2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 2025/ШЦТ/2580

 

 

 

 

 

 

 

 

2025         11          14                                   2025/ШЦТ/2580

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ууганбаатар даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Чингис,

улсын яллагч Б.Энх-Амгалан,

хохирогч Б.Н,

шүүгдэгч О.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ***** овогт О-ын Сд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2506 00000 2347 дугаартай хэргийг 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн *********** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

******* овогт О-ын С /регистрийн дугаар: ********/.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч О.С нь 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр, ********* тоотод хохирогч Б.Нтай хэрүүл маргаан хийж, маргалдах явцдаа, түүний нүүр хэсэг рүү гутал шидэж, эрүүл мэндэд нь “хамар ясны хоёр хажуу хананд зөрүүтэй нийлмэл ил хугарал, хамрын таславчийн хугарал, муруйлт, хамарт няцарсан шарх, хамар, хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч О.Сг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2506 00000 2347 дугаартай хэргийг шүүхэд шилжүүлж ирүүлжээ.

 Шүүхийн хэлэлцүүлгээр дараах яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 10-р хуудас/,

Хохирогч Б.Ны мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх-ийн 16-20-р хуудас/,

Гэрч Г.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин өгсөн мэдүүлэг /хх-ийн 22-23-р хуудас/,

Гэрч Х.Х-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин өгсөн мэдүүлэг /хх-ийн 20-21-р хуудас/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 3544 дугаартай дүгнэлт /хх-ийн 32-33-р хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх тухай тодорхойлолт, эрүүл мэндийн даатгалын төлөллт шалгах лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, жолоочийн лавлагаа мэдээлэл, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 56-64-р хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтыг энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэд шалгаж, тодруулсан байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Улсын яллагчаас: “...шүүгдэгч О.Сг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай...” дүгнэлтийг,

 

шүүгдэгч О.С шүүхийн хэлэлцүүлэгт: “...2025 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Н манай гэрт хүрч ирсэн, ажил явдалд Дорнод явах бензиний мөнгө байхгүй тул мөнгөөр туслах зүйл байна уу? гэхэд байхгүй гэсэн. Надад өртэй тул хэдэн төгрөг өгөх болов уу гэж бодсон. Гэрээс гарахдаа гуйлгачин гэх зэргээр хэлэхээр нь гутал аваад шидчихсэн, тэгээд цагдаа ирээд ийм зүйл болсон...” гэж,

 

хохирогч шүүхийн хэлэлцүүлэгт: “...2025 оны 07 дугаар сарын 21-ний өглөө хадам ээжээ эмнэлэгт үзүүлчхээд үлдсэн зүйлсээ авах гээд очсон. Манай нөхөр эгчээрээ гар утас лизингдүүлээд ажлын мөнгө орж ирэхээр мөнгийг нь өгчихье гэхэд С утасны мөнгөө авъя гэж хэлсэн. Яармагийн ажлын мөнгө орж ирсний дараа энэ мөнгийг өгнө гэтэл өөрөө “амиа бодсон гөлөг, гуйлгачин” гэж хэлээд маргалдсан. Би эхнэртэй нь маргалдахад эхнэр нь ус буцалгагчны сууриар цохисон. Маргалдаад гараад явахад араас юм шидээд байхаар нь эргээд хартал гутал шидэж онож таараад тэгээд эмнэлэгт үзүүлээд явсан. Надаас 1.100.000-1.200.000 төгрөгийн зардал гарсан. Хагалгаанд ороход баримтыг нь гаргаж өгнө гэсэн бөгөөд хагалгааны дараах зардал 1.000.000 төгрөг орчим, тэгээд ор хоногийн зардал зэрэг гарна гэж хэлсэн. Эмчилгээ хийлгэсэн баримтуудаа гарган өгье...” гэж тус тус мэдүүлсэн.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт  “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасныг удирдлага болгон шүүх хуралдаанд яллах, өмгөөлөх талын шинжлэн судалсан хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд болох:

 

Хохирогч Б.Ны мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Би 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдөр өглөө 09 цагийн үед Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, ***** тоотоос нүүх байсан учраас үлдээсэн ачаагаа авах гээд ирсэн чинь нөхрийн эгч Г.Нтэй маргаж эхэлсэн тэгээд би гарах гэж байсан чинь С нь намайг хар пүүз нүүрэн дундуур ирээд цохиндсон тэгээд би цагдаа дуудсан...2025 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хадам ээж Гийг эмнэлэгт үзүүлээд хамт хадам эгч, хүргэн нарын гэрт нь очсон чинь нөхөр төрсөн эгч Н-ээр 1,400,000 төгрөгийн гар утас зээлээр авхуулж байсан, надаас тэр мөнгийг яг өнөөдөр хэрэгтэй байна гээд нэхэхээр нь би анхнаасаа өмнөх ажлын мөнгө орж ирэхээр энэ гар утасны мөнгийг өгнө гэж ярьсан байсан учраас тэр мөнгө орж ирээгүй байна, одоо боломжгүй байна гэж хэлсэн чинь таван мөнгөний бараа харж чадахгүй хар гөлөг, лалрууд гээд хараагаад амиа бодсон гуйлгачид гэж хэлээд хэрүүл эхэлсэн. Тэгэхээр нь би зөрүүлээд Нийн нөхөр Сг гөлөг гэж хараалын бусад үгийг аль аль нь хэлсэн. Н тухайн хэрүүл болж байхад ус буцалгагчны суурь арчиж байхдаа шууд миний цээж рүү буцалгагчны сууриар 1 удаа цохьсон, тэгээд гэрээс зайл гичий минь гэж хэлэхээр нь зөрүүлээд хараалын үг хэлсэн. Хажууд хадам ээж байсан учраас намайг одоо гаръя гээд хаалгаар нь гараад орц руу шатаар буух гэж байхад С миний нүүр лүү юм шидсэн, тэр нь пүүз байсан тэгээд миний хамарны нуруу хэсэгт шалбарсан байсан. Би тэр хүмүүсийн биед халдаж цохиогүй, Н миний цээж рүү 1 удаа цохиж, нөхөр С нь 1 удаа над руу пүүз шидсэн...” гэх мэдүүлэг,

Гэрч Г.Нийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг “...манай нөхөр боль гээд намайг болиулсан тэгтэл Н манай ээж Гийн хамт гэрээс гарахдаа муу сайн гуйлгачид, бид нар танайхаас сайхан амьдарна гээд хэлсэн чинь нөхөр уурлаад гутал аваад шидчихсэн чинь Ны хамрыг оночихсон. Тэгээд цагдаатай орж ирсэн...” гэх мэдүүлэг,

Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 9544 дугаартай “О.Сгийн биед хамар ясны хоёр хажуу хананд зөрүүтэй нийлмэл ил хугарал, хамрын таславчийн хугарал, муруйлт, хамарт няцарсан шарх, хамар, хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар:

 

Шүүгдэгч О.С нь 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр, ******** тоотод хохирогч Б.Нтай хэрүүл маргаан хийж, маргалдах явцдаа, түүний нүүр хэсэг рүү гутал шидэж, эрүүл мэндэд нь “хамар ясны хоёр хажуу хананд зөрүүтэй нийлмэл ил хугарал, хамрын таславчийн хугарал, муруйлт, хамарт няцарсан шарх, хамар, хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилсан.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинж нь хүний гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан байхыг шаарддаг.

 

Шүүгдэгч О.С нь хохирогч Б.Ныг үл ялих зүйлээр шалтаглан түүний биед халдан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул О.Сг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй.

 

Тодруулбал, шүүгдэгч О.С нь өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн болно.

 

Иймд Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч О.Сгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлсэн бөгөөд хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний... эрүүл мэндэд, шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж, мөн зүйлийн 5 дахь хэсэгт “...Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно” гэж тус тус заасан.

 

Хохирогч Б.Н нь шүүхийн хэлэлцүүлэгт өөрт учирсан гэмтэл, хохиролтой холбоотойгоор 922,500 төгрөгийн баримт гаргаж өгсөн ба үүн дээр түүний сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 4,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 3,952,080 төгрөгөөр тогтоож шүүгдэгч О.Сгээс нийт 4,874,580 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Нд олгуулахаар шийдвэрлэв.

 

Харин хохирогч Б.Н нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой баримтаа бүрдүүлэн жич иргэний шүүхэд нэхэмжлэл гаргах замаар буруутай этгээдээс хохирлоо нэхэмжлэх эрх нь нээлттэй болно.

 

Шүүгдэгч О.С нь шүүх хуралдаанд хохирол нөхөн төлөхөөр 5 хоногийн завсарлага авах хүсэлт гаргаж, уг хугацаанд хохирогчид хохирол төлбөрийг төлөөгүй болохыг дурдав.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч “...Шүүгдэгч О.Сд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна...” гэх дүгнэлтийг,

           

Шүүгдэгч О.С эрүүгийн хариуцлагын талаар: “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү...” гэх агуулга бүхий дүгнэлт, тайлбарыг гаргасан.

 

Шүүгдэгч О.Сд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт эрүүгийн хариуцлагыг “дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж хуульчилсан.

Шүүгдэгч О.Сгийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг нь тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгож  хугацааг 300 цагаар тогтоох нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзэв.

 

Учир нь шүүгдэгч О.С нь “хохирогчоос мөнгөний авлагатай тул хохирол, төлбөр төлөхгүй” гэж маргасан бөгөөд өөрийн үйлдсэн хэргийн гэм бурууг бүрэн ухамсарлахгүй байгаа, хохирол төлбөр төлөхөөр завсарлага авсан боловч тухайн хугацаанд хохирол огт барагдуулаагүй, эрхэлсэн тодорхой ажилгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзахад торгох ял оногдуулах боломжгүй тул нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан болно.

 

Шүүгдэгч О.Сд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч О.Сд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

                                                                                                

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ***** овогт О-ын Сг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Сг гурван зуун /300/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Сд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.С нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Сгээс 4,874,580 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Нд олгуулж, тэрээр энэ гэмт хэргийн улмаас цаашид эмчилгээ хийлгэсэн баримтаа бүрдүүлэн иргэний журмаар гэм буруутай этгээд шүүгдэгч О.Сгээс нэхэмжлэх эрхтэй болохыг нээлттэй үлдээсүгэй.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Сд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Г.УУГАНБААТАР