Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 124/ШШ/2023/0007

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанцэцэг даргалан тус шүүхийн иргэн,захиргааны хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ш.Ц,

Хариуцагч: Увс аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан,

“Увс аймгийн Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/37 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.Ц, хариуцагч Увс аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Увс аймгийн Засаг даргын тамгын газрын эрх зүйн сургалт,сурталчилгаа,гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан мэргэжилтэн Э.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Нямжав нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ш.Ц нь тус шүүхэд Увс аймгийн Засаг даргад холбогдуулан “Увс аймгийн Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Б/37 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг гаргасан байна.

2. Хариуцагч Увс аймгийн Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/37 дугаар захирамжаар Увс аймгийн Музейн захирал Ш.Ц-д сануулах сахилгын шийтгэл ногдуулжээ.

3. Нэхэмжлэгч Ш.Ц нь шүүхэд нэхэмжлэлээ 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр ирүүлсэн тул  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д заасан хугацааны дотор гаргасан гэж үзлээ.

 4. Нэхэмжлэгч Ш.Ц шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Музейн захирал Ш.Ц миний бие нь 2017 оны 01 сарын 19-нд музейн захирлаар томилогдон ажиллаж байгаад 2021 оны 04 дүгээр сарын 26-ны Б/28-р захимжаар ажлаас чөлөөлөгдөөд Увс аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 49 дугаар шийдвэрийг үндэслэн ажилд 2022 оны 04 дүгээр сарын 04-ний Б/09-р захирамжаар ажилд эргүүлж томилогдон ажиллаж байна. 2022 оны 04 дүгээр сарын 15-нд Соёл урлагийн газрын дарга А.Баярмагнайтай Музейн 2022 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний гэрээ байгуулан 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр музейн хамт олны хурлаар жилийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийг дүгнэж 85%-тай биелүүлж төрийн ажлын цалгардуулахгүй хүний нөөц, санхүү, эдийн засагтаа уялдуулан хангалттай сайн биелүүлэн ажиллаж байна. Гэтэл аймгийн Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Б/37 дугаар захирамжаар сануулах сахилгын шийтгэл ногдуулсан. Уг шийтгэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.  Аймгийн засаг дарга ажилд эргүүлж томилохдоо 04 дүгээр сарын 04-ний 1/571 дугаар албан тоотоор чиглэл өгсөн. Чиглэлд үүрэг болгосон ажил бүхэлдээ байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсан ажлууд байсан учир гэрээ байгуулсан соёл урлагийн газар, соёлын яаманд онцлог ажлыг 7 хоног, сар бүр статистик мэдээг сар улирлаар, тайланг хагас улирлаар хүргүүлэн ажилласан. Чиглэлд тайланг сар бүрийн 25-нд мэдээ тайланг өгөх гэснийг ажлын байрны дарамт гэж үзэж байна.

2021 оны 01 дүгээр сарын 01-ээс Музейн тухай хууль хэрэгжиж эхэлснээр Улсын болон орон нутгийн чанартай музейнүүд музейн тухай хуулийн 4.1.2-т заасан  музейн үзэл баримтлал гэж музейн төрөл, үйл ажиллагааны чиглэл, хамрах хүрээ цуглуулгын болон үзүүллэгийн бодлогыг тодорхойлсон баримт бичиг гэснийг үндэслэн өөрийн орон нутагт тохирсон бодлогын баримт бичиг боловсруулж соёлын яамнаас батлуулсныг үндэслэн музейн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2, 8.3-ыг үндэслэн аймгийн Засаг дарга соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй зөвшилцөн батална. Гэтэл 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр А/26 дугаар албан тоотоор Соёл урлагийн газарт Музейн үзэл баримтлал боловсруулах ажлын хэсэг байгуулах, холбогдох зардлын тооцоог шийдвэрлүүлж өгөх тухай хүргүүлж Аймгийн засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 01 -ны А/425 тоот захирамжаар ажлын хэсэг байгуулагдаж Музейн захирал Ш.Ц миний бие нь 2022 оны 08 дугаар сарын 05-нд Улаанбаатар хотод томилолтоор ажиллаж ажлын хэсгийн гишүүн Соёлын доктор Ж.М, Соёл судлаач доктор О.А, Түүхийн ухааны доктор Ц.Ж, Түүхийн ухааны доктор На.Сүхбаатар нартай уулзаж зөвшилцсөний үндсэн дээр 13 хүний бүрэлдэхүүнтэй групп чат нээж 2022 оны 08 дугаар сарын 22-нд соёлын доктор Ж.м, О.А нарыг Увс аймагт урьж үзэл баримтлал, үзүүллэг дэглэлтийн талаар сургалт явуулж Манай аймгийн түүх, угсаатны соёл, музейтэй танилцах хүсэлт хүргүүлсэн. 2022 оны 08 дугаар 28-29-ны өдрүүдэд 2 доктор хүрэлцэн ирж сургалт явуулахдаа ажлын хэсэгт мөн аймгийн орлогч дарга Ж.Ар, ЗДТГ-ын Нийгмийн бодлогын соёл хариуцсан мэргэжилтэн Ж.Б нарт албан ёсоор засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн А/425 захирамжид нэмэлт өөрчлөлт оруулах тухай саналаа хэлсэн.

