| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Жаргалан |
| Хэргийн индекс | 129/2022/00471/И |
| Дугаар | 129/ШШ2023/00334 |
| Огноо | 2023-06-26 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 06 сарын 26 өдөр
Дугаар 129/ШШ2023/00334
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: 1973 онд төрсөн эрэгтэй, Архангай аймгийн Х сумын 1 дүгээр багт оршин суух, Б овогт Ж Б /РД:*********/-гийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: 1977 онд төрсөн, эмэгтэй, Архангай аймгийн И сумын Борт багт оршин суух, Э овогт Цын М /РД:***********/-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: 2,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Оюунгэрэл
Хариуцагч Ц.Мд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч ирээгүй, шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт, нотлох баримт ирүүлээгүй тул хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй гэж үзэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг баримтлан түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ж.Б нь 2,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
- Ж.Б нь 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр **** УАО улсын дугаартай Вангор маркийн тээврийн хэрэгслийн араас мөргөж, осол гаргасан. Тухайн үед Вангор маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Мтай тохиролцож, түүний эвдрэлийг 5,000,000 төгрөгт тооцож төлсөн ба ийнхүү төлөхдөө машины эвдэрсэн эд анги болох багааж буюу 5 дугаар хаалгыг буцааж авахаар тохирсон юм. Гэтэл Ц.М нь 5,000,000 төгрөг авсан хирнээ багааж буюу 5 дугаар хаалгыг буцааж өгөхгүй байгаа. Иймд Ц.Маас Вангор машины багаажны үнэ буюу 2,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Ц.М шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Ж.Бгийн нэхэмжлэлтэй Ц.Мд холбогдох иргэний хэрэгт хариуцагчаар татагдсан Ц.М миний бие тус шүүхэд дараах тайлбарыг гаргаж байна. 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр намайг өөрийн эзэмшлийн ******* АРА улсын дугаартай Вангвоурд маркийн тээврийн хэрэгслээ жолоодоод нэгдсэн эмнэлгийн уулзварт явж байхад Ж.Б нь **** УАО улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад миний машины араас хүчтэй мөргөсөн. Түүний улмаас миний машины ард гупер дундуураа хагарч, багаажны хаалга дотор гадаргүй цөмөрч, доод тэнхлэг дотогшоо цөмөрч орсон байсан. Тухайн үед миний дуудлагаар цагдаагийн албан хаагч ирээд хэмжилт хийгээд зураг аваад явсан. Жолооч Ж.Б нь тухайн үед жолоочийн хариуцлагын даатгалгүй тээврийн хэрэгсэл жолоодож явсан. Үнэлгээний хүмүүс ирсэн чинь охин нь гээд н.Оюунгэрэл гэдэг хүн бид үнэлгээ гаргуулахгүй, хоорондоо тохиръё гээд гаргуулалгүй явуулсан. Бид хоорондоо ярилцаад хохирлыг 5,000,000 төгрөгөөр тооцсон. Тухайн машины хаалгыг өгнө гэж огт ярилцаагүй. Би машиндаа багаажны шинэ хаалга авч тавиагүй, эхлээд аймгийн төвд засварчнаар янзлуулсан чинь хаалганы гажаа гаргаж чадахгүй, арын рамыг тэгшлэх боломжгүй гээд байхаар нь би Улаанбаатар хот орж төв Гандангийн ар талд байрлах Вьетнам засварын газарт 4,000,000 төгрөгөөр янзлуулсан. Тэгээд өмнөх засварчинд өгсөн мөнгөтэй нийлүүлээд нийт 5,800,000 төгрөгөөр би машинаа янзлуулсан. Энэ мөнгөнд миний ирж буцах зардал ороогүй. Осол болсны дараа Ж.