Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 2021/ДШМ/757

 

 

Б.О, Ж.Б, Ч.А нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч Б.Батзориг, Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Аянагүл,

            шүүгдэгч Б.Оийн өмгөөлөгч О.Алтанчулуу,

            нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 2021/ШЦТ/100 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Оийн өмгөөлөгч Г.Алтанчулууны гаргасан давж заалдах гомдол, прокурор Д.Аянагүлийн бичсэн 2021 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 10 дугаартай эсэргүүцлээр Б.О, Ж.Б, Ч.А нарт холбогдох 2007001350152 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. ...................., 19.............. оны ......... дугаар сарын ......................-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын мэргэжилтэй, “Кристал топ майнинг” ХХК-ийн Шарын гол суман дахь алтны уурхайд механизмын оператор ажилтай, ам бүл 3, эцэг, эх нарын хамт Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Уурхайчдын 1 дүгээр гудамжны 331 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:............................/;

2. ...................., 19............ оны ............ дүгээр сарын ...........-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, Казакстан улсын Алмата хотын “Аюур веда” эмнэлэгт уламжлалт ухааны эмч ажилтай, ам бүл 3, эцэг, эх нарын хамт Налайх дүүргийн 3 дугаар хороо, Дэнжийн 17 дугаар гудамжны 410 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:................/;

3. ......................, 19.......... оны ...... дүгээр сарын ..........-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эмэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, хүүхдүүдийн хамт Налайх дүүргийн 2 дугаар хороо, 36 дугаар байрны 47 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:.............................../;

Б.О нь 2020 оны 3 дугаар сарын 2-ноос 3-нд шилжих шөнө Налайх дүүргийн 8 дугаар хороо, 58 дугаар байрны 24 тоотод байрлах М.Сарангэрэлийн гэрт хохирогч Ч.Атай хардалтын улмаас маргалдаж, улмаар түүний толгойн тус газарт хэд хэдэн удаа цохиж биед нь тархи доргилт, дух, хоёр нүдний зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхинд зулгаралт, хамар дагз баруун зулайн хуйханд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Ж.Б нь 2020 оны 3 дугаар сарын 3-ны өдөр Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст мэдүүлэг өгөхдөө “Б.О, Ч.А хоёр огт муудаагүй. Б.О огт биед нь хүрсэн зодсон, өшиглөсөн зүйл байхгүй. М.Сарангэрэл гэх хүүхэн зодсон. Намайг 00 өрөөнөөс гарч ирэхэд үстээд газраар чирч дайраад толгой руу нь өшиглөөд байсан” гэж М.Сарангэрэлийн гэмт хэрэг үйлдсэн хэмээн гүтгэн худал мэдүүлэг өгсөн,

Ч.А нь 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст хохирогчоор мэдүүлэг өгөхдөө “...М.Сарангэрэл араас гүйж ирээд үснээс зулгааж татаж газар дагзны зүүн хэсгээр мөргөж унаад ухаан алдсан. Би Отгонмөнхтэй огт муудалцаагүй. Намайг зодсон болохоор М.Сарангэрэлд гомдолтой байна” гэж М.Сарангэрэлийг гэмт хэрэг үйлдсэн хэмээн гүтгэн худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас: Б.Оийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Ж.Б, Ч.А нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт ял сонсгон яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдсэн ........................... нарт холбогдох 2007001350152 тоот хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар Ж.Б, Ч.А нарын хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ж.Б, Ч.А нарыг цагаатгаж, шүүгдэгч ............................ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Оийг 260 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Оөд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Ж.Б, Ч.А нарт авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүгдэгч Б.О цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Оөд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Оийн өмгөөлөгч Г.Алтанчулуу давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн Үндсэн хуулийн цэцийн дугаар 01 тоот Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг эцэслэн шийдвэрлэсэн тухай тогтоолыг үндэслэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг 1 жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил”, 1.10 дугаар зүйлийн 2-д “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно” гэж заасны дагуу Б.Оөд холбогдох эрүүгийн хариуцлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

