| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гончигжанцангийн Бямбажаргал |
| Хэргийн индекс | 101/2022/08063/И |
| Дугаар | 101/ШШ2023/03788 |
| Огноо | 2023-08-29 |
| Маргааны төрөл | Хөлсөөр ажиллах, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 08 сарын 29 өдөр
Дугаар 101/ШШ2023/03788
| 2023 08 29 | 101/ШШ2023/03788 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: 0000 тоотод оршин суух, Цорос овогт Б.Л /рд:0000/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүргийн 0000 байранд байрлах, М м ХХК /рд:0000/-д холбогдох,
Дутуу олгосон ажлын хөлс 12,623,652 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,
Ажил гүйцэтгээгүй хугацааны төлбөр 13,200,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Л, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У, хариуцагчийн өмгөөлөгч А.Э нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр М м ХХК-ийн Сос М м эмнэлгийн хөдөө орон нутаг дахь салбарт тестерийн ажил гүйцэтгэхээр гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн. Миний ажил үүрэг нь Ковид цар тахлын хүрээг хязгаарлах, хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилготойгоор Оюу толгойн уурхай дээр ажиллаж байгаа ажилтнуудаас түргэвчилсэн шинжилгээг зохих журмын дагуу авах, авсан шинжилгээ сорьцийн дагуу хэрэв хариу нь эерэг гарсан тохиолдолд нарийвчилсэн ПСР шинжилгээг цар тахал, ендөржүүлсэн бэлэн байдлын зохих журмын дагуу авч аймгийн болон улсын онцгой комисст сорьцны хариуг хүргүүлэх, мэдээлэл, бүртгэлийн ажилтанг үнэн зөв мэдээллээр хангах үүрэг хүлээж төсөлт хөтөлбөр дуусах хүртэл хугацаанд үргэлжлэхээр байсан. Улмаар 2022 оны 07 дугаар сарыг дуустал ажилласан. Бидний хооронд байгуулсан хөлсөөр ажиллах гэрээний 4-т хөлсөөр ажиллагчид сард нэг удаа 2,500,000 төгрөгийг олгоно гэж тохиролцсон. Гэрээний уг заалтаар сард тогтмол 2,500,000 төгрөгийн хөлс олгохоор тохирсон ба ажилласан хоногт тооцон хөлс олгохоор тохиролцоогүй. Гэтэл М м ХХК нь 2021 оны 09 сард 83,333 төгрөг, 2021 оны 10 сард 2,258,065 төгрөг, 2021 оны 12 сард 725,806 төгрөг, 2022 оны 01 сард 1,532,258 төгрөг, 2022 оны 02 сард 1,250,000 төгрөг, 2022 оны 03 сард 725,806 төгрөг, 2022 оны 04 сард 1,166,667 төгрөг, 2022 оны 05 сард 2,177,419 төгрөг, 2022 оны 06 сард 1,333,333 төгрөг, 2022 оны 07 сард 1,370,968 төгрөг, нийт 12,623,652 төгрөгийг дутуу олгосон. 2021 оны 08 сард 32 хоног, 09 сард 29 хоног, 10 сард 3 хоног, 11 сард 30 хоног, 12 сард 22 хоног, 2022 оны 01 сард 12 хоног, 02 сард 14 хоног, 03 сард 22 хоног, 04 сард 16 хоног, 05 сард 4 хоног, 06 сард 14 хоног, 07 сард 14 хоног ажилласан нь үнэн, маргахгүй.