Бг тархины хавдартай, үзүүлэх гэж явж байна гээд хамт явсан н.Оюунгэрэл гэдэг эмэгтэй гуйгаад байсан болохоор би нэг их үнэрхэж, гомдолтой гэж яваагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд нотлох баримт өгч, хүсэлт гаргаж шийдвэрлүүлэх болно гэжээ.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ж.Б нь Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрт зорчин явах үедээ хариуцагч Ц.Мын Вангор маркийн тээврийн хэрэгсэлийн араас мөргөж Вангор маркийн машины багаажны хаалганд гэмтэл учруулсан. Багаажинд учирсан гэмтлийг тухайн цаг хугацаанд үнэлүүлээгүйгээр шинэ хаалганы мөнгийг өгөөд хуучин хаалгыг нь 2,500,000 төгрөгт тооцож авахаар тохиролцоо хийгээд үүнийгээ бичгээр Цагдаагийн байгууллагад мэдэгдсэн байдаг. Тухайн үед н.Оюунгэрэл гэх хүний данснаас 5,000,000 төгрөгийг хариуцагч Ц.Мын данс руу шилжүүлсэн байдаг. Хариуцагч нь 5,000,000 төгрөг авсан үйл баримттай маргадаггүй. Хариуцагч нь багаажийг буцааж өгнө гэсэн боловч буцааж өгөөгүй, учир нь тухайн багаажийг шинээр солиогүй засварласан байдаг. Ийм учраас тохиролцооны дагуу багаажны үнэ болох 2,500,000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тухайн үедээ энэ хүмүүсийн хооронд болсон яриа болон яагаад багаажийг буцаан авахаар болсон талаар гэрч н.Оюунгэрэл тодорхой мэдүүлсэн байгаа. Хариуцагч нь мөн хариу тайлбартаа шинэ хаалга яагаад авч чадаагүй талаараа тодорхой тайлбар хэлдэггүй. Мал аваад авч чадаагүй л гэж хэлдэг. Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үүгэв.
4. Нэхэмжлэгчээс:
- 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр А.Оюунгэрэлээс Ц.Мд 2,000,000 төгрөг, 3,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн ХААН банкны шилжүүлгийн баримт,
- 0546 АРА Vanguard маркийн машины гэрэл зураг,
- Ц.Мын Архангай аймгийн Цагдаагийн газарт гаргасан хүсэлт,
- Ж.Бгийн Архангай аймгийн Цагдаагийн газарт гаргасан хүсэлт,
- Тус шүүхийн шүүгчийн 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 1135 дугаар захирамж зэрэг нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.*******гийн хүсэлтээр шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:
- Гэрч А.Оюунгэрэлээс авсан мэдүүлэг /хх-н 86-87х/
- А.Оюунгэрэлийн эзэмшлийн “Iphone 11 pro” маркийн 94995353 дугаарын гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл,
- Нэг ширхэг CD
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Ж.Бгийн хариуцагч Ц.Мд холбогдуулан гаргасан 2,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч доорхи үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
... Ж.Б нь 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 0178 УАО улсын дугаартай Вангор маркийн тээврийн хэрэгслийн араас мөргөж, осол гаргасан. Тухайн үед Вангор маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Ц.Мтай тохиролцож, түүний эвдрэлийг 5,000,000 төгрөгт тооцож төлсөн ба ийнхүү төлөхдөө машины эвдэрсэн эд анги болох багааж буюу 5 дугаар хаалгыг буцааж авахаар тохирсон юм. Гэтэл Ц.М нь 5,000,000 төгрөг авсан хирнээ багаж буюу 5 дугаар хаалгыг буцааж өгөхгүй байгаа. Иймд Ц.Маас Вангор машины багажны үнэ буюу 2,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
3. Хариуцагч доорхи байдлаар нэхэмжлэлийн хариу тайлбарыг шүүхэд гаргасан.
