| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Түвшинтөгс |
| Хэргийн индекс | 194/2025/2256/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/2624 |
| Огноо | 2025-11-19 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | М.Билгүүтэй |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 11 сарын 19 өдөр
Дугаар 2025/ШЦТ/2624
2025 11 19 2025/ШЦТ/2624
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Түвшинтөгс даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Сүххуяг,
Улсын яллагч М.Билгүүтэй /цахимаар/,
Хохирогч И.Н/цахимаар/,
Шүүгдэгч: Б.М, түүний өмгөөлөгч Н.Оюунчимэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар, Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугааp зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2503009111008 дугаартай **** овогт **** ын **** т холбогдох хэргийг 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, **** өдөр **** дүүрэгт төрсөн, ** настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, **** мэргэжилтэй, Хувиараа **** эрхэлдэг, ам бүл 6, аав, ээж, дүү нарын хамт **** дүүргийн **** дүгээр хороо **** тоотод оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, **** овогт ****-ын **** /РД: **** /.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.М нь 2025 оны 07 дугаар сарын 15-ны шөнийн 00 цагийн орчимд **** дүүрэг **** хороо ****-ийн хажуу явган хүний гарцан дээр **** маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1. Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө. гэсэн заалтыг зөрчиж мөн Монгол Улсын Замын хөдөлгөөний 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас унадаг явган зорчигч И.Н-г мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхээс тогтоосон үйл баримт:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд:
Шүүгдэгч Б.М нь “...2025 оны 07 дугаар сарын 15-ны шөнийн 00 цагийн орчимд **** дүүрэг **** хороо **** хажуу явган хүний гарцан дээр **** маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1. Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө. гэсэн заалтыг зөрчиж мөн Монгол Улсын Замын хөдөлгөөний 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас унадаг явган зорчигч И.Н-г мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан...” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Нотлох баримтын талаар:
Шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдож байна.
Үүнд:
2025 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх-ийн 06-13/,
Хохирогч И.Н-н өгсөн "... Би 2025 оны 07 сарын 14-ний өдөр **** дүүргийн **** хороонд байрлах **** тоотод ээж О-н гэрт, Төрсөн дүү Х, ээж О, хүүхэд Э, Д нарын хамт байсан. Шөнийн 23 цагийн үед хүүхэд уйлаад нэмэлт сүү угж авахаар **** дүүргийн **** замын урд байрлах эмийн сангаас нэмэлт сүү угж аваад, автобусны буудлын хажуудах явган хүний гарцаар урдаас хойшоо чиглэлд зам гарч байтал, 2,3 эгнээний машинууд зам тавьж өгөөд зогссон, 1 дүгээр эгнээгээр явж байсан тээврийн хэрэгсэл гэнэт хурдтай гарч ирээд намайг мөргөөд, би машины салхины шилийг мөргөөд 4-5 метрийн зайд шидэгдэж унасан. Намайг тээврийн хэрэгслийн салхины хагарцан байсан. Тэгээд миний толгой овойж хавдаад, бие хөндүүрлээд, хөл шилбэний ойролцоо маш их янгинаж өвдөж байсан. Тээврийн хэрэгслийн жолооч газарт унаад боссоны дараа машинаасаа бууж гарч ирээд, биеийн байдал яаж байна гэж асуугаад хажуугаар явж байсан хүмүүс ойрхон эмнэлэг рүү яаралтай очиж үзүүл гээд байсан. Тэгээд ойролцоо байх Япон Монголын Нэгдсэн эмнэлэгрүү Намайг мөргөсөн хүний машинд суугаад эмнэлэг рүү очсон боловч хаалга нь цоожтой, хаалгаа нээж өгөөгүй. Тэгээд **** дүүргийн нэгдсэн эмнэлэг рүү явий намайг очиж үзүүлий гэсэн боловч Улсын төв 2 дугаар эмнэлэг рүү яаралтайгаар очиж үзүүлий гээд мөргөсөн залуу аваад явсан. Би эмнэлэгт биеэ үзүүлж байхад тэр залуу цагдаад мэдээлэл өгсөн байж магадгүй. Би цагдаад мэдээлэл өгөөгүй. Тэгээд 2 дугаар эмнэлэгээс Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү яаралтайгаар эмнэлэгийн машинаар хүргэгдсэн. Гэмтлийн эмнэлэгт биеэ үзүүлж байхад цагдаа нар ирж, юу болсон талаар асуугаад явсан.... гэх мэдүүлэг, /хх-ийн 17/,
Иргэний нэхэмжлэгч Г.Б-н өгсөн”... Би сайн мэдэхгүй байна. 2025 оны 8 дугаар сарын 20-нд мэдсэн. Тухайн автомашиныг манай ач хүү М жолоодсон... гэх мэдүүлэг, /хх-ийн 38/,
