Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 178

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,

           шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Сайнзаяа,

           улсын яллагч Л.Цэндсүрэн,

            хохирогч М.Энхжин, түүний өмгөөлөгч Ж.Жавзандулам /ҮД:1-194/,

шүүгдэгч Э.Тэмүүлэн, түүний өмгөөлөгч С.Батболд /ҮД:0-899/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Хан-Уул дүүргийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хатиган овогт Энхзулын Тэмүүлэнд холбогдох эрүүгийн 201626031594 дугаартай хэргийг 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 1994 оны 4 дүгээр сарын 08-нд Дорнод аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, дээд боловсролтой, аялал жуулчлалын менежер мэргэжилтэй, “Войд” ХХК-д туслах ажилтан ажилтай, ам бүл 5, эмэг эх, эх, 2 дүү нарын хамт, Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 5 дугаар байрны 23 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Хатиган овогт Энхзулын Тэмүүлэн /РД:ЖЯ94040811/

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Э.Тэмүүлэн нь 2016 оны 10 дугаар сарын 11-ний шөнө 03:00 цагийн орчим Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Минт” баарны гадна согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтойгоор зөрчиж иргэн М.Барайшир, М.Энхжин нартай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар зодож М.Барайширийн биед хөнгөн зэргийн гэмтэл, иргэн М.Энхжингийн биед хүндэвтэр зэргийн гэмтлийг учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Э.Тэмүүлэн нь 2016 оны 10 дугаар сарын 11-ний шөнө 03:00 цагийн орчим Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Минт” баарны гадна согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн М.Барайшир, М.Энхжин нартай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар зодож М.Барайширийн биед хөнгөн хохирол, иргэн М.Энхжингийн биед хүндэвтэр хохирол тус тус учруулсан болох нь:

1. Шүүгдэгч Э.Тэмүүлэнгийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлсэн: ”...2016 оны 10 дугаар сарын 11-12-нд шилжих шөнө ажлынхан болон найзтайгаа явж байсан. Энэ хэрэг нь Минт баараны гадаа машины зогсоол дээр болсон. Би хамт явсан хүмүүстэйгээ машиныг нь бариад явж байсан. Тэгээд би Минт бааранд хүргэж өгчихөөд өөр хүнтэй уулзах байсан болохоор би буцаж ирж авна гээд буцаж ирээд ороод авах гэтэл Энх-Амгалангийн төрсөн өдөр байсан болохоор намайг “за яахав ганц татчих, дуудлагын жолооч дуудчихъя” гээд татуулсан байгаа. Тэгээд Минт баарнаас гараад согтсон байсан болохоор хоёрыг нь машиндаа суулгачихаад машиныхаа хажууд ахтайгаа юм яриад зогсож байсан. Гэтэл М.Барайшир гэх залуу намайг дуудлагын жолоочтой андуурч, намайг 10.000 төгрөгөөр жолоо барь, ямар овоо бацаан юм бэ гээд дайрсан. М.Барайшир гэх залуу маш их согтсон байсан. Үүнээс болж маргаан үүссэн. М.Барайшир над руу дайрсан болохоор нь Энхжин гэх залууг цаанаас ирэхэд би сандарсандаа Энхжинг нүдэн тус газарт нь хүчтэй түлхсэн. Тэгээд дахиад нэг найз нь гарч ирээд намайг барьсан. Энэ үед М.Барайшир намайг зөндөө зодсон, би тавиулж чадахгүй байсан, учир нь надаас том биетэй ах нар байсан. Би арай гэж тавиулахад над руу пивоны шил шидсэн. Тухайн пивоны шил манай машиныг онож, хажуу талын машиныг оносон. Гэтэл тэр машинаас нь хоёр залуу гарч ирсэн. Тэр залуустай М.Барайшир муудалцаад үлдсэн. Би машинаа холдуудсан...Энхжин тухайн маргааныг болиулах гэж ирсэн. Энхжин та нар явцгаа, одоо болцгоо гэж байсан. Гэтэл нөгөө залуу нь гарандаа пивоны шил барьж харагдаад над руу дайрсан. Би эхлээд болцгооё явцгаая гэхэд сүүлдээ намайг хэл амаар доромжилсон...Би дараа нь Цагдаа дээр дуудагдан гэж мэдээгүй. Би зодуулаад нүүр хавдсан байсан. Тухайн үед үзүүлнэ гэж бодоогүй...Би гарныхаа дотор хэсгээр хүчтэй түлхсэн...Би ийм зүйл хийсэндээ  маш их гэмшиж байна. Анх удаа хэрэгт холбогдож байна...Би Барайширийг цохиогүй. Гар хүрэх боломж ч байгаагүй...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

