Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 183

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан дугаар шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж, шүүгч Д.Алтанжигүүр, Х.Одбаяр, нарын бүрэлдэхүүнтэй,

           шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Сайнзаяа,

            иргэдийн төлөөлөгч Б.Баянбилэг,

           улсын яллагч Г.Мөнхбаяр,

шүүгдэгч Ш.Чагсал, түүний өмгөөлөгч Ж.Нарантуяа /ҮД:0-377/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Хан-Уул дүүргийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар Дууч овогт Шаравын Чагсалд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201626030576 дугаартай хэргийг 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 1969 оны 7 дугаар сарын 01-нд Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 48 настай, эмэгтэй, дээд боловсролтой, агрономич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, хүүхдүүдийн хамт, Дорнод аймгийн Хэрлэн сум, 10 дугаар баг, Хивсний 7-8 тоотод оршин суух, 2007 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн Сүхбаатар дүүргийн шүүхийн 246 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 15 хоногийн баривчлах ял шийтгүүлсэн, 2010 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 79 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ял шийтгүүлж, 2012 оны 8 дугаар сарын 24-ний өдөр хугацаа дуусч суллагдсан, 2015 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1073 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлд заасны дагуу түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон, Дууч овогт Шаравын Чагсал /РД:ЖЯ69070122/

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Ш.Чагсал нь өмнө 2007 оны 7 дугаар сарын 31, 2010 оны 6 дугаар сарын 02, 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлд заасан бусдын эд хөрөнгийг залилан мэхлэх гэмт хэрэгт ял шийтгүүлс ний дараа, шунахайн сэдэлтээр 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрөөс 4 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл хугацаанд 12 удаагийн давтан үйлдлээр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Баян Хур” барьцаалан зээлдүүлэх газарт шаргал өнгийн металл эдлэлүүдийг монетон эдлэл хэмээн хууран мэхэлж, бусдын бичиг баримтыг ашиглан барьцаанд тавьж иргэн А.Хишигдэлгэрт нийт 3.100.000 /гурван сая нэг зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан. Үүнд:

1. 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр Бора овогтой Оюунтунгалаг гэх бичиг баримтаар шаргал өнгийн хос ээмэг, бөгж зэргийг 230.000 төгрөгөөр,

2. 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр Жамбал овогтой Даваадулам гэх бичиг баримтаар шаргал өнгийн бугуйвч 280.000 төгрөгөөр,

3. 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Энхболд овогтой Мөнх-Эрдэнэ гэх бичиг баримтаар 3,6 граммтай шаргал өнгийн гинжийг 120.000 төгрөгөөр,

4. 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Энхболд овогтой Мөнх-Эрдэнэ гэх бичиг баримтаар шаргал өнгийн бугуйвчийг 250.000 төгрөгөөр,

5. 2016 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Сономжамц овогтой Юмчиндулам гэх бичиг баримтаар шаргал өнгийн гинж, хос ээмэг, бөгж зэргийг 250.000 төгрөгөөр,

6. 2016 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Дашдорж овогтой Мөнхчимэг гэх бичиг баримтаар шаргал өнгийн хос ээмэг, кулоныг 210.000 төгрөгөөр,

7. 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Сономжамц овогтой Юмчиндулам гэх бичиг баримтаар шаргал өнгийн хос ээмэг, бугуйвч зэргийг 230.000 төгрөгөөр,

8. 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Энхболд овогтой Мөнх-Эрдэнэ гэх бичиг баримтаар шаргал өнгийн хос ээмэг, бугуйвчийг 300.000 төгрөгөөр,

9. 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Мөнхбат овогтой Ариунболор гэх бичиг баримтаар шаргал өнгийн хос ээмэг, кулон, бугуйвчийг 400.000 төгрөгөөр,

10. 2016 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Жамбацав овогтой Солонго гэх бичиг баримтаар шаргал өнгийн бөгж, хос ээмэг, бугуйвчийг 450.000 төгрөгөөр,

11. 2016 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Балданням овогтой Нандинцэцэг гэх бичиг баримтаар шаргал өнгийн хос ээмэг, кулоныг 250.000 төгрөгөөр,

12. 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Мөнхбат овогтой Ариунболор гэх бичиг баримтаар шаргал өнгийн хос ээмгийг 130.000 төгрөгийн барьцаанд тавьсан, түүнчлэн,

