Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 2021/ДШМ/749

 

 

   Б.Мд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Агар,

            хохирогч Ц.Баярсайхан, түүний өмгөөлөгч Т.Баярбат,

нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 2021/ШЦТ/612 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Ц.Баярсайханы гаргасан давж заалдах гомдлоор Б.Мд холбогдох 2003003680293 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

...................., 20......... оны ............дүгээр сарын .............ны өдөр Увс аймагт төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, эгч, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулан 55-2010 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:................./,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 423 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 1139 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 2912 дугаартай шүүгчийн захирамжаар түүнд оногдуулсан 450 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын эдлээгүй үлдсэн 442 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож 55 хоногийн хорих ялаар сольсон;

Б.М нь 2020 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 00 цаг 05 минутын орчим Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэр Гачууртын замд “Хьюндай Соната-6” маркийн 51-62 УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3-д заасан “...эсрэг хөдөлгөөнтэй 2 эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.” гэснийг зөрчсөний улмаас эсрэг урсгалд явсан 93-39 УНӨ улсын дугаартай “Тоёота Приус-20” маркийн тээврийн хэрэгсэл мөн 00-25 УНМ улсын дугаартай “Тоёота Кроун” маркийн тээврийн хэрэгслүүдийг мөргөж, 93-39 УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ц.Баярсайханы эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Б.Мгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: .........................г замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Мг 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Мгийн урьд цагдан хоригдсон 23 хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцон түүний эдлэх ялаас хасч /184 цаг/, түүний биечлэн эдлэх нийтэд тустай ажил хийлгэх цагийг 116 цагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Мд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас илүүгүй цагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Мд нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхээс зайлс хийвэл нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Б.Мгаас нийт 8.462.981 төгрөгийг гаргуулж, үүнээс хохирогч Ц.Баярсайханд 7.997.981 төгрөг, иргэний нэхэмжлэгч О.Энх-Амарт 465.000 төгрөгийг тус тус олгож, хохирогч Ц.Баярсайхан нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирол, цаашид гарах эмчилгээний талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн Иргэний журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Хохирогч Ц.Баярсайхан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогч миний бие нийт 10.203.191 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд шийтгэх тогтоолд дурдсанаар хохирогч Ц.Баярсайханы ажилгүй байсан хугацааны цалингийн талаарх шүүхэд гаргаж өгсөн нотлох баримт нь он, сар, өдөр засвартай гэж үзсэн нь үндэслэлгүй бөгөөд уг нотлох баримтуудыг хавтас хэрэгт хоёр удаа гаргаж өгсөн тус засвартай баримт байхгүй. Иймд ажилгүй байсан хугацааны цалингийн зөрүү 2.052.209 төгрөгийг гаргуулахаар шүүхийн тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. Мөн шүүгч бодолт хийхдээ алдаа гаргаж 10.203.191 төгрөгөөс 2.052.209 төгрөгийг хасахдаа 7.997.981 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн байгаа тул бодолтын зөрүү 153.001 төгрөгийг нэмж тооцон тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.” гэв.