2. Хохирогч М.Энхжингийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлсэн: ”...2016 оны 10 дугаар сарын 11-12-нд шилжих шөнө энэ хэрэг болсон М.Барайшир, Мягаа, Сэлэнгэ бид 4 уулзаад 00:00 цаг өнгөрч байхад Минт бааранд очсон байгаа. Шөнийн 03:30 минутад Минт баар хаах гээд баарнаас гарсан. Тэгээд бид нарт таксины жолооч хэрэгтэй болоод жолооч хайсан. Ихэнх жолооч нар 20.000, 15.000 төгрөг гэсэн. М.Барайшир, Мягаа, Сэлэнгэ гурав цаашаа яваад би нэг жолоочтой ярьж тохирох гээд үлдсэн. Тэгээд нэг жолоочтой уулзаж 10.000 төгрөгөөр явахаар тохиролцчихоод очсон чинь М.Барайшир хэдэн нөхдүүдтэй маргалдсан зогсож байсан. Би юунаас маргалдсаныг мэдээгүй. М.Барайшираас очиж түлхүүр авчихаад жолоочид түлхүүрээ өгөөд очиход хоёр талын маргалдаан нилээд хурцадсан байсан. Э.Тэмүүлэн М.Барайширтай маргалдсан, заамдсан байдалтай байсан. Тэгээд би очоод боль оо, маргалдаад яах юм бэ, явцгаая гэж хэлэхэд намайг нүдэн тус газар цохьсон байгаа. Би цохиулаад газар унаад босоход миний нүд юм харахгүй байсан. Маш их цус гарч байсан. Нүд юм харахгүй учраас би маш их айсан. Цохьсон хүнээ барихын тулд сууж явсан машины дугаарыг нь цээжилж авсан байгаа. Тэгээд машин руугаа явсан. Тэгээд Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэс дээр очиход яаралтай гэмтлийн эмнэлэг явах шаардлагатай гэсэн. Тэгээд гэмтлийн эмнэлэг явсан. Тэмүүлэнг ямар нэгэн байдлаар заамдсан, зодсон асуудал байхгүй. Би наана нь очоод за больцгооё, явцгаая гэхэд миний нүд рүү цохьсон байгаа. Миний нүд ийм болсонд маш их гомдолтой байгаа. Цаашид ажил хийхэд хэцүү болсон. Нүдээ бүрэн эмчлүүлэхэд гарах зардлыг олгож өгнө үү...Би хэдэн хүнтэй маргалдаж байхыг нь хараагүй. Хэсэг бүлэг залуустай та нар яах гээд байгаа юм гэх мэтээр орилж байсан...Би юунаас болж маргасныг мэдэхгүй байна. Би жолоочтой үнэ тохироод зогсож байсан. Намайг М.Барайшираас түлхүүр авахад маргаан эхэлсэн байсан...Тэр үед Тэмүүлэнг би харсан. Ганцхан хүн үсээ хажуу тийш болгосон, хар куртиктэй хүн байсан. Тэмүүлэнгийн суусан машины дугаарыг тогтоож хэрвээ энэ  машиныг олвол намайг цохьсон хүнийг олж чадна гэсэн бодлоор машины дугаарыг нь цээжилсэн...Миний нүдний хараа -2 байсан. Одоо миний баруун нүд юм харахгүй, эмчийн хэлснээр 1 хувьтай харж байна гэсэн...Би баримтаар 1.572.700 төгрөг нэхэмжилсэн. Тэмүүлэн төлж барагдуулсан. Цаашид гадаадад нүдээ эмчлүүлэх хүсэлттэй байгаа...Би компьютер дээр сууснаас болж холын хараа бага зэрэг муу. Ойрын хараа зүгээр байсан. Гадны гэмтлийн улмаас нүдний хараандаа гэмтэл учруулсан байгаа. 1.572.700 төгрөг нь унаа, хоол, эмчилгээ, мэс заслын төлбөр, 1 сарын цалин болон эмнэлэгт үзүүлсэн зардалд зарцуулсан байгаа. Цаашид Солонгос улс руу эмчилгээ хийлгэх, цаашдаа зардал их гарах байгаа. Солонгосын нэгдсэн эмнэлэг рүү 3 дугаар эмнэлгээс авсан өвчний түүхээ явуулсан. Солонгосын эмнэлгээс гадны нөлөөгөөс гэмтсэн эвэрлэгийг солихоос нааш хараа бүрэн эдгэх боломжгүй, эхний ээлжинд манай эмнэлэг дээр ирж шинжилгээ хийлгэ гэсэн факс ирсэн...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

