| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржбалын Янжиндулам |
| Хэргийн индекс | 101/2023/03900/И |
| Дугаар | 101/ШШ2023/03860 |
| Огноо | 2023-09-05 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 09 сарын 05 өдөр
Дугаар 101/ШШ2023/03860
2023 09 05 101/ШШ2023/03860
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Янжиндулам даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
нэхэмжлэгч- Төв аймаг, Б*********** тоотод оршин суух, Аын нэхэмжлэлтэй,
хариуцагч- Баянзүрх дүүрэг, ************* тоотод оршин суух, Б-т холбогдох,
5,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч А.А,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ж.
Хариуцагч С.Б нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд нэхэмжлэгч талын хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2022 онд хариуцагч С.Брээс 14,000,000 төгрөгөөр машин худалдаж авсан. Тухайн үед мөнгийг нь би шилжүүлсэн. Надад зарсан машин банк бусын барьцаанд байсан тул 6 сарын дотор төлбөрөө дуусгаад өмчлөлийг надад шилжүүлж өгнө гэсэн. Гэтэл 1 жилийн дараа С.Бр нь мөнгөө төлөөгүй гээд банк бусаас хүн ирээд миний худалдан авсан машиныш хураагаад авч явсан тул би машины мөнгийг гаргаж авахын тулд нэхэмжлэл гаргасан.
Машиныг 2023 оны 02 дугаар сард хурааж авсан. Би С.Б-т нийт 14,000,000 төгрөгийг дансаар шилжүүлж өгсөн, надад төлбөрийг бага багаар төлж нэхэмжлэл гаргах үеийн байдлаар 9,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан, шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрөөс хойш хариуцагч нь 4,000,000 төгрөгийг төлсөн тул одоо үлдэгдэл 5,000,000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.
Нотлох баримтын тухайд:
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3/, С.Бр, А.А гэж гараар бичсэн бичвэр /хх-4/, М ХХК-ний иргэн А.Ат хаягласан албан бичиг /хх-5/, А.Аын оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-6/, А.Аын хаан банкны ******** дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /хх-7/, нэхэмжлэлийн шаардлагын 4,000,000 төгрөгөөс татгалзсан хүсэлт /хх-32/ зэрэг баримтыг нотлох баримтаар гаргасан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч А.А нь С.Брт холбогдуулан автомашин худалдан авахаар төлсөн төлбөрийн үлдэгдэл төлбөрт 9,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хариуцагч шүүхээс нэхэмжлэлийн хувийг гардан авснаар 2023 оны 7-р сарын 4-нд 4,000,000 төгрөг төлсөн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг 5,000,000 төгрөг болгож багасгасан /хх-1, 32/.
3. Хариуцагч С.Брт холбогдуулан гаргасан 9,000,000 төгрөг гаргуулах тухай А.Аын нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчид 2023 оны 6 дугаар сарын ***-ны өдөр гардуулан өгч /хх-14/, түүнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэрэгжүүлэх хэргийн оролцогчийн эрх, үүргийг тайлбарлан танилцуулсан /хх-15/ боловч хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан хугацааны дотор шүүхэд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан талаар ямар нэгэн тайлбар гаргаагүй байна.
4. Хариуцагчийн хариу тайлбар гаргах хугацаа 2023 оны 7 дугаар сарын 14-ний өдөр дууссан байх боловч тэрээр шүүхэд тайлбар ирүүлээгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж заасныг үндэслэн хариуцагч С.Брийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэстэй байна.
6. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Хэргийн 4-р талд авагдсан гараар бичсэн бичвэрт Бр миний бие Ааас 14,000,000 төгрөг авч ***** УБМ приус-*** маркийн тээврийн хэрэгслийг өгсөн. Уг тээврийн хэрэгсэл ББСБ-д байгаа, зээлийг С.Бр миний бие төлж дуусгаж тээврийн хэрэгсэлийн нэрийг Аын нэр дээр шилжүүлж өгөхөөр тохирсон. Одоогийн байдлаар М ББСБ-д 13,000,000 төгрөг гарсан зээлийн үлдэгдэл байгаа бөгөөд уг зээлийг 2023-4-17-ны өдрийн дотор төлж дуусгаж машиныг шилжүүлж өгнө гэжээ /хх-4/.