Иймд М м ХХК-иас дутуу олгосон ажын хөлс 12,623,652 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч гаргасан тайлбартаа:
2020 оны сүүлээр Монгол Улс болон Дэлхий дахинд Ковид-19 цар тахал дэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн Газар, Улсын Онцгой Комиссын шийдвэрээр гамшигаас хамгаалах Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг-ийг тогтоосон. М м ХХК нь өөрийн үйлчлүүлэгчдийн хүсэлтээр Ковид-19 цар тахлын дэгдэлт, тархалтаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд түр хугацааны шинэ төсөл хэрэгжүүлж эхэлсэн юм. Тэдгээрийн нэг нь Оюу толгой ХХК-ийн захиалгын дагуу үйлчилгээ үзүүлэх байсан. Уг төсөл нь тодорхой цэгүүдээс Оюу толгойн уурхайн цогцолбор руу нэвтэрч байгаа 7000-9000 гаруй ажилтнаас хамар хоолойн арчидас авч, сорьцыг шинжилгээнд оруулахад стандарт журмын дагуу бэлдэн, шинжилгээ өгч байгаа хүний мэдээллийг үнэн зөвөөр бүртгэн, бүртгэлийн баазыг нарийн бүрдүүлэх, болон түүнтэй холбоотой ажил гүйцэтгүүлэх байсан. Цар тахлын дэгдэлтийн улмаас ачаалал нэмэгдэж байсан тул уг төсөлд Эмнэлэг нэмэлтээр туслах эмнэлгийн мэргэжилтнээр дээр дурдсан ажлыг гүйцэтгүүлж, гэрээнд заасан хөлс авах саналыг олон нийтэд нээлттэйгээр цахим суваг ашиглан зарлаж байлаа. Тухайн үед бүх нийтийн бэлэн байдалд шилжиж, дийлэнх олонх аж ахуйн нэгж, сургуудь, бизнес тодорхойгүй хугацаанд сул зогссон үе байсан. Эмнэлэг нь цар тахлын үед богино хугацаагаар хэрэгжүүлэх төслүүд дээр хөлсөөр ажиллах гэрээний нөхцлийг бүрэн танилцуулж, гагцхүү хамар, хоолойн арчдас авах ажлыг гүйцэтгүүлэхээр Б.Лтэй хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан. Гэрээтэй тестерүүдээсээ аль боломжит хүмүүсээс өөрсдийн цаг зав, бололцоонд нь тохируулан ажилд явуулдаг байсан. Нэхэмжлэгч Б.Л ч мөн яг үүний адил өөрийн явъя гэсэн хуваариар явдаг байсан.
Хөлсөөр ажиллах гэрээний дагуу ажил үйлчилгээг үзүүлсэн хоногуудад ногдуулан Б.Лд хөлсийг олгосон. Өөрөөр хэлбэл, гэрээгээр тохиролцсон сарын хөлсийг ажилласан хоногтоо ногдуулан авдаг байсан. Үүнд ямар нэгэн зөрүү гарсан зүйлгүй. Б.Л нь 2021 оны 08 сард 32 хоног ажиллаж 2,580,645 төгрөг, 2021 оны 09 сард 29 хоног ажиллаж 2,416,667 төгрөг, 2021 оны 10 сард 3 хоног тусгаарлалтад байсан хэдий ч уг хоногийг ажилласан хоногт тооцож 241,935 төгрөг, 2021 рэы 11 сард 2 хоног тусгаалалтад байсан ч уг хоногийг ажилласан хоногт тооцон нийт 30 хоног ажиллаж 2,500,000 төгрөг, 2021 оны 12 сард 22 хоног ажиллаж 1,774,194 төгрөг, 2022 оны 01 сард 12 хоног ажиллаж 967,742 төгрөг, 2022 оны 02 сард 14 хоног ажиллаж 1,250,000 төгрөг, 2022 оны 03 сард 22 хоног ажиллаж 1,774,194 төгрөг, 2022 оны 04 сард 16 хоног ажиллаж 1,333,333 төгрөг, 2022 оны 05 сард 4 хоног ажиллаж 322,581 төгрөг, 2022 оны 06 сард 14 хоног ажиллаж 1,166,667 төгрөг, 2022 оны 07 сард 14 хоног ажиллаж 1,129,032 төгрөгийн цалинг тус тус олгосон.