Хохирогч Ц.Баярсайханы өмгөөлөгч Т.Баярбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хохирогчийн зүгээс гэм буруу, ял шийтгэлийн талаар ямар нэгэн гомдол гаргаагүй. Хохирлын хэмжээ дутуу бодогдсон гэсэн үндэслэлээр гомдол гаргасан. 10.203.191 төгрөг нь эмчилгээний зардал, өвчтэй байсан хугацааны цалингийн зөрүү, тээврийн хэрэгсэлд учирсан хохирол багтсан. Үүнээс анхан шатны шүүх цалинд өөрчлөлт оруулах тухай гүйцэтгэх захирлын тушаалын он, сар засвартай байна гэж үзэн 2.052.209 төгрөгийн хасч тооцсон. Анх нотлох баримтын шаардлага хангаагүй буюу хуулбарласан хувийг өгсөн байсан. Уг баримтыг нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр дахин өгсөн. Шүүгч шийтгэх тогтоол уншихдаа хохирлыг 8.150.982 төгрөг гэж тооцсон. Цалингийн зөрүү 2.052.209 төгрөгийг ямар учраас хассан талаар шүүгчээс асуухад нотлох баримтын шаардлага хангахгүй, тамга, тэмдэггүй байна гэсэн. Сүүлд дахин өгсөн гэхэд тухайн баримтыг хэргийн материалаас хараад он, сар нь засвартай байна гээд шийтгэх тогтоол хэвээр гэж тайлбарласан. Шүүх хуралдааны дараа хэргийн материалтай танилцахад сүүлд өгсөн баримтад он, сар засварласан зүйл байгаагүй. Иймд өвчтэй байсан хугацааны цалингийн зөрүүг нэмж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. Мөн 10.203.191 төгрөгөөс 2.052.209 төгрөгийг хасахад 8.150.982 төгрөг гарах ёстой. Гэтэл шийтгэх тогтоолд 7.997.981 төгрөг буюу 153.001 төгрөгийн зөрүүтэй байгаа учраас энэ үндэслэлээр мөн өөрчлөлт оруулж өгнө үү.” гэв.

Прокурор Д.Агар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон. Ц.Баярсайханаас гаргаж өгсөн баримтын хүрээнд 7.997.987 төгрөг, О.Энх-Амарт 465.000 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн. Бусад нотлох баримтыг нотлох баримтын шаардлага хангахгүй байна гэж үзсэн. Мөн уг баримтуудаа нотлох баримтын шаардлага хангуулаад иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн. Ямар нэгэн байдлаар хохирогчийн эрхийг хязгаарласан зүйл байхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолтой холбогдуулан хохирогч Ц.Баярсайханы гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудын хүрээнд тухайн хэргийн бүх ажиллагааг гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Б.М нь 2020 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 00 цаг 05 минутын орчим Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэр Гачууртын замд “Хьюндай Соната-6” маркийн 51-62 УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3-д заасан “...эсрэг хөдөлгөөнтэй 2 эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.” гэснийг зөрчсөний улмаас эсрэг урсгалд явсан 93-39 УНӨ улсын дугаартай “Тоёота Приус-20” маркийн тээврийн хэрэгсэл мөн 00-25 УНМ улсын дугаартай “Тоёота Кроун” маркийн тээврийн хэрэгслүүдийг мөргөж, 93-39 УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ц.Баярсайханы эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хангалттай нотлогдож байна.

Шүүх нь хууль болон эрх зүйн ухамсарыг удирдлага болгож тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэт, бодит байдлаар дараахь нотлох баримтыг хяналаа. Үүнд:

хохирогч Ц.Баярсайханы “...2020 оны 6 дугаар сарын 12-ны өдөр өөрийн эзэмшлийн “Тоёота приус-20” маркийн 93-39 УНӨ улсын дугаартай автомашинаар гадуур такси үйлчилгээнд явж байгаад гэртээ харих гээд шөнө 00 цагийн үед санагдаж байна Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулан руу явах замаар ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш чиглэлд явж байгаад гэрийнхээ харалдаа ирээд зүүн гар тийш эргэх гээд дохио өгөөд бараг зогсох шахуу хурдтай явж байгаад замаа харахад машин байгаагүй. Тэгэхээр нь зүүн гар тийш эргэх гээд бага зэрэг хазайгаад өөдөөс гэнэт машин гарч ирээд миний машины урдаас сөрж орж ирээд мөргөсөн. Осол болох үед хэсэг юу болсныг санахгүй гэнэт л хүмүүс шуугилдаад намайг машинаас өргөж гаргасан. Тэнд байсан хүмүүс цагдаа, түргэн дуудаад удаагүй түргэний машин ирээд намайг Гэмтлийн эмнэлэгт хүргэж өгсний дагуу үзүүлж нарийн шинжилгээ өгөхөд нурууны яс хугарсан гээд хүзүү, нурууны тасагт хэвтэн эмчлүүлж 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдөр нурууны яс хадуулах хагалгаа хийлгэж эмчлэгдэж байгаад гарсан. ...” /1хх 46-47/ гэсэн мэдүүлэг,

