Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 2021/ДШМ/769

 

 

Б.Жд холбогдох

эрүүгийн хэргийн тухай 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч М.Алдар, Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Пүрэвдагва, /томилолтоор/

            яллагдагч Б.Жгийн өмгөөлөгч О.Батсүх,

нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 2021/ШЗ/1138 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч яллагдагч Б.Жгийн өмгөөлөгч О.Батсүхийн гаргасан давж заалдах гомдол, прокурор Э.Халиуны бичсэн 2021 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 44 дугаартай эсэргүүцлээр Б.Жд холбогдох 2002 0056 10080 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 8 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

...................., 19....... оны .......... дүгээр сарын ..............-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Яармагийн 2 дугаар гудамжны 50 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:................/;

Б.Ж нь 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Яармагийн 2 дугаар гудамжны 50 тоотод байрлах өөрийн гэрийн хашааны гаднаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан делта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “Ариг” гэсэн шошготой дотроо ногоон өнгийн ургамал мэт 155.5488 грамм, шавар мэт 0,0849 грамм жинтэй сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч бэлтгэсэн, улмаар уг бодисоо 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүртэл Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Яармагийн 2 дугаар гудамжны 50 тоотод байрлах гэртээ худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Б.Жгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Яармагийн 2 дугаар гудамжны 50 тоотод байрлах Б.Жгийн гэрт 2020 оны 10 дугаар сарын 13-ны шөнө Б.Ж, Б.Бадамсэд, Н.Нямбаяр нарыг нийлж сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэж байхад П.Сэргэлэн ирсэн байх ба түүний араас Э.Энх-Очирыг ирэх үед цагдаа нар ирж үзлэг хийснээр энэ гэмт хэргийг илрүүлсэн байна. 2020 оны 10 дугаар сарын 13-ны үүрээр 04 цагийн орчимд П.Сэргэлэнгийн унаж явсан “Тоёота Харрьер” маркийн 76-78 УБЛ улсын дугаартай автомашинд үзлэг хийх явцад “20.000 төгрөг, тугалган цаас, гилийн хөзөр дээр наасан бор өнгийн шавар мэт зүйлийг” хураан авсан /хх 21-22/ ба Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 5728 дугаартай дүгнэлтээр “П.Сэргэлэнгийн автомашинаас хураан авсан эд зүйлээс 20 төгрөгийн дэвсгэрт болон П.Сэргэлэнгийн биеэс авсан биологийн дээжээс делта-9 тетрагидроканнабинол тус тус илэрсэн байна. /хх 74-75/ Мөн 2020 оны 10 дугаар сарын 13-ны үүрээр 03 цагийн орчимд Э.Энх-Очирын унаж явсан “Бенз” маркийн 99-99 УНУ улсын дугаартай автомашинд үзлэг хийж, үзлэгийн явцад “шар өнгийн асаагуур, 1 доллар, тугалган цаас, бундын хөзөр дээр наалдсан шавар мэт зүйлийг” хураан авсан /хх 18-19/ ба Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 5726 дугаартай дүгнэлтээр “Э.Энх-Очирын автомашинаас хураан авсан эд зүйлээс 1 долларын дэвсгэрт болон Э.Энх-Очирын биеэс авсан биологийн дээжээс делта-9 тетрагидроканнабинол тус тус илэрсэн байна. /хх 80-81/ Мөрдөн байцаалтад П.Сэргэлэн, Э.Энх-Очир нар нь гэрчээр 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр, мөн 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдөр тус бүр 2 удаа мэдүүлэг өгөхдөө “Б.Жгаас шавар гэх мансууруулах бодис 50.000 төгрөгөөр худалдаж авсан” талаар мэдүүлжээ. /хх 40-45/ Прокуророос яллагдагч Б.Жг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжээс “сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хадгалсан” гэж яллагдагчаар татаж, ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн. Гэтэл хэрэгт авагдсан дээрх баримтаас үзэхэд яллагдагч Б.Ж нь “сэтгэцэд нөлөөт бодисыг бусдад худалдсан эсэх”-ийг бүрэн шалгаж тогтоогоогүй байна. Дээрх ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул яллагдагч Б.Жд холбогдох эрүүгийн хэргийг Нийслэлийн прокурорын газарт буцааж, яллагдагч Б.Жд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг прокурорт очтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Яллагдагч Б.Жгийн өмгөөлөгч О.Батсүх давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгчийн захирамжийн тодорхойлох нь хэсэгт “Прокуророос яллагдагч Б.Жг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжээс “сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хадгалсан” гэж яллагдагчаар татаж, ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн. Гэтэл хэрэгт авагдсан дээрх баримтаас үзэхэд яллагдагч Б.Ж нь “сэтгэцэд нөлөөт бодисыг бусдад худалдсан эсэх”-ийг бүрэн шалгаж тогтоогоогүй байна.” гэж шүүх хэргийг шүүн шийдвэрлэх чиг үүргээ хэтрүүлэн мөрдөх чиг үүргийг хэрэгжүүлж байна. Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 болон 2 дахь хэсэгт хэргийн нөхцөл байдлыг тогтоох, нотлох үүргийг мөрдөгч, прокурор хэрэгжүүлэхээр заасан. Харин мөн зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж шүүхийн эрх хэмжээг заасан байхад шүүх мөрдөгч, прокурорт хуулиар хүлээлгэсэн үүргийг хэрэгжүүлж байгаа нь үндэслэлгүй юм. Түүнчлэн шүүгчийн захирамжид дурдагдсан Э.Энх-Очир, П.Сэргэлэн нар нь өөрсдийн тээврийн хэрэгсэлд байсан мөнгөн дэвсгэрт, хөзөр дээрх бодис нь Б.Жгаас авсан эд зүйл биш өөр бусад этгээдүүд хэрэглэж байсан талаар тодорхой мэдүүлсэн байдгаас гадна Б.Жгаас авсан гэх шавар мэт зүйл нь мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисын агууламж илрээгүй талаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт гарсан, Б.Ж нь П.Сэргэлэнд баримлын шавар өгсөн талаараа мөн мэдүүлсэн байдаг. Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 2021/ШЗ/1138 “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээс хэргийг прокурорт буцаах тухай” захирамжийг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

