Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 1266

 

 

 

 

 

 

 


 

 “О” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 181/ШШ2019/00067 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “О” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Т” ХХК-д холбогдох,

 

Гэрээний үүрэгт 40 141 800 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн төлөөлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Долгорсүрэн,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Г.Даваахүү,

Хариуцагчийн өмгөөлөгч Т.Сайнбаяр,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхнаран нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “О” ХХК нь 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хариуцагч “Т” ХХК-аас ашигт малтмалын 2244А, 4323А дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг худалдан авахаар тохиролцож Компанийн өмчийг худалдах, худалдан авах гэрээ байгуулсан.

Манай компани уг гэрээний 3.1.2-т заасан үүргээ биелүүлж гэрээний баталгаа болгон урьдчилгаа 20 000 ам.долларыг хариуцагч компанийн тухайн үеийн 100 хувийн хувьцаа эзэмшигч, захирал Д.Дт шилжүүлэн өгсөн.

Хариуцагч тал тухайн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлүүдэд хамаарах талбай нь хуулийн дагуу ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон, хязгаарласан талбайтай хэсэгчилсэн байдлаар давхацсан байсныг тусгай зөвшөөрөлд хамаарах талбайгаасаа төрийн захиргааны байгууллагад хандан хасуулах, үүний дараа манай компанид тусгай зөвшөөрлүүдээ шилжүүлэн өгч үлдэгдэл төлбөрөө хүлээж авахаар гэрээгээр тохиролцсон ч хүлээсэн үүргээ биелүүлээгүй.

Иймд хариуцагч тал гэрээгээр хүлээсэн үүргээ огт биелүүлээгүй учраас гэрээний 4.1.8-д заасан журмын дагуу гэрээнээс татгалзаж, урьдчилгаанд авсан 20 000 ам.долларыг манай компанид буцаан төлөх үүрэг үүснэ.

Мөн гэрээнд компанийн тамга дарагдсан эсэх нь гэрээний хүчин төгөлдөр эсэхэд хамааралгүй. Мөнгө хүлээн авсан, хүлээлгэн өгсөн баримтыг заавал батлагдсан маягт дээр бичихийг шаардахгүй. Иймд “Т” ХХК-аас 20 000 ам.доллар буюу тухайн үеийн ханшаар 40 141 800 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар С.Ганбаатар 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр томилогдсон. Мөн О.Б 2016 оны 11 дүгээр сараас тус компанийн 20 хувийн хувьцаа эзэмшигч болсон бөгөөд өмнөх захирал Д.Д 2017 онд нас барсан.

Компанийн тайлан тооцоо, мөнгөн гүйлгээнд бусдаас 20 000 ам.долларын орлого орсон талаар мөнгөн гүйлгээ, санхүүгийн баримт байдаггүй. Тиймээс уг гэрээнд заасан үүргийн гүйцэтгэл болоод төлбөр тооцооны асуудал манай компанид хамааралгүй.

Хэрэгт авагдсан 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн гэрээн дэх гарын үсэг талийгаачийнх гэдэгт маргахгүй ч компанийн тамга дарагдаагүй тул эргэлзээтэй. Уг гэрээгээр ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг худалдах худалдан авах тухай тохиролцсон байх боловч хуулийн дагуу зохих газарт бүртгүүлээгүй тул хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл.

Түүнчлэн мөнгө хүлээлгэн өгсөн гэх баримтад талийгаач гарын үсэг зураагүй гэдгийг гэрч болоод нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч байна.

Иймд нэхэмжлэгч мөнгийг тухайн үед талийгаач Д.Дт шилжүүлэн өгснөө баримтаар нотлоогүй тул “О” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасныг баримтлан “Т” ХХК-аас 40 141 800 төгрөг гаргуулж, “О” ХХК-д олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 360 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 358 659 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

          Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Алхан шатны шүүх нь хариуцагч компани нь Хан-Уул дүүрэгт харьяалагддаг байтал харьяалал зөрчиж хэрэг үүсгэн, хэргийг шийдвэрлэсэн. Хэргийн бодит байдалд нийцсэн зөв дүгнэлт хийхгээгүй.