            3. Хохирогч М.Барайширийн мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: ”...2016 оны 11 дүгээр сарын 12-ны шөнө 01 цагийн орчим найз нар болох Энхжин, Мягмарсүрэн, Сэлэнгээ нартай Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Хүүхдийн 100 дугаар дэлгүүрийн орчим уулзсан юм. Тэгээд бид нар хамт бааранд орохоор болоод ZU нэртэй газар орох гэж байсан чинь хүлээн авалттай учраас гадны хүн оруулахгүй гэсэн. Тийм учраас бид нар Минт бааранд орохоор ярилцаад би өөрийн 39-57 УНМ улсын дугаартай хар өнгөтэй Ланд Круйзер 200 маркийн машинаар Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Минт баарлуу явсан. Тухайн үед Минт бааранд Энхжин, Мягмарсүрэн, Сэлэнгэ бид дөрөв 01 цаг 30 минутын орчим орсон байгаа. Бааранд ороод эхлээд 0,75 литрийн нэг шил виски ундаа ус захиалаад уусан. Тэгээд баарнаас сүүлийн захиалга авна гэхээр нь дахиад нэг шил 0,75 литрийн виски ус ундаа авсан. Сүүлд авсан вискийг талд нь хүртэл уугаад жаахан бүжиглэж байгаад 03 цаг өнгөрч байхад баарнаас гарсан. Гараад дуудлагын жолооч хайсан. Энэ үед манай найз Мягмарсүрэн машин барих жолооч олчихлоо машин дээрээ хүрээд ир гэж дуудсан. Тэгээд надад машины түлхүүр байсан учраас араас нь очиж явсан. Ингээд машинруу явж байх замдаа мөсөн дээр хальтраад зогсоол дээр зогсож байсан машины толин дээр гараараа дараад цааш нь хаагдсан юм. Тэгсэн чинь ноосон малгайгаа дээш нь шуусан 30-40 орчим насны залуу гарч ирээд яаж байгаа юм бэ гээд надруу уурлаад байсан. Тэгэхээр нь юун сүртэй юм бэ согтуу хүн хальтирч унах гээд түшээд босч байгаа биздээ гээд өөдөөс нь жаахан хашгираад хэлсэн. Энэ үед нөгөө залуу машинаас бууж ирээд та нар ер нь хэдүүлээ явж байгаа юм бэ манай дүү нарыг амжихгүй шүү гэж хэлсэн чинь машины ар талаас нь хоёр залуу гараад ирсэн. Ингээд тэр залуутай хэрэлдэж байх үед найз Энхжин ирж машины түлхүүр надаас авсан. Энхжин түлхүүр аваад явсан чинь сүүлд гарч ирсэн хоёр залуу надруу дайраад хүрээд ирсэн. Тэгээд нэг залуу нь намайг бариад авсан чинь нөгөө залуу нь заамдаад авсан. Тэгээд яаж байгаа юм бэ гэсэн чинь надтай зууралдаж байх хооронд намайг үсээ хажуу тийш нь самнасан хар өнгийн куртиктэй сүүлд гарч ирсэн залуу миний хамар орчим цохиод авсан. Тэгээд хойшоо болоод зайгаа авах гэсэн чинь нөгөө хоёр залуу намайг тавихгүй байхаар нь гадуур куртикээ тайлаад тэд нараас зайгаа авсан. Ингээд хойшоо зайгаа авахдаа машиных нь копутан дээр нь өнхөрсөн чинь Энхжин түлхүүр өгчихөөд буцаад хүрч ирээд боль гээд надтай зууралдаж байсан хоёр залуутай очиж уулзаад одоо бүгдээрээ салъя гээд байж байхад намайг цохьсон залуу ирээд хажуу талаас нь цохьсон байгаа. Энэ үед Энхжин нүдээ таглаад машин руу гүйгээд орсон. Тэгээд найз Мягмарсүрэн машинаас бууж ирээд нөгөө 3 залуугийн дундуур нь салгах гэж орсон. Тэгсэн чинь машин дотор сууж байсан бүдүүн залуу бууж ирээд машин цохьчихлоо гээд жолоо барьж байсан залуу нь шууд дайраад ирсэн чинь нөгөө хоёр залуу надруу дайраад байхаар нь хойшоо зугтааж байгаад хальтраад унасан. Тэгээд цаанаас хоёр залуу ирээд газар унасан байхад нийлээд цохиод байсан. Энэ үед найз Мягмарсүрэн орж ирээд намайг босгож авсан байгаа. Энэ үед найз Энхжин машинаас бууж ирээд миний нүд юм харахаа больчихлоо гээд тэрүүгээр хашгирсан чинь тэр залуучууд бүгдээрээ зугтаад яваад өгсөн. Тэгээд бид нар цагдаа дээр ирээд шууд гэмтлийн эмнэлэг орсон байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-22, 23-24/

