Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 2021/ДШМ/755

 

 

   С.Бэд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч Б.Батзориг, Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Э.Ариунболд,

            шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч Д.Баасансүрэн,

            нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж, шүүгч Т.Шинэбаяр, Г.Хатанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 2021/ШЦТ/721 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.Бийн өмгөөлөгч Д.Баасансүрэнгийн гаргасан давж заалдах гомдлоор С.Бэд холбогдох 2106000000667 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

...................., 19............ оны ........... дүгээр сарын 9-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 71 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ургамал судлаач мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт, ам бүл 2, хүүгийн хамт Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хорооллын 1 дүгээр байрны 46 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:..................../;

С.Б нь согтуугаар 2021 оны 2 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хорооллын Гаалийн 1 дүгээр байрны 46 тоотод байдаг гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүү Б.Номунбишрэлтийн хэвлий тус газар хутгалж “аюулхай хэсэгт хэвлийн хөндий рүү нэвтэрч элэг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх” бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: С.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: ..............ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч С.Бэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад тус тус зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар С.Бэд оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгаж, шүүгдэгч С.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч С.Бэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч С.Бийн өмгөөлөгч Д.Баасансүрэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад удаа дараагийн мэдүүлгээ хуульд заасан үндэслэл журмын дагуу аливаа шахалт, албадлагагүй өгсөн нь хэргийн талаар бодитой мэдээлэл агуулсан, хэрэгт ач холбогдолтой хэвээр байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болсныг тэмдэглэж байна” гэжээ. Гэтэл хохирогч Б.Номунбишрэлт нь 2021 оны 2 дугаар сарын 28-ны өдөр “...намайг гэнэт хөөгөөд эхэлсэн, ер нь байнга намайг хөөдөг юм. Санаа зорилго нь намайг байрыг нь авах гээд байна гэж хардаж сэрдээд байдаг юм. ...Өнөөдөр хэнтэй архи уусныг мэдэхгүй. Би унтаж байсан юм.” /хх 21-23/ гэж, 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдөр “...манай аав Батсүх гэрт найзтайгаа архи ууж байгаад гараад явсан. ...гал тогооны өрөөний цонхон дээр цагдаа хүлээгээд зогсож байсан чинь аав Батсүх надаас “чи хэн рүү залгасан юм” гэж асуухаар нь би “цагдаа дуудсан байгаа, өгч явуулна” гэж хэлсэн чинь миний ардаас татаж намайг эргүүлж харуулаад миний хэвлий орчимд цохих шиг санагдахаар нь би гар луу нь харсан чинь гартаа хутга барьсан зогсож байсан.” /хх 25-26/ гэж, 2021 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр “...Манай аав Батсүх бид хоёр цуг амьдрах хугацаанд аав байнга архи ууж намайг янз бүрийн үг хэлээр доромжилдог байсан. Мөн аавыг гаднаас согтуу орж ирэх болгонд нь би гэрт байдаг хутгануудыг нууж тавьдаг байсан. Учир нь согтуу үед хутга бариад “чи намайг хутгал эсхүл би чамайг хутгална” гэх мэт янз бүрийн үйлдэл гаргадаг байсан.” /хх 28/ гэж тус тус мэдүүлсэн. Мөн хохирогчийг хамгаалах тухай хуульд заасан хамгаалалтын арга хэмжээ хэрэгтэй юу гэсэн мөрдөгчийн асуултад “надад хэрэггүй” гэж хариулсан нь хохирогчийн мэдүүлгийг үгүйсгэж байна. Мөн тус мэдүүлэгт “...бид хоёр тийм ч айхтар хэрүүл хийгээгүй” /хх 26/ гэж, шүүх хуралдаанд оролцогчдын асуултад хариулахдаа “...агсам тавиад байдал ширүүсээд байхаар нь...” гэж байнга зөрүүтэй мэдүүлдэг. Дээрх хохирогчийн 3 удаагийн мэдүүлгүүд зөрүүтэй, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Үндсэн хуульд заасан эрхээ эдэлж мэдүүлэг өгөхгүй гэсэн байхад шүүх шийтгэх тогтоолын 2 дахь талд шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Номунбишрэлт мэдүүлэхдээ гэж дурдаж зөвхөн хохирогчийн эргэлзээтэй мэдүүлгээр бусдыг хүнд гэмт хэрэгт ял оногдуулж, энэ талаар мэдүүлгийг бусад нотлох баримтаар нотлох ажиллагаа хийлгээгүйд гомдолтой байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад С.Бэд гэрчийн эрх, үүрэг тайлбарлаж, Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлийг тайлбарлаж, сануулж гэрчээр мэдүүлэг авсан байна. /хх 30-31/ Түүний мэдүүлэгт “...чи одоо хоол ч хийхгүй өдөржингөө компьютер дээр суугаад, унтаад ажил ч хийхгүй юмаа” гэж хэлж хүү Номунбишрэлтийг загнасан чинь миний өөдөөс “чи битгий солиор” гэж хэлэхээр нь би “чи намайг алж аавыгаа алсан гэж хүмүүс ярьж байснаас би өөрөө хүүгээ алсан дээр байх” гэж хэлээд хажууханд ширээн дээр байсан модон иштэй бор хутгыг гартаа барьж байгаад гэдэс рүү нь хутгалсан зүйл болсон” гэж мэдүүлжээ. Гэрч үнэн зөв мэдүүлэг өгөх үүргийн дагуу болсон асуудлыг мэдүүлсэн байхад шүүх зөвхөн хохирогчийн мэдүүлгийг үнэн зөв гэж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож хийсвэрээр дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл тухайн цаг хугацаанд байсан 2 хүний мэдүүлэг эрс зөрүүтэй байхад тэдний мэдүүлгийг шалгаж шинжээчийн дүгнэлтэд дурдсан гэмтэл нь хохирогчийн боолтыг тавиулах зорилгоор хутгалах үед учирсан, эсвэл хохирогч зогсож байхад нь эргүүлж харуулж байгаад хутгалсан эсэхийг мөрдөн байцаалтын туршилтаар тогтоох боломжтой байсан. Мөн тухайн мэдүүлэгт С.Б хоолойг нь боосон гэж мэдүүлсэн байхад мөрдөгч санаачилгаараа шинжээч томилж мэдүүлгийг нотлох ажиллагаа хийх боломжтой байхад яагаад хийгээгүй, шинжээч томилсноор хэний эрх ашиг хохирох гээд байсан нь эргэлзээтэй байна.

