Шүүх | Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Махайн Риза |
Хэргийн индекс | 110/2022/0063/З |
Дугаар | 110/ШШ2023/0019 |
Огноо | 2023-04-06 |
Маргааны төрөл | Газар, |
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 04 сарын 06 өдөр
Дугаар 110/ШШ2023/0019
Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Риза даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч:Х.С, Х.З,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Толбо сумын Засаг дарга,
Хариуцагч:Баян-Өлгий аймгийн Толбо сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Толбо сумын 2 дугаар багийн Засаг дарга,
Гуравдагч этгээд: Е:Ж нарын хоорондын газрын маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.С, Х.З, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Серикжан, хариуцагч Баян-Өлгий аймгийн Толбо сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч тус сумын Засаг даргын орлогч Т.Д, хариуцагч Толбо сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Н.Ө, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Т, гэрч Б.С, орчуулагч Б.Жанерке, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Бахытбек нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
1. Нэхэмжлэгч нараас анх шүүхэд Толбо сумын Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн А/12 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай” захирамжийн Е.Ж холбогдох хэсгийг хүчингүй болгох тухай нэхэмжлэл гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж, Толбо сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 25 дугаартай “2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай” тогтоолын зургаадугаар хавсралтын 418 дахь хэсгийг хүчингүй болгох, тус сумын 2 дугаар багийн Засаг даргын үйлдсэн 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн “Толбо сумын 2-р багийн хэсэгчилсэн хурлын тэмдэглэл”-ийг илт хууль бус болохыг тогтоохыг хүсжээ.
2. Нэхэмжлэгчээс нараас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан байна. Үүнд:
2.1. Нэхэмжлэгч Х.С, Х.З бид маргаан бүхий газрыг 2016 онд хуульд заасан үндэслэл журмын дагуу иргэн Х.Ж шилжүүлэн авч эзэмшиж байгаа юм. Энэ нь Толбо сумын Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн газар эзэмшүүлэх тухай А/102 дугаар захирамж болон ...... дугаар бүхий гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээгээр нотлогдоно. Гэтэл Толбо сумын Засаг даргын орлогч маргаан бүхий захирамжаар бидний эзэмшиж байгаа газрыг иргэн Е.Жт давхардуулан олгосон байна.
2.2. Энэ талаар Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлд зааснаар дээд шатны Засаг даргад гомдол гаргаж хандахад Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 505 дугаар албан бичгээр хууль зөрчиж бусдын эзэмшил газарт давхцуулан олгосон маргаан бүхий захирамжийн Е.Жт холбогдох хэсгийг хүчингүй болгох тухай дурдаж хариу өгсөн.
2.4. Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулж үзэхэд маргаан бүхий захирамж гарах болсон үндэслэл нь Баян-Өлгий аймгийн Толбо сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны “2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай” 25 дугаар хуралдааны тогтоолтой холбоотой, уг тогтоол гарах болсон үндэслэл нь 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн “Толбо сумын 2-р багийн хэсэгчилсэн хурлын тэмдэглэл” байх ба уг баримтыг дараах байдлаар хууль бус гэж үзэж байна. Үүнд:
2.4.1 Ковидын цар тахал гарсантай холбогдуулан 2020-2021 онд Монгол Улсын Засгийн газар болон Улсын Онцгой Комиссоос улсын хэмжээнд аливаа хурал, цуглаан хийхгүй байх талаар шийдвэр гарч байсан.
2.4.2 Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт багийн Засаг даргын бүрэн эрхийн тухай хуульчилсан, уг заалтаар Засаг дарга багийн иргэдийн Нийтийн Хурлыг төлөөлж аливаа шийдвэр гаргах эрхгүй, 17 дугаар зүйлд зааснаар гагцхүү тухайн багийн иргэдийн Нийтийн Хурал, түүний чөлөө цагт Тэргүүлэгчид Хурлыг төлөөлдөг ба Хурал нь 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргаж, тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн болон багийн Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхийн саналаар тус тус баталдаг байна.
Үүнээс үзвэл Толбо сумын 2 дугаар багийн Засаг дарга өөрийн эрх үүрэгт хамааралгүй асуудлаар буюу багийн иргэдийн Нийтийн Хурал хуралдаж шийдвэр гаргаж байсан мэтээр хуурамч нотлох баримт бүрдүүлсэн гэж үзэж байна.
2.4.3. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт “Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно:”, 47.1.2-т “бичгээр гаргасан захиргааны актыг баталсан байгууллага тодорхойгүй;”, 47.1.3-т “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан;”, 47.1.6-д “ захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй;” гэж заасан. Толбо сумын 2-р багийн 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн хэсэгчилсэн хурлын тэмдэглэлийг илт хууль бус акт гэж үзэж байна.
2.5. Энэхүү илт хууль бус актыг үндэслэж Баян-Өлгий аймгийн Толбо сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны “2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай” 25 дугаар хуралдааны тогтоол гарсан байх тул үүнээс холбогдох хэсэг болох Толбо сумын 2-р багийн “Хүнгүй” гэх газарт хуучин иргэн Х, түүний хүү Х.Ш, иргэн Н.Х нарын эзэмшиж байсан газрыг өвөлжөө, хаваржааны зориулалтаар эзэмшүүлэхээр төлөвлөсөн хэсэг хүчингүй болох хууль зүйн үндэслэлтэй.
