтан мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ “тэнцэхгүй болох нь тогтоогдсон. Энэ тухай ажилтанд өмнө нь анхааруулж, мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлээ сайжруулах боломжит хугацаа олгосон байвал зохино гэх заалтыг үндэслэн шийдвэр гаргасан Ажлын албаны даргын 2022 оны Б 33 дугаар тушаал хууль зүйн үндэслэлтэй гэж маргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т зохигч, түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй ба мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хариуцагч татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.

 

Зохигчид хэн алин нь өөрсдийн гаргаж байгаа шаардлагын үндэслэлийг нотлох үүрэг хүлээдэг ба хариуцагч өөрийн татгалзал тайлбараа өөрөө нотлох үүрэгтэй болно.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

            Нэхэмжлэгч Б.Н нь ОББҮХны нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны даргын 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн Б/28 дугаартай тушаалаар ОББҮХны ажлын албанд орчны бохирдлын асуудал хариуцсан мэргэжилтнээр томилогдон ажиллаж байгаад ОББҮХны нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны даргын 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б/33 дугаар тушаалаар Б.Ныг 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан болох нь зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, ажилд томилсон болон ажлаас чөлөөлсөн тушаалууд, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. Хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээгээр хөрсний бохирдлын асуудал хариуцсан мэргэжилтэн гэж байх боловч хариуцагч тал энэ нь техникийн алдаа буюу Б.Н нь ажилд томилсон болон чөлөөлсөн тушаалд орчны бохирдлын асуудал хариуцсан мэргэжилтэн ажил албан тушаалд ажиллаж байсан гэж тайлбарлажээ.

 

            ОББҮХны нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны даргын 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б/33 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, 80.1.2 дахь заалт, Монгол Улсын Ерөнхий сайдын 2022 оны 30 дугаар захирамжийн 2 дугаар хавсралтаар батлагдсан “Үндэсний хорооны ажиллах журам”-ын 5.3 дахь хэсэг, Хөдөлмөрийн гэрээний 7.4.1 дэх хэсгийг тус тус үндэслэл болгожээ.

 

Ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэлээ “...Орчны бохирдлыг бууруулах  Үндэсний хорооны Ажлын албаны орчны бохирдлын асуудал хариуцсан мэргэжилтэн  Баярсайхан овогтой Наранбатыг 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсугай...” гэж нэхэмжлэгч Б.Нтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т “Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй” гэжээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор гомдлоо гаргахаар заасан ба нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуульд заасан дээрх хугацаанд шүүхэд гомдлын шаардлагаа гаргажээ.

 

Чингэлтэй дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 1157 дугаар албан бичгээр “Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс шийдвэрлэх бүрэн эрхтэй боловч одоогоор Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хорооноос дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан таслах гурван талт хорооны бүрэлдэхүүнийг томилоогүй байна.” гэж дурджээ.

 

Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй талаар ажилтан хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад хөдөлмөрийн маргаан шийдвэрлүүлэх боломжгүй гэж үзвэл шүүхэд хандаж хөдөлмөрийн эрхийн маргааныг шийдвэрлүүлнэ гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2, 158.2.2-т  тус тус заажээ.

 

Дээрх зохицуулалтын дагуу нэхэмжлэгч хөдөлмөрийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон тухай ажил олгогчийн шийдвэрийн талаарх гомдлоо шүүхэд шууд хандаж гаргасныг буруутгах үндэслэлгүй байна.

 

Өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо байгуулагдаагүй, урьдчилан шийдвэрлүүлэх боломжгүй үндэслэлээр нэхэмжлэгч шүүхэд хандаж гомдлоо шийдвэрлүүлэх боломжтой байна.

 

Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох үндэслэлд хөдөлмөрийн харилцааг цуцлах санаачилгыг ажилтан, ажил олгогчийн аль нэг нь гаргаж болохоор Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлд зохицуулжээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-д “Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дараах үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно”, 80.1.2-т “ажилтан мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болох нь тогтоогдсон. Энэ тухай ажилтанд өмнө нь анхааруулж, мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлээ сайжруулах боломжит хугацаа олгосон байвал зохино”, 80.4-т “ажил олгогч энэ хуулийн 65.4.2, 78.1.5, 80.1.1, 80.1.2, 80.1.3-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдэх бөгөөд ажилтанд мэдэгдэл өгсөн тухайгаа шаардлагатай тохиолдолд ажил олгогч нотлох үүрэгтэй” гэж тус тус заасан.

 

Дээрх хуулийн зохицуулалт нь ажил олгогч ажилтан мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болсон нь тогтоогдсон үндэслэлээр ажлаас чөлөөлөх зохицуулалт байна.

 

Ажилтны ажил мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болсон нь ажилтны энэ байдлын талаар салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс, аттестатчиллын комиссын албан ёсны дүгнэлт шийдвэр гарсан байхыг ойлгоно.

 

Хэрэгт авагдсан баримтуудаар дээрх байдал буюу ажилтны ажил мэргэжил, мэргэшлийн түвшин,  ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болсон гэх байдал баримтаар тогтоогдохгүй байна.

 

Мөн хариуцагчийн хувьд нэхэмжлэгчид сайжрах, өөрийгөө зөвөөр харуулах боломжит хугацаа олгож байсан гэх боловч энэ нь баримтаар нотлогдохгүй байхаас гадна Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.4-т зааснаар “... ажилтанд өмнө нь анхааруулж, мэргэжил мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлээ сайжруулах боломжит хугацаа олгосон байвал зохино” гэж заасан ба ажил олгогч энэ боломжит хугацаа олгож өөрт нь боломж олгосон гэх байдал баримтаар тогтоодохгүй байна.