            4. Хохирогч М.Энхжингийн мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: ”...2016 оны 11 дүгээр сарын 12-ны шөнө 01 цагийн орчим найз нар болох Барайшир, Мягмарсүрэн, Сэлэнгэ нартай Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Хүүхдийн 100 дугаар дэлгүүрийн орчим уулзсан юм. Тэгээд бид нар хамт бааранд орохоор болоод ZU нэртэй газар орох гэж байсан чинь хүлээн авалттай учраас гадны хүн оруулахгүй гэсэн. Ингээд бид нар Минт бааранд орохоор ярилцаад найз Барайширийн 39-57 УНМ улсын дугаартай Ланд Круйзер 200 маркийн машинаар Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Минт баарлуу явсан. Минт бааранд Барайшир, Мягмарсүрэн, Сэлэнгэ бид дөрөв 01 цаг 30 минутын орчим орсон байгаа. Бааранд ороод эхлээд 0.75 литрийн нэг шил виски, ундаа, ус захиалаад уусан. Ингээд авсан виски архийг бид 4 хувааж уугаад дуусгасан. Тэгээд юм яриад сууж байгаад дахиад нэг шил виски архи захиалаад авсан. Сүүлд авсан вискинээс би нэг их уугаагүй ууж байсан архиа ундааны лаазанд буцааж хийгээд бага уусан. Тэгээд бид нар юм яриад сууж байгаад баар хаах цаг нь болоод 03 цаг 30 минутын орчим баарнаас гарсан байгаа. Минтээс гараад би найз Барайширийн машиныг бариулах жолооч олох гээд хүмүүстэй яриад зогсож байхад Барайшир цаашаа машинруу явж байсан. Машин руу явж байхад Барайширийг харсан чинь өөр хүний машин налсан зогсож байх шиг байсан. Би жолоочтой 10.000 төгрөгөөр явахаар тохироод машины түлхүүрийг нь авах гээд очиход нэг машинтай залуучуудтай маргалдсан зогсож байсан. Би жолоочийн хамт машин дээр очоод машин асаагаад эргээд найз Барайшир дээр яваад очсон чинь 3-4-үүлээ дайраад нэг залуу нь цохиж байгаа харагдсан. Ингээд би найз Барайширийг өөрлүүгээ татаад тухайн залуучуудаас салгаж аваад одоо больцгоо гээд зогсож байхад нэг залуу хажуу талаас цохиод авсан. Тэгээд нүдээ дарсан чинь миний нүднээс цус гараад байсан ба энэ үед нүдээ нээгээд харсан чинь баруун талын нүд харанхуй оргиод харахгүй байсан. Яг цохиулсны дараа нүдээ бариад доошоо тонгойж байсан чинь хажууд саарал өнгийн малгайтай цамц өмссөн залуу миний хажууд зогсоод зуурчихсан зогсож байхаар нь танай найзууд намайг цохьчихлоо гэж хэлсэн чинь намайг тоож юм ярихгүй байхаар нь машинруу яваад суусан байгаа. Тухайн үед би нүдээ цохиулчихаад 41-14 УБГ улсын дугаартай Волксваген Тоуарег маркийн машины дугаарыг нь цээжилсэн. Машинд сууж байхад найз Мягмарсүрэн, Барайшир хоёр дуудлагын жолоочийн хамт ирээд шууд цагдаа дээр ирсэн байгаа. Цагдаа дээр ирэхэд гэмтлийн эмнэлэгт эхлээд очиж үзүүл гэхээр нь шууд гэмтлийн эмнэлэг орж үзүүлсэн чинь нэгдүгээр эмнэлэг дээр яаралтай очиж үзүүлээд толгойн томограф хийлгэ гэсэн. Үүний дагуу бид нар нэгдүгээр эмнэлэг дээр очиход харъяалалын бус гээд үзээгүй учраас Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 3 дугаар эмнэлэгт очиж үзүүлсэн. Уг эмнэлэгт үзүүлэхэд яаралтай хагалгаанд орох шаардлагатай гээд хагалгаанд оруулсан байгаа. Тэгээд хагалгаанд орсоны дараа 4 хоног эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-30, 31-32, 33-34, 35/

            5. Гэрч Б.Мягмарсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: ”...Минт бааранд Барайшир, Энхжин, Сэлэнгэ бид дөрөв 01 цаг 30 минутын орчим орсон байгаа. Бааранд ороод эхлээд 0,75 литрийн нэг шил виски, ундаа, ус захиалаад уусан. Бид нар бааранд байхдаа дахиж нэг шил виски авсан боловч дуусгаж чадаагүй. Бид нар бааран дотор байхдаа ямар нэгэн хүнтэй маргалдаж муудаагүй байгаа. Тэгээд баарнаас гараад найз Барайширийн машиныг барих жолооч авсан. Тухайн үед Энхжин жолооч аваад би эхнэр Сэлэнгээг суулгаад өөрөө суух гэж байхад найз Барайширийг нэг залуу нүүр орчим цохиж байсан. Тэгээд би очоод найз Барайширийг салгаад байж байхад ард найз Энхжинг нэг залуу цохьсон байсан. Би найз Энхжинг цохьсон залууг бол харж чадаагүй. Тухайн үед 4-5 залуучууд байсан бөгөөд би тэд нарыг салгах гэж оролдож байсан. Энэ үед найз Энхжин миний нүднээс цус гараад байна гэж хэлээд зогсож байхад нэг залуу нь найз Энхжинг явуулахгүй зогсоод байсан. Тэнд байсан нэг залуу та нар манай дүү нарт алуулна шүү гээд дайраад байсан. Тухайн маргаан зодоон болж байхад нэг залуу нь бид нарлуу дайраад байсан. Нэг залуу нь онцгойроод дайраад цохиод байсан. Би найз Барайширийг салгах гэж байхад нэг залуу нь намайг цохьсон байсан. Тухайн үед миний биед гэмтэл учраагүй шүүх эмнэлэгт үзүүлж өргөдөл өгөөгүй байгаа. Ингээд найз Барайширийг салгаад байж байхад эхнэр Сэлэнгээ машинаас бууж ирээд Энхжингийн нүд нь юм харахгүй байна та нар болиочээ эмнэлэг явъя гэхээр нь сандраад найз Барайширийг машинд суулгаад эмнэлэг орохоос өмнө цагдаа дээр ирсэн байгаа. Ингээд машин дотор явж байхдаа Энхжин 41-14 УБГ улсын дугаартай машинтай хүн миний нүдрүү цохьсон гээд машины дугаарыг нь сайн мэдэж байсан. Ингээд цагдаа дээр ирж хэлээд гэмтлийн эмнэлэг явсан байгаа. Гэмтлийн эмнэлэг ороод бид хоёрыг Сансарт байх гэрт хүргэж өгөөд Барайшир, Энхжин жолооч нар яваад өгсөн байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36-38/