2016 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бөмбөгөр” худалдааны төв дотор байрлах “Мөнхбаясгалант” ХХК-ийн барьцаалан зээлдүүлэх газарт С.Юмчиндулам гэх бичиг баримтаар монетон эдлэл хэмээн хуурч мэхэлж, хуурамч шаргал өнгийн кулонтой гинж, гарын бугуйвч, ээмэг тус бүрийг барьцаанд тавьж иргэн Г.Цэрэнлхамд 230.000 /хоёр зуун гучин мянга/ төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 4 дүгээр сарын 08, 18, 19-ний өдрүүдэд Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Соёл Зорро” барьцаалан зээлдүүлэх газарт С.Юмчиндулам гэх бичиг баримтаар монетон эдлэл хэмээн хууран мэхэлж хуурамч шаргал өнгийн ээмэг 2 хос, бөгж 2 ширхэг, бугуйвч 1 ширхэг, зүүлт 2 ширхэг, цагирган хос ээмэг 1 хосыг барьцаанд тавьж иргэн Н.Буян-Арвивжихад 710.000 /долоон зуун арван мянга/ төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Амазон Есүч” ХХК барьцаалан зээлдүүлэх газарт С.Юмчиндулам гэх бичиг баримтаар монетон эдлэл хэмээн хууран мэхэлж хуурамч шаргал өнгийн ээмэг, хүзүүний кулонтой гинж, бөгж, гарын бугуйвч зэргийг барьцаанд тавьж иргэн А.Өнөржаргалд 425.000 /дөрвөн зуун хорин таван мянга/ төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Астро” худалдааны төв дотор байрлах “Лиш Дэлгэр” барьцаалан зээлдүүлэх газар С.Юмчиндулам гэх бичиг баримтаар монетон эдлэл хэмээн хууран мэхэлж, хуурамч шаргал өнгийн ээмэг, бөгж, гарын бугуйвч, гинж, кулон тус бүрийг барьцаанд тавьж Б.Батжаргалд 330.000 /гурван зуун гучин мянга/ төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Жинлүүр” барьцаалан зээлдүүлэх газарт С.Юмчиндулам гэх бичиг баримтаар монетон эдлэл хэмээн хууран мэхэлж хуурамч шаргал өнгийн ээмэг, бөгж, хүзүүний гинж, кулон, гарын бугуйвч зэргийг барьцаанд тавьж иргэн С.Замбагад 680.000 /зургаан зуун наян мянга/ төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Масс” барьцаалан зээлдүүлэх газарт С.Юмчиндулам гэх бичиг баримтаар монетон эдлэл хэмээн хууран мэхэлж, хуурамч шаргал өнгийн бөгж, хүзүүний зүүлт тус бүрийг барьцаанд тавьж иргэн Б.Мөнхтулгад 200.000 /хоёр зуун мянга/ төгрөгийн хохирол учруулж нийт 18 удаагийн үйлдлээр шунахай сэдэлтээр бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж бага бус хэмжээний буюу 5.410.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Ш.Чагсал нь 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрөөс 4 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл хугацаанд 12 удаагийн давтан үйлдлээр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Баян Хур” барьцаалан зээлдүүлэх газарт шаргал өнгийн металл эдлэлүүдийг монетон эдлэл хэмээн хууран мэхэлж, бусдын бичиг баримтыг ашиглан барьцаанд тавьж иргэн А.Хишигдэлгэрт нийт 3.100.000 /гурван сая нэг зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бөмбөгөр” худалдааны төв дотор байрлах “Мөнхбаясгалант” ХХК-ийн барьцаалан зээлдүүлэх газарт С.Юмчиндулам гэх бичиг баримтаар монетон эдлэл хэмээн хуурч мэхэлж, хуурамч шаргал өнгийн кулонтой гинж, гарын бугуйвч, ээмэг тус бүрийг барьцаанд тавьж иргэн Г.Цэрэнлхамд 230.000 /хоёр зуун гучин мянга/ төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 4 дүгээр сарын 08, 18, 19-ний өдрүүдэд Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Соёл Зорро” барьцаалан зээлдүүлэх газарт С.Юмчиндулам гэх бичиг баримтаар монетон эдлэл хэмээн хууран мэхэлж хуурамч шаргал өнгийн ээмэг 2 хос, бөгж 2 ширхэг, бугуйвч 1 ширхэг, зүүлт 2 ширхэг, цагирган хос ээмэг 1 хосыг барьцаанд тавьж иргэн Н.Буян-Арвивжихад 710.000 /долоон зуун арван мянга/ төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Амазон Есүч” ХХК барьцаалан зээлдүүлэх газарт С.Юмчиндулам гэх бичиг баримтаар монетон эдлэл хэмээн хууран мэхэлж хуурамч шаргал өнгийн ээмэг, хүзүүний кулонтой гинж, бөгж, гарын бугуйвч зэргийг барьцаанд тавьж иргэн А.Өнөржаргалд 425.000 /дөрвөн зуун хорин таван мянга/ төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Астро” худалдааны төв дотор байрлах “Лиш Дэлгэр” барьцаалан зээлдүүлэх газар С.Юмчиндулам гэх бичиг баримтаар монетон эдлэл хэмээн хууран мэхэлж, хуурамч шаргал өнгийн ээмэг, бөгж, гарын бугуйвч, гинж, кулон тус бүрийг барьцаанд тавьж Б.Батжаргалд 330.000 /гурван зуун гучин мянга/ төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Жинлүүр” барьцаалан зээлдүүлэх газарт С.Юмчиндулам гэх бичиг баримтаар монетон эдлэл хэмээн хууран мэхэлж хуурамч шаргал өнгийн ээмэг, бөгж, хүзүүний гинж, кулон, гарын бугуйвч зэргийг барьцаанд тавьж иргэн С.Замбагад 680.000 /зургаан зуун наян мянга/ төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Масс” барьцаалан зээлдүүлэх газарт С.Юмчиндулам гэх бичиг баримтаар монетон эдлэл хэмээн хууран мэхэлж, хуурамч шаргал өнгийн бөгж, хүзүүний зүүлт тус бүрийг барьцаанд тавьж иргэн Б.Мөнхтулгад 200.000 /хоёр зуун мянга/ төгрөгийн хохирол учруулж нийт 18 удаагийн үйлдлээр бусдад 5.410.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

             1. Шүүгдэгч Ш.Чагсалын шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлсэн: ”...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул нэмж ярих зүйлгүй...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/   

            2. Хохирогч А.Хишигдэлгэрийн мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…2016 оны 4 дүгээр сард манай нөхрийг барьцаалан зээлдүүлэх газартаа байж байхад нь 40 гаран насны эмэгтэй хуурамч шармал өнгийн эдлэлийг монетон эдлэл хэмээн барьцаанд тавьсан. Тэгээд тэр өдөр нөхөр тухайн хуурамч эдлэлийг жинхэнэ монетон эдлэлтэй харьцуулж үзэхэд хуурамч эдлэлүүд байсан...манай нөхөр намайг ажил дээрээ байх үеийн барьцаанд тавьсан эдлэлүүдтэй тухайн өдрийн 40 гаран насны эмэгтэйн барьцаалсан монетон эдлэлийг харьцуулж бүгд хийц адилхан хуурамч байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 25-26, 27, 1хх-ийн 203/

            3. Баян Хур барьцаалан зээлдүүлэх газрын тэмдэглэл бүхий дэвтэрт үзлэг хийсэн тэмдэглэл: “...А4 хэмжээтэй цэнхэр алаг өнгийн дэвтэрт үзлэг хийлээ...2016.02.29 гэж хаягласан байх ба 0107 дугаарт 230.000 төгрөг, 0108 дугаарт 280.000 төгрөг...2016.03.10-ны 0120 дугаарт 120.000 төгрөг...2016.03.11...124 гэх дугаарт 250.000 төгрөг...2013.03.12 гэх он сартай 126 дугаарт 250.000 төгрөг, 127 дугаарт 210.000 төгрөг...2016.03.02 гэх он сартай 0110 гэх дугаарт 180.000 төгрөг...2016.03.21 он сартай 139 дугаарт 230.000 төгрөг...2016.03.22-ны он сартай 141 дугаарт 300.000 төгрөг...2016.03.30-ны он сартай 157 дугаарт 400.000 төгрөг...2016.04.02-ны он сартай 161 дугаарт 450.000 төгрөг...2016.04.03-ны он сартай 162 дугаарт 250.000 төгрөг, 163 дугаарт 130.000 төгрөг...2016.04.04-ний он сартай 164 дугаарт 105.000 төгрөг...тэмдэглэсэн байлаа...” /1хх-ийн 14/

            4. Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл: “...00:19 цагт дээгүүрээ хар өнгийн малгай өмссөн, хар өнгийн урт куртиктэй, доогуураа хар өнгийн өмд, хар өнгийн гуталтай, баруун гартаа цүнх барьсан Ш.Чагсал уг барьцаалан зээлдүүлэх газарт орж ирэв...” /1хх-ийн 15-16/

            5. Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол: “...15 уут 39 ширхэг шаргал өнгийн металл эдлэлүүдийг хавтаст хэрэгт хавсаргахаар тогтоов...1 ширхэг СД нь эд мөрийн баримт...тогтоогдож байх тул...хавтаст хэрэгт хавсаргахаар тогтов...” /1хх-ийн 22, 23/

            6. Баян Хур ХХК барьцаат зээлийн үйлчилгээний баримтууд /1хх-ийн 33-46/

            7. Гэрч Б.Ариунсайханы мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…Би хуурамч эд зүйл манай ломбарданд тавьж гэж бодоод тэр хүмүүсийг яаж барьж авах вэ гэж бодож байтал 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр намайг ломбарданд сууж байтал...40 гаран насны хүүхэн, залуу хоёр...монетон бугуйвч барьцаалъя гэж орж ирсэн. Би тухайн хүүхэн залуу хоёрын барьцаанд тавих гэж буй бугуйвчийг нь үзтэл өмнө хүмүүсийн барьцаалсан байсан хуурамч эдлэлтэй хийцээрээ адилхан байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 48-49/

            8. Гэрч С.Колягийн мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…Чагсал эгч энэ монетон гинжийг барьцаанд тавьчих гэж хэлээд надад өгсөн...би тэр гинжийг хуурамч гэдгийг нь мэдээгүй монетон гинж л гэж бодсон...Би ломбардны залууд ахаа гинж ломбардах уу гэтэл хэдээр тавих юм бэ гэхэд би хэд ч яах вэ хэдэн төгрөг болох юм гэхэд нөгөө гинжийг үзчихээд залуу 180.000 төгрөг болно гэж хэлсэн. Тэгэхээр нь би хамаагүй ээ гэтэл нөгөө залуу бэлэн мөнгө алгаа Голомт банк руу очиж мөнгө авъя гэж хэлсэн. Тэгээд эхнэр бид хоёр нөгөө залууг дагаад явж байтал бид хоёрыг цагдаагийн гадаа аваад ирсэн...” гэсэн мэдүүлэг 1/хх-ийн 57-58/

            9. Гэрч Э.Алтантуяагийн мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…эгч Чагсал нь нөхөрт энэ монетон гинжийг барьцаанд тавьчих гэж хэлээд Коляд нэг гинж өгсөн. Нөхөр бид хоёр тэр гинжийг тухайн үед хуурамч гэдгийг нь мэдээгүй монетон гинж л гэж бодсон. Ломбардны гадаа ирэн нөхөр нөгөө гинжийг барьцаанд тавихаар дотогшоо орсон. Би араас нь орсон...Ломбардны залуу гараад банкнаас мөнгө аваад өгье та хоёр машинтай юу гэж асуусан. Бид хоёр машингүй гэтэл нөгөө залуу нөхөр бид хоёрыг машиндаа суулган цагдаагийн газарт авч ирсэн...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 59-60/

            10. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 3479 тоот дүгнэлт:

                        -Шинжилгээнд ирүүлсэн бүх металлууд нь монетон болон алтан металлууд биш зэсийн /Cu/ металлууд байна /1хх-ийн 64/

            11. Хохирогч Г.Цэрэнлхамын мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…Бөмбөгөр худалдааны төвийн 2 дугаар давхарт байрлах барьцаалан зээлдүүлэх газартаа 2016 оны 3 дугаар сарын 26-ны өдөр байх үед...Юмчиндулам гэх эмэгтэй орж ирээд 585 гэсэн сорьц бүхий гинж 2 ширхэг, хос ээмэг 230.000 төгрөгөөр барьцаалан явсан...эд зүйлийг нь гаргаж ирээд шалгаж үзэхэд хуурамч эд зүйлүүдийг тавьж, надаас мөнгө залилан авсан байсан...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 116/

            12. Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол: “...шаргал өнгийн металл эдлэлүүдийг хэрэгт хавсаргахаар тогтов...” /2хх-ийн 114/

            13. Барьцаат зээлийн үйлчилгээний баримт /Бөмбөгөр-ломбард 92/: /2хх-ийн 117/

            14. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 995 тоот дүгнэлт:

                        -Шинжилгээнд ирүүлсэн шаргал өнгийн кулонтой гинж, шаргал өнгийн бугуйвч, хос ээмэг тус бүрийн гол элементийн найрлагад дунджаар зэсийн /Cu-60,0%/ агууламжтай тул зэсийн металлаар хийсэн эдлэлүүд байна /2хх-ийн 119/

            15. Хохирогч Н.Буян-Арвижихын мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…Соёл зорро нэртэй барьцаалан зээлдүүлэх газарт...2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр нэг эмэгтэй Сономжамцын Юмчиндулам гэдэг хүн орж ирээд надад монетон ээмэг, бөгж, кулон, бугуйвчийг 370.000 төгрөгөөр барьцаанд тавьсан юм. Дараа нь 2016 оны 4 дүгээр сарын 19-ны өдөр Ж.Солонго орж ирээд монетон гэж хэлээд ээмэг, гинж, кулоныг 240.000 төгрөгийн барьцаанд тавьсан. Дараа нь 2016 оны 5 дугаар сарын 08-ны өдөр С.Юмчиндулам нь монетон гэж хэлээд 1 хос ээмгийг 100.000 төгрөгөөр барьцаанд тавьсан юм. Тэгээд баримтан дээр бичигдсэн дугаар руу залгахар тийм хүн байхгүй гээд байсан. Тэгээд барьцаанд тавьсан зүйлсийг дархан дээр очиж үзүүлэхэд хуурамч байна, гадна талаар монетоор бүрсэн байна гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 159/

            16. Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол: “...шаргал өнгийн металл эдлэлүүдийг хэрэгт хавсаргахаар тогтов...” /2хх-ийн 157/

            17. Соёл Зорро Барьцаат зээлийн гэрээ /2хх-ийн 160/

            18. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 7051 тоот дүгнэлт:

                        -Шинжилгээнд ирүүлсэн гурван хос ээмэг, хоёр ширхэг бөгж, нэг гарын бугуйвч, хоёр хүзүүний зүүлт тус бүр нь монет биш байна /2хх-ийн 162/

            19. Хохирогч Б.Батжаргалын мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…2016 оны 5 дугаар сарын 10-ны өдөр миний өөрийн эзэмшлийн...Лиш дэлгэр компанийн ломбарданд...Сономжамц овогтой Юмчиндулам гэдэг эмэгтэй хүн монетон бугуйвч, монетон ээмэг, монетон бөгж, монетон гинж зэрэг 4 ширхэг эд зүйлийг 330.000 төгрөгийн барьцаанд тавьсан байсан...би задалж үзээд дээрх эд зүйлсийг монет шалгах зориулалтын чулуун дээр зурж, бодис дусааж үзэхэд монет биш хуурамч болох нь танигдсан...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 205/

            20. Бичиг баримтад үзлэг хийсэн тухай тэмдэглэл: “...Гэрээний доод хэсэгт байрлах сунгалт хийх хэсэгт ямар нэгэн тэмдэглэгээ хийгээгүй бөгөөд “мөнгө авсан” гэсэн гарын үсэг зурах зориулалт бүхий хэсэгт хар өнгийн балаар бичмэлээр “Юмчин” гэсэн гарын үсэг зурагдсан байна...” /2хх-ийн 195-197/

            21. Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл: “...шар өнгийн металл гадаргуутай, дээд хэсэгтээ зууван дугуй хэлбэрийн 4 ширхэг хээтэй, шигтгээ бүхий загвартай бөгж...585 гэсэн сорьц байрлуулсан байв...шар өнгийн металл гадаргуутай, дээд хэсэгтээ зууван дугуй хэлбэрийн хээтэй нарийн гинжин оосортой эмэгтэй хүний бугуйвч...585 гэсэн сорьц байрлуулсан байв...шар өнгийн металл гадаргуутай, дээд хэсэгтээ зууван дугуй хэлбэрийн хээтэй хос ээмэг...585 гэсэн сорьц байрлуулсан байв...шар өнгийн металл гадаргуутай, дээд хэсэгтээ зууван дугуй хэлбэрийн хээ бүхий кулонтой урт нарийн шар өнгийн металл гинжтэй, гинжний түгжээн дээр 585 гэсэн сорьц байрлуулсан эмэгтэй хүний гинж байлаа...” /2хх-ийн 198-199/

            22. Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл: “...Лиш дэлгэр ХХК-ийн...15 цаг 54 минут 32 секундэд...улаан ягаан өнгийн цамцтай, үсээ боож зүүн тал руугаа унжуулсан, дугуй шар өнгийн махлагдуу царайтай 45-50 орчим насны эмэгтэй хүн ирж баруун гартаа шар өнгийн металл эд зүйлийг ломбард ажиллуулж буй хүнд үзүүлж байх бөгөөд дээрх эмэгтэй нь гартаа барьж явсан хар өнгийн цүнхнээсээ гинж мэт зүйл гарган өгч байлаа...” /2хх-ийн 200-201/

            23. Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол: “...4 ширхэг шар өнгийн металл эд зүйлсийг эд мөрийн баримтаар тооцсугай...” /2хх-ийн 203/

            24. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 994 тоот дүгнэлт:

                        -Шинжилгээнд ирүүлсэн шаргал өнгийн бугуйвч, хос ээмэг, бөгж, кулонтой гинж тус бүрийн гол элементийн найрлагад дунджаар зэсийн /Cu-60,0%/ агууламжтай тул зэсийн металлаар хийсэн эдлэлүүд байна /2хх-ийн 211/

            25. Хохирогч А.Өнөржаргалын мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…2016 оны 5 дугаар сарын 04-ний өдөр үл таних хүн ирээд 585 сорьцтой...монетон ээмэг нэг хос,...монетон гинж нэг ширхэг...бөгж нэг ширхэг...бугуйвч нэг ширхэг нийт 11.5 грамм...нийт 474.750 төгрөгийн барьцаанд С.Юмчиндулам гэгч этгээд тавиад явсан...Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Ард Аюушийн 8-46 тоотод...С.Юмчиндулам гэх хүнийг асууж тодруулахад “манайд тийм хүн байхгүй, дандаа цагдаагаас асуудаг” гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 248-250/

            26. Амазон ХХК Барьцаат зээлийн үйлчилгээний баримт /3хх-ийн 4/

            27. Хохирогч С.Замбагын мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…би өөрөө Жинлүүр барьцаалан зээлдүүлэх газраа ажиллуулдаг юм...Тэгээд би амралтаа аваад 2016 оны 8 дугаар сарын 10-ны үеэр ирээд Энхтуяагаас ажлаа хүлээгээд барьцаанд авсан эд зүйлийг нэг бүрчлэн хүлээж авч байтал Юмчиндулам, Солонго гэдэг хоёр хүний нэр дээр тавьсан хуурамч монетон бөгж, ээмэг, бугуйвч, гинж зэрэг гарч ирсэн...” гэсэн мэдүүлэг /3хх-ийн 62/

            28. Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол: “...9976 дугаар бүхий гялгар ууттай хуурамч монетон 1 ширхэг бөгж, хос ээмэг...1 ширхэг бугуйвч, 1 ширхэг гинж...9979 дугаар бүхий цаасан ууттай хуурамч монетон хос ээмэг...1 ширхэг гинж....Жамбалдорж овогтой Солонгын иргэний үнэмлэх ашиглан тавьсан Жинлүүр барьцаалан зээлдүүлэх гэрээ №9979 дугаартай, Сономжамц овогтой Юмчиндуламын иргэний үнэмлэх ашиглан тавьсан №9976 дугаартай барьцаалан зээлдүүлэх гэрээ зэргийг эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргахаар тогтов...” /3хх-ийн 60/

            29. Жинлүүр ХХК Барьцаалан зээлдүүлэх гэрээ /3хх-ийн 63/

            30. Иргэний нэмэмжлэгч А.Энхтуяагийн мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…2016 оны 7 дугаар сард манай найз Замбага эгч би түр хөдөө яваад ирнээ чи манай ломбарданд хэд хоног суугаад өгөөчээ гэхээр нь би зөвшөөрөөд түүний ажиллуулдаг Жинлүүр барьцаалан зээлдүүлэх газарт хэд хоног суун ажиллуулсан. Гэтэл 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдөр 13 цагийн үед Сономжамц овогтой Юмчиндулам гэх иргэний үнэмлэхтэй 40 гаран насны махлагдуу, жартгар нүдтэй эмэгтэй орж ирээд монетон ээмэг, бөгж, бугуйвч, гинж зэрэг эд зүйлийг барьцаанд тавъя гэж хэлсэн. Би тухайн эд зүйлсийг шалгаж үзэхэд бүгд 5.85 гэсэн сорьцтой байсан. Тэгэхээр би монет байна хэмээн итгээд тухайн эд зүйлсийг бал чулуун дээр үрэлгүй авсан...Би 400.000 төгрөгөөр барьцаалсан. Тэгтэл тухайн өдрөө ахиад Солонго гэх нэртэй иргэний үнэмлэхтэй 40 орчим насны жирэмсэн эмэгтэй орж ирээд шаргал өнгийн монетон гинж, ээмгийг барьцаанд тавъя гэж хэлсэн. Тухайн Солонго гэх эмэгтэйгийн барьцаанд тавьж буй эд зүйлс нь С.Юмчиндуламын барьцаанд тавьсан эд зүйлстэй адилхан байсан...280.000 төгрөгөөр 1 сарын хугацаатай барьцаанд тавьсан. Тэгээд Замбага эгч 2016 оны 8 дугаар сарын дундуур ирээд надаас ажлаа хүлээж авсан. Тэрээр ажлаа хүлээж авахдаа Юмчиндулам, Солонго нарын барьцаанд тавьсан эд зүйлсийг хуурамч байна гэж хэлсэн...Би Замбага эгчид тухайн сардаа төлбөрт гарсан 680.000 төгрөгийг төлсөн...” гэсэн мэдүүлэг /3хх-ийн 66/

            31. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 9793 тоот дүгнэлт:

                        -Шинжилгээнд ирүүлсэн 8 ширхэг шаргал өнгийн металл эдлэлүүдийн гол элементийн найрлагад зэс /Cu-84,9%/ хувиас дээш агууламжтай тул зэсийн металлаар хийсэн эдлэлүүд байна. /3хх-ийн 71/

            32. Хохирогч Б.Мөнхтулгын мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…Масс барьцаалан зээлдүүлэх газар ажлаа хийж байтал...40 орчим насны...эмэгтэй үнэт эдлэл тавихаар орж ирсэн...нэг шаргал өнгийн бөгж, шаргал өнгийн хүзүүний зүүлт тус бүрдээ 585 гэсэн сорьцтой байсан...уг иргэний үнэмлэх нь С.Юмчиндулам гэсэн нэртэй байсан...би уг эдлэлүүдийг барьцаанд авч 200.000 төгрөг өгсөн...Улмаар нөгөө барьцааны эд зүйлийг гарган дахин шалгахад сорьц цохисон, хуурамч эдлэл болох нь тогтоогдсон...” гэсэн мэдүүлэг /3хх-ийн 102-103, 104/

            33. Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл: “...Масс барьцаалан зээлдүүлэх газрын хяналтын камерт...үсээ дээш овоолсон нарийн мөртэй цайвар өнгийн плать, хөлдөө цайвар өнгийн шаахай өмссөн мөн хар өнгийн нүдний шил зүүсэн 35-40 орчим насны махлаг, дунд зэргийн эмэгтэй орж...” /3хх-ийн 96/

            34. Гэрэл зургаар хүн таньж олуулах ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл: “...хохирогч Б.Мөнхтулга нь зургийг нэг бүрчлэн сайтар ажиглаж байгаад тухайн өдөр манай Масс нэртэй барьцаалан зээлдүүлэх газарт хуурамч эд зүйл барьцаанд тавьсан эмэгтэйгийн зураг 2 гэх дугаараар дугаарлагдсан байна...гэж 2 дугаараар дугаарлагдсан Ш.Чагсалын зургийг танин олж ажиллагааг...дуусгав...” /3хх-ийн 97-98/

            35. Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол: “...камерын бичлэгтэй СД 1 ширхэг, шармал өнгийн титэм хэлбэртэй бөгж 1 ширхэг, шармал өнгийн гинж 1 ширхэг, шармал өнгийн цагаан жижиг шигтгээтэй кулон 1 ширхэг тус бүрийг эд мөрийн баримтаар тооцсугай...” /3хх-ийн 99/

            36. И Эм Си Эс ХХК Барьцаат зээлийн үйлчилгээний гэрээ /3хх-ийн 105/

            37. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 10571 тоот дүгнэлт:

                        -Шинжилгээнд ирүүлсэн шаргал өнгийн бөгж болон шаргал өнгийн кулонтой хүзүүний гинжний гол элементийн найрлагад зэс /Cu-85,4%/ хувиас дээш агууламжтай тул зэсийн металлаар хийсэн эдлэлүүд байна. /3хх-ийн 107/

            38. Шүүгдэгч Ш.Чагсалын мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр болон яллагдагчаар хэргийн талаар мэдүүлсэн: “…Нарантуул захаас би хямдхан шаргал өнгийн хуурамч ээмэг, бөгж гэх мэт эдлэлийг хэдэн ширхэгээр нь худалдаж авсан...Тэгээд тухайн авсан хуурамч эд зүйлээ барьцаанд тавихад надад бичиг баримт хэрэг болно гэж бодоод би...автобусны буудлын сонин зарах цэгийн хажуу талд зогсож байгаад иргэний үнэмлэх авчирч өгч байгаа хүмүүсээс...иргэний үнэмлэхийг нь 5000 төгрөгөөр худалдаж авдаг юм...2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах барьцаалан зээлдүүлэх газрын гадаа очиж...бор царайтай эмэгтэйг гуйтал тэр эмэгтэй зөвшөөрсөн. Тэр эмэгтэйд би тухайн эд зүйлийг барьцаанд тавьж чадвал би 20-30 хувийг нь өгье гэж хэлсэн...Би өөрөөсөө гадна олон хүнийг гуйж тухайн барьцаалан зээлдүүлэх газарт эд зүйл барьцаалж байсан...Сономжамц овогтой Юмчиндулам гэх иргэний үнэмлэх одоо надад байхгүй уг иргэний үнэмлэхийг би өөртөө байлгаж байгаад...цагдаагийн...хэлтэс дээр баригдахдаа хогийн саванд хаячихсан юм...2016 оны 4 дүгээр сарын 07-ны хавьцаа би Сономжамц овогтой Юмчиндулам гэх иргэний үнэмлэхээр Чингэлтэй дүүрэгт байрлах Соёл Зора нэртэй барьцаалан зээлдүүлэх газарт 1 хос хуурамч эдлэлийг 300.000 төгрөгөөр барьцаанд тавьсан...2016 оны 5 дугаар сарын 04-ний өдөр би Сономжамц овогтой Юмчиндулам гэх иргэний үнэмлэхээр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Амазон Есүч гэх нэртэй барьцаалан зээлдүүлэх газарт...хуурамч эдлэл...1 хосыг 425.000 төгрөгөөр барьцаанд тавьсан...2016 оны 5 дугаар сарын 07-ны хавьцаа би Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Астра худалдааны төв дотор байрлах Лиш дэлгэр нэртэй барьцаалан зээлдүүлэх газарт...1 хос хуурамч эдлэлийг 330.000 орчим төгрөгөөр барьцаанд тавьсан...2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах УСУГ-ын хажууд байрлах Стөүн гэх нэртэй барьцаалан зээлдүүлэх газарт...гудамжинд явж байсан охиныг гуйн түүний өөрийнх нь бичиг баримтаар хуурамч 1 ширхэг гинж, 1 бөгжийг 150.000 төгрөгөөр барьцаанд тавьсан...2016 оны 8 дугаар сарын 02-ны өдөр би ганцаараа явж байгаад Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Торгоны замын зүүн талд байрлах Мас нэртэй барьцаалан зээлдүүлэх газарт...шаргал өнгийн металл 1 ширхэг гинж /кулонтой/, 1 ширхэг цагаан өнгийн серконон шигтгээтэй бөгжийг монетон эдлэл гэж хэлээд 130.000-150.000 орчим төгрөгт барьцаанд тавьсан...Би дээрх үйлдүүдийг хүлээн зөвшөөрч, сонсгож буй ялыг хүлээн зөвшөөрч байна...2016 оны 3 дугаар сарын сүүлээр байх...Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо Бөмбөгөр худалдааны төвийн 2 давхарт байрлах ломбартанд хуурамч монетон ээмэг 1 хос, гинж 1 ширхэг, бугуйвч 1 ширхэг нийт 3 ширхэг эд зүйлийг барьцаанд 230.000 төгрөгөөр...тавьсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 76-78, 237, 239, 242-243, 2хх-ийн 124, 169-170, 214-215, 3хх-ийн 15-17, 75-77, 111-112/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

            Шүүгдэгч Ш.Чагсал нь 2007 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн Сүхбаатар дүүргийн шүүхийн 246 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 15 хоногийн баривчлах ял шийтгүүлсэн, 2010 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 79 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ял шийтгүүлж, 2012 оны 8 дугаар сарын 24-ний өдөр хугацаа дуусч суллагдсан, 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1073 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлд заасны дагуу түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоол, ялтны зан байдлын тодорхойлолт, суллагдсан хүмүүст олгодог тодорхойлолтын хуулбарууд /1хх-ийн 84, 115-117, 118, 141-142, 143-145, 146-148, 3хх-ийн 19/-аар тус тус тогтоогдлоо.

Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

Учир нь Ш.Чагсалын үйлдсэн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинж нь “энэ гэмт хэргийг урьд нь энэ хэрэгт шийтгүүлсэн этгээд үйлдсэн” гэсэн байжээ. 

Харин 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд зааснаар “энэ гэмт хэргийг урьд нь энэ хэрэгт шийтгүүлсэн этгээд үйлдсэн” гэсэн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн хасагдсан нь түүнд оногдуулах ялыг хөнгөрүүлсэн буюу эрх зүйн байдлыг дээрдүүлсэн байх тул Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх үндэслэлтэй байна.

Прокуророос шүүгдэгч Ш.Чагсалд холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчлэх дүгнэлт гаргасныг шүүх хүлээн авч түүнд холбогдох хэргийг 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.

Иймд шүүгдэгч Ш.Чагсалыг баримт бичиг ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

Шүүгдэгч Ш.Чагсалын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Би өмнө комиссын бараа, хүнсний ногоо зэргийг зарж борлуулж орлогынхоо эх үүсвэр болгож амьдрал ахуйгаа авч явж байсан...Би ажил хөдөлмөр эрхэлж олсон мөнгөөрөө амьдарч байсан...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/, мөн улсын яллагч гэм буруугийн дүгнэлтдээ шүүгдэгчийн үйлдлийг “энэ гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалд тооцоогүй зэргийг харгалзан түүнийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр залилах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүхээс ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулаагүй, түүний хувийн байдал /48 настай, эмэгтэй, 12-17 насны 2 хүүхэдтэй/ зэргийг харгалзан Ш.Чагсалд 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах нь зохимжтой гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг зургаан сараас хорин жил хүртэл хугацаагаар нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад тусгаарлаж хугацаатай хорих ялыг эдлүүлнэ...” гэж, 4 дэх хэсэгт “...Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно...” гэж заасныг тус тус журамлан шүүгдэгчийн эдлэх 1 жил 6 сарын хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тусгаарлаж эдлүүлэх нь зүйтэй.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд  хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж заасны дагуу шүүгдэгч Ш.Чагсалаас 2.080.000 төгрөгийг гаргуулж хохирогч А.Хишигдэлгэрт, 230.000 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Цэрэнлхамд, 710.000 төгрөгийг гаргуулж хохирогч Н.Буян-Арвижихад, 330.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Батжаргалд, 425.000 төгрөгийг гаргуулж хохирогч А.Өнөржаргалд, 200.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Мөнхтулгад, 680.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч А.Энхтуяад тус тус олгох нь зүйтэйг дурдъя.

Шүүгдэгч Ш.Чагсал нь иргэн Г.Галцогттой гэр бүлийн баталгаатай, дундаасаа 12-17 насны 2 хүүхэдтэй, охин Г.Ангирмаа, Г.Анарцэцэг нар нь Дорнод аймгийн Хэрлэн сумын “Шинэ хөгжил цогцолбор сургуульд сурдаг, нөхөр Г.Галцогт нь 2015 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн Сум дундын 10 дугаар шүүхийн 92 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хорих ял шийтгүүлэн одоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа хорих 433 дугаар ангид ял эдэлж байгаа болох нь хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, шийтгэх тогтоолын хуулбар, ялын тооцоо бодсон тодорхойлолт, ялтны зан байдлын тодорхойлолт, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын тогтоол гүйцэтгэх газрын тодорхойлолт, насанд хүрээгүй гэрч Г.Ангирмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “....Дүү бид хоёрыг яг үнэндээ харж хамгаалах хүн байхгүй. Төмөрсүх, эмээгээс өөр наашаа гэх хүн байхгүй байна. Би Дорнод аймгийн Хэрлэн сумын “Шинэ хөгжил” цогцолбор сургуульд 11 дүгээр ангид сурдаг. Дүү маань 7 дугаар ангид сурдаг...Манай ээжийн ээж Алтанцэцэг бид хоёрын асран хамгаалагчаар тогтоогдсон хэдий боловч яг үнэндээ бид хоёрыг орхиод явчихсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 206, 207, 2хх-ийн 20-23, 24, 25-26, 32, 3хх-ийн 124-125/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5 дахь хэсэгт “...хорих газарт ял эдэлж байгаа зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар хүүхдээ биечлэн тэжээн тэтгэх, асран халамжлах бололцоогүй,...хүний хүүхдийн эрх, ашиг сонирхлыг сум, дүүргийн Засаг дарга хамгаална” гэж, 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт “Сум, дүүргийн Засаг дарга асран хамгаалах, харгалзан дэмжих үйл ажиллагааны талаар дараахь эрх эдэлнэ гээд 71.1.1 дэх заалтад “асран хамгаалах, харгалзан дэмжвэл зохих хүний талаарх мэдээллийг хүлээн авч, нөхцөл байдлыг судалсны үндсэн дээр холбогдох материал бүрдүүлж асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоох, өөрчлөх тухай шийдвэр гаргах” гэж зааснаар шүүгдэгч Ш.Чагсалын 17 нас 10 сар 09 хоногтой охин Г.Ангирмаа, 12 нас 10 сар 27 хоногтой охин Г.Анарцэцэг нарт асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоохыг Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг даргад даалгаж шийдвэрлэсэн болно.

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 19 уут бүхий 79 ширхэг шаргал өнгийн металл /№161 Солонго гэсэн бичигтэй ууттай бөгж 1 ширхэг, ээмэг 1 хос (2 ширхэг), гинж 1 ширхэг, кулон 1 ширхэг, бугуйвч 1 ширхэг, №108 Даваадулам гэсэн бичигтэй ууттай бугуйвч 1 ширхэг, №127 Мөнхчимэг гэсэн бичигтэй ууттай ээмэг 1 хос (2 ширхэг), кулон 1 ширхэг, №163 Ариунболор гэсэн бичигтэй ууттай ээмэг 1 хос (2 ширхэг), №157 Ариунболор гэсэн бичигтэй ууттай ээмэг 1 хос (2 ширхэг), кулон 1 ширхэг, бугуйвч 1 ширхэг, №126 Юмчиндулам гэсэн бичигтэй ууттай ээмэг 1 хос (2 ширхэг), бөгж 1 ширхэг, гинж 1 ширхэг, кулон 1 ширхэг, №141 Мөнх-Эрдэнэ гэсэн бичигтэй ууттай ээмэг 1 хос (2 ширхэг), бугуйвч 1 ширхэг, №124 Мөнх-Эрдэнэ гэсэн бичигтэй ууттай бугуйвч 1 ширхэг, №120 Мөнх-Эрдэнэ гэсэн бичигтэй ууттай гинж 1 ширхэг, №162 Нандинцэцэг гэсэн бичигтэй ууттай ээмэг 1 хос (2 ширхэг), кулон 1 ширхэг, №107 Оюунтунгалаг гэсэн бичигтэй ууттай ээмэг 1 хос (2 ширхэг), бөгж 1 ширхэг, №139 Юмчиндулам гэсэн бичигтэй ууттай ээмэг 1 хос (2 ширхэг), бугуйвч 1 ширхэг, №1 гэсэн бичигтэй ууттай бугуйвч 1 ширхэг, Мөнхбаясгалант ХХК Г.Цэрэнлам 201625031038 гэсэн бичигтэй ууттай кулон 1 ширхэг, гинж 1 ширхэг, гарын бугуйвч 1 ширхэг, ээмэг 1 хос (2 ширхэг), Соёлзорро А.Буян-Арвижих 201625031392 гэсэн бичигтэй ууттай цагирган хос ээмэг 1 хос (2 ширхэг), бөгж 2 ширхэг, бугуйвч 1 ширхэг, кулон 2 ширхэг, гинж 2 ширхэг, ээмэг 2 хос (4 ширхэг), Лиш дэлгэр Б.Батжаргал 201626022108 гэсэн бичигтэй ууттай гинж 1 ширхэг, кулон 1 ширхэг, бугуйвч 1 ширхэг, бөгж 1 ширхэг, ээмэг 1 хос (2 ширхэг), Амазон Есүч А.Өнөржаргал 201625012951 гэсэн бичигтэй ууттай ээмэг 1 хос (2 ширхэг), кулон 1 ширхэг, гинж 1 ширхэг, бөгж 1 ширхэг, бугуйвч 1 ширхэг, Дархан Жинлүүр Замбага 201609000480 гэсэн бичигтэй ууттай ээмэг 2 хос (4 ширхэг), бөгж 1 ширхэг, бугуйвч 1 ширхэг, кулон 2 ширхэг, гинж 2 ширхэг, Баянзүрх дүүрэг Масс ХХК Б.Мөнхтулга 201625013638 гэсэн бичигтэй ууттай бөгж 1 ширхэг, кулон 1 ширхэг, гинж 1 ширхэг/ эд зүйлүүдийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохиролд тооцуулахаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд, камерын бичлэг болох 2 ширхэг дискийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалуулахаар Ерөнхий прокурорын дэргэдэх эрүүгийн хэргийн төв архивт тус тус шилжүүлж шийдвэрлэв.

            Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдаж, шүүгдэгчийн энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон 303 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцвол зохино.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.5, 36.6-36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Прокуророос Дууч овогт Шаравын Чагсалд холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчилсүгэй.

            2. Шүүгдэгч Дууч овогт Шаравын Чагсалыг баримт бичиг ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Дууч овогт Шаравын Чагсалыг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Ш.Чагсалын эдлэх 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тусгаарлаж эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Чагсалын энэ хэрэгтээ цагдан хоригдсон 303 /гурван зуун гурав/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

6. Ш.Чагсалд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2, 1.4 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 19 уут бүхий 79 ширхэг шаргал өнгийн металл эд зүйлүүдийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохиролд тооцуулахаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, камерын бичлэг болох 2 ширхэг дискийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалуулахаар Ерөнхий прокурорын дэргэдэх эрүүгийн хэргийн төв архивт шилжүүлсүгэй.

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Чагсалаас 2.080.000 /хоёр сая наян мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч А.Хишигдэлгэрт, 230.000 /хоёр зуун гучин мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Г.Цэрэнлхамд, 710.000 /долоон зуун арван мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Н.Буян-Арвижихад, 330.000 /гурван зуун гучин мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Б.Батжаргалд, 425.000 /дөрвөн зуун хорин таван мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч А.Өнөржаргалд, 200.000 /хоёр зуун мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Б.Мөнхтулгад, 680.000 /зургаан зуун наян мянга/ төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч А.Энхтуяад тус тус олгосугай.

9. Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5, 71 дүгээр зүйлийн 71.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Чагсалын 17 нас 10 сар 09 хоногтой охин Г.Ангирмаа, 12 нас 10 сар 20 хоногтой охин Г.Анарцэцэг нарт асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоохыг Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газарт даалгасугай.

10. Энэ тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Ш.Чагсалд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн тоолсугай.

11.  Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдүүд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

12. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ш.Чагсалд авсан цагдан хорих таслан сэргийлэх  арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

                        ШҮҮГЧ                                               Б.БАТБОЛОР   

                         

ШҮҮГЧИД                                         Д.АЛТАНЖИГҮҮР

 

                                                                                    Х.ОДБАЯР