Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 2021/ДШМ/756

 

 

Х.Э, А.Э нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч Б.Батзориг, Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Э.Бадрал,

            нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 2021/ШЦТ/376 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дээд шатны прокурор А.Энхжаргалын бичсэн 2021 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 45 дугаартай эсэргүүцлээр Х.Э, А.Э нарт холбогдох 2102000190032 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. ..................., 19.......... оны ........ дугаар сарын ......................-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Соёл урлагийн их сургуулийн 3 дугаар дамжааны оюутан, мэргэжилгүй, ам бүл 3, эх, дүү нарын хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын 4-26-11 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Түмэн наст” хотхоны 36а байрны 187 тоотод түр оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД:................/;

2. ...................., 20............ оны ........... дүгээр сарын ...........-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийн оюутан, мэргэжилгүй, “Бургер кинг” түргэн хоолны газарт ажилладаг, ам бүл 2, эхийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн 1-4 дүгээр байрны 38 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:........................./;

Х.Э нь ганцаараа 2020 оны 9 дүгээр сард Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Төмөр замын вокзалын орчмоос Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан нийт 680,2 грамм жинтэй “Өвс” гэх нэршилтэй дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/-ын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан,

улмаар А.Этай санаатай нэгдэж бүлэглэн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 7 дугаар байрны 65 тоотод Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан нийт 680,2 грамм жинтэй “Өвс” гэх нэршилтэй дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/-ын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

А.Э нь Х.Этай санаатай нэгдэн бүлэглэж 2020 оны 9 дүгээр сараас 12 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 7 дугаар байрны 65 тоотод Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан нийт 680,2 грамм жинтэй “Өвс” гэх нэршилтэй дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/-ын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Х.Эы үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, А.Эын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч ............ныг ганцаараа сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, бусадтай санаатай нэгдэж, бүлэглэн сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч .................ыг бусадтай санаатай нэгдэж бүлэглэн хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Эд хорих ял оногдуулахгүйгээр 4 жилийн хугацаагаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Эд хорих ял оногдуулахгүйгээр 4 жилийн хугацаагаар тус тус тэнсэж, тэдэнд хяналт тавьж ажиллахыг харьяа дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Х.Э, А.Э нарт “Оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүргийг хүлээлгэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар “...Мансууруулах бодис хэрэглэхийг хориглохыг хязгаарлах...” хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Э, А.Э нар нь “...Тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг”, мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар “...Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмын дагуу ял оногдуулахыг...”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар “...Шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг...”, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар “...Үүрэг хүлээлгэх эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг...” тус тус сануулж, шүүгдэгч Х.Э, А.Э нар нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа “...Мөнгөлөг цаас, хуйлсан NZ8549038 гэсэн серийн дугаартай 100-тын мөнгөн дэвсгэртийг хэрэглээний дагуу Монгол банканд шилжүүлж, “Воn аqua” гэсэн шошготой хуванцар саванд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн хуванцар савтай үеийн жин 125,0 грамм, улаан өнгийн таглаатай хуванцар саванд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн хуванцар савтай үеийн жин 229,2 грамм, шар өнгийн таглаатай хуванцар саванд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн хуванцар савтай үеийн жин 164,1 грамм, “Golden pium” гэсэн шошготой хуванцар саванд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн хуванцар савтай үеийн жин 161,9 грамм тус тус жинтэй “Өвс” гэх нэршилтэй шавар мэт дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/-ын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодис”-г шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Э, А.Э нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор А.Энхжаргал бичсэн эсэргүүцэлдээ: “...Шүүх шийтгэх тогтоолоор шүүгдэгч Х.Э, А.Э нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 4 жилийн хугацаагаар тэнссэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон” байхаар хуульчилсан байхад анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж зааснаар шүүгдэгч нарт хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 4 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан суурь зарчмууд, эрүүгийн хариуцлагын зорилго, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршгийн хэр хэмжээг харгалзан үзээгүй байна. Учир нь, дээрх төрлийн гэмт хэрэг нь хүний амь нас, эрүүл мэнд, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд хор уршиг учруулдаг үр дагавартай. Түүнчлэн шүүгдэгч Х.Э, А.Э нарын худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, мөн хадгалсан бодисын түүхий эдийн хэмжээ, хор уршгийн шинж чанар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан бүлэглэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэмт хэрэг үйлдсэн байхад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзээгүй байна. Нөгөөтэйгүүр мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис нь хүн амын эрүүл мэндийг богино хугацаанд өргөн хүрээ хамран сарниулдаг, дахин хэрэглэх зуршлыг бий болгодог, ойр дотны хүмүүсээ хэрэглээндээ татан оруулдаг, тухайн хууль бусаар ашиглахыг хориглосон бодисыг худалдаалж байгаа этгээдүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх байдлаар худалдааг нь өргөжүүлэн тэлдэг зэрэг нийгмийн хор аюул, уршиг ихтэй учир нийгэмд учирч болох хор аюул, үр дагавраас урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуульд тусгайлан хуульчилжээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь энэ хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэнэ” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний үндэслэлийн талаар заахаар хуульчилжээ. Гэтэл шүүх шүүгдэгч нарт ямар шалтгаанаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэсэн үндэслэлээ шийтгэх тогтоолд тодорхой зааж, дүгнээгүй, хэргийн нөхцөл байдалд бодитой, үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна. Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 2021/ШЦТ/376 дугаартай шийтгэх тогтоолыг “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн” үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэжээ.

