Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 285

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга Ч.Сайнзаяа,

Улсын яллагч Г.Эрдэмбаатар,

Шүүгдэгч Э.Бямбадорж, түүний өмгөөлөгч Б.Дашдорж /0747/ нарыг оролцуулж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэхь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Энх-Эрдэнийн Бямбадоржид холбогдох эрүүгийн 201726020768 дугаартай хэргийг 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч ХЯНАВАЛ:

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1992 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 24 настай, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо Дамбадаржаа 68 гудамж 916б тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 228 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт 3 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэн хянан харгалзсан Боржигон овогт Энх-Эрдэнийн Бямбадорж /РД:УУ92111452/

 

Үйлдсэн хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичсэнээр/:

Шүүгдэгч Э.Бямбадорж нь согтуугаар 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянгол дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн гадна бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, иргэн Б.Хатанбаатарын бие махбодид хөнгөн гэмтэл учруулан догшин авирлан нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Бямбадорж мэдүүлэхдээ: “Болсон асуудлын талаар мөрдөн байцаалтын шатанд үнэн зөвөөр мэдүүлсэн тул шүүхийн хэлэлцүүлэгт ярих зүйл байхгүй. Нэмж хэлэхэд тухайн үед тэр ах нар өөрсдөө бид нар луу томроод зодох гээд байхаар нь би түрүүлээд цохьчихсон юм” гэв.

 

Хохирогч Б.Хатанбаатар мэдүүлэхдээ: “...2017 оны 3 дугаар сарын 07-ны өдөр хорооллын Гурван Билэг их дэлгүүрийн урд талын зам дээр би ганцаараа явж байхад танихгүй 4 залуу миний зүс таних Соёмбо гэх залуутай маргалдаж байхаар нь би очоод салгасан. Яг тэр үед хөдөлгөөнт Эргүүлийн машин ирээд тэд нарыг салгаад байж байтал намайг цохидог Бямбадорж гэх залуу цагдаагийн хажууд намайг заамдаад тэр цагдаад хандаад энэ ахыг барь гэж хэлээд намайг нэг удаа гараараа цохисон. Дуудлагаар ирсэн цагдаа бид 2-ыг салгаад алаг машиндаа суулгаад Бямбадорж гэх залуу бид хоёрт за та нар эр хүмүүс байна, одоо эндээ учраа олчих гэж хэлээд буулгасан. Тэгээд тэр цагдаа бид нарыг за та нар бид нарыг харж байхад яг одоо тараад яваадах гэж хэлсэн. Тэгэхээр нь би зам дагаад ганцаараа явж байтал тэр Бямбадоржийн найз нь дахиад цагдаагийн машины урд нь зогсоод надруу заагаад энэ ахыг баривчил надтай маргалдсан залууг олж өг гээд надруу дайраад байсан. Гэтэл хөдөлгөөнтийн цагдаа бууж ирээд ер нь та нарыг авч явна гэж хэлээд намайг болон нөгөө Бямбадорж гэх залуугийн найз бид 2-ыг машиндаа суулгаад Баянгол дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн гадаа авчирсан. Тэгээд хэлтсийн хашааны гадаа тэр залуу бид 2-ыг буулгахаар нь би тэр залууд хандаад ахын дүү согтуу байна ийм жижигхэн асуудал дээр цагдаа дээр ороод ямар ч ашиггүй би тэр Соёмбо гэх залууг чамд олж өгөх үүрэг байхгүй, би тэр залууг сайн танихгүй гэж хэлэхэд тэр залуу үгүй би тэр залууг танаар олуулана, би Баянголд хөндлөн гэж хэлээд хамт явсан найз нараа дуудсан. ...Бямбадорж гэх залуу миний нүүрлүү гараараа нэг удаа цохисон. Тэр үед хамт явсан 2 найз нь салгаад... надтай хамт цагдаагийн хэлтсийн яг үүдний шилэн хаалганы довжоон дээр явж байхад миний хамар руу гараараа нэг удаа цохиж миний хамрыг хугалсан. Энэ үед жижүүрийн цагдаа гарч ирээд Бямбадоржийг барьсан. Би шууд гэмтлийн эмнэлэг рүү явсан...” гэжээ. /хх 9-11/

 