            6. Гэрч Б.Мөнхбатын мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: ”...Минт бааранд шөнө 00 цаг өнгөрч байхад орсон. Тухайн үед Тэмүүлэн гадуур хүнтэй уулзаад ирье гэж хэлээд миний машиныг аваад явсан байгаа. Бид 4 ороод бааранд...литрийн нэг шил виски, ундаа пиво авсан байгаа. Авсан вискигээ уугаад гарах гэж байхад Тэмүүлэн ирсэн юм. Ирээд ахын дүү машинаа дуудлагын жолоочоор бариулчих гэж хэлээд авсан вискинээс нэг татуулаад явахаар гараад гадаа тамхи татаад дуудлагын жолооч дуудаад машин дортоо суугаад байж байсан. Энэ үед дүү Тэмүүлэн гадаа тамхи татаад машины хажууд надтай юм яриад зогсож байсан чинь 10 орчим метрийн зайтай байсан хар өнгийн Ланд Круйзер 200 маркийн автомашин руу чиглээд нэг том биетэй залуу орилоод машинруугаа алхаад явж байсан. Тухайн үед машинруугаа явж байх замдаа бохь чихэр зарж байгаа болон дуудлагын жолооч нарыг цохих гээд агсам тавиад явж байгаад Тэмүүлэнг ахын дүү наашаа хүрээд ир гэсэн чинь Тэмка яваад очсон чинь “чи дуудлагын жолооч уу” гэж асуухад бишээ ахаа гээд буцаад машинруу алхасан чинь араас нь хөөе чи яасан том бацаан бэ нааш ир гэсэн чинь жаахан айсан маягтай хүрээд ирсэн чинь өөдөөс нь нөгөө залуу томроод яасан овоо хулгайч вэ гээд хүрээд ирэхэд хамт явсан нэг залуу нь явъя гээд байсан. Ингээд тэр Тэмүүлэн та гай болов оо хол байгаарай гэж хэлсэн. Тэгсэн чинь нөгөө залуу нь уурлаад Тэмүүлэн руу дайрсан. Тэгээд нөгөө бүдүүн залуу нь Тэмүүлэнг цохих гээд дайрсан чинь хамт явсан нэг залуу нь бүдүүн залуугаа бариад авсан чинь өөр нэг нүдний шилтэй залуу гүйж ирээд Тэмүүлэнг заамдаад авсан. Тэгээд байж байх хооронд заамдуулсан байсан Тэмүүлэнг барьж нөгөө бүдүүн залуу ирээд хэд хэд цохьсон чинь Тэмка нөгөө заамдуулсан байсан залуугаа цааш нь түлхэж байгаа харагдсан. Ингээд нэг харсан чинь түлхүүлсэн залуу газар уначихсан байдалтай байсан. Энэ үед Тэмүүлэн нөгөө цохьсон залууруу уурандаа дайрсан чинь хамт явсан нэг залуу нь нийлээд дайрах гээд байсан. Тэгээд болохоо болихоор нь Мөнх-Эрдэнэ, Цэнгүүн бид 3 буугаад нэг нь очоод Тэмүүлэнг салгаж аваад одоо больцгоо гэж хэлсэн. Тэгээд хамт явсан охидууд нь машинаасаа буугаад салгасан. Ингээд байж байхад нэг охин хашгирч хамт явсан том биетэй залуу руу дайраад болиоч гэж хэлсэн байгаа. Тэгсэн чинь том биетэй залуу нөгөө охиныг нь мангасдаад унагасан чинь Тэмүүлэн барьж авсан. Тэгээд Тэмүүлэн чи эмэгтэй хүнд гар хүрээд ямар арчаагүй залуу бэ гэж хэлсэн чинь дахиж дайрахаар нь нөгөө хамт явсан найз нь явуулахгүй бариад байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 41-43/

