Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 101/ШШ2023/03164

 

 

 

 

 

 

 

 

 

2023 06 21

101/ШШ2023/03164

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: 0000 тоотод оршин байрлах, С.ц өр ХХК /рд:0000/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянзүрх дүүргийн 0000 тоотод оршин суух бүртгэлтэй, Ренчиндоо овогт М.Б-О /рд:0000/-д холбогдох,

 

Эд хөрөнгө хөлслөх гэрээний үүрэг болон гэрээнээс учирсан хохиролд нийт 27,213,250 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн өмгөөлөгч Ц.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай С ц ө" ХХК нь иргэн М.Б-Од 2021 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 500 ширхэг квадрат, 7 ширхэг пум, 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 500 ширхэг сапуд, 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 400 ширхэг сапуд, нийт 900 ширхэг сапудыг 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаагаар түрээсэлсэн. М.Б-О нь манайхаас авсан 500 ширхэг квадрат, 7 ширхэг пумыг хэрэглэчихээд буцаагаад авчирч өгсөн. Харин 900 ширхэг сапудыг түрээслэх хугацаа нь болчихоод байхад авчирч өгөхгүй, байсан учир М.Б-Отой холбогдож сапуд хаана байгааг асуухад Их хаадын гэрэгэ' ХХК-ийн барилга дээр байгаа гэсэн. Бид 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдөр тус барилга дээр очиж сапудаа авахад 704 ширхэг сапуд хүлээлгэн өгсөн. Яагаад 704 ширхэг сапуд өгч байгааг асуухад М.Б-О ийм л сапуд өгсөн гэж хэлсэн. Ингээд манай компанийн түрээсэлсэн 900 ширхэг сапуднаас 196 ширхэг сапудыг дутуу өгсөн.

Хариуцагч М.Б-О нь манай компаниас 7 ширхэг пум болон 900 ширхэг сапуд түрээсэлсэн түрээсийн үнэ нийт 5,250,120 төгрөг төлөхөөс 1,360,870 төгрөгийг төлж, үлдэх 3,889,250 төгрөгийг төлөөгүй байгаа.

Мөн 900 ширхэг сапуд хүлээлгэн өгсөнөөс 196 ширхэгийг дутаасан тул 1 ширхэг сапудыг 85,000 төгрөгөөр тооцож, 16,660,000 төгрөг гаргуулахаар анх нэхэмжлэлээ гаргаж байсан. Нэхэмжлэл гаргах үед сапудны үнийг итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие өөр эд зүйлийн үнэтэй андуурч буруу тодорхойлсон байсан. Нэг ширхэг Солонгос сапудны үнэ 66,000 төгрөг боловч 60,000 төгрөгөөт тооцож нийт 196 сапудны үнэ 11,760,000 төгрөг гаргуулахаар энэ хэсэгт холбогдох шаардлагаа багасгаж байна.

Манай компани түрээсийн гэрээ дуусгавар болсон 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс өнөөдрийг хүртэл буюу шүүхэд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн гаргасан 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл 590 хоног байна. Манай компани алга болгосон 196 ширхэг сапудыг М.Б-Ооос тохирсон хугацаандаа буцаан авч бусдад түрээслэсэн байсан бол нэгж үнэ 100 төгрөг буюу өдөрт 19,600 төгрөгийг нийт 590 хоногийн түрээсээр тооцоход 11,564,000 төгрөгийн орлого олох байсан байна.

Иймд хариуцагч М.Б-Ооос түрээсийн төлбөрийн дутуу 3,889,250 төгрөг, алга болгосон сапудны үнэ 11,760,000 төгрөг, олох байсан орлого 11,564,000 төгрөг, нийт 27,213,250 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гарагсан тайлбартаа:

С.ц өр ХХК-иас 7 ширхэг пум, 900 ширхэг сапудыг түрээслэж, 196 ширхэг сапудыг буцаан хүлээлгэн өгөөгүй нь үнэн. Түрээсийн төлбөрөө бэлнээр бүрэн төлж барагдуулсан тул түрээсийн төлбөрийн үлдэгдэл 3,889,250 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Алга болгосон 196 ширхэг сапудны үнийг төлнө. Гэхдээ нэхэмжлэгч нь хуучин нэг ширхэг сапудыг 60,000 төгрөгөөр тооцож нэхэмжилж байгаа нь зах зээлийн үнээс хэт өндөр үнээр шаардаж байна. Шинжээчийн дүгнэлтээр Солонгосын хуучин 1 ширхэг сапудны үнэ 35,000 төгрөг болохыг тогтоосон тул уг үнээр тооцож 196 ширхэг сапудны үнэ 6,860,000 төгрөгийг төлнө. Олох байсан орлогод 11,564,000 төгрөг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь энэ талаарх нэхэмжлэлээ баримтаар нотлоогүй. Үнэхээр 196 ширхэг сапудыг түрээслэх өөр хүн байсан эсэх, байсан бол 590 хоногийн хугацаанд тасралтгүй түрээслүүлэх байсан эсэх нь тодорхойгүй, хийсвэрээр уг мөнгийг гаргаж шаардаж байна гэв.

 

3. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:

3.1 нэхэмжлэгчээс гаргасан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, гүйцэтгэх захирлын тушаал, зарлагын баримтууд, нэхэмжлэх, Хэв хашмал ХХК, Хэв хийц ХХК, Жаргалант яармаг проперти ХХК-иудын нэхэмжлэх, бараа материалыг түрээслэх болон зарах үнийн саналууд,

3.2 хариуцагчаас гаргасан итгэмжлэл,

3.3 шүүхийн журмаар бүрдүүлсэн шинжээчийн дүгнэлт зэргийг бүхэлд нь шинжлэн судлаад, 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч С ц ө ХХК нь хариуцагч М.Б-Од холбогдуулан сапуд түрээсийн төлөгдөөгүй төлбөр 3,889,250 төгрөг, дутаасан 196 сапудны үнэ 85,000 төгрөгөөр тооцож 16,660,000 төгрөг, нийт 20,549,250 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагаа дараах байдлаар өөрчилж нэмэгдүүлсэн. Үүнд сапуд түрээсийн төлөгдөөгүй төлбөр 3,889,250 төгрөг, дутаасан 196 сапудны үнэ 60,000 төгрөгөөр тооцож 11,760,000 төгрөг, олох байсан орлого 11,564,000 төгрөг, нийт 27,213,250 төгрөг гаргуулахаар шаардсан.

 

Хариуцагч 196 сапудны үнэ 35,000 төгрөгөөр тооцож 6,860,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, нэхэмжлэлээс бусад хэсгийг үл хүлээн зөвшөөрч маргасан.

 

2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

3. Хариуцагч М.Б-О нь 2021 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 7 ширхэг пум, 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 500 ширхэг сапуд, 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 400 ширхэг сапуд, нийт 900 ширхэг сапудыг 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд нэхэмжлэгч С ц ө ХХК-иас түрээслэж, нийт түрээсийн үнэд 5,250,120 төгрөг төлөхөөр амаар харилцан тохиролцсон үйл баримтыг талуудын хэн аль нь тайлбарлаж, маргаагүй.

 

3.1 Зохигчдын хооронд Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-т Эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшил, ашиглалтад тодорхой эд хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлэх, хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцаа үүссэн байна.

 

3.2 Хариуцагч М.Б-О нь эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хүлээсэн хөлс төлөх үүргээ бүрэн биелүүлж, бэлнээр 5 гаруй сая төгрөгийг хүлээлгэн өгсөн гэж тайлбарласан боловч уг тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй.

 

3.2.2 Гэрээний дагуу 7 ширхэг пум, 900 ширхэг сапудыг нийт 5,250,120 төгрөг төгрөгөөр түрээслэсэн үйл баримтад хариуцагч нь маргаагүй. Нэхэмжлэгчээс хөлслөгч М.Б-О нь эд хөрөнгө ашигласны хөлс 1,360,870 төгрөгийг төлж, үлдэх 3,889,250 төгрөгийг төлөөгүй байгаа гэж шаардсаныг хариуцагч баримтаар няцаагаагүй тул уг мөнгөн хөрөнгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 289 дугаар зүйлийн 289.1.2-т заасантай нийцнэ.

 

4. Нэхэмжлэгч С ц ө ХХК-иас 900 ширхэг сапуд хүлээлгэн өгснөөс хариуцагч М.Б-О нь 704 ширхэг сапудыг буцаан өгч, 196 ширхэг сапудыг хүлээлгэн өгөөгүй болох нь талуудын хэн алины тайлбараар тогтоогдсон.

Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.5-д зааснаар хөлслөгч нь гэрээ дуусгавар болоход эд хөрөнгийг хөлслүүлэгчид бүрэн бүтэн буцааж өгөх үүрэгтэй.

 

4.1 Нэхэмжлэгч нь нэг ширхэг хуучин сапудны үнийг анх 85,000 төгрөгөөр тооцож нэхэмжилж байснаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 60,000 төгрөгөөр тооцож нэхэмжилсэн. Уг шаардлагаа Хэв хашмал ХХК, Хэв хийц ХХК, Жаргалант яармаг проперти ХХК-иудын нэхэмжлэх, бараа материалыг түрээслэх болон зарах үнийн санал гэх баримтаар нотлогдоно гэж тайлбарласан. Гэвч дээрх 3 байгууллагын үнийн саналыг үндэслэн сапудны үнийг хөдөлбөргүй тогтоогдоно гэж үзэхэд учир дутагдалтай.

 

4.2 Хариуцагчаас нэг ширхэг хуучин сапудны зах зээлийн үнийг нэхэмжлэгч нь өндөр үнээр шаардаж байна гэж маргаж, шүүхийн журмаар шинжээч томилж сапудны зах зээлийн үнэлгээг тогтоолгох тухай хүсэлт гаргасан нь талуудын маргааны зүйлд ач холбогдолтой тул шүүх хангасан.

 

4.2.1 Шинжээч Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-иас ...2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар Солонгос улсад үйлдвэрлэсэн V2 маркийн хуучин сапудны өнөөгийн зах зээлийн үнэ цэнэ 35,000 төгрөг болохыг тодорхойлж дүгнэлт ирүүлсэн.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй, зах зээлийн үнэлгээг бодитой бус гаргасан гэж тайлбарласан боловч тэрээр дахин шинжээч томилох хүсэлт гаргаагүй, энэ талаарх хүсэлт гаргах эрхээ хэрэгжүүлээгүй.

Шинжээч Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн гаргасан дүгнэлтээс үзэхэд сапудны зах зээлийн үнэлгээг гаргахдаа зах зээлийн судалгааг тал бүрээс нь харьцуулан Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд нийцүүлэн гаргасан байна. Иймд шүүх шинжээчийн дүгнэлтийг хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй баримт гэж үзнэ.

Иймд Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т заасныг үндэслэн хариуцагч М.Б-Ооос нэг ширхэг сапудны үнийг шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 35,000 төгрөгөөр тооцож, 196 ширхэг сапудны үнэ 6,860,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С ц ө ХХК-д олгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өнөөдрийн шүүх хуралдаанд дутаасан сапудыг шинэ байсан гэж тайлбарласан боловч талуудын хооронд бичгийн гэрээ байгуулагдаагүйгээс гэрээний зүйлийг шинэ, хуучин эсэх талаарх мэдээллийг агуулсан баримтгүй байна. Энэ тохиолдолд нэхэмжлэгч нь шинэ сапуд хүлээлгэн өгсөн болохоо баримтаар нотлох үүргийг хүлээнэ.

Хариуцагчаас ...шинэ сапуд байгаагүй, бусдад түрээслүүлж байсан сапудаа өгсөн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинэ сапуд байсан гэж тайлбарлаж байгаагүй атлаа өнөөдрийн шүүх хуралдаанд энэ талаар тайлбарлаж байгаа нь зөрүүтэй гэж маргасан нь үндэслэл бүхий байх тул шүүх сапудыг хуучин сапудны үнээр тооцон гаргуулсан болохыг дурдах нь зүйтэй.

 

5. Нэхэмжлэгч нь дутаасан 196 ширхэг сапудыг хугацаандаа хүлээлгэн өгсөн байсан бол 590 хоногийн хугацаанд бусдад өдрийн 19,600 төгрөгөөр түрээслүүлж, нийт 11,564,000 төгрөгийн орлого олох байсан гэж үзэж уг мөнгөн хөрөнгийг гэрээнээс учирсан хохиролд тооцон нэхэмжилсэн.

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж зааснаар нэхэмжлэгч нь өөрт учирсан хохирлоо буруутай этгээдээс шаардах эрхтэй. Харин уг шаардлагаа баримтаар нотолсон байх шаардлагатай.

Нэхэмжлэгч нь 196 ширхэг сапудыг нэг бүрийн үнийг 100 төгрөгөөр тооцон, нийт 590 хоногийн турш тасралтгүй бусдад түрээслүүлж, 11,564,000 төгрөгийн орлого олох байсан болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй.

Иймд нэхэмжлэгчээс гаргасан олох байсан орлого 11,564,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

6. Дээр дурдсан үндэслэлүүдийг нэгтгэн дүгнэвэл хариуцагч М.Б-Ооос эд хөрөнгө хөрөнгө хөлслөх гэрээний үлдэгдэл төлбөр 3,889,250 төгрөг, дутаасан сапудны үнэ 6,860,000 төгрөг, нийт 10,749,250 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С ц ө ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 16,464,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн хангагдсан хэмжээгээр хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөх үүрэгтэй тул хариуцагчаас 10,749,250 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 186,938 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 382,271 /260,697+121,574/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

8. Хариуцагчийн хүсэлтээр шүүх Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээчийн ажлын хөлс 165,000 төгрөг болсныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б Хаан банк дахь өөрийн эзэмшлийн 5863211684 тоот дансаар дамжуулсан төлсөн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна гэж заасан ба шүүхийн зардалд шинжээчийн ажлын хөлс хамаардаг.

Шинжээчийн ажлын хөлсийг урьдчилан хариуцагч тал төлсөн ба нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул шинжээчийн ажлын хөлсний тал хувийг нэхэмжлэгч хариуцах үүрэгтэй. Иймд нэхэмжлэгчээс шинжээчийн ажлын хөлс 165,000 төгрөгийн тал хувь болох 82,500 төгрөгийг гаргуулж хариуцагчил олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч М.Б-Ооос 10,749,250 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С ц ө ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 16,464,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 382,271 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 186,938 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С ц ө ХХК-иас шинжээчийн ажлын хөлс 82,500 төгрөгийг гаргуулж хариуцагч М.Б-Од олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