| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаюугийн Цолмонгэрэл |
| Хэргийн индекс | 101/2023/01934/И |
| Дугаар | 101/ШШ2023/02739 |
| Огноо | 2023-05-30 |
| Маргааны төрөл | Даатгал, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 101/ШШ2023/02739
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 20 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, 67/1, 5 давхар хаягт байрлах, Номин даатгал ХХК /РД:2679698/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Олимп хороолол, 201 байр, 119 тоот хаягт оршин суух, Гал овогт Лхагважавын Гантөмөр /РД:ЦГ83012774/-д холбогдох,
18,289,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Оюунтүлхүүр, Ц.Алтансувд,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.Ананд,
Хариуцагчийн өмгөөлөгч Б.Ананд /Ү№0896/,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хатантуул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Номин даатгал ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Баянбаатар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Оюунтүлхүүр, Ц.Алтансувд нар нэхэмжлэлийнхээ шаардлагын үндэслэлээ шүүх хуралдаанд дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Нэхэмжлэгч нь 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн ND/221-12-2-50063300 тоот Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээг даатгуулагч О.Ганзоригтой байгуулж Lexus RX350 маркийн 3183 УБМ улсын дугаар бүхий тээврийн хэрэгслийг даатгасан.
Тус машиныг 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Ривер гарден хотхоны 404-р байрны орцны урд автомашины зогсоолд байрлуулсан байхад хариуцагч Л.Гантөмөрийн хүү Г.Мөнх-Оргил /14 настай/ нь SURRON маркийн цахилгаан дугуйгаар мөргөж хохирол учруулсан.
Улмаар даатгуулагч нь Сэлэнгэ эстимэйт ХХК-иар хохирлын үнэлгээ хийлгэсэн, 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 120/ДД№23232202 дугаар бүхий үнэлгээний тайлангаар 17,352,000 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоосон. Тухайн үед үнэлгээ тогтоолгох талаар Л.Гантөмөрт мэдэгдсэн боловч тэрээр оролцохгүй гэсэн.
Дээрх үнэлгээний тайлан болон даатгуулагчийн хүсэлтийг үндэслэн нэхэмжлэгчээс даатгуулагч О.Ганзоригт даатгалын нөхөн төлбөр болон үнэлгээний хөлс 937,200 төгрөг, хохирол 17,352,000 төгрөг, нийт 18,289,000 төгрөгийн даатгалын нөхөн төлбөрийг Иргэний хуулийн 439 дүгээр зүйлийн 439.4-т заасны дагуу олгосон.
Л.Гантөмөрийн хүүхэд 14 настай тул Иргэний хуулийн 503 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 7-14 хүртэлх насны болон эрх зүйн чадамжгүй иргэний бусдад учруулсан гэм хорыг тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, эцэг эх, асран хамгаалагч хариуцан арилгана гэж заасны дагуу түүнийг хариуцагчаар татсан.
Хариуцагч нь Сэлэнгэ эстимэйт ХХК-ийн үнэлгээг Таван богд ХХК-ийн үнэлгээний саналтай адилхан учир хүлээн зөвшөөрөхгүй гэж байна. Хэргийн 15 талд 3183 УБМ lexus RX-350 маркийн машины үнэлгээг 125,000,000 төгрөгөөр үнэлсэн байдаг.
Даатгалын гэрээний 6 дугаар зүйлийн 6.14-т талууд даатгалын хохирлын үнэлгээг даатгалын мэргэжлийн хохирол үнэлгээний байгууллагаар хийлгэх бөгөөд аль нэг тал нь үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд хохирол шийдвэрлэх хугацааг 14 хүртэл хоногоор сунгаж болно, мөн Иргэний хуулийн 438 дугаар зүйлийн 438.1-т Даатгалын үнэлгээний хэмжээг талууд харилцан тохиролцож тодорхойлно гэж тус тус заасан.