2.6. Толбо сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр болох “Хүнгүй” буюу “Күнгей”-н өвөлжөө бүхий газар /тухайн үед уг газрын нэгж талбар .......... гэсэн дугаартай байсан байх магадлалтай/-ыг анх иргэн н.Х эзэмшиж байгаад үүнээс маргаан бүхий өвөлжөө газрыг хүү нь болох Х.Ш, баруун талын газар /нэгж талбарын дугаар: ........../-ыг иргэн С.М, н.Е нарт тус тус шилжүүлэн өгсөн байна. Дараа нь, Х.Ш Бүгд Найрамдах Казахстан Улс руу явахдаа уг өвөлжөө бүхий газрыг Н.Х шилжүүлж өгсөн байдаг. Үүний дараа, Толбо сумын Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай” 127 дугаар захирамжийн дагуу уг маргаантай өвөлжөө бүхий газрыг нэхэмжлэгч бидний эцэг Б.Х шилжсэн. Сүүлд нь бидний хүсэлтийн дагуу Толбо сумын Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн А/102 дугаар захирамжийн дагуу уг өвөлжөө бүхий газрыг эзэмшиж байна. Энэхүү өвөлжөө бүхий газар нь Хавикей болон түүний хүү Х.Ш нарын эзэмшил газар болох нь ......... дугаар бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээгээр нотлогдоно. Уг гэрчилгээнээс үзвэл нэгж талбарын 031000075 дугаартай, “Күнгей Шаймуратын өвөлжөө” гэж газрын зориулалтыг маш тодорхой бичсэн байна.
2.7. Толбо сумын Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн А/102 дугаар захирамжтай газрын нэгж талбарын хувийн хэргээс нь ................. дугаар бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээг авч хаясан, бидэнд эзэмшүүлсэн газрын кадастрын зургийг газрын кадастрын мэдээллийн санд оруулахгүй явж байгаад 2022 оны сүүлээр Е.Жт давуу байдал бий болгож уг өвөлжөө Е.Жийнх мэтээр кадастр үйлдэж биднийг хохироож байгаа явдалд нь маш их гомдолтой байна. 2022 оны 8-11 дүгээр сарын байдлаар бидний эзэмшил газарт давхардуулж кадастрын зураг үйлдсэн байсан болох нь аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 505 дугаар албан бичгээр нотлогдоно.
2.8. Бид иргэн Х.Ш эзэмшиж байсан өвөлжөөг Н.Х шилжүүлэн авсан гэдгийг хөрш зэргэлдээ айлууд, тэр хавьд амьдардаг иргэд тухайлбал бидний өвөлжөөний газрын баруун талд өвөлжөөний газартай иргэн С.М зэрэг хүмүүс бүгд мэднэ, гэрчилнэ гэжээ.
3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
3.1. Маргаан бүхий захирамжаар Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3, 29 дүгээр зүйлийн 29.3, 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх заалтуудыг баримталж, Толбо сумын 2 дугаар багийн “Хүнгүй” гэх газарт байгаа 700 м2 өвөлжөөний газрыг гуравдагч этгээдэд шинээр өвөлжөө барих зориулалтаар 30 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байдаг. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар нь уг захирамж гарах болсон үндэслэл нь газрын даамал Б.С газрын талаар танилцуулга хийсэн. Мөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлагдсаны дагуу тус захирамж гарсан гэх агуулгатай байгаа. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 25 дугаартай тогтоол гаргахдаа зөвхөн нэг иргэнд зориулан маргаан бүхий газрыг эзэмшүүлэхээр төлөвлөж шийдвэрлэсэн нь хууль бус гэж үзэж байна.
3.2. Захиргааны үйл ажиллагааны зарчим нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд зааснаар “хуульд үндэслэсэн, үр нөлөөтэй байх, зорилгодоо нийцсэн бодит нөхцөлд тохирсон, үндэслэл бүхий байх” ёстой. Толбо сумын Засаг дарга багийн иргэдийн Нийтийн Хурал болсон мэтээр тэмдэглэл үйлдсэн нь гэрчийн хувьд шүүхэд өгсөн мэдүүлгээр тогтоогдож байгаа. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т захиргааны акт илт хууль бус болох тохиолдлыг заасан байдаг. Үүнд 47 дугаар зүйлийн 47.1.3-т “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан” гэж заасан. Хурал болоогүй байхад хурал болсон мэтээр гуравдагч этгээдийн хүсэлтээр тэмдэглэл үйлдэж, гарын үсэг цуглуулсан уг шийдвэр нь анхнаасаа илт хууль бус гэж үзэхээр байна.
3.3. Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т “Багийн иргэдийн Нийтийн Хурлын санал, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг үндэслэн, тариалангийн газрыг газар тариалангийн салбарт олон жил тогтвортой ажилласан иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан Засгийн газраас тогтоосон журмын дагуу давуу эрхээр эзэмшүүлж болно. Нэг иргэнд давуу эрхээр эзэмшүүлэх тариалангийн газрын хэмжээ нь үр тарианы зориулалтаар 100 га хүртэл, төмс, хүнсний ногооны зориулалтаар 5 га хүртэл байна.” гэж заасан. Мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-т “энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана” гэж заасан. Маргаан бүхий газрыг хуульд заасан зарчмаараа бүх иргэд эзэмших эрхтэй байхад Засаг дарга маргаан бүхий акт гаргаж гуравдагч этгээдэд уг газрыг эзэмшүүлэхээр олгосон хууль бус юм.