            7. Гэрч А.Сэлэнгийн мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: ”...2016 оны 11 дүгээр сарын 12-ны шөнийн 01 цагийн орчим найз нар болох Барайшир, Энхжин, Мягмарсүрэн нартай Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Хүүхдийн 100 дугаар дэлгүүрийн орчим уулзсан юм. Тэгээд бид нар хамт бааранд орохоор болоод ZU нэртэй газар орох гэж байсан чинь хүлээн авалттай учраас гадны хүн оруулахгүй гэсэн. Ингээд бид нар Минт бааранд орохоор ярилцаад найз Барайширийн 39-57 УНМ улсын дугаартай Ланд Круйзер 200 маркийн машинаар Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Минт баарлуу явсан. Минт бааранд Барайшир, Энхжин, нөхөр Мягмарсүрэн бид дөрөв 01 цаг 30 минутын орчим орсон байгаа. Бааранд ороод эхлээд 0,75 литрийн нэг шил виски ундаа ус захиалаад уусан. Би тухайн үед авсан 2 шил вискинээс нь нэг их уугаагүй амсах төдий байсан. Ингээд байж байгаад баар хаах цаг болоод 03 цаг өнгөрч байхад баарнаас гарсан. Гараад бид нар жолооч авах гэж байсан чинь 15.000 төгрөгөөр явна гэхээр нь өөр жолооч авахаар боллоо би нөхөр Мягмарсүрэнгийн хамт машин руу яваад найз Энхжин яриад үлдсэн. Тэгээд машин дээр очоод байж байхад Энхжин жолоочтой тохироод араас ирээд машин асаагаад би машин дотор суусан. Ингээд намайг машин дотор сууж байхад Энхжин нүдээ цохиулсан орж ирээд ар талын сандал дээр суусан. Би тухайн үед урд талд нь сууж байсан юм. Ингээд Барайшир болон өөр залуучуудыг салгах гээд байж байхад нэг нь намайг хойшоо гээд түлхсэн чинь би газар унаад байж байхад манай нөхөр Мягмарсүрэн ирээд намайг аваад машинд суулгасан. Ингээд Энхжин юм харахгүй байна гэхээр нь тэр хоёрыг дуудаад бид нар бөөндөө цагдаа дээр ирсэн. Цагдаа дээр ирээд гэмтлийн эмнэлэг яв гэсэн учраас шууд явсан байгаа. Гэмтэл дээр очоод би жолоочтой үлдээд тэр 3 дотогшоо ороод хүлээж байх хооронд машинд унтсан байсан. Нэг мэдсэн чинь гэрийн гадаа ирсэн байхаар нь Мягмарсүрэнгийн хамт гэртээ орсон байгаа. Мөн машин дотор сууж байхад өндөр шар царайтай залуу ирээд Барайширийн машиныг нь өшиглөөд байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 44-45/

            8. Гэрч П.Мөнх-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: ”...Бааранд Мөнхбат, Цэнгүүн, Энх-Амгалан бид 4 орсон байгаа. Тухайн бааранд ороод нэг шил виски хоол ус ундаа жимс аваад авсан вискигээ уусан байгаа. Тэгээд баарнаас гараад дуудлагын жолооч хүлээгээд машиндаа сууж байсан юм. Энэ үед хүмүүс хоорондоо маргалдаад чимээ шуугиан гараад байсан. Тэгээд дахиад орилоод байхаар нь машинаас буусан чинь Тэмүүлэн нэг согтуу залуутай заамдалдчихсан Мөнхбат очоод салгаж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 46-47/

            9. Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /15578/-ний дүгнэлт:

                        -М.Барайширийн биед хамрын ясны хугарал таславчийн мурийлт, хамрын нурууны зулгаралт, зүүн гарын 1-р хурууны өнгөц шарх гэмтэл тогтоогдлоо.

                        -Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

                        -Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

                        -Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 54/ 

            10. Материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /413/-ний дүгнэлт:

                        -ШШҮХ-ийн ШЭШГ-ын шинжээч эмч 2016.11.17-ны өдөр гаргасан №15579 тоот дүгнэлт болон 2017.01.25-ны өдөр шинжээч эмч С.Одончимэгийн гаргасан №155 тоот дүгнэлтүүд үндэслэлгүй байна. 2017.01.20-ны өдөр шинжээч эмч Ч.Эрдэмболор, О.Болороо нарын гаргасан №155 тоот дүгнэлт үндэслэлтэй байна.

                        -М.Энхжингийн баруун нүдний эвэрлэг бүрхүүл нэвтэрсэн шарх гэмтлийн улмаас эвэрлэг бүрхүүл сорвижиж, баруун нүдний харааны бууралт 0,03 болсон байна.

                        -Дээрх гэмтэл мохоо болон ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

                        -Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

                        -Баруун нүдний эвэрлэг бүрхүүл болон болорыг солих мэс заслаар нүдний хараа сэргэх боломжтой тул ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд хэрхэн нөлөөлөх нь эмчилгээний үр дүнгээс хамаарна. /хх-ийн 71-73/ 

            11. Таньж олуулах ажиллагаа хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд “...гэрч Б.Мягмарсүрэнд 1-5 хүртэл харж байгаад 1 дугаарт байх Энхзул овогтой Тэмүүлэнгийн зургыг заагаад энэ хүн найз М.Энхжинг цохьсон байгаа. Энэ залуу бол тухайн үед ганцаараа дайраад байсан залуу мөн байна...М.Барайшир: 1-5 хүртэл дугаарласан зургуудыг харж байгаад 3 дугаарт байрласан байсан хүнийг /Э.Тэмүүлэнг/ зааж энэ хүн эхлээд миний хамарлуу цохиод дараа нь салгах гээд ирсэн манай найз М.Энхжинг цохиж гэмтэл учруулсан залуу мөн байна гэж шууд заасан болно...хохирогч М.Энхжин нь 1-5 хүртэл харж байгаад 5 дугаарт /Э.Тэмүүлэн/ байх хүний зургыг заагаад энэ хүн миний нүүрлүү нэг удаа цохьсон...найз Барайширийг 5 дугаар байгаа залуу цохьсон гэдгийг нь санаж байна. Барайширийн хувьд 5 дугаарт тэмдэглэсэн байгаа залуутай анхнаасаа маргалдаад байсан...” /хх-ийн 99-108/    