Прокурор Д.Аянагүл бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хавтас хэрэгт шүүгдэгч Ч.А, Ж.Б, Б.О нарыг гэм буруутайд тооцох дараах нотлох баримтууд авагдсан байдаг. Үүнд, хохирогч Ч.Агийн хэрэг болсон өдөр цагдаагийн байгууллагад очиж мэдүүлсэн анхны “...Б.О миний гар утсыг үзэж байгаад намайг хардаад зодож эхэлсэн. Б.О намайг үсдэж чирээд гуталтай хөлөөрөө хоёр удаа өшиглөсөн. Зүүн нүд хавдаж хөхөрсөн, хөмсөгний гол хэсэг хавдсан өвдөж байна. Тухайн үед миний хажууд Мөнхгэрэл /Сарангэрэл/, Галмөнх, Баяраа нар хараад байж байсан” гэсэн мэдүүлэг, гэрч Б.Галмөнхийн “...М.Сарангэрэл, Ж.Б бид гурав 00 өрөөнд тамхи татаж байхад шал, хана мөргөж байгаа түс хийх чимээ гараад очиход том өрөөнд Ч.А газар унасан, Б.О хажууд нь байсан” гэсэн мэдүүлэг, гэрч М.Сарангэрэлийн “...Би түрүүлж 00 өрөөнөөс гараад том өрөөнд ороход голд хивсэн дээр Ч.А газар уначихсан Б.О дээрээс нь нүүр толгойд нь 2-3 удаа цохиж байхаар нь би боль манай гэрт битгий муудалц, наан чинь жоохон хүүхэд амьдардаг, та нар одоо явцгаа гэхэд больсон. Тэгэхэд Ч.Агийн нүүр нүд хавдсан харагдсан.” гэсэн мэдүүлэг, гэрч Н.Даваахүүгийн “...манай охин над руу залгаад “намайг зодоод нүд таглачихлаа” гээд уйлаад байхаар нь хэн бэ, хаана байгаа хэлээч гэхэд “Отгонмөнх зодчихсон” гэсэн. Хаягаа хэлээч гэхэд 58 дугаар байр гэсэн” гэсэн мэдүүлэг, гэрч Ч.Чулуунбаатарын “...шөнө унтаж байхад манай хөгшин рүү Ариука залгаад хэлэхдээ Отгонмөнх намайг зодчихлоо гээд уйлаад байсан. Ариунтуяа нээх их согтуу байгаагүй болсон асуудлаа мэдэж байсан” гэсэн мэдүүлэг болон Шүүхийн шинжилгээний газрын шинжээч эмч Ц.Бадралын 3244 дугаартай дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтууд болно. Дээрх хэрэгт цугларсан нотлох баримтуудад дүгнэлт хийж үзвэл шүүгдэгч Б.О нь хохирогч Ч.Агийн зүй бус үйлдлийн улмаас түүний эрүүл мэндэд халдаж гэмтэл учруулсан ба хохирогч Ч.А нь энэ талаараа өөрийн эх Н.Даваахүүтэй утсаар холбогдож хэлэхэд эцэг Ч.Чулуунбаатар нь хэрэг болсон газарт очиж охинтойгоо уулзаж цагдаад мэдэгдэж улмаар цагдаагийн байгууллагын жижүүрийн албан хаагчид ирж шүүгдэгч Б.О, Ж.Б нарыг эрүүлжүүлж, хохирогч Ч.А, гэрч М.Сарангэрэл нараас тэр даруй мэдүүлэг авахад хохирогч Ч.А Б.Оөд хэрхэн яаж зодуулсан талаараа мэдүүлсэн байдаг. Гэтэл шүүх шүүгдэгч Ч.А, Ж.Б нарыг гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхэд ямар ямар нотлох баримтууд нь эргэлзээтэй байгаа эсэх, эсхүл хуулийг тайлбарлан хэрэглэхэд эргэлзээ гарсан талаараа хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлтийг хийлгүй зөвхөн шүүгдэгч Ч.А, Ж.Б нарын өөрсдийнх нь мэдүүлэгт үндэслэн “Анх Ж.Б, Ч.А, Б.Галмөнх нарын гэрчээр өгсөн мэдүүлгүүд нь мөрдөн байцаалтын шатанд агуулгад өөрчлөлт орж, М.Сарангэрэлийг буруутгах шинж нь илүү болсон хэдий ч шүүхийн шинэчилсэн хэлэлцүүлэгт хууль сануулж авсан гэрчийн мэдүүлэг болон шүүх хуралдаанд судалсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Ч.А, Ж.Б нарыг худал мэдүүлэг өгсөн гэж үзэх үндэслэлгүй...” гэж дүгнэн тэднийг цагаатгасан нь хэргийн бодит байдалд нийцэхгүй, илтэд үндэслэлгүйгээр шүүгдэгч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Б.О нь хохирогч Ч.Агийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж гэм буруутайд тооцсон атлаа дээрх хэргийн хохирогч болох Ч.А нь “Би Б.Отэй огт муудалцаагүй, М.Сарангэрэл намайг зодсон болохоор гомдолтой байна” гэж, гэрч Ж.Б “М.Сарангэрэл нь хохирогч Ч.Аг зодсон” гэж тус тус худал мэдүүлсэн үйлдлийг цагаатгаж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй.” гэж хуульчилсан байдаг. Шүүхийн дээрх шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Дараах нөхцөл байдлын аль нэг нь тогтоогдвол анхан шатны шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзнэ. Үүнд: мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол” гэж, мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.10-т “илт үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгосон” гэснийг тус тус зөрчсөн байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасны дагуу Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 100 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолтой холбогдуулан прокурорын эсэргүүцэл болон гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудын хүрээнд тухайн хэргийн бүх ажиллагааг эсэргүүцэл, гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Шүүгдэгч Б.О, Ж.Б, Ч.А нарт холбогдох хэргээс “...Ж.Б нь 2020 оны 3 дугаар сарын 3-ны өдөр Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст мэдүүлэг өгөхдөө “Б.О, Ч.А хоёр огт муудаагүй. Б.О огт биед нь хүрсэн зодсон, өшиглөсөн зүйл байхгүй. М.Сарангэрэл гэх хүүхэн зодсон. Намайг 00 өрөөнөөс гарч ирэхэд үстээд газраар чирч дайраад толгой руу нь өшиглөөд байсан” гэж М.Сарангэрэлийн гэмт хэрэг үйлдсэн хэмээн гүтгэн худал мэдүүлэг өгсөн,