3.4. Маргаан бүхий газрыг анх нэгдлийн үед н.Х гэх иргэн эзэмшиж байсан. Дараа нь нэгдэл тарж, н.Х гэх хүн өөр газар шилжин суурьшсан тул Х.Ш маргаан бүхий газрыг эзэмшсэн. Х.Ш уг газар нь Н.Х эзэмшилд очсон. Дараа нь Х-аас Б.Х гэх иргэн газар эзэмших эрх шилжүүлэх үндэслэлээр эзэмшиж байсан. Толбо сумын 2006 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 11 тоот шийдвэрээр Н.Х 710 м2 газрыг 20 жилийн хугацаагаар өвөлжөөний зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна. Толбо сумын Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 127 дугаартай захирамжаар газар эзэмшүүлэх эрхийг Б.Х шилжүүлсэн боловч газар эзэмших эрхийн гэрчилгээг Х.Ж олгосон байна.
Гэрч газрын даамал Б.С маргаан бүхий газрын нэршлийг нь хэлж өгөхийг хүсэхэд “Ш хуучин хороо” байсан байж магадаггүй, гэхдээ сайн мэдэхгүй байна.” гэж хэлдэг. Гэрч С.М мэдүүлэгтээ гуравдагч этгээдэд эзэмшүүлсэн газрын доорх газрыг “Ш хуучин хороо” гэж нэрлэдэг гэж мэдүүлсэн. Нэхэмжлэгч тал 2016 онд газар эзэмшүүлэх тухай хүсэлт гаргасан гэж хэлдэг. Уг хүсэлтийг нэхэмжлэгч Х.С бичсэн гэдгийг гэрч Б.С гэрчилдэг. Бид нэхэмжлэгчийн газар эзэмших тухай хүсэлтийн хүсэл зоригийг анхаарч үзэх ёстой. Нэхэмжлэгч талын хүсэлт нь маргаан бүхий газрыг эзэмших хүсэлтэй байгаа нь харагддаг. Х.Ш нь маргаан бүхий газрыг эзэмшиж байсан нь нотлогдсон. Малын гоц халдварт өвчин гарснаар өөр газарт суурьшсан байна. Өмнөх газраа өөр иргэнд эзэмшүүлсэн талаар нотлох баримт байхгүй байгаа. Үүнээс үзвэл Х.Ш шинэ болон хуучин гэсэн хоёр газар байсан харагдаж байна.
3.5. Нэхэмжлэгч нарт газар эзэмшүүлсэн 2016 оны А/102 дугаар захирамжид газрын нэрийг “Хар зүрх” гэж бичигдсэн нь “Ш хуучин хороо” бүхий гэдгийг нэхэмжлэгч нар хэлж байгаа юм. Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2 албан тоот, аймгийн газрын албаны даргын гэрчийн мэдүүлэгт нэг газарт хоёр хүнд газар олгож болдоггүй. Уг газарт нэг л кадастрын зураглал байх ёстой гэдгийг гэрчилсэн байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг ханган өгнө үү гэв.
4. Хариуцагч Баян-Өлгий аймгийн Толбо сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан тайлбартаа:
4.1. Толбо сумын Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн А/12 дугаар захирамжаар Толбо сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр болох “Хүнгүй” гэх газарт байгаа өвөлжөөний зориулалтаар Е.Жт газар эзэмшүүлсэн захирамж нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4, 3, 29 дүгээр зүйлийн 29.3, 33 дугаар зүйлийн 33.1, 33.1.1 дэх заалтууд болон 2021 оны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 25 тоот тогтоолыг үндэслэж олгогдсон ба ямар нэгэн хууль тогтоомж зөрчөөгүй.
4.2. Харин нэхэмжлэгч Х.З, Х.С нарын 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн А/102 дугаартай захирамжаар 700 м2 газрыг хамтран эзэмшүүлсэн газар нь Толбо сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Хар жүрек” гэдэг газраас тухайн үеийн Засаг дарга газар эзэмшүүлсэн захирамж гаргасан байна. Толбо сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрээс Е.Ж болон Х.С, Х.З нарт хамтран эзэмшүүлсэн газрын хооронд 700-800 метрийн зай байгаа ба ямар нэгэн байдлаар давхцаагүй болно гэжээ.
5. Хариуцагч Баян-Өлгий аймгийн Толбо сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаас шүүхэд гаргасан тайлбартаа:
5.1. Толбо сумын 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлахдаа газрын даамал Б.С нь ард иргэдээс гаргасан газар эзэмших өргөдлийг Хурлын хуралдаанд оруулж танилцуулсны хуульд заасан журмын дагуу сумын Хурлаас 25 дугаар тогтоолыг гаргасан болно. Газрын координатын талаар бид тайлбар өгөх боломжгүй гэжээ.
6. Баян-Өлгий аймгийн Толбо сумын 2 дугаар багийн Засаг дарга Х.Манасаас шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
6.1. Толбо сумын 2 дугаар багийн Засаг даргын ажлыг 2022 оны 02 дугаар сард хүлээж авсан билээ. Толбо сумын 2 дугаар багийн Засаг даргаар өмнө ажиллаж байсан Б.А нь хурал хийж хурлын тэмдэглэл хөтөлсөн байсан. Гэтэл мөн үед Ковид цар тахлын улмаас хурал хийлгэхгүй байсан ба хаана, ямар хурал хийсэн талаар би мэдэхгүй болохоор Б.Аын өөрөөс нь асуусан нь зүйтэй байх гэжээ.
7. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
7.1. Иргэн Е.Ж Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлд зааснаар 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Толбо сумын Засаг даргад иргэн бүрд гэр бүлийн хэрэгцээний газар эзэмшүүлэхийг хүсэж өргөдөл гаргасан. Дээрх өргөдлийн хүрээнд Толбо сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 25 дугаар хуралдаанд газар эзэмшихийг хүссэн иргэдийн асуудлыг авч хэлэлцсэн. 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө баталсан тогтоолын 6 дугаар хавсралтын 418 дугаарт газрын координатыг тусгасан байна.
