Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 101/ШШ2023/02667

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө 4, ******* тауэр ******* тоот хаягт байрлах ******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 27 дугаар хороо, Дунд дарь эх ******* гудамж, ******* тоот хаягт байрлах бүртгэлтэй, ******* ХХК /РД:*******/-д холбогдох,

36,605,060 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хатантуул нар оролцов.

Хариуцагчийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаантай байдлыг нотолсон баримтыг ирүүлээгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийнхээ шаардлагын үндэслэлээ шүүх хуралдаанд дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Манай ******* ХХК нь ******* ХХК-тай 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр №2022/0615-А дугаартай Ачаа тээвэрлэлтийн гэрээ-г байгуулсан.

Тухайн үед дэлхий нийтийг хамарсан цар тахалтай холбоотой тээвэрлэлтийн асуудал маш хүндрэлтэй байсан, ******* ХХК-ийг интернэт зараас хайж олсноор холбогдсон юм.

******* ХХК-ийн зүгээс гэрээний 3.1-д заасан нийт 83,625,000 төгрөгөөс гэрээний 3.3-д заасны дагуу урьдчилгаа хөлс болох 41,812,500 төгрөгийг яаралтай шилжүүлэхийг шаардсан учир 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр шилжүүлэн төлсөн. Үлдэх 50 хувийг Замын Үүдийн боомтоор ачаа орж ирэхээр өгөх байсан.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 1.1-т заасны дагуу ******* ХХК нь БНХАУ-ын Жинин мужаас Монгол Улсын Эрдэнэт хот /Орхон аймаг/ хүртэл 3 чингэлэг ган булан төмөр, 2 чингэлэг кабель буюу ачааг гэрээний 2.2, 5.4-д зааснаар 14-21 хоногийн хугацаанд тээвэрлэн хүлээлгэн өгөх үүрэгтэй байсан ч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Эхний 2 вагоныг ерөөсөө тавиагүй тул өөр бусдаар дамжуулан ачаагаа авсан.

Үлдэх 3 вагоноо яаралтай тавихыг хүссэн боловч тавиагүйгээс Хятадын тал холбоогүй болсон.

Улмаар бид хүсэлт тавьж байж ******* ХХК-ийн удирдлагатай 2022 оны 08 дугаар сарын 21-ний өдөр уулзан тоот Ачаа тээвэрлэлтийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээг хариуцагчийн нөхцөл байдалд нийцүүлэн байгуулсан.

Уг нэмэлт, өөрчлөлт /гэрээ/-ийн 4-д ...талууд гарын үсэг зурж баталгаажуулсан өдрөөс эхлэн Жинин мужаас Эрээн хот руу хуанлийн 3 хоногийн дотор тээвэрлэлтийг эхлүүлж хийж гүйцэтгэхээр тохиролцсон боловч мөн тохиролцоогоо биелүүлээгүй. Эдний вагон тавих газарт нь манай ачаа ирж буугаад байсан тул эдний байдалд нийцүүлэн гэрээг байгуулах болсон юм.

Гэрээний дагуу ачааг тээвэрлээгүй тул манай зүгээс 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Гэрээ цуцлах тухай мэдэгдлийг ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал т өөрт нь гардуулан өгсөн боловч тэрээр мэдэгдэлд ямар нэгэн хариу өгөөгүй болно.

Нэгэнт манайхаас хүргүүлсэн гэрээ цуцлах тухай мэдэгдэлд хариу өгөөгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул бидэнд хариуцагч ******* ХХК-иас гэрээ цуцалсантай холбогдон учирсан хохирлыг шаардах эрх үүссэн.

******* ХХК нь үүргээ гүйцэтгээгүйн улмаас тээвэрлэлт хийгдээгүй тул гэрээний урьдчилгаа төлбөр болох 41,812,500 төгрөг дээр гэрээний 3.6-д заасан тээрлэлтийн хугацаа хэтэрсэн тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гэрээний нийт үнийн дүнгийн 0.1%- иар алданги тооцно гэсний дагуу 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс хойш тооцсоноор 4,380,250 төгрөг, нийт 46,192,750 төгрөг болсон.