Нэхэмжлэгчийн ажил үүрэг гүйцэтгээгүй хугацаанд компанийн зүгээс өөр ажилтан нөхөн томилж, Оюутолгой түргэвчилсэн шинжилгээ авах ажлыг гүйцэтгүүлж, ажлын хөлс төлсөн бөгөөд Б.Лд манай компаниас биеэр үүргээ гүйцэтгээгүй хугацааны төлбөрийг төлөх ямар ч үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.
3. Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:
Нэхэмжлэгчтэй байгуулсан хөлсөөр ажиллах гэрээний дагуу Оюутолгой уурхайд буюу эмнэлгийн орон нутгийн салбарт түргэвчилсэн шинжилгээ авах ажлыг гуйцэтгүүлэхээр харилцан тохиролцсон. Гэтэл нэхэмжлэгч Б.Л нь 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр гэрээ байгуулсан боловч эрүүл мэндийн хувьд тэнцээгүй тул 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн ажилласан. Мөн гэрээний хугацаанд хуваарилагдсан ээлжинд ар гэр болон бусад хувийн шалтгааны улмаас бүрэн ажиллаагүй, ажил үүрэг гүйцэтгээгүй болно. Тухайлбал нийт 365 хоног ажиллахаас 201 хоногт ажиллаж, 164 хоногт ажил үүрэг гүйцэтгээгүй. Нэхэмжлэгчийн ажил үүрэг гүйцэтгээгүй хугацаанд компанийн зүгээс өөр ажилтан нөхөн томилж, түргэвчилсэн шинжилгээ авах ажлыг гүйцэтгүүлж, ажлын хөлс төлсөн. Иймд ажил үүргээ биечлэн гүйцэтгээгүй буюу 164 хоногт өөр ажилтнаар ажлын гүйцэтгүүлсний төлбөр 13,200,000 төгрөг төлсөн байна. Иймд нэхэмжлэгч Б.Лгээс ажил гүйцэтгээгүй хугацааны төлбөр 13,200,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
4. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:
Сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Талуудын хооронд байгуулсан хөлсөөр олгох гэрээний дагуу сард 2,500,000 төгрөгийг олгоно гэж заасны дагуу нэхэмжлэгч нь дутуу цалин хөлсөө нэхэмжилж байгаа. Гэрээнд 2,500,000 сард 30 хоног, жилд 365 хоног ажиллаж байж олгоно гэсэн зүйл тусгагдаагүй байдаг. Б.Л нь нийт 17,456,990 төгрөгийг авсан боловч нэхэмжлээд байгаа мөнгийг олгоогүй. Хэрэгт ямар нэгэн өөр хүнээр ажил хийлгэсэн гэсэн талаар баримт байхгүй. Өөрт нь олгоогүй цалин хөлсийг өөрөөс нь нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй тийм учир сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
5. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:
5.1 нэхэмжлэгчээс гаргасан Баянзүрх дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны тэмдэглэл, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, хөлсөөр ажиллах гэрээ,
5.2 хариуцагчаас гаргасан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хөлсөөр ажиллах гэрээ, ажилчдын хөлсний тооцооллын хүснэгт, цагийн бүртгэл, Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн албан бичиг, М м ХХК-ийн захирлын 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 59 тоот хөлсөөр ажиллах гэрээг дуусгавар болгох тухай тушаал, Б.Лгээс гаргасан өргөдөл, шилжүүлгийн мэдээлэл, төслийн гэрээт ажилтнуудын цагийн бүртгэл, фэйсбүүкээр харилцсан захидал, нийтэд мэдээлсэн пост
5.3 Шүүхийн журмаар бүрдүүлсэн фэйсбүүкээр харилцсан захидал, нийтэд мэдээлсэн постод үзлэг хийсэн тэмдэглэл зэргийг бүхэлд нь шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Б.Л нь хариуцагч М м ХХК-д холбогдуулан дутуу олгосон цалин, ажлаас халагдсаны тэтгэмж, ээлжийн амралтын олговорт нийт 12,902,278 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт дутуу олгогдсон хөлс нийт 12,623,652 төгрөг гаргуулахаар шаардлагаа өөрчилсөн.
Хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ажил гүйцэтгээгүй хугацааны төлбөр 13,200,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2. Зохигчдын хооронд 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдөр хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр нэхэмжлэгч Б.Л нь хариуцагч М м ХХК-ийн эмнэлгийн ажилтнуудтай хамтран хуваарьт газарт мэдэгдсэн цэгт ирж тестерийн ажил гүйцэтгэж, Оюу толгойн уурхайн ажилтнуудаас Ковид-19 цар тахлын түргэвчилсэн шинжилгээг зохих журмын дагуу авч, шинжилгээ эерэг гарсан тохиолдолд нарийвчилсан ПСР шинжилгээг авч, аймгийн болон улсын онцгой комисст сорьцын хариуг хүргүүлж, мэдээлэл, бүртгэлийн ажилтныг үнэн зөв мэдээллээр хангах ажил гүйцэтгэх, хариуцагч М м ХХК сард нэг удаа 2,500,000 төгрөгийн хөлс төлөхөөр харилцан тохиролцсон байна. /1-р хх-11-12/
Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээх ба тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан, уг гэрээ хүчин төгөлдөр байна.
3. Нэхэмжлэгч Б.Л нь хөлсөөр ажиллах гэрээний дагуу 2021 оны 8 дугаар сараас 2022 оны 7 дугаар сарын дуустал хугацаанд хариуцагч М м ХХК-иас заасан хуваарьт газарт Ковид-19 цар тахлын түргэвчилсэн шинжилгээ, тестерийн ажил гүйцэтгэсэн байна. Үүнд, 2021 оны 8 сард 32 хоног, 9 сард 29 хоног, 10 сард 3 хоног, 11 сард 30 хоног, 12 сард 22 хоног, 2022 оны 01 сард 12 хоног, 02 сард 14 хоног, 3 сард 22 хоног, 04 сард 16 хоног, 5 сард 4 хоног, 6 сард 14 хоног, 7 сард 14 хоног тус тус ажилласан үйл баримтад талуудын хэн аль маргаагүй. Уг үйл баримт төслийн гэрээт ажилтнуудын цагийн бүртгэлийн баримтаар тогтоогдсон. /1-р хх-40-41, 2-р хх-7-8, 16-17/
Хариуцагч М м ХХК нь нэхэмжлэгч Б.Лд дээрх ажилласан хоногт нь тооцон 2021 оны 08 сард 32 хоногт 2,580,645 төгрөг, 2021 оны 09 сард 29 хоногт 2,416,667 төгрөг, 2021 оны 10 сард 3 хоногт 241,935 төгрөг, 2021 рэы 11 сард 30 хоногт 2,500,000 төгрөг, 2021 оны 12 сард 22 хоногт 1,774,194 төгрөг, 2022 оны 01 сард 12 хоногт 967,742 төгрөг, 2022 оны 02 сард 14 хоногт 1,250,000 төгрөг, 2022 оны 03 сард 22 хоногт 1,774,194 төгрөг, 2022 оны 04 сард 16 хоногт 1,333,333 төгрөг, 2022 оны 05 сард 4 хоногт 322,581 төгрөг, 2022 оны 06 сард 14 хоногт 1,166,667 төгрөг, 2022 оны 07 сард 14 хоногт 1,129,032 төгрөг тус тус олгосон байна. Уг үйл баримт нь нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт, мөнгөн шилжүүлгийн мэдээллийн баримтуудаар тогтоогдсон ба талууд үүнд маргаагүй. /1-р хх-8, 244-250, 2-р хх-1-6/
4. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...сард хэдэн хоног ажилласнаас үл хамааран хөлсөөр ажиллах гэрээний 4 дэх заалтад сард нэг удаа 2,500,000 төгрөгийг олгоно гэж зааснаар сар бүр 2,500,000 төгрөгийн хөлс түүнд төлөх үүрэгтэй гэж,
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлээ ...хөлсийг ажилласан хугацаагаар тооцохоор анх нэхэмжлэгчтэй тохиролцсон, үүний дагуу сар бүр тооцож олгосон, нэхэмжлэгч хөлс дутуу олгосон талаар санал гомдол гаргаж байгаагүй, гэрээний 7.13 дахь заалтад Ажилласан хугацааны хөлсийг хөлсөөр ажиллуулагчаас гэрээгээр тохиролцсон хугацаанд шаардах эрхтэй талаар заасан. Ажилласан хоногт тохирсон цалинг олгосон тул дутуу олгосон цалин хөлс гэж байхгүй гэж тус тус тайлбарлаж, маргасан.