            12. Яллагдагч Э.Тэмүүлэнгийн мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “...Миний хувьд Энхжин гэж залуугаас биеэ татаж авахын тулд түлхэсэн байгаа. Тэрнээс биш цохиж санаатай гэмтэл учруулсан асуудал байхгүй. Би Барайшир гэж залуугийн биед...гэмтэл учруулаагүй...Намайг Барайшир гээд өндөр том биетэй залуу нь надруу дайрах үед Энхжин гээд залуу миний биенээс зуурчихаад тавихгүй байсан юм. Ингээд би өөрийгөө Барайшир гэж залуугаас хамгаалахын тулд Энхжин гээд залууг өөрөөсөө холдуулж түлхэсэн байгаа. Тэрнээс биш цохьсон зодсон асуудал байхгүй. Барайшир гэж залууг би цохих ямар ч боломж байгаагүй. Харин эсрэгээрээ Барайшир гээд өндөр том биетэй залуу намайг цохиод байсан. Энхжин, Барайшир гээд хоёр залуугийн хувьд их хэмжээний согтолттой тэр хавиар байсан хүмүүсрүү дайраад зодох гээд байсан байгаа...Би Энхжин гээд залууг нүдний шилтэй байгааг нь анзаарч хараагүй. Учир нь Барайшир гээд залуу нь гартаа пивоны шил барьчихаад цохих гээд дайраад байсан юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 94-96/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

            Шүүгдэгч Э.Тэмүүлэн нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 132/-аар тогтоогдлоо.

Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№15578/-ний дүгнэлт, материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№413/-ний дүгнэлт зэргийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

Харин 2015 оны Эрүүгийн хуулиар “танхайрах” гэмт хэргийг гэмт хэрэгт тооцохгүй болсон, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулах ялыг хөнгөрүүлсэн буюу эрх зүйн байдлыг дээрдүүлсэн байх тул Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх үндэслэлтэй байна.

Тиймээс прокуророос шүүгдэгч Э.Тэмүүлэнд холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчлэх нь зүйтэй.

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Тэмүүлэн нь “...Би Барайширийг цохиогүй. Гар хүрэх боломж ч байгаагүй...” гэж маргасан нь:

            хохирогч М.Барайширийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  ”...Тэгээд яаж байгаа юм бэ гэсэн чинь надтай зууралдаж байх хооронд намайг үсээ хажуу тийш нь самнасан хар өнгийн куртиктэй сүүлд гарч ирсэн залуу миний хамар орчим цохиод авсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-22, 23-24/,

            хохирогч М.Энхжингийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ”...Би жолоочийн хамт машин дээр очоод машин асаагаад эргээд найз Барайшир дээр яваад очсон чинь 3-4-үүлээ дайраад нэг залуу нь цохиж байгаа харагдсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-30, 31-32, 33-34, 35/,

            гэрч Б.Мягмарсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ”...Тухайн үед Энхжин жолооч аваад би эхнэр Сэлэнгээг суулгаад өөрөө суух гэж байхад найз Барайширийг нэг залуу нүүр орчим цохиж байсан...Тухайн маргаан зодоон болж байхад нэг залуу нь бид нарлуу дайраад байсан. Нэг залуу нь онцгойроод дайраад цохиод байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36-38/,

             хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№15578/-ний “...М.Барайширийн биед хамрын ясны хугарал таславчийн мурийлт, хамрын нурууны зулгаралт, зүүн гарын 1-р хурууны өнгөц шарх гэмтэл тогтоогдлоо...” гэсэн дүгнэлт /хх-ийн 54/,

таньж олуулах ажиллагаа хийсэн тухай “...М.Барайшир: 1-5 хүртэл дугаарласан зургуудыг харж байгаад 3 дугаарт байрласан байсан хүнийг /Э.Тэмүүлэнг/ зааж энэ хүн эхлээд миний хамарлуу цохиод дараа нь салгах гээд ирсэн манай найз М.Энхжинг цохиж гэмтэл учруулсан залуу мөн байна гэж шууд заасан болно...хохирогч М.Энхжин нь 1-5 хүртэл харж байгаад 5 дугаарт /Э.Тэмүүлэн/ байх хүний зургыг заагаад энэ хүн...найз Барайширийг 5 дугаар байгаа залуу цохьсон гэдгийг нь санаж байна. Барайширийн хувьд 5 дугаарт тэмдэглэсэн байгаа залуутай анхнаасаа маргалдаад байсан...” гэсэн тэмдэглэл /хх-ийн 99-108/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай няцаагдаж байна гэж шүүх үзлээ.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Э.Тэмүүлэн нь 2016 оны 10 дугаар сарын 11-ний шөнө 03:00 цагийн орчим Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Минт” баарны гадна согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн М.Барайширтай “...дуудлагын жолоочтой андуурч, 10.000 төгрөгөөр жолоо барь, ямар овоо бацаан юм бэ...” гэхэд нь нүүрэн тус газарт нь цохиж М.Барайширийн биед “...хамрын ясны хугарал таславчийн мурийлт, хамрын нурууны зулгаралт, зүүн гарын 1-р хурууны өнгөц шарх...” гэмтэл бүхий хөнгөн хохирол, иргэн М.Энхжинтэй шүүгдэгчийг М.Барайширтай маргалдсан, заамдсан байдалтай байхад нь салгахаар очоод  “...боль оо, маргалдаад яах юм бэ, явцгаая...” гэхэд нь  нүүрэн тус газарт нь цохиж М.Энхжингийн биед “...баруун нүдний эвэрлэг бүрхүүл нэвтэрсэн шарх гэмтлийн улмаас эвэрлэг бүрхүүл сорвижиж, баруун нүдний харааны бууралт 0,03 болсон...” гэмтэл бүхий хүндэвтэр хохирол тус тус учруулсныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.