Намайг ажилд ороход аймгийн Засаг дарга өөр ажилд орох санал тавьж, ажилгүй байсан хугацааны цалин өгөхгүй гэж дарамталсан. Засаг даргаас өгсөн чиглэлийг хийсэн ажлынхаа тайлантай тулгахад яг таарч байсан. Нийгмийн бодлогын хэлтсийн даргатай очиж уулзаад бид нар ажлаар хөдөө орон нутаг руу явах гэж байна гэж мэдээлэл өгөхөд  гүйцэтгэлийн гэрээ хийсэн газартайгаа уулзаж тайлан,мэдээллээ өгч бай гэж хэлсэн. Мөн асуудлаа Соёл урлагийн газраар дамжуулж харьцаж байгаарай гэж хэлсэн. Манайх ажлаа сар бүр Соёл урлагийн газарт очиж танилцуулдаг байсан учраас үүнийг давхцуулах шаардлагагүй гэж үзсэн. Тайлан өгөөгүй гэдэг үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулдаг эсэхийг сайн мэдэхгүй байна. 2020 оны 12 дугаар сарын 25-ны Соёлын яамнаас баталсан жишиг тодорхойлолтыг орон нутгийн онцлогт тохируулан батлаагүй байгаа. Гэхдээ бид нар ажлаа яаж төлөвлөдөг вэ гэхээр ажилтнуудынхаа ажлын байрны тодорхойлолт, Засаг даргын мөрийн хөтөлбөр, тухайн оны зорилт, сайдтай хийсэн хамтран ажиллах гэрээ зэрэг баримт бичгүүдэд тулгуурлаж хийдэг. Би байгууллагын ажилчдаа удирдлагаар хангаж ажилладаг хүнийхээ хувьд жишиг албан тушаалын тодорхойлолтод байгаа ажлыг баримталж ажилладаг. Музейн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т Музей нь үзэл баримтлалын хүрээнд зургаан жил тутам үзүүллэг, дэглэлтээ шинэчлэх төлөвлөгөөний төслийг боловсруулна гэж заасан. Энэ нь Увс аймгийн угсаатны хөгжлийг хэрхэн яаж хөгжүүлэх вэ гэсэн маш том бодлогын баримт бичиг. 5 дугаар сарын 20-нд Соёл урлагийн газарт албан тоот хүргүүлсэн. Музейн гэрээг сайд, Засаг даргатай хийсний дагуу ажлын хэсэг байгуулж өгөх хүсэлт гаргахын тулд тухайн ажлын хэсэгт орох хүмүүстэй тохиролцсоны үндсэн дээр 8 дугаар сарын 06-нд үзэл баримтлалын ажлын хэсэг байгуулсан бичиг чатаар ирсэн. Энэ байгуулсан ажлын хэсгийг Музейн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т заасныг баримталж байгуулах байтал мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т заасныг баримталсан байсан. Улсын хэмжээнд 6 музей үзэл баримтлалын төлөвлөгөөгөө батлуулсан. Ажлын хэсэгт орсон хүмүүстэй албан томилолтоор очиж уулзахад 8 дугаар сарын 26-нд очиж сургалт хийж өгнө гэж хэлсэн. Ажлын хэсэг байгуулсан захирамж нь музейн тухай хуулийн холбогдох заалтыг баримталж гараагүй учраас бид нар энэ ажлын хэсэгт орж ажиллаж чадахгүй, өөрчилж өгнө үү гэж хүссэн. Яагаад гэвэл үзэл баримтлалаа эхлээд боловсруулах ёстой, энэ ажлын хэсгийг аймгийн Засаг даргын орлогч ахлах ёстой гэж Засаг даргын орлогчид хэлэхэд захирамжаа өөрчилнө гэж хэлээд өнөөдөр хүртэл өөрчлөөгүй.

 2022 оны 6 дугаар сарын 02-нд манай байгууллагын нэг ажилтанд сахилгын хариуцлага хүлээлгэх тухай албан бичгийг ирүүлсэн. Энэ бичгийн хариуг 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 28 тоот албан бичгээр явуулсан. Яагаад ийм бичиг ирсэн гэвэл амралтаа эдэлж байх хугацаанд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож 14 хоногийн баривчлах шийтгэл авсан байсан. Үүний дагуу манай байгууллагын хамт олны хурал хуралдаж төрийн албан хаагч хуулийг сурталчилж, үлгэр дуурайлал үзүүлж байх ёстой гэдгийг хэлж, нээлттэй сануулгыг өгч Засаг даргын тамгын газарт хариу бичгийг хүргүүлсэн. Гэтэл ийм бичгийг ирүүлээгүй байна гэхэд аймгийн бичиг хэргийн ажилтантай уулзахад ийм бичиг ирээгүй байна гэж хэлсэн. Ийм бичиг явуулсан гэж үзүүлэхэд энэ бичиг нь манайд ирэхгүй Хууль эрх зүйн хэлтэст ирдэг бичиг гэж хэлсэн. Хууль зүйн хэлтсээс ороод асуухад Гэрэлцэцэг мэргэжилтний ажлын сейфт байсан. Тэгээд Нийгмийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн рүү энэ бичиг ирсэн байна гэж мэдэгдсэн. Байгууллагын ажлыг 43%-ийн үнэлгээтэй гэж ямар аргачлалаар, яаж үнэлсэн нь тодорхойгүй, ингэж үнэлэгдсэн  гэсэн албан тоот ирээгүй учраас мэдэхгүй байна. Чатаар ирсэн бичгээс нь харахад 9 дүгээр сарын 26-нд үнэлсэн нь харагддаг. Яагаад хагас жилийн тайланг 9 сард үнэлсэн нь тодорхойгүй байна. Тэгээд 11 сарын 25-ний байдлаар 85 хувьтай байна гэж үзсэн. Би үүнийг гайхаж байна Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү” гэв.

5. Хариуцагч Увс аймгийн Засаг дарга шүүхэд ирүүлсэн тайлбартаа:  “Аймгийн Музейн захирал Ш.Ц-ын Увс аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан аймгийн Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Б/37 тоот сахилгын шийтгэл ногдуулах тухай захирамж хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн хүрээнд нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбар гаргаж байна.

Аймгийн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 1/571 дугаар албан бичгээр өгсөн ажил үүргийн биелэлтийг хангаж, тайланг заасан хугацаанд ирүүлээгүй ба байгууллагын ажлын төлөвлөгөөнд тусгагдсан музейн үзүүллэг, дэглэлтийг шинэчлэх төлөвлөгөөний төсөл боловсруулах ажлын хэсгийг аймгийн Засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн А/425 дугаар захирамжаар байгуулж, хугацаатай үүрэг өгсөн боловч биелүүлж ажиллаагүй байна.