4.1. Талуудын байгуулсан гэрээний 3 дахь заалтад Ажиллах хуваарь: Хөлсөөр ажиллагч нь хуваарилагдсан ээлжинд заасан цагийн хуваарийн дагуу ажиллана, 4 дэх заалтад Хөлсөөр ажиллагчид сард нэг удаа 2,500,000 төгрөгийг олгоно, 7.13 дахь заалтад Хөлсөөр ажиллагч нь ажилласан хугацааны хөлсийг хөлсөөр ажиллуулагчаас гэрээгээр тохиролцсон хугацаанд шаардах эрхтэй гэж тус тус заажээ.
4.2.1. Хариуцагч нь хэрэгт төслийн гэрээт ажилтнуудын цагийн бүртгэлийг баримтаар гаргасан ба уг цагийн бүртгэлийн дэвтрээс үзэхэд Б.Л нь өөрийн ажилласан өдрийг баталгаажуулж тухай бүр гарын үсгээ зурсан байна. /1-р хх-114-225/
4.2.2 Шүүх хариуцагчийн хүсэлтээр фэйсбүүк цахим сүлжээний Sos Medica Mongolia HR нэртэй хэрэглэгчийн бүлэг болон Б.Лтэй харилцсан захидалд үзлэг хийж бэхжүүлсэн. Уг үзлэгийг явуулахдаа латин үсгээр харилцсан хэсгийг крилл үсэг рүү хөрвүүлснийг фэйсбүүк цахим сүлжээний Sos Medica Mongolia HR нэртэй хэрэглэгчийн бүлэгт байгаа бичвэртэй харьцуулан тулгаж явуулсан болно. /1-р хх-57-69, 71-75, 2-р хх-26-47, 60-61/
Үзлэгээр дараах үйл баримт илэрсэн. Үүнд,
- 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хөдөө орон нутаг болон хотод шинээр хэрэгжүүлэх төсөлд ажилтан авах тухай зар нийтэлсэн байх ба Лаборант-АШУИС-ийн Био анагаахын их сургуулийг био анагаах судлаачаар эсхүл АШУИС-ийн Сувилахуйн сургуулийг лаборант мэргэжлээр төгссөн байх, эмч эрхийн лицензтэй, сувилагч-Сувилахуйн сургуулийг мэргэжлээр төгссөн, лицензтэй, Тавигдах шаардлага: ... хотод ээлжээр эсхүл хөдөө орон нутагт ээлжийн хугацаанд байрлан ажиллах боломжтой байх ..., Онцлог: төслийн хугацаанд ажиллахад хууль тогтоомжийн дагуу нийгмийн даатгал төлөгдөх бөгөөд зөвхөн ажилласан хоногтоо зохих хөлсийг авах болохыг анхаарна уу гэсэн мэдээлэл тавигдсан байна. /1-хх-73-74/
- Хариуцагч М м ХХК-ийн хүний нөөцийн ажилтантай нэхэмжлэгч Б.Лгийн харилцсан захидлаас үзэхэд тэрээр өөрийн ажиллах ээлж, хугацааны талаарх саналаа тухай бүр өгч өөрийн ажиллах боломжгүй өдрүүдэд энэ талаараа мэдэгдэж байсан. М м ХХК-иас заасан хугацаанд ажиллах боломжтой тестерүүд нэрээ өгөхийг мэдэгдэж, үүнд нэхэмжлэгч Б.Л нь өөрийн нэр, утасны дугаараа өгч ажиллахаа илэрхийлж байсан байна.
