| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаюугийн Цолмонгэрэл |
| Хэргийн индекс | 101/2022/04422/И |
| Дугаар | 101/ШШ2023/01768 |
| Огноо | 2023-04-07 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 04 сарын 07 өдөр
Дугаар 101/ШШ2023/01768
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* аймаг, ******* сум, *******, *******, ******* хаягт оршин суух, ******* овогт *******ын ******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, хороо, хороолол, , хаягт байрлах, ХХК /РД:/-д холбогдох,
Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 4,400,000 төгрөг гаргуулах тухай үндсэн, доголдол арилгахад гаргасан зардалд 9,500,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Х.*******,
Хариуцагч ХХК-ийн захирал ,
Гэрч ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хатантуул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Х.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэлийнхээ шаардлагын үндэслэлээ шүүх хуралдаанд дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
******* овогтой ******* би ХХК-тай 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Ажил гүйцэтгэх гэрээ байгуулан аймгийн суманд төвийн барилгын гадна дулааны шугам, цэвэр, бохир ус, дотор халаалт, салхивч агааржуулалтын ажлыг 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хийж гүйцэтгэхээр тохиролцсон.
Гэрээнд заасны дагуу ажил эхлэхэд гэрээний үнийн 10 хувийн тэнцэх урьдчилгаа, гадна шугам сүлжээний ажил дараа 20 хувь санхүүжилтыг, салхивч агааржуулалтын ажлыг хийж гүйцэтгэсний дараа 20 хувь уг гэрээнд заасныг ажлыг бүрэн хийсний дараа 30 хувийн санхүүжилт, үлдэх 20 хувь, барилгыг улсын комисс хүлээж авсны дараа үлдсэн 20 хувийн санхүүжилтыг олгохоор заасан.
Гэрээнд зааснаар нийт санхүүжилт 22,000,000 төгрөгийн 80 хувь болох 17,600,000 төгрөгийг удаа дараа нэхүүлж, увуулж цувуулж мөнгө өгч төлж барагдуулсан боловч үлдсэн 20 хувь болох 4,400,000 төгрөгийг, уг барилгыг улсын комисс хүлээж аваагүй гэх шалтгаанаар одоог хүртэл хөлсийг минь өгөхгүй байна.
аймгийн сумын төв нь 2020 оны 11 дүгээр сараас уг сумын дулааны станцтай халаалтын гэрээ байгуулан халаалт дулаанаа одоог хүртэл авч байгаа болно.
2020 оны 01 дүгээр сард уг барилга ашиглалтанд орсон болохыг батлах Улсын Их Хурлын гишүүн , нар уг соёлын төвд иргэдтэй уулзалт ярилцлага хийж байгаа болон 2022 оны 03 дугаар сард нутгийн иргэд Мартын 8-ны баяраа уг соёлын төвд тэмдэглэн бүжиглэж байгаа бичлэг ТВ-ын нэвтрүүлэг болон лайв бичлэг цацагдсан нь уг барилгыг улсын комисс хүлээн авсныг нотлох баримт болно.
Хэрэв улсын комисс хүлээж аваагүй нөхцөлд уг соёлын төвд орон нутгийн хүрээнд олон нийтийн үйл ажиллагаа явулах боломжгүй юм.
ХХК-ийн захирал нь удаа дараа утсаар болон мессежээр мөнгөө нэхсэн дуудлага текст явуулахад огт хариу өгөхгүй, эсхүл хэл амаар доромжлох болон улсын комисс барилгыг хүлээж аваагүй гэх илт худлаа шалтаг заан одоог хүртэл ажлын хөлсний үлдэгдэл 4,400,000 төгрөгийг өгөхгүй байгаа болно.
ХХК нь гэрч ын компани бөгөөд түүнтэй байгуулсан гэрээний бланк дээрээ ХХК нь гэрээ байгуулсан. аймгийн сумын төвийн сангийн ажил хийх гэрээ нь Х.******* болон ХХК-ийн хооронд хийгдсэн гэрээ бөгөөд үүн дээр маргах зүйлгүй.
