| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбаатар Ууганбаатар |
| Хэргийн индекс | 194/2025/2263/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/2584 |
| Огноо | 2025-11-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ж.Энхбат |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 11 сарын 14 өдөр
Дугаар 2025/ШЦТ/2584
2025 11 14 2025/ШЦТ/2584
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ууганбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Сүххуяг,
улсын яллагч Ж.Энхбат,
хохирогч М.Х,
шүүгдэгч Н.Э, түүний өмгөөлөгч Д.Баасансүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ****** овогт Н-ын Эд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2509 00000 1172 дугаартай хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ********** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,
****** овогт Н-ын Э /регистрийн дугаар: *********/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Н.Э нь 2025 оны 07 дугаар сарын 07-ны шөнийн 00 цагаас 01 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах ******* сургуулийн хажууд хохирогч М.Хтэй үл ялих зүйлээс болж хоорондоо маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь баруун нүдний зовхинд шарх, зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Н.Э-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2509 00000 1172 дугаартай хэргийг шүүхэд шилжүүлж ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч М.Хий мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх-ийн 9-10-р хуудас/,
Гэрч Т.Ты мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин өгсөн мэдүүлэг /хх-ийн 16-р хуудас/,
Гэрч Х.Хын мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин өгсөн мэдүүлэг /хх-ийн 20-21-р хуудас/,
Н.Э-н мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 28-р хуудас/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн ЕГ0725/9097 дугаартай дүгнэлт /хх-ийн 20-21-р хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, жолоочийн лавлагаа мэдээлэл, автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 32-36-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтыг энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэд шалгаж, тодруулсан байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Улсын яллагч Ж.Энхбат: “...шүүгдэгч Н.Э нь 2025 оны 07 дугаар сарын 07-ны шөнийн 00 цагаас 01 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах ** дүгээр сургуулийн хажууд хохирогч М.Хтэй үл ялих зүйлээс болж хоорондоо маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь баруун нүдний зовхинд шарх, зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүх хуралдааны хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай...” дүгнэлтийг,
Шүүгдэгч Н.Э шүүх хуралдааны хэлэлцүүлэгт: “...Цохисон үйлдэлдээ гэмшиж гэм буруугаа ухамсарлаж байна” гэж,
Хохирогч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт: “...Над руу өдөр шөнөгүй залгаад ядаргаатай байсан. Би ажилтай, хичээлтэй завгүй байхад намайг зураг явуул гээд шаардаад байсан. Манай Х найз очиж уулзана гээд цуг явъя гэсэн. Тухайн өдөр над руу 7, 8 удаа залгаад хараагаад байсан. Өөрт нь хохирол учруулах санаатай очоогүй. Шилний асуудал дээр миний баруун тал руу цохисон. Насаараа сорив тогтоно гэсэн, лазер хагалгаанд орно гэсэн байгаа 3.885.000 төгрөг нэхэмжилж байна...” гэж,
Хохирогч М.Хий мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...2025 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 23 цагийн үед өөрийн найз Хтай Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 100 айл орчим уулзаад 00 цагийн үед цирк рүү ирээл Н гэх хүнтэй уулзсан. Тухайн үед Н 6-7 танихгүй хүмүүстэй хамт явж байсан, Нтой уулзаад байж байсан чинь манай Хийг Н түрүүлээд цохиод авсан. Тэгээд миний нүүр хэсэг рүү Н ганцаараа нэг удаа цохисон. Миний нүдний шил хагарсан, миний баруун нүдний доод хэсгээс нэлээн цус гарсан. Н манай найз хоёр нэлээн асуудалтай байсан, тэгээд уулзаад учраа олъё гээд уулзсан чинь уулзангуутаа миний нүүр хэсэг рүү цохисон. Миний нүдний доогуур шалбарсан, миний нүд хэсгээр өвдөөд байна...” гэх мэдүүлэг,
Гэрч Т.Ты мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг “...2025 оны 07 дугаар сарын 08-ны өдөр...Э нь 85******* гэх дугаараас миний 85****** руу залгаад “Би байкаа мөргүүлчихсэн байгаа юм, тэгээд тухайн хүнээсээ мөнгөө авч чадахгүй байгаа юм, одоо уулзах гэж байна, хамт уулзаад өгөөч ээ” гэх утгатай үг хэлээд тэгээд 31 дүгээр сургуулийн хойхон талд Э ирээд бид нар уулзсан. Тэгээд удалгүй үл таних 2 залуу ирээд Э тэр хоёртой юм ярьж зогсож байгаад маргалдаад өндөр том биетэй, биерхүү залуу нь Э-н нүүрэн тус газар нь цохисон. Тэгтэл Э нь зөрүүлээд тухайн залууг цохисныхоо дараа хажууд байсан нүдний шилтэй залууг нь мөн нүүрэн тус газар нэг удаа цохисон. Тэгээд барьцалдаж байгаад тухайн нүдний шилтэй залуу Э-н дагз хэсэг рүү нэг удаа цохисон. Тэгээд салцгаагаад тухайн залуугийн ах гэх 2 эрэгтэй хүн ирээд аваад явсан. Бид нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Тухайн зодоонд Э болон тухайн 2 залуугаас өөр зодоонд оролцсон зүйл байхгүй...” гэх мэдүүлэг,
Гэрч Х.Хын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...2025 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 23 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт байрлах циркийн ойр орчимд Хий хамт Этай уулзах гэж очтол Э нь 5-6 орчим залуустай хамт байсан. Тэгээд урьд нь болсон асуудал болох видео тоглоомоос болоод маргалдсан ба түүний талаар ярилцаад зогсож байтал Э нь миний нүүрэн тус газар удаа дараа цохисон. Тэгээд би цохиулчхаад зөрүүлээд Э-н нуруу хэсэгт 2-3 удаа гараараа цохисон. Тэгээд байж байтал Э нь миний хажууд зогсож байсан Хий нүүрэн тус газар нэг удаа цохисон. Х нь Э-н биед халдсан зүйл байхгүй. Тэгээд найзууд нь салгаад Х бид хоёр шууд цагдаагийн байгууллагад ирсэн. Миний биед бэртэл гэмтэл учраагүй. Шүүх эмнэлэгт үзүүлэхгүй...” гэх мэдүүлэг,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн ЕГ0725/9097 дугаартай “М.Хий биед баруун нүдний зовхинд шарх, зулгаралт бүхий” хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт,