Ч.А нь 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст хохирогчоор мэдүүлэг өгөхдөө “...М.Сарангэрэл араас гүйж ирээд үснээс зулгааж татаж газар дагзны зүүн хэсгээр мөргөж унаад ухаан алдсан. Би Отгонмөнхтэй огт муудалцаагүй. Намайг зодсон болохоор М.Сарангэрэлд гомдолтой байна” гэж М.Сарангэрэлийг гэмт хэрэг үйлдсэн хэмээн гүтгэн худал мэдүүлэг өгсөн...” гэх хэргүүдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ж.Б, Ч.А нарыг цагаатгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Учир нь хавтаст хэрэгт хохирогч Ч.Агийн хэрэг болсон өдөр цагдаагийн байгууллагад очиж мэдүүлсэн анхны “...Б.О миний гар утсыг үзэж байгаад намайг хардаад зодож эхэлсэн. Б.О намайг үсдэж чирээд гуталтай хөлөөрөө хоёр удаа өшиглөсөн. Зүүн нүд хавдаж хөхөрсөн, хөмсөгний гол хэсэг хавдсан өвдөж байна. Тухайн үед миний хажууд Мөнхгэрэл /Сарангэрэл/, Галмөнх, Баяраа нар хараад байж байсан” гэсэн мэдүүлэг,

гэрч Б.Галмөнхийн “...М.Сарангэрэл, Ж.Б бид гурав 00 өрөөнд тамхи татаж байхад шал, хана мөргөж байгаа түс хийх чимээ гараад очиход том өрөөнд Ч.А газар унасан, Б.О хажууд нь байсан” гэсэн мэдүүлэг,

гэрч М.Сарангэрэлийн “...Би түрүүлж 00 өрөөнөөс гараад том өрөөнд ороход голд хивсэн дээр Ч.А газар уначихсан Б.О дээрээс нь нүүр толгойд нь 2-3 удаа цохиж байхаар нь би боль манай гэрт битгий муудалц, наан чинь жоохон хүүхэд амьдардаг, та нар одоо явцгаа гэхэд больсон. Тэгэхэд Ч.Агийн нүүр нүд хавдсан харагдсан.” гэсэн мэдүүлэг,

гэрч Н.Даваахүүгийн “...манай охин над руу залгаад “намайг зодоод нүд таглачихлаа” гээд уйлаад байхаар нь хэн бэ, хаана байгаа хэлээч гэхэд “Отгонмөнх зодчихсон” гэсэн. Хаягаа хэлээч гэхэд 58 дугаар байр гэсэн” гэсэн мэдүүлэг,

гэрч Ч.Чулуунбаатарын “...шөнө унтаж байхад манай хөгшин рүү Ариука залгаад хэлэхдээ Отгонмөнх намайг зодчихлоо гээд уйлаад байсан. Ариунтуяа нээх их согтуу байгаагүй болсон асуудлаа мэдэж байсан” гэсэн мэдүүлгүүд авагдсан байтал шүүхээс шүүгдэгч Ж.Б, Ч.А нарыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэж заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх тухай зохицуулалт нь мөрдөгч, прокуророос хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн шалгаж, хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтуудыг гүйцэд бүрдүүлж, хэргийг шүүхэд шилжүүлсний эцэст тухайн хэрэгт цугларсан баримтуудаар хэргийн үйл баримтыг бодитой тогтоож чадаагүй, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутайг хөтөлбөргүй тогтоож, эрх зүйн дүгнэлт хийхэд эргэлзээ үүссэн тохиолдолд хэргийг яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэхэд энэ заалтыг хэрэглэх ёстой.  

Анхан шатны шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэх нөхцөл байдалд “дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн үндэслэлийг заагаагүй бол” гэсэн үндэслэл хамаарах бөгөөд Ж.Б нь 2020 оны 3 дугаар сарын 3-ны өдөр Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст мэдүүлэг өгөхдөө “Б.О, Ч.А хоёр огт муудаагүй. Б.О огт биед нь хүрсэн зодсон, өшиглөсөн зүйл байхгүй. М.Сарангэрэл гэх хүүхэн зодсон. Намайг 00 өрөөнөөс гарч ирэхэд үстээд газраар чирч дайраад толгой руу нь өшиглөөд байсан” гэж, Ч.А нь 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст хохирогчоор мэдүүлэг өгөхдөө “...М.Сарангэрэл араас гүйж ирээд үснээс зулгааж татаж газар дагзны зүүн хэсгээр мөргөж унаад ухаан алдсан. Би Отгонмөнхтэй огт муудалцаагүй. Намайг зодсон болохоор М.Сарангэрэлд гомдолтой байна” гэж тус тус мэдүүлсэн мэдүүлгийг үгүйсгэсэн тухай үндэслэлээ тогтоолд заагаагүй байна.

Иймд прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хянан хэлэлцүүлэхээр шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийн дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж байгаа тул шүүгдэгч Б.Оийн өмгөөлөгч О.Алтанчулууны гаргасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгуулах тухай гомдолд хууль зүйн дүгнэлт өгөөгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 2021/ШЦТ/100 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.О, Ж.Б, Ч.А нарт холбогдох 2007 00135 0152 дугаартай эрүүгийн хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.   

   2. Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцтэл шүүгдэгч Б.О, Ж.Б, Ч.А нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус  хэвээр үлдээсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                   ДАРГАЛАГЧ,

                   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Д.МЯГМАРЖАВ

                               ШҮҮГЧ                                                          Б.БАТЗОРИГ

                               ШҮҮГЧ                                                          Д.МӨНХӨӨ