Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 1406

 

Б.Г-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдзах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Ч.Цэнд, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2019/01178 дугаар шийдвэртэй, Б.Г-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Ш-” УТҮГ-т холбогдох, тус газрын захирлын 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 01 дугаар тушаалыг хүчингүй болгож, өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Г-, түүний өмгөөлөгч А.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нар оролцов.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэл болон тайлбартаа: Миний бие Ш-гийн захирлын 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 01 дугаар тушаалыг эс зөвшөөрч байна. Учир нь тус тушаал иргэн миний Монгол Улсын Үндсэн хууль, Хөдөлмөрийн тухай хууль болон бусад хууль тогтоомжоор хамгаалагдсан хөдөлмөрлөх эрхийг зөрчиж хязгаарласан. Тодруулбал, дээрх тушаалыг гаргахдаа тус байгууллагын захирал гэх Д.Э нь Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Б/02 дугаартай тушаалаар ажлаасаа чөлөөлөгдсөн, эрх хэмжээгүй болсон үедээ гаргасан байдаг.

Түүнчлэн, Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-т заасан байнгын ажлын байранд гэрээг хугацаагүй байгуулна, мөн зүйлийн 23.3 дах хэсэгт хөдөлмөрийн хугацаатай гэрээний хугацаа дуусмагц талууд түүнийг цуцлах санал тавиагүй бөгөөд ажилтан ажлаа гүйцэтгэсээр байгаа бол гэрээг анх заасан хугацаагаар сунгагдсанд тооцно гэсэн заалтуудыг ноцтойгоор зөрчсөн.

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1, 24 дүгээр зүйл, 37 дугаар зүйлийн 37.1.3, 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан хөдөлмөрийн гэрээ дуусах нөхцөл болон үндэслэл тогтоогдоогүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дах хэсэгт заасны дагуу ажил олгогч нь 1 сарын өмнө ажилтанд мэдэгдэх ёстой гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн.

Иймд “Ш-” УТҮГ-ын захирлын 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 01 дугаар тушаалыг хүчингүй болгож, өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тайлбартаа: Хариуцагчийн зүгээс дээрх тушаал нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дах хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч Б.Г-ийг “Ш-” УТҮГ-ын Захиргаа, хяналт шинжилгээний хэлтсийн даргын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 2 860 408 төгрөгийг хариуцагч “Ш-” УТҮГ-аас гаргуулан нэхэмжлэгч Б.Г-т олгож, нэхэмжлэлээс үлдэх 619 592 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт холбогдох нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар Б.Г-ийн нэхэмжлэлийн шаардлага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар “Ш-” УТҮГ-аас улсын тэмдэгтийн хураамжид 60 716 төгрөг гаргуулан улсын төсөвт оруулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бухий байх шаардлагыг хангаагүй. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн үндэслэлээ, талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн хөдөлмөрийн гэрээнд тусгагдсан нөхцөл буюу албан тушаалын нэр, үндсэн цалин, ажил, амралтын цаг, ажилтны эрх, үүрэг, гэрээ дуусгавар болгох нөхцөл зэрэг зохицуулалтаас харахад “Шинжпэх ухаан, технологийн сан” УТҮГ-ын захиргаа, хяналт шинжилгээний хэлтсийн даргын ажил, албан тушаал нь байнгын ажлын байрны шинжийг агуулж байх тул хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д нийцээгүй байна гэсэн.

Б.Г- нь 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн хариуцагч байгууллагын Захиргаа, хяналт шинжилгээний хэлтсийн даргын тушаалд 2018 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаагаар томилогдон ажиллаж байсан. Түүнийг энэхүү албан тушаалд хугацаатай томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулсан үндэслэл нь тухайн үеийн удирдлагуудын зүгээс уг хэлтэс нь байгууллагын гол үйл ажиллагаа, удирдлагыг хариуцдаг хэлтэс учраас олон жил ажилласан дадлага, туршлагатай ажилтан гэдгийг нь үндэслэж түр хугацаагаар буюу 6 сарын хугацаатайгаар, уг ажлын байранд тохирох мэргэжилтэн эсэхийг тогтоох зорилгоор түүнтэй харилцан тохиролцсоны үндсэн дээр хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулан ажиллуулсан.

Мөн хариуцагч байгууллагын ажилчид нь ажил, албан тушаалын зэрэглэлийн хувьд төрийн үйлчилгээний албан тушаалд хамаардаг учраас ажилтны ажлын үр дүнг үнэлэж, дүгнэх зорилгоор хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулдаг. Гэтэл шүүх хөдөлмөрийн гэрээний гол нөхцлүүдийг заасан учраас тухайн ажлын байр нь байнгын ажлын байр гэж дүгнэлт хийсэн нь хууль бус.

Учир нь, манай байгууллагын хувьд Хөдөлмөрийн тухай хууль, Шинжлэх ухаан технологийн сангийн Хөдөлмөрийн дотоод журамд заасан үндэслэл журмыг баримтлан Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт заасан хөдөлмөрийн гэрээний гол нөхцөлүүдийг гэрээндээ тусгасан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д зааснаар Б.Г-тэй хөдөлмөрийн гэрээний нөхцлүүдийг нэг бүрчлэн харилцан тохиролцож мэргэжил, ур чадвар нь тухайн албан тушаалд тэнцэж, цаашид ажиллах боломжтой эсэхийг тогтоох үүднээс түүнтэй 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс тус оны 6  дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаагаар хөдөлмөрийн гэрээг байгуулж, хуульд заасан зохих журмын дагуу хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусахад цуцлах санал тавилгүйгээр 1 жилийн хугацаанд ажиллуулсан. Уг үйл баримтад хууль зөрчсөн зүйл байхгүй. Хэрэв Б.Г- нь хөдөлмөрийн гэрээний нөхцлийг зөвшөөрөөгүй бол гэрээнд гарын үсэг зурахгүй байх, түүнчлэн гэрээний зүйл, заалтыг өөрчлөх, гэрээнд нэмэлт оруулах,                                       гэрээг хүчингүй болгуулахаар хандах хангалттай хугацаа байхад энэ талаар нэг ч удаа хандаж байгаагүй.

Мөн “Ш-” УТҮГ-ын захирлын 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 01 дугаар тушаал нь нэхэмжлэгчийн шүүхэд хандан нэхэмжлэл гаргах үндэслэл болсон байх тул хүчингүй болгох шаардлагагүй буюу нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд шийдвэрлэх шаардлагагүй” гэсэн. Гэвч ажлаас халсан тушаалыг хууль бус бөгөөд хүчингүйд тооцож байж тухайн нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтооно. Гэтэл гол үндэслэл болсон тушаалдаа дүгнэлт өгч, нэхэмжпэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэхгүй гэсэн атлаа нэхэмжлэгчийн өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилсон шийдвэр гаргасан нь үндэслэлгүй логикийн алдаатай байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг зөрчсөн гэдгийг харуулж байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хэргийн бодит байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй. Б.Г-ийг ажлаас халсан “Ш-” УТҮГ-ын захирлын 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 01 дугаар тушаалыг хууль бус гэж дүгнэсний үндсэн дээр түүнийг ажилд нь эгүүлэн томилох шийдвэр гаргасан. Гэтэл шүүх хэрэгт хангалттай нотлох баримт цуглараагүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн үндэслэлийн тухайд хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссанаас гадна, тэрээр Захиргааны хяналт, шинжилгээний хэлтсийн даргаар ажиллаж байх хугацаандаа байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 13.3.2, 13.3.5, 13.3.6 дах хэсгүүдийг зөрчсөн буюу хэлтсийн даргын үүргийг шаардлагын хэмжээнд гүйцэтгэж чадаагүйн улмаас хэлтсийн үйл ажиллагаа доголдсон, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэггүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр олон хоног ажилдаа ирээгүй, хамт олны эв нэгдлийг бутаргах зохион байгуулалттай үйл ажиллагаа явуулсан зэрэг зөрчлүүдийг удаа дараа гаргаж байсан нь холбогдох баримтуудаар нотлогдож байсан учраас тус үндэслэлүүдийг баримтлан 01 дугаар тушаал гаргасан.

Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар Б.Г-ийн хөдөлмөрийн гэрээний хугацаа 2018 оны 12 дугаар сард дуусгавар болсон нь хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээний хуулбараар нотлогдож байхад шүүх энэ талаар дүгнэлт тайлбар хийгээгүй. Мөн хэрэг хянан шийдвэрлэхэд зайлшгүй чухал, ач холбогдолтой баримт болох 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 01 дугаартай ажлаас чөлөөлөх тушаалын үндэслэл болсон Шинжпэх ухаан технологийн сангийн хөдөлмөрийн дотоод журам хэрэгт авагдаагүй. Б.Г- нь ажиллаж байх хугацаандаа Хөдөлмөрийн дотоод журамд заасан Хөдөлмөрийн гэрээг шууд дуусгавар болгохоор ноцтой зөрчлүүд гаргаж байсан талаарх үндэслэлүүдийг үүнд дурдсан байдаг.

Тухайлбал, Хөдөлмөрийн дотоод журмын 13.3.2 амт олны эв нэгдлийг үймээн бутаргах үйл ажиллагаа явуулсан, байгууллага, албадын удирдлагад ямар нэг байдлаар дарамт, шахалт үзүүлсэн, 13.3.6 Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр улиралд нийлбэрээр 24 цаг буюу дараалан 3 өдөр ажил тасалсан бол Хөдөлмөрийн харилцааг дуусгавар болно гэж заасан байдаг. Гэтэл шүүх зөвхөн гэрээний хугацаа дууссан гэдэг дүгнэлт өгсөн боловч тушаалд дурдагдсан бусад үндэслэл нь нотлогдож байгаа эсэхэд дүн шинжилгээ хийгээгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжпэгч ажлаас халсан тушаалыг хууль бус гэж үзэж байгаа бол түүнийгээ нотлох баримтуудыг өөрөө гаргаж өгөх үүрэгтэй, мөн шүүх хуралдааны явцад хэргийг шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай баримт байна гэж үзвэл зохигчдоос шаардан гаргуулах эрхийг шүүх эдлэхээр заасан.

Гэтэл тушаалын үндэслэл болсон Хөдөлмөрийн дотоод журам, холбогдох баримтуудыг шүүхийн журмаар гаргах боломжтой байхад тус ажиллагааг хийхгүйгээр зөвхөн нэг талын буюу нэхэмжлэгч талын гаргаж өгсөн баримтад тулгуурлан үнэлэлт дүгнэлт өгч хууль бус шийдвэр гаргасан. “Ш-” УТҮГ-ын захирал Д.Энхжаргалыг бүрэн эрхгүй байхдаа ажлаас чөлөөлөх тушаал гаргасан гэсэн нь үндэслэлгүй. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Д.Энхжаргалыг ажлаас чөлөөлсөн тушаал гаргасан боловч, тус тушаалыг албан ёсоор мэдэгдэж, гардуулж өгсөн өдөр нь 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр байгаа нь “ШУТСангийн захирал Д.Энхжаргалын ажил хүлээлцэх үйл ажиллагааны протокол”-ын тэмдэглэлээр нотлогдож байхад үүнийг тушаал гаргасан                         өдрөөр эрх хэмжээ нь дуусгавар болсон байна гэж тайлбарласан нь эрх зүйн үндэслэлгүй юм.

Д.Энхжаргалын хариуцагч байгууллагын захирлын эрх хэмжээ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дах хэсэгт зааснаар ажилтан ажил хүлээлгэн өгсөн сүүлчийн өдрийг ажлаас халагдсан өдөр гэж үзнэ гэсний дагуу ажпаас халсан тушаалыг хүлээн авч, ажил үүргээ хүлээлгэн өгсөн өдрөөр дуусгавар болохоор байна. Тушаалыг хүлээн авч, албан ёсоор танилцуулснаар эрх, үүрэг нь албан ёсоор дуусах бөгөөд уг өдрөөс өмнө буюу 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр гаргасан тушаал нь                  эрх зүйн үндэслэлийн хувьд эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан хүчин төгөлдөр шийдвэр юм.

Мөн шүүх хэргийг хянан хэлэлцэж шийдвэр гаргахад чухал ач холбогдолтой нотлох баримтууд болох Шинжпэх ухаан технологийн сангийн хөдөлмөрийн дотоод журам, Б.Г-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний заалт, гэрээний нөхцлүүд, “Ш-” УТҮГ-ын захирал Д.Энхжаргалын ажил хүлээлцэх үйл ажиллагааны протокол зэрэг баримтуудыг хэрэгт хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж дүгнэлгүй, хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан тул уг шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Б.Г- нь хариуцагч “Ш-” УТҮГ-т холбогдуулан тус газрын захирлын 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 01 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч тал эс зөвшөөрч маргажээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтууд болон талуудын тайлбараас үзвэл, хариуцагч байгууллага нь нэхэмжлэгч Б.Г-ийг 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд захиргаа, хяналт шинжилгээний хэлтсийн даргын албан тушаалд ажиллуулахаар тохиролцож, хөдөлмөрийн гэрээ байгуулсан байна. /хх23-28/ Улмаар, ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, 38 дугаар зүйлийн 38.1.2, Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 13.3.2, 13.3.5, 13.3.6 дах хэсэгт заасныг баримтлан 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 01 дугаартай “Б.Г-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгон ажлаас чөлөөлөх тухай” тушаал /хх4/ гаргаж, үндэслэлээ гэрээний хугацаа 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болсон гэж тодорхойлжээ.

 

Иргэний хуулийн 72 дугаар зүйлд хугацаа тоолох журмыг хуульчлан тогтоосон. Энэ журамд зааснаар тухайн хөдөлмөрийн гэрээний хугацаа 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусч байхад 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр гэрээг цуцалж байгаа нь буруу, хууль зүйн үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн гэрээний хугацааг 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дууссан гэж байгаа бол тухайн өдөр гэрээг дуусгавар болгох байжээ. Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.7 дах хэсэгт зааснаар хугацааг сунгах тохиолдолд хугацаа дууссан үеэс шинэ хугацаа тоологдоно гэж зохицуулсан бөгөөд дээрх тохиолдолд 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн хөдөлмөрийн гэрээний хугацаа сунгагдсан гэж үзэх тул уг тушаалд заасан үндэслэл хуульд нийцэхгүй байна.

 

Дээрхээс гадна, анхан шатны шүүх талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний зохицуулалтыг шийдвэртээ дурдан үнэлж, Захиргаа, хяналт шинжилгээний хэлтсийн даргын ажлын байр нь байнгын ажлын байр тул Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д зааснаар байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулах ёстой гэж дүгнэснийг буруутгах боломжгүй юм.

 

Мөн ажил олгогч байгууллагын захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Э нь 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын яамны сайдын Б/02 дугаар тушаалаар ажлаасаа чөлөөлөгдсөн байх бөгөөд мөн өдрөө нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн үйл баримт тогтоогдсон. Хариуцагч тал давж заалдах гомдолдоо, 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Д.Э-г ажлаас чөлөөлсөн тушаал гарсан боловч уг тушаалыг албан ёсоор мэдэгдэж, гардуулсан нь 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дах хэсэгт зааснаар ажилтан ажил хүлээлгэн өгсөн сүүлчийн өдрийг ажлаас халагдсан өдөрт тооцох тул 01 дугаар тушаал хүчинтэй гэж тайлбарласан.

 

Гэвч хэрэгт авагдсан дээрх Б/02 дугаар тушаалаас үзвэл түүнийг 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байгааг бүрэн эрхтэй байх хугацаандаа нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн гэж үзэхгүй, энэ талаар анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

 

Түүнчлэн, ажил олгогч нь Б.Г-ийг ажлаас чөлөөлсөн үндэслэлээ хуульд нийцсэн гэх тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй байна. Хэрэгт авагдсан баримтаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй тул шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2019/01178 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Хариуцагч “Ш-” УТҮГ нь давж заалдах гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалын хувийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Ц.ИЧИНХОРЛОО

                                                           

                                        ШҮҮГЧИД                                Ч.ЦЭНД

 

                                                                                          Т.ТУЯА