Н.Э-н мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн “...2025 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 00 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах **** дүгээр сургуулийн орчимд Х, Х хоёртой уулзахаар очиход тэр хоёр түрүүлээд оччихсон хүлээж байсан. Би тухайн үед Т болон түүний ангийн найз болох нэрийг нь мэдэхгүй үл таних 3 хүүхэдтэй хамт Х болон Х хоёртой уулзахад өмнө нь 6 сарын сүүлээр болсон мотоциклын асуудлаар ярилцах гэтэл Х нь учир зүггүй хараал хэлээд, түлхээд хоёулаа дайраад байсан. Тэгээд намайг тайван байлгахгүй байхаар нь Хийг хэсэг холдуулж байгаад Х мотоциклоо харуулах гэтэл Х нь дахин дөхөж ирээд мөр рүү түлхээд байхаар нь цааш холдуулаад Хад мотоциклоо харуултал Х нь “Энэ хогийн сэгийг нь засаж өгөх албатай юм уу” гэх мэтээр доромжлоод миний нүүрэн тус газар нэг мөргөсөн. Тэгээд хажууд нь Х нь гараа зангидаад зогсож байхад нь намайг цохих гэж байна гэж айгаад Хий нүүрэн цус газар нь зүүн гараараа нэг удаа цохисон. Тухайн үед миний биед Х болон Х нар нь миний биед халдсан зүйл байгаа. Тухайн үед болсон асуудлаар би шүүх эмнэлэгт үзүүлээгүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би Хий биед учирсан эрүүл мэндийн зардал болон бусад зардлыг барагдуулна...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар:
Шүүгдэгч Н.Э нь 2025 оны 07 дугаар сарын 07-ны шөнийн 00 цагаас 01 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах **** дүгээр сургуулийн хажууд хохирогч М.Хтэй үл ялих зүйлээс болж хоорондоо маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь баруун нүдний зовхинд шарх, зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилсан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинж нь хүний гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан байхыг шаарддаг.
Шүүгдэгч Н.Э нь хохирогч М.Хийг үл ялих зүйлээр шалтаглан түүний биед халдан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул Н.Э-г уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй.
Тодруулбал, шүүгдэгч Н.Э нь өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн болно.
Иймд Сүхбаатар дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Н.Э-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлсэн бөгөөд хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний... эрүүл мэндэд, шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж, мөн зүйлийн 5 дахь хэсэгт “...Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно” гэж тус тус заасан.
Хохирогч М.Хий гэмтэл, хохиролтой холбоотойгоор мөрдөн шалгах ажиллагааны явцад нэхэмжилсэн нэхэмжлэлээс хавтаст хэргийн 42, 43, 47, 50, 51 дэх талд авагдсан баримтууд энэ хэрэгт хамааралгүй байна.
Харин хавтаст хэргийн 44, 45, 46, 48, 49, 52, 53 дахь талуудад авагдсан 834,487 төгрөгийн баримтууд энэ хэргийн улмаас эрүүл мэндэд эмчилгээ хийлгэхэд зарцуулсан төлбөр байх тул эдгээр нэхэмжлэлийг хангаж, хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 4,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 3,952,080 төгрөөр тогтоож шүүгдэгчээс нийт 4,786,567 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгчийн төлсөн 200,000 төгрөгийг дээрх төлбөрөөс хасаж тооцно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч “... Шүүхээс шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Н.Эд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна...” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч Н.Э эрүүгийн хариуцлагын талаар: “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү...” гэж,
Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын талаар: “...Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.4-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон. Хохирол төлбөрөө төлнө гэдгээ илэрхийлсэн. Э-н хувьд яагаад шүүх эмнэлэгт хандаагүй гэдгээ хэлэхдээ хууль мэдэхгүй байсан талаараа хэлсэн. Энэ нөхцөл байдлыг харгалзан үзээд улсын яллагчийн саналыг дэмжиж байна...” гэх агуулга бүхий дүгнэлт, тайлбарыг гаргасан.
Шүүгдэгч Н.Эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт эрүүгийн хариуцлагыг “дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж хуульчилсан.
Шүүгдэгч Н.Э-н гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал болон гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал зэргийг нь тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас торгох ялыг сонгож 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг сонгон оногдуулах нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзэв.
Шүүгдэгч Н.Эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Н.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ****** овогт Н-ын Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э-г таван зуун /500/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Эд оногдуулсан торгох ялыг гурав (3) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Эас 4,586,567 төгрөгийг гаргуулан хохирогч М.Хд олгуулж, тэрээр энэ гэмт хэргийн улмаас цаашид эмчилгээ хийлгэсэн баримтаа бүрдүүлэн иргэний журмаар гэм буруутай этгээд шүүгдэгч Н.Эас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Эд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.УУГАНБААТАР