Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 101/ШШ2023/02852

 

 

 

 

 

 

 

 

 

2023 06 06

101/ШШ2023/02852

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүххуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  0000 тоотод оршин байрлах, Н ф кББСБ ХХК /рд:0000/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянзүрх дүүргийн 0000 тоотод оршин суух, Арааваг овогт Г.А /рд:0000/-т холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 712,476 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц-Э, оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Ганчимэг хөтлөв.

 

Хариуцагч нь шүүх хуралдааны тов мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул түүний эзгүйд хэргийг шийдвэрлэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Г.А нь 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 100121048 тоот зээлийн гэрээ байгуулж, 350,000 төгрөгийн зээлийг нэг сарын хугацаатай, 6,96 хувийн хүүтэй авсан. Нийт 5 удаа сунгах боломжтой байснаар 2 удаа зээлээ сунгаж, түүнээс хойш зээлээ төлөөгүй. Утсаар холбогдож хүү, шимтгэлийн талаар танилцуулахад түүнд зээлийг төлөх хүсэл, эрмэлзэл байгаагүй. Өнөөдрийг хүртэл хугацаанд зээлийн төлбөрт нэг ч төгрөг төлөөгүй. Иймд хариуцагчаас үндсэн төлбөрт 350,000 төгрөг, шимтгэлд 20,649 төгрөг, хүүнд 341,827 төгрөг нийт 712,476 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч Г.А нь 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авсан боловч шүүхэд бичгээр хариу тайлбар гаргаагүй.

 

3. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:

3.1 нэхэмжлэгчээс гаргасан улсын бүртгэлийн гэрчилгээ, зээлийн гэрээ, мөнгө шилжүүлсэн баримт зэргийг бүхэлд нь шинжлэн судлаад, 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Н ф кББСБ ХХК нь хариуцагч Г.Аөд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 712,476 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

2. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

3. Н ф кББСБ ХХК болон Г.А нар 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр дижитал зээлийн эрх нээх гэрээ байгуулж, уг гэрээгээр Н ф кББСБ ХХК нь 100,000-2,000,000 хүртэлх зээлийн мөнгөн хөрөнгийг 2.8-9.6 хувийн хүүтэй Г.Аөд зээлдүүлэхээр тохиролцсон байна. /хх-ийн 7 дугаар тал/

 

3.1 Уг дижитал эрх нээх гэрээг үндэслэн Г.А нь 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 350,000 төгрөгийг 7 хоногийн хугацаатай, 6.96 хувийн хүүтэй зээлэх хүсэлтийг гаргасныг хүлээн авч Н ф кББСБ ХХК-иас Г.Аийн эзэмшлийн Төрийн банк дахь 0000 тоот дансанд 350,000 төгрөгийг шилжүүлсэн байна.

Зээлдэгч Г.А нь гэрээний хугацааг сунгах хүсэлт гаргасныг зээлдүүлэгч Н ф кББСБ ХХК-иас хүлээн авч, 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл хугацаагаар сунгажээ.

 

3.2 Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр эрх бүхий хуулийн этгээд нь зээлдүүлэгчийн хувьд мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан гэрээний харилцаа үүсчээ.

 

3.3 Зээлдэгч Г.А нь зээлийн төлбөрөөс огт төлөлт хийгээгүй болох нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч нь 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авсан боловч шүүхэд бичгээр хариу тайлбар гаргаагүй, зээлийн төлбөр төлсөнтэй холбоотой баримтаа хэрэгт цуглуулж өгөөгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй гэж, 72.3-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж тус тус заасан.

 

4. Нэхэмжлэгч нь зээлийн үндсэн төлбөрийг шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацааны хүүгийн хамт нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасантай нийцэж байна. Өөрөөр хэлбэл, гэрээний хугацаа дууссан эсэхээс үл хамааран зээлийг хугацаандаа төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү төлөх үүрэгтэй.

 

4.1 Иймд хариуцагч Г.Аөөс зээлийн үндсэн төлбөр 350,000 төгрөг, хүү 341,827 төгрөг, нийт 691,827 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н ф кББСБ ХХК-д олгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

5. Нэхэмжлэгч нь шимтгэлд 20,649 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хангахгүй орхин шийдвэрлэв. Учир нь,

Нэхэмжлэгч нь зээлийн шимтгэл гэж юу болох, ямар учраас шимтгэл тооцож нэхэмжилж байгаа болохоо үндэслэл бүхий тайлбарлаагүй. Мөн талуудын байгуулсан дижитал зээлийн эрх нээх гэрээний 2.3.4-т зээлдэгчийн тухайн зээлийн шимтгэл нь зээлийг ашигласан хугацаанаас үл хамаарах бөгөөд зээлдэгчийн кредит оноо, дижитал зээлийн эрх, дэд эрх, зээлийн хэмжээ, зээлийн хугацаа зэргээс хамааран аппликейшнд тооцоглогдсон дүн байна гэж заажээ. Уг гэрээний зохицуулалтаас үзэхэд зээлийн шимтгэлийг тооцох хувь хэмжээ тодорхойгүй байна. Нэхэмжлэгч нь аппликейшнд тооцоглогдсон гэх шимтгэлтэй холбоотой баримтаа хэрэгт нотлох баримтаар гаргаж өгөөгүй.

 

5. Дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч Г.Аөөс 691,827 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н ф кББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 20,649 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэл хангагдсан хэмжээгээр хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөх үүрэгтэй тул 691,827 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 21,154 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21,650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

7. Хариуцагч Г.Аөд шүүх хуралдааны товыг шүүгчийн туслахаас 2023 оны 05 дугаар сарын 31-ны өдөр түүний эзэмшлийн 98015051 дугаарын утсаар холбогдож мэдэгдэхэд за ойлгосон гэх хариу өгсөн. Мөн шүүхээс түүний оршин суух хаягийн дагуу баталгаат шуудангаар шүүх хуралдааны тов хүргүүлснийг тэрээр 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдөр өөрөө хүлээн авсан.

 

Шүүх хуралдааны тов мэдсэн атлаа шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Г.Аөөс 691,827 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н ф кББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 20,649 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21,650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 21,154 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