7.2. Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хүрээнд 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Толбо сумын Засаг даргын А/12 дугаартай захирамжаар 700 м2 газрыг Толбо сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Хүнгүй” гэх газраас 30 жилийн хугацаатай гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэн Е.Жт эзэмшүүлсэн захирамж гаргасан. Уг захирамжийг үндэслэж 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Е.Жт Толбо сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Хүнгүй” гэх газарт байрлах “Ш хуучин өвөлжөө” гэх хаягт нэгж талбарын дугаар нь ....... дугаартай 700 м2 газрыг өвөлжөө, хаваржааны зориулалтаар 30 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр улсын бүртгэлийн ..... дугаарт бүртгэж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, газрын даамал ажилтай Б.С нь Е.Жтэй ....... дугаартай газар эзэмших гэрээ байгуулсан байна.
7.3. Мөн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр нэгж талбарын 8308000856 дугаартай кадастрын зураг гаргаж өгсөн байна. Иргэн Е.Ж нь Х.С, Х.З нарын нэхэмжлэлтэй маргаан бүхий газарт дур мэдэн очиж, оршин суугаагүй тухайн үеийн эрх бүхий албан тушаалтнуудын гаргасан захирамж, шийдвэр, эрхийн актын хүрээнд эзэмшихээр болсон байна. Цаашид уг газарт энэ жилээс эхлэн өвлийн байшинг барихаар төлөвлөж байгаа.
7.4. Нэхэмжлэгч Х.З, Х.С нарын 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн А/102 дугаартай захирамжаар хамтран эзэмшүүлсэн 700 м2 газар нь Толбо сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрийн “Хүнгүй”-н “Хар жүрек” гэдэг газраас тухайн үеийн Засаг дарга эзэмшүүлсэн захирамж гаргасан байна. Толбо сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрээс Е.Ж, мөн Х.С, Х.З нарт хамтран эзэмшүүлсэн газрын хооронд 700-800 метрийн зай байгаа ба ямар нэгэн байдлаар газрууд нь хоорондоо давхцаагүй болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь :
1.Нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан “Баян-Өлгий аймгийн Толбо сумын 2 дугаар багийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн “Толбо сумын 2-р багийн хэсэгчилсэн хурлын тэмдэглэл”-ийг илт хууль бус болохыг тогтоох, тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 25 дугаартай “2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай” тогтоолын зургаадугаар хавсралтын 418 дахь хэсэг, Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн А/12 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай” захирамжийн Е.Жт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгох тухай” нэхэмжлэл нь үндэслэлгүй байна.
2. Толбо сумын газрын даамал Б.Саас 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр нэхэмжлэгч Х.Сд олгосон 000683710 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээнд тус сумын Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 102 дугаартай захирамжийн дагуу нэгж талбар нь ............. дугаартай 700 м2 талбайтай, Толбо сумын 2 дугаар багт байршилтай “Күнгейн хуучин Хара жүрек хора” нэртэй газрыг 30 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр тусгагдсан байх ба уг гэрчилгээний арын хэсэгт нэхэмжлэгч Х.Зыг тус газрын хамтран эзэмшигчээр бүртгэжээ.
Нэхэмжлэгч нарт газар эзэмшүүлсэн гэх Толбо сумын Засаг даргын 2016 оны 102 дугаар захирамжийн эх хувь нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад холбогдох газраас олдоогүй ба нэхэмжлэгч, хариуцагч нараас шүүхэд гаргаж өгсөн Толбо сумын Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн огноотой А/102 дугаартай захирамжийн хуулбар хувьд “Толбо сумын 2 дугаар багийн газар нутаг болох Күнгейд хуучин Хара жүрек хороог 700 м/кв газрыг Х.Сд өвөлжөөний зориулалтаар эзэмшүүлсүгэй” гэж тусгагджээ.
Тухайн 2016 онд Толбо сумын Засаг даргаас нэхэмжлэгч Х.Сд дээрх газрыг эзэмшүүлсэн А/102 дугаартай захирамж гарсан талаар нэхэмжлэгч нараас гадна тус сумын газрын даамал Б.С, уг захирамжийг гаргасан сумын Засаг даргын орлогч М.Е нараас шүүхэд гэрчийн хувиар мэдүүлсэн ба нэхэмжлэгч Х.С нь Толбо сумын Засаг даргын 2016 оны А/102 дугаар захирамжаар газар эзэмшсэн асуудлаар бусад хэргийн оролцогч нараас маргаагүй болно.
Дээрх байдлаар эрх бүхий этгээдээс нэхэмжлэгч Х.Сд өвөлжөөний зориулалтаар эзэмшүүлсэн гэх Толбо сумын 2 дугаар багийн “Күнгейн хуучин Хара жүрек хороо” гэж нэрлэсэн 700 м2 газрын кадастрын зургийг Толбо сумын газрын даамал Б.С нь 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр үйлдэж, мөн өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, 985 дугаартай газар эзэмшүүлэх гэрээг нэхэмжлэгч Х.Стэй байгуулсан байна. Харин нэхэмжлэгч Х.Зд Толбо сумын 2 дугаар багаас тус газрыг хамтран эзэмшүүлэх тухай эрх бүхий этгээдээс шийдвэр гараагүй байх ба сумын газрын даамал Б.С нь нэхэмжлэгч Х.Зын хүсэлтээр түүнийг төрсөн дүү нь болох нэхэмжлэгч Х.Сийн газар эзэмших эрхийн .......... дугаартай гэрчилгээнд газрын хамтран эзэмшигчээр бүртгэсэн үйл баримтууд нэхэмжлэгч К.З тайлбар, гэрч газрын даамал Б.Сын мэдүүлгээр тогтоогдож байна.
