| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбаатар Ууганбаатар |
| Хэргийн индекс | 194/2025/2281/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/2590 |
| Огноо | 2025-11-17 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | П.Итгэл |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 11 сарын 17 өдөр
Дугаар 2025/ШЦТ/2590
2025 11 17 2025/ШЦТ/2590
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ууганбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Алтанцэцэг,
улсын яллагч П.Итгэл,
хохирогчийн өмгөөлөгч Э.Шинэзориг,
шүүгдэгч Н.Т, түүний өмгөөлөгч Г.Төгөлдөр нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, ******* овогт Н-ийн Тд холбогдох эрүүгийн 2503 00000 0887 дугаартай хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ************ тоотод оршин суух, урьд,
****** овогт Н-ийн Т /регистрийн дугаар: **********/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Н.Т нь Баянзүрх дүүрэг 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр Намъяанжугийн гудамж 13 дугаар хороололоос урууддаг замд 2025 оны 07 сарын 31-ний өдрийн 19 цаг 20 минутын орчимд Lexus RX450h маркийн **** УАУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, "2 дугаар хавсралтын “1.1. Үргэлжилсэн цагаан шугамыг хоёр буюу гурван эгнээгээр зорчдог замд хөдөлгөөний эсрэг урсгалыг тусгаарлах, замын аюул бүхий хэсэгт эгнээний хилийг заах, чиглэлийн тээврийн хэрэгсэл буюу унадаг дугуйн эгнээг бусад эгнээнээс зааглах, зорчих хэсгийн орохыг хориглосон хэсгийг хязгаарлах буюу тээврийн хэрэгслийн зогсоолын хилийг тэмдэглэнэ, “1.4. дэх заалт 1.1-1.3, 1.15.а-1.15.В тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно. гэсэн заалтыг зөрчсөний улмаас Kawasaki Ninja маркийн УК ****улсын дугаартай мотоцикльтой мөргөлдөж мотоциклийн жолооч Э.Шгийн эрүүл мэндэд нь баруун мөрний шөрмөс, атгаал ясны төвгөрт бэхлэгдэх хэсгийн урагдал, далны акромион сэртэн, эгэмний төгсгөл хэсгийн үений капсулын урагдал, дал, мөрний холбоос булчингийн урагдал, шодойд цус хуралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Н.Тд тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт холбогдуулан Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2503 00000 0887 дугаартай хэргийг шүүхэд шилжүүлж ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
102 дугаарын утсанд ирсэн дуудлага, мэдээллийн бүртгэл /хх-ийн 5-р хуудас/,
Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-13-р хуудас/,
Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14-р хуудас/,
Хохирогч Э.Шгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 24-25-р хуудас/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч М.Золжаргалын 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн ЕГ0725/10311 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 31-32-р хуудас/,
“Бэст эстимэйт” ХХК-ийн шинжээчийн 2025 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 25/60 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 48-58-р хуудас/,
Автотээврийн үндэсний төвийн Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээч Г.Батболдын 2025 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн тодорхойлолт /хх-ийн 40-42-р хуудас/,
Тээврийн цагдаагийн албаны мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Цогцолмонгийн 2025 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 1131 дугаартай мөрдөгчийн магадлагаа /хх-ийн 69-р хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа, жолоочийн лавлагаа мэдээлэл, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, авто тээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгийн жагсаалтын лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 78-89-р хуудас/ зэрэг болно.
Эрүүгийн 2503 00000 0887 дугаартай хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Улсын яллагч П.Итгэл: “...Н.Т нь Баянзүрх дүүрэг 14 дугаар хорооны нутагдэвсгэр Намъяанжугийн гудамж 13 дугаар хороололоос урууддаг замд 2025 оны 07 сарын 31-ний өдрийн 19 цаг 20 минутын орчимд Lexus RX450h маркийн **** УАУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, "2 дугаар хавсралтын “1.1. Үргэлжилсэн цагаан шугамыг хоёр буюу гурван эгнээгээр зорчдог замд хөдөлгөөний эсрэг урсгалыг тусгаарлах, замын аюул бүхий хэсэгт эгнээний хилийг заах, чиглэлийн тээврийн хэрэгсэл буюу унадаг дугуйн эгнээг бусад эгнээнээс зааглах, зорчих хэсгийн орохыг хориглосон хэсгийг хязгаарлах буюу тээврийн хэрэгслийн зогсоолын хилийг тэмдэглэнэ, “1.4. дэх заалт 1.1-1.3, 1.15.а-1.15.В тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно. гэсэн заалтыг зөрчсөний улмаас Kawasaki Ninja маркийн УК ****улсын дугаартай мотоцикльтой мөргөлдөж мотоциклийн жолооч Э.Шгийн эрүүл мэндэд нь баруун мөрний шөрмөс, атгаал ясны төвгөрт бэхлэгдэх хэсгийн урагдал, далны акромион сэртэн, эгэмний төгсгөл хэсгийн үений капсулын урагдал, дал, мөрний холбоос булчингийн урагдал, шодойд цус хуралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүх хуралдааны хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Н.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлтийг гаргаж байна...” гэв.