Үүний дагуу тухайн машиныг жолоодож явсан Г.Тэлмүүн 2022.05.11-ний өдөр Таван богд ХХК-иас үнийн санал авч, энэ талаар хариуцагчид мэдэгдэхэд Сэлэнгэ эстимэйт-ээр дахин үнэлгээ гаргуулна гэсний дагуу түүний өөрийгөө байлцуулахгүйгээр үнэлгээг гаргачих, дүгнэлтийг зөвшөөрнө гэсний дагуу үнэлгээг хийсэн.
Иргэний хуулийн 439 дүгээр зүйлийн 439.4-т Даатгалын тохиолдол бий болж, даатгагчийн төлбөл зохих нөхөн төлбөрийн хэмжээг тогтоосны дараа даатгагч үүргээ гүйцэтгэх үүрэгтэй гэж заасны дагуу манай зүгээс даатгуулагчид нөхөн төлбөрийг 100 хувь олгосон.
Мэргэжлийн хариуцлага, ёс зүйн хорооны дүгнэлтээр Сэлэнгэ эстимэйт ХХК-ийн дүгнэлтийг хүчингүй болгосон байх боловч энэ үйл явдал нь 2022.05.17-ны өдөр болсон, Хөрөнгийн үнэлгээний тухай хууль 2022.06.17-ны өдөр батлагдаж, 2023.01.01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр заасан тул 2010.01.21-ний өдрийн Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийг ярих нь зүйтэй бөгөөд уг хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т зааснаар мэргэжлийн хариуцлага, ёс зүйн хороо нь үнэлгээг хүчингүй болгох эрх бүхий субъект мөн гэдгийг зөвшөөрөхгүй. Уг заалтаар дүгнэлт гаргах эрхтэй гэсэн болохоос шинжээчийн дүгнэлтийг хүчингүй болгох эрхтэй гэж заагаагүй. Хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.6-т тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох тухай саналыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд хүргүүлэхээр заасан. Гэтэл үнэлгээг хүчингүй болгох эрх Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институтэд байхгүй. Мөн 2022 оны Хөрөнгийн үнэлгээний хууль дээр мөн адил үнэлгээний тайланд хийсэн магадлагааг хянаж, дүгнэлт гаргах чиг үүргийг зааж өгсөн байна. 2018.05.09-ний өдрийн Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институтын удирдах зөвлөлийн шинжээчийн ажиллах журмын 3 дугаар зүйлийн 3.3-т Шинжээчийн дүгнэлтийг хорооны хурлаар хангалтгүй гэж үзвэл дахин шинжээч томилно, дахин шинжээч томилсон ажлын хөлсийг тус ажлыг хангалтгүй гүйцэтгэсэн өмнөх шинжээчийн төлбөрөөс суутган олгоно гэж, журмын 7 дугаар зүйлийн 7.1-т заасны дагуу шинжээч хариуцлага алдвал журмын 5 дугаар зүйлийн 5.2-т заасныг мөрдөөгүй, хангалтгүй дүгнэлт гаргасан бол хорооны хурлаар хэлэлцээд журмын 3.3-т заасны дагуу хариуцлага тооцно гэж тус тус заасан.
Шаардах эрх нь хэрэгт байгаа даатгалын гэрээ, уг гэрээний дагуу Өү жи фамили холдинг ХХК нь шаардах эрхээ манайд бүрэн шилжүүлсэн. О.Ганзоригтой бус Өү жи фамили холдинг ХХК-тай гэрээг байгуулсан, Өү жи фамили холдинг ХХК-ийн хүсэлтийг үндэслээд нөхөн төлбөр олгогдсон, О.Ганзориг нь тус компанийн ерөнхий захирал, гэрээнд гарын үсэг зурсан гэдгийг хэлмээр байна.
Иймд Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дахь хэсэг, Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7 дахь хэсэгт зааснаар даатгалын нөхөн төлбөр 17,352,000 төгрөг, түүнтэй холбогдон гарсан зардал 937,200 төгрөг, нийт 18,289,000 төгрөгийг хариуцагч Л.Гантөмөрөөс гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч Л.Гантөмөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.Ананд, өмгөөлөгч Б.Ананд нар шүүх хуралдаанд татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Номин даатгал ХХК-ийн 18,289,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна.