3. Толбо сумын Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн А/12 дугаартай захирамжийн холбогдох хэсгээр гуравдагч этгээд Е.Жт тус сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр болох “Хүнгүй”-д байгаа гэх өвөлжөөний 700 м2 газрыг 30 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн байх ба уг шийдвэрийн дагуу Е.Жт 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр олгогдсон ........... дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ, мөн өдөр байгуулсан газар эзэмшүүлэх гэрээнд газрын байршлыг “Ш хуучин өвөлжөө” гэж тусгажээ. Энэхүү газрын кадастрын зургийг газрын даамлаас 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр үйлдэж, Газрын кадастрын мэдээллийн санд бүртгэсэн нь хэрэгт авагдсан энэ талаарх холбогдох нотлох баримтуудаар тогтоогдож байна.
4. Нэхэмжлэгч Х.Сд эзэмшүүлсэн “Хара жүрек хороо” гэх газар болон гуравдагч этгээдэд эзэмшүүлсэн “Шаймуратын хуучин өвөлжөө” гэж нэрлэсэн газрууд нь Толбо сумын 2 дугаар багийн “Хүнгүй” /”Күнгей”/ гэх газарт хамаардаг байх боловч хоорондоо 918.1 метрийн зайтай байршлын хувьд давхцаагүй, өөр өөр газар болох нь, дээрх газруудад хашаа, өвлийн сууц зэрэг ямар нэгэн байгууламж баригдаагүй буурь бүхий сул газрууд болох нь тус газруудын кадастрын зураг болон шүүхээс хийсэн үзлэгээр тогтоогдсон.
5. Гэвч нэхэмжлэгч нараас Толбо сумын Засаг даргын 2016 оны А/102 дугаар захирамжаар эзэмшсэн газрыг гуравдагч этгээдэд маргаан бүхий захиргааны актаар давхар эзэмшүүлсэн гэж маргаж, үндэслэлээ “Е.Жт эзэмшүүлсэн “Шаймуратын хуучин өвөлжөө” бүхий газрыг 2016 онд хуульд заасан үндэслэл журмын дагуу иргэн Х.Ж шилжүүлэн авч эзэмшсэн, энэ нь Толбо сумын Засаг даргын 2016 оны А/102 дугаар захирамж, газар эзэмших эрхийн ..... дугаартай гэрчилгээгээр нотлогдоно. Тус газарт анх Х, дараа нь Х.Шт гэгч хүн өвөлжиж байгаад малын өвчин гарсан шалтгаанаар Х.Ш нь тус газраас 500 м2 зайтай газарт хашаа байшингаа нүүлгэж, шилжиж суурьшсан. Х.Ш нь шинэ газарт нүүлгэж барьсан өвөлжөөний хашаа, байшингаа газрын хамт Н.Х гэгч хүнд худалдсан, Х.Х нь тус газарт оршин сууж байгаад Бүгд Найрамдах Казакстан Улс руу нүүх үедээ 2011 онд хашаа байшингаа газрын хамт бидний эцэг Б.Х, ах Х.Ж нарт худалдсан. Н.Х газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар хувьд газрын нэр нь “Ш хуучин өвөлжөө” гэж тусгагдсан. Х.Ж нь Х.Х худалдаж авсан газартаа одоо оршин суудаг.
Маргаан бүхий газрыг хамгийн сүүлд Х.Ш нь эзэмшиж сууж байгаад нүүсэн болохоор уг газрыг ч, Х.Ш шинээр шилжин суурьшсан одоогийн Х.Ж эзэмшдэг өвөлжөөний газрыг ч “Ш өвөлжөө”-ний газар гэж нэрлэдэг, мөн Х хороо ч гэж нэрлэдэг. Маргаан бүхий “Ш хуучин өвөлжөө” бүхий сул газрыг эзэмшихийг Х.Ж зөвшөөрсөн учраас энэ талаарх хүсэлтээ 2016 онд Толбо сумын Засаг даргад гаргаснаар А/102 дугаар захирамж гарсан. .............. дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээнд газрын нэрийг “Хара жүрек хороо” гэж бичүүлэх болсон нь тус газарт ойролцоо орших Х.Ж өвөлжөөний газрын нэрийг түүний эзэмших эрхийн гэрчилгээнд “Х хороо” гэж бичигдсэн учраас газрын нэр давхцуулахгүй байх шалтгаанаар “Хара жүрек хороо” гэж бичүүлсэн.” гэжээ.
6. Нэхэмжлэгч талын дээрх маргаантай холбоотой асуудлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд гэрч Х.Ж, С.М, А.Т нарын мэдүүлэг, хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаас үзвэл Толбо сумын 2 дугаар багт хамаарах “Хүнгүй” /”Күнгей”/ гэх газарт байршилтай маргаан бүхий 700 м2 газрыг анх 1960 оноос өмнө Х гэгч хүн өвөлжөөний зориулалтаар эзэмшин амьдарч байсан бол 1960 оноос хойш Х хүүхдүүд Х.М, Х.Ш нар хамтран эзэмшиж байгаад төл малын халдварт өвчин гарсан шалтгаанаар тус газрын урд байрлалтай 702.6 метрийн зайтай газарт тус тусын өвлийн сууц, малын хашаа хороогоо нүүлгэн шилжүүлж, шинээр газар эзэмшсэнээр өмнөх газар нь сул үлджээ.