Шүүгдэгч Н.Т болон түүний өмгөөлөгч гэм буруугийн талаар маргахгүй гэх тайлбар, дүгнэлтийг гаргасан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.
Шинжлэн судалсан: Зам тээврийн осол, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд,
Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл,
Хохирогч Э.Шгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “... Би тэр өдрийн орой 19 цагийн орчимд цайзад байх ажлаа тараад натурт байх үсчин орохоор цайзаас доошоо уруудаад оффицеруудын ордны урдуур ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш явж 13-н уулзвараар ертөнцийн зүгээр урагш эргээд явж байхад “Оюу Ухаан”-ны музей талаас цагаан өнгийн RX маркийн машин 1-р эгнээнд баруунаас зүүн тийш хөндлөн байрлалтай тал ороод зогсож байсан намайг өнгөрөөх гээд зогсож байна гэж бодоод урдуур нь гарах гэтэл гэнэт урагшлаад тэс хөндлөн урдуур орж ирээд зам тээврийн осол гарсан. Миний жолоодож явсан Kavasaki Ninja маркийн УК****улсын дугаартай мотоцикль 600сс мотортой миний өөрийн эзэмшилд байдаг. Би ABCD ангилалтай. Тухайн үед ганцаараа явсан хамгаалах хэрэгслээ бүгдийг нь өмсөж явсан. Яг урдуур гэнэт ороод ирэхэд нь гар, хөл тоормосоо давхар гишгэж атгаж зогсоох арга хэмжээ авсан. Би 2025 оны 06 сард 15 сая орчим төгрөгөөр худалдаж авч байсан. Эвдрэлийн үнэлгээ хийлгэсэн байгаа. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг гаргасан дүгнэлттэй танилцсан санал хүсэлт байхгүй. Жолооч хохирол барагдуулахаар бид хоёр мөнгөн дүнгээ хэлж ярилцсан байгаа өнөө маргаашдаа хохирол барагдуулахаар болсон. Ослын улмаас хохирлоо барагдуулчихвал нэхэмжлэх зүйл байхгүй хохирол барагдуулсан баримтыг хэрэгт хавсаргахаар гаргаж өгнө...” гэх мэдүүлэг,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмчийн 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн №ЕГ0725/10311 дугаартай “...Э.Шгийн биед баруун мөрний шөрмөс, атгаал ясны төвгөрт бэхлэгдэх хэсгийн урагдал, далны акромион сэртэн, эгэмний төгсгөл хэсгийн үений капсулын урагдал, дал, мөрний холбоос булчингийн урагдал, шодойд цус хуралт” бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт,
“Бэст эстимэйт” ХХК-ийн шинжээчийн 2025 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 25/60 дугаартай Kavasaki ninja маркийн УК ****улсын дугаартай мотоцикльд учирсан эвдрэлийг 17,539,000 төгрөгөөр үнэлсэн тээврийн хэрэгслийн эвдрэл хохирлын үнэлгээний тайлан,
Тээврийн цагдаагийн албаны мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Цогцолмонгийн 2025 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 1048 дугаартай:
Kavasaki ninja маркийн УК ****улсын дугаартай мотоциклийн жолооч Э.Ш нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчөөгүй байна.
Toyota RX450h маркийн **** УАУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Н.Т нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, "2 дугаар хавсралтын “1.1. Үргэлжилсэн цагаан шугамыг хоёр буюу гурван эгнээгээр зорчдог замд хөдөлгөөний эсрэг урсгалыг тусгаарлах, замын аюул бүхий хэсэгт эгнээний хилийг заах, чиглэлийн тээврийн хэрэгсэл буюу унадаг дугуйн эгнээг бусад эгнээнээс зааглах, зорчих хэсгийн орохыг хориглосон хэсгийг хязгаарлах буюу тээврийн хэрэгслийн зогсоолын хилийг тэмдэглэнэ, “1.4. дэх заалт 1.1-1.3, 1.15.а-1.15.В тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно. гэсэн заалтыг зөрчсөн нь осол хэрэг үйлдэгдэх шалтгаан болсон гэж үзэх нөхцөл байдал тогтоогдож байна...” гэх магадалгаа зэрэг нотлох баримтуудаар Н.Тын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нотлогдсон, түүний үйлдэл мөн гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзэв.
Тодруулбал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг...” болон мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж тус тус гэмт хэргийн ойлголт, шинжийг тодорхойлсон.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 1 дэх хэсэгт “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол” гэж уг гэмт хэргийн шинжийг заасан.
