Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 101/ШШ2023/03960

 

 

 

 

 

 

 

 

 

2023 09 12

101/ШШ2023/03960

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 0000 тоотод оршин байрлах, Д т хХХК /рд:0000/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Баянзүрх дүүргийн 0000 тоотод оршин байрлах, 000 ХХК /рд:0000/-д холбогдох,

 

Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 2,804,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Э, оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл хөтлөв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай компани 2022 оны 6 дугаар сарын 12-ны өдөр 000 ХХК-д нийт 43.9 тонн баяжуулсан нүүрсийг 1 тонныг 155,000 төгрөгөөр тооцож нийт 6,804,500 төгрөгөөр худалдсан. 000 ХХК нь нүүрсний үнэд 4,000,000 төгрөг төлөөд үлдэх 2,804,500 төгрөгийг төлөхгүй байна. Тухайн үед Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас нүүрс нийлүүлэх эрхийн бичгийг авч, 000 ХХК-д шууд нүүрсээ буулгаж өгсөн. Үлдэх төлбөрөө төлөхийг шаардахад удахгүй төлнө гэсээр өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Иймд 000 ХХК-иас нийлүүлсэн нүүрсний үлдэгдэл төлбөр 2,804,500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д2023 оны 5 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авсан. Хариуцагчийн хариу тайлбар гаргах хугацаа 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдөр дууссан. Хариуцагчаас шүүхэд бичгээр хариу тайлбар болон нотлох баримт гараагүй.

 

3. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:

3.1 нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэх, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, дансны хуулга, Үндэсний технологийн уур үйлдвэрлэгчдийн холбооны тодорхойлолт, нүүрс тээвэрлэх зөвшөөрлийн бичиг, пүүний баримт,

3.2 шүүхийн журмаар бүрдүүлсэн Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны албан бичиг, нүүрс тээвэрлэх зөвшөөрлийн бичиг зэргийг бүхэлд нь шинжлэн судлаад, 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Д т хХХК нь хариуцагч 000 ХХК-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 2,804,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

3. Нэхэмжлэгч Д т хХХК нь Улаанбаатар хотод баяжуулсан нүүрс тээвэрлэн бусдад худалдан борлуулах үйл ажиллагаа явуулах эрхтэй болох нь Үндэсний технологийн уур үйлдвэрлэгчдийн холбооны тодорхойлолт, Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны албан бичиг, нүүрс тээвэрлэх зөвшөөрлийн бичиг зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

3.1 Нүүрс тээвэрлэх зөвшөөрлийн бичигт ...2022 оны 6 дугаар сард 10 хоногийн хугацаанд Өмнөговь аймгийн Цогтцэций сумд байрлах уурхайн талбайгаас 44 тонн нүүрсийг Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Ургах наран хороололд 02-27 УБЦ улсын дугаартай хово маркийн тээврийн хэрэгсэл, 02-63 ГЧ улсын дугаартай чиргүүлээр тээвэрлэн хүргэх зөвшөөрлийг Д т хХХК-д олгосон байна.

Уг нүүрс тээвэрлэх зөвшөөрлийн бичгийг үндэслэн нүүрс тээвэрлэн эхлэх цэг Өмнөговь Цогтцэций очих цэг Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Ургах наран хороолол-д 2022 оны 6 дугаар сарын 11-ний өдөр 44 тонн нүүрс тээвэрлэн хүргэгдсэн болох нь пүүний баримтаар тогтоогдож байна.

 

3.2 Нэхэмжлэгч Д т хХХК-ийн эзэмшлийн Хаан банк дахь 0000 тоот дансанд 2022 оны 6 дугаар сарын 12-ны өдөр 3,000,000 төгрөгийг нүүрсний төлбөр 000 гэх гүйлгээний утгаар, 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдөр 1,000,000 төгрөгийг нүүрсний төлбөр 000 гэх гүйлгээний утгаар тус тус шилжүүлсэн болох нь депозит дансны дэлгэрэнгүй хуулгын баримтаар тогтоогдсон.

 

4. Хариуцагч 000 ХХК нь 2023 оны 5 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авсан боловч өнөөдрийг хүртэл хугацаанд шүүхэд хариу тайлбар гаргаагүй, нэхэмжлэлийг үгүйсгэсэн, төлбөр төлсөн баримтыг хэрэгт цуглуулж өгөөгүй.

 

4.1 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй гэж, 72.3 дахь хэсэгт Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж тус тус заасан.

Хариуцагч 000 ХХК нь 44 тонн баяжуулсан нүүрс хүлээн авсан болон 1 тонн нүүрсийг 155,000 төгрөгөөр худалдан авахаар тохирсон талаарх үйл баримтад маргаагүй.

 

5. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

 

5.1 Худалдан-худалдан авах гэрээнд хэлбэрийн шаардлага хуулиар тавигдаагүй ба талууд баяжуулсан нүүрс тээвэрлэх гэрээг амаар байгуулсан нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байна.

 

5.2 Хэрэгт авагдсан нүүрс тээвэрлэх зөвшөөрлийн бичиг, пүүний баримт, дансны хуулга, нэхэмжлэгчийн тайлбараар худалдагч Д т хХХК нь 000 ХХК-ийн эзэмшлийн Ургах наран хороололд 44 тонн баяжуулсан нүүрс нийлүүлсэн, худалдан авагч 000 ХХК нь нийт 4,000,000 төгрөг төлсөн үйл баримт тогтоогдож байна.

 

Иймд худалдан авагч 000 ХХК нь 44 тонн нүүрсний төлбөрт 6,804,500 төгрөг төлөхөөс 4,000,000 төгрөгийг төлж, үлдэх 2,804,500 төгрөг төлөөгүй болох нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байх тул уг мөнгөн хөрөнгийг хариуцагч 000 ХХК-иас гаргуулж нэхэмжлэгч Д т хХХК-д олгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хангасан тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч хариуцах тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 59,822 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 59,822 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгов.

 

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д-д шүүх хуралдааны товыг 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2 дахь хэсэгт зааснаар мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч 000 ХХК-иас 2,804,500 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д т хХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 59,822 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 59,822 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