            Иймд шүүгдэгч Э.Тэмүүлэнг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

Шүүхээс ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хохирогч М.Энхжинд 1.572.700 төгрөг төлсөн, түүний хувийн байдал /...22 настай, дээд боловсролтой, аялал жуулчлалын менежер мэргэжилтэй, “Войд” ХХК-д туслах ажилтан ажилтай.../, хохирогч М.Энхжин нь шүүхийн хэлэлцүүлэгт “...Миний нүд ийм болсонд маш их гомдолтой байгаа. Цаашид ажил хийхэд хэцүү болсон. Нүдээ бүрэн эмчлүүлэхэд гарах зардлыг олгож өгнө үү...Би баримтаар 1.572.700 төгрөг нэхэмжилсэн. Тэмүүлэн төлж барагдуулсан. Цаашид гадаадад нүдээ эмчлүүлэх хүсэлттэй байгаа...” гэж мэдүүлсэн зэргийг харгалзан Э.Тэмүүлэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 420 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зохимжтой гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 420 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг /хөнгөн ялыг хүндэд/ нэмж нэгтгэн, Э.Тэмүүлэнгийн нийт биечлэн эдлэх ялыг 720 /долоон зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоож шийдвэрлэв.

Шүүгдэгч Э.Тэмүүлэн нь хохиролд 1.572.700 /нэг сая таван зуун далан хоёр мянга долоон зуу/ төгрөг төлсөн болохыг дурдаж, хохирогч М.Энхжин нь нүдний эмчилгээний төлбөр /цаашид хэдий хэмжээний зардал эмчилгээнд гарахыг шүүхээс урьдчилан тодорхойлох боломжгүй/ буюу цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарлая.

Өөрөөр хэлбэл хохирогч М.Энхжин шүүхийн хэлэлцүүлэгт “...Солонгосын эмнэлгээс гадны нөлөөгөөс гэмтсэн эвэрлэгийг солихоос нааш хараа бүрэн эдгэх боломжгүй, эхний ээлжинд манай эмнэлэг дээр ирж шинжилгээ хийлгэ гэсэн факс ирсэн...” гэж мэдүүлсэн /шүүх хуралдааны тэмдэглэл/, мөн хавтаст хэрэг авагдсан Самсунг олон улсын эрүүл мэндийн төвөөс факсаар ирүүлсэн гэх хариуны монгол орчуулагт “...энэ удаад хагалгаа хийх боломжтой эсэхийг тодорхойлох шинжилгээнд орох нь зүйтэй...нүдний шинжилгээ нь ойролцоогоор 1.000.000-1.500.000 вон байдаг...” /хх-ийн 123-124/ гэж шинжилгээний болон эмчилгээний зардлыг ерөнхий байдлаар гаргасан зэргээс үзэхэд хохирогч М.Энхжингийн биед /нүдэнд/ учирсан гэмтлийг эмчлүүлэхэд гарах зардал өөрчлөгдөх боломжтой нөхцөл байдал тогтоогдсон болно.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

            Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдав.

                       

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.5, 36.6-36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Прокуророос Хатиган овогт Энхзулын Тэмүүлэнд холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчилсүгэй.

            2.  Шүүгдэгч Хатиган овогт Энхзулын Тэмүүлэнг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

            хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Хатиган овогт Энхзулын Тэмүүлэнг 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 420 /дөрвөн зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 420 /дөрвөн зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг /хөнгөн ялыг хүндэд/ нэмж нэгтгэн, Э.Тэмүүлэнгийн нийт биечлэн эдлэх ялыг 720 /долоон зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг сануулсугай.

6. Шүүгдэгч Э.Тэмүүлэн нь хохиролд 1.572.700  /нэг сая таван зуун далан хоёр мянга долоон зуу/ төгрөг төлсөн болохыг дурдаж, хохирогч нь цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарласугай.

7. Э.Тэмүүлэнд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлого, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

8. Энэ тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

9.  Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдүүд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Э.Тэмүүлэнд авсан хувийн баталгаа гаргах сэргийлэх  арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.         

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

                        ШҮҮГЧ                                               Б.БАТБОЛОР