Учир нь 2022 оны 05 сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Ривер гарден хотхоны 404-р байрны орцны урд хүү Г.Мөнх-Оргил нь найзынхаа Surron маркийн цахилгаан дугуйг сонирхож, анх удаа унаж, санаандгүй байдлаар Lexus RX350 маркийн 3183 УБМ улсын дугаартай автомашиныг мөргөж хохирол учруулсан байдаг.
Иргэний хуулийн 503 дугаар зүйлийн 503.1-т 7-14 хүртэлх насны болон эрх зүйн чадамжгүй иргэний бусдад учруулсан гэм хорыг тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, эцэг, эх, асран хамгаалагч хариуцан арилгана гэж заасны дагуу миний бие хүүгийнхээ бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан эсэх талаар маргаан байхгүй бөгөөд учирсан бодит гэм хорыг арилгахыг хүлээн зөвшөөрдөг.
Улмаар, миний бие автомашинд байсан утасны дугаарыг авч автомашины эзэнтэй холбогдож нөхцөл байдлын талаар мэдэгдсэн бөгөөд автомашины эзэмшигч маргааш нь буюу 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр над руу холбогдож Таванбогд ХХК дээр хохирол тогтоолгосон ба уг автомашин нь Номин даатгал ХХК-д авто тээврийн хэрэгслийн даатгалд даатгуулсан гэж байсан тул бид мөн өдрөө Нийслэлийн Хан-Уул дүүрэгт байрлах нэхэмжлэгчийн байранд уулзсан.
Миний бие Таванбогд ХХК-иас гаргасан хохирлын тооцоололтой танилцахад эвдрэл бүхий эд энгийг бүгдийг шинэ сэлбэгээр солихоор тооцоолол гаргасан байсан бөгөөд бүгдийг Таванбогд ХХК-ийн шинэ сэлбэг худалдаалдаг үнэлгээгээр тооцсон байсан.
Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт Эд хөрөнгөд учруулсан гэм хорыг арилгахдаа бусдын эд хөрөнгөд гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх/адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж заасны дагуу миний зүгээс Таван богд ХХК-ийн үнэ зах зээлийн ханшнаас хэтэрхий өндөр байгаа тул өөр газраас сэлбэгийг авах, гэмтсэн эд анги бүрийг шинээр солихгүй засварлах боломж байгаа эсэхийг тодруулахад автомашины эзэн зөвхөн Таван богд ХХК-иас авна гэсэн байдаг.
Тухайн үед Номин даатгал ХХК-ийн хуулийн зөвлөх биднийг зөвшөөрөл бүхий үнэлгээний байгууллагаар бодит хохирлын хэмжээг тогтоолгохыг зөвлөсөн.
Үүний дагуу автомашин эзэмшигч нь Сэлэнгэ эстимэйт ХХК-аар үнэлгээ хийлгүүлсэн байсан бөгөөд үнэлгээ нь Таван богд ХХК-ийн үнийн нэхэмжлэхтэй яг тохирч байсан тул миний бие хохирлын үнэлгээг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэдгээ нэхэмжлэгчид хэлсэн.
Гэтэл, 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Номин даатгал ХХК-аас над руу утсаар холбогдож, даатгуулагчид даатгалын нөхөн төлбөрийг үнэлгээний дагуу олгосон болохыг мэдэгдэж, төлбөр барагдуулах гэрээ байгуулах эсэхийг тодруулсан. Миний хувьд хохирол бодитой эсэхийг тодруулах шаардлагатайг хэлж, төлбөр барагдуулах гэрээ байгуулахаас татгалзсан болно.
Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт хөрөнгийн үнэлгээ хийхэд хараат бус байх, бодитой байх, хууль тогтоомж стандартад нийцсэн байх зарчмыг баримтална гэж заасан байтал Сэлэнгэ эстимэйт ХХК-ийн гаргасан үнэлгээ нь дээрх зарчмыг хангахгүй байсан тул миний бие 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Санхүүгийн зохицуулах хороонд үнэлгээтэй холбогдуулан гомдол гаргасан бөгөөд гомдлын хувийг Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институт, Монголын хохирол үнэлгээчдийн холбоо болон Номин даатгал ХХК-д хүргүүлсэн.
Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институтын мэргэжлийн хариуцлага, ёс зүйн хорооноос 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн №250/22 дугаар дүгнэлтээр Сэлэнгэ эстимэйт ХХК-ийн үнэлгээний тайланд 2018 онд үйлдвэрлэгдэж 2018 онд Монгол улсад орж ирсэн 3183 УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд буфер, нүүрний дээд никел, баруун голын хормой, урд буферын баруун булан, буферын баруун доод сетки, баруун урд их гэрэл, баруун урд крыло зэрэг сэлбэг эд ангиудад ашиглагдсан хугацааны элэгдэл тооцоогүй нь Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 27 дугаар тогтоолын 6 дугаар зүйлд Тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэлийн хэмжээг тодорхойлохдоо түүний эд ангийн элэгдэл хорогдлыг хасч, эвдэрч гэмтсэнийг засаж сэргээхэд шаардагдах эд анги, бусад материалын үнийг оруулан тооцно гэж заасныг зөрчиж байгаа тул Сэлэнгэ эстимэйт ХХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 120/ДД№23232202 тоот үнэлгээг хүчингүйд тооцсон.
Таван богд ХХК-ийн үнийн санал буюу нэхэмжлэхэд заасан үнээр Сэлэнгэ эстимэйт ХХК нь үнэлгээг гаргасан, үүн дээр үнэлгээний зардал 937,200 төгрөг нэмэгдсэн. Өөрөөр хэлбэл Таван богд ХХК-ийн үнийн саналыг үнэлгээний тайланд хуулж тавьсан байсан.
Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.1-т "даатгалын мэргэжлийн оролцогч" гэж даатгалын зуучлагч, даатгалын төлөөлөгч, даатгалын хохирол үнэлэгчийг хэлнэ. Үүнээс үзэхэд Сэлэнгэ эстимэйт ХХК нь даатгалын хохирол үнэлэгч нь Санхүүгийн зохицуулах хорооны 2021.01.27-ны өдрийн 25 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан, даатгагч, даатгалын мэргэжлийн оролцогчид тавигдах шаардлага, дагаж мөрдөх үзүүлэлт-ийг дагаж мөрдөнө. Уг үзүүлэлтийн 5 дугаар зүйлийн 5.6-д даатгалын хохиролын үнэлгээний тайланд дараах зүйлийг тусгана гэж заасан байх 5.6.7-д нь даатгалын хохирлын үнэлгээ хийхэд ашигласан 3-аас доошгүй газрын үнийн судалгаа, түүнд хийсэн тооцоолол гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл хохирол үнэлж байгаа бол 3-с доошгүй газрын үнийн судалгааг хийсэн байж түүн дээрээ үндэслэн хохиролын үнэлгээ гаргах ёстой, гэтэл дээрх хохиролын үнэлгээг энэхүү үзүүлэлтэд заасны дагуу гаргаагүй байна.
Энэ үйл явдал 2022.05.10-ны өдөр болсон, тухайн үед 2010 оны Хөрөнгийн үнэлгээний тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж байсан, хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-т Хөрөнгийн үнэлгээ хийхэд Олон улсын үнэлгээний стандартын хорооноос баталсан олон улсын үнэлгээний стандарт, энэ хуулийн 4.5, 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, аргачлалыг удирдлага болгоно гэж заасныг баримтлах учиртай.
Монгол Улсын Сангийн сайдын 2010.05.13-ны өдрийн тушаалаар хөрөнгийн үнэлгээний мэргэжлийн зөвлөлийн бүрэлдэхүүний ажиллах журмыг баталсан, энэ журмыг батлах эрх нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3-т заасан. Уг журмын 5 дугаар зүйлийн 5.1-т Мэргэжлийн зөвлөл нь хөрөнгийн үнэлгээний тайлантай холбоотойгоор үнэлгээчин, гомдол гаргасан үйлчлүүлэгчийн хооронд үүссэн маргааныг хянан хэлэлцэж дараах шийдвэрийн аль нэгийг гаргана, 5.1.2. гомдлыг бүхэлд нь хангаж, үнэлгээний тайланг хүчингүй болгох гэж заасны дагуу Сэлэнгэ эстимэйт ХХК-ийн тайланг хүчингүй болсон, уг мэргэжлийн хорооны дүгнэлтэд нэхэмжлэгч, үнэлгээчин гомдол гаргаагүй, гаргасан бол энэ талаарх баримт хэрэгт байхгүй.