... 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр намайг өөрийн эзэмшлийн ******* АРА улсын дугаартай Вангвоурд маркийн тээврийн хэрэгслээ жолоодоод нэгдсэн эмнэлгийн уулзварт явж байхад Ж.Б нь 01-78 УАО улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад миний машины араас хүчтэй мөргөсөн. Түүний улмаас миний машины ард гупер дундуураа хагарч, багажны хаалга дотор гадаргүй цөмөрч, доод тэнхлэг дотогшоо цөмөрч орсон байсан. Тухайн үед миний дуудлагаар цагдаагийн албан хаагч ирээд хэмжилт хийгээд зураг аваад явсан. Жолооч Ж.Б нь тухайн үед жолоочийн хариуцлагын даатгалгүй тээврийн хэрэгсэл жолоодож явсан. Үнэлгээний хүмүүс ирсэн чинь охин нь гээд н.Оюунгэрэл гэдэг хүн бид үнэлгээ гаргуулахгүй, хоорондоо тохиръё гээд гаргуулалгүй явуулсан. Бид хоорондоо ярилцаад хохирлыг 5,000,000 төгрөгөөр тооцсон. Тухайн машины хаалгыг өгнө гэж огт ярилцаагүй. Тэгээд өмнөх засварчинд өгсөн мөнгөтэй нийлүүлээд нийт 5,800,000 төгрөгөөр би машинаа янзлуулсан. Энэ мөнгөнд миний ирж буцах зардал ороогүй. Осол болсны дараа Ж.Бг тархины хавдартай, үзүүлэх гэж явж байна гээд хамт явсан н.Оюунгэрэл гэдэг эмэгтэй гуйгаад байсан болохоор би нэг их үнэрхэж, гомдолтой гэж яваагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд нотлох баримт өгч, хүсэлт гаргаж шийдвэрлүүлэх болно гэжээ.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр А.Оээс Ц.Мд 2,000,000 төгрөг, 3,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн ХААН банкны шилжүүлгийн баримт, 0546 АРА Vanguard маркийн машины эвдрэлийг харуулсан гэрэл зураг, Ц.Мын Архангай аймгийн Цагдаагийн газарт гаргасан хүсэлт, Ж.Бгийн Архангай аймгийн Цагдаагийн газарт гаргасан хүсэлт, гэрч А.Оюунгэрэлийн шүүхэд өгсөн мэдүүлэг /хх-н 3-7, 86-87ху/ зэрэг баримтаар нэхэмжлэгч Ж.Б нь 01-78 УАО улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад Ц.Мын эзэмшлийн ******* АРА улсын дугаартай Вангвоурд маркийн тээврийн хэрэгслийн араас мөргөж осол гарган хохирлын төлбөрт 5,000,000 төгрөг хариуцагч Ц.Мд төлсөн болох нь тогтоогдож байна.
Хэрэгт авагдсан нэхэмжлэгч Ж.Бгийн Архангай аймгийн Цагдаагийн газарт гаргасан “...мөргүүлсэн машины арын багажийг би өөрөө авахаар тохирсон” гэх тайлбар /хх-н 7/, гэрч А.Оюунгэрэлийн “...Ж.Б машиныг жолоодож яваад осол гаргасан нь үнэн. Би 5,000,000 төгрөгийг Ц.Мд шилжүүлсэн. Ингэхдээ эвдэрсэн багаажны хаалга буюу 5 дугаар хаалгыг өөрөө авахаар тохирсон. Багаажны хаалгыг засаад зарвал 2,500,000 төгрөгөөр зарагдах боломжтой юм байна лээ. ...машины хаалгыг засуулсны дараа 1,000,000 төгрөг өгөөд салъя гэсэн санал тавихаар нь эвдэрсэн хаалга нь 2,500,000 төгрөгөөр зарагдах боломжтой байсан тул мөнгийг нь аваагүй.” гэх мэдүүлэг зэрэг баримтаар Ж.Б нь 5 сая төгрөг Ц.Мд төлж эвдэрсэн 5 дугаар хаалгыг Ж.Б авахаар тохиролцсон болох нь тогтоогдож байна.
Хариуцагч Ц.М эвдэрсэн 5 дугаар хаалгыг солилгүй, засварласан, нэхэмжлэгчид 5 дугаар хаалга өгөөгүй нь нэхэмжлэгч Ж.Бгаас хариуцагч Ц.Мд эвдрэлгүй хаалга худалдан авах үнэ төлбөрийг шилжүүлсэн хүсэл зоригт нийцээгүй байна.