Гэрч А.Арвинбуян мэдүүлэхдээ: “...нэг танихгүй залуу Мөнгөншагай дээр ирээд гал байна уу гэж асуусан. Тэр залуу тамхиа асаачихаад бид нарыг хараад л зогсоод байсан. Гэтэл Мөнгөншагай тэр залууд хандаад чи юугаа харсан юм зайлаач гэж хэлсэн. Гэтэл тэр залуу чи юу гээд байгаа юм бэ муу бацаан гээд шүгэлдээд цаана байсан 2 залууг дуудсан. Удалгүй цаанаас нь 2 залуу ирээд бид нарыг учир зүггүй зодох гээд дайраад байсан. Нэг залуу нь Бямбадоржийг цаашаа авч яваад зодоод байсан. Би салгах гээд дийлээгүй, яг тэр хооронд тэр хавиар явж байсан машинтай цагдаа нар ирээд Бямбадоржийг зодсон залууг Мөнгөншагайтай хамт аваад явсан. ...Бямбадорж өргөдөл өгөх гээд хэлтэс рүү ортол жижүүр нь согтуу байна маргааш ир гээд гаргасан. Гэтэл Бямбадоржийг цохисон залуу бид нарыг та нар бол амжихгүй шүү гэж хэлээд Бямбадоржийг цохих гээд гараараа зангаад байсан. Яг тэр үед нь Бямбадорж тэр залуугийн хамар луу гараараа нэг удаа цохисон...” гэжээ. /хх 12-13/

 

Гэрч А.Мөнгөншагай мэдүүлэхдээ: “...Бямбадорж ёооё гэж хэлээд л шууд тэр залуугийн нүүррүү гараараа нэг удаа цохисон. Өөр ямар нэгэн зодоон болоогүй...” гэжээ. /хх 16-17/

 

Шинжээч эмч Ц.Ганболд: “...Б.Хатанбаатарын биед учирсан гэмтэл 1 удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой, хэрэг болох үед үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байсан” гэжээ. /хх 60-61/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн 3561 дугаартай дүгнэлтэд: 1. Б.Хатанбаатарын биед хамрын нурууны хугарал тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй гэж дүгнэжээ. /хх 29 хуудас/

 

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 46/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 49/

шийтгэх тогтоол /хх 64-66/ зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу авагдсан байх ба нотлох баримтын шаардлага хангасан болно.

 

            Шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Э.Бямбадорж нь согтуугаар 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянгол дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн гадна бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, иргэн Б.Хатанбаатарын бие махбодид хөнгөн гэмтэл учруулан догшин авирлан нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин танхайрсан болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогч Б.Хатанбаатар /хх 9-11/, гэрч А.Арвинбуян /хх 12-13/, А.Мөнгөншагай /хх 16-17/, шинжээч эмч Ц.Ганболд /хх 60-61/ нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 3 дугаар сарын 08-ны өдрийн 3561 /хх 29/, 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 6081 дугаартай дүгнэлт /хх 33/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 46/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 49/  зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдож байна.

           

Иймд шүүгдэгч Э.Бямбадорж нь бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин догшин авирлан танхайрсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Э.Бямбадорж нь Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 228 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт 3 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, 1 жил 6 сар тэнсэн харгалзах хугацаа 2015 оны 01 дүгээр сард дууссан бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1-д зааснаар ялгүй болсон тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхээр байна.

 

Мөрдөн байцаалтанд хохирогч Б.Хатанбаатар “2.300.000 төгрөг” нэхэмжилнэ гэх боловч хавтаст хэрэгт хохирлын 120.000 төгрөгийн баримтаас өөр баримт хэрэгт авагдаагүй бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс уг хохирлын мөнгийг шүүхийн дансанд тушаасныг хохирол төлсөнд тооцох нь зүйтэй байна. Харин хохирогч Б.Хатанбаатар энэ хэрэгт холбоотой эмчилгээний баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээлээ.

 

            Шүүгдэгч Э.Бямбадорж нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлж барагдуулан гэм хорыг арилгасан зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

 

            Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан  зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид баримтаар нэхэмжилсэн хохирол төлбөрийг төлж барагдуулсан болохыг тус тус дурдлаа.

 

            Шүүгдэгч Э.Бямбадорж нь анх удаа үйлдсэн хүндэвтэр гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ бага, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа хувийн байдал, хохирогчийн баримтаар нэхэмжилсэн хохирлыг төлж барагдуулсан зэргийг харгалзан шүүхээс оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх дүгнэв.

           

                        Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

           

1. Шүүгдэгч Боржигон овогт Энх-Эрдэнийн Бямбадорж нь бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин догшин авирлан танхайрсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овогт Энх-Эрдэнийн Бямбадоржийг 3 /гурав/ жил 01 /нэг/ сарын хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бямбадоржид оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчийн баримтаар нэхэмжилсэн 120.000 төгрөгийг төлж барагдуулсан зэргийг тус тус дурдаж, хохирогч энэ хэрэгтэй холбоотой эмчилгээний баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д зааснаар шүүгдэгч Э.Бямбадоржид оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялыг тэнсэж, түүнийг 2 жилийн хугацаагаар хянан харгалзан засрал хүмүүжилд хяналт тавихыг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст даалгасугай.

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг сануулсугай.

 

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчинтэй болтол шүүгдэгч Э.Бямбадоржид авсан батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                                   

 

                                    ДАРГАЛАГЧ

                                    ШҮҮГЧ                                                                   Г.ЕСӨН-ЭРДЭНЭ