2021 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 1896 дугаартай шинжээчийн дүгнэлтээр гэмтлийн хүнд зэрэг тогтоогдсон байна. Энэхүү дүгнэлт нь Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 1550 дугаартай өвчний түүхийг үндэслэж гаргасан талаар дурдсан байх боловч түүнийг нотлох өвчний түүхийг нотлох баримтаар хавтас хэрэгт хавсаргаагүй байгаа нь тухайн шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй эсэхэд эргэлзээ төрүүлж байна. Мөрдөгч С.Бийн 20 жил хамт амьдарсан эхнэрийг нь гэрчээр асуухаар дуудсан мөртлөө бүтэн өдөржингөө өрөөнийхөө үүдэнд хүлээлгээд асуухгүй буцаасан шалтгаан нь хохирогч тал түүнийг асуух шаардлагагүй гэсэн учир асуугаагүй гэж тайлбарлаж байжээ. Энэ нь мөрдөгч хохирогчийн үгээр мөрдөн шалгах ажиллагаа явуулах ашиг сонирхол байгаа эсэхэд эргэлзээ төрүүлж түүний удирдлагад гомдол гаргаж шалгуулж байгаа болно. Түүнчлэн мөрдөгч С.Бээс гэрийн түлхүүр, үүдний хаалганы чип хурааж авсан тэмдэглэл үйлдээгүй ба түүнийг хохирогчид хүлээлгэн өгснөөр гэрээс нь орон сууц өмчлөх гэрчилгээ, банкны тэтгэвэр авдаг карт зэрэг эд зүйлс алга болсон зэрэг нь мөрдөгч нэг талыг хэтэрхий барьж /хохирогч талаас гэрчээр мэдүүлэг авч, холбогдогч талаас эхнэрээс нь ч аваагүй/ мөрдөн шалгах ажиллагаа явуулж бусдын эрхийг зөрчсөн байна.

