| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржбалын Янжиндулам |
| Хэргийн индекс | 101/2023/03486/И |
| Дугаар | 101/ШШ2023/03758 |
| Огноо | 2023-08-24 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 08 сарын 24 өдөр
Дугаар 101/ШШ2023/03758
2023 08 24 101/ШШ2023/03758
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Янжиндулам даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
нэхэмжлэгч- Чингэлтэй дүүрэг, ***************, өөрийн байранд байрлах, Г ХК-ний нэхэмжлэлтэй,
хариуцагч- Баянзүрх дүүргийн ************ тоотод оршин суух, У-т холбогдох,
кредит картын гэрээний үүрэгт 5,385,009.25 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О,
Хариуцагч Э.У,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ж.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Г ХК нь Э.Ут холбогдуулан кредит картын гэрээний гүйцэтгээгүй үүрэгт бэлэн гүйлгээ, бэлэн бус гүйлгээнд 1,823,383.56 төгрөг, шимтгэл хураамжид 70,200 төгрөг, бэлэн, бэлэн бус гүйлгээний хүүд 2,909,521.41 төгрөг, хугацаа хэтрүүлсний хүүд 581,904.28 төгрөг, нийт 5,385,009.25 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч Э.У нь 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Гтай ЗГ/КР/******** тоот кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээг байгуулж 2,000,000 төгрөгийг бэлэн мөнгө авсаны хүү сарын 3,5 хувь, бэлэн бус гүйлгээний хүү сарын 2 хувь, зээлийн эрх хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүү сарын 2 хувийн хүүтэйгээр гэрээнд тусгасан нөхцөлийн дагуу авч ашигласан. Нэхэмжлэл гаргах үеийн байдлаар зээлийн үндсэн төлбөр, зээлийн хүүний төлбөр, нэмэгдүүлсэн хүүний төлбөр нийлээд 6,767,343.90 төгрөг бодогдсон боловч зээлдэгчийн нөхцөл байдлыг харгалцан үзэж зээлдүүлэгчийн зүгээс эрх хэтрүүлсэний хүү 252,341.27 төгрөгийг 100 хувь хөнгөлж, хугацаа хэтрүүлсэний нэмэгдүүлсэн хүү 1,711,897.66 төгрөгөөс 1,129,993.38 төгрөгийг хасаж тооцсон тул зээлийн үндсэн төлбөр, зээлийн хүүгийн төлбөр, хугацаа хэтрүүлсний хүү зэргийг нэхэмжилж байгаа гэж тодорхойлсон.
3. Хариуцагч Э.У хариу тайлбартаа би 2017 онд зээл авч 2018 оныг хүртэл зээлийн төлбөрөө төлдөг байсан. 2018 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр цайны газар ажилуулж, давхар ажил хийдэг байсан ч ажлаасаа гарч, цайны газар хураагдсан тул 2018 оны 10 дугаар сард эдийн засагчтайгаа очиж уулзаад 2 хүүхэдтэйгээ гэрээсээ хөөгдсөн хэцүү байгаагаа, мөнгө төлөх боломжгүй байна гэдгээр хэлэхэд кредит картын төлбөрийг хийхгүй бол алданги, хүү нь зогсохгүй, манай банк шүүхэд өгнө гэж хэлсэн тул би шүүхэд нь өгчих гэхэд эдийн засагч нь тэгвэл шүүхэд өглөө, шүүхээс дуудхаар нь та очоорой гэсэн. Тэр үед би Баянгол дүүрэгт нийтийн байранд байсан, 2019 онд цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж байна гэхээр нь би цагдаа дээр очоод хаягаа хэлээд гарсан, түүнээс хойш хэн ч дуудаагүй байж байгаад 2022 онд дахин цагдаагийн байгууллагаас дуудахад нь очиж уулзаад Баянгол дүүрэг дэх нийтийн байранд байгаагаа, шүүхээс дуудахгүй байгаа талаараа хэлсэн. Нэхэмжлэгчийн энэ төлөөлөгчтэй би 2021 онд утсаар ярихад сэлэнгэ аймагт ажилтай байсан, удалгүй ковид гарсан. Харин энэ хавар шүүхээс дуудах хуудас хаягаар ирснээр би шүүх дээр ирсэн.
