Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 101/ШШ2023/04758

 

 

 

 

 

 

 

 

 

2023 10 31 101/ШШ2023/04758

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Я даргалж, тус шүүхийн шүүх хуралдаан танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

нэхэмжлэгч- Сүхбаатар дүүрэг, ** хороо, хангай хотхон *** байр, ** тоотод оршин суух, М овогт, Д-ын Б-ын нэхэмжлэлтэй,

хариуцагч- Баянзүрх дүүрэг, **-р хороо, Д********** тоотод байрлах, ХЦ ХХК-нд холбогдох,

60,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Д.Б нь ХЦ ХХК-нд холбогдуулан орон сууц захиалагчтай байгуулах захиалгын гэрээний үүрэгт шилжүүлсэн 43,000,000 төгрөг, зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт үндсэн зээлд 38,000,000 төгрөг, алдангид 19,000,000 төгрөг, нийт 57,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

2. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ХЦ компаний захирал Атой гэрээ байгуулж, орон сууц захиалж 43,000,000 төгрөг өгсөн. Баянзүрх дүүргийн ** дугаар хороонд, ХЦ ХХК-ийн барьж байгаа байрны 4 давхарт, 27 м.кв 2 өрөө орон сууц захиалсан. Гэрээний дагуу 43,000,000 төгрөгийг н.А гэдэг хүний данс руу шилжүүлсэн. Тулга гэдэг захирлын өмнө н.А захирал гэж байгаад энэ хүн нас барснаар Тулга гэж хүн захирлаар ажиллаж байгаа. Тулгатай ярихад танайх байр захиалсныг мэднэ, бичиг баримт нь над дээр байгаа гэсэн. Манайхаас өмнө өөр хүн байр захиалсан байсан гээд байр давхардсан гэж хэлсэн. Манай захиалсан байр бүрэн ашиглалтад ороогүй. Тулга гэдэг хүн мөнгийг чинь олгоно гэдэг боловч мөнгө төгрөг өгөхгүй, сүүлийн үед утсаа ч авахгүй байгаа. Одоо мөнгөө олж авмаар байна. ХЦ ХХК-иас 3 жилийн хүүний төлбөрт **,000,000 төгрөг, нааш цааш явсан зардалд 1,000,000 төгрөг шаардаж байгаа гэж тодорхойлсон.

 

3. Хариуцагч тал нэхэмжлэгч Б нь 2021 оны 3 дугаар сарын 06-ны өдөр орон сууц захиалагчтай байгуулах захиалгын гэрээг н.А гэдэг хүнтэй хийсэн байсан. Урьдчилгаанд 43,000,000 төгрөгийг төлж, үлдэгдэл төлбөрийг орон сууц ашиглалтад орсны дараа өгнө гэсэн байдаг. н.А гэдэг хүн ХЦ ХХК-ийн захирал биш. Энэ хүн 2021 оны 5 дугаар сард аваарт ороод нас барсан. Манай компанийн барьж байгаа барилга ньЭ М ХХК-ийн газар дээр барьж байгаа, төсөл хэрэгжүүлэгч ньЭ М ХХК бөгөөд А, Б, В гэсэн блок бариулсан ба А блок нь манай компанийн барилга бөгөөд Б, В блокны барилга ньЭ М ХХК-ийн барилга байгаа. н.А гэдэг хүн хүмүүстэй гэрээ байгуулж хуурсан байна. Н.Атой хийсэн гэрээ нотариатаар орсон боловч эх хувь нь байхгүй. 60,000,000 төгрөг өгнө барина гэж хэлсэн эсэхийг нь би лав мэдэхгүй байна. Манай компаний данс руу мөнгө орж ирээгүй, хувь хүний данс руу мөнгө хийсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж татгалзсан тайлбар гаргасан.

 

4. Нотлох баримтын тухайд

4а. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2/, төлөөлөгчөөр С.Очмааг томилсон итгэмжлэл /хх-3-4/, 2021 оны 3 дугаар сарын **-ны өдрийн орон сууц захиалагчтай байгуулах захиалгын гэрээ /хх-5-7/, ХЦ ХХК-ний гэрчилгээ /хх-8/, Хаан банкны 2021-3-17-ны өдрийн мөнгөн шилжүүлэг баримт /хх-9/, 2022-01-20-ны өдрийн Хаан банктай байгуулсан зээлийн гэрээ, барьцааны гэрээ /хх-29-33/, төлөөлөгчөөр Д.Оыг томилсон итгэмжлэл /хх-45/, *** аймгийн Хайрхан сумын засаг даргын Н.Д хоршоо хөгжүүлэх сангаас зээл авсан тухай 2023-5-5-ны өдрийн 01/*** дугаартай албан бичиг /хх-48/, Төрийн банкны *** аймгийн Хайрхан сумын Хайрхан тооцооны төвийн Н.Д малчны зээл авсан тухай 2023-5-4-ний өдрийн ***** дугаартай албан бичиг, дансны хуулга /хх-49-52/, төлөөлөгчөөр Д.Оыг томилсон 2023-8-25-ны өдрийн итгэмжлэл /хх-99/ зэрэг баримтуудыг гаргасан.

 

4б. Хариуцагчаас ХЦ ХХК-ний дүрэм /хх-**-**/, төлөөлөгч томилсон итгэмжлэл /хх-17/, хариу тайлбар /хх-24/, төлөөлөгч томилсон 2023-5-01-ний өдрийн 22 дугаартай албан бичиг /хх-54/ баримтыг гаргасан.

 

4в. Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр Хаан банк ХХК-иас Х.Аын ******** дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-60-61/ баримтыг бүрдүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Д.Бын нэхэмжлэлээс 43,000,000 төгрөгийн шаардлагыг хангаж, нэхэмжлэлээс үлдэх 17,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч Д.Б нь ХЦ ХХК-нд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тус компанитай 2021 оны 3 дугаар сарын **-ны өдөр орон сууц захиалагчтай байгуулах захиалгын гэрээ байгуулж, Баянзүрх дүүрэг, **-р хороо, 72-р цэргийн хотхонд байрлах Э А ХХК-ний 2036 м.кв газар дээр баригдах 80 айлын орон сууцны Б блок орон сууцны 4-р давхар 47,19 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг захиалж, урьдчилгаа төлбөрт 43,000,000 төгрөгийг гэрээнд заасны дагуу захирал Аын данс руу шилжүүлсэн. А захирал нь нас барснаар Тулга гэж хүн энэ компаний захирлаар ажиллаж байгаа. Тулгатай ярихад танайх байр захиалсныг мэднэ, бичиг баримт нь над дээр байгаа, захиалсан байр давхардсан, мөнгийг чинь олгоно гэдэг боловч өгсөн зүйл байхгүй. Манай захиалсан байр бүрэн ашиглалтад ороогүй байгаа гэж тайлбарласан.

 

3. Хариуцагч тал Б нь орон сууц захиалгын гэрээг н.А гэдэг хүнтэй хийсэн байсан. н.А гэдэг хүн ХЦ ХХК-ийн захирал биш. Энэ хүн 2021 оны 5 дугаар сард аваарт ороод нас барсан. Манай компанийн барьж байгаа барилга ньЭ М ХХК-ийн газар дээр барьж байгаа, төсөл хэрэгжүүлэгч ньЭ М ХХК бөгөөд А, Б, В гэсэн блок бариулсан ба А блок нь манай компанийн барилга, Б, В блок барилга ньЭ М ХХК-ийн барилга байгаа. н.А гэдэг хүн хүмүүстэй гэрээ байгуулж хуурсан байна. Н.Атой хийсэн гэрээ нотариатаар орсон боловч эх хувь нь байхгүй. Манай компаний данс руу мөнгө орж ирээгүй, хувь хүний данс руу мөнгө хийсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж татгалзсан тайлбар гаргасан.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Д.Б, хариуцагч ХЦ ХХК нарын хооронд 2021 оны 03 дугаар сарын **-ны өдөр 21/12 дугаартай орон сууц захиалагчтай байгуулах захиалгын 21/12 дугаартай гэрээ байгуулагдаж, захиалагч Д.Б нь Баянзүрх дүүрэг, **-р хороо, 72-р цэргийн хотхонд байрлах Э А ХХК-ний 2036 м.кв газар дээр баригдах 80 айлын орон сууцны Б блок орон сууцны 4-р давхар 47,19 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг захиалж, орон сууцны нийт төлбөрт 55,000,000 төгрөгийг төлөх, ажил гүйцэтгэгч нь орон сууцыг 2021 оны 3 дугаар улиралд багтаан барьж захиалагчид хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцсон байна /хх-5-6/.

 

Дээрх гэрээний дагуу Д.Б нь 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдөр гэрээний 3.1-д заасан Х.Аын Хаан банкин дахь ******** тоот данс руу ХЦ ХХК 4-2 тоот 47.19 м.кв гэсэн гүйлгээний утгаар 43,000,000 төгрөгийг шилжүүлж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн байна /хх-9, 61/.

 

Талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээний агуулга нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байх бөгөөд талууд гэрээний агуулгыг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар өөрсдөө тодорхойлж, чөлөөтэй байгуулах эрхийн хүрээнд гэрээг байгуулсан, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт зааснаар хийгдсэн, тэдгээрийн хүсэл зоригийн илэрхийлэл нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр байх тул энэхүү ажил гүйцэтгэх гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зохигчид маргаагүй.

 

5. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зохицуулсан тул гэрээний талууд гэрээний үүргийн биелэлтийг харилцан шаардах эрхтэй.

 

Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх хэсэгт заасан хэлцэл-ийн үндсэн дээр үүсэх иргэний эрх зүйн харилцаа үүссэн гэж дүгнэх үндэслэлтэй байна.

 

Аливаа хэлцэл, гэрээ хүчин төгөлдөр болоход тавигдах шалгуур нь субъект, агуулга, хэлбэр болон субъектив талын шинжүүд байх тул талуудын хооронд байгуулсан дээрх хэлцэл нь агуулгын хувьд хууль зөрчөөгүй, хэлбэрийн хувьд талуудын гарын үсэг зурагдсан энгийн хэлбэртэй бичгийн хэлцлийн шаардлагыг тус тус хангасан байна.

 

Зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан талуудын байгуулсан гэрээний агуулга зэргээр хариуцагч ХЦ ХХК нь Баянзүрх дүүрэг, **-р хороо, 72-р цэргийн хотхонд байрлах Э А ХХК-ний 2036 м.кв газар дээр баригдах 80 айлын орон сууцны Б блок орон сууцны 4-р давхар 47,19 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 2021 оны 3 дугаар улиралд багтаан барьж захиалагчид хүлээлгэн өгөх, захиалагч Д.Б нь 2021-03-17-ны дотор урьдчилгаа 43,000,000 төгрөгийг төлөх, үлдэгдэл төлбөр 12,000,000 төгрөгийг орон сууц ашиглалтад ороход барагдуулахаар тохиролцсон байна.

 

Нэхэмжлэгч нь гэрээгээр тохиролцсон урьдчилгаа төлбөр 43,000,000 төгрөгийг 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдөр гэрээнд заасан дандсанд төлсөн төлсөн төлбөрийг нэхэмжилж байгаа гэж тайлбарласныг хариуцагч талаас уг мөнгөн дүнгээр компаний дансанд орлого ороогүй, гэрээнд гарын үсэг зурсан Х.А нь манай компаний захирал биш, гэрээнд заасан Б блок барилга ньЭ М ХХК-ийн барилга тул манайд хамааралгүй, А гэдэг хүн хүмүүстэй гэрээ байгуулж хуурсан байна. Хувь хүний данс руу хийсэн мөнгийг хариуцахгүй гэж маргасан.

 

6. Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1 дэх хэсэгт гүйцэтгэх удирдлага нь компанийн дүрэм болон төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/-тэй байгуулсан гэрээнд заасан эрх хэмжээний дотор компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулна гэж, 83.3 дахь хэсэгт хувь хүн гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлж байгаа тохиолдолд уг этгээд компанийн гүйцэтгэх захирал байна гэж, 83.8 дахь хэсэгт гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна гэж, хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1 дэх хэсэгт Компанийн төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагын багийн гишүүн, гүйцэтгэх захирал, санхүүгийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогч, ерөнхий мэргэжилтэн, төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга зэрэг компанийн албан ёсны шийдвэрийг гаргахад болон гэрээ, хэлцэл хийхэд шууд болон шууд бусаар оролцдог этгээдийг компанийн эрх бүхий албан тушаалтанд тооцно гэж,

Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэгт хуулийн этгээд удирдах байгууллагаараа дамжуулан иргэний эрх зүйн харилцаанд оролцоно гэж тус тус зохицуулсан.

 

Зохигчийн байгуулсан орон сууц захиалагчтай байгуулах захиалгын гэрээнд ХЦ ХХК-ний гүйцэтгэх захирал Х.А баталж, гарын үсэг зурж, тус компаний тамга дарагдсан байх бөгөөд тус гэрээнд захиалагчаар оролцож байгаа иргэн Д.Б нь тухайн компанийн гүйцэтгэх захирал нь хэн болохыг мэдэх боломжгүй, компанийг төлөөлөх эрхтэй этгээдтэй гэрээ байгуулж байгаа гэсэн ойлголтоор байгуулсан гэрээг компанийг төлөөлөх эрхгүй этгээдтэй байгуулсан гэж шууд буруутгах боломжгүй тул гүйцэтгэх захирал Х.А гэж хийсэн үйлдэл нь тухайн компанийн үйлдэлд тооцогдоно.

 

Хариуцагч ХЦ ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Д.Бын төлсөн 43,000,000 төгрөг компанийн дансанд ороогүй гэж маргаж байх боловч талуудын хооронд 2021 оны 03 дугаар сарын **-ны өдөр байгуулсан 21/12 дугаартай орон сууц захиалагчтай байгуулах захиалгын гэрээний 3.1-д орон сууцны төлбөрийг дараах хуваарийн дагуу төсөл хэрэгжүүлэгчийн доорхи харилцах дансанд шилжүүлнэ, харилцан данс Х.А, ******** гэж бичигдсэн, уг дансанд нэхэмжлэгч 43,000,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь Хаан банк ХХК-иас ирүүлсэн депозит дансны дэлгэрэнгүй хуулга баримтаар тогтоогдож байх тул хариуцагчийн компанийн харилцах дансанд мөнгө ороогүй гэх тайлбар үндэслэлгүй байна.

 

7. Захиалагч Д.Б нь гэрээгээр тохирсны дагуу захиалсан орон сууц 2021 оны 03 дугаар улиралд ашиглалтад орох байсан боловч одоог хүртэл тухайн барилга ашиглалтад ороогүй, ХЦ ХХК-ний одоогийн захирал Тулга нь танай захиалсан байранд давхар захиалга хийгдсэн болохыг хэлснээр мөнгийг буцаан өгнө гэсэн боловч өгөхгүй байгаа гэх тайлбарыг хариуцагч талаас үгүйсгэж маргаагүй тул нэхэмжлэгч тал Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ гэж зааснаар гэрээнээс татгалзах тухайгаа хариуцагч талд мэдэгдэж байсан гэж үзэхээр байна.

 

Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй гэж, мөн хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж тус тус зохицуулсан.

 

8. Хаан банк ХХК-иас ирүүлсэн иргэн Хишигжаргалын Аын ******** дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга баримтаас үзэхэд 2021-03-17-ны өдөр 43,000,000 төгрөгийн орлого хийгдэж, үүнээс 1,000,000 төгрөгийг ХЦ цалинд гэх, 22,000,000 төгрөгийг ХЦ а.6.2 буцаалт 100 хувь дууссан гэх, 4,000,000 төгрөгийг ХЦ алдангид шилжүүлэв гэх гүйлгээний утгаар шилжүүлсэн байна /хх-61/.

 

9. Иймд хариуцагч ХЦ ХХК нь гэрээний дагуу орон сууцыг хугацаандаа хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй, мөн захиалсан орон сууцыг өөр бусад этгээдэд давхардуулан зарсан гэх үндэслэлийг нэхэмжлэгч тайлбарлаж, гэрээнээс татгалзсан гэж үзэхээр байна.

 

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж, мөн хуулийн 343 дугаар зүйлийн 343.2 дахь хэсэгт ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна гэж тус тус зохицуулсан.

 

10. Иймд  нэхэмжлэгч Д.Б нь ХЦ ХХК-тай 2021 оны 3 дугаар сарын **-ны өдөр байгуулсан орон сууц захиалагчтай байгуулах захиалгын гэрээнээс татгалзсантай холбогдуулан гэрээний үнэд төлсөн 43,000,000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй тул хариуцагч ХЦ ХХК-иас 43,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Бт олгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

11. Хариуцагч нь татгалзсан тайлбар үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлж нотлоогүй болно.

 

12. Хүүгийн төлбөр, замын зардалд шаардсан 17,000,000 төгрөгийн тухайд

 

Нэхэмжлэгч тал дээрх шаардлагын үндэслэлээ ХЦ ХХК-тай орон сууц захиалгын гэрээ байгуулсан боловч тухайн орон сууц ашиглалтад ороогүй, гэрээ байгуулсан компаний захирал А нас барснаар одоогийн захирал Тулгатай уулзахад танайх байр захиалсныг мэднэ, бичиг баримт нь над дээр байгаа, захиалсан байр нь давхардсан гэж хэлснээр 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдөр төлсөн 43,000,000 төгрөгөөс 3 жилийн хугацааны хүү тооцож **,000,000 төгрөгийг, бид хөдөө орон нутгаас нааш цааш ирж очиж зардал гарч байгаа тул замын зардалд 1,000,000 төгрөгийг шаардана гэж тодорхойлсон.

 

13. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэж зохицуулсан.

 

Зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар ажил гүйцэтгэгч талаас гэрээнд заасан хугацаандаа орон сууцыг ашиглалтад оруулж, хүлээлгэн өгөх үүргээ зөрчсөний улмаас гэрээнээс татгалзах эрхийг нэхэмжлэгч тал хэрэгжүүлсэн үйл баримт тогтоогдож байх боловч талуудын 2021 оны 3 дугаар сарын **-ны өдөр байгуулсан орон сууц захиалагчтай байгуулах захиалгын гэрээнийн Б хэсэгт заасан захиалагчийн эрх, үүрэгт урьдчилгаа төлбөрөөс хүү тооцох эрхийн талаар зохицуулаагүй, ямар гэрээ хэлцлийг үндэслэн хүүгийн төлбөрт **,000,000 төгрөг шаардаж байгаа болох нь хэргийн үйл баримтаар нотлогдон тогтоогдохгүй байна.

 

Түүнчлэн замын зардалд шаардсан 1,000,000 төгрөгийн зардал нэхэмжлэгч талаас гарсан талаарх баримт хэрэгт нотлох баримтаар авагдаагүй байх тул эдгээр нэхэмжлэлийн шаардлагыг ханагж шийдвэрлэх үндэслэлгүй байна.

 

**. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн 17,000,000 төгрөгийн шаардлагын үндэслэл тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлж нотлоогүй тул нэхэмжлэгчийн гурван жилийн хүүгийн төлбөрт **,000,000, замын зардалд 1,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

15. Дурдсан үндэслэлүүдээр хариуцагч ХЦ ХХК-иас 43,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Бт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 17,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

**. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна гэж, хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна гэж тус тус зохицуулсан.

 

Иймд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 457,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлийн хангагдсан шаардлагад ногдох хураамжид 372,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 1**, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар хариуцагч ХЦ ХХК /*********/-иас 43,000,000 /дөчин гурван сая/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Дын Б /************/-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 17,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 457,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХЦ ХХК-иас нэхэмжлэлийн хангагдсан шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамжид 372,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Бт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш ** хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, ** хоног өнгөрснөөс хойш ** хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.Я