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, ... бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө буцаан шаардах эрхтэй” гэж заасан.
Нэхэмжлэгч Ж.Б нь хариуцагч Ц.Мд эвдэрсэн 5 дугаар хаалгыг засварлах төлбөрийг төлснөөр уг хаалгатай холбоотой төлбөр барагдуулах түүний үүрэг дуусгавар болох байсан бөгөөд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасны дагуу хөрөнгө олж авсан этгээд болох хариуцагч Ц.Мд солиогүй 5 дугаар хаалганы үнийг бүтнээр төлөх үүрэг нэхэмжлэгч Ж.Бд үүсээгүй.
Хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Бгийн хариуцагч Ц.Маас эвдэрсэн 5 дугаар хаалганы үнэ 2.500.000 төгрөгийг нэхэмжилсэн нь үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй.
Хариуцагч Ц.М нэхэмжлэгчийн үнэлж нэхэмжилж байгаа үнийн дүнг нотлох баримтаар няцаагаагүй тул эвдэрсэн 5 дугаар хаалганы үнийг 2,500,000 төгрөгөөр тооцсон болно.
Монгол Улсын Дээд шүүхийн 2023 оны 04 сарын 14-ний өдрийн 17 дугаартай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38, 120, 124, 166, 167 дугаар зүйлийн зарим заалтыг тайлбарлах тухай тогтоолд: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсгийн: “шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах” гэдгийг нотлох баримт бүрдүүлэх зорилгоор дараах тохиолдолд шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах ажиллагаа гэж ойлгоно. а/. Хэргийн оролцогч нотлох баримт гаргаж өгөх үүргээ биелүүлсэн боловч шүүх хуралдаан дээр мэтгэлцээн явагдсанаар шинээр нотлох баримт шаардлагатай нөхцөл байдал илэрснийг мэдэгдэж, уг баримтыг гаргуулах хүсэлт гаргасныг шүүх үндэслэлтэй гэж үзсэн; б/. Гэр бүлийн холбогдолтой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүүхдийн эрх ашигтай холбоотой маргаан, онцгой ажиллагааны журмаар хэргийг тус тус хянан шийдвэрлэхэд шинээр нотлох баримт шаардлагатай гэж шүүх үзсэн; в/. Хэрэг, маргаанд нэмэлт эсхүл дахин шинжээч томилох шаардлагатай гэж шүүх үзэх нөхцөл байдал хамаарна гэж заасан.
Иймээс нэхэмжлэгч Ж.Бийн нэхэмжлэлтэй хариуцагч Ц.Мд холбогдох иргэний хэрэгт шүүх санаачилгаараа маргааны зүйл болох багаж буюу 5 дугаар хаалганы үнэлгээг тогтоолгохоор шинжээч томилоогүй болно. Мөн нэхэмжлэгч хариуцагч талууд үнэлгээ тогтоолгохоор шинжээч томилуулах хүсэлт гаргаагүй бөгөөд хариуцагч Ц.М Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т заасан нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбараа өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй болохыг дурдах нь зүйтэй.
5. Нэхэмжлэгч талын хүсэлтээр гэрч А.Оийн эзэмшлийн Iphone 11 pro маркийн гар утсанд үзлэг хийж, 08 минут 13 секундийн ярианы бичлэгийг CD-нд хуулбарлуулан нотлох баримтаар хэрэгт хавсаргасан бөгөөд ярианы бичлэгийг Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан зөвшөөрөгдсөн мэдээлэл гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д заасан үндэслэлээр нотлох баримтаар үнэлээгүй болно.
6. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54,950 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Маас 54,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид Ж.Бд олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан хариуцагч Ц.Маас 2,500,000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Бд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54,950 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээж, хариуцагч Ц.Маас 54,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Бд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЖАРГАЛАН