| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбаатар Ууганбаатар |
| Хэргийн индекс | 194/2025/2320/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/2579 |
| Огноо | 2025-11-14 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Х.Билгүүн |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 11 сарын 14 өдөр
Дугаар 2025/ШЦТ/2579
2025 11 14 2025/ШЦТ/2579
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ууганбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Сүххуяг,
улсын яллагч Х.Билгүүн,
шүүгдэгч Ч.Б, түүний өмгөөлөгч Б.Ангараг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ******* овогт Ч-ын Бод яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2511 00000 1105 дугаартай хэргийг 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *********** тоотод оршин суух албан ёсны хаягийн бүртгэлтэй, урьд
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 834 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан
******** овогт Ч-ын Б /регистрийн дугаар: ********/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ч.Б /********/ нь 2025 оны 6 дугаар сарын 20-аас 21-нд шилжих шөнийн 05:00 цагийн үед Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, ********* тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр болох хохирогч Г.Дыг үл ялих зүйлээр шалтаглан бусадтай хардан маргалдаж улмаар түүний биед халдан нүүр, толгой тус газар нь гараараа цохиж зодон “баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүн өвдөг, зүүн хацар, эрүү, хоёр бугалга, шуунд цус хуралт, зулайн хуйханд язарсан шарх’’ гэмтэл үүсгэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирлыг хүндрүүлэх нөхцөл байдалтай буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ч.Быг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2511 00000 1105 дугаартай хэргийг шүүхэд шилжүүлж ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Эрүүгийн цагдаагийн тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Д.Гали-Арыстаны 2025 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн илтгэх хуудас /хх-ийн 11-р хуудас/,
Хохирогч Г.Дын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх-ийн 14-15-р хуудас/,
Хохирогч Г.Дын мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин өгсөн мэдүүлэг /хх-ийн 18-19-р хуудас/,
Гэрч Б.Э-ний мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтнээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 29-30-р хуудас/,
Нийслэлийн шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн ЕГ0725/8456 дугаартай дүгнэлт /хх-ийн 35-36-р хуудас/
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлсэн тухай мэдээлэл, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 41-45-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтыг энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэд шалгаж, тодруулсан байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Улсын яллагч Х.Билгүүн: “... шүүгдэгч Ч.Б /*******/ нь 2025 оны 6 дугаар сарын 20-аас 21-нд шилжих шөнийн 05:00 цагийн үед Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, ********** тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр болох хохирогч Г.Дыг үл ялих зүйлээр шалтаглан бусадтай хардан маргалдаж улмаар түүний биед халдан нүүр, толгой тус газар нь гараараа цохиж зодон “баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүн өвдөг, зүүн хацар, эрүү, хоёр бугалга, шуунд цус хуралт, зулайн хуйханд язарсан шарх’’ гэмтэл үүсгэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирлыг хүндрүүлэх нөхцөл байдалтай буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүх хуралдааны хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай...” дүгнэлтийг,
Шүүгдэгч Ч.Б шүүх хуралдааны хэлэлцүүлэгт: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ангараг шүүх хуралдааныг хэлэлцүүлэгт: “...Миний үйлчлүүлэгч мөрдөн шалгах ажиллагаанаас эхлээд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байгаа. Хохирол төлбөрийн тухайд хохирогч нь хохирол нэхэмжлэхгүй талаараа мэдүүлсэн. Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг төлсөн байгаа...” гэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасныг удирдлага болгон шүүх хуралдаанд яллах, өмгөөлөх талын шинжлэн судалсан хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд болох:
Хохирогч Г.Дын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Би Ч.Бтой 25 жилийн анх танилцаж, гэр бүл болсон. Сүүлийн 5 жилийн хугацаанд намайг бусад эрчүүдтэй харилцаатай гэж байнга харддаг болсон ба зарим үед зодож цохидог. Би тэр болгоныг цагдаагийн байгууллагад хандаж байгаагүй. Харин өчигдөр буюу 2025 оны 06 дугаар сарын 20-ны орой 00 цагийн үед нөхөр Ч.Бод тариа хийж өгсөн. тэгээд унтах гээд байж байтал чи, ялхаатлаа унтлаа гэхээр нь би хүн юм чинь унтана шүү дээ гэтэл, чи дандаа унтаж байх юм аа гэж хэрүүл маргаан эхэлсэн. Чи өөр хүнтэй харьцдаг, Замын-Үүдэд очиж намайг хуурсан гэж хэлээд миний нүүр лүү гараараа 4, 5 удаа цохисон. Би ч гэсэн өөрийг нь маажиж цохьсон. Тэгээд байж байгаад хэрүүл гайгүй намдаж, нөхөр Ч.Б унтчихсан. Би ганцаараа 5 цаг хүртэл зурагтаар кино үзсэн. Тэгээд нөхөр 5 цагийн үед сэрчихээд чи унтахгүй юу хийгээд байгаа юм бэ гэж хэлсэн. Тэгээд би нөхөртөө ус хийж өгчихөөд хувцсаа өмсөөд гэрээсээ гараад явсан. Гэрээсээ гарч яваад Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт шинээр баригдаж байгаа ********* давхарт нь орж суусан..оройн 23 цаг хүртэл байсан ба Цагдаагийн байгууллагаас намайг олж ирсэн...Ч.Бтой албан ёсоор гэр бүл болсон...дундаасаа 3 хүүхэдтэй...Би өнөөдөр үхье гэж бодоод гэрээсээ гарсан. Даан ч хүүхдүүдээ бодоод амиа хорлож чадаагүй...” гэсэн мэдүүлэг,
Хохирогч Г.Дын мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин өгсөн “...Шөнө 00:00 цагийн үед нөхөр Бод тариа хийх гээд бостол намайг яасан их унтдаг юм, тариа хийсэн чинь хорлож намайг тарилаа гээд намайг хэлэх хэлэхгүй үгээр хараагаад хэрүүл маргаан үүсэх болгонд өнгөрсөн асуудлыг сөхөж миний хаашаа ч хамаагүй цохиж зоддог. Тэгээд зодчихоод шөнө 2 цагийн үед унтаад үүрээр 4 цагийн үед сэрээд намайг шалтгаангүйгээр намайг зөндөө цохиж зодсон. Хэвтчихээр нь хувцсаа өмсөөд гэрээд гараад гүйчихсэн...Тэгээд би хүсэлтээрээ Түр хамгаалах байранд 2025 оны 06 дугаар сарын 22-нд ирээд байж байна...Өмнө нь намайг 7 хоногт 2-3 удаа надад гар хүрч 1-2 упаа цохиж зоддог байсан. Би Цагдаагийн байгууллагад хандаж байгаагүй...Намайг гараараа миний нүүр хэсэгт хэд хэдэн удаа, ус шүүгчээр толгой хэсэгт 2 удаа цохиж толгойноос цус гарсан...гэрт бид 2 л байсан...Би сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй...эмчилгээ хийлгээгүй тул нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг,
Гэрч Б.Э-ий мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...2025 оны 06 дугаар сарын 21-ний өглөө 05 цаг 58 минутад манай аав Ч.Б над руу залгаад ээж чинь гараад алга болчихсон амиа хорлоно гээд гараад явчихлаа чи хүрээд ирэх үү гэсэн. Тэгээд би гэрээсээ гараад яваад очиход аав байхгүй байсан чатаар залгаж хаана байгааг нь асуухад ээжийг чинь хайж байна одоо очлоо гээд удалгүй ороод ирсэн. Тэгээд юу болсон талаар асуухад танай ээж чинь “би үсрэх барилгаа сонгосон, чамайг хачин болгоно доо” гэж хэлээд гараад явсан аав араас нь гараад автобусны буудал хүртэл хайгаад олдоогүй гэсэн. Тэгээд аав бид 2 салаад ээжийг хайж явсан. Тэгэхэд аав надад ээжий чинь хөл нь гэмтсэн байж магадгүй гэж хэлсэн. Тэгсэн болохоор хол яваагүй байх гэж бодоод гэрийн ойролцоо хайсан. Тэгээд олдоогүй...урьд өмнө нь удаа дараа зодож байсан. Гэхдээ би энэ талаар дэлгэрэнгүй ярьмааргүй байна...” гэх мэдүүлэг,
Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний газрын шинжээчийн 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн ЕГ0725/8456 дугаартай “Г.Дын биед нүүр, толгой тус газар нь гараараа цохиж зодон “баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүн өвдөг, зүүн хацар, эрүү, хоёр бугалга, шуунд цус хуралт, зулайн хуйханд язарсан шарх” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар:
Ч.Б /*********/ нь 2025 оны 6 дугаар сарын 20-аас 21-нд шилжих шөнийн 05:00 цагийн үед Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, ********* тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр болох хохирогч Г.Дыг үл ялих зүйлээр шалтаглан бусадтай хардан маргалдаж улмаар түүний биед халдан нүүр, толгой тус газар нь гараараа цохиж зодон “баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүн өвдөг, зүүн хацар, эрүү, хоёр бугалга, шуунд цус хуралт, зулайн хуйханд язарсан шарх’’ гэмтэл үүсгэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирлыг хүндрүүлэх нөхцөл байдалтай буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилсан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинж нь гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан байхыг шаарддаг ба энэ гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл байдлыг мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт хуульчлан тодорхойлсон.
Хохирогч Г.Д, шүүгдэгч Ч.Б нарын мэдүүлэг болон тэдний хувийн байдлыг тодруулсан лавлагаа зэрэг нотлох баримтуудаар хохирогч Г.Д, шүүгдэгч Ч.Б нар нь хамтын амьдралтай нэг гэр бүлийн гишүүд байх бөгөөд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3.1.1 дэх хэсэгт зааснаар “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд хамаарах этгээдүүд” гэж үзнэ.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 5.1.1 дэх хэсэгт “...гэр бүлийн хүчирхийлэл...” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг…” гэж хуульчилсан.
Шүүгдэгч Ч.Б /*******/ нь 2025 оны 6 дугаар сарын 20-аас 21-нд шилжих шөнийн 05:00 цагийн үед Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, *********** тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр болох хохирогч Г.Дыг үл ялих зүйлээр шалтаглан бусадтай хардан маргалдаж улмаар түүний биед халдан нүүр, толгой тус газар нь гараараа цохиж зодон “баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүн өвдөг, зүүн хацар, эрүү, хоёр бугалга, шуунд цус хуралт, зулайн хуйханд язарсан шарх’’ гэмтэл үүсгэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирлыг хүндрүүлэх нөхцөл байдалтай буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй.
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ч.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлсэн бөгөөд хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч Ч.Быг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтай үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний... эрүүл мэндэд, шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж, мөн зүйлийн 5 дахь хэсэгт “...Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно” гэж тус тус заасан.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Г.Д нь хохирол төлбөртэй холбоотой баримт гаргаж, хохирол нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч Ч.Быг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.
Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1, 513.2 дахь хэсэгт “Бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээд нь гэм буруутай иргэн болон хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй.” гэж,
“Гэм хорыг хариуцвал зохих иргэн, хуулийн этгээд нь буцаан нэхэмжилсэн шаардлагын дагуу уг хуулийн этгээдийг хохиролгүй болгох үүрэгтэй.” гэж заасан.
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогч Г.Дын энэ хэргийн улмаас тусламж үйлчилгээ авсан 49,000 төгрөгийг шүүгдэгч Ч.Б нь төлж барагдуулсан болохыг дурдав.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгч Ч.Быг шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Иймд шүүгдэгч Ч.Бод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр ял оногдуулах саналтай байна...” гэх агуулга бүхий дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын талаар “...Миний үйлчлүүлэгч гэм буруу дээр маргаагүй. Хохирол төлбөрийн хувьд хохирогч гэмт хэргийн улмаас хохирол төлбөр нэхэмжлээгүй тул Ч.Быг бусдад төлөх төлбөргүйд тооцож өгнө үү гэж хүсэж байна. Эдгээр нөхцөл байдлыг харгалзан миний үйлчлүүлэгчид 500 нэгж буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж өгнө үү...” гэх дүгнэлт,
Шүүгдэгч эрүүгийн хариуцлагын талаар “...Маш их харамсаж байна. Хөнгөн шийтгэж өгнө үү...” тайлбарыг тус тус гаргасан.
Шүүгдэгч Ч.Бод эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Ч.Бын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзэв.
Шүүгдэгч Ч.Бод эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ч.Бод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******** овогт Ч-ын Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Быг найман зуу /800/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ч.Бод оногдуулсан торгох ялыг гурав (3) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг түүнд мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Бод авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.УУГАНБААТАР