 

Ажил олгогч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дээрх үндэслэлээр цуцлахдаа хуульд заасан хугацааны өмнө урьдчилан мэдэгдэх үүргээ биелүүлсэн эсэхэд шүүх дүгнэлт өгөх үүрэгтэй.

 

Хариуцагч тал 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б/33 дугаар тушаалыг гаргахаас өмнө ажилтанд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4-т заасан 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдсэн гэх баримт тогтоогдохгүй байна.

 

Түүнчлэн, ажил олгогч ажлаас чөлөөлсөн тушаалдаа Хөдөлмөрийн гэрээний 7.4.1 дэх хэсгийг үндэслэсэн ба уг зохицуулалт нь Удирдлагаас өгсөн үүрэг даалгавар болон өдөрт гүйцэтгэх ёстой хөдөлмөрийн норм, ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, хоцроосон, хайнга хандсан нь байгууллагад ноцтой хохирол учруулсан бол сахилгын ноцтой зөрчил гаргасан тооцож, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-д заасны дагуу энэхүү гэрээг ажил олгогч нэг талын санаачилгаар шууд цуцлахаар талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 7.4-т талууд тохиролцжээ.

 

            Ажил олгогч хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаалын үндэслэлээ бүрэн тусгаагүй байх боловч хариуцагчийн итгмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар болон хөдөлмөрийн гэрээний дээрх заалт нь ажилтныг хөдөлмөрийн ноцтой зөрчил гаргасан шалтгаанаар ажлаас халсан гэж үзэхээр байна.

 

            Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж болохыг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дүгээр зүйлийн 80.1.4-т заасан байна.

 

Ажил олгогчийн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б/33 дугаар тушаалаар Б.Нын хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.4 дэх заалтыг баримтлаагүй.

 

Учир нь ажил олгогчийн гаргаж буй тушаал нь эрх зүйн акт болохын хувьд Хөдөлмөрийн тухай хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд улмаар ажилтныг ажлаас чөлөөлсөн тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажилтны гаргасан үндэслэлтэй тохирч байхаас гадна ажлаас чөлөөлж байгаа үндэслэлийг дурдсан байх нь уг хуульд нийцэх ёстой юм.

 

            Түүнчлэн, талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 7.4.1-т заасан зөрчлийг ажилтан гаргасан гэх байдал хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна.

 

Б.Ныг үндсэн чиг үүргээ хэрэгжүүлээгүй, ажлын албаны ажилчидтай ёс зүйгүй харьцаж, хамт олны багаар ажиллах нөхцөлийг алдагдуулсан гэж хариуцагч тайлбарлаж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотлогдоогүй гэж үзнэ.

 

Иймд ОББҮХны нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны даргын 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б/33 дугаар тушаалаар Б.Ныг ОББҮХны ажлын албаны орчны бохирдлын асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй тул Б.Ныг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоох нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ ажил ологчийн 2022 оны 10 дүгээр сарын 03-ны өдрийн Б/33 дугаартай албан тушаалаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлдээ дурдсан нь бие даасан нэхэмжлэлийн шаардлага биш, харин ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн үндэслэл тул дээрх тушаалыг хүчингүй болгох шаардлагагүй гэж үзсэн болно.

 

  Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно.” гэж заажээ.

 

            Нэхэмжлэгч Б.Ныг ажилд нь эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн тул түүний урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговрыг олгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч Б.Н нь ажилгүй байсан хугацааны цалин хөлсний олговорт 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдөр буюу 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүртэлх нийт ажилгүй байсан хугацааны цалин нийт 8,851,686 төгрөгийг нэхэмжилжээ.

 

Хөдөлмөр, нийгэм хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 тоот тушаалын хавсралт “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 2.3-т зааснаар шүүх нэхэмжлэгч Б.Нын цалингийн дунджийг түүний хэрэгт авагдсан Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагааг үндэслэн сүүлийн бүтэн ажилласан гурван сарын дундаж болох нэг сарын цалингийн дундаж 1,561,341 төгрөг, нэг өдрийн дундаж цалин 76,787 төгрөг болох нь хэрэгт авагдсан Б.Нын Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаагаар тогтоогдож байна. Шүүх нэхэмжлэгч Б.Нын дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо түүний ажилласан сүүлийн 3 сар буюу 2022 оны 7, 8, 9 дүгээр саруудын цалингаас тооцсон болохыг дурдаж байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д “хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно” гэж заасны дагуу Б.Нын ажилгүй байсан 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаагаар тооцож 8,851,686 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч Б.Над олгох нь зүйтэй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д “ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах” гэж заасны дагуу ОББҮХнд нэхэмжлэгч Б.Нын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хасаж тооцох, мөн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах нь зүйтэй байна.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл болон түүнд холбогдох бусад шаардлага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд нэхэмжлэгч Б.Нын нэхэмжлэлийг шүүх хангаж шийдвэрлэж байгаа тул хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэлийн шаардлага тус бүрээр Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасантай нийцүүлэн /70,200 төгрөг+156,577 төгрөг/ нийт 226,777 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

            1.Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Ныг ОББҮХны ажлын албаны орчны бохирдлын асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

 

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д зааснаар хариуцагч ОББҮХноос дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 8,851,686 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Над олгосугай.

 

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-т зааснаар нэхэмжлэгч Б.Нын болон хариуцагчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ОББҮХнд даалгасугай

           

4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Н нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 226,777 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               И.АМАРТӨГС