Үүнээс 2022 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн тоот Тээвэрлэлтийн гэрээнд нэмэлт өөрчлөлт өөрчлөлт оруулах тухай гэрээнд заасны дагуу 31 хоногийн 300 юань төлбөрийг тухайн өдрийн Монголбанкны албан ханш /1 юань = 493.30/ хөрвүүлсэн 4,587,690 төгрөг, мөн хариуцагчаас 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр буцаан шилжүүлсэн 5,000,000 төгрөг, нийт 9,587,690 төгрөгийг хасч тооцон, үлдэх 36,605,060 төгрөгийг нэхэмжилж байна.

******* ХХК нь хариу тайлбартаа өөрийнхөө яагаад вагон тавихгүй байсан талаараа дурдаагүй байна. Эхний 2 вагоныг тавиагүй учир үлдэх 3 вагоныг тавиач гэдэг шаардлагыг тавьж байсан. Гэрээний дагуу ачаа тээвэрлэгдээгүй болнТөмрийн тухайд Хятадын талтай асуудалтай байсан учир 90 тн төмөрт 1 хоногийн 300 юанийн хадгалалтын хөлс төлөх ёстой гэсний дагуу 31 хоногийн 4,587,690 төгрөгийг төлбөрөөс суутган тооцож хариуцагч талд үлдээж байгаа юм.

Иймд, хариуцагч ******* ХХК-аас бүгд 36,605,060 /гучин зургаан сая зургаан зуун таван мянга жаран/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-нд олгох шийдвэр гаргаж өгнө үү гэв.

2. Хариуцагч ******* ХХК-ийн төлөөлөгч нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Тус шүүхэд хянан шийдвэрлэгдэж буй ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, ******* ХХК-д холбогдох иргэний хэргийн хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад, эс зөвшөөрч, дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Манай ******* ХХК нь ******* ХХК-тай 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Ачаа тээвэрлэлтийн гэрээ-г байгуулан БНХАУ-ын Жинин мужаас нийт 5 вагон (2 кабелийн, 3 цахилгааны төмрийн) ачааг Монгол Улсын Орхон аймаг Эрдэнэт хот руу тээвэрлэхээр харилцан тохиролцсон.

Ингэхдээ 1 вагоныг 16,725,000 төгрөг, нийт 5 вагон ачаа тээврийн хөлс болох 83,625,000 төгрөгийн 50 хувь буюу 41,812,500 төгрөгийг урьдчилгаа хөлсөнд авсан.

Талуудын хооронд байгуулсан гэрээний 2.1-д зааснаар ******* ХХК нь гэрээний дагуу Монгол Улс руу тээвэрлүүлэх ачаа барааг БНХАУ-ын Жинин өртөө дээр бидэнд бүрэн хүлээлгэн өгөх ёстой байсан боловч уг үүргээ биелүүлээгүй болно.

Тодруулбал гэрээ байгуулагдсан өдрөөс хойш 2-3 хоногийн дараа БНХАУ-ын Жинин өртөө дээрх ачаа тээврийн агуулахад зөвхөн 2 машин төмрийг буулгасан байдаг. Энэ талаар тухайн үед ******* ХХК-ийн менежер гэх хүнтэй холбогдож, Монгол Улс pyy тээвэрлэх ачаа бараа дутуу хүргэгдсэн байгаа талаар мэдэгдэхэд үлдэгдэл нь 2-3 хоногийн дараа бүрэн хүргэгдэх болно, түр хүлээж байгаарай гэж хэлж байсан.

Ингээд хэд хоногийн дараа ******* ХХК-ийн нартай утсаар менежер холбогдоход тэдний төмөр худалдан авч буй БНХАУ-ын үйлдвэрлэгч нь асуудал үүсгээд байна, БНХАУ-ын Жинин өртөөгийн агуулахад буулгасан байгаа төмрийг хэмжээд өгнө үү гэсний дагуу БНХАУ-ын Эрээн хотоос Тухайн ачааг хэмжүүлэхээр хүн явуулж, хэмжүүлэхэд нийт 90 орчим тонн төмөр буулгасан байсан.

Энэ тухай манай зүгээс ******* ХХК-ийн холбогдох ажилтнуудад мэдэгдэж, Талуудын хооронд байгуулсан гэрээгээр нийт 180 тонн ачааг Монгол улс вагонд хуваан тээвэрлэхээр тохиролцсон талаар мэдэгдэхэд ойрын хугацаанд үлдэгдэл ачаа бараагаа бүрэн хүлээлгэн өгнө гэж хэлж байсан боловч бидэнд огт нэмж бараа нийлүүлээгүй юм.