Нэхэмжлэгч нь хүчингүй болсон хөрөнгийн тайланг үндэслэн нөхөн төлбөр шаардсан нь үндэслэлгүй байхаас гадна иргэн О.Ганзоригт нөхөн төлбөр төлсөн гэх боловч 3183 УБМ улсын дугаартай, тээврийн хэрэгсэл нь Хаан банкны өмчлөлд бүртгэгдсэн, даатгалын гэрээг иргэн О.Ганзоригтой бус харин Өү Жи Фамили холдинг ХХК-тай байгуулсан байна. Үүнээс үзэхэд хохирлыг шаардах эрхийг шилжүүлсэн авсан гэдэг тогтоогдохгүй, өөрөөр хэлбэл шаардах эрхгүй байна.
Нэхэмжлэгч нь Өү жи фамили холдинг ХХК-ийн хүсэлтдээ Голомт банкны 2205142539 тоот дансанд шилжүүлэхийг хүссэн байхад шүүхэд өгсөн баримтаар 2719033526 тоот дансанд шилжүүлсэн байдаг. Гэтэл шилжүүлэг хийх шийдвэрт төлбөр авах дансны мэдээлэл дээр Голомт банк ХХК-ийн 2719 033 526 тоот О.Ганзоригийн дансанд төлбөрийг шилжүүлэх шийдвэр гаргасан, О.Ганзоригийн хүсэлтийн дагуу шилжүүлсэн байдаг.
Иймд, даатгалын нөхөн төлбөрт Л.Гантөмөрөөс 18,289,200 төгрөг гаргуулах тухай, Номин даатгал ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтууд болох:
3.1. Нэхэмжлэгчээс ирүүлсэн: Номин даатгал ХХК-иас 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Э.Баянбаатарт 2 жилийн хугацаатай олгосон 4-2/89 дугаартай итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Номин даатгал ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн хавсралт, Өү Жи Фамили Холдинг ХХК, Номин даатгал ХХК нарын хооронд 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан ND/221-12-2-50063300 дугаартай, Тэгш 4 автотээврийн хэрэгслийн даатгалын гэрээ, 2022 оны ND/221-12-2-50063300 тоот Тэгш-4 Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээнд даатгагдах тээврийн хэрэгслийн дэлгэрэнгүй мэдээлэл, Сэлэнгэ эстимэйт ХХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн Төлбөр болон гэрээгээр хийгдэх үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний үйлчилгээний баримт, Таван богд ХХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн нэхэмжлэх/үнийн санал, 3183 УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрэл зургийн үзүүлэлт, Өү жи фамили холдинг ХХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 22/05 тоот албан бичиг, Сэлэнгэ эстимэйт ХХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн №120/ДД№23232202 тоот Автомашин техникийн үнэлгээний тайлан, 3183 УБМ улсын дугаартай Lexus RX 350 маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, Г.Тэлмүүний жолоочийн үнэмлэхийн хуулбар, Номин даатгал ХХК-ийн Авто тээврийн хэрэгслийн даатгалын нөхөн төлбөрийн мэдүүлэг, Автомашины нөхөн төлбөрийн шийдвэр №2206450110, О.Ганзоригоос 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Номин даатгал ХХК-д гаргасан хүсэлт, Л.Гантөмөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, Г.Мөнх-Оргилын төрсний гэрчилгээний хуулбар, Номин даатгал ХХК-иас 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Э.Оюунтүлхүүрт 2 жилийн хугацаатай олгосон 4-2/285 дугаартай итгэмжлэл, 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Ц.Алтансувдад 2 жилийн хугацаатай олгосон итгэмжлэл, Хаан банкны 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн Шилжүүлгийн мэдээлэл /хх-ийн 3-25, 51, 62-63/,
3.2. Хариуцагчаас ирүүлсэн: Хариуцагчийн хариу тайлбар, Л.Гантөмөрөөс 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Ү.Анандад 3 жилийн хугацаатай олгосон итгэмжлэл, Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институтын Мэргэжлийн хариуцлага, ёс зүйн хорооны 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 250/22 дугаартай дүгнэлт, Л.Гантөмөрөөс 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Санхүүгийн зохицуулах хороонд гаргасан өргөдлийн хуулбар, хүү Г.Мөнх-Оргилын төрсний гэрчилгээ /хх-ийн 37-42, 49/ зэрэг баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Номин даатгал ХХК нь хариуцагч Л.Гантөмөрт холбогдуулан 18,289,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.