Иргэний хариуцагч Г.Б-н өгсөн..." Би ослын талаар сайн мэдэхгүй байна. Манай ач хүү надаас надаас авсан машин юм аа. Нэрээ шилжүүлээгүй байгаа. Би бусдад учирсан хохирлыг би хүлээхгүй. Манай ач хүү М өөрөө төлж барагдуулна... гэх мэдүүлэг, /хх-ийн 41/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Д.Б-н гаргасан 2025 оны 07 дугаар сарын 23-ний өдрийн №ЕГ0725/9323 дугаартай 1. И.Н-н биед баруун шилбэ ясны хөндлөн зөрүүгүй далд, баруун умдаг ясны доод салаанд босоо зөрүүгүй далд хугарал, зүүн зулай, чамархайд зөөлөн эдийн няцрал, хоёр тохой, зүүн сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 3. 4. 5. 6. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр авто ослын үед үүсэх боломжтой. Шинэ гэмтэл байна. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. 2. 7. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй... гэх дүгнэлт /хх-ийн 48-49/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээг хэлтсийн шинжээч эмч Б.М шинжээч эмч Х.М-н гаргасан 2025 оны 09 дугаар сарын 03-ний өдрийн №ЕГ0825/2892 дугаартай дүгнэлт Дээрх зам тээврийн ослын улмаас И /РД:****/ овогтой сэтгэцэд гэмтлийн дараах стресст хохирогч Н үзүүлэх хариу урвалын шинжүүд хүндэвтэр түвшинд илэрч байна. 2. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарна.... гэх дүгнэлт зэрэг болно, /хх-ийн 54-56/,
Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Б гаргасан 2025 оны 09 дугаар сарын 16-ны өдрийн 1269 дугаартай “Мөрдөгчийн магадалгаа" зэрэг нотлох баримтын агуулга нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.
Мөн мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй.
Шүүгдэгч Б.М нь автомашин жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1. Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөний улмаас тухайн гэмт хэрэг гарч, хохирогчийн эрүүл мэндэд хохирол учирчээ.
Тус хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Иймд шүүгдэгч Б.М-г тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нь гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч И.Н нь баримтаар 2.467.350 төгрөгийг нэхэмжилжээ. Хохирогч нь шүүгдэгчээс сэтгэцэд учирсан хохирол, хүүхэд асрагчийн цалин зэргийг нэхэмжилнэ гэв.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед шүүгдэгч нь хохирогчид 2.500.000 төгрөгийг төлж барагдуулсан байна.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 2892 дугаартай дүгнэлтээр сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарах болохыг тогтоожээ.
Хуульзүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны хамтарсан тушаалаар сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр тооцох жишиг аргачлалыг баталсан ба гуравдугаар зэрэглэлд хамаарах тохиолдолд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлснээс 22.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл хэмжээгээр тооцохоор зохицуулсан.
Хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг тооцохдоо гэмт хэрэг үйлдэгдэх үед мөрдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 792.000 төгрөгийг 14 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож 11.088.000 төгрөгийг шүүгдэгч Б.М-с гаргуулах нь зүйтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгч Б.М-н хохирогчид 2.500.000 төгрөг төлснөөс хохирогчийн хохирол нэхэмжилсэн баримтад гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг тооцогдохгүй төлбөрүүдийг нэхэмжилсэн байсныг нь сэтгэцэд учирсан хохирлоос хасаж тооцуулах тухай хүсэлт гаргасан.
Иймд хохирогчийн шүүхэд гаргаж өгсөн баримтуудаас хүүхдийн живх, каш асрагчид төлсөн хөлс зэрэг төлбөрүүдийг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт тооцогдохгүй байна гэж үзэж дээрх төлбөрүүдэд зарцуулагдсан гэх 784.400 төгрөгийг 11.088.000 төгрөгөөс хасаж тооцож шүүгдэгч Б.М-с 10.303.200 төгрөгийг гаргуулж хохирогч И.Н-д олгож шийдвэрлэлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүгдэгч Б.М-г шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.М-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Харин шүүгдэгчийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож байна.
Иймд шүүхээс шүүгдэгч Б.М-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэв.
Бусад асуудлаар:
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллгааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч **** овогт **** ****-г тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг оногдуулсан үеэс нь эхлэн тоолж, ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3-т зааснаар шүүгдэгч Б.М-с 10.303.200 /арван сая гурван зуун гурван мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж хохирогч И.Н-д олгосугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шүүхийн шийдвэрт оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ТҮВШИНТӨГС