Иймд ХХК-иас ажлын хөлсний үлдэгдэл 4,400,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч ХХК-ийн төлөөлөгч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
Тус шүүхэд иргэн Х.*******ын ХХК-д холбогдох нэхэмжлэлтэй танилцаад дараах үндэслэлээр татгалзаж байна. Үүнд:
1. 2020.09.02-ны өдрийн Барилгын ажил гүйцэтгэх гэрээний 2 дугаар зүйлийн 2.5-д гэрээний үнийн 20 хувийг барилгыг улсын комисст хүлээлгэн өгсний дараа олгоно гэж заасан бөгөөд уг обьектыг нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлын доголдлын улмаас одоо хүртэл улсын комисс хүлээж аваагүй, санхүүжилтыг бүрэн авч чадахгүй байгаа болно.
2. Улсын комиссоос өгсөн шаардлагын 30 гаруй хувь нь зөвхөн нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн сантехник, салхивчийн ажилтай холбогдох шаардлага байгаа болно.
3. 2021.10.29-ний өдөр тухайн барилгыг хүлээж авах улсын комисс суманд ажиллах үед нэхэмжлэгч нь тус суманд байсан боловч ажлаа бүрэн дуусгахгүй, комисст гүйцэтгэсэн ажлаа хамгаалж, хүлээлгэж өгөхгүйгээр зугтаж алга болсон байдаг зэрэг үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна.
Манайх 2021.10 сард ажлыг хийж дуусгаад мөн сарын сүүлчээр аймгаас ажлаа хүлээж авахаар ирсэн ч сантехникийн ажил дутуу байсан. Тухайн үед Х.******* байсан боловч өөр ажил хийж байсан бөгөөд ажлаа хүлээлгэж өгөөгүй зугтаагаад явчихсан байсан. Үүнээс болоод бид хийсэн ажлаа хамгаалж хүлээлгэж өгч чадаагүй. Мөн ажлыг зургийн дагуу хийгээгүй, шугамнууд нь зурагт заасан хэмжээтэй биш, ажлын гүйцэтгэлийг холбох хэрэгсэлээр хийх ёстой ч матаж хийсэн байгаа нь цаашид хүндрэлтэй, үүнийгээ зас гэх сануулгыг аймгаас өгсөн. Ажилчдын өдөр тутмын ажлаа бичиж тэмдэглэдэг улаан дэвтрийг энэ хүмүүс аваад байхгүй болгочихсон зэрэг шалтгааны улмаас бид барилгыг хууль ёсны дагуу хүлээлгэж, санхүүжилтээ бүрэн авч чадахгүй хохирч байна.
аймгийн сумын төвийн сангийн ажил хийх гэрээ нь Х.******* болон ХХК-ийн хооронд хийгдсэн гэрээ бөгөөд үүн дээр маргах зүйлгүй.
Иймд Х.*******ын 4,400,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Хариуцагч ХХК-ийн төлөөлөгч нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд уг шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Талуудын хоорондох гэрээний 5 дугаар зүйлийн 5.3-т гүйцэтгэгч чанарын доголдол гаргасан тохиолдолд өөрийн зардлаар засна, үнийг нь ажлын хөлснөөс суутгаж тооцно гэж заасан. Эдгээр заалтын дагуу энэ барилга дээр гарсан доголдлыг комиссоос өгсөн үүрэг, даалгаврыг биелүүлэх, зургийн дагуу ажил хийх зардалыг мэргэшсэн төсөвчинөөр гаргуулахад 14,455,000 төгрөгийн зардал гарна гэх төсөв хийж өгсөн. Үүнээс нь би 9,500,000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна.
9,500,000 төгрөгөөр үүрэг даалгаварт дурдагдсан дутуу хийгдсэн радекторыг нэмж хийсэн гадна тракшин, узелийн цэвэрлэгээ, дулаалга, халаалтын доголдол зэргийг арилгасан.