2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
3. 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Ривер гарден хотхоны 404 байрны автомашины зогсоолд байрлуулсан 3183 УБМ улсын дугаартай Lexus RX350 маркийн автомашиныг Л.Гантөмөрийн 14 настай хүү Г.Мөнх-Оргил нь SURRON маркийн цахилгаан дугуйгаар мөргөснөөс хохирол учруулсан үйл баримт болжээ.
3.1. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 503 дугаар зүйлийн 503.1-т: 7-14 хүртэлх насны болон эрх зүйн чадамжгүй иргэний бусдад учруулсан гэм хорыг тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, эцэг, эх, асран хамгаалагч хариуцан арилгана гэж заасны дагуу 14 настай хүү Г.Мөнх-Оргилын эцэг Л.Гантөмөрт холбогдуулан шаардлага гаргасан. /хх-ийн 49/
3.2. Дээрх үйл баримтын талаар зохигч маргаагүй.
4. Нэхэмжлэгч Номин даатгал ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг даатгуулагч Өү Жи Фамили Холдинг ХХК-тай 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан авто тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний дагуу 3183 УБМ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг төлж барагдуулсан тул гэрээний 9 дүгээр зүйлийн 9.8-т заасны дагуу 18,289,200 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй гэж тайлбарласан.
4.1. Нэхэмжлэгч Номин даатгал ХХК болон Өү Жи Фамили Холдинг ХХК нь 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр №ND/221-12-2-50063300 дугаартай Тэгш 4 автотээврийн хэрэгслийн даатгалын гэрээг 2022.03.17-ны өдрийн 00 цагаас 2023.03.16-ны өдрийн 24 цаг хүртэл 12 сарын хугацаанд хүчинтэй байхаар байгуулсан, гэрээний хавсралтын 18-т : 3183 УБМ улсын дугаартай, Lexus RX350 маркийн тээврийн хэрэгслийг даатгалд хамруулах, даатгагч нь даатгалын тохиолдол бий болсон нөхцөлд учирсан хохирлыг барагдуулахтай холбоотой харилцааг зохицуулахаар тохиролцсон байна. /хх-ийн 12-15/
4.2. Энэхүү даатгалын гэрээний 9 дүгээр зүйлийн 9.8-т:Даатгагч даатгуулагчид учирсан хохирлыг хууль болон гэрээнд заасан хугацаанд нөхөн барагдуулсны дараа буруутай этгээдээс даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлыг нэхэмжлэх эрхтэй гэж тусгасан.