Иргэн Х. М, Х.Ш нар нь шинээр суурьшсан газартаа барьсан өвлийн сууц, малын хашаа хороогоо иргэн Н.Х худалдсан байх ба ингэснээр үл хөдлөх хөрөнгүүд байрлах газрыг нь Толбо сумын Засаг даргын 2006 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 11 дүгээр захирамжаар Н.Х эзэмшүүлжээ.
Иргэн М.Х нь 2011 он хүртэл өвөлжөөний газартаа амьдарч байгаад Бүгд Найрамдах Казакстан Улс руу нүүх үедээ өвлийн сууц, малын хашаа хороогоо нэхэмжлэгч нарын эцэг Б.Х, ах Х.Ж нарт худалдсанаар Толбо сумын Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 127 дугаар захирамжийн холбогдох хэсгээр Н.Х тус газрыг эзэмших эрхийн гэрчилгээг Б.Х шилжүүлж, харин энэхүү захирамжийг үндэслэн газрын даамлаас 2011 онд Х.Ж-д ....... дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон байх ба энэхүү газартаа Х.Ж нь оршин сууж, амьдардаг байна.
Мөн маргаан бүхий газрыг хамгийн сүүлд эзэмшин суусан иргэн Х.М, Х.Ш нар нь тус газраас нүүснээс хойш уг газрыг хэн нэгэн эзэмшиж, ашиглаагүй болохыг гэрч С.М, А.Т нараас мэдүүлжээ.
7. Дээрх үйл баримтад дүгнэлт хийж үзэхэд нэхэмжлэгч нарын эцэг Б.Х, ах Х.Ж нарын иргэн Н.Х шилжүүлж авсан газар нь маргаан бүхий газар биш байх ба иргэн Х.Ж, гуравдагч этгээд Е.Ж нарын эзэмшсэн газрын кадастрын зураг, шүүхээс хийсэн үзлэгээр эдгээр нь өөр өөр байршил бүхий газрууд болох нь тогтоогдсон. Иймээс маргаан бүхий сул газрыг Х.Ж нь өвөлжөөний зориулалтаар эзэмшиж, ашиглах эрхтэй гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, уг газрыг нэхэмжлэгч нарын эцэг Б.Х, ах Х.Ж нарт нь эзэмшүүлсэн шийдвэр эрх бүхий этгээдээс гараагүй, .......... дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээгээр иргэн Х.Ж эзэмшдэг иргэн Н.Х шилжүүлж авсан гэх өвөлжөөний зориулалттай 700 м2 газартаа Х.Ж өөрөө оршин сууж амьдардаг, энэ нь маргаан бүхий газрын урд талд байршилтай 702.6 м зайд орших өөр газар байх тул нэхэмжлэгч нарын маргаан бүхий газрыг 2016 онд Х.Ж хууль журмын дагуу шилжүүлэн авч эзэмшсэн гэх маргаан нь үндэслэлгүй байна.
Түүнчлэн маргаан бүхий газрыг нэхэмжлэгч нар 2016 оноос хойш өвөлжөөний зориулалтаар эзэмшиж, ашигласан үйл баримт тогтоогдоогүй.
8. 2017 оны ............... дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээнд нэхэмжлэгч Х.Сд эзэмшүүлсэн гэх газрын нэр “Толбо сумын 2 дугаар багийн Күнгейн Хара жүрек хора” /Хар зүрх хороо/ гэж тусгагдсан байх “Хар зүрх” нэртэй уг газар нь маргаан бүхий газрын зүүн талд 918.1 метрийн зайд оршдог болох нь шүүхээс хийсэн газрын үзлэг, газрын кадастрын зургаар тус тус тогтоогдож байна. “Хар зүрх” нэртэй газрын талаар тус сумын 2 дугаар багийн оршин суугч гэрч С.М “..Хар зүрх”-д байршилтай хуучин хороо бүхий газрыг би сайн мэднэ. Тус газарт хар зүрх хэлбэртэй уул оршдог учраас нутгийн иргэд тус газрыг “Хар зүрх” гэж нэрлэдэг. Уг газарт 1958 оны үед миний эцэг н.С болон Х.Ж, Х.С, Х.З нарын эцэг Б.Х гэдэг хүн хамтарч эзэмшиж, эсгий гэрээр өвөлждөг байсан. Уг газрыг 1961 он хүртэл н.С, Б.Х нар хамтран эзэмшиж байгаад бэлчээр ашиглалттай холбоотойгоор цаашид ашиглаагүй. ”Хар зүрх” дэх хороог н.С, Б.Х нараас өмнө миний эцэг С ах З гэгч хүн ашиглаж байсан болохоор одоо хүртэл нутгийн иргэд Зияданы хороо гэж нэрлэдэг” гэж, гэрч А.Т “...Уг газрыг би мэднэ. Дээр үед 1 жил З гэгч хүн өвөлжиж суусан учраас “З хороо” гэж ард иргэд нэрлэдэг. Нэгдлийн үед тус газарт малчдыг суулгаагүй, эзэнгүй үлдсэн газар байсан” гэж мэдүүлжээ.