4.2.3 Түүнчлэн нэхэмжлэгч Б.Л нь 2021 оны 08 дугаар сараас 2022 оны 07 дугаар сар хүртэл ажиллахдаа сар бүр цалин, хөлс авч байсан. Тухайн саруудад ажилласан хоногт нь тооцон хөлс олгож байх үед хөлсөө хүлээн авах үедээ маргаж байгаагүй болох нь талуудын тайлбараар тогтоогдсон.
5. Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.2 дахь хэсэгт хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарах ба хүсэл зоригийн илэрхийллийн утга ойлгомжгүй бол хүсэл зоригоо илэрхийлэгчийн хэрэгцээ, шаардлага, үг болон үйлдэл, эс үйлдэхүй, бусад нөхцөл, байдалд дүн шинжилгээ хийх замаар тайлбарлана гэж заасан.
Зохигчдын байгуулсан гэрээний агуулгыг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, талуудын тайлбартай тал бүрээс нь харьцуулвал М м ХХК нь анх ажилд авах тухай зард ажилтан ажилласан хоногтоо зохих хөлсийг авах талаар мэдэгдэж байснаас гадна нэхэмжлэгчийн ажиллах ээлж, цагийн хуваарийг талууд тухай бүр тохиролцон тогтоож байсан, сард ажилласан хоногт тооцон хөлс олгож байхад нэхэмжлэгч тухайн үедээ маргаагүй үргэлжлүүлэн ажилласаар байсан нь ажиллагчийн ажилласан хугацаагаар тооцон хөлс олгохоор тохиролцсон гэж дүгнэх үндэслэлтэй байна.
5.1 Иймд нэхэмжлэгчээс гаргасан ажилласан хоногоос үл хамааран сард тогтмол 1 удаа 2,500,000 төгрөгийн хөлс олгох байсан гэх тайлбар үгүйсгэгдэж байх ба тэрээр өөрийн ажилласан хоногт тохирох цалин хөлсөө авсан болох нь баримтаар тогтоогдсон тул түүний дутуу олгосон хөлс 12,623,652 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.
6. Хариуцагч нь ажил гүйцэтгээгүй хугацааны төлбөр 13,200,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэгчээс шаардсан нь үндэслэлгүй байна. Уг сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Б.Лгийн ажиллаагүй өдрүүдэд өөр ажилтан ажиллуулж, тэдгээр ажилтанд нийт 13,200,000 төгрөгийн хөлс олгосон, уг хөлсийг гаргуулна гэж тайлбарласан.
Дээр дурдсанаар талууд ажилласан хоногт тооцон хөлс олгохоор тохиролцсон болох нь тогтоогдсон ба Б.Лг ажиллаагүй үед өөр ажилтан ажиллуулах замаар хөлс олгох эсэх нь М м ХХК-ийн асуудал байна.
Хариуцагч М м ХХК нь Ковид-19 цар тахлын түргэвчилсэн шинжилгээ, тестер авах ээлжийн өөр ажилтан хөлсөөр авч ажиллуулахад нэхэмжлэгч Б.Лгийн буруутай үйлдэл байхгүй байна. Эмнэлгийн хуваарьт газар буюу Оюутолгойн уурхайд тогтмол Ковид-19 цар тахлын түргэвчилсэн шинжилгээ, тестер авах ажил гүйцэтгэх нь М м ХХК-ийн хариуцсан ажил байх ба уг ажлын хүрээнд компани бусдыг хөлсөөр ажиллуулсан нь Б.Лд хамааралгүй. /2-р хх-18/
Иймд хариуцагчаас гаргасан ажил гүйцэтгээгүй хугацааны төлбөр 13,200,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэл хэрэгсэхгүй болсон тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч хариуцах тул улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 221,387 төгрөг, хариуцагчаас төлсөн 223,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М м ХХК-д холбогдох 12,623,652 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Лгийн үндсэн нэхэмжлэлийн шаардлага, 13,200,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч М м ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 221,387 төгрөг, хариуцагчаас төлсөн 223,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