иргэний нэхэмжлэгч О.Энх-Амарын “...2020 оны 6 дугаар сарын 12-нд шилжих шөнө 00 цагийн үед “Тоёота кроун” маркийн 00-25 УНМ улсын дугаартай машинаар ажил руугаа очихоор Гачууртын замаар ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш чиглэлд явж байхад миний машины урд саарал өнгийн “Тоёота приус-20” маркийн автомашин хурдаа сааж зүүн гар тийш эргэх дохио өгөөд бараг зогсох шахуу болохоор нь давхар хурдаа сааж тэр машинаас нилээн зайтай явж байхад саарал өнгийн приус-20 маркийн автомашин зүүн гар тийш эргэх гээд хагас эргэж зогсох үед цаанаас эсрэг эгнээнд явж байсан “Соната-6” маркийн автомашин ирж мөргөхөд миний урд зогсож байсан саарал өнгийн приус-20 маркийн автомашин бүтэн эргээд миний машины зүүн урд хэсэгт зүүн хойд хэсгээр мөргөж зогссон. Тухайн үед шаардлагатай арга хэмжээг авч холбогдох байгууллагад нь мэдэгдсэний дагуу саарал өнгийн приус-20 маркийн автомашины жолоочийг түргэний эмч ирж үзээд авч явсан. Би маргааш нь өөрийн автомашины эвдрэл гэмтлийн үнэлгээг гаргуулж материалд хавсаргаж өгсөн байгаа. ...” /1хх 43-44/ гэсэн мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 7029 дугаартай “...Ц.Баярсайханы биед сээрний 12 дугаар нугалмын их биеийн шахагдсан хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй. ...” /1хх 54-55/ гэх дүгнэлт,

Техникийн шинжээчийн А/21-5 дугаартай “...“Хьюндай Соната 6” маркийн 51-62 УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3 “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэснийг зөрчсөн нь хавтаст хэрэгт авагдсан “осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч”, гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгслүүдийн гэмтсэн байдал зэргээр тогтоогдож байна. ...” /1хх 223-224/ гэх дүгнэлт,

зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 10-19/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж, харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, нотлох баримтын эх сурвалжыг магадлах аргаар шалгахад хөдөлбөргүй тогтоогджээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Б.Мг Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Б.Мгийн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3-д заасан “...эсрэг хөдөлгөөнтэй 2 эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.” гэснийг зөрчсөний улмаас эсрэг урсгалд явсан 93-39 УНӨ улсын дугаартай “Тоёота Приус-20” маркийн тээврийн хэрэгсэл мөн 00-25 УНМ улсын дугаартай “Тоёота Кроун” маркийн тээврийн хэрэгслүүдийг мөргөж, 93-39 УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ц.Баярсайханы эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүхээс Б.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

Давж заалдах шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталж, 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчилжээ.

2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт, 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт 2015 оны Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийг 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө тус хуульд тусгайлан зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлэхээр хуульчилсан бөгөөд шүүгдэгч Б.Мгийн замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг нь Өршөөлийн тухай хуулийн үйлчлэлд хамаарч байна.

Гэвч Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “...ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан ...гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна” гэж, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.10-т “...шүүгдэгч гэм буруугийн асуудлаар маргавал шүүх хэргийг хуульд заасан ердийн журмаар хянан хэлэлцэж, гэм буруутай эсэхийг шийдвэрлэсний дараа уг хуулийг хэрэглэнэ” гэж тодорхой шаардлага, нөхцөлийг хуульчилсан байх ба шүүгдэгч Б.М нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн баримт хавтас хэрэгт авагдаагүй, дээрх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул шүүгдэгч Б.Мг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамааруулах боломжгүй байгааг дурдах нь зүйтэй.