С.Бийн өмгөөлүүлэх эрхийг ноцтой зөрчиж, эрх үүрэг тайлбарлаж танилцуулаагүй шууд гарын үсэг зур гэж хэлээд зуруулсан. Өмгөөлөгч авч болдог гэдгийг огт мэдээгүй байж байгаад прокурорт хэрэг шилжсэний дараа нь Отгонжаргал прокурор өмгөөлөгч аваарай гэж хэлсэн гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн. Үүнийг шүүх хуралдааны мэтгэлцээний явцад улсын яллагч Б.Батцэцэг тайлбартаа С.Б өөрийгөө өмгөөлөх хүсэлт бичгээр гаргасан гэж тайлбарласан нь үндэслэлгүй бөгөөд нотлох баримтгүй юм. С.Б нь хэрэг хариуцах чадвартай эсэх, хохирогч Б.Номунбишрэлт мэдүүлэг өгөх чадвартай эсэх талаар шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт тус тус гаргуулаагүй нь хууль зөрчиж хүний эрх чөлөөг хязгаарласан байх боломжтой байна. Дээр дурдсанаас харахад гэмт хэргийн сэдэлт, санаа зорилго, шалтгаант холбоог бүрэн тогтоогоогүй байгаа нь холбогдогч, хохирогч нарын мэдүүлгийн зөрүүнээс тодорхой харагдаж байх бөгөөд энэ талаар мөрдөн шалгах ажиллагааг зайлшгүй хийлгэх шаардлагатай байх тул хэргийг прокурорт буцаан шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгнө үү.гэв.

Шүүгдэгч С.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний хоолойг боосон. Тэгээд “амьсгаа давчдаад байна больчих” гэхэд “чамайг алсан ч яадаг юм бэ” гэж хэлээд боогоод байсан. Би өөрийн амь насыг хамгаалсан гэж үзэж байна. Өмнө нь ийм зүйл болж байсан. Би 70 гарсан хөгшин хонины насгүй болсон хүн. Өөрийн дураараа байж байгаад үхмээр байна.” гэв.

Прокурор Э.Ариунболд тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Хэрэг учрал болоход хохирогч болон шүүгдэгч хоёр байсан. Хохирогч үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй. Хэрэв худал мэдүүлэг өгөх юм бол хуулийн дагуу хариуцлага хүлээнэ. Мөн хэрэг учрал болсны дараа хохирогч С.Бийн дүү Цэндмаа гэх хүн рүү “аав намайг хутгалчихлаа” гэж утсаар хэлсэн байсан. Бичиг үсэг мэддэг хүн өмгөөлөгч авахгүй гэж байхад заавал өмгөөлөгч авах ёстой гэх зүйл хуульд байхгүй. С.Б 70 нас гарсан хүн тул өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, өмгөөлөгч авах зэрэг эрхийг мэдэж байгаа. 1896 дугаартай шинжээчийн дүгнэлтээр ямар байдлаар, яаж гэмтэл учруулсан, хүнд гэмтэл учирсан талаар тодорхой байгаа. Хэрэв шинжээчийн дүгнэлтийг эргэлзээтэй гэж үзэх юм бол холбогдох газар гомдол гаргаж шинжээчийг шалгуулж болно. Мөн прокурорыг энэ хэрэгт өөр байдлаар хандсан дотоод хяналтад өгнө гэж байгаа бол өгөх эсэх нь таны эрхийн асуудал. Миний бие энэ хэрэгт хяналт тавиагүй томилолтоор өнөөдрийн шүүх хуралд орж байна. Хэрэг бүрт сэтгэцийн дүгнэлт гаргуулдаггүй. Зүгээр мэдүүлэг өгч байгаа тохиолдолд заавал ийм ажиллагаа хийлгүйгээр хэргийг шүүхэд шилжүүлдэг. 5 жилийн хорих ял нь тухайн зүйл ангийн хамгийн бага ял байгаа. Хэрэгт хийгдвэл зохих ажиллагаа бүрэн дүүрэн хийгдсэн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолтой холбогдуулан шүүгдэгч С.Бийн өмгөөлөгч Д.Баасансүрэнгийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудын хүрээнд тухайн хэргийн бүх ажиллагааг гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

С.Б нь согтуугаар 2021 оны 2 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хорооллын Гаалийн 1 дүгээр байрны 46 тоотод байдаг гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүү Б.Номунбишрэлтийн хэвлий тус газар хутгалж “аюулхай хэсэгт хэвлийн хөндий рүү нэвтэрч элэг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх” бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч Б.Номунбишрэлтийн “...Өнөөдөр буюу 2021 оны 2 дугаар сарын 28-ны өдөр 19-20 цагийн орчимд байх намайг гэнэт хөөгөөд эхэлсэн. Ер нь байнга намайг хөөдөг юм. Миний хэвлийн хэсэгт хүйсний нүхнээс дээш, гэрт байсан хүрэн модон иштэй масло зордог хутгаар хутгалсан. Байнга л агсам согтуу тавьж намайг хөөдөг, ер нь бол хутга шөвөг байнга барьчихдаг ч арай ингэж байсангүй. Аав С.Б согтуу гэрт орж ирээд “намайг хоол хий” гэхээр нь “чадахгүй та өөрөө хоол хий” гэж хэлсэн чинь намайг янз бүрийн үгээр хэл амаар доромжлоод байхаар нь манай аавын төрсөн дүү болох С.Цэндмаа руу утсаар яриад “Таны ах чинь надад агсам тавиад байна шүү, би цагдаа дуудаад өгөөд явууллаа шүү” гэж хэлсэн чинь С.Цэндмаа “Тэгээ миний дүү эгч нь дуудаж өгөх үү, чи дуудах уу” гэхээр нь би “Та дуудчих” гэж хэлсэн. Гал тогооны өрөөний цонхон дээр цагдаа хүлээгээд зогсож байсан чинь аав С.Б надаас “Чи хэн рүү залгасан юм” гэж асуухаар нь би “цагдаа дуудсан байгаа, таныг өгч явуулна” гэж хэлсэн чинь ардаас татаж намайг эргүүлж харуулаад миний хэвлий орчимд цохих шиг санагдахаар нь би аав С.Бийн гар руу харсан чинь гартаа хутга барьсан зогсож байсан. ...Өөрийнхөө хэвлийг харсан чинь би хэвлийн хэсэгтээ хутгалуулсан байсан. ...Манай аав С.Б бид 2 цуг амьдрах хугацаанд манай аав байнга архи ууж, намайг янз бүрийн үг хэллэгээр доромжилдог байсан. Мөн аавыг гаднаас согтуу ирэх болгонд би гэр дотор байдаг хутгануудыг нууж тавьдаг байсан. Учир нь согтуу үедээ хутга бариад  “Чи намайг хутгал, эсхүл би чамайг хутгална” гэх мэт янз бүрийн үйлдэл гаргадаг байсан. Гэхдээ аав С.Бийг тухайн үед намайг хутгална гэж бодоогүй байсан чинь намайг хутгалсан. ...” /хх 21-28/ гэсэн мэдүүлэг,

гэрч С.Цэндмаагийн “...2021 оны 2 дугаар сарын 28-ны өдөр би гэртээ байсан чинь миний ах С.Бийн хүүхэд Б.Номунбишрэлт над руу залгаад “Эгчээ танай ах чинь надад агсам тавиад байна, цагдаа дуудах юм уу” гэж надаас асуухаар нь би өөрөө цагдаа дуудаж өгсөн. Тэгээд хэсэг хугацааны дараа Б.Номунбишрэлт над руу дахиж залгаад “эгчээ аав намайг хутгалчихлаа” гэж надад хэлэхээр нь би ухаан жолоогүй гэрээсээ гараад очсон чинь цагдаа нар ирсэн байсан. ...” /хх 37/ гэсэн мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1896 дугаартай “...Б.Номунбишрэлтийн биед аюулхай хэсэгт хэвлийн хөндий рүү нэвтэрч элэг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүснэ. Гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгт гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар учрах үедээ амь биед аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. ...” /хх 42-43/ гэх дүгнэлт,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1745 дугаартай “...Хэргийн газрын үзлэгээр бэхжүүлэн гэх цус мэт зүйл гэх марль дээр цус илэрсэн. Хэргийн газрын үзлэгээр бэхжүүлэн гэх дээжнээс илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо нэг эрэгтэй хүний цус байна. Хэргийн газрын үзлэгээр бэхжүүлэн гэх дээжнээс илэрсэн цус нь Б.Номунбишрэлтийн гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. ...” /хх 60-61/ гэх дүгнэлт,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх 5-11/, аюулын зэргийн үнэлгээний маягт /хх 17-18/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.

Давж заалдах шатны шүүх, хэрэгт хамааралтай баримт бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянах үүрэгтэй бөгөөд тухайн хэргийн хувьд хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хууль ёсны байдлыг дүгнэн, харьцуулан шинжилж, хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудын үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгож үнэллээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу шүүгдэгч С.Бийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Гэр бүлийн хүчирхийлэл гэж “ ... хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөөнд халдсан үйлдэл, эс үйлдэхүйг хэлэх бөгөөд хүний хүсэл зоригийн эсрэг тодорхой үйлдэл хийх, эсхүл хийхгүй байхыг албадах, үл хайхрах, гүтгэх, мөрдөн мөшгих, заналхийлэх” гэх мэт аргаар илэрхийлэгдэнэ.