Ингээд БНХАУ-ын Жинин өртөөд хадгалагдаж буй ******* ХХК-ийн 90 тонн төмрийг тухайн өртөөний агуулахад байрлуулахад нэг хоногийн 300 юанийн төлбөр төлөх шаардлагатай болсон ба энэ талаар мөн л ******* ХХК-д мэдэгдэхэд бид хариуцаж төлнө, санаа зоволтгүй гэж хэлж байсан боловч нэг төгрөгийг бидэнд төлөөгүй, үлдэгдэл ачаа бараагаа ч нийлүүлээгүй болно.

Иймээс ******* ХХК нь гэрээний дагуу биднээр тээвэр хийлгэх байсан ачаа бараагаа хугацаанд нь бүрэн нийлүүлж өгөөгүйн улмаас манай компани БНХАУ-ын Жинин өртөөний агуулахад ачаа барааг нь хадгалуулахад маш их хэмжээний мөнгийг төлсөн ба уг мөнгийг нэхэмжлэгч компаниас гаргуулахаар нэхэмжлэх болно.

Жич:Нэхэмжлэлийн шаардлагын татгалзалтай холбоотой зарим баримтуудыг БНХАУ-аас авч, шаардлага хангасан хэлбэрээр бүрдүүлэхэд хугацаа шаардлагатай байгаа тул уг иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бүрдүүлж өгөх болно гэжээ.

3. Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтууд болох:

3.1. Нэхэмжлэгчээс ирүүлсэн: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, талуудын хооронд 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан 2022/0615-А дугаартай ачаа тээвэрлэлтийн гэрээ, 2022 оны 08 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан дугаартай 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн №2022/0615-А тоот Ачаа тээвэрлэлтийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ, ******* ХХК-ийн 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн Гэрээ цуцлах тухай 22/219 тоот албан бичиг, 2022.06.15-ны өдөр 41,812,500 төгрөг шилжүүлсэн шилжүүлгийн мэдэгдэл, ******* ХХК-иас т 1 жилийн хугацаатай олгосон итгэмжлэл, ******* ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, ******* ХХК-ийн дүрэм, Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны Засаг даргын 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 360 тоот тодорхойлолт, /хх-ийн 3-12, 22, 31-37, 89/,

3.2.Хариуцагчаас ирүүлсэн: Танзанит ХХК болон ******* ХХК-ийн хооронд 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан Оффисийн талбай түрээслэх гэрээ, ******* ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, ******* ХХК-ийн дүрэм, хариуцагчийн хариу тайлбар, Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны Засаг даргын 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 277 тоот тодорхойлолт, эмнэлгийн магадлагаа, яаралтай тусламжийн хуудас, Өнөр-Үжин лабораторийн шинжилгээний хариу, 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн эхо зураг, шинжилгээний хариу /хх-42-47, 59-60, 75-76, 97-104/,

3.3. Шүүхийн журмаар бүрдүүлсэн: Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны Засаг даргын 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 18 тоот тодорхойлолт, Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны Засаг даргын 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 119 тоот тодорхойлолт, Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Эргүүл хамгаалалтын газрын Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэлтсийн Эргүүл, хамгаалалтын цагдаагийн 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн илтгэх хуудас, ХХК-ийн нярав н.Мөнхтуяагийн тодорхойлолт, төвийн оффис менежер тодорхойлолт /хх-ийн 26-30/ зэрэг баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан, 36,605,060 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрсөн.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

2. Зохигч нь 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан №2022/0615-А дугаартай Ачаа тээвэрлэлтийн гэрээ-ээр ******* ХХК /тээвэрлүүлэгч/ нь БНХАУ-ын Жинин мужаас Монгол Улс, Орхон аймаг, Эрдэнэт өртөө хүртэл 5 чингэлэг ачаа тээвэрлүүлэх, 1 /нэг/ чингэлэг 16,725,000 төгрөг, нийт 5 /таван/ чингэлэг 83,625,000 төгрөгийн хөлс төлөх, үүнээс урьдчилгаа 50 хувь 41,812,500 төгрөгийг тээвэрлэлт эхлэхээс өмнө, үлдэх 50 хувийг Монгол Улсын нутаг дэвсгэрт орж ирсэн үед төлөх,