Улмаар аймгийн Соёл урлагийн газрын 2022 оны 09 сарын 30-ны өдрийн 97 дугаар албан бичгээр аймгийн музейн ажлын гүйцэтгэлийн төлөвлөгөө 43 хувьтай, хангалтгүй гэсэн үнэлгээ өгсөн бөгөөд хяналт шинжилгээгээр тус байгууллагын 2022 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсан 56 арга хэмжээний 3 арга хэмжээ нь 50%, 2 арга хэмжээ нь 30%, 27 арга хэмжээ нь 0% хэрэгжилттэй байгаа ба гарсан үр дүн, хэрэгжилтийг тодорхой тайлагнаагүй гэсэн дүгнэлт ирүүлсэн.

Мөн аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 3/979 дугаар албан бичгийн хариуг ирүүлээгүй, Төрийн албаны сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай Засгийн газрын 2018 оны 258 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллаагүй зөрчлүүдийг тус тус гаргасан тул 2022 оны 11 дүгээр сарын 07-ны 1/1986 тоот албан бичгээр Музейн захирал Ш.Ц-д сонсох ажиллагааны мэдэгдлийг хүргүүлж хариу тайлбар авсны үндсэн дээр 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Б/37 тоот захирамжаар сануулах сахилгын шийтгэл оногдуулсан.

Музейн тухай хууль 2022 оны 01 дүгээр сарын 01-ээс эхлэн хэрэгжиж эхэлсэн бөгөөд тус хуулийн 8 дугаар зүйлийн 8.2- т Музей нь үзэл баримтлалын хүрээнд зургаан жил тутам үзүүллэг, дэглэлтээ шинэчлэх төлөвлөгөөний төслийг боловсруулна гэсэн заалтын дагуу аймгийн Засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 1-ний өдрийн А/425 дугаар захирамжаар ажлын хэсэг байгуулж 2022 оны 3 дугаар улиралд багтаан танилцуулахыг ажлын хэсгийн ахлагч (Ш.Ц)-д үүрэг олгосон. Ш.Ц нэхэмжлэлдээ ажлын хэсэг байгуулсан захирамжид аймгийн Засаг даргын орлогч Ж.А, АЗДТГ-ын нийгмийн бодлогын соёл хариуцсан мэргэжилтэн Ж.Б нарыг нэмж өөрчлөлт оруулан батлах санал гаргасан тул шинэчилсэн захирамж хүлээсэн гэжээ. Гэвч ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг Шинэчлэн байгуулах, өөрчлөлт оруулах талаар албан ёсоор хандаж байгаагүй, ямар нэгэн мэдээлэл өгөөгүй.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ 2022 оны 04 дүгээр сарын 15-нд Соёл урлагийн газрын дарга А.Б-тай 2022 оны байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө байгуулж, биелэлтээ цахимаар хүргүүлэн ажилласан тухай дурдаад биелэлт хангалтгүй байсан шалтгаанаа дурдсан байна. Аймгийн Соёл урлагийн газрын 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 97 тоот албан бичгээр аймгийн ЗДТГ-т Орон нутгийн соёл, урлагийн салбаруудын гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилтийн хагас жилийн тайланд хяналт-шинжилгээ үнэлгээ хийж, Музей-43 хувьтай үнэлэгдсэн тул үйл ажиллагааг сайжруулах талаар зөвлөмж хүргүүлж ажилласан тухай ирүүлсэн байдаг.

Аймгийн Засаг даргаас дээрх нөхцөл байдал, гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилт, Засгийн газрын 2020 оны 217 дугаар тогтоолын 4.11. Төлөвлөгөөний биелэлтийн дүнгээр хангалтгүй үнэлгээ авсан нэгж болон байгууллагын удирдлагад "Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам"-д заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ гэж заасны дагуу сануулах сахилгын шийтгэл авсан болно.

Иймд Ш.Ц-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Увс аймгийн Засаг даргын 2022 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн албан бичгээр музейн захиралд үүрэг чиглэл өгсөн бөгөөд сар бүр тайлан мэдээг гаргаж аймгийн Засаг даргын тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтэст ирүүлэхийг даалгасан. Албан бичгээр өгсөн чиглэлд гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсан ихэнх ажил байсан учраас Соёл урлагийн газарт сар бүр тайлан мэдээгээ явуулж байсан гэж нэхэмжлэгч хэлж байна. Музейн захирлын хувьд үнэхээр хийж гүйцэтгэсэн ажил байсан бол албан бичгээр хандаад тайлангаа Нийгмийн бодлогын хэлтэст явуулахад асуудал үүсэхгүй байсан гэж бодож байна. Албан бичгээр ямар нэгэн хариу ирээгүй учраас ажил хийсэн, хийгээгүй гэж дүгнэх боломжгүй.Мөн музейн албан хаагчийн зөрчил гаргасан тухай  албан тоотоор мэдэгдэж хүргүүлэхэд албан бичгийн хариуг ирүүлээгүй учраас сахилгын шийтгэл хүлээх үндэслэл болсон гэж үзэж байна.Хууль эрх зүйн хэлтэс нь ирсэн бичиг бүртгэж авах дэвтэрт байгаа. Энэ дэвтэрт бүртгэлт хийгдсэн эсэх талаар хайж үзэхэд тийм бүртгэл байхгүй байсан. Тухайн ирүүлсэн бичиг нь Хууль зүйн хэлтсийн мэргэжилтэн Гэрэлцэцэг мэргэжилтэнд байсан гэж нэхэмжлэгч хэлсэн. Би өнөөдөр итгэмжлэлээр шүүх хуралд оролцож байгаа тул Гэрэлцэцэг мэргэжилтнээс хуралтай байсан болохоор асууж чадаагүй. Гүйцэтгэлийн төлөвлөгөөнд Соёл урлагийн газраас хяналт шинжилгээ, үнэлгээ хийхэд 43 хувьтай үнэлэгдсэн байсан.Тухайн байгууллагаас хяналт шинжилгээ хийгээд дүгнэлтээ ирүүлчихсэн байгаа бол Засаг даргаас гаргах захирамж гаргах үндэслэл болж байгаа. Засаг даргын тамгын газраас үнэлгээ хийгээгүй. Засаг даргын захирамжийг үндэслэлтэй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах боломжгүй байна”гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтууд, хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч нарын тайлбар зэргийг тал бүрээс нь үнэлэн дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Ш.Ц шүүхэд “Увс аймгийн Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/37 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг гаргасан.