4.3. Таван богд ХХК-ийн 2022.05.11-ний өдрийн нэхэмжлэх/үнийн саналд 3183 УБМ улсын дугаартай Lexus RX350 маркийн тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэлийн үнэлгээг 23,136,000 төгрөг, хөнгөлөлт 25 хувь 5,784,000 төгрөг, нийт НӨАТ-тай дүн 17,352,000 төгрөг,
Сэлэнгэ Эстимэйт ХХК-ийн 2022.05.11-ний өдрийн автомашин техникийн үнэлгээний №120/ДД№23232202 тайланд:ХААН банкны эзэмшлийн, 3183 УБМ улсын дугаартай Lexus RX350 маркийн тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэлийн шууд зардлын дүн 19,736,000 төгрөг, үнэлгээгээр тогтоогдсон дүн 17,352,000 төгрөг гэжээ. /хх-ийн 17, 20/
5. Хэрэгт, нэхэмжлэгчээс ирүүлсэн Өү Жи Фамили Холдинг ХХК /РД:6426344/ нь 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр автотээврийн хэрэгслийн даатгалын нөхөн төлбөрийг Голомт банк 2205 142 549 тоот дансанд шилжүүлэх хүсэлт,
О.Ганзориг нь 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр тээврийн хэрэгсэлд учирсан хохирол 17,352,000 төгрөг, үнэлгээний хөлс 937,200 төгрөг, нийт 18,289,200 төгрөгийг өөрийн нэр дээрх Голомт банкны 2719 033 526 тоот дансанд шилжүүлэх хүсэлт,
Сэлэнгэ Эстимэйт ХХК-ийн 937,200 төгрөгийн НӨАТ-ын баримт, ХААН банкны шилжүүлгийн мэдээлэл зэрэг баримт тус тус авагдсан байна. /хх-ийн 16, 22,24,63/
5.1. Нэхэмжлэгч Номин даатгал ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн /№2206450110 дугаар/ шийдвэрээр даатгалын нөхөн төлбөрт 18,289,200 Өү Жи Фамили Холдинг ХХК-д шилжүүлэхээр шийдвэрлэсэн байх боловч 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн нөхөн төлбөр /АТХДШ/ 3183 УБМ Өү Жи Фамили Холдинг ХХК гэх утгаар О.Ганзоригийн хүсэлтэд дурдсан Голомт банкны 2719 033 526 тоот дансанд 18,289,200 төгрөг шилжүүлсэн болох нь ХААН банк ХХК-ийн шилжүүлгийн мэдээлэл баримтаар тогтоогдсон. /хх-ийн 23, 63/
6. Хариуцагч нь татгалзлынхаа үндэслэлийг эрх бүхий этгээдээс хүчингүй болсон хөрөнгийн тайланг үндэслэн даатгалын гэрээний оролцогч бус этгээдэд нөхөн төлбөрийг шилжүүлсэн, 3183 УБМ улсын дугаартай, тээврийн хэрэгсэл Хаан банкны өмчлөлд бүртгэлтэй, Өү Жи Фамили холдинг ХХК-ийн хүсэлтэд дурдсан дансанд бус иргэн О.Ганзоригийн хүсэлтээр түүний эзэмшлийн дансанд шилжүүлсэн нь шаардах эрхийг шилжүүлэн авсан гэж үзэхгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.
7. 2010 оны Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т Хөрөнгийн үнэлгээний мэргэжлийн байгууллагын дэргэд үнэлгээчний мэргэжлийн алдаа гаргасан тухай маргааныг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий Мэргэжлийн зөвлөл, үнэлгээчин ёс зүйн алдаа гаргасан тухай холбогдох этгээдээс ирүүлсэн гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий Ёс зүйн зөвлөл тус тус ажиллана, 25.3-т Энэ хуулийн 25.2-т заасан Мэргэжлийн зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг мөн хуулийн 8.2-т заасан байгууллага батална, 8 дугаар зүйлийн 8.2-т Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь дангаараа, эсхүл төрийн холбогдох эрх бүхий байгууллагатай хамтран тухайн хөрөнгийн үнэлгээний зүйлийн шинж байдал, зориулалтад нийцсэн хөрөнгийн үнэлгээний аргачлалыг баталж, мөрдүүлнэ гэж тус тус заасан.
7.1. Монгол Улсын Сангийн сайдын 2010 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 112 тушаалын 4 дүгээр хавсралтаар Хөрөнгийн үнэлгээний мэргэжлийн зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журам-ын 5 дугаар зүйлийн 5.1-т Мэргэжлийн зөвлөл нь хөрөнгийн үнэлгээний тайлантай холбоотойгоор үнэлгээчин, гомдол гаргасан үйлчлүүлэгчийн хооронд үүссэн маргааныг хянан хэлэлцэж дараах шийдвэрийн аль нэгийг гаргана, 5.1.2. гомдлыг бүхэлд нь хангаж, үнэлгээний тайланг хүчингүй болгох гэжээ.