******* ХХК /тээвэрлэгч/ нь 5 чингэлэг ачааг БНХАУ-ын Жинин өртөөгөөс бүрэн хүлээн авч, 14-21 хоногийн хугацаанд Монгол Улс, Орхон аймагт тээвэрлэхээр тохиролцсон байна. /хх-ийн 5-8/

2.1. Уг гэрээнд 2022 оны 08 дугаар сарын 21-ний өдөр нэмэлт өөрчлөлт оруулсан, энэхүү №2022/0615-Б дугаартай гэрээгээр, ******* ХХК нь БНХАУ, Жинин мужид буй 105.8 тонн ган булан төмрийг БНХАУ-ын Эрээн хотод хүлээн авах этгээдэд хүлээлгэн өгөх хүртэл тээвэрлэх ачих, буулгах зардлыг хариуцаж, зохих ёсоор хүлээлгэн өгсөн талаарх мэдээллээр хангах, төмөр замын агуулахад байрлуулсан /хоногийн 300 юань/-ийг 2022 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс 2022 оны 7 дугаар сарын 23-ны өдрийг дуусталх хугацааны төлбөрийг хариуцах, гэрээг баталгаажуулснаас хуанлийн 3 хоногийн дотор тээвэрлэлтийг хийх, гэрээний биелэгдээгүй төлбөр болох 2 чингэлгийн 16,725,000 төгрөгийн төлбөрийг тээвэрлүүлэгчид буцаан шилжүүлэх,

******* ХХК нь мэдээллийг хүлээн авсан 2022 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс Эрээн хот руу ачигдах өдөр хүртэлх хугацааны төлбөрийг төлөх,

Гэрээний БНХАУ-Жинин муж гэснийг, БНХАУ-ын Эрээн хот болгон өөрчлөхөөр болжээ. /хх-ийн 9/

3. Гэрээ байгуулагдсан болон гэрээний талаар талууд маргаагүй тул тэдний хооронд Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1-т Тээвэрлэлтийн гэрээгээр тээвэрлэгч нь зорчигч буюу ачаа, тээшийг тогтоосон газар хүргэх, тээвэрлүүлэгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан тээвэрлэлтийн гэрээ бичгээр байгуулагджээ.

4. Нэхэмжлэгч ******* ХХК нь 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн гэрээний 3.3-т заасны дагуу урьдчилгаа төлбөр 41,812,500 төгрөгийг хариуцагч ******* ХХК-ийн ХААН банкны 5037861279 тоот дансанд шилжүүлэн өгсөн,

хариуцагч ******* ХХК нь 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 5,000,000 төгрөгийг нэхэмжлэгч ******* ХХК-д буцаан шилжүүлсэн, зохигч үүнтэй маргаагүй болно. /хх-ийн 11/

5. Нэхэмжлэгч нь гэрээгээр тохиролцсон хугацаанд 5 чингэлэг /3 чингэлэг ган булан төмөр, 2 чингэлэг кабель/-ийг тээвэрлэн хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүйгээс 2022.08.29-ний өдөр гэрээ цуцлах мэдэгдэл өгсөн, урьдчилгаа төлбөр 41,812,500 төгрөг, гэрээний 3.6-д заасан алданги 4,380,250 төгрөг, нийт 46,192,750 төгрөг болсноос нэмэлт өөрчлөлт оруулсан гэрээний дагуу 31 хоногийн төлбөр болох /хоногийн 300 юань/ 4,587,690 төгрөг, 2022.09.12-ны өдөр буцаан шилжүүлсэн 5,000,000 төгрөг, нийт 9,587,690 төгрөгийг хасч тооцон, үлдэх 36,605,060 төгрөгийг нэхэмжилсэн нь үндэслэлтэй гэж тайлбарласан.

6. Хариуцагч нь гэрээгээр тохирсон хэмжээний барааг бүрэн гүйцэд, гэрээний хугацаанд хүлээлгэн өгөх үүргээ нэхэмжлэгч биелүүлээгүй, үлдэгдэл ачааг нийлүүлээгүй, хугацаа хэтрүүлсэн, ачааг агуулахад байрлуулсан төлбөрийг шилжүүлээгүйгээс маш их хэмжээний төлбөр төлсөн гэж маргажээ.

7. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-т Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ, мөн хуулийн 207 дугаар зүйлийн 207.1.2-т эд хөрөнгө тээвэрлэх үүргийг уул эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч буюу эрх бүхий этгээдэд хүргүүлэхээр анхны тээвэрлэгчид хүлээлгэн өгсөн газар-ыг үүрэг гүйцэтгэх газар гэж тодорхойлно гэж тус тус заасан.

8. Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь гэрээгээр тохиролцсон урьдчилгаа төлбөр 41,812,500 төгрөгийг тохирсон хугацаанд нь хариуцагчид шилжүүлэн өгөх үүргээ биелүүлсэн, хариуцагч нь гэрээгээр тохирсон хугацаанд, БНХАУ-ын Жинин мужаас 5 чингэлэг ачааг Монгол Улсын Орхон аймаг, Эрдэнэт өртөөнд хүргэж өгөх үүргээ биелүүлээгүйгээс, ...БНХАУ-ын Жинин муж гэснийг Эрээн хот... гэж, ...биелэгдээгүй төлбөр 2 чингэлгийн 16,725,000 төгрөгийг буцааж шилжүүлэх...-ээр гэрээнд өөрчлөлт оруулсан болох нь тогтоогдсон.

8.1. Үүнээс үзэхэд хариуцагч нь 5 чингэлэг ачааг гэрээгээр тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор ачааг тээвэрлэх үүргээ биелүүлээгүйгээс, нэхэмжлэгч нь 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр гэрээ цуцлах мэдэгдлийг хүргүүлсэн байна. /хх-ийн 10/

8.2. Хариуцагч нь гэрээгээр хүлээсэн 5 чингэлэг ачааг тогтоосон газарт нь, тохирсон хугацаанд нь тээвэрлэх үүргээ биелүүлснийг болон БНХАУ-ын Жинин өртөөний агуулахын төлбөрт хэд хоногийн, ямар хэмжээний төлбөр төлсөн болох талаарх баримтыг шүүхэд ирүүлсэнгүй.

Тэрээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа татгалзлынхаа үндэслэлийг баримтаар нотлоогүй нь түүнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэл болно.

9. Зохигчийн хооронд байгуулагдсан гэрээний 3.6-т тээвэрлэлтийн хугацаа хэтэрсэн тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гэрээний нийт үнийн дүнгийн 0,1 хувиар алданги тооцно гэж заасны дагуу нэхэмжлэгч алданги тооцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6-т тус тус заасан анзын гэрээг бичгээр хийнэ, хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасантай нийцжээ.

9.1. Түүнчлэн талуудын хооронд 2022.08.21-ний өдрийн нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээний 3-т БНХАУ-ын Жинин муж дах агуулахад байрлуулсан төлбөрийг хоногийн 300 юаниар тооцохоор тохиролцсон байх ба хариуцагч нь хэд хоногийн, хэдий хэмжээний төлбөрийг төлсөн талаарх баримтыг ирүүлээгүй тул нэхэмжлэгчийн 31 хоногийн /1 хоногХ300юань/ 4,587,690 төгрөгийг төлбөрөөс хасч тооцсоныг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй гэж үзэв.

10. Иймд хариуцагч ******* ХХК-иас 36,605,060 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй.

11. Хариуцагч ******* ХХК-ийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ирэх боломжгүй гэх байдлаа нотолсон баримтыг ирүүлээгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ын хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг баримтлан хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн бөгөөд хариуцагчийн шүүхэд ирүүлсэн тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-т заасны дагуу шүүх хуралдаанд гаргасантай адилтгаж үзсэн болохыг дурьдав.

12. Нэхэмжлэлийн шаардлага хангасан хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч хариуцах үүрэгтэй тул улсын тэмдэгтийн хураамжид 340,975.30 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1, 232 дугаар зүйлийн 232.4-т тус тус заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-иас 36,605,060 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 340,975.30 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урдчилан төлсөн 340,975.30 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд тус шүүхийн шүүгчийн 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШЗ2023/04181 дугаар захирамж, уг захирамжид өөрчлөлт оруулсан тус шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШТ2023/00152 дугаар тогтоолоор авсан Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай арга хэмжээний үйлчлэл хэвээр үйлчлэх болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-т заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