Прокурор Э.Халиун бичсэн эсэргүүцэлдээ: “...Мөрдөн байцаалтын явцад яллагдагч Б.Ж нь “...өмнө нь П.Сэргэлэн надаас мансууруулах бодис олоод өгөөч гээд гуйгаад байхаар нь гэрт байсан баримлын шаврыг өгчихсөн юм” гэж мэдүүлснийг давхар нотолж, П.Сэргэлэн, Э.Энх-Очир нарын эзэмшлийн тээврийн хэрэгслээс хураан авсан шавар мэт зүйлээс Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй болох нь тогтоогдсон тул Б.Жг сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, бэлтгэн хадгалсан хэрэгт яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдсэн. Гэтэл шүүх нь гэрч П.Сэргэлэн, Э.Энх-Очир нар нь “...Б.Жгаас шавар гэх мансууруулах бодис 50.000 төгрөгөөр худалдаж авсан...” гэж мэдүүлснийг хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж, нотлох баримтыг үгүйсгэсэн үндэслэлийг тодорхой заалгүй хэт таамагласан шинжтэй дүгнэлтийг хийсэн нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчимд нийцэхгүй байна. Тодруулбал Б.Ж нь гэрч П.Сэргэлэн, Э.Энх-Очир нарт сэтгэцэд нөлөөт бодис худалдсан эсэхийг шалгасны эцэст прокуророос тэдний мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтаар нотлогдоогүй гэж дүгнэн, Б.Жг сэтгэцэт нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, бэлтгэн, өөрийн гэртээ хадгалсан гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн.

Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлыг шалгаж тогтоон хэргийг шүүхэд шилжүүлсэн байхад шүүх хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан атлаа захирамжинд ямар мөрдөн шалгах ажиллагааг явуулах талаар тодорхой заагаагүй нь шүүхийн тогтоол ойлгомжтой байх хуулийн шаардлагыг хангаагүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3-т заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн заалттай нийцэхгүй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн газарт байсан гэрч П.Сэргэлэн, Э.Энх-Очир нарын биед мансууруулах бодис байсан талаарх үйл баримт нотлогдоогүй бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжгүй болох нь тогтоогдсон. Мөн тэдний биеэс биологийн дээж авч сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг тестээр шалгахад сэтгэцэд нөлөөт бодис илэрсэн ба уг зөрчил нь Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тус тус 25 хоногийн баривчлах шийтгэл оногдуулах арга хэмжээ авсан нь хууль зүйн үндэслэлтэй юм. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “...Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийн хүрээнд...” явагдахаар заасан байхад яллах дүгнэлтэд заагаагүй асуудлаар дүгнэлт хийж, шүүх яллах, өмгөөлөх талын мэтгэлцээний явцад дундын байр сууринаас хандах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх, гэм буруугүйд тооцох зарчмыг алдагдуулж байгаа явдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн хэлбэр юм. Иймд шүүгчийн 2021/ШЗ/1138 дугаар захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэжээ.

Прокурор Д.Пүрэвдагва тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хяналтын прокурор Э.Халиуны бичсэн эсэргүүцэл болон яллагдагчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг дэмжиж байна. Шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг шийдвэрлэх ёстой. Худалдсан гэх үг мэдүүлэгт байгаа боловч худалдсан гэх зүйл нь мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис биш гэдэг нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Худалдсан гэх үйл баримтыг мөрдөн шалгах ажиллагааны явцад шалгаад прокуророос зөвхөн нэг яллагдагчид холбогдох хэргийг шүүхэд шилжүүлсэн. П.Сэргэлэн, Э.Энх-Очир нараас мөрдөн шалгах ажиллагааны явцад хурааж авсан эд зүйлийг гэмт хэргийн шинжтэй үйлдэл биш, зөрчлийн шинжтэй гэж үзэн Зөрчлийн тухай хуульд зааснаар баривчлах шийтгэл оногдуулсан. Тухайн үед ямар бодис, ямар хэмжээтэй байсан гэдэг нь тогтоогдохгүй байгаа учраас мөрдөн шалгах ажиллагааны явцад хурааж авсан эд зүйл нь бодитой байсан учраас уг зүйл дээр дүгнэлт хийсэн. Өмнө нь 2, 3 удаа худалдаж авсан гэж байгаа боловч мансууруулах бодис мөн эсэх талаар эргэлзээ төрсөн учраас тухайн хүнд ашигтай байдлаар шийдвэрлэх зарчмаар хөнгөн зүйл ангиар нь зүйлчилсэн. Хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжтай холбогдуулан яллагдагчын өмгөөлөгч О.Батсүх болон прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудын хүрээнд гомдол, прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр яллагдагч Б.Жд холбогдох хэргийн бүх ажиллагаа, захирамжийг бүхэлд хянав.