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхийн хэлэлцүүлгийн үед маргаан бүхий 20 000 ам.долларыг ”...хүлээн авсан...” гэх баримт дахь гарын үсэг нь талийгчийн гарын үсэг биш болохыг хүлээн зөвшөөрч тайлбар гаргасанд зөв дүгнэлт өгөхгүйгээр хариуцагчид төлбөр хариуцуулсан нь үндэслэлгүй.

          Гэрч Б.Наранболд нь 20 000 ам.долларыг талийгч авах үед байсан, гэхдээ мөнгө хүлээн авсан баримтыг сүүлд нөхөж үйлдсэн, уг гарын үсэг нь миний гарын үсэг гэж мэдүүлж байдаг бөгөөд талийгчид уг мөнгийг өгсөн эсэх нь тодорхой бус байхад гэрчийн мэдүүлэгт тулгуурлан хариуцагчаас 20 000 ам.доллар гаргуулж шийдвэрлэж байгаад гомдолтой байна.

          Хариуцагч “Т” ХХК-ийн гүйцэтгэх захирал н.Г, н.Б нарын тус компанийг төлөөлөх эрх нь улсын бүртгэлд бүртгэгдсэн эсэх талаар нотлох баримт хэрэгт авагдаагүйг анхаарч үзээгүй. Иймд анхан шатны шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч “О” ХХК нь хариуцагч “Т” ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсаны үр дагаварт  40.141.800 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

“О” ХХК болон “Т” ХХК  2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр “Компанийн өмчийг худалдах, худалдан авах” нэртэй гэрээг байгуулж, уг гэрээгээр худалдагч “Т” ХХК нь Баянхонгор аймаг Бөмбөгөр сумын Лхамсүрэнгийн тохой нэртэй газарт байрлах 75,97 га талбай бүхий ашигт малтмалын 2244А тоот, мөн аймгийн Жугамын ам нэртэй газарт байрлах 128,87 га талбай бүхий ашигт малтмалын 4323А тоот тусгай зөвшөөрөл бүхий талбайн геологи, хайгуулын ажлын тайлан мэдээ, мэдээлэл, тусгай зөвшөөрөл эзэмших эрхийг худалдан авагч “О” ХХК-ийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч үнэ 2.300.000 ам долларыг гэрээнд заасан нөхцөлөөр төлөх үүргийг хүлээсэн байна. Анхан шатны шүүх талуудын харилцан хүлээсэн үүргийг тодорхойлж, тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь хуульд нийцжээ.   /хх 8-11/

 Талууд хүсэл зоригийг илэрхийлж, компанийг төлөөлөх эрх бүхий этгээдүүд гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулсан, гэрээ хүчин төгөлдөр байна.

 

 Хариуцагч “Т” ХХК-ийн захирал Д.Д 2017 онд нас барсан үйл баримтын талаар талууд маргаагүй.

 

 Нэхэмжлэгч гэрээнээс татгалзсаны үр дагавар болох гэрээний урьдчилгаанд төлсөн 20 000 ам.долларыг буцаан гаргуулахыг шаардсан.

 

 Нэхэмжлэгч нь  2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хариуцагч “Т” ХХК-ийн захирал Д.Дт 20 000 ам.доллар хүлээлгэн өгсөн гэдгийг гэрч Б.Н, Ча  нарын мэдүүлгээр тогтоогдсон гэж анхан шатны шүүх гэрчийн мэдүүлгийг талуудын тайлбартай харьцуулан үзэж дүгнэснийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй. Хариуцагч нь эдгээр гэрчийн мэдүүлгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1.1-т зааснаар няцаагаагүй байна.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 181/ШШ2019/00067 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн төлөөлөгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 358 659 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                С.ЭНХТӨР

 

                                       ШҮҮГЧИД                                Д.ЦОГТСАЙХАН

 

                                                      Э.ЗОЛЗАЯА