Хохирогч Ц.Баярсайхан “...ажилгүй байсан хугацааны цалингийн зөрүү 2.052.209 төгрөгийг гаргуулахаар шүүхийн тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. Мөн шүүгч бодолт хийхдээ алдаа гаргаж 10.203.191 төгрөгөөс 2.052.209 төгрөгийг хасахдаа 7.997.981 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн байгаа тул бодолтын зөрүү 153.001 төгрөгийг нэмж тооцон тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

            Хохирогч “ажилгүй байсан хугацааны цалингийн зөрүү 2.052.209 төгрөг гаргуулахаар шүүхийн тогтоол өөрчлөлт оруулж өгнө үү” гэсэн нь хавтаст хэргийн 186 дугаар хуудсанд авагдсан “Денимон” ХХК-н гүйцэтгэх захирлын тушаалаар Ц.Баярсайхан 1.000.000 төгрөгний цалин авдаг байдлаас тооцож гаргасан дүн учир уг захирлын тушаалыг үнэлэхгүйгээр нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн байдлаар дундаж цалин хөлс тооцсон болно.

Хавтаст хэргийн 195 дугаар хуудсанд 0783560 дугаартай Ц.Баярсайханы нийгмийн даатгалын дэвтэр хавсаргагдсан “ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн гурван сарын дундаж цалин хөлсөөр, цалин хөлсний цэс, данс бүртгэлээр  буюу 2020 оны 3 сард 800.000 төгрөг, 4 сард 670.000 төгрөг, 5 сард 730.000 төгрөг тус тус сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилгах орлого” авч байснаар дундаж цалин хөлсийг тогтоов. Сарын дундаж цалин хөлс хэлбэлзэлтэй бөгөөд сүүлийн гурван сарын цалингийн нийлбэр 2.200.000 төгрөг гарч байна. 2.200.000 төгрөгнөөс “Денимон” ХХК-д ажиллаж буй даатгуулагчид хөдөлмөрийн чадвараа алдсан тэтгэмж 186.154 төгрөг, 266.154 төгрөг, 317.167 төгрөг, 219.577 төгрөг /989.052 төгрөг/ тус тус хохирогч Ц.Баярсайханд олгосныг хасаж, 1.210.948 төгрөгний цалингийн зөрүүг нэхэмжлэх эрхтэй.

            Хохирогч Ц.Баярсайханы эд хөрөнгө, эрүүл мэндэд учирсан гэм хорыг буюу автомашинд үнэлгээгээр тогтоогдсон 6.175.000 төгрөг, эрүүл мэндэд учирсан 1.962.982 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалингийн зөрүү 1.210.948 төгрөг, нийт 9.348.930 төгрөгийг шүүгдэгч Б.М арилгах үүрэгтэй байна.

Иймд, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 2021/ШЦТ/612 дугаартай шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж, хохирогч Ц.Баярсайханы гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шийтгэх тогтоолын эхний хуудсанд хуулинд байхгүй “Тодорхойлбол” гэсэн үг хэрэглэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасантай нийцэхгүй байгааг, тогтоох хэсгийн 3 дахь заалтад урьд гэсний өмнө “ы” үсэг давхардуулж бичсэн байдлыг цаашид анхаарах шаардлагатай. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 2021/ШЦТ/612 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

6 дахь заалтын “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Б.Мгаас нийт 8.462.981 төгрөгийг гаргуулж, үүнээс хохирогч Ц.Баярсайханд 7.997.981 төгрөг, иргэний нэхэмжлэгч О.Энх-Амарт 465.000 төгрөгийг тус тус олгосугай.” гэснийг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Б.Мгаас нийт 9.813.930 төгрөгийг гаргуулж, үүнээс хохирогч Ц.Баярсайханд 9.348.930 төгрөг, иргэний нэхэмжлэгч О.Энх-Амарт 465.000 төгрөгийг тус тус олгосугай.” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, хохирогч Ц.Баярсайханы гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                            Б.БАТЗОРИГ        

ШҮҮГЧ                                                            Т.ӨСӨХБАЯР

ШҮҮГЧ                                                            Д.МӨНХӨӨ