2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 2025/ШЦТ/2606

 

 

 

 

 

 

 

 

2025         11          18                                   2025/ШЦТ/2606

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ууганбаатар даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Чингис,

улсын яллагч Э.Мөнх-Оргил,

шүүгдэгч А.Х-г оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ******* овогт А-ийн Хд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2506 02222 2636 дугаартай хэргийг 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ************* тоотод оршин суух хаягтай,

Урьд Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 113 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж байсан,

******** овогт А-ийн Хд /регистрийн дугаар: **********/.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.Х нь 2025 оны 01 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах И бааранд байхдаа хохирогч Э.Мтэй үл ялих зүйлээс болж маргалдаж, улмаар түүний толгой, нүүр рүү өшиглөж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч А.Х-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2506 02222 2636 дугаартай хэргийг шүүхэд шилжүүлж ирүүлжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр дараах яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч А.Х-ий мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх-ийн 15-р хуудас/,

Гэрч Б.Мийн мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин өгсөн мэдүүлэг /хх-ийн 18-19-р хуудас/,

Гэрч Б.Хгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин өгсөн мэдүүлэг /хх-ийн 26-27-р хуудас/,

Гэрч Г.Ягийн мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин өгсөн мэдүүлэг /хх-ийн 40-41-р хуудас/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 2816 дугаартай дүгнэлт /хх-ийн 32-33-р хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, жолоочийн лавлагаа мэдээлэл, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа, нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн иргэний тодорхойлолт, эрүүл мэндийн даатгалын төлөлт шалгах, эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 60-68-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтыг энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэд шалгаж, тодруулсан байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Улсын яллагч Э.Мөнх-Оргил: “...шүүгдэгч А.Х нь 2025 оны 01 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах И бааранд байхдаа хохирогч Э.Мтэй үл ялих зүйлээс болж маргалдаж, улмаар түүний толгой, нүүр рүү өшиглөж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүх хуралдааны хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай...” дүгнэлтийг,

 

Шүүгдэгч А.Х шүүх хуралдааны хэлэлцүүлэгт: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэж гэм буруугийн талаар маргаагүй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт  “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасныг удирдлага болгон шүүх хуралдаанд яллах, өмгөөлөх талын шинжлэн судалсан хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд болох:

Хохирогч Э.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр ганцаараа Баянзүрх дүүргийн 13 дугаар хороонд байрлах И нэршилтэй баар ороод нэг литрийн Эдэн нэршилтэй цагаан архийг Я гэх залуугийн хамтаар уучхаад баар хаах болоод гарсан. Тухайн үед би архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор юу болсон талаар сайн санахгүй байна. Баарнаас гараад нэг залуутай гар бариад зогсож байхыг би санаж байна. Тэр залуугаас салаад явах гэж байх үед юунаас болсныг сайн санахгүй байгаа хэдий ч нэг мэдэхэд хоорондоо зодолдоод би нэг хана түшээд толгой хэсэгтээ нэг удаа өшиглүүлж байсан гэдгээ санаж байна. Хажууханд нэг эмэгтэй байсан тухайн эмэгтэй нь чиний толгойноос цус гараад байна хурдан цагдаа дуудаач гээд тэр эмэгтэй өөрөө цагдаа дуудаж өгсөн. ...Би тухайн залууг одоо харвал танина. Тухайн залуугийн хамтаар 4 хүн цуг байсан. ...Миний биеийн толгой урд хэсэгт гэмтэлтэй байна өөр бэртэл гэмтэл байхгүй...” гэх мэдүүлэг,

 

Гэрч Б.Мийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг “...Тус өдөр манай ажлын найз болох Хгийн төрсөн өдөр болоод бид нар А караокед ороод 0.75 литрийн вискийг дөрвүүлээ хувааж уугаад дараа нь Баянзүрх дүүргийн 13 дугаар хороонд байрлах И бааранд ороод бүжиглэсэн. Тэгээд баар хаах болоод бид гараад үүдэнд нь тамхи татаад байж байх үед 2 залуу гарч ирээд та нар одоо хэн юм одоо зайлцгаа гэхээр нь зүгээр явчихаа гээд Х нь очиж гар бариад ингээд явчихаа би хүмүүсээ аваад явлаа чи бас явчих гэсэн чинь нөгөө залуу нь хүрч ирээд миний дух хэсэгт нэг удаа цохих үед миний малгай газарт унаад тэгэхээр за яах уу адилхан архи уусан хүмүүс байна гэж бодоод зогсож байтал дахиж хүрч ирээд миний ам хэсэгт нэг удаа цохисон. Тэр залуу нь Хг цохиж унагаад очиж дахин нэг удаа цохисон. Тэгээд Х нь бид хоёрыг цохиулсныг хараад тэр залууг болиулах гээд очтол манай Х-г нөгөө залуу нь нэг удаа цохисон. Тэгээд Х нь тухайн залуутай маргалдаад хэд, хэд цохисон харагдсан. Тэгээд манай жолоо  барихаар ирсэн дүү болох Г нь хүрч ирээд, тэр залуугаас уучлалт гуйгаад тэгээд нөгөө залуу нь агсарч, агсарч байгаад яваад өгсөн...” гэх мэдүүлэг,

Гэрч Б.Хгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Тус өдөр миний төрсөн өдөр болоод өөрийн найзууд болох М, У.Х, Х-н хамтаар А караокед орж дуулж, архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд дараа нь Баянзүрх дүүргийн 13 дугаар хороонд байрлах И бааранд ороод бүжиглэсэн, бүжиглэж байх хоорондоо нэг нэг лааз пиво уугаад бүжгийн талбай дээр нэг залуу У.Хг ундааны саваар толгой хэсэгт нь нэг удаа цохисон. Тэгээд тэд нар эвлэрээд гарч байх шиг байсан. Тухайн үетэй зэрэгцээд баар хааж байсан. Бид нар гараад тамхи татаад зогсож байтал дотор У.Хтэй маргалдаад байсан залуу гарч ирээд Хтэй гар бариад эвлэрээд байж байсан. Тэгээд бид нарыг тухайн залуу нь хараад орилоод дайраад байсан. Тухайн залуу бид нарын нүүр хэсэгт цохиж байсан. Тэгээд бид нарыг цохиод байхаар нь манай найз Х нь болиулах гэж очоод нүүрэндээ цохиулаад барилцалдаж аваад хоорондоо ноцолдсон. Тэгээд манай найз Х нь тухайн залуутай маргалдаж байгаад гэмтээсэн харагдсан. Би тодорхой харж чадаагүй...” гэх мэдүүлэг,

Гэрч Г.Ягийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Тухайн өдөр би өөрийн найз Бат-Эрдэнэ гэх залуугийн хамтаар Баянзүрх дүүргийн 13 дугаар хооронд байрлах И гэх бааранд ороод 0.75 литрийн цагаан архи уугаад байж байтал М гэх найз маань манай бааранд ороод ирсэн. Тэгээд түүнийг суулгаад 0.5 литрийн цагаан архи нэмж захиалаад ууж сууцгаасан. Тухайн үед баар хаах дөхөж байтал манай Бат-Эрдэнэ найз маань түрүүлээд яваад өгсөн. Тэгээд М бид хоёр үлдээд баарнаас гараад явж байтал баарны үүдэнд манай бааранд хааяа орж ирдэг 2 эмэгтэйг хэсэг залуучууд хоргоогоод байх шиг харагдаад байхаар нь манай найз М нь тухайн залуучууд дээр очоод “Яагаад байгаа юм бэ?” гээд тухайн залуучуудтай маргалдаж эхэлсэн. Миний харснаар М нь тэд нарыг эхлээд цохиод байсан зодооныг бол М эхлүүлсэн. Тэгээд нэг залууд дараа нь өшиглүүлж байх шиг байсан. Тэнд байсан нэг эмэгтэй цагдаа дуудаарай гээд орилж байгаад тэр эмэгтэй өөрөө цагдаа дуудаж байх шиг байсан тэрний дараа би шууд яваад өгсөн. Түүний дараа юу болсон талаар би сайн мэдэхгүй байна. ...Эхлээд М нь тэдгээр залуусыг цохиж байсан гэхдээ сүртэй хүчтэй цохиж байгаа харагдаагүй, харин Мг өргөн өмдтэй, шар гуталтай залуу өшиглөж байх шиг байсан царайг нь бол санахгүй байна...” гэх мэдүүлэг,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 2816 дугаартай шинжээч эмч Э.Эрхэмбаярын:“... 1. Э.Мгийн биед духанд язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. 2. 3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. 4. 5. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо” гэх шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар:

 

Шүүгдэгч А.Х нь 2025 оны 01 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах И бааранд байхдаа хохирогч Э.Мтэй үл ялих зүйлээс болж маргалдаж, улмаар түүний толгой, нүүр рүү өшиглөж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох үйл баримт тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилсан.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинж нь хүний гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан байхыг шаарддаг.

 

Шүүгдэгч А.Х нь хохирогч Э.Мг үл ялих зүйлээр шалтаглан түүний биед халдан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул А.Х-г уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй.

 

Тодруулбал, шүүгдэгч А.Х нь өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн болно.

 

Иймд Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч А.Х-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлсэн бөгөөд хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний... эрүүл мэндэд, шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж, мөн зүйлийн 5 дахь хэсэгт “...Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно” гэж тус тус заасан.

 

Хохирогч Э.М хохирол төлбөр нэхэмжлээгүй тул шүүгдэгч А.Х-г бусдад төлөх төлбөхгүй гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч “... Шүүхээс шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч А.Хд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна...” гэх дүгнэлтийг,

           

Шүүгдэгч А.Х эрүүгийн хариуцлагын талаар: “..Хэлэх зүйлгүй...” гэж,

 

Шүүгдэгч А.Хд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт эрүүгийн хариуцлагыг “дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж хуульчилсан.

Шүүгдэгч А.Х-н гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал болон гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал зэргийг нь тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас торгох ялыг сонгож 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ялыг сонгон оногдуулах нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзэв.

 

Шүүгдэгч А.Хд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан нөхцөл байдлыг тооцох. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч А.Хд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

                                                                                                

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт А-ийн Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Х-г найман зуун /800/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Хд оногдуулсан торгох ялыг гурав (3) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Х нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Хд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Г.УУГАНБААТАР