Б.Ж нь 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Яармагийн 2 дугаар гудамжны 50 тоотод байрлах өөрийн гэрийн хашааны гаднаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан делта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “Ариг” гэсэн шошготой дотроо ногоон өнгийн ургамал мэт 155.5488 грамм, шавар мэт 0,0849 грамм жинтэй сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч бэлтгэсэн, улмаар уг бодисоо 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүртэл Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Яармагийн 2 дугаар гудамжны 50 тоотод байрлах гэртээ худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогдож, Нийслэлийн прокурорын газраас Б.Жгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

2020 оны 10 дугаар сарын 13-ны үүрээр 04 цагийн орчимд П.Сэргэлэнгийн унаж явсан “Тоёота Харрьер” маркийн 76-78 УБЛ улсын дугаартай автомашинд үзлэг хийх явцад “20.000 төгрөг, тугалган цаас, гилийн хөзөр дээр наасан бор өнгийн шавар мэт зүйлийг” хураан авсан /хх 21-22/ ба Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 5728 дугаартай дүгнэлтээр “П.Сэргэлэнгийн автомашинаас хураан авсан эд зүйлээс 20 төгрөгийн дэвсгэрт болон П.Сэргэлэнгийн биеэс авсан биологийн дээжээс делта-9 тетрагидроканнабинол тус тус илэрсэн байна. /хх 74-75/ Мөн 2020 оны 10 дугаар сарын 13-ны үүрээр 03 цагийн орчимд Э.Энх-Очирын унаж явсан “Бенз” маркийн 99-99 УНУ улсын дугаартай автомашинд үзлэг хийж, үзлэгийн явцад “шар өнгийн асаагуур, 1 доллар, тугалган цаас, бундын хөзөр дээр наалдсан шавар мэт зүйлийг” хураан авсан /хх 18-19/ ба Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 5726 дугаартай дүгнэлтээр “Э.Энх-Очирын автомашинаас хураан авсан эд зүйлээс 1 долларын дэвсгэрт болон Э.Энх-Очирын биеэс авсан биологийн дээжээс делта-9 тетрагидроканнабинол тус тус илэрсэн байна. /хх 80-81/

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагч Б.Жд холбогдох хэргийг мөрдөн байцаалтанд буцааж шийдвэрлэсэн үндэслэлийг хянахад мөрдөн байцаалтад П.Сэргэлэн, Э.Энх-Очир нар нь гэрчээр 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр, мөн 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдөр тус бүр 2 удаа мэдүүлэг өгөхдөө “Б.Жгаас шавар гэх мансууруулах бодис 50.000 төгрөгөөр худалдаж авсан” талаар мэдүүлжээ.

Гэрч нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүн бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны үед шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, мэдүүлэг өгдөг учир мөрдөгчийн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн П.Сэргэлэн, Э.Энх-Очир нарын мэдүүлгүүдийг үнэлж, анхан шатны шүүх нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх нь хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх зарчимд нийцэж байна. 

Прокуророос яллагдагч Б.Жг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэргийн шинжээс “сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хадгалсан” гэж яллагдагчаар татаж, ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн. Гэтэл хэрэгт авагдсан дээрх баримтаас үзэхэд яллагдагч Б.Ж нь “сэтгэцэд нөлөөт бодисыг бусдад худалдсан эсэх”-ийг бүрэн шалгаж тогтоогоогүй гэсэн анхан шатны дүгнэлт үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ нь тухайн гэмт хэргийн нийгэмд үзүүлэх нөлөөлөл, үр дагавартай шууд холбоотой ойлголт бөгөөд Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд учруулж буй хор уршиг, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээгээр тодорхойлогдоно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасан зохицуулалтыг хэрэглэхэд гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг харгалзан үзэхийг шаардаагүй боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдол, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 2021/ШЗ/1138 дугаартай захирамжийг хэвээр үлдээж, яллагдагч Б.Жгийн өмгөөлөгч О.Батсүхийн гаргасан давж заалдах гомдол, прокурор Э.Халиуны бичсэн 2021 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 44 дугаартай эсэргүүцлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ш.БАТ-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ                                                            М.АЛДАР

                        ШҮҮГЧ                                                            Д.МӨНХӨӨ