3. Нэхэмжлэгчээс “...Мэдээ,тайлангаа Увс аймгийн Соёл урлагийн газарт тогтмол хүргүүлдэг байхад Увс аймгийн Засаг даргаас сар бүр ажлын тайлан ирүүлэх үүргийг өгснийг зөвшөөрөхгүй,ажлын байрны дарамт гэж үзэж байгаа, музейн үзүүллэг дэглэлтийг шинэчлэх төлөвлөгөөний төсөл боловсруулах ажлын хэсгийг байгуулах аймгийн Засаг даргын захирамжид ахлагчаар аймгийн Засаг даргын орлогч ажиллахаар өөрчлөлт оруулах, мөн тус захирамж шаардлага хангаагүй тул соёлын доктор Ж.М,О.А нар цаашид ажиллах боломжгүй гэсэн саналаа хэлсэн тул захирамжийг дахин гаргуулах шаардлагатайг хэлсэн байсан,хагас жилийн тайлангийн хувьд зарим ажлыг Соёл урглагын газраас хойшлуулсан,зарим ажлын санхүүжилт орж ирээгүй байсан ба 43 хувьтай гэсэн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй,төрийн албан хаагчийн сахилга хариуцлагын тухай хариу албан бичгийг хүргүүлсэн ба Хууль зүйн хэлтэст хүргэгдсэн байсан тул хариу ирүүлээгүй гэснийг хүлээн зөвшөөрөхгүй...” гэсэн тайлбар гарган нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлж маргаж байна.

4. Хариуцагч Увс аймгийн Засаг даргаас “...аймгийн Засаг даргын 2022 оны 1/571 дугаар албан бичгээр өгсөн ажил үүргийн биелэлтийг хангаж,тайланг заасан хугацаанд ирүүлээгүй, музейн үзүүллэг дэглэлтийг шинэчлэх төлөвлөгөөний төслийг боловсруулах ажлыг хэсгийг байгуулж,хугацаатай үүрэг өгсөн боловч биелүүлж ажиллаагүй,аймгийн Соёл урлагын газраас музейн гүйцэтгэлийн төлөвлөгөөг 43 хувьтай хангалтгүй гэж үнэлсэн, Засаг даргын тамгын газрын даргын 2022 оны 3/979 дугаар албан бичгийн хариуг ирүүлээгүй...” гэсэн үндэслэлээр тайлбар гарган нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй болно.

5. Нэхэмжлэгч Ш.Ц нь Увс аймгийн Музейн захирлаар 2022 оны 4 сарын 4-ний өдрийн Б/09 дугаар захирамжаар томилогдсон байна.

6. Маргаан бүхий акт болох Увс аймгийн Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/37 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа,нутаг дэвсгэрийн нэгж,түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1,Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.6, 37.1.13, 37.1.18,48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.2.1 хэсэгт заасныг үндэслэн аймгийн Музейн захирал Ш.Ц-д сануулах сахилгын шийтгэл ногдуулж шийдвэрлэжээ.

Аймгийн Засаг даргын захирамжид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг Ш.Ц аймгийн Засаг даргын 2022 оны 1/571 дугаар албан бичгээр өгсөн ажил үүргийг биелэлтийг хангаж, тайланг заасан хугацаанд ирүүлээгүй,тухайн байгууллагын ажлын төлөвлөгөөнд тусгагдсан музейн үзүүллэг,дэглэлтийг шинэчлэх төлөвлөгөөний төсөл боловсруулах ажлын хэсгийг аймгийн Засаг даргын 2022 оны А/425 дугаар захирамжаар байгуулж,хугацаатай үүрэг өгсөн боловч хэрэгжилтийг хангаж ажиллаагүй, соёл урлагийн газрын хяналт шинжилгээ, үнэлгээгээр байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө 43 хувьтай, хангалтгүй үнэлгээ авч, гүйцэтгэлээ тайлагнаж ажиллаагүй,мөн аймгийн Засаг даргын тамгын газрын даргын 2022 оны 3/979 дугаар албан бичгийн хариуг ирүүлээгүй нь Төрийн албаны сахилга,хариуцлага,дэг журмыг чангатгах тухай Засгийн газрын 2018 оны 258 дугаар тогтоолыг хэрэгжүүлээгүй,Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.6,37.1.13,37.1.18, Орон нутгийн өмчит музейн захирлын албан тушаалын тодорхойлолтын зорилтын 1.1,1.2,2.1,2.2,2.8,3.13,3.14-д заасан чиг үүргээ биелүүлээгүй гэжээ.

Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлд төрийн албан хаагчийн хүлээх нийтлэг үүргийн талаар хуульчилсан ба 37 дугаар зүйлийн 37.1.6-д “харьяа дээд шатны албан тушаалтны зөвхөн хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх”, 37.1.13-д “албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах”, 37.1.18-д “хууль тогтоомжид заасан бусад үүрэг” -ийг хүлээхээр, 48 дугаар зүйлийн 48.2-д энэ хуулийн 37 дугаар зүйлд заасан зөрчил гаргасан төрийн үйлчилгээний албан хаагчид Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлд заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаар зохицуулсан байна.

Хариуцагчаас нэхэмжлэгчийн гаргасан зөрчлүүд нь Увс аймгийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн А/112 дугаар захирамжийн гуравдугаар хавсралтаар баталсан Музейн захирлын албан тушаалын тодорхойлолтын 1.1-д “Төрөөс соёлын талаар баримтлах бодлого,Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр,орон нутгийн иргэдийн төлөөлөгчдийн  хурал,Засаг даргын бодлогын баримт бичигт тусгагдсан зорилтын хэрэгжилтийг хангаж ажиллах”, 1.2-д “Орон нутгийн онцлогт тулгуурлан байгууллагыг хөгжүүлэх,хөгжлийн дунд хугацааны хөтөлбөр боловсруулах,хэрэгжилтийг хангах”, 2.1-д “...байгууллагын мэргэжлийн удирдлагаар хангах,хууль тогтоомжоор олгосон бусад чиг үүргийг хэрэгжүүлэх”,2.2-д “Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахихын хамт,байгууллагын ажилтнуудаар сахиулах хэрэгжилтийг хангах”,2.8-д “Түүх соёлын үл хөдлөх дурсгалтын хадгалалт хамгаалалтыг сайжруулах,сэргээн засварлах,музейн үзмэрийн баяжилт хийх”, 3.13-д “Сан хөмрөгийн тохирсон нөхцөлийг бүрдүүлэх,хадгалж хамгаалах, арчилж тордох,сэргээн засварлах ажлыг зохион байгуулах”, 3.14-д “Байнгын болон түр үзэсгэлэн бусад арга хэмжээг зохион байгуулах,сурталчлах ажлыг удирдах” гэж заасныг зөрчсөн гэж үзжээ.

7. Увс аймгийн Засаг даргын 2022 оны 1/571 дугаар албан бичгээр өгсөн ажил үүргийг биелэлтийг хангаж, тайланг заасан хугацаанд ирүүлээгүй гэж зөрчлийн талаар:

7.1 Увс аймгийн Засаг даргын 2022 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 1/571 дугаартай “Чиглэл өгөх тухай” албан бичгээр Ш.Цыг Музейн захирлын албан тушаалд томилсонтой холбогдуулан 13 төрлийн ажлыг хэрэгжүүлж ажиллах үүрэг,чиглэл өгч ажлын биелэлтийг сар бүрийн 25-ны дотор гаргаж аймгийн Засаг даргын тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтэст ирүүлж тайлагнаж ажиллахыг үүрэг болгосон байна.

Дээрх албан бичгээр өгсөн үүрэг,чиглэлийг Увс аймгийн Музейн захирал Ш.Ц, Увс аймгийн Соёл урлагийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч А.Баярмагнай нарын хооронд 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан байгууллагын 2022 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөтэй харьцуулан үзэхэд аймгийн Засаг даргаас өгсөн үүрэг,чиглэлүүд гүйцэтгэлийн төлөвлөгөөнд агуулгаараа бүрэн тусгагджээ.

7.2 Музейн захирал Ш.Ц нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Нийгмийн бодлогын хэлтэст ажил хэргийн шугамаар хандахад Соёл урлагийн газраар дамжуулан хандаж байхыг зөвлөсөн тул мэдээ,тайлангаа аймгийн Соёл урлагийн газарт хүргүүлж байсан талаар тайлбар гаргасан, Увс аймгийн Музей нь  үйл ажиллагааны тайлан, сар,улирлын болон богино хугацааны онцлог ажлын тайлан мэдээг цаг хугацаандаа өгч байсан талаар Увс аймгийн Соёл, урлагийн газрын 2023 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 81 дугаар албан бичгээр тодорхойлсон,мөн нэхэмжлэгч талаас Увс аймгийн Музейн 2022.04.19-ний өдрийн 18 дугаартай Соёл урлагийн газарт хүсэлт хүргүүлэх тухай албан бичиг /зардал зарцуулах эрх олгох тухай/,2022.04.07-ны өдрийн 17 дугаартай Соёл урлагийн газарт журмын төслийн санал хүргүүлэх тухай албан бичиг,2022.05.20-ны өдрийн 26 дугаартай Соёл урлагийн газарт  мэргэжлийн арга зүйгээр хангаж ажиллах тухай хүсэлт хүргүүлэх албан бичиг,2022.05.30-ны өдрийн 27 дугаар Соёл урлагийн газарт “Үзмэр худалдан авах зардал тавьж өгөх тухай” хүсэлт хүргүүлэх албан бичиг,2022.10.20-ны өдрийн 43 дугаар Соёл урлагийн газарт “шинэ барилгын зураг төсвийг дээд шатны байгууллагад уламжилж дэмжиж ажиллахыг хүссэн “ албан бичиг 2022.10.20-ны өдрийн 44 дугаартай Соёл урлагийн газарт “Цомог хийлгэх зардлыг тооцож гэрээ хийж ажиллах” тухай албан бичиг зэргийг шүүхэд ирүүлсэн.

7.3 Соёлын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт “Энэ хуулийн зорилт нь төрөөс соёлын талаар баримтлах бодлого, зарчмыг тодорхойлж, соёлын үйл ажиллагаа эрхлэх, түүний удирдлага, зохион байгуулалт, оролцогчдын эрх, үүрэг, эдийн засгийн үндсийг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж тодорхойлсон, 18 дугаар зүйлийн 18.1.8-д “соёлын байгууллага үйл ажиллагааны чиглэл, статистик мэдээллийг гаргаж, холбогдох байгууллагад хүргүүлэх үүргийг хүлээхээр, 24 дүгээр зүйлийн  24.1-д “Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга соёлын үйл ажиллагааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

24.1.1.орон нутгийн онцлог бүхий соёлын бүтээгдэхүүн, үйлдвэрлэл, брэнд бий болгох, баяжуулан хөгжүүлэх, сурталчлах ажлыг зохион байгуулах;

24.1.2.орон нутгийн өмчийн соёлын байгууллагын хүний нөөцийг хөгжүүлэх, барилга байгууламжийн ашиглалтыг сайжруулах гэж, 25 дугаар зүйлийн 25.1-д .Аймаг, нийслэлийн соёлын газар соёлын үйл ажиллагааг дэмжих чиглэлээр дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

25.1.1.соёлын хууль тогтоомжийн дагуу соёл, урлагийг хөгжүүлэх, иргэний соёлын эрэлт хэрэгцээг хангахад чиглэсэн арга хэмжээг хэрэгжүүлэх;

25.1.2.соёлын байгууллагын үйл ажиллагааг зохицуулж, хууль тогтоомжид заасны дагуу төрөөс санхүүжүүлэх, тэдгээрт дэмжлэг, туслалцаа үзүүлэх, ажиллагсдын нийгмийн баталгааг хангах арга хэмжээг авах;

25.1.З.Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт заасан соёлын зорилтыг хэрэгжүүлэх ажлыг соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран зохион байгуулах;

25.1.4.харьяалах нутаг дэвсгэрийн соёлын байгууллагын үйл ажиллагааг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж, хяналт тавих;

25.1.5.соёлын статистик мэдээлэл, соёлын байгууллагын тайланг нэгтгэн холбогдох байгууллагад хүргүүлэх гэж тус тус заажээ.

Үүнээс үзэхэд салбарын үйл ажиллагааг нарийвчлан зохицуулсан Соёлын тухай хуульд заасны дагуу Увс аймгийн Музейн захирал нь өөрийн үйл ажиллагааны талаарх тайлан, мэдээг аймгийн Соёл урлагийн газарт хүргүүлж ажиллаж байсан байх тул Увс аймгийн Засаг даргын тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтэст сар бүр ажлын биелэлтийн тайланг хүргүүлээгүй гэх үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн “Ажлын тайлан, мэдээг аймгийн соёл урлагийн газарт хүргүүлж ажилласан” гэх тайлбарыг шүүх хүлээн авав.

8.Тухайн байгууллагын ажлын төлөвлөгөөнд тусгагдсан музейн үзүүллэг, дэглэлтийг шинэчлэх төлөвлөгөөний төсөл боловсруулах ажлын хэсгийг аймгийн Засаг даргын 2022 оны А/425 дугаар захирамжаар байгуулж,хугацаатай үүрэг өгсөн боловч хэрэгжилтийг хангаж ажиллаагүй гэх зөрчлийн талаар:

8.1 Увс аймгийн Засаг даргын 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн А/425 дугаар захирамжаар Музейн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт заасныг баримтлан Музейн үзмэр,цуглуулгыг эргэлтэд оруулах,мэдлэг мэдээлэл түгээх, техник технологийн дэвшлийг нэвтрүүлэх зорилгоор үзүүллэг, дэглэлтийг шинэчлэх төлөвлөгөөний төсөл боловсруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хавсралтаар баталж,төлөвлөгөөг соёлын асуудал эрхэлсэн эрх бүхий байгууллагуудын саналыг тусган боловсруулж,2022 оны 3 дугаар улиралд багтаан танилцуулахыг ажлын хэсгийн ахлагч/Ш.Ц-д/ үүрэг болгожээ.

Хавсралтаар баталсан ажлын хэсэгт ахлагчаар Музейн захирал Ш.Ц,нарийн бичгийн даргаар музейн сан хөмрөгч Б.Цэнд-Аюуш,гишүүдэд аймгийн Соёл урлагийн газрын дарга А.Баярмагнай, аймгийн Байгаль орчин аялал,жуулчлалын газрын дарга Б.Энхтуяа, Үндэсний музейн арга зүйч доктор Д.Мөнхтогоо, доктор На.Сүхбаатар,Ц.Жамбалсүрэн, Ж.Мяндас, О.Ангарагсүрэн, аймгийн Засаг даргын тамгын газрын мэргэжилтэн Ж.Батзаяа, Соёл урлагийн газрын мэргэжилтэн Т.Оюунцэцэг, музейн арга зүйч Э.Анхбаяр, музейн эрдэм шинжилгээний ажилтан Н.Гэрэлмаа нарыг баталжээ.

8.2 Музейн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7 дахь хэсэгт "үзүүллэг" гэж үзмэр, цуглуулгыг шинжлэх ухааны үндэслэлтэй, уран сайхны аргаар дэглэн үзүүлсэн орон зайг ойлгохоор тодорхойлсон, 2006 онд баталсан Монгол Улсын стандартын Гар урлал болон урлагийн зориулалттай зүйлс,музейн үйл ажиллагаанд тавих шаардлагын 4.8-д үзүүллэгийн үндсэн чиглэл гэдэг ойлголтыг “музейн зорилго,сэдвийн дагуу үзүүллэгийн шинжлэх ухааны үндэслэл бүхий агуулга,уран сайхны шийдлийг тодорхойлсон баримт бичиг” гэж тодорхойлсон байна.

Ажлын хэсэг байгуулах захирамж 2022 оны 8 сарын 1-ний өдөр гарсан байх боловч төлөвлөгөөг 2022 оны 3 дугаар улиралд буюу 2022 оны 9 дүгээр сард багтаан танилцуулахыг даалгасан, ажлын хэсэг байгуулах тухай захирамжийн дагуу гишүүд болох доктор Ж.М, О.А нар Увс аймагт 2022 оны 8 сарын 27-29-ний өдрүүдэд ажиллаж ажлын тайлангийн илтгэх хуудсыг үйлдсэн байх ба холбогдох сургалтыг зохион байгуулж, Увс аймгийн Засаг даргын орлогч Ж.Александртай уулзаж ажлын хэсгийн захирамжид өөрчлөлт оруулахаар ярилцсан талаар тэмдэглэжээ.

Музейн стандартад тодорхойлсон тодорхойлолтоос үзэхэд музейн үзүүллэг, дэглэлтийн төлөвлөгөөг боловсруулах нь шинжлэх ухааны үндэслэлтэй, тодорхой хугацаа шаардлагатай, багийн ажиллагаа гэж үзэхээр байна.

Хариуцагчаас ажлын хэсгийн ахлагч музейн захирал Ш.Ц нь багийн ажиллагаанд ямар үүргийг гүйцэтгээгүйн улмаас хариуцлага хүлээлгэх болсон нь тодорхойгүй,энэ талаарх нөхцөл байдлыг тогтоогоогүй байна.

Иймд нэхэмжлэгчийн “ доктор Ж.Мяндас,О.Ангарагсүрэн нарыг урьж музейн үзэл баримтлал,үзүүллэгийн талаар сургалт явуулсан, ажлын хэсгийн захирамжид өөрчлөлт оруулахаар санал солилцсон” гэх тайлбарыг хүлээн авч дээрх үндэслэлээр нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй гэж дүгнэв.

9.Соёл урлагийн газрын хяналт шинжилгээ,үнэлгээгээр байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө 43 хувьтай,хангалтгүй үнэлгээ авч,гүйцэтгэлээ тайлагнаж ажиллаагүй гэх зөрчлийн талаар:

9.1 Увс аймгийн Соёл,урлагийн газрын 2022.09,30-ны өдрийн 97 дугаартай Засаг даргын тамгын газарт хаягласан албан бичигт “Орон нутгийн соёл,урлагийн салбаруудын гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилтийн хагас жилийн тайланд хяналт-шинжилгээ үнэлгээ хийж ажиллаа.Салбарын байгууллагуудаас музей 43 хувь,Ойрад хөгжимт жүжгийн театр 46 хувьтай хангалтгүй үнэлэгдсэн тул үйл ажиллагааг сайжруулах талаар зөвлөмжийг хүргүүлэв” гэжээ.

2022 оны 7 сарын 24-ний өдрийн Хяналт шинжилгээ үнэлгээ хийсэн мэргэжилтэн Н.Алтансувд, хянасан Соёл урлагийн газрын даргыг түр орлон гүйцэтгэгч А.Баярмагнай гэсэн гарын үсэг бүхий Музейн 2022 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилтийн хагас жилийн тайланд хийсэн хяналт шинжилгээний танилцуулгад “тус байгууллагын 2022 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд 4 корилт 56 арга хэмжээ тусгагдсаныг тайлагнаж ирүүлсэн байна.Бүрэн хэрэгжсэн буюу 100 хувь хэрэгжсэн 12 арга хэмжээ, 90 хувь хэрэгжсэн 7 арга хэмжээ, 70 хувь хэрэгжсэн 5, 50 хувь хэрэгжсэн 3, 30 хувь хэрэгжсэн 2, 0 хувийн хэрэгжилттэй 27 арга хэмжээ байна.Гүйцэтгэлийн төлөвлөгөөний эхний хагас жилийн хэрэгжилтийн дундаж 43 хувь байна...” гэжээ.

9.2 Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 217 дугаар тогтоолоор батлагдсан “Байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах,гүйцэтгэлийн зорилт,шалгуур үзүүлэлтийг тогтоох,тайлан гаргах журам”-ын  4.2-д “Байгууллагын захиргаа, хүний нөөцийн асуудал хариуцсан нэгж төлөвлөгөөний биелэлтийг хагас, бүтэн жилээр нэгтгэн гаргах бөгөөд хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан нэгж эхний хагас жилд явцын хяналт-шинжилгээ, жилийн эцэст хяналт-шинжилгээ, үнэлгээ хийнэ” гэж заасан, өөрөөр хэлбэл үнэлгээг жилийн эцэст хийхээр байна.

Увс аймгийн Музей нь 2022 оны эхний хагас жилийн байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөний тайланг хүргүүлэхдээ 2022 оны бүтэн жилийн гүйцэтгэлийн тайлангаа дүгнэж хүргүүлсэн байх ба аймгийн Соёл,урлагийн газар мөн ирүүлсэн тайлангийн дагуу 2022 оны бүтэн жилийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний тайланд хэрэгжилтийн үнэлгээг өгсөн нь хэрэгт авагдсан гүйцэтгэлийн төлөвлөгөө, тайлангаар,мөн гэрч Н.Алтансувдын “Увс аймгийн Музей 2022 оны эхний хагас жилийн гүйцэтгэлийн тайлангаа цаасаар болон файл хэлбэрээр ирүүлсэн. Төлөвлөгөөнд тусгагдсан ихэнх арга хэмжээг 70 хувьтай биелэгдсэн гэж ирүүлсэн байсан.Миний зүгээс тайланг хянаж үзээд 70 хувьтай гэж үнэлж ирүүлсэн зарим ажлыг 100 хувьтай гэж дүгнэсэн, зарим ажлууд нь огт хэрэгжээгүй байсан.Засгийн газрын 2020 оны 206 дугаар тогтоолоор баталсан журмын дагуу дүгнэхэд 43 хувийн гүйцэтгэлтэй үнэлэгдсэн.Үнэлгээний талаарх танилцуулгыг бичсэн” гэсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

9.3 Хариуцагч нь Соёл,урлагийн газраас ирүүлсэн танилцуулга, үнэлгээнд хяналт хийгээгүйн улмаас 2022 оны бүтэн жилийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг үнэлсэн баримтыг эхний хагас жилийн тайлан,үнэлгээнд тооцож хариуцлага хүлээлгэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.Өөрөөр хэлбэл аймгийн Засаг дарга шийдвэр гаргах ажиллагаандаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан “зорилгодоо нийцсэн,бодит нөхцөлд тохирсон байх”  зарчмыг хэрэгжүүлээгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн “2022 оны эхний хагас жилийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний тайлангийн үнэлгээ үндэслэлгүй байхад сахилгын шийтгэл ногдуулсан” гэх тайлбарыг хүлээн авах нь зүйтэй.

10. “Увс аймгийн Засаг даргын тамгын газрын даргын 2022 оны 3/979 дугаар албан бичгийн хариуг ирүүлээгүй нь Төрийн албаны сахилга, хариуцлага, дэг журмыг чангатгах тухай Засгийн газрын 2018 оны 258 дугаар тогтоолыг хэрэгжүүлээгүй” гэх зөрчлийн талаар:

Увс аймгийн Засаг даргын тамгын газрын даргын 2022 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 3/979 дугаартай Увс аймгийн Музейн дарга Ш.Ц танаа гэж хаягласан албан бичигт “ ...танай байгууллагад зохицуулагч ажилтай Э.Н нь 2022 оны 4 сарын 28-ны өдөр жолоодох эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож зөрчлийн хуулиар шийтгүүлсэн байна.Иймд Э.Н нь Төрийн албаны тухай хууль, Засгийн газрын тогтоол,байгууллагын Хөдөлмөрийн дотоод журам зөрчиж,хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан эсэхийг хянан шалгаж,хэрхэн шийдвэрлэсэн тухай хариу мэдэгдэнэ үү” гэжээ.

Нэхэмжлэгчээс шүүхэд Увс аймгийн Музейн 2022 оны 06 сарын 13-ны өдрийн 28 дугаартай Засаг даргын тамгын газарт хаягласан “Байгууллагын хөдөлмөрийн дотоод журам”-ын 10.1б-д заасны дагуу хамт олны хурлаар хэлэлцэж Э.Н-д нээлттэй сануулж,өөрөөр нь тайлбарыг бичүүлж авсан болно” гэсэн агуулга бүхий албан бичиг,уг бичгийг музейн явуулсан бичгийн дэвтрийн бүртгэлд бүртгэсэн бүртгэлийг ирүүлсэн боловч уг бүртгэлд албан бичгийг Увс аймгийн Засаг даргын тамгын газарт хүлээлгэн өгч гарын үсэг зуруулсан баримтгүй байна.

Засгийн газрын 2018 оны 258 дугаар “Төрийн албаны сахилга,хариуцлага,дэг журмыг чангатгах тухай” тогтоолын 1.8-д “төрийн албан хаагчдын үйлдсэн гэмт хэрэг, гаргасан зөрчил, сахилга, ёс зүйн зөрчилд судалгаа, дүн шинжилгээ хийж, шалтгаан нөхцөлийг тогтоон, урьдчилан сэргийлэх арга хэмжээг үр дүнтэй зохион байгуулах”-ыг  Засгийн газрын гишүүд, бүх шатны Засаг дарга, Засгийн газрын агентлагийн дарга, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, байгууллагын дарга нарт үүрэг болгосон, Увс аймгийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн А/112 дугаар захирамжийн гуравдугаар хавсралтаар Музейн захирлын албан тушаалын тодорхойлолтын 2.2-т “Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахихын хамт байгууллагын ажилтнуудаар сахиулах, хэрэгжилтийг хангах” үүргийг хэрэгжүүлэхээр, мөн 4.7-д хууль тогтоомжид заасан бусад чиг үүргийг гүйцэтгэхээр, Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д “Хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцно” гэж тус тус заасан байна.

Иймд нэхэмжлэгч Ш.Цаас Увс аймгийн Засаг даргын тамгын газрын 2022 оны 3/979 дугаартай “Сахилга,хариуцлагын тухай” албан бичгийн хариуг хүргүүлээгүйг сахилгын зөрчил гаргасан гэж үзсэн хариуцагчийн тайлбарыг хүлээн авах үндэслэлтэй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4-д “Сахилгын зөрчил гаргасан өдрөөс, эсхүл зөрчил үргэлжилсэн тохиолдолд зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш зургаан сар, ажил олгогч түүнийг илрүүлснээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна” гэж заасан.

Увс аймгийн Засаг даргын тамгын газрын 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 3/979 дугаар албан бичигт хариуг ирүүлэх хугацааг заагаагүй байна.

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 246 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журам”-ын 6.2.2.6-д баримт бичгээр тавигдсан асуудлыг шийдвэрлэхэд нэмэлт судалгаа, тодруулга хийх, бусад байгууллагатай хамтран шийдвэрлэх шаардлагатай бол хуанлийн 30 хоногт шийдвэрлэхээр заасан тул нэхэмжлэгчийг 2022 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн дотор хариуг хүргүүлсэн байх ёстой гэж үзвэл зөрчилд хариуцлага тооцох хөөн хэлэлцэх хугацаа 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөр дуусгавар болсон гэж үзнэ.

Иймд хариуцагчаас хуульд заасан сахилгын шийтгэл ногдуулах хугацааг өнгөрсний дараа буюу 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр дээрх үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулсан нь хуульд нийцээгүй тул шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлтэй байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн долоогоос ес дэх хэсгүүдэд нэхэмжлэгчийг сахилгын зөрчил гаргасанд тооцоогүй тул музейн захирлын албан тушаалын тодорхойлолтын холбогдох хэсгийг зөрчөөгүй гэж үзнэ.

11.Иймд дээр дурдсан дүгнэлтүүдэд үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Увс аймгийн Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Б/37 дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” захирамжийг бүхэлд нь хүчингүй болгон шийдвэрлэв.

12.Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээн, хариуцагчийн ажлын алба болох Увс аймгийн Засаг даргын тамгын газраас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1,106.3.12,107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1, 123.4 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч Ш.Ц-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Увс аймгийн Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Б/37 дугаар захирамжийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар  зүйлийн 48.1, 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээн, Увс аймгийн Засаг даргын тамгын газраас 70200 /далан мянга хоёр зуу/  төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ш.Ц-д олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3  дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Д.АЛТАНЦЭЦЭГ