Би ажилтай байх хугацаандаа их төлөлт хийсэн, 1,800,000 төгрөг нь 5,000,000 төгрөг болчихоор надад төлөхөд хэцүү байна. Энэ мөнгөн дүнгээс үндсэн зээл, гүйлгээний шимтгэлийг хүлээн зөвшөөрч байна. харин бэлэн гүйлгээ, бэлэн бус гүйлгээний хүүгээс хасуулах хүсэлтэй байна гэж тайлбарыг гаргасан.
4. Нотлох баримтын тухайд
4а. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-4/, төлөөлөгч томилсон 2021-8-04-ний өдрийн 734 дугаартай, 2023-5-01-ний өдрийн 18/06-230645 итгэмжлэл /хх-5-6/, 2017-6-2-ны өдөр байгуулсан кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ /хх-7/, кредит картын тооцооны хүснэгт /хх-8-9/, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 184/ШЗ2019/***** дугаартай захирамж /хх-10/, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн Э.Уийг эрэн сурвалжлах тхуай 182/ШШ2020/***** дугаартай шийдвэр /хх-11-12/, Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2023-3-16-ны өдрийн Э.Уийн хаягийг тогтоосон тухай 28к1-3/**** дугаартай албан бичиг /хх-13/ зэргийг нотлох баримтаар гаргасан.
Хариуцагч хариу тайлбар /хх-22/ гаргасан.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Г ХК-ийн нэхэмжлэлээс 3,296,831.7 төгрөгийн шаардлагыг хангаж, нэхэмжлэлээс үлдэх 2,088,177.5 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
2. Нэхэмжлэгч Г ХК нь Э.Ут холбогдуулан кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээний гүйцэтгээгүй үүргийн талаарх нэхэмжлэлийн шаардлага гаргаж, уг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч Э.Утэй 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдөр кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээг байгуулж 2,000,000 төгрөгийг зээлийн эрхийн хэмжээтэй, бэлэн мөнгө авсаны хүү сарын 3,5 хувь, бэлэн бус гүйлгээний хүү сарын 2 хувь, зээлийн эрх хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүү сарын 2 хувийн хүүтэйгээр гэрээнд тусгасан нөхцөлийн дагуу ашиглуулахаар тохирсон.
Нэхэмжлэл гаргах үеийн байдлаар зээлийн үндсэн төлбөр, зээлийн хүүний төлбөр, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт нийт 6,767,343.90 төгрөг бодогдсон боловч зээлдэгчийн нөхцөл байдлыг харгалцан үзэж зээлдүүлэгчийн зүгээс эрх хэтрүүлсэний хүү 252,341.27 төгрөгийг 100 хувь хөнгөлж, хугацаа хэтрүүлсэний нэмэгдүүлсэн хүү 1,711,897.66 төгрөгөөс 1,129,993.38 төгрөгийг хасаж тооцсон.
Иймд хариуцагчаас бэлэн гүйлгээний зээлийн төлбөрт 307,303.56 төгрөг, бэлэн бус гүйлгээнийн зээлийн төлбөрт 1,516,080 төгрөг, шимтгэл хураамжид 70,200 төгрөг, бэлэн гүйлгээний хүүд 855,665.07 төгрөг, бэлэн бус гүйлгээний хүүд 2,053,856.34 төгрөг, хугацаа хэтрүүлсний хүүд 581,904.28 төгрөгийг тус тус гаргуулахаар шаардаж байна гэж тайлбарласан.