Нэхэмжлэгчид эзэмшүүлсэн газрын талаар гэрч Толбо сумын Засаг даргын 2016 оны А/102 дугаар захирамжийг гаргасан тус сумын Засаг даргын орлогчоор ажиллаж байсан М.Е “Тухайн үед газрын даамал Б.Сын тайлбарласнаар Толбо сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт орших иргэн Б.Х гэдэг хүний одоогийн өвөлжөөний ойролцоо байрлах “Хар зүрх” гэж нэрлэсэн газраас Х.Сд газар эзэмшүүлж байгаа гэсэн. Тухайн сул газар нь байршлын хувьд аль газар вэ гэдгийг би очиж үзээгүй тул сайн мэдэхгүй байна. Газрын кадастрын зураг гаргаж, газар эзэмшүүлэх тухай Толбо сумын Засаг даргын 2016 оны А/102 дугаартай захирамжийн төслийг танилцуулсан хүн бол газрын даамал Б.С юм. Иймээс би ямар нэгэн маргаан байхгүй гэж тухайн үед ойлгоод захирамжид гарын үсэг зурсан маань үнэн.” гэж мэдүүлсэн бол гэрч Толбо сумын газрын даамал Б.С нь “Е.Ж нь 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Толбо сумын Засаг дарга болон газрын даамал надад хүсэлт гаргахдаа “Күнгей” гэх газарт байршилтай Ш гэх хүний өвөлжөөний буурь болох сул газрыг эзэмшүүлэхийг хүсэж өргөдөл гаргасан. Е.Жийн эзэмшихийг хүссэн газар нь хэн нэгэн иргэний эзэмшилд байхгүй сул газар байсан, мөн Е.Ж нь ямар нэгэн газар эзэмшдэггүй учраас уг газрыг 2022 оны А/12 дугаар захирамжийн холбогдох хэсгээр Е.Жт эзэмшүүлсэн шийдвэр гарсан. Үүний дагуу Е.Жтэй гэрээ байгуулж, газар эзэмших эрхийн гэрчилгээ бичиж олгосон. Е.Жт олгогдсон газар нь байршлын хувьд Толбо сумын Засаг даргын 2016 оны А/102 дугаар захирамжаар Х.Сд олгогдсон газартай давхцалгүй, эдгээр нь тус тусдаа байршилтай хоёр өөр газар байгаа. Х.С болон Е.Ж нарын эзэмшил газрын хоорондын зай ойролцоогоор 500-600 метрийн зайтай. Х.С, Х.З нар нь өөрсдөө эзэмших газрынхаа байршлыг заасан ба энэ нь “Хар зүрх” гэх газар байсан. Уг газарт хар өнгийн зүрх хэлбэрийн дүрстэй уул байдаг учраас “Хүнгүйн Хар зүрх” гэж нэрлэдэг. Харин газрын зурагт тухайн байршлын газар нь Хүнгүй гэдэг нэрээр нь тусгагдсан байгаа. Иймээс би Х.Сд Толбо сумын Засаг даргын 2016 оны А/102 дугаар захирамж болон газар эзэмших эрхийн гэрчилгээнд газрын нэрийг “Хүнгүйн хуучин Хар зүрх хороо” гэж тусгасан.“ гэх мэдүүлгийг тус тус шүүхэд өгсөн байна.
Харин хариуцагч талаас шүүхэд уг газрын маргааны талаар “нэхэмжлэгч Х.З, Х.С нарт Толбо сумын Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн А/102 дугаартай захирамжаар сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Хар зүрх” гэдэг газраас тухайн үеийн Засаг дарга 700 м2 газар эзэмшүүлсэн захирамж гаргасан байна. Толбо сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрээс Е.Жт эзэмшүүлсэн газар болон нэхэмжлэгч Х.С, Х.З нарт хамтран эзэмшүүлсэн газрын хооронд 700-800 метрийн зайтай, газар нь ямар нэгэн байдлаар хоорондоо давхцаагүй” гэж тайлбарласан.
9. Дээрх нөхцөл байдлыг дүгнэж үзэхэд нэхэмжлэгч нарт эзэмшүүлсэн гэх “Хар зүрх” гэх газар дахь 700 м2 газар, гуравдагч этгээд Е.Жт эзэмшүүлсэн “Ш хуучин өвөлжөө” гэж нэрлэсэн 700 м2 газар, иргэн Х.Ж өвөлжөөний 700 м2 газрууд нь хоорондоо 700-950 метрийн зайд оршдог, Толбо сумын 2 дугаар багийн “Хүнгүй” гэх газарт хамаарах тус тусын байршил бүхий газрууд байх ба маргаан бүхий газрыг анх нэхэмжлэгч нарт 2016 оны А/102 дугаар захирамжаар эзэмшүүлсэн гэж үзэх, нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарт эзэмшүүлсэн газар давхцсан гэж үзэх нөхцөл байдал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус тус тогтоогдоогүй.
Маргаан бүхий газрыг иргэдэд өвөлжөө, хаваржааны зориулалтаар эзэмшүүлж болохоор эрх бүхий этгээдээс Толбо сумын 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаж баталсан байх ба Толбо сумын Засаг даргын 2022 оны А/12 дугаар захирамжийн холбогдох хэсгээр гуравдагч этгээд Е.Жт маргаан бүхий газрыг эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т “Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, сум, нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна.” гэж заасныг, 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна.” гэж заасныг зөрчөөгүй гэж үзэж, Толбо сумын Засаг даргын 2022 оны А/12 дугаар захирамжийн Е.Жт холбогдох хэсгийг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
10. Хэргийн нотлох баримтаас үзэхэд гуравдагч этгээд Е.Ж нь маргаан бүхий газрыг эзэмших хүсэлтээ Толбо сумын Засаг даргад 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр гаргасан байх ба тус газрын нэгж талбарын хувийн хэргийн материалд 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн огноотой “Толбо сумын 2-р багийн хэсэгчилсэн хурлын тэмдэглэл” бүхий баримт авагдсан байна. Энэ нь Толбо сумын 2 дугаар багийн Засаг даргаас тус багийн иргэд Х.Х, А.Т, Е.Ж нарыг оролцуулж хийсэн гэх хурлаар, иргэн Х.Ш хуучин өвөлжөөний газрыг гуравдагч этгээд Е.Жт эзэмшүүлэхийг дээрх иргэдээс зөвшөөрсөн санал гаргасан агуулгатай баримт байна.
Толбо сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуралдааны 25 дугаартай тогтоолоор тус сумын 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах үед тус хуралдаанд оролцсон газрын даамал Б.Саас гуравдагч этгээд Е.Жийн гаргасан газар эзэмших талаарх хүсэлтийг танилцуулсан байх ба сумын Хурлын байгууллагын 25 дугаар тогтоолын зургаадугаар хавсралтын дэс дугаарын 418 дахь хэсэгт маргаан бүхий 700 м2 газрыг өвөлжөө, хаваржааны зориулалтаар эзэмшүүлэхээр тусгаж төлөвлөжээ. Уг тогтоолд ...малчид иргэдээс гаргасан саналыг үндэслэснээр тусгагдсан байх ба энэ нь маргаан бүхий газрын хувьд дээрх “Толбо сумын 2-р багийн хэсэгчилсэн хурлын тэмдэглэл” бүхий баримт болохыг газрын даамал Б.Саас шүүхэд гэрчийн хувьд мэдүүлэг өгөх үед тайлбарласан.
2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн огноотой “Толбо сумын 2-р багийн хэсэгчилсэн хурлын тэмдэглэл”-ийг үйлдсэн Толбо сумын 2 дугаар багийн Засаг даргаар 2020 онд ажиллаж байсан иргэн Б.А, 2 дугаар багийн оршин суугч А.Т, С.М нарын шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлгээр нэр бүхий малчин иргэдийг оролцуулж, 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр маргаан бүхий газрыг гуравдагч этгээдэд эзэмшүүлэхийг зөвшөөрч санал гаргасан ямар нэгэн хурал болоогүй нь, уг тэмдэглэлийг гуравдагч этгээд Е.Жийн хүсэлтээр багийн Засаг дарга Б.А нь тухайн үед үйлдсэн болох нь тогтоогдсон.
Иймээс тухайн үед Толбо сумын 2 дугаар багийн иргэдийг оролцуулсан хурал болоогүй, 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн огноотой “Толбо сумын 2-р багийн хэсэгчилсэн хурлын тэмдэглэл” бүхий баримт нь хууль ёсны баримт биш гэх нэхэмжлэгч талын маргаан үндэслэлтэй байна.
Гэвч дээрх байдлаар маргаан бүхий “Х.Ш хуучин өвөлжөө” бүхий газрыг газар эзэмшүүлэх эрх бүхий этгээдээс нэхэмжлэгч нарт эзэмшүүлсэн үйл баримт тогтоогдоогүй, Толбо сумын Засаг даргын 2016 оны А/102 дугаар захирамжаар нэхэмжлэгч Х.Сд эзэмшүүлсэн газар нь маргаан бүхий газрын зүүн талд байршилтай “Хар зүрх” нэртэй малын хашаа хорооны буурь бүхий өөр газар байх тул хууль бус захиргааны акт болох 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн огноотой Толбо сумын 2 дугаар багийн Засаг дарга Б.Аын үйлдсэн “Толбо сумын 2-р багийн хэсэгчилсэн хурлын тэмдэглэл” бүхий баримтын улмаас нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхээргүй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.” гэж, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т зааснаар “нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг” гэж заасан.
Нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн үндэслэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдоогүй тул шүүхэд гаргасан 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн “Толбо сумын 2-р багийн хэсэгчилсэн хурлын тэмдэглэл”-ийг илт хууль бус болохыг тогтоохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
11. Толбо сумын Хурлын дээрх тогтоолоор маргаан бүхий газрыг иргэдэд эзэмшүүлж болохоор төлөвлөсөн нь Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал газрын харилцааны талаар дараахь нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, 20.1.2-т “тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлсэн аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, түүнд нийцүүлэн боловсруулсан сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэн батлах;” гэж заасныг тус тус зөрчөөгүй байна.
Хэргийн нотлох баримтаас үзэхэд маргаан бүхий газрыг нэхэмжлэгч нар эзэмших хүсэлт гаргаж байсан, тухайн газрыг нэхэмжлэгч нар эзэмшиж, ашигласан үйл баримт тогтоогдоогүй тул Толбо сумын газрын даамлаас уг газрыг гуравдагч этгээд эзэмших хүсэлт гаргасныг Хурлын хуралдаанд танилцуулж, улмаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас уг газрыг өвөлжөө, хаваржааны зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь нэхэмжлэгч нарын эрхийг зөрчсөн гэж үзэхээргүй байгаа тул Толбо сумын 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 25 дугаартай “2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай” тогтоолын зургаадугаар хавсралтын 418 дахь хэсгийг хүчингүй болгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг мөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.14,107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2, 31 дүгээр зүйлийн 31.2, 31.3-т заасныг баримтлан баримтлан нэхэмжлэгч Х.С, Х.З нарын шүүхэд гаргасан “ Баян-Өлгий аймгийн Толбо сумын 2 дугаар багийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн “Толбо сумын 2-р багийн хэсэгчилсэн хурлын тэмдэглэл”-ийг илт хууль бус болохыг тогтоох, тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 25 дугаартай “2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай” тогтоолын зургаадугаар хавсралтын 418 дахь хэсэг, Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн А/12 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай” захирамжийн Е.Жт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгох тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.РИЗА