| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөртогоогийн Болормаа |
| Хэргийн индекс | 101/2023/03772/И |
| Дугаар | 101/ШШ2023/03718 |
| Огноо | 2023-08-22 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 08 сарын 22 өдөр
Дугаар 101/ШШ2023/03718
2023 08 22 101/ШШ2023/03718
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Б даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: М.М нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.А холбогдох 2,200,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч М.М,
Хариуцагч Б.А,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Э нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.Мшүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2023-03-11-ний өдөр Б.А авто машин худалдана гэсэн зарын дагуу түүнтэй холбогдож “X Trail” маркийн ... улсын дугаартай автомашиныг худалдан авахаар тохиролцож, урьдчилгаанд 2,200,000 төгрөгийг төлж, үлдэх төлбөрийг ББСБ-ын зээлийг төлөх нөхцөлтэйгөөр худалдан авсан. Б.А ... дугаарын ХААН банкны данс руу 2,200,000 төгрөгийг шилжүүлсэн. Машинд хийх зүйл байхгүй гэж худалдсан боловч доогуураа бага зэрэг дуутай, чекны гэрэл асахгүй байсан. 3 хоноод машин хүчгүй болсон. Доголдоод байгааг цаг тухайд хэлсэн өмнөх авсан хүнээсээ асууж өгье гэж хэлдэг байсан. Ингээд 2023-04-18-ны өдөр автомашиныг буцааж өгсөн, машиныг ББСБ-д хураалгасан гэж байсан. Б.А-гаас 500,000 төгрөгийг авсан нь үнэн, энэ хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж 1,700,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Б.Ашүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2023-03-11-ний өдөр “X Trail” маркийн ... улсын дугаартай автомашиныг М.М-д худалдахаар тохиролцож урьдчилгаанд 2,200,000 төгрөгийг авсан. Автомашиныг худалдан авчихаад доголдоод байна гэсэн учир машиныг буцаан авч 500,000 төгрөгийг буцааж өгсөн.
Автомашин Есөн шижир ББСБ ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй байсан ба 2023-04-12-ны өдөр зээлийн төлбөрт хураалгасан. М.М-д автомашиныг худалдсан хэдий ч 2023-04-10-ны өдөр оношилгоонд оруулж 350,000 төгрөгийг би төлсөн. Надад ч гэсэн хохиролтой байна, хэрэв түрээслэсэн бол өдрийн 50,000 төгрөгөөр түрээслэх боломжтой байсан. М.М-ын нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.
Нэхэмжлэгчээс: УТХ төлсөн баримт, иргэний үнэмлэхний хуулбар, ХААН банкы ........дансны хуулга зэрэг баримтуудыг шүүхэд ирүүлсэн, хариуцагчаас: иргэний үнэмлэхний хуулбарыг нотлох баримт ирүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч М.М хариуцагч Б.А-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт төлсөн төлбөр 2,200,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Шүүх хуралдааны шатанд нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Б.А буцаан төлсөн 500,000 төгрөгийг хасч, 1,700,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилснийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч М.М нь 2023-03-11-ний өдөр Б.А“X Trail” маркийн ..... улсын дугаартай автомашиныг худалдан авахаар амаар тохиролцож, урьдчилгаанд 2,200,000 төгрөгийг төлсөн. Автомашин доголдолтой байсан учир автомашиныг буцаан өгсөн учир урьдчилгаа төлбөрт төлсөн 2,200,000 төгрөгөөс хариуцагч Б.А буцаан төлсөн 500,000 төгрөгийг хасч үлдэх 1,700,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа тодорхойлсон.
3. Хариуцагч Б.А нь 2023-03-11-ний өдөр “X Trail” маркийн .... улсын дугаартай автомашиныг худалдсан, урьдчилгаанд 2,200,000 төгрөгийг авсан дээр маргаагүй. Харин мөн автомашиныг худалдан борлуулсан хэдий ч М.М автомашиныг шалгаж авчихаад эвдэрсэн гэсэн учир автомашиныг оношлуулах төлбөрт 350,000 төгрөг төлсөн, ББСБ байгууллагад автомашиныг буцаан өгч М.М-д 500,000 төгрөгийг буцаан төлсөн тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан.
4. Зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.
5. Хариуцагч Б.А нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 234.2 дахь хэсэгт зааснаар “Худалдагч нь худалдаж байгаа эд хөрөнгийн зориулалт, хэрэглээний шинж чанар, хадгалах, хэрэглэх, тээвэрлэх нөхцөл, журам, баталгаат болон эдэлгээний хугацаа, үйлдвэрлэгчтэй холбогдсон үнэн зөв, бүрэн мэдээллийг худалдан авагчид өгөх үүрэгтэй.
Зохигч .... улсын дугаартай автомашин доголдолтой байснаас 2023-03-11-ний өдрийн худалдах-худалдан авах гэрээ цуцлагдсан дээр зохигч маргаагүй.
6. Мөн зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараас 62-10 УНЗ улсын дугаартай автомашин нь хариуцагч Б.А өмчлөлийн эд хөрөнгө бус Е ББСБ ХХК-ийн өмч бөгөөд, худалдан борлуулахдаа өмчлөгчөөс зөвшөөрөл аваагүй гэж үзэхээр байна.
Иймд нэхэмжлэгч М.М нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-нд зааснаар учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй байх тул хариуцагч Б.А 1,700,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
7. Нэхэмжлэгч М.М улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50,150 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Б.А 1,700,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 42,150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож хуульд зааснаар хуваарилан шийдвэрлэх.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.А1,700,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.М олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 50,150 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Б.А 42,150 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М.М-д олгосугай.
3. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.Б