3. Хариуцагч Э.У нь кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ байгуулсан, 2018 оныг хүртэл зээлийн төлбөрөөс төлдөг байсан боловч ажилуулж байсан цайны газар хураагдсан, ажлаасаа гарсан, 2 хүүхдийн хамт гэрээсээ хөөгдсөн зэрэг шалтгааны улмаас кредит картын төлбөрийг хийх боломжгүй болсон талаараа 2019 онд эдийн засагчтайгаа уулзаж хэлсэн, шүүхэд өгч болно гэдгээ эдийн засагчид хэлсэн боловч шүүхээс дуудаагүй, 2019, 2022 онд цагдаагийн байгууллагаас дуудахад нь очиж оршин суугаа хэлсэн боловч энэ хавар л Баянзүрх дүүргийн шүүхээс дуудснаар шүүх дээр ирсэн. Төлбөр төлөх боломжгүй болсон талаараа хэлж мэдэгдсэн тухайн цаг хугацаанд шүүхэд хандаж асуудлаа шийдвэрлүүлсэн бол 1,800,000 төгрөг нь 5,000,000 төгрөг болчихоор надад төлөхөд хэцүү байна. Энэ мөнгөн дүнгээс үндсэн зээл, гүйлгээний шимтгэлийг хүлээн зөвшөөрч, хүүгийн төлбөрийг хасуулах хүсэлттэй гэж татгалзсан тайлбар гаргасан.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Г ХК нь Э.Утэй 2017 оны 6 дугаар сарын 2-ны өдөр ЗГ/КР/******** дугаартай кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ-г байгуулж, кредит картын зээлийн эрхийн хэмжээ 2,000,000 төгрөг, 2 жилийн хугацаатай, бэлэн бус гүйлгээний хүү 2 хувь, бэлэн мөнгө авсны хүү 3,5 хувь, зээлийн эрх хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүү 2 хувь, зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 1 хувийг тооцох нөхцөлийг харилцан тохиролцсон байна /хх-7/.
Зохигчдын хооронд байгуулсан дээрх гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, 451.2 дахь хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол зээлийн гэрээг бичгээр хийнэ гэж, мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно, 452.2 дахь хэсэгт зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй гэж, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт зээлийн хүүг зээлийг ашигласан хугацаагаар тооцно гэж тус тус зохицуулсан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байна.
Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох гэрээний харилцаа үүссэн зохигчид дээр дурдсан гэрээг байгуулсан болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй болно.
Талууд гэрээний агуулгыг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар өөрсдөө тодорхойлж, чөлөөтэй байгуулах эрхийн хүрээнд гэрээг байгуулсан, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт зааснаар хийгдсэн, тэдгээрийн хүсэл зоригийн илэрхийлэл нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр байна.
5. Харин талуудын байгуулсан дээрх гэрээний хугацаа 2019 оны 6 дугаар сарын 2-ны өдөр дууссан байх бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжилсэн бэлэн болон бэлэн бус гүйлгээний 2,909,521.41 төгрөгийн хүү нь 2017 оны 6-р сарын 6-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацааны хүү болох нь кредит картын тооцооллын хүснэгтээр тогтоогдож байна /хх-8/.
6. Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ гэж заасан.
7. Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар талуудын хооронд 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдөр 2 жилийн хугацаатай байгуулсан гэрээний хугацаа 2019 оны 6 дугаар сарын 02-ны өдөр дуусгавар болсон, кредит картын тооцооллын хүснэгтээс үзэхэд хариуцагч нь 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс бэлэн болон бэлэн бус гүйлгээ хийгээгүй, гэрээний 2.1-т зээлийн эрхийн зарцуулалтыг хугацаандаа төлөөгүй тохиолдолд карт автоматаар хаагдана гэжээ.