А.Аын Хаан банкны ******** тоот дансны дэлгэрэнгүй хуулгад 2021-12-24-ний өдөр 9,500,000 төгрөгийн зарлагын гүйлгээ *********** тоот данс руу хийгдэж, гүйлгээний утга нь mashin orlogro гэж бичигдсэн, мөн өдөр 4,500,000 төгрөгийн зарлагын гүйлгээ 5400629062 тоот данс руу хийгдэж, гүйлгээний утга нь mashin гэж бичигдсэн байна /хх-7/.
М ХХК-ний 2023-2-16-ны өдрийн 2023/80 дугаартай иргэн А.Ат хаягласан албан бичигт тус компаний нэр дээр байгаа ****** УБМ улсын дугаартай, хар өнгийн Toyota prius маркийн автомашин нь манай байгууллагын өмч тул хураан авч байна. Та С.Брийн үйлдэл нь залилан мэхлэх гэмт хэргийн шинжтэй тул цагдаагийн байгууллагад хандаж шалгуулна уу гэжээ /хх-5/.
7. Хариуцагч С.Бр нь шүүхээс нэхэмжлэлийн хувийг гардан авахдаа нэхэмжлэлд хавсаргаж ирүүлсэн дээрх баримтуудтай танилцсан боловч шүүхэд хариу тайлбар ирүүлэх, нотлох баримт гаргах үүргээ биелүүлээгүй болно.
8. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг хариуцагчаас автомашин худалдан авч, машины үнэнд 14,000,000 төгрөгийг шилжүүлсэн боловч тухайн автомашин нь ББСБ-н өмчлөлийн хөрөнгө байгаад тухайн компани хураан авсан тул автомашин худалдан авах гэрээний үүрэгт төлсөн төлбөрийн үлдэгдэл төлбөр 5,000,000 төгрөгийг буцаан гаргуулна гэж тодорхойлсон.
9. Нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч А.А болон хариуцагч С.Бр нарын хооронд худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэстэй байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж зохицуулсан.
Зохигчдын хооронд хуульд заасан шаардлагыг хангаж бичгийн хэлбэрээр гэрээ байгуулагдаагүй боловч хариуцагч С.Бр нь нэхэмжлэгчид худалдсан ****** УБМ улсын дугаартай, хар өнгийн Toyota prius маркийн автомашины төлбөрт 14,000,000 төгрөгийг авсан болох нь нэхэмжлэгч тухайн автомашиныг хүлээн авч тодорхой хугацаанд ашигласан үйл баримт тогтоогдсон, энэ талаар зохигчид маргаагүй тул талуудын хооронд Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д зааснаар гэрээний гол нөхцөлийн талаар тохиролцож, эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулсанд тооцох үндэслэлтэй байна.
10. Нэхэмжлэгчийн худалдан авсан ****** УБМ улсын дугаартай, хар өнгийн Toyota prius маркийн автомашиныг М ХХК нь хураан авсан болох нь хэрэгт авагдсан тухайн байгууллагын албан бичгээр нотлогдож байна.
11. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж, мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж тус тус зохицуулсан.
12. Нэхэмжлэгч нь автомашины төлбөрт 14,000,000 төгрөг төлснөөс үлдэгдэл 5,000,000 төгрөгийг хариуцагч төлөөгүй гэж шаардсан, хариуцагч нь тухайн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд маргаагүй тул дурдсан үндэслэлээр хариуцагч С.Брээс 5,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А.Ат олгох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
13. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна гэж, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ гэж зохицуулсан.
Иймд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 158,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлийн хангасан шаардлага болох 5,000,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 94,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар хариуцагч С.Бр /*************/-с 5,000,000 /таван сая/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А.А /************/-д олгосугай.
2. Нэхэмжлэгч А.А нь нэхэмжлэлийн шаардлагын 4,000,000 төгрөгт холбогдох хэсгээс татгалзсан болохыг дурдсугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 158,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Брээс 94,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Ат олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай
ДАРГАЛАГЧ Д.ЯНЖИНДУЛАМ