Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 179

 

Хан-Уул дүүргийн шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,

           нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,

           улсын яллагч Г.Ганчимэг,

            хохирогч Г.Эрдэнэбаатар,

шүүгдэгч Д.Энх-Оргил, түүний өмгөөлөгч Д.Бум-Аюуш /ҮД:1-481/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Нацагдэгд овогт Даваадавгын Энх-Оргилд холбогдох эрүүгийн 201726030575 дугаартай хэргийг 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 1990 оны 12 дугаар сарын 31-нд Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, малын их эмч мэргэжилтэй, “Хаан Порк” ХХК-д зоо техникч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Баруунбаян Улаан сум, 4 дүгээр баг, Хөөвөр Жинстийн 5 дугаар гудамжны 1 тоотод оршин суух бүртгэлтэй боловч, одоо Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Түргэний гол 407 тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, Нацагдэгд овогт Даваадавгын Энх-Оргил /РД:УИ90123169/

 

Холбогдсон хэргийн талаар: /сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд дурдсанаар/

Шүүгдэгч Д.Энх-Оргил нь Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Түргэний гол 5Б тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Г.Эрдэнэбаатарыг хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж нүүрэн тус газар нь цохиж биед нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Д.Энх-Оргил нь Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Түргэний гол 5Б тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Г.Эрдэнэбаатарыг хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж нүүрэн тус газар нь цохиж биед нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

1. Шүүгдэгч Д.Энх-Оргилын шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлсэн: ”Хэрэг бүртгэлийн шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх шаардлагагүй. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талд маргахгүй...Би шүд рүү нь цохиогүй. Гэхдээ 2 удаа цохисноо хүлээн зөвшөөрч байна...Зүүн нүд, чих рүү нь цохисноо хүлээн зөвшөөрч байна. Би шүд рүү нь цохиогүй...Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирогчийн нэхэмжилж 2.500.000 төгрөгийг төлөх боломжгүй байна...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

            2. Хохирогч Г.Эрдэнэбаатарын шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлсэн: ”Тухайн өдөр би найзтайгаа муудалцсаны дараа манай хоёр найз орж ирсэн. Тэгэхэд миний 2 шүд зүгээр байсан. Энх-Оргил хаалга тогшиж орж ирэхэд нь би орон дээр сууж байхад “чамд хамаагүй” гэсэн чинь шүд рүү цохиод дахиад чих рүү цохьсон. Хамт орж ирсэн Манлай нь намайг зодох гээд дайраад байсанд. Би машинаа асаагаад зугтсан...шүдний мөнгө 2.500.000 төгрөг нэхэмжилж байна...Би гомдолтой...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

            3. Хохирогч Г.Эрдэнэбаатарын цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-ийн 5-6/

            4. Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 16-18/

            5. Хохирогч Г.Эрдэнэбаатарын мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…Тэгээд бид 3 манай гэрт очиж машин янзлахгүй шууд нэг шил 0,5 гр Хараа архи задлаад 3-уулаа хувааж ууцгааж байхад гаднаас Д.Энх-Оргил орж ирээд хамт ууцгаасан тэгээд Д.Энх-Оргил нь 0,75 гр Хараа архи аваад хамт ууцгаасан тэр үед Гантулга бид хоёр яриан дээрээ жаахан маргалдаж барьцалдаж аваад би Гантулгыг түлхэхэд босоо толь мөргөж толь хагалсан, тэгээд Гантулга нь надаас зугтаад гарсан тэгээд би араас нь хөөгөөд явсан хойгуур Д.Энх-Оргил гэрлүүгээ явсан, тэгээд би Гантулгын зогсож байсан газарт очоод жаахан ярилцаж байхад Гантулгын найз нь ирж түүнийг аваад явсан юмаа. Тэгээд би гэрлүүгээ ороод унтаад өгсөн юмаа, тэгтэл шөнө дунд хаалга нүдэх чимээ гарахаар нь хаалгаа онгойлгож өгөхөд Д.Энх-Оргил нь Т.Нармандахын хамт орж ирээд сандал дээр сууцгаасан юмаа, тэгээд Д.Энх-Оргил нь надад хандаж та Гантулгатай ямар учраас муудалцаад байсан бэ гэхээр нь бид хоёрын муудалцах эсэх нь чамд ямар хамаа байнаа гэхэд....миний зүүн нүд руу цохиод авсан дараа нь уруул, чих рүү цохьсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-22, 23-24/

            6. Гэрч Б.Дөлбаатарын мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…2017 оны 4 дүгээр сарын 30-ны орой 17:00 цагийн үед Г.Эрдэнэбаатар нь над руу яриад завтай байна уу машины амаржин /амортизатор/ эвдэрсэн байгаа түүнийг янзлаад өгөөч гэртээ байгаа бол би очоод авъя гээд манай гэрт ирээд намайг аваад явсан бөгөөд Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо Түргэний голд байрлах гэрт нь очсон бөгөөд гэрийн хаягийг нь сайн хэлж мэдэхгүй байнаа, ямартай ч гэрт нь Г.Эрдэнэбаатарын найзтай бид 3 явж очоод машин огт янзлаагүй очоод архи уусан юмаа 0,5 гр Хараа архи, 2,5 гр Боргио пиво тус тус уугаад дуусаад Г.Эрдэнэбаатартай хамт явж байсан найз нь гэх Гантулга гэдэг залуу 0,5 гр Хараа архи авчираад хамт ууцгааж байх үед хажуу айлын нэг залуу орж ирсэн сүүлд түүний нэрийг Д.Энх-Оргил гэдгийг мэдсэн юмаа, тухайн залуу орж ирээд хамт архи ууж байгаад дууссаны дараа 0,75 гр Хараа архи авч дахин ууцгаасан юмаа, тэр үед Г.Эрдэнэбаатар нь найз Гантулгатай маргалдаж эхэлсэн би өөрөө архи уучихсан байсан болохоор маргаан юунаас эхэлсэн талаар мэдэхгүй байна, ямартай ч тэр хоёр барьцалдаж аваад маргалдаад байсан, удалгүй эхнэр маань ирээд намайг аваад явсан юмаа...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-26/

            7. Гэрч Х.Алтанжигүүрийн мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…2017 оны 4 дүгээр сарын 30-ны орой 17:00 цагийн үед нөхрийн маань найз Г.Эрдэнэбаатар нь машин засах гэсэн юм гээд нөхрийг маань аваад явсан юмаа, тэгээд орой 21:00 цаг өнгөрч байхад нөхрийгөө ирэх болж байгаа талаар тодруулаад ярихад нөхөр маань жаахан архи уугаад сууж байна гэхээр нь би чамайг очиж авъя гээд 21:30 минутын үед очиж авсан юмаа. Тухайн үед нөхөр маань ганцаараа архи уусан байдалтай гарч ирээд хамт гэрлүү явсан юмаа...Манай нөхөр нь 21:30 минутын үед Г.Эрдэнэбаатарын гэрээс гарсан би өөрөө очиж авсан намайг авахад нөхөр маань зодолдсон шинжгүй, нүүр ам, гар хөл болон хувцсанд нь ямар ч шарх сорив, толбо байгаагүй талаар хэлсэн юмаа...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-28/

            8. Гэрч Т.Нармандахын мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…2017 оны 4 дүгээр сарын 30-ны орой Д.Энх-Оргил нь 23 цагийн үед орж ирээд цай ууж суунгаа ойр зуурын зүйл ярьсан юмаа, тэр үед Г.Эрдэнэбаатар нь 2 найзтайгаа маргалдсан талаар ярьсан бөгөөд Д.Энх-Оргил бид хоёр Г.Эрдэнэбаатарын гэрлүү орж үзэхээр болоод хамт явсан бөгөөд...Г.Эрдэнэбаатарын гэрлүү ороход ганцаараа орон дээрээ хэвтэж байхаар нь мэнд мэдээд сууж байтал Д.Энх-Оргил нь Г.Эрдэнэбаатарт хандаж чи ямар учиртай найзыгаа зодож байгаа юм гэхэд Г.Эрдэнэбаатар нь “чамд хамаагүй” гээд маргалдаж байгаад Д.Энх-Оргил нь Г.Эрдэнэбаатарын нүүрэн тус газар нь 2 удаа цохьчихсон бөгөөд Г.Эрдэнэбаатар миний нүд рүү цохилоо гээд орилж байсан юмаа...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-30/

            9. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№5897/-ний дүгнэлт:

                        -Г.Эрдэнэбаатарын биед доод эрүүний үүдэн 3 шүдний сулрал, баруун чих, уруулын салст, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зулгаралт, язарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

                        -Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.

                        -Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

                        -Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 34/

            10. Сэжигтэн Д.Энх-Оргилын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Тэгээд би өөрөөсөө 10.000 төгрөг гаргаж Г.Эрдэнэбаатарт 1.000 төгрөг гаргаж дахин архи авахаар дэлгүүр явж 0,75 гр хараа архи авсан юмаа. Тэгээд бид нар тухайн архийг хувааж ууж байхад Г.Эрдэнэбаатар Гантулга нар хоорондоо маргалдаж эхэлсэн бөгөөд Г.Эрдэнэбаатар Гантулгыг заамдаж аваад цохиж босоо толь руу түлхэж хагалсан, түүний дараа Гантулга Г.Эрдэнэбаатараас зугтаагаад гэрээс гүйгээд гарсан юмаа, тэгээд би удалгүй гэрлүү орсон юмаа. Тэгээд орой 23:00 цагийн үед гэртээ байж байгаад Г.Эрдэнэбаатар гэртээ хэнтэй байгаа бол зодоон цохионы асуудал яасан юм бол гэж сонирхох гэж орохдоо хажуу айлын Т.Нармандахыг хань татаж орсон юмаа. Бид хоёрыг ороход Г.Эрдэнэбаатар нь орон дээрээ сэрүүн хэвтэж байсан бөгөөд ямар учиртай орж ирсэн талаар надаас асуухаар нь та найз Гантулгатай ямар учраас маргалдаж муудалцсан талаар асуухад “тэр чамд хамаагүй, бид хоёрын дундын асуудал” гэж өөдөөс сөрвөлзөөд байхаар нь толгой тус  газар нь 2-3 удаа цохьчихсон юмаа...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 43-45/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

            Шүүгдэгч Д.Энх-Оргил нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шалгах хуудас /хх-ийн 50/-аар тогтоогдлоо.

Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№5897/-ний дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

Харин 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулах ялыг хөнгөрүүлсэн буюу эрх зүйн байдлыг дээрдүүлсэн байх тул Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх үндэслэлтэй байна.

Тиймээс прокуророос шүүгдэгч Д.Энх-Оргилд холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчлэх нь зүйтэй.

Иймд шүүгдэгч Д.Энх-Оргилыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүхээс ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 520.000 төгрөг төлсөн, түүний хувийн байдал /...27 настай, дээд боловсролтой, малын их эмч мэргэжилтэй, “Хаан Порк” ХХК-д зоо техникч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг.../, хохирогч Г.Эрдэнэбаатар нь шүүхийн хэлэлцүүлэгт “...миний 2 шүд хөдөлсөн, 1 шүд унасан. 1 шүд хийлгэхэд 2.500.000 төгрөг болж байгаа. Хэрвээ нөгөө 2 хөдөлсөн шүд унавал бас нэхэмжилнэ...Би гомдолтой...” гэж мэдүүлсэн зэргийг харгалзан Д.Энх-Оргилд 520 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зохимжтой гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Д.Энх-Оргил нь хохиролд 520.000 /таван зуун хорин мянга/ төгрөг төлсөн болохыг дурдаж, хохирогч Г.Эрдэнэбаатар нь шүдний эмчилгээний төлбөр /цаашид хэдий хэмжээний зардал эмчилгээнд гарахыг шүүхээс урьдчилан тодорхойлох боломжгүй/ буюу цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарлая.

Өөрөөр хэлбэл хөдөлсөн болон унасан шүдэнд хийгдэх эмчилгээний талаарх мэргэжлийн эмнэлгийн байгууллагаас гаргасан тодорхойлолт хэрэгт авагдаагүй буюу хөдөлсөн болон унасан шүдний эмчилгээний үнэлгээ тодорхойгүй, уг цохилтын улмаас хохирогч Г.Эрдэнэбаатарт учирсан хохирол /1-3 шүд/ өөрчлөгдөх боломжтой зэрэг нөхцөл байдлууд тогтоогдсон болно.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэв.

Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.5, 36.6-36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Прокуророос Нацагдэгд овогт Даваадавгын Энх-Оргилд холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчилсүгэй.

 

            2. Шүүгдэгч Нацагдэгд овогт Даваадавгын Энх-Оргилыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Нацагдэгд овогт Даваадавгын Энх-Оргилыг 520 /таван зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

4.  Д.Энх-Оргилд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг сануулсугай.

 

6. Шүүгдэгч Д.Энх-Оргил нь хохиролд 520.000 /таван зуун хорин мянга/ төгрөг төлсөн болохыг дурдаж, хохирогч нь цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарласугай.

 

7. Энэ тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдүүд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Энх-Оргилд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ,

                                    ШҮҮГЧ                                                   Б.БАТБОЛОР