Прокурор Э.Бадрал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Мансууруулах бодисыг хууль бусаар хадгалсан бэлтгэсэн нь ойр орчмын хүмүүсийг мансууруулах бодисыг хэрэглэдэг болгох шалтгаан болж байгаа. Иймд эсэргүүцлийг дэмжиж байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолтой холбогдуулан прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудын хүрээнд прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр шүүгдэгч Х.Э, А.Э нарт холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд хянав.

Шүүгдэгч Х.Э нь 2020 оны 9 дүгээр сард Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан нийт 680,2 грамм жинтэй “Өвс” гэх нэршилтэй дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, шүүгдэгч А.Э, Х.Э нар нь санаатай нэгдэж бүлэглэн 2020 оны 9 дүгээр сараас 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан нийт 680,2 грамм жинтэй “өвс” гэх нэршилтэй дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогдож, прокуророос Х.Эы үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, А.Эын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч Х.Эыг ганцаараа сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, шүүгдэгч А.Э, Х.Э нарыг санаатай нэгдэж бүлэглэн сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хадгалсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулахгүйгээр тус тус тэнссэн шийдвэр гаргасныг дээд шатны прокурор “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан суурь зарчмууд, эрүүгийн хариуцлагын зорилго, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршгийн хэр хэмжээг харгалзан үзээгүй. ...” гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч эсэргүүцэл бичжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасан зохицуулалтыг хэрэглэхэд гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг харгалзан үзэхийг шаардаагүй мэт боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх бүрт зайлшгүй хууль зүйн дүгнэлт хийх шаардлагатай.

Гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ нь тухайн гэмт хэргийн нийгэмд үзүүлэх нөлөөлөл, үр дагавартай шууд холбоотой ойлголт бөгөөд Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд учруулж буй хор уршиг, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээгээр тодорхойлогдоно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Эыг хорих ял оногдуулахгүйгээр 4 жилийн хугацаагаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Эыг хорих ял оногдуулахгүйгээр 4 жилийн хугацаагаар тус тус тэнсэж шийдвэрлэсэн үндэслэлийг хянахад гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн ямар шинж чанарыг харгалзсан, ямар нөхцөл байдал гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн, яагаад Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ял оногдуулахгүй гэж үзэж байгаа талаараа анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг зөрчжээ. Энэхүү зөрчил нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байна.

Анхан шатны шүүх бүлэглэн сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдсон шүүгдэгч Х.Э, бүлэглэн сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдсон шүүгдэгч А.Э нарт хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэхдээ энэ төрлийн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг бодитой үнэлж, дүгнээгүй байх тул дээд шатны прокурор А.Энхжаргалын бичсэн 2021 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 45 дугаартай эсэргүүцлийг хүлээн авч, шийтгэх тогтоолыг хүчингүй болгон, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж, шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 2021/ШЦТ/376 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Х.Э, А.Э нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хүртэл Х.Э, А.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Д.МЯГМАРЖАВ

ШҮҮГЧ                                                            Б.БАТЗОРИГ           

            ШҮҮГЧ                                                            Д.МӨНХӨӨ