Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 101/ШШ2023/02875

 

 

 

 

 

 

 

 

2023 06 07

101/ШШ2023/02875

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: 0000 тоотод оршин байрлах, С ХХК-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: 0000 тоотод оршин суух, Насантогтохын Эрдэнэ-Очирт холбогдох,

 

573,022 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.С, хариуцагч Н.Э-О нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Ганчимэг хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хүнс үйлдвэрийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг "С ХХК-нд ажилд орох Н.Э-Оын хүсэлтийг хүлээн аваад 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн борлуулалтын албанд худалдааны төлөөлөгчөөр ажилд орсон. Түүнтэй хөдөлмөрийн гэрээ, эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэх гэрээ, нууцын гэрээ тус байгуулсан. Худалдааны төлөөлөгч Н.Э-О ажлаас чөлөөлөгдөх үедээ 573,022 төгрөгийн сагс бараа магериалын үнийг төлөхгүй компанид хохирол учруулсан. Түүнтэй байгуулсан эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэх гэрээний 4.1.3-т дараа тайлан гаргахаар итгэмжлэл буюу бусад баримт бичгээр хүлээн авсан эдхөрөнгө үнэ бүхий зүйлийг эргүүлж- төлөөгүй" бол эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээхээр заасан. 2022 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Хөдөлмөрийн тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-т "Ажилтан энэ хуулинн 129, 130, 131 дүгээр зүйлд заасан эд хөрөнгийн хохирлоо төлөх үүрэгтэй мөн хуулийн 133.3-т "Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон үед ажилтнаар нөхөн төлүүлэх эд хороигийи хариуцлагыг шүүхийи журмаар гаргуулж болно" гэж заасныг тус тус үндэслэн энэхүү өргөдлийг гаргаж байгаа болно. Худалдааны төлөөлөгч Н.Э-Ооор сагсны үнэ болох 573,022 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш баримтаа шүүж үзэхэд сагсны төлбөр биш барааны төлбөр байсан. Иймд өгнө үү эв.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Намайг ажлаас гарсаны дараа сагсны мөнгө нэхээд байдаг. Би менежер н.Б-тэй тооцоо нийлж, авлага, өглөгө байхгүй гээд гарын үсэг зурсан. Гэтэл намайг тайлбараа шүүхэд бичиж өгснөөс хойш сагс биш барааны авлага байгаа гэж байгаа нь үндэслэлгүйгээр мөнгө нэхэж байгааг нь харагдаж байна. Ажлаас гарах үед тооцоо байхгүй учраас л намайг ажлаас чөлөөлсөн. Хэрэв авлага байсан бол ажлаас чөлөөлж явуулахгүй байсан. Ямар дэлгүүрээс хэдэн төгрөгийн барааны авлага байгаа эсэх нь санхүү дээр байх ёстой. Гэтэл ямар дэлгүүрээс бараа дутсантай холбоотой баримтаа хэрэгт гаргаж өгөөгүй байна. Үнэхээр барааны төлбөр байсан бол гэв.

 

3. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:

3.1 нэхэмжлэгчээс гаргасан, харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээ, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн гэрээ, нууцлалын гэрээ,

3.2 хариуцагчаас гаргасан иргэний үнэмлэхийн лавлагаа зэргийг бүхэлд нь шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч С ХХК нь хариуцагч Н.Э-От холбогдуулан 573,022 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч, маргаж байна.

 

2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

3. Хариуцагч Н.Э-О нь 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр нэхэмжлэгч С ХХК-ийн борлуулалтын албанд худалдааны төлөөлөгчөөр ажилд орж, 2020 оны 11 дүгээр сард ажлаас чөлөөлөгдсөн болох нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн гэрээ, нууцлалын гэрээ болон талуудын тайлбараар тогтоогдсон.

 

3.1 Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...ажилтан Н.Э-О нь ажиллаж байх хугацаандаа 573,022 төгрөгийн үнэ бүхий бараа/гурилан бүтээгдэхүүн/ боруулсаны төлбөрийг тушаагүй, өр үүсгэсэн гэж,

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлээ ...ажлаас чөлөөлөх үед би ямар ч өр төлбөртэй байгаагүй, хэрвээ өр төлбөртэй байсан бол намайг чөлөөлж явуулахгүй байсан. Эхлээд сагсны мөнгө гэж нэхэмжилж байснаа дараа нь барааны төлбөр гэж нэхэмжилж байгаа нь зөрүүтэй байна гэж тус тус тайлбарласан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2-т ажилтан эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулсан, эсхүл хөдөлмөрийн гэрээнд энэ тухай тусгайлан тохирсон ажилтан ажил үүргээ гүйцэтгэх үедээ ажил олгогчид хохирол учруулсан бол эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээнэ гэж заасан.

 

3.2 Нэхэмжлэгч С ХХК нь хэрэгт харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээний баримтыг нотлох баримтаар цуглуулж өгсөн ба уг баримт нь уг компанийн нягтлан бодогчийн үйлдсэн баримт байна. /хх-6, 28-33/

Харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээний баримтыг нэхэмжлэгч өөрөө үйлдсэн буюу нэг талын баримт байх тул уг баримтыг үндэслэн хариуцагч Н.Э-Оыг 573,022 төгрөгийн үнэ бүхий барааны төлбөрийг компанид төлөөгүй гэж дүгнэхэд учир дутагдалтай.

Хариуцагч Н.Э-О нь нэхэмжлэгч С ХХК-ийн үйлдвэрлэсэн гурилан бүтээгдэхүүнийг харилцдаг дэлгүүрүүдэд хүргэж, бүтээгдэхүүний үнийг авч компанид тушаадаг ажил үүргийг гүйцэтгэдэг байсан талаар талуудын хэн аль нь тайлбарласан.

Нэхэмжлэгч нь харилцдаг дэлгүүрүүдийн авсан бүтээгдэхүүний үнийг ажилтан дутуу тушаасан гэх агуулгаар нэхэмжлэлээ тайлбарлах атлаа ямар дэлгүүрийн авлага эсэх, ямар нэр төрлийн хэдэн ширхэг бүтээгдэхүүний үнэ эсэх нь тодорхойгүй, энэ талаарх баримтаа хэрэгт гаргаагүй.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчээс ямар дэлгүүрийн авлага байгаа болох, тухайн дэлгүүр нь төлбөрөө төлөөгүй эсэх, эсхүл ажилтан төлөөгүй аль нь болохыг тодруулахад ... дэлгүүрүүд эхлээд захиалгаа өгдөг ба уг захиалгын дагуу компаниас барааг худалдааны төлөөлөгчид хүлээлгэн өгдөг, зарим дэлгүүр зээлээр аваад дараа нь төлдөг байсан. Компани аль дэлгүүрийн тооцоо эсэхийг тодруулаагүй, энэ талаар баримт байхгүй гэж тайлбарласан.

Мөн ажилтан Н.Э-От хичнээн хэмжээний ямар үнэ бүхий барааг хүлээлгэн өгснөөс хэдийг нь борлуулж, үүнээс аль дэлгүүрийн авсан ямар барааны үнийг төлөөгүй байгаа талаар баримтгүй байна.

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-т заасан үндэслэл тогтоогдоогүй, нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа баримтаар нотлоогүй тул хариуцагч Н.Э-Ооос 573,022 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэл хэрэгсэхгүй болсон тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч хариуцах тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17,840 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.Э-От холбогдох 573,022 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч С ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17,840 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Г.БЯМБАЖАРГАЛ