Тиймээс хариуцагч нь эзэмшиж буй кредит картын зээлийн эрхийн хэмжээнд хийгдсэн гүйлгээ, төлсөн дүнг кредит картын тооцооллын хүснэгтээс тооцоход
2017 оны 6 дугаар сарын 02, 2017 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн бэлэн гүйлгээнд бодогдсон дүн 1,200,000 төгрөг, үүнээс 2017 оны 7-р сарын 16-ны өдөр 195,000 төгрөг, 2017 оны 8-р сарын 18-ны өдөр 200,000 төгрөг, 2017 оны 10-р сарын 17-ны өдөр 497,696.44 төгрөгийг тус тус төлснөөр төлөгдөөгүй үлдэгдэл нь 307,303.5 төгрөг, 2017 оны 6-р сарын 5-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд бэлэн бус гүйлгээнд 1,516,080 төгрөг бодогдсон байх бөгөөд үүнээс төлөлт хийгдээгүй байна.
Хариуцагч нь 2017 оны 10-р сарын 17-ны өдөр бэлэн гүйлгээний төлөлт хийснээр дахин төлбөр төлөөгүй байх тул 2017 оны 10-р сарын 18-ны өдрөөс карт системд автоматаар хаагдах хугацаа буюу 2019 оны 6 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацааны бэлэн гүйлгээний хүү 215,112 төгрөг /307,303.5х3,5%=10,755.6х20сар/-өөр тооцогдож байна.
Мөн хариуцагч нь бэлэн бус гүйлгээнд төлөлт хийгээгүй байх тул төлөгдөөгүй 1,516,080 төгрөгөөс карт системд автоматаар хаагдах хугацаа буюу 2019 оны 6 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацааны бэлэн гүйлгээний хүүг тооцоход 606,432 төгрөг /1,516,080х2%=30,321.6х20сар/ байна.
8. Талуудын гэрээний 2.1-д картын нэг жилийн хураамжийг 35,000 төгрөгөөр тохирсон, кредит картын тооцооллын хүснэгтээр хариуцагч нь гэрээний хоёр жилийн хураамжийг төлөөгүй байх тул 70,000 төгрөг /35,000х2жил/-ийг нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.
Харин хариуцагч нь хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү болох 581,904.28 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн болохыг дурдах нь зүйтэй.
9. Иймд дээрхийг нэгтгэн дүгнэвэл хариуцагч нь бэлэн гүйлгээний төлөгдөөгүй төлбөрт 307,303.5 төгрөг, түүний хүүгийн төлбөрт 215,112 төгрөг, бэлэн бус гүйлгээний төлөгдөөгүй төлбөрт 1,516,080 төгрөг, түүний хүүгийн төлбөрт 606,432 төгрөг, хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 581,904.28 төгрөг, нийт 3,296,831.7 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байна.
10. Кредит картын тооцооллын хүснэгтээс үзэхэд хариуцагч Э.У нь 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс хойш бэлэн болон бэлэн бус зарлагын гүйлгээ хийгээгүй, ЗГ/КР/******** дугаартай кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээний 2.1-д зээлийн эрхийн зарцуулалтыг хугацаандаа төлөөгүй тохиолдолд карт системд автоматаар хаагдах хугацаа нэг сар гэж талууд тохиролцсон байх тул нэхэмжлэгч нь гэрээний хугацаа дууссан өдрөөс хойш хүү шаардах эрхгүй гэж дүгнэв.
11. Иймд хариуцагчаас кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээний үүрэгт 3,296,831.7 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,088,177.5 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна гэж, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна гэж тус тус зохицуулсан.
Иймд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 101,111 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 67,699 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дүгээр зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Эын У-с кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ-ний үүрэгт 3,296,831.7 төгрөг /гурван сая хоёр зуун ерэн зургаан мянга найман зуун гучин нэгэн төгрөг 7мөнгө/-ийг гаргуулан нэхэмжлэгч Г ХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,088,177.5 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 101,111 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Уөөс улсын тэмдэгтийн хураамжид 67,699 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г ХК-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЯНЖИНДУЛАМ