Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 101/ШШ2023/03892

 

 

 

 

 

 

 

 

 

2023 09 06

101/ШШ2023/03892

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 0000 тоотод оршин суух, Тангуд овогт Т.Б  /рд:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянзүрх дүүргийн 0000 тоотод оршин суух, Боржигин овогт Г.Т /рд:/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 4,050,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Т.Б, нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл нар оролцов.

 

Хариуцагч Г.Т нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Г.Ттой зээлийн гэрээ хийж 1 сарын хугацаатай 1,500,000 төгрөгийг сарын 500,000 мянган төгрөгийн хүүтэй зээлэхээр тохиролцон зээлсэн. Зээлийн гэрээнд бид гарын үсэг зурж нотариатаар батлуулсан. Гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч Г.Т нь зээлийн төлбөрөө төлөөгүй өнөөг хүрч байна. Зээлийн гэрээнд заасны дагуу хугацаа хэтрүүлсэн хоног тутам 0,5 хувийн алданги тооцож 410 хоногийн алданги 2,050,000 төгрөг, үндсэн зээл 1,500,000 төгрөг, зээлийн хүү 500,000 төгрөг, нийт 4,050,000 төгрөгийг хариуцагч Г.Тоос гаргуулж өгнө үү. Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш Г.Т нь 300,000 төгрөг төлсөн гэв.

 

2. Хариуцагч нь 2023 оны 7 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авч, 2023 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хариу тайлбар гаргах хугацаа дууссан боловч тэрээр шүүхэд бичгээр хариу тайлбар, нотлох баримт гаргаагүй болно.

 

3. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:

3.1 нэхэмжлэгчээс гаргасан зээлийн гэрээ, иргэний үнэмлэхийн лавлагаа, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 101/ШШ2022/04800 дугаар шийдвэр, Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 28ж4-2/1177 тоот албан бичиг, дансны хуулга зэргийг бүхэлд нь шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Т.Б нь хариуцагч Г.Тод холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4,050,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

3. Зохигчид 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр Т.Б нь 1,500,000 төгрөгийг 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл 21 хоногийн хугацаатай зээлдүүлэх, хариуцагч Г.Т нь 2.5 хувийн хүү төлөх, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 0.5 хувийн алданги төлөхөөр харилцан тохиролцсон байна. /хх-3-4/

 

3.1 Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасны дагуу 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Т.Бээс 1,500,000 төгрөгийг Г.Тын эзэмшлийн Хаан банк дахь 0000 тоот дансанд Б зээл гэх гүйлгээний утгаар шилжүүлсэн болох нь дансны хуулгын баримтаар тогтоогдож байна. /хх-11/

 

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, уг гэрээ нь хүчин төгөлдөр байна.

 

4. Хариуцагч Г.Т нь нэхэмжлэлийн хувийг 2023 оны 7 дугаар сарын 04-ний гардан авсан боловч өнөөдрийн шүүх хуралдааныг хүртэл хугацаанд хариу тайлбараа бичгээр гаргаагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй, 72.3 дахь хэсэгт Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж тус тус заасан.

 

4.1 Хариуцагч Г.Т нь шүүхэд бичгээр хариу тайлбар гаргаагүй тул хэрэгт авагдсан баримтыг үндэслэн хэргийг шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

5. Нэхэмжлэгч Т.Б нь үндсэн зээл 1,500,000 төгрөг, хүү 500,000 төгрөг, алданги 2,050,000 төгрөг, нийт 4,050,000 төгрөг гаргуулахаар шаардсан нь үндэслэлгүй байна.

Учир нь талуудын байгуулсан зээлийн гэрээний 3.3 дахь заалтад зээлийн хүү 2.5 хувь байна гэж тохиролцсон байна. Үндсэн зээл 1,500,000 төгрөгөөс 2.5 хувийн хүүг тооцвол 37,500 төгрөгийг зээлийн хүүд төлөх үүрэгтэй байна. Талууд зээлийн гэрээний хугацааг сунгаагүй болохоо нэхэмжлэгч шүүх хуралдаанд тайлбарласан.

5.1 Нэхэмжлэгч нь хугацаа хэтрүүлсэн нийт 410 хоногт тооцох алданги гаргуулна гэж шаардсан боловч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасан. Зээлийн үндсэн төлбөр 1,500,000 төгрөг, зээлийн хүү 37,500 төгрөг, нийт 1,537,000 төгрөгөөс алданги тооцвол 768,750 төгрөг байна.

 

5.2 Зээлийн үндсэн төлбөр 1,500,000 төгрөг, хүү 37,500 төгрөг, алданги 768,750 төгрөг, нийт 2,306,250 төгрөгийг хариуцагч Г.Т нь зээлийн гэрээний үүрэгт төлөхөөр байна.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Т.Б нь ...шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш 300,000 төгрөгийг төлсөн гэж тайлбарласан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар талуудын тайлбар нотолгооны хэрэгсэлд хамаарна.

 

5.3 Иймд хариуцагч Г.Тын төлвөл зохих 2,306,250 төгрөгөөс түүний төлсөн 300,000 төгрөгийг хасч, үлдэх 2,006,250 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.Бт олгож, нэхэмжлэлээс үлдэх 2,043,750 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэл хангагдсан хэмжээгээр хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжийг хариуцах үүрэгтэй тул хариуцагчаас 2,006,250 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 47,050 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 79,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

7. Хариуцагч Г.Тод шүүх хуралдааны товыг 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдөр мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэг тус тус заасныг баримтлан хариуцагч Г.Тоос 2,006,250 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.Бт олгож, нэхэмжлэлээс үлдэх 2,043,750 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 79,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 47,050 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