Шүүгдэгч С.Б нь Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хорооллын Гаалийн 1 дүгээр байрны 46 тоотод байдаг гэртээ 2021 оны 2 дугаар сарын 28-ны өдөр зэвсгийн чанартай зүйл буюу хутга хэрэглэж, согтуугаар “хоол хий” гэх асуудлаас болж сэтгэл санааны дарамт учруулан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүү Б.Номунбишрэлтийн хэвлий тус газар хутгалж “аюулхай хэсэгт хэвлийн хөндий рүү нэвтэрч элэг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх” бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад тус тус зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, учруулсан хохирол, хор уршиг, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч С.Бэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан энэ гэмт хэргийг үйлдсэн тохиолдолд таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар шийтгэхээр хуульчилсан бөгөөд анхан шатны шүүх уг зүйл, хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь түүний хувийн байдал, гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцжээ.

Шүүгдэгч С.Бийн өмгөөлөгч Д.Баасансүрэн “...мөрдөн шалгах ажиллагааг зайлшгүй хийлгэх шаардлагатай байх тул хэргийг прокурорт буцаан шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.       

            Давж заалдах гомдолд дурдсанаар хохирогч Б.Номунбишрэлтийн мэдүүлгүүдийг “хохирогчийг хамгаалах тухай хуульд заасан “хамгаалалтын арга хэмжээ хэрэгтэй юу” гэсэн мөрдөгчийн асуултад “надад хэрэггүй” гэж хариулсан нь хохирогчийн мэдүүлгийг үгүйсгэж байна” гэсэн гомдолд:

 “надад хэрэггүй” гэсэн хариултаас шалтгаалан хохирогчийн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг болон хэргийн бодит байдлыг тогтооход шаардлагатай мэдээллийг бэхжүүлж, тусгуулах хуульд заасан эрхийг няцаах үндэслэл болох боломжгүй байна.

            Шинжээчийн дүгнэлтийн “ГССҮТ-ийн ХГТ-ийн 1550 дугаартай өвчний түүхийг үндэслэж гаргасан талаар дурдсан байх боловч өвчний түүхийг нотлох баримтаар хавтаст хэрэгт хавсаргаагүй байгаа талаарх гомдолд:

            Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 1896 дугаартай шинжилгээг Б.Номунбишрэлтийн биед нь үзлэг хийх замаар Гэмтэл согог үндэсний төвийн ХГТ-ийн 1550 дугаартай өвчний түүхэнд “2021 оны 02 сар 28 өдөр 19 цаг 57 минутад буюу өвчний түүх нээсэн цаг хугацааг дурдаж өгсөн бөгөөд өвчний түүхийг үндэслэж дүгнэлтийг гаргаагүй байна.

            С.Б нь хэрэг хариуцах чадвартай эсэх, хохирогч Б.Номунбишрэлт мэдүүлэг өгөх чадвартай эсэх талаар шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт гаргуулаагүй талаарх гомдолд:

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд яллагдагчийн сэтгэцийн эрүүл мэндэд эргэлзэх үндэслэл байвал хэрэг хариуцах чадвартай эсэхийг тогтоолгохоор өмгөөлөгч хүсэлт гаргах эрхтэй бөгөөд энэ талаар өмгөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хүсэлтээ мөрдөгч, болон шүүхэд гаргаагүй ба хэрэгт ач холбогдол бүхий байдлыг бодитой тусгаж, зөв мэдүүлэг өгөх эсэхэд эргэлзээ төрвөл эсхүл бүх насаар нь хорих ял оногдуулж болох гэмт хэргийн яллагдагчийн сэтгэцийн байдлыг тодорхойлоход заавал шинжилгээ хийлгэхээр заажээ.

            Иймд дээр дурдсан үндэслэлээр шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хэрэгсэхгүй болголоо.

Давж заалдах шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталж, 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тогтоосон.

Шүүгдэгч С.Бийн үйлдсэн гэмт хэрэг нь Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт заасан үндэслэлд хамаарагдаж байх тул анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад тус тус зааснаар түүнд оногдуулсан 5 жилийн хорих ялаас 2 жилийг өршөөн хасах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 2021/ШЦТ/721 дугаартай шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж, шүүгдэгч С.Бийн өмгөөлөгч Д.Баасансүрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 2021/ШЦТ/721 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар С.Бэд дээрх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад тус тус зааснаар оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялаас 2 жилийн хорих ялыг өршөөн хасаж, түүний биечлэн эдлэх хорих ялыг 3 жилийн хугацаагаар тогтоосугай.  

2. Шүүгдэгч С.Бийн өмгөөлөгч Д.Баасансүрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацаа болох нийт 56 хоногийн хугацааг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Д.МЯГМАРЖАВ        

ШҮҮГЧ                                                            Б.БАТЗОРИГ

ШҮҮГЧ                                                            Д.МӨНХӨӨ