| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбаатар Ууганбаатар |
| Хэргийн индекс | 194/2025/2234/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/2597 |
| Огноо | 2025-11-18 |
| Зүйл хэсэг | 18.3.1., |
| Улсын яллагч | С.Бат-Орших |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 11 сарын 18 өдөр
Дугаар 2025/ШЦТ/2597
2025 11 18 2025/ШЦТ/2597
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Ууганбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Чингис,
улсын яллагч С.Бат-Орших,
шүүгдэгч С.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ****** овогт С-ын Бд холбогдох эрүүгийн 2506 05463 2272 дугаартай хэргийг 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ************** тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,
******* овогт С-вын Б /регистрийн дугаар: **********/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.Б нь 2020-2023 онуудад Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт “НШ” валют арилжааны зах дээр хувиараа Бүгд Найрамдах Хятад Ард Улсын мөнгөн тэмдэгт болох юань, Америкийн Нэгдсэн Улсын мөнгөн тэмдэгт болох доллар солих буюу валют арилжааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж олсон их хэмжээний буюу 1,710,051,055 төгрөгийн татвар ногдох орлого болох 171,005,105 төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн гэмт хэргийн талаарх мэдээлэл /хх-ийн 3-р хуудас/,
Монголын Татварын албаны 2424100701, 45855 дугаартай ярилцлагын тэмдэглэлүүд /хх-ийн 12-15-р хуудас/,
Ингүүмэл жаргалант аудит ХХК-ийн 2025 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 2025/11 дугаартай шинжээчийн дүгнэлт болон хавсралтууд /1хх-ийн 73-84-р хуудас/,
Шинжээч Г.Энхтөрийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /1хх-ийн 93-95-р хуудас/,
Гэрч П.Огийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /1хх-ийн 36-37-р хуудас/,
Гэрч Ж.Бн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /1хх-ийн 40-41-р хуудас/,
Татварын ерөнхий газрын 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 05/1596 дугаартай албан бичиг /2хх-ийн 203-р хуудас/,
С.Бгийн 2022 оны Хувь хүний орлогын албан татварын тайлан /2хх-ийн 204-205-р хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, үл хөдлөх хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа, үл хөдлөх хөрөнгийн лавлагаа, автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 184-200, 228-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтыг энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэд шалгаж, тодруулсан байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Улсын яллагч С.Бат-Орших шүүгдэгчийн гэм буруугийн талаар: “...С.Б нь 2020-2023 онуудад Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт “НШ” валют арилжааны зах дээр хувиараа Бүгд Найрамдах Хятад Ард Улсын мөнгөн тэмдэгт болох юань, Америкийн Нэгдсэн Улсын мөнгөн тэмдэгт болох доллар солих буюу валют арилжааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж олсон их хэмжээний буюу 1,710,051,055 төгрөгийн татвар ногдох орлогыг нуусан,татвар төлөхөөс зайлсхийсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүх хуралдааны хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай...” дүгнэлтийг.
Шүүгдэгч С.Б шүүх хуралдааны хэлэлцүүлэгт: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэж гэм буруугийн талаар маргаагүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасныг удирдлага болгон шүүх хуралдаанд яллах, өмгөөлөх талын шинжлэн судалсан хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд болох:
2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн гэмт хэргийн талаарх мэдээлэл,
Монголын Татварын албаны 2424100701, 45855 дугаартай ярилцлагын тэмдэглэлүүд,
Ингүүмэл жаргалант аудит ХХК-ийн 2025 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 2025/11 дугаартай шинжээчийн дүгнэлт болон хавсралтууд,
Шинжээч Г.Энхтөрийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг,
Гэрч П.Огийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг,
Гэрч Ж.Бн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг,
Татварын ерөнхий газрын 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 05/1596 дугаартай албан бичиг,
С.Бгийн 2022 оны Хувь хүний орлогын албан татварын тайлан зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус хуульчилжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, түүний гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлд “Татвар төлөхөөс зайлсхийх” гэмт хэргийг хуульчилж, 1 дэх хэсэгт “Татвар төлөгч хувь хүн, хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон, нуусан бол…” гэж гэмт хэргийн үндсэн шинжийг заасан байдаг.
Шүүгдэгч С.Б нь “НШ” валют арилжааны зах дээр хувиараа Бүгд Найрамдах Хятад Ард Улсын мөнгөн тэмдэгт болох юань, Америкийн Нэгдсэн Улсын мөнгөн тэмдэгт болох доллар солих буюу валют арилжааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг болох нь хэрэгт авагдсан баримтууд болон гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байна гэж шүүх үзэв.
Шүүгдэгч С.Б нь татвар төлөгч бөгөөд гэм буруугийн шууд санаа зорилгоор буюу их хэмжээний татварыг нуух зорилгоор Бүгд Найрамдах Хятад Ард Улсын мөнгөн тэмдэгт болох юань, Америкийн Нэгдсэн Улсын мөнгөн тэмдэгт болох доллар солих буюу валют арилжааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж олсон их хэмжээний буюу 1,710,051,055 төгрөгийн татварт ногдох орлого 171,051,055 төгрөгийг нууж, татвар төлөхөөс санаатайгаар зайлсхийсэн идэвхтэй гэмт үйлдэл хийсэн нь уг гэмт хэргийн шинжийг хангасан байна.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч С.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлсэн бөгөөд хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч С.Бг “Татвар төлөгч хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлж татвар төлөхөөс зайлсхийсэн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос гаргуулна.” гэж хуульчилсан.
Энэ гэмт хэргийн улмаас улсын төсөвт 171,005,105 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч С.Б нь татварын тайланг залруулж, гэмт хэрэг үйлдэж олсон орлогоо төлсөн талаарх баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн тайланг шинжлэн судалж, улсын яллагч талаас төлөгдсөн талаар дүгнэлтийг тус тус гаргасан тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “... Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2,500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай...” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч С.Б нь шүүх хуралдаанд эрүүгийн хариуцлагын талаар “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэсэн дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.
Шүүхээс шүүгдэгч С.Бд ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийг 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан гэм буруугийн зарчмыг тус тус хангаж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилтод нийцүүлж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.
Шүүгдэгч С.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан “учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгч С.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэлээ.
Бусад асуудлын талаар:
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3 ширхэг СД-г хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч С.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүртэл хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт С-ын Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Татвар төлөгч хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлж татвар төлөхөөс зайлсхийх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Бг 2,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бд оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3 ширхэг СД-г хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч С.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.УУГАНБААТАР