Жолоодох эрхийн лавлагаагаар Н.Т нь 2011 оны 05 дугаар сарын 19-ний өдөр №706080 дугаартай үнэмлэхээр жолоодох эрхтэй байх ба тэрээр **** УАУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож байсан нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1.3 “жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүн, жолоодлогын дадлага хийлгэж яваа багш, замаар ердийн хөсөг унаж, хөтөлж яваа хүнийг” гэсэн хуулийн нэр томьёоны дагуу түүнийг жолооч гэж үзнэ.
Жолооч нь Монгол Улсын нутаг дэвсгэрт хүчин төгөлдөр үйлчилж буй Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан замын хөдөлгөөний дүрэм, журмыг дагаж мөрдөх нь түүний үүрэг юм.
Жолооч Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан замын хөдөлгөөний дүрэм, журмыг зөрчсөн, үүргээ биелүүлээгүй талаарх магадалгаа гаргасан Баатардэмбэрэл овогтой Цогцолмон нь Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн их сургуульд “Авто инженер” хөтөлбөрийн модулын “С” зэрэглэлийн 40 цагийн сургалтад хамрагдаж, замын хөдөлгөөний зохион байгуулалт, автомашины хөдөлгөөний онол зэргийг эзэмшиж Сертификат авчээ.
Тэрээр зам тээврийн осол гаргасан Н.Т нь Toyota RX450h маркийн **** УАУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, "2 дугаар хавсралтын “1.1. Үргэлжилсэн цагаан шугамыг хоёр буюу гурван эгнээгээр зорчдог замд хөдөлгөөний эсрэг урсгалыг тусгаарлах, замын аюул бүхий хэсэгт эгнээний хилийг заах, чиглэлийн тээврийн хэрэгсэл буюу унадаг дугуйн эгнээг бусад эгнээнээс зааглах, зорчих хэсгийн орохыг хориглосон хэсгийг хязгаарлах буюу тээврийн хэрэгслийн зогсоолын хилийг тэмдэглэнэ, “1.4. дэх заалт 1.1-1.3, 1.15.а-1.15.В тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно. гэсэн заалтыг зөрчсөний улмаас осол үйлдэгдсэн гэсэн 2025 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн мөрдөгчийн магадалгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.11 дүгээр зүйлд заасантай нийцсэн мөрдөн шалгах ажиллагааг явуулсан байна.
Шүүгдэгч Н.Тын гаргасан зам тээврийн ослын улмаас хохирогч Э.Шгийн эрүүл мэндэд хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан болох нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн №ЕГ0725/10311 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон.
Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, техник ашиглалтын журам, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн холимог хэлбэрээр /болгоомжгүйгээр/ халддаг, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй байдаг.
Иймд шүүгдэгч Н.Тын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хүндрүүлэх шинж тогтоогдоогүй тул түүнийг “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөлийн хувьд шүүгдэгч нь тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо хууль, дүрэм, журам дагаж мөрдөөгүй, анхаарал болгоомжгүй оролцсоноос гэмт хэрэг гарсан байна.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “...Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно” гэж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Н.Таас хохирогч Э.Шд хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан, гомдол саналгүй талаарх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч П.Итгэл: “...Шүүгдэгч Н.Т нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. хохирогчийн хохирлыгн төлж барагдуулсан тул бусадд төлөх төлбөргүй. Хөнөгрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар 1 жил хасаж, 3,500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна гэв. Шүүгдэгч ажил хөдөлмөр эрхэлдэг, хохирол төлбөр төлсөн тул торгуулийн ял оногдуулах боломжтой. Шүүгдэгчийн буруутай үйлдлээс болж осол гарсан. Шүүгдэгчийг баривчилсан болон цагдан хорьсон хоноггүй...” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч Н.Т эрүүгийн хариуцлагын талаар: “...Хэлэх зүйлгүй...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын талаар: “...Хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. Улсын яллагчийн санал болгосон тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил хасаж, 3,500,000 төгрөгийг торгох ялыг оногдуулж, хохирол төлсөн зэргийг харгалзан үзэж эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх боломжтой байна гэж харж байна...” гэв.
Хохирогчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын талаар: “...Хэргийн зүйлчлэл тохирсон. Хохирогчийн зүгээс гомдол санал байхгүй, хөнгөрүүлэх, шүүгдэгчийн өмгөөлөгч саналыг дэмжиж байна...” гэх агуулга бүхий дүгнэлт, тайлбарыг тус тус гаргасан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт эрүүгийн хариуцлагыг “тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.” гэж хуульчилсан.
Шүүгдэгч Н.Тд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалт “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдсон бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ.” гэж заасныг удирдлага болгон шүүгдэгч Н.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ялыг сонгож оногдуулах нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзэв.
Бусад асуудлаар
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Т нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт болон жолоочийн үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ****** овогт Н-ийн Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Тыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг /1/ жилийн хугацаагаар хасаж, гурван мянга /3000/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Тд оногдуулсан торгох ялыг зургаа (6) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Т нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Тд оногдуулсан нэг /1/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримтыг шүүхэд ирүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Н.Тд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.УУГАНБААТАР