Үүний дагуу Х.*******ын гэрээнээс дутуу хийсэн, доголдолтой болон зураг, төслийн дагуу гүйцэтгээгүй ажлуудыг захиалагч, улсын комиссоос өгсөн үүрэг даалгаварын дагуу хариуцагчаас гүйцэтгэсэн ажлын зардлууд болох 9,500,000 төгрөгийг 2020.09.02-ны өдөр нэхэмжлэгч хариуцагч нарын харилцан тохиролцож байгуулсан Барилгын ажил гүйцэтгэх гэрээний 4 дүгээр зүйлийн 4.6, 5 дугаар зүйлийн 5.3-д заасны дагуу нэхэмжлэгчээс гаргуулахаар шаардсан.
Иймд Х.*******аас 9,500,000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.
4. Нэхэмжлэгч Х.******* нь шүүхэд болон шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлийн талаар гаргасан хариу тайлбартаа:
Х.******* миний бие ХХК-тай 2020.09.02-ны өдөр Барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж гэрээний дагуу ажлаа гүйцэтгэж дуусгасан.
Бид гэрээгээр аймгийн суманд төвийн барилгын гадна дулааны шугам, ЦБУ, дотор халаалт, цэвэр бохир ус, салхивч агааржуулалтын ажлыг хийж гүйцэтгэх байсан. Энэ ажлыг хийж дуусгаад захиалагч тал болох ХХК-ийн гүйцэтгэх удирдлагыг дуудаж хүлээлгэн өгөх гэсэн боловч ирээгүй. 2020 оны 11 дүгээр сард ажлаа дуусгасан, өвлийн улирал эхлэн халаалтаа тавих шаардлагатай гэсэн тул тухайн сумын удирдах хүмүүс эрчим хүчний газрын дарга Адьяасүрэн гэх хүнд хэвийн доголдолгүй болохыг бүрэн гүйцэд шалгуулсан.
Хамгийн гол нь дулаанаар хангахын тулд эрчим хүчний гэрээ байгуулах учраас ХХК-нийн эрх бүхий ажилтан ирэх шаардлагатай байхад ирэхгүй байсан. Ер нь бидний гүйцэтгэсэн ажлыг хүлээн авахгүй байсан гол буруутан нь ХХК юм. Бид ажлаа хийж гүйцэтгэсэн цаг хугацаанаас хойш нэг ч удаа ажлын доголдлын тухай яриагүй, энэ талаар иргэн миний нэр дээр ч ямар нэгэн бичиг шийдвэр ХХК-иас мэдэгдээгүй, утсаар ч яриагүй, гэрээний 5.3-д заасан чанарын гологдол гарсан зүйл байхгүй. Одоо уг барилга 3 дахь жилдээ дулаанаа авч үйл ажиллагаагаа явуулж байгаа.
Гэрээний 4.6-д заасан зураг төслөөр уг барилгын сантехникийн бүх ажлууд хийгдсэн болно. Сантехник угсралтын бүх ажлуудын материал тоноглол бүх зүйлсийг ХХК худалдан авч өгч бид өгсөн материал тоноглолоор бүх ажлуудыг хийж гүйцэтгэн 2020 оны 11 дүгээр сарын сүүлчээр барилгад дулааныг нь тавьж хүлээлгэж өгсөн.
сумын төвийн барилгын сантехникийн талаар ирсэн комисс шалгаж, ажил дүгнэх дэвтэр буюу бидний ярьснаар улаан дэвтэрт гологдол дутагдлын талаар юм бичээгүй байдаг. Комисс хүлээн аваагүй байхад явцын шалгалт ирж хийгдэж, тэр хүмүүс биднийг ажиллаж байхад газар дээр нь ирж уулзаад үзэж хараад шалгасан. Тэгэхдээ сангийн ажлын стандартын дагуу халуун, хүйтэн усны таних тэмдэгт улаан, цэнхэр туузаар таних тэмдэг ялгаж лентээр боогоорой, өөр танай ажилд ярих зүйлгүй гэж хэлсэн, тэгэхэд нь би та энэ тухайгаа явцын шалгалтын тэмдэглэлд тусгаарай гэсэн. Тэгээд ХХК-ийн захирал Тулгад лент шаардлагатай гэж хэлсэн боловч явуулаагүй. Ер нь ХХК нь материалаа цаг хугацаандаа нийлүүлдэггүй, хамгийн муу материал нийлүүлэх, хугацаа алдаж нийлүүлэх гээд хамтран ажиллахад хүндрэлтэй байсан.
Гэрээний 5.3-д заасан чанарын гологдол гарсан зүйл байхгүй. Одоо уг барилга 3 дахь жилдээ дулаанаа авч үйл ажиллагаагаа явуулж байгаа. Энэхүү барилгын улаан дэвтэр, барилгын зураг нь ХХК-д байдаг.
Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 5.1, 5.4-д тус тус заасныг ХХК нь биелүүлээгүй, барилга дээр бие төлөөлөгч, инженерийг байлцуулаагүй болно.
Ажлын доголдлын талаар сөрөг нэхэмжлэлээс сонсч байна. Үлдэгдэл мөнгөө шилжүүлэхгүй байсан шалтгаан нь барилгыг улсын комисс хүлээж аваагүй, цаанаасаа мөнгөө аваагүй гэж тайлбарлаж байсан болохоос өөр ажлын доголдол гэдэг талаар ярьж байгаагүй. Гэтэл төвийг улсын комисс хүлээн аваад соёлын үйл ажиллагаа одоог хүртэл хэвийн явагдаж байна.
Тэгэхээр ХХК нь надаар тендерийн ажлыг дамлан гүйцэтгүүлчихээд, мөнгийг нь өгөхгүй худлаа хулхидаж сурсан хүмүүс юм байна гэж ойлгосон. Тухайн цаг хугацаанд нь хийж гүйцэтгэсэн ажлаа хүлээлгэж өгье гэхэд эднийх ирэхгүй, бид нутгаасаа хол, танихгүй газарт 14 хоног хоол ундгүй зутраад хэцүү байсан учраас арга буюу ажиллаж байгаа эсэх, ажиллах эсэхийг мэргэжлийн сумын хүмүүст үзүүлж хэвийн сайн гэдгийг мэдэлцээд эрх биш очиж ажлаа авахдаа дуудах биз гээд яваад өгсөн. Нэг ёсондоо ажлаа хүлээж авах акт үйлдэхгүй байсан нь ХХК-ийн буруутай үйлдэл юм.
Иймд ажлын доголдолд 9,500,000 төгрөг гаргуулах тухай ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
5.Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтууд болох:
5.1. Нэхэмжлэгчээс ирүүлсэн: Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Х.*******ын иргэний үнэмлэх, ХХК, Х.******* нарын хооронд 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдсан Барилгын ажил гүйцэтгэх гэрээ, сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбар /хх-ийн 1-6, 51-52/,
5.2.Хариуцагчаас ирүүлсэн: Хариуцагчийн хариу тайлбар, сумын 240 хүний суудалтай соёлын төвийн барилгад ажилласан талаар 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хурлын тэмдэглэл, сумын 240 хүний суудалтай соёлын төвийн барилгад ажилласан комиссоос өгсөн үүрэг даалгаврын жагсаалт, ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, ХХК-ийн дүрэм, хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Барилга байгууламж ХХК-ийн 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн албан бичиг, аймгийн сумын 250 хүний суудалтай соёлын төвийн барилгын халаалт, сантехникийн ажлыг зургийн дагуу болгож хийх ажлын төсөв /хх-ийн 22-25, 34, 35-36, 38-40, 58-64/,
5.3. Шүүхийн журмаар бүрдүүлсэн: аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 342 дугаартай албан бичиг, сумын 240 хүний суудалтай соёлын төвийн барилгад техникийн комисс ажилласан талаар 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хурлын тэмдэглэл, сумын 240 хүний суудалтай соёлын төвийн барилгад ажилласан комиссоос өгсөн үүрэг даалгаврын жагсаалт, барилгын дулаан, сантехникийн ажлын зургийн жагсаалт, Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит хувьцаат компанийн салбарын 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 1/тай албан бичиг, аас асууж авсан гэрчийн мэдүүлэг /хх-ийн 80-82, 83-126, 129/ зэрэг баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.******* нь хариуцагч ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 4,400,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гарганыг хариуцагч эс зөвшөөрч, доголдол арилгахад гаргасан зардалд 9,500,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гарган маргасан.
I.Үндсэн нэхэмжлэлийн тухайд :
1. Талууд 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, нэхэмжлэгч нь аймгийн суманд байрлах, төвийн барилгын гадна дулааны шугам, ЦБУ, дотор халаалт, цэвэр бохир ус , салхивч агааржуулалтын ажлыг тухайн барилгын зураг төсөл, барилгын норм дүрэм, стандартыг баримтлан чанарын өндөр түвшинд өөрийн багаж, хэрэгсэл, тоног төхөөрөмж, машин механизмаар барих ажил гүйцэтгэх,
хариуцагч нь ажлын эхлэхэд бэлэн болсны дараа гэрээний 10 хувьтай тэнцэх урьдчилгаа, гадна шугам сүлжээний ажлыг гүйцэтгэсний дараа 20 хувийн санхүүжилтийг, салхивч агааржуулалтын ажлыг гүйцэтгэсний дараа 20 хувийн санхүүжилтийг, гэрээнд тусгагдсан нийт ажлыг бүрэн гүйцэтгэн захиалагч ажлын гүйцэтгэлийг хүлээн авсны дараа 30 хувийн санхүүжилтийг, үлдэх 20 хувийг барилгыг улсын комисст хүлээлгэн өгсний дараа олгох,
гүйцэтгэгч нь дээрх ажлуудыг 22,000,000 төгрөгийн төсөвт өртгөөр, захиалагчийн нийлүүлсэн чанар, стандартын шаардлага хангасан материалаар хийж гүйцэтгэх,
ажил гүйцэтгэх хугацааг 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд байхаар тус тус тохиролцжээ. /хх-ийн 5-6/
1.2. Гэрээний талаар зохигч маргаагүй тул тэдний хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д:Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байна.
1.3. Зохигч талууд гэрээний хугацааг 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр байхаар тохиролцсон боловч уг ажлыг 2019.09.01-ний өдрөөс 2021.11.01-ний өдөр хүртэлх хугацаанд гүйцэтгэсэн талаар маргаагүй.
2. Нэхэмжлэгч нь гэрээгээр тохиролцсон ажлыг бүрэн гүйцэд, чанарын доголдолгүй хийж гүйцэтгэсэн, ажил хүлээлцээгүй нь хариуцагчийн үйл ажиллагаатай холбоотой учир хийж гүйцэтгэсэн ажлын хөлсний үлдэгдэл 4,400,000 төгрөгийг шаардсан нь үндэслэлтэй гэж тайлбарласан.
3. Хариуцагч нь гэрээгээр тохирсон ажлыг зургийн дагуу хийгээгүй, шугамыг зурагт заасан хэмжээнээс өөрөөр, холбох хэрэгслээр бус матаж хийсэн, улсын комиссын шаардлагын 30 хувь нь нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн сантехник, салхивчийн ажилтай холбоотой, үүнтэй холбоотой барилгыг улсын комисс хүлээн аваагүйгээс санхүүжилт аваагүй, гэрээгээр ажлын хөлсний үлдэх хэсгийг улсын комисс хүлээн авсны дараа олгохоор тохиролцсон тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан.
4. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2-т :Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна, 343.3-т:Ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ гэж зааснаас үзэхэд ажил гүйцэтгэгч нь ажлыг зохих ёсоор хийж гүйцэтгэсэн бол уг ажлыг захиалагчийн өмчлөлд шилжүүлэх, ийнхүү хийж гүйцэтгэсэн бол үүнийгээ нотлох үүрэг нь ажил гүйцэтгэгч буюу нэхэмжлэгчид байна.
4.1. Нэхэмжлэгч нь хэргийн 5-6 талд авагдсан барилгын ажил гүйцэтгэх гэрээг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгожээ.
4.2. Энэхүү гэрээ нь талуудын хийж гүйцэтгэх ажил, ажлын хөлс төлөх нөхцлийг тохиролцсон гэдгийг тодорхойлох ба уг гэрээгээр нэхэмжлэгчийн гэрээгээр тохиролцсон ажлыг тухайн барилгын зураг төсөл, барилгын норм дүрэм, стандартад нийцүүлэн хийж гүйцэтгэсэн, ийнхүү хийж гүйцэтгэсэн ажлыг захиалагчид буюу хариуцагчид хүлээлгэн өгсөн гэдгийг тодорхойлох боломжгүй байна.
5. Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.1-т:Талууд өөрөөр тохиролцоогүй бол ажлыг бүрэн гүйцэтгэж, ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үед хөлс төлнө, 346.2-т:Ажлыг тодорхой хэсгээр, үе шаттайгаар гүйцэтгэхээр тохиролцож, ажлын хөлсийг хэсэг тус бүрээр тогтоосон бол тухайн хэсгийн үр дүнг хүлээлгэн өгөх үед зохих хөлсийг төлнө гэж заасан.
5.1. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.5-т ажлыг тодорхой тодорхой хэсгээр, үе шаттайгаар гүйцэтгэхээр тохиролцож, ажлын хөлсийг хэсэг тус бүрээр тогтоосон, хийгдсэн ажлыг талууд ажлын гүйцэтгэлийг хүлээж авсан акт үйлдэж, гарын үсэг зурж баталгаажуулсны дараа зохих хөлсийг төлөхөөр тохиролцсон нь дээрх хуульд заасантай нийцжээ.
6. Хэргийн 80-126 талд аймаг, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас тус аймгийн сумын төвийн барилга угсралтын ажлыг улсын комисс хүлээн авах талаарх 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн техникийн комиссын хурлын тэмдэглэл, барилгын халаалт, сантехникийн ажлын зургийг ирүүлсэн. /хх-ийн 80-126/
6.1. Дээрх баримтад, уг соёлын төвийн барилга угсралтын ажлыг улсын комисс албан ёсоор хүлээн аваагүй, ийнхүү барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авах комисс ажиллаагүй тул акт гараагүй, техникийн комисс ажиллуулж үүрэг даалгавар өгсөн, энэхүү хуралд тухайн барилгын халаалт, салхивч сантехникийн барилгын ажлыг гүйцэтгэсэн инженер, төлөөлөгч оролцоогүй, ...халаалтын системийг зургийн дагуу хийх, холбох хэрэгсэл ашиглах, зурагт заасан хэмжээнд радиатор суурилуулах, шугамын диаметрийг зурагт заасан хэмжээнд нэмэгдүүлэх, системийн ажиллагааг жигдрүүлэх, зэрэг үүрэг даалгавар өгсөн боловч үүрэг даалгавар биелэгдээгүй, өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж барилгын халаалтын системийн үйл ажиллагааг жигдрүүлтэл ашиглагчийг тус барилгад оруулж үйл ажиллагааг явуулж байх шийдвэрийг орон нутгаас гаргаж ашиглуулж байгаа талаар дурджээ.
7. Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь гэрээгээр тохиролцсон ажлыг тогтоосон хугацаанд, зурагт тусгасны дагуу хийж гүйцэтгэсэн, ийнхүү хийж гүйцэтгэсний дагуу хариуцагчид хүлээлгэн өгсөн гэх байдал нь тогтоогдсонгүй.
7.1. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь гэрээгээр тохирсон ажлыг бүрэн гүйцэтгэсэн эсэх, ямар хэмжээгээр хийж гүйцэтгэсэн болох, ийнхүү бүрэн гүйцэд хийж гүйцэтгэсэн ажлыг хариуцагчид хүлээлгэн өгсөн гэх байдлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлсэнгүй гэж үзлээ.
8. Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагч ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 4,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Х.*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
II. Сөрөг нэхэмжлэлийн тухайд:
ХХК нь гэрээнээс учирсан хохиролд 9,500,000 төгрөгийг Х.*******аас гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, нэхэмжлэгч бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.
1. Талуудын хооронд 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдсан барилгын ажил гүйцэтгэх гэрээгээр Х.******* нь аймгийн суманд байрлах, төвийн барилгын гадна дулааны шугам, ЦБУ, дотор халаалт, цэвэр бохир ус , салхивч агааржуулалтын ажлыг тухайн барилгын зураг төсөл, барилгын норм дүрэм, стандартыг баримтлан чанарын өндөр түвшинд өөрийн багаж, хэрэгсэл, тоног төхөөрөмж, машин механизмаар барих ажил гүйцэтгэх, ХХК нь ажлыг хүлээн авч хөлс төлөхөөр тохиролцсон Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, энэ талаар зохигч маргаагүй.
2. ХХК нь барилгын техникийн комиссын үүрэг даалгаварт өгсөн радиатор суурилуулах, халаалтын доголдол арилгах, лотки цэвэрлэх, худагт шат, давхар таг хийх, 25-ын шугам байсныг 15-ын шугамаар хийснийг засах, үйлчилгээ хийх, шугам хоолойн эргэлт, маталтуудыг нарийсгах зэрэг ажлын зардалд 9,500,000 төгрөг зарцуулсныг Х.*******аас шаардсан гэжээ.
2.1. Тэрээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн мэргэшсэн төсөвчин Х.Батчимэгийн, 250 хүний суудалтай соёлын төвийн барилгын халаалт, сантехникийн ажлыг зургийн дагуу болгож хийх ажлын төсөв-ийг ирүүлсэн, уг төсвийн өртөг нь 14,701,261 төгрөг, үүнээс шууд зардал 9,500,000 төгрөгийг доголдол арилгахад зарцуулсан гэж тайлбарласан.
3. Х.******* нь гэрээнд заасны дагуу ажлыг хийж гүйцэтгэсэн, захиалагч өөрөө ажлаа хүлээж аваагүй, ажлын доголдлын талаар шаардлага гаргаж байгаагүй, учирсан хохирол нь захиалагчийн өөрийнх нь буруутай үйл ажиллагаатай холбоотой тул сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан.
4. Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1-т:Ажил гүйцэтгэгч гэрээний нөхцөлийг зөрчсөн буюу гүйцэтгэсэн ажилд ямар нэг доголдол байвал захиалагч энэ тухай гомдлын шаардлагыг хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил хүлээн авснаас хойш зургаан сарын дотор, хэвийн байдлаар хүлээн авах үед илрүүлэх боломжгүй дутагдлын тухай гомдлын шаардлагыг ажил хүлээн авснаас хойш нэг жилийн дотор гаргана. Барилга, байшингийн ийм дутагдлын талаар ажил хүлээн авснаас хойш гурван жилийн дотор гомдлын шаардлага гаргаж болно гэж заасан.
4.1. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4 буюу ажил гүйцэтгэгчийн эрх, үүрэг хэсгийн 4.6-т зураг төсөв, барилгын норм дүрэм зөрчиж хийсэн буюу захиалагчаас тавьсан шаардлагын дагуу гүйцэтгээгүйгээс үүссэн нэмэгдэл зардлыг хариуцна,
Гэрээний 5 буюу харилцан хүлээх үүрэг, хариуцлага хэсгийн 5.3-т гүйцэтгэгч чанарын доголдол гаргасан тохиолдолд өөрийн зардлаар буулгаж, дахин барих ба тухайн үед шаардагдах материалын үнийг захиалагч нь ажлын хөлснөөс суутгаж тооцно гэж тохиролцжээ./хх-ийн 6/
5. Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.1-т гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой бол ажил гүйцэтгэгчийн саналаар түүний зардлаар уг доголдлыг арилгуулах, эсхүл ажлыг шинээр гүйцэтгүүлэх, 352.2.2-т доголдлыг арилгуулахаар тогтоосон хугацаанд ажил гүйцэтгэгч ямар нэгэн арга хэмжээ аваагүй бол захиалагч уг доголдлыг арилгаж, түүнтэй холбогдсон зардлаа нөхөн төлүүлэх, 352.2.3-тдоголдлын улмаас ажлын үр дүнгийн үнэ нь буурсан хэмжээнд хувь тэнцүүлэн ажил гүйцэтгэгчид төлбөл зохих хөлсийг бууруулах гэж заасан.
5.1. Үүнээс үзэхэд нь ажлын доголдолтой холбогдуулан доголдлыг арилгах хугацаа тогтоож өгөх, уг ажлыг чанарын шаардлага хангасан байдлаар үнэ төлбөргүй хийж гүйцэтгүүлэх, хэрэв боломжгүй бол доголдолтой ажлын үнийн дүнг гүйцэтгэгчид төлөх ажлын хөлснөөс хасаж тооцох, эсхүл доголдлыг арилгахтай холбогдуулан гаргасан зардлаа нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй байна.
5.2. Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар талууд ажлын үр дүнг хүлээлцсэн талаарх баримт үйлдээгүй байх боловч захиалагч нь барилгын техникийн комиссын хурлаас өгсөн үүрэг даалгаварт дурдсан доголдлыг арилгахад 9,500,000 төгрөгийн зардал гаргасан болох нь тогтоогдсонгүй.
5.3. Тодруулбал, захиалагч нь хүлээж авсан ажлын үр дүнг доголдолтой байсныг нотлох үүрэг хүлээнэ.
6. ХХК нь 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлээ гаргасан байх ба тэрээр үүнээс өмнө гэрээгээр тохиролцсон ажлын доголдлын талаар Х.*******ад шаардлага гаргаж байсан эсэх, уг доголдлыг арилгах нэмэлт хугацаа тогтоож өгсөн эсэх, доголдлыг арилгуулахаар тогтоосон хугацаанд илэрсэн доголдлыг арилгасан эсэх, энэхүү доголдолтой холбоотой гомдлын шаардлага гаргаж байсан эсэхтэй холбоотой баримтыг ирүүлээгүй нь түүнийг гэрээнд заасны дагуу шаардах эрхээ хэрэгжүүлсэн эсэхтэй холбоотой баримтыг ирүүлээгүй болно. /хх-ийн 38-46/
6.1. Түүнээс гадна ХХК нь гэрээгээр тохиролцсон ажлыг хүлээн авснаас хойших хугацаанд ямар, ямар ажлын доголдлыг арилгасан болох, ийнхүү арилгахад 9,500,000 төгрөгийн зардал гаргасан байдалтай холбоотой, өөрөөр хэлбэл зардал гаргасан гэх баримтыг ирүүлээгүй нь түүнийг ажлын доголдол арилгахад дээрх хэмжээний зардал гаргасан гэдэг нь тогтоогдсонгүй.
7. Дээрх байдлаас дүгнэхэд, ХХК нь ажлын үр дүнг хүлээн авснаас хойш гомдлын шаардлагыг хууль буюу гэрээнд заасны дагуу ажил хүлээн авснаас хойш ажил гүйцэтгэгчид гаргасан эсэх, түүнчлэн ажлын доголдлыг арилгахад зардал гаргасан, үүний улмаас гаргасан зардлаа нэхэмжилсэн гэх байдлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлсэнгүй гэж үзлээ.
8. Иймд дээр дурдсан үндэслэлээр Х.*******ад холбогдох, гэрээнээс учирсан хохиролд 9,500,000 төгрөг гаргуулах тухай ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
9. Үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 85,350 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 166,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2-т заасныг тус тус баримтлан,
хариуцагч ХХК-иас 4,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Х.*******ын үндсэн нэхэмжлэлийг,
Х.*******аас гэрээнээс учирсан хохиролд 9,500,000 төгрөг гаргуулах тухай ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Х.*******аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 85,350 төгрөг, хариуцагч ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 166,950 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-т заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