8. Хариуцагч Л.Гантөмөрийн Санхүүгийн зохицуулах хороонд гаргасан гомдлын дагуу Монголын Мэргэшсэн үнэлгээчдийн институтын Мэргэжлийн хариуцлага, ёс зүйн хорооны 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн №250/22 дугаар дүгнэлтээр Сэлэнгэ Эстимэйт ХХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 120/ДД№23232202 тоот үнэлгээг хүчингүй болгож, уг шийдвэрийг Санхүүгийн зохицуулах хороо, иргэн Л.Гантөмөр, үнэлгээчин Г.Отгонбаяр нарт хүргүүлсэн болохыг дурджээ. /хх-ийн 40/
8.1. Хөрөнгийн үнэлгээний мэргэжлийн зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журам-ын 5 дугаар зүйлийн 5.5-т мэргэжлийн зөвлөл нь хөрөнгийн үнэлгээний тайлантай холбоотойгоор үнэлгээчин, гомдол гаргасан үйлчлүүлэгчийн хооронд үүссэн маргааныг хянан хэлэлцээд 5.1.1, 5.1.2, 5.1.3-т заасан шийдвэртэй холбоотой зардлын хуваарилалтыг зохицуулсан нь үнэлгээг хүчингүй болгох эрхгүй гэх нэхэмжлэгчийн тайлбарыг үгүйсгэж байна.
8.2. Мөн Сэлэнгэ Эстимэйт ХХК-ийн үнэлгээний тайланг хүчингүй болгосон дүгнэлтийн талаар гомдол гаргасан баримтыг ирүүлээгүй тул дээрх дүгнэлтийг хүчинтэй гэж үзнэ.
9. Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7-т Даатгуулагч учирсан гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдолд даатгагч уг гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилжинэ. Харин даатгуулагч гуравдагч этгээдэд шаардлага гаргах буюу шаардлагыг хангуулах эрхээсээ татгалзсан бол тэр хэмжээгээр даатгагч гэм хорыг нөхөн төлөх үүргээс чөлөөлөгдөнө гэж заасан.
10. Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар Номин даатгал ХХК болон Өү Жи Фамили Холдинг ХХК-ийн хооронд 2022.03.16-ны өдөр тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ байгуулагдсан, нөхөн төлбөр хүлээн авахыг хүссэн даатгуулагчийн Голомт банкны 2205 142 549 тоот дансанд бус, харин эрх бүхий этгээдээс хүчингүй болгосон Сэлэнгэ Эстимэйт ХХК-ийн үнэлгээ, хөлсний хамт 18,289,200 төгрөгийг, даатгалын гэрээний оролцогч болох нь тодорхой бус О.Ганзоригийн Голомт банкны 2719 033 526 тоот дансанд шилжүүлсэн нь тогтоогдож байна.
11. Дээрх үйл баримтаар нэхэмжлэгч нь даатгалын гэрээний даатгуулагч Өү Жи Фамили Холдинг ХХК-д даатгалын нөхөн төлбөрийг төлснөөр шаардах эрхийг шилжүүлэн авах ба хэрэгт авагдсан баримтаар тэрээр хүчин төгөлдөр үнэлгээний дагуу даатгалын гэрээний оролцогч талд нөхөн төлбөрийг төлсөн болох нь тогтоогдсонгүй.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь лаатгалын гэрээний оролцогч болох даатгуулагчид нөхөн төлбөрийг хүчин төгөлдөр үнэлгээний дагуу шилжүүлсэн, ийнхүү шилжүүлснээр шаардах эрхийг шилжүүлэн авсан гэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлсэнгүй гэж үзэв.
12. Иймд хариуцагч Л.Гантөмөрөөс 18,289,200 төгрөг гаргуулах тухай, нэхэмжлэгч Номин даатгал ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
13. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож байх тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 249,396 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-т заасныг баримтлан хариуцагч Л.Гантөмөрөөс 18,289,200 төгрөг гаргуулах тухай, нэхэмжлэгч Номин даатгал ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Номин даатгал ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урдчилан төлсөн 249,396 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-т тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